info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-11-15

Дугаар 123

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож,

 сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Номин, сахилгын хэргийн оролцогч Н.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нарыг оролцуулан хийж, ... шүүхийн шүүгч Н.М-т холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ГНД/2023/0026 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-дээ:

Өргөдөл гаргагчаас “...шүүгч шүүх хуралдаанд илт зандарсан дээрэнгүй байдлаар хэргийн оролцогч, прокурор, өмгөөлөгч нарт ялгаварлан гадуурхах үзэл гаргасан, тайлбар хэлэх боломж олгоогүй, ... өмгөөлөгч Э.Х-г шүүх хуралдаанд оролцож байхад өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэх нөхцөлөөр хангаагүй, ... прокурор н.Г-г биечлэн оролцуулаагүй, ... баривчилна шүү эрх нь байгаа шүү гэх мэтээр айлган сүрдүүлсэн” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.

... цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Д.О, Г.О, Н.М, Д.Б нарыг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан зөрчилд холбогдуулан шалгаж, шийтгэл оногдуулах саналтай ирүүлсэн зөрчлийн      221000... дугаартай хэргийг ... шүүх 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЗТ/04 дүгээр зөвлөгөөний тогтоолын дагуу шүүгч Н.М-т тус хэрэг хуваарилагджээ. Дээрх зөрчлийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд цахимаар прокурор Н.Н, зөрчилд холбогдогч Г.О, Д.О, тэдний өмгөөлөгч Б.Т нар, биечлэн эрх бүхий албан тушаалтан Д.О, зөрчилд холбогдогч Н.М, Д.Б нар оролцсон болох нь мөн өдрийн 174 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, 2023/ЗШ/174 дүгээр шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

Шалгах ажиллагааны явцад, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг бичигдсэн цагаан өнгийн сидиний “munkhtsetseg.mp4” нэртэй бичлэгт үзлэг хийхэд

Даргалагчаас 0:11:16-0:12:24 минутад “...ойлгодоггүй, ухамсарлаагүй, дахиж хэрүүл маргаан үүсгэх шинжтэй бол, угаасаа танхайрах хэрэг харьяаллаараа шүүхэд ирж байгаа. Яагаад гэвэл 7-30 хоног баривчлах, эсхүл 100,000 төгрөгөөр торгох ийм хариуцлагын хэлбэр байгаа. Зайлшгүй хариуцлага тооцно. Яагаад гэвэл прокурорын хяналтад зөрчлийг хэрэг үүсгээд, холбогдогч нараас асуугаад ингээд ирсэн байгаа. Маш товчхон явмаар байна. Бүгдээрээ ойлгоод, учирлаад хэл амаа олоод явчих юм бол хамгийн энэрэнгүй зарчмаар, хамгийн хөнгөн хэлбэр болох торгуулийг оногдуулах бүрэн боломжтой шүүх. Тэгэхгүй гэвэл бүгдээрээ баривчлагдаад явах ийм л гарц байна” гэж,

0:12:52-0:13:08 минутад “Тэгэхгүй, тэгэхгүй, таны буруу байгаа. Цээртэй үг хэлнэ гэдэг нь тэгээд л танхай. Ойлгож байгаа юу, ойлгохгүй байвал төрийн шүүгч хүний хувьд баривчлаад явуулна шүү.” гэж,

0:14:44-0:15:30 минутад “Хэрвээ та нар маргалдаад байвал дахиад л хэрүүл чинь яана хамаагүй би бүгдийг нь 30 хоног баривчлах эрх нь байгаа байхгүй юу. Яг энэ хуралдаанаар одоо хэлэлцэж байна. Энэ олон жил үргэлжилсэн, олон хүн хамарсан хэрүүл маргаан, нарийн яривал танхай ч биш, зарим эрхэд халдсан нарийн юм байгаа. Заавал дөрвөн хүний мууг үзэх гээд 30 хоног баривчлаад яах вэ гэсэн энэрэнгүй зарчим байдаг юмаа шүүн таслан ажиллагаанд” гэж хэлсэн болох нь бичигджээ.

Дээрхээс үзвэл, шүүгч шүүх хуралдааны явцад бусдыг айлган сүрдүүлсэн, ялгаварлан гадуурхах үзэл гаргасан гэж үзэх боломжгүй боловч тэрээр зайлшгүй хариуцлага тооцно гэж хэлсэн нь шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг илэрхийлсэн буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Учир нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 6-д шүүгч зөрчлийг хянан шийдвэрлэж зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох, шийтгэл оногдуулах, хуульд заасан үндэслэл байгаа бол шийтгэлээс чөлөөлөх гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргана гэж заасан. Иймд шүүгч зайлшгүй хариуцлага тооцно гэж хэлсэн нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг илэрхийлсэнд тооцно.

Мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-т “Шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно”, 10-т “Шүүгч шүүх хуралдаанд оролцогчдыг бүртгэж, талуудын гаргасан гомдол, дүгнэлтийн үндэслэл, тайлбарыг сонсож шийдвэр гаргана”, 11-т “Оролцогч гаргасан гомдол, түүний үндэслэлийн талаарх нотлох баримтыг шүүх хуралдаанд танилцуулна”, 12-т “Шүүх хуралдаанд эрх бүхий албан тушаалтан шийдвэрийнхээ, прокурор дүгнэлтийнхээ, оролцогч гомдлынхоо үндэслэлийг нэг удаа тайлбарлана” гэж тус тус заасан.

Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзвэл, даргалагчаас зөрчилд холбогдогч нарыг зөрчилтэй холбоотой тайлбар хэлэхийг сануулж, яриаг нь хэд хэдэн удаа тасалсан байх боловч зөрчилд холбогдогч нарын хуульд заасан тайлбар хэлэх эрхийг хязгаарласан гэж  үзэх боломжгүй байна. Учир нь зөрчилд холбогдогч нар зөрчилтэй холбоотой тайлбар бус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа бусад хэргийн талаар тайлбар хэлсэн тул даргалагчаас холбогдсон зөрчилтэйгөө холбоотой тайлбар хэлэхийг сануулж, яриаг нь тасалсан байна.

Дуу-дүрсний бичлэгийн 0:08:45-0:09:11 минутад эрх бүхий албан тушаалтан шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсан байх боловч прокуророос дүгнэлтээ танилцуулсан гэх байдал бичигдээгүй байна. Иймд даргалагчаас прокурорын дүгнэлтийг сонсохгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх боловч хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл  удаа дараа зөрчсөн зөрчилд тооцохгүй.

Шүүгч Н.М нь шүүх хуралдааныг даргалж, шүүн таслах үүргээ гүйцэтгэхдээ хуульд заасан журмын дагуу хуралдааныг удирдаж, дэг, дарааллын дагуу хуралдааныг явуулахад анхаарах нь зүйтэй.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2-т “Шүүх хуралдааны тэмдэглэлд ...шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана.” гэж, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дугаар тогтоолоор баталсан Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 6.1.3-т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүгчээр хянуулах талаар тус тус заасан.

Гэвч 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 174 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэл, тус өдрийн дуу-дүрсний бичлэгээс утга агуулгын хувьд зөрүүтэй бичигдсэн байхад шүүгч Н.М нь шүүх хуралдааны тэмдэглэлд гарын үсэг зурж албажуулж, тэмдэглэлийг хянах үүргээ биелүүлээгүй байна. Цаашид шүүгч Н.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдахдаа Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалыг мөрдвөл зохино.

Дээрх шүүх хуралдаанд тус дүүргийн прокурор Н.Н цахимаар оролцсон болох нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоолоор тус тус тогтоогдож байна.

Энэ талаар Н.Н шалгах ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Манай дүүрэгт зөрчлийн 3 прокурор ажилладаг. Прокурор болгон хуваарийн дагуу өдрөө дааж шүүх хуралдаанд оролцдог. Тухайн өдөр миний шүүх хуралдаанд оролцох ээлж таарсан. Г прокурор “энэ хэрэг олон оролцогчтой, маргаантай хэрэг учир би өөрөө оролцсон ч яахав” гэж хэлж байсан. Иймд шүүх хуралдаан эхлэхэд “Г прокурор өөрөө оролцоно гэж байсан” гэж хэлэхэд шүүгч энэ хэрэг олон оролцогчтой, өмнө нь ирц нь бүрдээгүйгээс өмнө нь хурлаа хийж чадаагүй, хэргийн оролцогчид ирсэн учир хурлаа хийе гэсэн. Зөрчлийн хэрэгт прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шиг нотлох үүргийг хүлээдэггүй, цагдаагийн эрх бүхий ажилтан нотолдог. Прокурор шүүх хуралдаанд талуудын мэтгэлцээнийг үндэслэн хөндлөнгийн байр сууринаас дүгнэлт гаргаж оролцдог учраас хуралдааныг цааш үргэлжлүүлэхэд татгалзах зүйлгүй гэж үзэж үргэлжлүүлэн орсон. Зөрчлийн хэрэг шалгах ажиллагаанд хяналт тавьсан прокурор орно гэсэн зохицуулалт байхгүй. Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд нотлох баримт цуглуулах ажиллагааг цагдаагийн эрх бүхий ажилтан бие даан явуулдаг. Тиймээс заавал хяналт тавьсан прокурор хуралдаанд оролцох талаар хууль болон прокурорын аргачилсан зааварт зохицуулаагүй.” гэжээ. Мөн Ц.Г шалгах ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Тус зөрчлийн хэрэгт хяналт тавьж оролцсон. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг нээж, шийдвэр гаргавал үндэслэлийг хянаад, дугаар олгох эсэхийг шийдвэрлэдэг. Прокурор зөрчлийн хэргийг өөрийн санаачилгаар татаж үзэх, хянах зохицуулалт байхгүй. Шүүх хуралдаанд прокурор хөндлөнгийн байр сууринаас эрх бүхий албан тушаалтан зөрчлийн нотлох үүрэгтэй оролцдог. Хугацаа сунгасан, эсхүл хэргийн оролцогчоос гомдол гаргасан тохиолдолд л хэргийг хянадаг. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьсан прокурор өөрөө заавал оролцоно гэсэн зохицуулалт байхгүй. ... дүүргийн прокурорын газарт Зөрчлийн хэрэгт хяналт тавих 3 прокурор ажилладаг бөгөөд хуваарийн дагуу шүүх хуралдаанд оролцдог. Прокурор Н.Н-д би өөрөө орж болно шүү гэж хэлсэн. Тэрнээс заавал оролцоно гэж хэлээгүй” гэжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” 1.16-д “зөрчлийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох”, 9.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.1, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор оролцоно. Шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагчийг оролцуулж болно” гэж заасан. Иймд Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавьсан прокурор шүүх хуралдаанд зөвхөн өөрөө оролцох үүрэгтэй талаар хуульд тусгайлан зохицуулаагүй тул прокурор Ц.Г-г оролцуулаагүй гэх үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй.

Өмгөөлөгч Э.Х-г шүүх хуралдаанд оролцож байхад өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэх нөхцөлөөр хангаагүй гэж дурдсан нь сахилгын хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсонгүй. Хэдийгээр Э.Х нь тухайн хуралдаанд цахимаар оролцох хүсэлт өгч, Төв аймгаас цахимаар оролцсон гэж гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн боловч тэрээр шүүх хуралдаанд биечлэн болон цахимаар оролцсон гэх байдал мөн өдрийн 174 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэл, 2023/ЗШ/174 дүгээр шийтгэвэр, шалгах ажиллагааны явцад шүүгчийн туслах Г.С-н “...тус хэрэгт шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангаж оролцсон. Шүүх хуралдаанд биеэр Н.М, Д.Б нар, бусад оролцогч нар цахимаар оролцсон. Н.М, Д.Б нарын өмгөөлөгчтэй утсаар холбогдох гэсэн боловч холбогдохгүй байсан. Н.М, Д.Б нар өмгөөлөгчгүй оролцсон” гэх мэдүүлэг, өмгөөлөгч Б.Т-н “...Э.Х өмгөөлөгч оролцоогүй, ирж яваа гэж хэлсэн, цахимаар оролцоогүй. Хурал эхлээд шийдвэр сонсох хүртэл орж ирээгүй” гэх гэрчийн мэдүүлгээр тус тус үгүйсгэгдэж байна.

Өмгөөлөгч Э.Х гэрчийн мэдүүлэгтээ “...үйлчлүүлэгч Н.М-ээс манай өмгөөлөгч цахимаар холбогдсон байна. Энэ хүний тайлбарыг авах уу, өмгөөлөгчид хэлэх зүйл байна гэсэн боловч шүүгч хүлээж аваагүй” гэжээ. Шалгах ажиллагааны явцад шүүх хуралдаан дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд зөрчилд холбогдогч Н.М, Д.Б нарын хэн аль нь өмгөөлөгчтэй холбоотой ямар нэгэн тайлбарыг хэлээгүй байх ба бичлэгт өмгөөлөгч Э.Х цахимаар холбогдсон гэх байдал үгүйсгэгдэж байна. Шүүх хуралдаанд цахимаар оролцсон хүмүүсийн хэлсэн үг шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс сонсогдож байсан болно. Уг бичлэгт Э.Х гэх өмгөөлөгч өөрөө болон зөрчилд холбогдогч нар тухайн өмгөөлөгчтэй холбоотой үг хэлээгүй байна.

Дээрх зөрчлийн хэрэг ... шүүхэд 4 удаа ирж, зөрчилд холбогдогч этгээдүүд шүүх хуралдаанд бүрэн ирээгүйн улмаас буцаан хүргүүлж байсан болох нь тус шүүхийн прокуророос шилжүүлсэн зөрчлийн хэрэг, оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлт хүлээн авсан 2023 оны бүртгэлийн дэвтэр, гэрч Г.С-н “...зөрчлийн хэрэгт холбогдох этгээдүүд бүрэн ирээгүй учир эрх бүхий албан тушаалтанд хэргийг буцааж өгсөн, шүүх хуралдаан хийгдээгүй, ... хэргийг 3 удаа буцаахад шүүх хуралдаан хийж байгаагүй, хэргийг 4 дэх удаагаа прокуророос шилжүүлж, тус зөрчлийн хэргийг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ирсэн өдөр нь шийдвэрлэсэн” гэх мэдүүлэг, гэрч Э.Х-н “...өмнө нь зааланд орж шүүх хуралдаан хийж байгаагүй, хүмүүс нь бүгд ирээгүй учир зааланд ороогүй” гэх мэдүүлэг, гэрч Б.Т-н “...хэргийг шалгах шатанд хэд хэдэн удаа хэргийг шилжүүлнэ гэж мөрдөгч ярьж байсан, ...шүүх хуралдаан хойшилж байсан зүйл байхгүй”, гэрч Д.О “...Өмнө нь шүүхэд тус зөрчлийн хэрэг хэдэн удаа ирж байсныг мэдэхгүй. Ямар ч байсан өмнө нь буцсан байсан” гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Ийнхүү шүүгч Н.М нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Д.О, Г.О, Н.М, Д.Б нарт холбогдох 221000... дугаартай зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “зайлшгүй хариуцлага тооцно” гэж хэлсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх” гэх шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг үйлдэв” гэжээ.

Холбогдох шүүгч Н.М Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Миний бие тус зөрчлийн хэргийг уншиж танилцаад, энэ хүмүүс хоорондоо маш их үл ойлголцолтой маргаантай хэрэг байна гэж ойлгосон ба шүүх хуралдаанаа явуулахдаа шүүхийн баримтлах шударга ёсны, нээлттэй, эрх тэгш байх, хууль ёсны, энэрэнгүй байх, хүмүүжлийн ач холбогдол бүхий байх...гэх мэт зарчмуудаа баримтлахыг хичээж ажилладаг ба энэ 4 хүнд холбогдох хурлыг хийхдээ энэ зарчмаа л барьж ажилласан. Гол нь энэ 4 хүн шүүхийн шийдвэрийн дараа хэн нэгнийгээ үл ойлголцоод дуусах биш, аль болох хоорондоо ойлголцох, харилцан уучлалцах, бодит байдлаа үнэлээсэй гэдэг бодол тээж байсан ба Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл буюу танхайрах зөрчил гаргасан тохиолдолд 7-оос 30 хоног баривчлах, эсхүл 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах хуультай тул энэрэнгүй болон шүүх хуралдааны хүмүүжлийн ач холбогдол бүхий зарчмыг түлхүү ойлгуулах үүднээс тайлбар хийж ажилласан. Би хэргийн аль ч оролцогч нарыг ялгаварлан гадуурхах, дарамтлах, айлгах байдал гаргаагүй ба шүүх хурал дээр ...би 33 жил шүүгч хийсэн туршлагатай шүүгч гэж огт хэлээгүй ...болно. Миний бие 33 жил биш, 28 жил шүүгчээр ажиллаж байгаа ба харин хурал дээр ...ахмад шүүгчийн хувьд гэж... шүүх хуралдааны хүмүүжлийн ач холбогдлын үүднээс хэлсэн тал бий. Ингээд эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс зөрчилд холбогдогч нарыг дөрвүүлэнг нь тус бүрийг 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн ба шүүгч би ёс зүйн зөрчил гаргаагүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Н.М, Д.Б нараас ... шүүхийн шүүгч Н.М-т холбогдуулан “...шүүгч шүүх хуралдаанд илт зандарсан дээрэнгүй байдлаар хэргийн оролцогч, прокурор, өмгөөлөгч нарт ялгаварлан гадуурхах үзэл гаргасан, тайлбар хэлэх боломж олгоогүй, ...өмгөөлөгч Э.Х-үг шүүх хуралдаанд оролцож байхад өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэх нөхцөлөөр хангаагүй, ...прокурор н.Г-г биечлэн оролцуулаагүй, ...баривчилна шүү эрх нь байгаа шүү гэх мэтээр айлган сүрдүүлсэн” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.

Сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, илтгэгч гишүүн “...даргалагчаас зөрчилд холбогдогч нар зөрчилтэй холбоотой тайлбар бус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа бусад хэргийн талаар тайлбар хэлсэн тул даргалагчаас холбогдсон зөрчилтэйгөө холбоотой тайлбар хэлэхийг сануулж, яриаг нь хэд хэдэн удаа тасалсныг зөрчилд холбогдогч нарын хуульд заасан тайлбар хэлэх эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй, ... прокурорын дүгнэлтийг сонсохгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх боловч хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл  удаа дараа зөрчсөн зөрчилд тооцохгүй, ...зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд хяналт тавьсан прокурор шүүх хуралдаанд зөвхөн өөрөө оролцох үүрэгтэй талаар хуульд тусгайлан зохицуулаагүй тул прокурор Ц.Г-г оролцуулаагүй гэх үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй, ... Э.Х нь тухайн хуралдаанд цахимаар оролцох хүсэлт өгч, Төв аймгаас цахимаар оролцсон гэж гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн боловч тэрээр шүүх хуралдаанд биечлэн болон цахимаар оролцсон гэх байдал шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй, шүүх хуралдаан дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд зөрчилд холбогдогч Н.М, Д.Б нарын хэн аль нь өмгөөлөгчтэй холбоотой ямар нэгэн тайлбарыг хэлээгүй байх ба бичлэгт өмгөөлөгч Э.Х цахимаар холбогдсон гэх байдал үгүйсгэгдэж байна...” гэж дүгнэсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8-д заасан нотлох баримтыг тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх шаардлагад нийцсэн байна.

Түүнчлэн, ... шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар Д.О, Г.О, Н.М, Д.Б нарт холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцсэн бөгөөд шүүгч Н.М нь зөрчилд холбогдогч нар зөрчлийн хэрэгт хамааралгүй асуудлын талаар тайлбар хэлэхэд нь чиглүүлж, тайлбар хэлэхийг нь хэд хэдэн удаа зогсоосон болох нь тус өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон байна. /с.х-ийн 27-30 дахь тал/

Энэ талаар илтгэгч гишүүний “... цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Д.О, Г.О, Н.М, Д.Б нарыг Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1-т заасан “олон нийтийн газарт, эсхүл орон байранд хэрүүл маргаан үүсгэсэн” гэх зөрчилд холбогдуулан шалгаж, шийтгэл оногдуулах саналтай шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгч шүүх хуралдааны явцад зөрчилд холбогдогч нарын холбогдсон зөрчилд хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар заасан тухай тайлбарласныг баривчилна гэж айлган сүрдүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Хэдийгээр шүүгч Н.М-н зөрчилд холбогдогч нарын тайлбарыг зогсоосон үйлдэл илтэд хууль зөрчөөгүй, сахилгын шийтгэл оногдуулах хэмжээний үйлдэлд хамаарахгүй байх боловч цаашид Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-т “Шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно”, 10-т “Шүүгч шүүх хуралдаанд оролцогчдыг бүртгэж, талуудын гаргасан гомдол, дүгнэлтийн үндэслэл, тайлбарыг сонсож шийдвэр гаргана”, 11-т “Оролцогч гаргасан гомдол, түүний үндэслэлийн талаарх нотлох баримтыг шүүх хуралдаанд танилцуулна”, 12-т “Шүүх хуралдаанд эрх бүхий албан тушаалтан шийдвэрийнхээ, прокурор дүгнэлтийнхээ, оролцогч гомдлынхоо үндэслэлийг нэг удаа тайлбарлана” гэж заасныг баримталж шүүх хуралдааныг даргалах, шүүн таслах үүргээ гүйцэтгэхдээ хуульд заасан журмын дагуу хуралдааныг удирдаж, дэг, дарааллын дагуу хуралдааныг явуулахад анхаарах нь зүйтэй.

Харин шүүгч Н.М-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т заасан сахилгын зөрчил гаргасан гэж нотлох дүгнэлт үйлдсэнийг доорх үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх;” гэж шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар шүүгч урьдчилан өөрийн бодол, байр суурийг “олон нийтэд” мэдээлэх, илэрхийлэх буюу гадагш чиглэсэн байх үр дагавар шаарддаг бөгөөд тухайн хэрэг, маргааны талаар хэзээ, хэнд мэдээлснээс хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тодорхойлохоор хуульчилжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгч шүүх хуралдааны явцад “зайлшгүй хариуцлага тооцно” гэж хэлсэн[1] нь тус зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл зөрчилд холбогдогч нарыг шийтгэлээс чөлөөлөх үндэслэл огт байхгүй гэх ойлголтыг оролцогчдод төрүүлсэн байх хэдий ч зөрчлийн хэргийн үйл баримттай маргаагүй оролцогч бус этгээдүүд буюу олон нийтэд хандаж хэлээгүй, зөрчил гаргасан холбогдогч нарт тухайн зөрчлийн хуульд заасан санкц, шинж төрлийг тайлбарласан зэрэг нөхцөл байдлуудыг харьцуулан үзвэл шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн, урьдчилсан таамаг гаргасан нөхцөл хангагдаагүй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Тодруулбал, тус зөрчлийн хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн талаар оролцогчдод хэлж, хэргийг эв зүйгээр шийдвэрлэхийн давуу тал, тэдгээрийн эрх зүйн байдалд ач холбогдолтой болон хөнгөн шийтгэл оногдуулах үндэслэл болох талаар шүүгч тайлбарласан нь түүнийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.

Зөрчлийн хэргийн оролцогчид нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцдог тул шүүгчээс шүүх хуралдааны явцад холбогдсон зөрчлийн үр дагаврын талаар тайлбарлаж, тухайн зөрчилд холбоотой асуудлаар мэтгэлцэхийг сануулсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, агуулгад нийцнэ гэж үзнэ.

Иймд, “...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 6-д шүүгч зөрчлийг хянан шийдвэрлэж зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох, шийтгэл оногдуулах, хуульд заасан үндэслэл байгаа бол шийтгэлээс чөлөөлөх гэсэн шийдвэрийн аль нэгийг гаргана гэж заасан. Иймд шүүгч зайлшгүй хариуцлага тооцно гэж хэлсэн нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг илэрхийлсэнд тооцно” гэж дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ГНД/2023/0026  дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүчингүй болгож, ... шүүхийн шүүгч Н.М-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                   Х.ХАШБААТАР

        ГИШҮҮН                                   Ц.ДАВХАРБАЯР

                                                         О.НОМУУЛИН

 

[1] Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт 2023.04.11-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан.