МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-12-06
Дугаар 132
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, холбогдох шүүгч Ч.Б /цахим/, нарийн бичгийн дарга А.Номин нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
...шүүхийн шүүгч Ч.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн ирүүлсэн саналдаа: Шалгах ажиллагааны явцад сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
1. “ИТ” ХХК нь ... аймгийн ... сумын Засаг даргад холбогдуулан 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/74 дүгээр захирамжийн “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүгч Ч.Б хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 00115 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоожээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган нэхэмжлэлээ ирүүлсэн, шүүгч 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 0119 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Тодруулбал, хариуцагчид нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр гардуулан өгсөн ба 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн шүүгчийн 0128 дугаар захирамжаар “И” ХХК-ийг гуравдагч этгээдээр татсан, тус компани итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Б-ыг томилжээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “ИТ” ХХК-д холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг шүүх 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хянан шийдвэрлэж 00047 дугаартай шийдвэр гаргасан, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй тул “ИТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргажээ.
Шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Нотлох баримт гаргуулах тухай” 151, 152, 153, 154 дүгээр албан тоотоор ... аймгийн ... сумын Засаг дарга, ... аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Авлигатай тэмцэх газар, ... аймгийн Засаг даргад нотлох баримт ирүүлэхийг даалгажээ.
Авлигатай тэмцэх газар 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 03/13000 албан тоотоор “ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас эрүүгийн 0000000000 дугаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, харьяаллын дагуу тус газарт шилжүүлэн ирүүлсэн” гээд “ИТ” ХХК-д хамаарах нэгж талбарын 460000000 дугаартай газрын хувийн хэрэгт байгаа баримтуудыг хуулбарлан ирүүлжээ.
Тус шүүхэд ... аймгийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 02/2537 дугаар албан тоотоор аймгийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/19 дүгээр захирамжийг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлжээ.
Шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Нотлох баримт гаргуулах тухай” 157 дугаар албан тоотоор ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст “И” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа ирүүлэхийг даалгаж, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01/1080 дугаар албан тоотоор тус лавлагааг ирүүлжээ.
Шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 158 дугаар албан тоотоор ... аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст “ИТ” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа ирүүлэхийг даалгасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/1082 дугаар албан тоотоор тус лавлагааг ирүүлжээ.
Шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 159 дүгээр албан тоотоор ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “ИТ” ХХК-д холбогдох иргэний хэргийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх, шийдвэр магадлал тогтоолыг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлэхийг даалгасан, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан товлогдоогүй байна гэх хариу ирүүлжээ.
Тус шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б “тус захиргааны хэргийг түдгэлзүүлж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 0134 дүгээр захирамжаар “ИТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... аймгийн ... сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг ... сумын сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 000/ШШ2022/00047 дугаар шийдвэртэй, “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “ИТ” ХХК-д холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т дээрх шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 000/ШТ2022/0936 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
... аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 0051 дүгээр тогтоолоор шүүгч Ч.Б-ийн ээлжийн амралт эхэлсэнтэй холбогдуулан түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн Ерөнхий шүүгч С.О-т шилжүүлжээ.
... аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0054 дүгээр тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгасан.
Ерөнхий шүүгч С.О 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 182 дугаар албан тоотоор ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “ИТ” ХХК- д холбогдох иргэний хэргийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 000/ШШ2022/00047 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон эсэх, магадлалыг гаргуулан ирүүлэх”-ийг даалгасны дагуу уг магадлалыг ирүүлжээ.
2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “ИТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.О “маргаан бүхий газар дээр “ИТ” ХХК-ийн барьж байгуулсан барилга байгууламж, тоног төхөөрөмжүүд, явуулж буй үйл ажиллагаанд үзлэг хийж, хууль ёсоор баримтжуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүгч С.О хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр маргаан бүхий газарт үзлэг хийсэн.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0001 дүгээр тогтоолоор “ИТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй ... аймгийн ... сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ч.Б-д буцаан шилжүүлж, шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0003 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 15 хоногоор сунгасан, Ерөнхий шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 0001 дүгээр захирамжаар шүүх хуралдаан даргалагч шүүгчээр Ч.Б-г томилсон, шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагт хийхээр товложээ.
2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т холбогдох байгууллага болон хариуцагчаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргажээ.
Шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0006 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ын гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч, хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 9 цагт хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.
2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б өмгөөлөгч авах хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0012 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 9 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээд “И” ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “ИТ” ХХК-д эзэмшүүлсэн ... сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаар захирамжийн “ИТ” ХХК-ийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар бие даасан шаардлага гаргажээ.
“И” ХХК-иас гаргасан хүсэлтийг хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0015 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагт хийхээр шийдвэрлэжээ.
2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07 дугаар албан тоотоор Авлигатай тэмцэх газарт “... аймгийн ... сумын Цагаан хад суурьшлын бүсэд байрлах 14.5 га, нэгж талбарын 000000000 дугаартай газартай уг эрүүгийн хэрэг хамааралтай эсэх талаарх лавлагаа, мэдээлэл ирүүлэхийг” даалгажээ.
Авлигатай тэмцэх газраас 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06/02475 албан тоотдоо “...мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг хэрэгт Д.А-т одоогоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй болно” гэжээ.
Шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн нотлох баримт гаргуулах тухай 08 дугаар албан тоотын дагуу ... аймгийн ... сумын Засаг дарга нотлох баримт ирүүлсэн байна.
2023 оны 02 дугаар сарын 09, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргажээ.
Шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0021 дугаар захирамжаар “эрүүл мэндийн шалтгааны улмаас товлогдсон шүүх хуралдааныг явуулах боломжгүй болсон” тул шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагт хийхээр хойшлуулжээ.
2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гуравдагч этгээд “И” ХХК-иас ... аймгийн ... сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаар захирамжийн “ИТ” ХХК-д холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлж, ...үйл ажиллагаа явуулахгүй байхыг “ИТ” ХХК- д даалгаж өгнө үү гэх хүсэлт ирүүлжээ.
Шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0023 дугаар захирамжаар гуравдагч этгээдийн дээрх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, тус захиргааны хэргийг 0000000000 дугаар эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Тус захирамжийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “И” ХХК /тус захирамжийн нэгдүгээр заалтад өөрчлөлт оруулж ... аймгийн ... сумын Засаг даргын 2020 оны А/000 захирамжийн “ИТ” ХХК-д холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлэх/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/тус захирамжийн хоёрдох заалтыг буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн заалтыг хүчингүй болгуулах/ нар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.
2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 000/ШГ2023/0321 дүгээр тогтоолоор шүүгчийн дээрх захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, гуравдагч этгээдийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хэргийг ...шүүхэд буцаан хүргүүлжээ.
Шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 0031 дүгээр захирамжаар “хариуцагчаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.
2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 120/ШШ2023/0004 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б-ын хүсэлтээр нэг удаа, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тус хэргийн илтгэгч шүүгч Б.Тунгалагсайхан 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 09 дүгээр сарын 22-ны өдрийг дуусах хүртэлх хугацаагаар захиргааны чөлөө авсан гэх үндэслэлээр, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг тус тус хойшлуулж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 25- ны өдрийн 000/ШТ2023/0858 дугаар тогтоолоор ...шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 120/ШШ2023/0004 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг буцааж шийдвэрлэжээ.
Холбогдох шүүгч тухайн захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцдаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлд заасныг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
- “ИТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хангаж, “И” ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шүүгч үндэслэлийг шийдвэрт тодорхой тусгасан байх ба 5 дахь заалтад “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж зааснаар гуравдагч этгээдийг газрын хууль ёсны эзэмшигч гэж тодорхойлох үндэслэлгүй байна” гэж дүгнэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. Өөрөөр хэлбэл, шүүгч хэргийн нөхцөл байдал тухайн баримтын нотлох, батлах, эсхүл үгүйсгэх үндэслэл нөхцөлийн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрийн дотоод итгэлээр чөлөөтэй үнэлэхдээ эрх зүйн ухамсрыг удирдлага болгодог. Түүнчлэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа шүүгч шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгахаар хуулиар зохицуулсан.
Шүүгч тухайн хэргийг хянан шийдвэрлэж шийдвэр гаргахдаа үндэслэлээ шийдвэрт тодорхой тусгасан байх ба Сахилгын хороо шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, түүнд дүгнэлт өгөх эрхгүй. Иймд өргөдлийн 1, 3, 4, 5, 6, 9-т заасан гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.
- Анхан шатны шүүх хуралдааны дэгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт зохицуулсан.
Шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгээс үзвэл, даргалагч шүүх хуралдааныг нээж, ирц, хэргийн оролцогчдын эрхийг шалгаж, шүүх бүрэлдэхүүнийг зарлаж, татгалзан гаргах эрхийг тайлбарлан өгч, энэ талаар хүсэлт байгааг тодруулж, улмаар шүүх хуралдааны дэгийг танилцуулж, хэргийн оролцогчийн эрх үүргийг нэг бүрчлэн тайлбарлан өгч шүүх хуралдааны дарааллыг тогтоож, хэрэг хэлэлцэх ажиллагаа явагдсан байна.
Даргалагч шүүх хуралдааны дэгийн дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, Авлигатай тэмцэх газраас лавлагаа авахаар шүүхээс албан тоот явуулсан. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичиг байна гэхэд /Бичлэгийн 0:26:58-0:27:15/
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б: Авлигатай тэмцэх газраас 10 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн албан бичгийг уншуулъя гэхэд /Бичлэгийн 0:27:18-:27:24/
Даргалагчаас: Дээрх албан бичгийг уншиж танилцуулаад баримтаа нотлох баримтын шаардлага хангахгүй байдлаар ирүүлсэн байна гэхэд /Бичлэгийн 0:27:25- 0:28:29/
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б: Нотлох баримтаар судлахгүй юм уу гэхэд /Бичлэгийн 0:28:30-0:28:32/
Даргалагчаас: Нотлох баримтын шаардлага хангаагүй учраас судлах боломжгүй гэхдээ Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн эдгээр баримтууд хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан байгаа. /Бичлэгийн 0:28:33-0:28:48/
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б: А/225 дугаартай албан бичиг болон тухайн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангахгүй гээд нотлох баримтаас хасах гээд байна гэж ойлголоо. Нотлох баримт шинжлэн судлахтай холбоотой хүсэлт гаргаж болох уу? Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд захиргааны хэргийн шүүхээс 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 153 дугаартай албан бичгийг Авлигатай тэмцэх газар руу явуулсан. Уг албан бичигтээ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ИТ ХХК-ийн дугаар бүхий нэгж талбарын хувийн хэргийг гаргуулан авах шаардлагатай байх тул нотлох баримтын шаардлага хангасан байдлаар шүүхэд ирүүлнэ үү гээд хугацаа заагаад явуулчихсан. Авлигатай тэмцэх газраас материал ирүүлэхдээ албан бичгээр хуудасны тоогоо заагаад материалыг хувийн хэргээс ирүүлсэн. Авлигатай тэмцэх газар илэрхий хуурамч баримт бүрдүүлээд явуулахгүй байх. Гагцхүү хуульд заасан шаардлага хангахгүй гэдэг үндэслэлээр шүүх энэ нотлох баримтыг шинжлэн судлахаас татгалзаж байна. Тэгэхээр шүүгчийн өмнө нь гарсан шийдвэр биелэгдээгүй. Өөрөөр хэлбэл ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох гээд Авлигатай тэмцэх газраас баримтаа аваагүй гэж үзэх үндэслэл болох гээд байна. Тэгэхээр энэ нөхцөл байдлаа хангуулсны дараа энэ хурлаа хийвэл ямар вэ? Илэрхий хоёр өөр агуулгатай баримтууд хэрэгт яваад байна гэв. /Бичлэгийн 0:30:50-0:32:33/
Даргалагчаас: Хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд А/225 дугаартай албан бичиг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт авагдсан. Энэ дээр ямар зөрөөтэй байдал үүсээд байгаа юм бэ? гэхэд /Бичлэгийн 0:32:53-0:33:27/
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б: А/225 дугаартай албан бичигт газрын хэмжээ өөрчлүүлэх хүсэлт гаргасан гээд биччихсэн байгаа гэв. /Бичлэгийн 0:33:37-0:33:40/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т: Энэ баримт хэрэгт ач холбогдолтой юм уу гэв. /Бичлэгийн 0:33:28-0:33:36/
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б: Ач холбогдолтой гээд шүүхээс албан бичиг явуулсан байна гэв. /Бичлэгийн 0:33:42-0:33:48/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т: Энэ бол захиргааны байгууллагын үг, үсгийн алдаа байна гэв. /Бичлэгийн 0:33:49-0:33:54/
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б: Үг, үсгийн алдаа биш. Хоёр өөр агуулгатай байна. Та нарт болохоор нэг өөр агуулгатай, хувийн хэрэгт нэг өөр агуулгатай байна гэв. /Бичлэгийн 0:33:55-0:34:02/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т: Энэ бол захиргааны байгууллагын алдаа буюу хариуцагчийн алдаатай үйлдэл. Манай эзэмших эрхэд ямар ч хамааралгүй гэв. /Бичлэгийн 0:34:07-0:34:10/
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б: Алдаатай бол алдаагаа залруулаад танайд аль нэгийг нь өгөх ёстой гэв. /Бичлэгийн 0:34:11-0:34:12/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т: Захирамжаа манайд өгсөн /Бичлэгийн 0:34:13-0:34:15/
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б: Хувийн хэрэгт байгаа захирамж чинь өөр байна гэв. /Бичлэгийн 0:34:16-0:34:17/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т: Энэ бол захиргааны байгууллагын алдаа буюу хариуцагчийн алдаатай үйлдэл. Манай эзэмших эрхэд хамааралгүй учраас шүүх хурлыг хойшлуулах үндэслэл болохгүй гэж үзэж байна гэв. /Бичлэгийн 0:34:19-0:34:26/
Даргалагчаас: Энэ захирамжууд дээр ямар маргаантай байдал үүссэн гэж үзэж байгаа вэ? гэхэд /Бичлэгийн 0:34:27-0:34:30/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т: Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн захирамжийг манайхаас өгсөн захирамжтай нотлох баримтын хүрээнд харьцуулж харах юм байна гэв. /Бичлэгийн 0:34:31-0:34:39/
Даргалагчаас: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч маргаантай байдал үүссэн үндэслэлээ тайлбарлана уу? газрын хэмжээ өөрчлүүлэх хүсэлт гаргасан хоёр хуулийн этгээд гэж байна. Газрын хэмжээ өөрчлүүлэх, газар эзэмшүүлэх хүсэлт гаргасан гээд нэг захирамж чинь хоёр өөр байдлаар гарсан гэж маргаад байгаа юм уу? гэхэд /Бичлэгийн 0:34:40-0:35:30/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т: Шийдвэрлэж байгаа хэсэг нь адилхан. “ИТ” ХХК-д эзэмшүүлсүгэй гээд үр дагавар нь адилхан гэв. /Бичлэгийн 0:35:31-0:35:35/
Даргалагчаас: Би гуравдагч этгээдээс асууж байна. Газрын хэмжээ, нэгж талбарын дугаар нь зөрсөн асуудал байгаа юм уу? ... сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаар захирамж “ИТ” ХХК нь 460000000 нэгж талбарын дугаартай гаалийн хяналтын талбайн зориулалтаар 14.5 га газрын дуудлага худалдааны үнийг төлж, 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа гэсэн байна. Үүнд зөрүүтэй байдал байгаа юм уу? газар эзэмших эрх үүссэн захирамж байна гэхэд /Бичлэгийн 0:35:36-0:36:29/
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б: А/225 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн нэг дэх заалтыг зөрүүтэй гэж үзэж байна гэв. /Бичлэгийн 0:36:32-0:36:35/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц: Нэмэлт тайлбар хэлж болох уу? гуравдагч этгээдийн гаргаад байгаа хүсэлт нь шаардлагагүй, хурлыг хойшлуулах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагчийн зүгээс ямар нэгэн байдлаар маргадаггүй. Өөрөөр хэлбэл 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг олгосон гэдэгт маргадаггүй. Мөн манай компани анхдагч байдлаар газар эзэмших эрхээ аваад байгаа болохоос өөрчлөлт хийнэ гэсэн хүсэлт байхгүй. Өөрөөр хэлбэл хавсралтад өөрчлөгдсөн зүйл байхгүй гэв. /Бичлэгийн 0:36:47-0:37:26/
Даргалагчаас: Гуравдагч этгээд хүсэлт гаргаж байгаатай холбогдуулаад энэ нотлох баримтуудад тодруулга хийлээ. Шүүх хуралдаанаа цаашаа үргэлжлүүлье гэхэд /Бичлэгийн 0:37:30-0:37:37/
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б: Г.Ц Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тайлбартай холбогдуулан нэг зүйлийг тайлбарлаж болох уу? гэв. /Бичлэгийн 00:37:38-00:37:42/
Даргалагчаас: Аль нотлох баримттай холбоотой тайлбар хэлэх гэж байна вэ? гэхэд /Бичлэгийн 0:37:43-0:37:48/
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б: Г.Ц төлөөлөгчөөс манайх анхдагч байдлаар газар эзэмших хүсэлт гаргасан. Газрын хэмжээ өөрчлөх тухай яриагүй гээд дөнгөж сая хэллээ. Энэ талаар хурлын тэмдэглэл дээр байгаа байх. Гэтэл өөрсдийнх нь гаргаж өгсөн А/225 дугаар захирамжид газрын хэмжээ өөрчлүүлэх гээд биччихсэн байдаг. Өөрөөр хэлбэл энэ анхдагч биш өмнө нь газар эзэмшиж байгаад тэр хэмжээгээ өөрчлүүлээд 14.5 га газар болгуулах гээд байгаа гэсэн агуулга хууль зүйн үр дагаврын хувьд илэрхийлэгдэх ёстой. Авлигатай тэнцэх газраас ёстой жинхэнэ анхдагч байдлаар буюу газар эзэмших хүсэлт гаргасан гэдэг заалт байдаг гэв. Энэ нь яагаад хэрэгт зайлшгүй ач холбогдолтой вэ гэхээр шүүх өөрөө нотлох баримт цуглуулахдаа ач холбогдолтой гээд шийдвэрээ гаргаад 09 дүгээр сарын 28-ны өдрийн 153 дугаартай албан тоотоо явуулчихсан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн захиргааны актад тавигдах шаардлага гээд хуулийн зохицуулалт байдаг. Энэ заалтад актыг гаргах бодит нөхцөл байдлыг актадаа тусгах ёстой. Бодит нөхцөл байдал гэдэг нь анхдагч байдлаар газар эзэмших гээд байгаа юм уу эсвэл хуучин эзэмшиж байсан газрынхаа хэмжээг өөрчлүүлэх гээд байгаа юм уу гээд энэ асуудлыг тусгахдаа захиргааны байгууллага А/225 дугаартай акт дээрээ хоёр өөрөөр биччихсэн байдаг. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан шаардлагыг хангахгүй байна гэдэг асуудал яригдана гэв. /Бичлэгийн 0:37:49-0:39:21/
Даргалагчаас: Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөө зөрүүтэй нотлох баримт ирсэнтэй холбогдуулаад ойлгомжгүй асуудлаа нөгөө талаасаа тодруулж асуугаад явъя. Анхдагч байдлаар эзэмших хүсэлт гаргасан юм уу? өмнө нь авсан газраа өөрчлөх хүсэлт гаргасан юм уу? Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулж асуугаад явъя гэхэд /Бичлэгийн 0:39:22-0:39:43/
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б: Г.Ц төлөөлөгч тодорхой хэлчихсэн учраас би тодруулж хэлж, ярьж байна гэв. /Бичлэгийн 0:39:44- 0:39:48/
Даргалагчаас: Хариуцагч тал маргаад байгаа асуудалд тайлбар хэлье? Анхдагч байдлаар эзэмших хүсэлт гаргасан юм уу? өмнө нь авсан газрынхаа хэмжээг өөрчлөх хүсэлт гаргасан юм уу? гэхэд /Бичлэгийн 0:39:49-0:40:18/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н: 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/225 дугаартай сумын Засаг даргын захирамжийн нэхэмжлэлд хавсаргасан хувь нь газрын хэмжээ өөрчлүүлэх хүсэлт гаргасан гээд тухайн үедээ редакцын алдаа гарч хэвлэгдсэн. Тэр хуулбар нь “ИТ” ХХК-д очсон байдаг. Тэрний дараагаар энэ редакцын алдаагаа засаж, газар эзэмших хүсэлт гаргасан гээд засаад хэвлэсэн нь хамгийн сүүлчийн байдлаар хувийн хэрэг дотор байгаа. Мөн архивд ч гэсэн хүлээлгэж өгөөд бүртгүүлсэн байдаг. Хамгийн сүүлийн байдлаар газар эзэмших эрх олгох тухай захирамж гарсан. Хэмжээ өөрчлүүлэх биш. Энэ компани өмнө нь огт газар эзэмшиж байгаагүй. Шинээр газар эзэмших хүсэлт өгсөн. Хэмжээ өөрчлөх хүсэлт огт өгч байгаагүй гэв. /Бичлэгийн 0:40:49-0:41:06/
Даргалагчаас: ... аймгийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 13- ны өдрийн А/19 дүгээр захирамж, “И” ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа, “ИТ” ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамжид гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх рүү хүргүүлсэн албан бичиг, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс ирүүлсэн албан бичиг, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, давхардлыг харуулсан ерөнхий тойм зураг, фото зургууд, хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай ... аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн захирамж хавсралт, 2018 оны ... сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан тогтоол, хавсралт, “И” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23/01 дугаартай бие даасан шаардлага, Авлигатай тэмцэх газраас газар эзэмшүүлэх эрх олгосон захирамж, шийдвэр гаргасан этгээдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тухай албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 062475 дугаартай хариуцагчаас сонсох ажиллагаа явуулах мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, дансны хуулга, сонсох ажиллагааны мэдүүлэг, бие даасан шаардлагад ирүүлсэн хариу тайлбар, “ИТ” ХХК- аас ... сумын Засаг даргад 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн санал хүргүүлсэн 2103 дугаартай албан бичиг, ... сумын Засаг даргын хариу тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав /Бичлэгийн 0:41:10-0:57:20/ гэжээ.
Гэвч Авлигатай тэмцэх газар уг газрын хувийн хэргийг ирүүлэхдээ байгууллагын архив, хуулбар үнэн тэмдэггүйгээр ирүүлсэн.
Дээрх байдлаар шүүх хуралдааны явцад АТГ-с ирүүлсэн баримтын талаар, уг баримт нотлох баримтын шаардлага хангасан, мөн энэ нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэх талаар зохигчид маргаж, мэтгэлцсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,-т зааснаар шүүгч хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлнэ. Иймд “ИТ” ХХК-д ашигтайгаар шийдвэрлэсэн гэх баримт байхгүй, энэ талаар ямарваа нотлох баримт цуглуулах ажиллагааг орхигдуулсан” гэх гомдлоор шүүгчийг буруутгах боломжгүй.
Тус шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 152 дугаар албан бичгээр “...нэгж талбарын 460000000 дугаартай газрын кадастрын зургийг” шаардсан, энэ асуудлаар талууд шүүх хуралдаанд тайлбар гаргаж, мэтгэлцсэн байна.
- Шүүгч тайлбартаа “...миний бие 2007-2014 он хүртэл ... аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст ажиллаж байхад гомдолд бичигдсэн Б.Б гэдэг хүн ... аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга ажилтай байсан, ...сүүлийн гурван жил огт харилцаагүй болсон, ...шүүгчийг эсрэг хүйстэнтэй нь холбож бичээд ёс зүйн зөрчил болгоно гэж тооцоолж, нэр хүндэд халдан, гүтгэж болохгүй гэж үзэж байна” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т заасан үндэслэл байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүрэгтэй.
...шүүхийн 2023.05.19-ний өдрийн 0004 дүгээр шийдвэр, “ИТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцсэн мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгээс үзвэл, энэхүү хэрэгт - гэдэг хүн оролцоогүй байх тул шүүгчийг татгалзан гарах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхгүй. Түүнчлэн гуравдагч этгээд шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй байх тул Шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтыг зөрчсөн гэж үндэслэлгүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул ...шүүхийн шүүгч Ч.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Шүүгч Ч.Б тайлбартаа: “...2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “ИТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... сумын Засаг даргад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд гомдол гаргагч уг хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон.
Хэрэг одоогоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хянагдаж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх өөрийн мэдэж байгаа асуудлын хүрээнд тайлбарлаж байна.
Монгол Улсын шүүхийн практикт, хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль хэрэглээний нэгдмэл байдал нь шударга ёсны шалгуур, хүний эрхийг хамгаалах гол хүчин зүйл билээ.
Иймд хэргийг шийдвэрлэхдээ ижил төстэй маргааныг харгалзан судалж, хяналтын шатны шүүхийн практикт тулгуурлан, хууль хэрэглээний нэгдмэл зарчмыг хангаж шийдвэрлэсэн болно.Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 001/ХТ2021/0019 дугаар тогтоолоор энэхүү шийдвэрлэсэн хэрэгтэй ижил, зарим үйл баримтууд нь нэг хэргийг шийдвэрлэсэн, улмаар анхан шатны шүүхээр дахин хэлэлцэгдэж, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 120/ШШ2021/0008 дугаар шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээн, хяналтын шатны шүүх хэлэлцүүлэхээс татгалзаж, хуулийн хүчин төгөлдөр болсон практик байна.Тодруулбал, гомдол гаргагч хуулийн этгээд 2012 онд ... сумын нутаг дэвсгэр, "Цагаан хад” гэх газарт аймгийн Засаг даргын захирамжаар анх газар эзэмших эрхтэй болсон боловч газар эзэмшигчийн үүргээ 2012 оноос хойших хугацаанд хэрэгжүүлээгүй, газраа зориулалтын дагуу огт ашиглаагүй байсан, нэхэмжлэгч “ИТ” ХХК нь уг газарт үйл ажиллагаа явуулан, бүтээн байгуулалт хийсэн болох нь шүүхийн үзлэгээр тус тус тогтоогдсон байдаг.
Харин ... сумын Засаг даргыг нэхэмжлэгч “ИТ” ХХК-д газар олгохдоо хууль зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа талаарх лавлагааг шүүхээс авч, энэ эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд захиргааны хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт зааснаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүх шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдсан.
Миний бие 2007-2014 он хүртэл ... аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст ажиллаж байхдаа бусад аймгуудын Хууль зүйн хэлтсийн ажилтнуудтай танил, найз нөхдийн харилцаатай байсан, гомдолд бичигдсэн Б.Б гэдэг хүн тухайн үед О... аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга ажилтай байв.
Бид Улаанбаатар хотод цаг гарган цугладаг, хэн нэгэнд нь жаргал зовлон тохиолдоход хандив цуглуулж өгөх зэргээр холбогддог байгаад цаг хугацаа өнгөрөх тусам энэ холбоо, харилцаа холдсоор сүүлийн гурван жил огт харилцаагүй болсон.
Энэ хэрэгт Б.Б гэж нэр огт дурдагдаагүй, хуулийн зөвлөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь өөр хүмүүс байсан бөгөөд давах, хяналтын шатны шүүхээр хянагдаад алдаа байвал засагдах боломжтой гомдол дээрээ шүүгчийг эсрэг хүйстэнтэй нь холбож бичээд ёс зүйн зөрчил болгоно гэж тооцоолж, нэр хүндэд халдан, гүтгэж болохгүй гэж үзэж байна.
“И” ХХК нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөх дансаа буруу бичсэн үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гомдлыг хэлэлцүүлэхгүй буцаасан бөгөөд миний зүгээс шүүгчийн туслах И.Б-т “...гомдлыг хүлээж авахдаа шалгаж, нягтлаагүй гуравдагч этгээдийн эрхийг нь зөрчиж, хохироолоо, зөвтгөж явуулаад хүлээж авах боломжгүй бол гомдол гаргах хугацаа сэргээлгэх үндэслэл болно шүү...” гэж эрхийг нь хангахаар анхаарч байснаа дурдах нь зүйтэй байх” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“И” ХХК-ийн захирал Ч.М-оос ...шүүхийн шүүгч Ч.Б-д холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ГЗҮ/2023/0103 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Өргөдөл гаргагчаас “...Шүүх энэ чиг үүргээ хэрэгжүүлэхээр 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 153 дугаартай албан бичгээр “ИТ” ХХК-ийн газрын хувийн хэргийг Авлигатай тэмцэх газраас нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулахаар хандсан. Гэвч Авлигатай тэмцэх газар уг газрын хувийн хэргийг ирүүлэхдээ байгууллагын архив, хуулбар үнэн тэмдэггүйгээр ирүүлсэн. ...нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн 2020 оны 08 дугаар сарын 07-ны А/25 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн Д дэх заалтад Газрын хэмжээ өөрчлүүлэх хүсэлт гаргасан 2 хуулийн этгээдэд хавсралт ёсоор газар эзэмшүүлсүгэй гэж илт зөрүүтэй агуулга бүхий захирамж гарсан. Үүнийг шинжлэн судалж өгнө үү гэсэн манай хүсэлтийг үл тоомсорлон шүүх хуралд эдгээр баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул шүүгч шинжлэн судлахаас татгалзсан. Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж шаардаж авсан баримтаа нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж шинжлэн судлахаас татгалзсан нь Ч.Б шүүгч өөрийн гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах арга хэмжээ аваагүйн зэрэгцээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “ИТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй ... аймгийн ... сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт шүүгч Ч.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх бөгөөд уг захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр “И” ХХК оролцсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...шүүхээс “ИТ” ХХК-ийн 460000000 дугаар нэгж талбарын хувийн хэргийн хуулбарыг Авлигатай тэмцэх газраас гаргуулахаар 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 153 дугаар албан бичгийг явуулсан бөгөөд Авлигатай тэмцэх газрын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03/13000 дугаар албан бичгээр ... мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авч, хавсаргасан “ИТ” ХХК-д хамаарах нэгж талбарын 460000000 дугаартай газрын хувийн хэрэгт байгаа баримтуудыг хуулбарлан хүргүүлжээ.
Тус захиргааны хэргийг шүүгч Ч.Б 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 120/ШШ2023/0004 дугаар шийдвэрээр “ИТ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гуравдагч этгээд “И” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Б “Авлигатай тэмцэх газраас 10 дугаар сарын 06-ны өдөр ирүүлсэн албан бичгийг уншуулъя” гэхэд Даргалагч шүүгч “дээрх албан бичгийг танилцуулаад баримтаа нотлох баримтын шаардлага хангахгүй байдлаар ирүүлсэн. ...нотлох баримтын шаардлага хангаагүй учраас судлах боломжгүй гэхдээ авлигатай тэмцэх газраас ирүүлсэн эдгээр баримтууд хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан байгаа” гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэгт тусгагджээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй”, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт “Төрийн байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэж заасан.
Дээрхээс үзвэл Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй талаар хуралдааны явцад яригдсан байх бөгөөд эдгээр баримт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт байгаа талаар шүүгч мөн дурдсан байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу шүүгч хэрэгт цугларсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг хянан шийдвэрлэснийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан зөрчил гаргасан үзэх боломжгүй.
Түүнчлэн өргөдөл гаргагч “ИТ” ХХК-д хууль зүйн үйлчилгээ үзүүлж буй хуулийн багийн нэг гишүүн болох Б.Б нь ...шүүхийн шүүгч Ч.Б-тай ...холбоотой гэх мэдээлэл сонссоныг энэ дашрамд дуулгаж шалгуулах хүсэлтэй байна. Эдгээр хүмүүсийн дансны хуулгыг шалгаж үзвэл харилцан мөнгө шилжүүлж байсан байх боломжтой” гэж өргөдөлдөө дурдсан.
Холбогдох шүүгч “...Энэ хэрэгт Б.Б гэж нэр огт дурдагдаагүй, хуулийн зөвлөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь өөр хүмүүс байсан бөгөөд давах, хяналтын шатны шүүхээр хянагдаад алдаа байвал засагдах боломжтой гомдол дээрээ шүүгчийг эсрэг хүйстэнтэй нь холбож бичээд ёс зүйн зөрчил болгоно гэж тооцоолж, нэр хүндэд халдан, гүтгэж болохгүй гэж үзэж байна” гэх тайлбарыг ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 84.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно” гэж заасан. Тухайн захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр Б.Б гэх хүн оролцоогүй байх тул шүүгч татгалзан гарах үүргийг хүлээхгүй. Иймд дээрх өргөдлийн үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргаж гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэл бүхий байна.
Мөн өргөдөл гаргагчийн “И” ХХК-ийн газар эзэмших гэрээ байгуулах хүсэлтээ сумын газрын албанд гаргаж байсан, үүний дагуу гэрээ байгуулаагүй нь эрх бүхий албан тушаалтны хүлээх хариуцлага болох талаар дүгнэлт хийгээгүй. Газар эзэмших гэрээ байгуулах тухай хүсэлт хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд хурлын явцад түүнийг шинжлэн судлуулсан боловч нэхэмжлэгч болон хариуцагчийн зүгээс энэ талаар ямар нэгэн мэтгэлцээн өрнөөгүй болно. “И” ХХК-д олгогдсон газрыг давхцалтай гэж дүгнэхдээ цаг хугацааны хувьд өмнө олгогдсон газар эзэмших эрхийг сүүлд эзэмшүүлсэн газартай давхцуулж олгосон гэх дүгнэлт нь илт үндэслэлгүй юм. ...нотлох баримт цуглуулах ажиллагааг шүүх орхигдуулсан, гуравдагч этгээдийн газар эзэмших эрх хэрхэн үүссэн талаар шүүх дүгнэлт хийх шаардлагатай гэсэн боловч ийм дүгнэлт зохих ёсоор хийгдээгүй, анх 2012 онд аймгийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олж авч, улмаар хуульд нийцүүлэх үүднээс кодификаци хийгдсэн, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, гэрээ байгуулагдаж байсныг үнэлээгүй. “И” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн болон бодит нөхцөл байдал байхгүй болох нь шүүгчийн орхигдуулан хийсэн дүгнэлтээс тодорхой харагдана. ...шүүгч Ч.Б нь шалгаж тодруулаагүй, нэгж талбарын 460000000 дугаартай газрын кадастрын зургийг газрын албанаас шаардсан боловч энэ талаар баримт ирээгүй байхад шүүх хурлаа хийж хэргийг шийдвэрлэсэн. ... аймгийн ... сумын Засаг дарга нь 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01/230 дугаар албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн. Уг мэдэгдлийн дагуу сонсох ямар ажиллагаа хэзээ хийгдэж дууссан нөхцөл байдлыг тодруулж, хөөн хэлэлцэх хугацааг тогтоох ёстой боловч өргөдлийн 4 дүгээр зүйлд дурдсанаар сонсох ажиллагааны цуглуулаагүй учир хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэхэд бодитой дүгнэлт хийгээгүй, орхигдуулсан” гэх өргөдлийн үндэслэлүүд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна.
Мөн Шүүхийн сахилгын хороо шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд үнэлэлт өгөх эрх байхгүй бөгөөд өргөдөл гаргагч шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл зөвхөн дээд шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Иймд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ...шүүхийн шүүгч Ч.Б-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ГС/2023/0122 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Ч.Б-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
О.НОМУУЛИН