info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-11-22

Дугаар 130

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

       болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шатны шүүхийн шүүгч Н.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмгөөлөгч Д.М, иргэн С.Г нар өргөдөлдөө: “...шүүгч нь хохирогч, шүүгдэгч нарт тэгш бус хандаж хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн. Анхан шатны шүүх хуралдааны товыг хохирогч, түүний өмгөөлөгчид мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн, хохирогчид учирсан хохирлыг шийдвэрлээгүй. Шүүгдэгчид давуу байдал олгож хохирол төлөх завсарлага 2 удаа олгосон нь шударга бус. Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэх үед ч хохирогч С.Г, түүний өмгөөлөгч хэргийн материал танилцуулаагүй, хэрэг шүүхэд ирсний дараа ч хэргийн материалтай танилцуулаагүй.

2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдрийн хооронд бусад оролцогчдод шүүхийн шийтгэх тогтоолыг гардуулсан атлаа хохирогч С.Г болон өмгөөлөгч надад мөн л мэдэгдээгүй. Үүнээс 10 хоногийн дараа шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүргүүлэхдээ шийтгэх тогтоолыг нэг дугтуйд хамтад нь хийж шуудангаар ирүүлснээр бид хэрэг шүүх рүү шилжээд зогсохгүй бүхэл бүтэн 4 удаа хуралдаж хэрэг шийдвэрлэгдсэн болохыг олж мэдлээ. Энэ бол шүүхийн буруутай, хариуцлагагүй, шударга бус, хууль зөрчсөн үйл ажиллагаа мөн. Хохирч байгаа С.Г болон тусгайлсан хуулиар эрх, үүрэг хүлээж, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагааны баталгааг зөрчсөнд гомдолтой байна.

Шүүгчийн хариуцлагагүй шударга бус байдлаас болж гэмтлийн зэргээ үнэн зөв тогтоолгох, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргах, хүсэлтээ шүүхээр шийдвэрлүүлэх бүх боломжийг нь хаалаа. Хүнийг хайрлах сэтгэлгүйгээр залуу хүүгийн нүүрийг ийм болгочхоод “хүндэвтэр” зэргийн гэмтэл гэж цаагуураа хэдүүлээ чимээгүйхэн хуралдаж ингэж хохирсон залуу, түүний өмгөөлөгчийг оролцуулалгүй хэргээ шийдсэнд гомдолтой. Хохирогч гэмтлийн зэргийг “хүндэвтэр” гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь насан туршдаа нүүрний хэв хэлбэр алдагдаж, урьдын адил амаа нээж чадахгүй болж, гоо сайхан нь алдагдсан, биеийн зовуурь өвчин, сэтгэл санааны хохирол амсаж байгаа. Шүүгч Н.Б нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.18, 50.1.20, 50.1.23, 50.1.27, 50.1.31 дэх хэсгийг тус тус зөрчсөн тул хариуцлага хүлээлгэж өгнө үү.” гэжээ.

Шүүгч Н.Б тайлбартаа: “... шүүгдэгч Б.Э, Г.Т нар нь хохирогч Л.Б-ыг дээрэмдсэн, хохирогч С.Г-ын биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан эрүүгийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хуульд заасан ажиллагааг явуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлтийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Г  гаргасан.

 Урьдчилсан хэлэлцүүлэгт хохирогч Л.Б, гэрч X.Н-ийг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг гаргаж дээрх хүсэлтийг хангаж “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамж гаргаж, 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэсэн болно. Ийнхүү хэргийг шийдвэрлэхдээ шүүгчийн хувьд ямар нэг байдлаар зориуд хууль зөрчиж, хэргийн нэг талд үйлчилж, хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хохироосон асуудал байхгүй.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхийн өмнө шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч нарт хурлын зарыг мэдэгдсэн, харин хохирогч болон гэрч нарт хурлын товыг мэдэгдэх үүргээ хэрэгжүүлэх арга хэмжээ авсан байна. Өөрөөр хэлбэл, шүүгчийн туслах хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Г-ын ...гэсэн дугаарын утсанд хурлын товыг мэдэгдэхээр залгасан боловч “холбогдох боломжгүй” байжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна”, 2 дахь хэсэгт зааснаар “хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж хуульчилжээ. Хохирогч Г нь хуралд оролцох талаар хүсэлт гаргаагүй. Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдоос хохирогч С.Г-оос бусад оролцогчид хүрэлцэн ирсэн тул ирээгүй оролцогчдын талаар тусгайлан гаргах санал байгаа эсэхийг асуусан, оролцогчид шүүх хуралдаанд санал гаргаагүй учир шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

 Хавтаст хэргийн материалыг хохирогч, түүний өмгөөлөгч нарт танилцуулсан, мөрдөгчөөс хэргийг прокурор, шүүхэд хүргүүлж байгаа талаар мэдээд бүтэн 2 сар гаран болж байхад ямар нэг хүсэлт гаргаагүй, ямар нэг байдлаар хууль, шүүхийн байгууллагатай холбоо барих санаачилга гаргаж болох байсан гэж бодож байна. Мөн хохирогчийн утас руу хийгдсэн дуудлага хадгалагддаг бол нэг дугаараас /шүүгчийн туслахын дугаар/ холбогдсон байгааг анхаарч эргэн холбогдох боломж байжээ. Шүүгчийн хувьд хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн ухамсраа удирдлага болгон өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэсэн бөгөөд ингэж шийдвэрлэхдээ шүүх эрх мэдлийн ариун журамт үүргийг эрхэмлэн, хэн нэгний нөлөөллөөс ангид байж, хууль хэрэгжүүлэх, бусдын эрхийг хүндэтгэн хангах үүднээс бололцоотой бүх арга хэмжээг хэрэгжүүлж хэрэг маргааныг шийдвэрлэсэн тул шүүхийн нэр хүндэд халдсан, шүүгчийн ёс зүйн алдаа гаргасан гэж үзэхгүй байна. Иймд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ... дүүргийн прокурорын газраас яллагдагч Г.Т, Б.Э нарт яллах дүгнэлт үйлдэн, холбогдох эрүүгийн хэргийг ...шатны шүүхэд шилжүүлсэн,  тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаар захирамжаар уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар  шүүгч Н.Б-г томилсоныг албажуулжээ.

Яллагдагч нарын өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргасан, шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/390 дүгээр захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарласан байна.

Хэргийг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн, шүүгдэгч бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх хүсэлт гаргасан үндэслэлээр шүүх хуралдаан завсарласан ба  тодорхой шалтгааны улмаас 2023 оны 03 дугаар сарын 28, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан тус тус хойшлогдсон.

 ... шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Э, Г.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Э-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Т-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-г 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч С.Г түүний өмгөөлөгч Д.М, шүүгдэгч Г.Т, Б.Э тэдгээрийн өмгөөлөгч Б.Г, Э.М нарын давж заалдах гомдлоор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд 646 дугаар магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан байна.

Улсын дээд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 141 дүгээр тогтоолоор дээрх шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгохдоо “... хохирогч С.Г, түүний өмгөөлөгч Д.М нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэх баримт хэрэгт авагдаагүй тул хуулиар олгогдсон хохирогчийн эрхийг шүүх хязгаарласан...” гэжээ.

Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв. Үүнд:

1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3, 89.3.7-т зааснаар шүүгчийн туслах нь шүүгчийн удирдлага дор шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах  үүрэгтэй. Түүнчлэн  Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 5.1 дүгээр зүйлийн 5.1.1-д “Шүүгчийн даалгаснаар шүүх хуралдаанд прокурор, оролцогч болон бусад оролцогчийг товлосон цагт оролцуулах арга хэмжээг шүүгчийн туслах гүйцэтгэнэ”, 5.1.3-д “Шүүх хуралдаан товлогдмогц шүүгчийн туслах шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч болон бусад оролцогчийг шүүх хуралдаанд дуудан ирүүлэхдээ Баримт №5-г үйлдэж, бичиг хүргэгчид хүлээлгэн өгнө”, 5.1.5-д “Шүүгчийн туслах оролцогч болон бусад оролцогчид шүүх хуралдааны товыг утас, факс, цахим шуудангаар мэдэгдсэн бол Баримт №6-г үйлдэж, хэрэгт хавсаргана” гэж тус тус заасан.

Холбогдох шүүгч 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 390 дүгээр захирамжаар нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 11 цагт товлож, улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, гэрч нарыг оролцуулан нээлттэй явуулахаар тогтоож, шүүх хуралдааны тов мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Э-т даалгажээ.

Гэтэл шүүгчийн туслах Б.Э  “хохирогч С.Г-ын 8017..... дугаарт залгахад холбогдох боломжгүй байсан” гэдгээр хязгаарлан удаа дараагийн шүүх хуралдааны товыг хохирогч, өмгөөлөгч нарт  мэдэгдээгүй болох нь тогтоогдож байгаа ба энэ нь түүний хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой байна.

Иймд шүүгчийг бусдад давуу байдал олгосон, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн, ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргасан гэж шууд буруутгах боломжгүй.  Харин шүүгчийн туслахын үйл ажиллагаанд хяналт тавьж, шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангах бүхий л арга хэмжээг хуульд заасны дагуу авч хэрэгжүүлж байхыг  анхаарч ажиллавал зохино.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно”, 5-д “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан завсарлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй” гэж заасан.

 ... шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЗ/460 дугаар захирамжаар шүүгдэгч нар бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх хүсэлт гаргасан үндэслэлээр шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг хүртэл /2023 оны 3 дугаар сарын 25, 26 амралтын өдөр/ завсарлуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Г.Т“ өмгөөлөгчөөсөө татгалзсан”, мөн “шүүгдэгч согтууруулах ундаа хэрэглэсэн нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн” гэсэн үндэслэлээр шүүгч 2023 оны 03 дугаар сарын 28, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдааныг тус тус хойшлуулжээ. Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул шүүгчийг “шүүгдэгчид давуу байдал бий болгон хохирол төлөх завсарлага 2 удаа олгосон, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн” гэж үзэхгүй. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн  2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан ба шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох эсэх, ямар хэмжээний ял оногдуулах, хохирол төлбөрийг нотолсон баримтыг хэрхэн үнэлж хохирлын хэмжээг тооцох нь тухайн шүүгчийн хууль хэрэглээ, нотлох баримтыг дотоод итгэлээрээ үнэлэх бүрэн эрхэд хамаарна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн хуульд нэрлэн заасан сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх эрх хэмжээгүй.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шийтгэх тогтоол болон магадлал хүчингүй болж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэх үндэслэл бий болсон тул шүүх хохирлын хэмжээг хуульд зааснаар тооцох нөхцөл бүрдсэн байна. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т “Яллагдагч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй”, 32.1 дүгээр зүйлийн 1-д “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ”, 2-т “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ”, 3-т “Хэргийн материалтай энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогч мөрдөгчөөс тогтоосон хугацаанд танилцах ба мөрдөгч хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заажээ.

... дүүрэг дэх цагдаагийн газрын дугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч А.Б нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хохирогч С.Г болон түүний өмгөөлөгч Д.М нарт тус тус эрүүгийн 2211017......... дугаартай хэргийн материалыг танилцуулсан болох нь “Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл”-ээр нотлогдож байх ба хэргийг шүүхэд шилжүүлсний дараа шүүх оролцогчдод дахин хэргийн материал танилцуулах үүрэг хуулиар хүлээдэггүй, харин хүсэлт гаргасан тохиолдолд дахин хэргийн материалтай танилцах боломж олгодог. Иймд өргөдөлд дурдсан “...хэрэг шүүхэд ирсний дараа ч хэргийн материалтай танилцуулаагүй” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө”,     2-т “Шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор ирж гардан авахыг шүүх мэдэгдэнэ”, 4-д “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлнэ”, 11.9 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуульд заасны дагуу хүн, хуулийн этгээдэд хүргүүлэх шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, бусад баримт бичгийг шүүх, прокурор, мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллагын захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулна” гэж заажээ.

... шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж хэргийн оролцогч нарт гардуулах хугацаа 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байх ба шийтгэх тогтоолыг прокурор, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарт 2023 оны 05 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд гардуулсан, хохирогч нарт хүргүүлэхээр 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шууданд өгсөн нь ...шатны шүүхийн шийтгэх тогтоол танилцуулсан, гардуулсан, хүргүүлсэн тухай Баримт №12а, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 698 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн шууданд хүлээлгэн өгсөн баримтаар нотлогдож байгаа бол, шийтгэх тогтоолд гаргасан давж заалдах гомдлыг хохирогч нарт хүргүүлэхээр 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шууданд өгсөн болох нь мөн тус шүүхийн давж заалдах болон хяналтын журмаар гаргасан гомдол эсэргүүцэл танилцуулсан, хүргүүлсэн тухай №19а баримтаар нотлогдож байна.

Хохирогч С.Г-д хүргүүлэхээр өгсөн шийтгэх тогтоол болон давж заалдах гомдлыг 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хохирогч С.Г-д хамтатган хүлээлгэн өгсөн нь “Монгол шуудан” ХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 18/368 дугаар албан бичигт дурдсанаар болон хүргэлтийн дэвтрийн хуулбараар тогтоогдсон.

Иймд шийтгэх тогтоолыг бичгээр үйлдэж албажуулахтай холбоотой зөрчлийн хэм хэмжээ болох Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26. “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасанд хамаарахгүй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон          

ТОГТООХ НЬ:

1. ... шатны шүүхийн шүүгч Н.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.    

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

            ГИШҮҮН                                  Д.АРИУНТУЯА

                                                                                       Д.ЭРДЭНЭЧУЛУУН