МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-11-08
Дугаар 122
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Г.Болортуяа, ажиглагч О.М нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
... шатны шүүхийн шүүгч Б.Т-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
“О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М өргөдөлдөө: “...”С” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд ...шатны шүүх иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Хоёр хуулийн этгээдийн хооронд Иргэний хуулийн дагуу байгуулагдсан иргэний эрх зүйн харилцаа болох гэрээний маргааныг захиргааны байгууллагаар шийдвэрлүүлэх ёстой хэмээн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн 2022 оны 05 сарын 03-ны өдрийн 6..8 тоот захирамж нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.27 заалтыг зөрчсөн. “Ж” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасуулах хүсэлтийг хангахаас татгалзаж 2023 оны 03 сарын 31-ний өдөр гаргасан ...1/....2023/0...2 тоот захирамж гаргахдаа гомдол гаргах эрхгүй болохыг дурдсан нь ИХШХШТХ-ийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх заалтыг зөрчсөн, шүүгчийн мэргэжлийн бус үйлдэл гаргаж албаны эрх мэдлээ урвуугаар ашигласан, хууль зөрчсөн үйлдэл. “О” ХХК болон “Ж” ХХК хоорондын маргааныг 2021 оны 12 сарын 21-ний өдрөөс хойш өнөөдрийг (2023-04-10) өдрийг хүртэл хянан шийдвэрлэлгүй удаашруулан хугацаа алдуулсан тул шүүгч Б.Т-т холбогдуулан гаргасан гомдлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүгч Б.Т тайлбартаа: “О” ХХК, “М” ХХК нарын хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус шүүх 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Г-д хуваарилагдсан. Тус шүүгч жирэмсний амралт авснаар шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор хэрэг надад хуваарилагдсан. Уг хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд ..1/Ш32022/0...8 дугаар шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж тайлбарлан өгсөн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М захирамжид гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн болох нь ...шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ..1/ЕШ2022/0...8 дугаартай “Захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх тухай” захирамжаар тогтоогдож байгаа тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.27-д заасан зөрчил гаргасан гэх гомдол үндэслэлгүй.
Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч “О” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл шүүгч Ч.И-д 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хуваарилагдсан. Шүүгч тухайн хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаад чөлөө авснаар шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ..1/ЗТ2021/0...9 дугаар тогтоолоор надад хуваарилагдсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ... 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ирүүлсэн дансны хуулга дотор нотлох баримтаар үнэлэгдэх чадвар бүхий баримт байхгүй тул эдгээр баримтуудыг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн ..1/Ш32023/0...2 дугаар захирамжаар ...иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх шатанд шийдвэрлэх нь хуульд нийцнэ... гэсэн үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М дээрх захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасныг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд ..1/Ш32023/0...0 дүгээр захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Мөн шүүх хуралдаан дээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг хуульд зааснаар Ерөнхий шүүгчээр хянан шийдвэрлүүлэхээр тус шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасныг зөрчсөн гэх гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн хариуцагч “О” ХХК-д холбогдох иргэний хэргийг хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн авч, нэхэмжлэгчийн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хариу тайлбар болон нотлох баримт гаргах хуульд заасан хугацааг олгох ажиллагааг хийхээр ..1/Ш32021/1...6 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Д.П-ыг гэрчээр асуух ажиллагаа хийсэн. 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У-ийн гаргасан өмгөөлөгч сонгон авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-ийн гаргасан Арилжааны банкнуудын “Ж” ХХК-ын данснаас зөвхөн гадаад гүйлгээний хуулбарыг гаргуулмаар байна. Учир нь Терроризмын санхүүжилттэй холбоотой хар саарал гээд Монголоос гарч байгаа бүх гүйлгээнүүдийг ...банк хянадаг. Тэгэхээр арилжааны банкнуудад ямар гадаад гүйлгээ хийгдэнэ тэр болгон нь ...банканд бүртгэгдэж байгаа учраас зарлагын гүйлгээнүүдийг арилжааны банкнуудаас гаргуулах хүсэлт, хариуцагчийн өмгөөлөгч Г.О-ын гаргасан “Ж” ХХК-аас ирүүлсэн баримт ойлгомжгүй байгаа тул “Ж” ХХК-аас гадаад гүйлгээний 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх валютын гүйлгээг нотлох баримтын шаардлага хангуулан ...банкнаас гаргуулах хүсэлтүүдийг тус тус хүлээн авч хангаад хүсэлтэд заасан нотлох баримтуудыг холбогдох байгууллагаас гаргуулахаар тус шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
... банкнаас 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б-10/1.. тоот, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б-10/4... тоот албан бичгээр тус шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан компанийн харилцах, хадгаламжийн данс, дансны хуулга, мэдээлэл нь манайд байхгүй болно гэх хариу ирүүлснийг зохигч талуудад танилцуулахаар дуудах ажиллагааг хийсэн.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.О нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ... Арилжааны банкнуудад “Ж” ХХК-ийн данснаас гадаад гүйлгээний дансны хуулгыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааныхыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах хүсэлт гаргасныг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 1../Ш32022/1...5 дугаар “Хүсэлт хянан шийдвэрлэх тухай” захирамжаар хангаж шийдвэрлэсэн.
... банк ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 29/6..3 дугаартай албан бичгээр ... “Ж” ХХК-ийн нэр дээр 57 төгрөгийн, 1 ам.долларын харилцах данс бүртгэлтэй байна. Иймд “Ж” ХХК-ийн хуулга авах дансны дугаарыг тодруулж ирүүлэхийг хүссэний дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-ээс хуулга авах дансны дугаарыг тодруулж өгөхийг шүүгчийн туслах удаа дараа шаардсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М нь шүүхэд 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ... банк ХХК дахь “Ж” ХХК-ийн ам.долларын дансны хуулганаас гадаад гуйвуулга, шилжүүлгийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацааныхыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасныг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1../Ш32023/0...7 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.
Дээрх хүсэлтэд заасан баримтыг ... банк ХХК-иас ирүүлээгүй тул албан бичгээр удаа дараа шаардах ажиллагааг хийсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М нь 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүгчийг татгалзан гарах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1../ЕШ2023/0...9 дүгээр захирамжаар,
2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүгчийг татгалзан гарах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1.../ЕШ2023/0...7 дугаар захирамжаар,
2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүгчийг татгалзан гарах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 1../ЕШ2023/0....0 дугаар захирамжаар тус тус хянан шийдвэрлэжээ.
Зохигч талуудын гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлэж, баримтуудыг холбогдох байгууллагаас нь гаргуулахаар шаардах ажиллагааг тус тус хийсэн бөгөөд мөн шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг удаа дараа гаргасантай холбоотойгоор уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан.
Шүүгч миний хувьд хэргийг шийдвэрлэхгүй удаашруулан хугацаа алдуулсан субьектив санаа зорилго байхгүйг үүгээр мэдэгдэж байна.
Тус шүүх нь ажиллавал зохих шүүгчийн орон тоо дутуугаас нэг шүүгчид ногдох хэрэг маргааны тоо 160-200 хүрч, амралтын өдрүүдэд шийдвэр, захирамж эрх зүйн актаа бичиж боловсруулах, хэрэг, материалаа уншиж судлах, шүүх хуралдаан сар гаруй хугацааны дараа хийгдэхээр товлогдох зэргээр ачаалалтай ажиллаж байгаагаа дурдах нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.
Шүүгч Б.Т нэмэлт тайлбартаа: “...тухайн шүүхийн ажлын ачаалал маш их, олон жилээр хуримтлагдсан, олон хавтастай, олон оролцогчтой хуульд заасан хугацаа нь дууссан 100 хэргийг хүлээн авч, хуульд заасан ажиллагааг хийж эхэлсэн цаг хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл бүтэн 6 жил гаруй хугацаанд ажиллахад шүүгчийн орон тоо дутуугаас /зуны амралтаас бусад хугацаанд/ 7 хоногийн 7 өдөр өглөө 8:30 цагаас оройн 20:00-22:00 цаг хүртэл ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд байнгын 170-200 хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй “О” ХХК-д холбогдох иргэний хэргийг миний бие хүлээн авсан 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс хойших хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дунджаар 170-230 хэрэг, нэхэмжлэл байсан, уг хэрэг, нэхэмжлэлтэй холбоотой 3780 шүүгчийн захирамж, 751 шийдвэр, 28 шүүхийн тогтоол болон уг хэргүүдтэй холбоотой албан бичиг, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолууд бичих, зарлагдсан шүүх хуралдааны тэмдэглэлийг хянах, өөрийн болон бусад шүүгч нарын зарласан нийт 1159 шүүх хуралдаанд орж, хэргийг шийдвэрлэсэн, мөн 89 гэрч асуух, 48 үзлэг хийх зэрэг ажиллагаануудыг тус тус хийж гүйцэтгэсэн байна.
Миний бие 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд шүүх хуралдааны бүрэлдэхүүнд оролцсон хэргийн тоо-169, шүүх хуралдаан даргалсан тоо-31 болно. Мөн миний шүүгчийн туслах энэ хугацаанд 3-4 удаа ажлаасаа гарч солигдсон, шинээр томилогдон ажилласан шүүгчийн туслах нь ажлын дадлага туршлага багатай, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа олон хэргийн оролцогчтой зэрэг харилцах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг программ хангамжтай ажиллах зэрэг ажлын их ачаалалтай холбоотойгоор шүүгч би өөрөө “Иргэний хэрэг үүсгэх”, “Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх”-ээс бусад захирамж, эрхийн актуудаа өөрөө бичиж боловсруулан, программд хөрвүүлэн чеклэх зэрэг ажиллагааг хийдэгтэй холбоотой тухайн ажиллагаанууд нь ажлын цагт багтахгүй учир тухайн өдөртөө өглөө 7:30 цагаас оройн 21-22 цаг хүртэл ажиллаад ч энэ их ачааллыг багасгах боломжгүй байгааг ойлгож, үзнэ үү.
Шүүгч би 7 хоногийн 3 өдөр бүтэн шүүх хуралдаантай, үлдэх 2 өдөрт нь дээрх 200 гаруй хэргүүдийн оролцогч нараас гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэх, өдөрт хуваарилагдан ирж байгаа нэхэмжлэлээ шалгаж, танилцаж, эрхийн актуудаа бичиж, албажуулах, шүүх хуралдааны тэмдэглэлүүдээ хянаж, уншиж засварлах, бусад шүүгч нарын хурлын бүрэлдэхүүнд орж, шүүх хуралдаанд оролцох, гар дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргүүдтэй танилцах, шүүх хуралдаанаа товлох, товлон зарлагдсан хэргүүдээ уншиж, танилцан холбогдох хууль тогтоомжоо судлах, хуралдаанд бэлтгэх, гэрч асуух, үзлэг хийх зэрэг хуульд заасан ажиллагааг хийхийн зэрэгцээ шүүгчийн туслахын ажиллагаа явуулахад зааварчилгаа өгөх зэрэг ажиллагаануудыг тасралтгүй хийсэн.
Гомдол гаргагчийн ... “О” ХХК болон “Ж” ХХК нарын хоорондын маргааныг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш өнөөдрийг/2023.04.10/ хүртэл хянан шийдвэрлэлгүй удаашруулан хугацаа алдсан... гэх нөхцөл байдал нь дан ганц шүүгч миний зүгээс шалтгаалж хугацаа алдсан гэж үзэх боломжгүй, хэргийн зохигч оролцогч талуудаас гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, нотлох баримт гаргуулж, бүрдүүлэх, хариуцагч тал сөрөг нэхэмжлэл гаргах, түүнийхээ хэмжээг ихэсгэсэн зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалан хуульд заасан ажиллагааг хийснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх явцад удаа дараа хариуцагчийн төлөөлөгч О.М нь шүүгчээс татгалзсан болохыг өмнөх тайлбартаа тодорхой дурдсаныг анхаарч үзнэ үү.
Тус хэрэгт хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /гомдол гаргагч/ О.М, түүний өмгөөлөгч Г.О нарын зүгээс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд арилжааны банкнуудаас болон ... банкнаас лавлагаа, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг нь шүүхээс хангасан бөгөөд тухайн баримтуудыг холбогдох байгууллагуудаас гаргаж ирүүлэх ажиллагаа удааширсан байна. Тэрээр, тус хэргийг миний бие анх хүлээн авахад 1 хавтас, 121 хуудастай байсан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсаар одоо 3 хавтаст хэрэг болсон зэрэг нь тус хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсанд мөн хамаарч байна. Миний бие нь тус хэргийг хуульд заасан хугацаанд нь хянан шийдвэрлээгүй нь үнэн боловч дээр дурдсан нөхцөл байдлууд шалтгаалсан бөгөөд шүүгч зөвхөн нэг хэргээ шийдвэрлээд бусад хэргийн ажиллагаагаа орхигдуулж болохгүй тул хугацаа алдсаныг минь харгалзан үзнэ үү. Түүнчлэн дүүргүүдийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, тэр дундаа ... шатны шүүхийн ачаалал онцгой их, хэргийн өнгө, маргааны төрөл зэрэг нь улам л өөрчлөгдөж байгаагаас шалтгаалан шүүгч бид холбогдох хууль, дүрэм журмыг судлах зайлшгүй шаардлага үүсэж байгаа нь бас ажлын ачаалалд нөлөөлж байна.
Иймд надад үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэж хичээнгүйлэн хүсэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, холбогдох шүүгч нь дараах иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Үүнд:
1. “Ж” ХХК нь “О” ХХК-д холбогдуулан сүлжээ хоорондын харилцан холболтын гэрээний үүрэгт 214,369,012 төгрөг шаардсан нэхэмжлэлд шүүх 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ. Уг хэрэг шүүгч Б.Т-т 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хуваарилагдсан ба шүүх хуралдаан тодорхой шалтгааны улмаас удаа дараа хойшлогджээ.
2. “О” ХХК, “М” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан гэрээ цуцлах, уучлал гуйж, хохирол гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан, тус хэргийг шүүгч Б.Т хүлээн авч, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
1. ...шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар “О” ХХК, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд шүүгчийн 0...8 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Энэхүү захирамжид нэхэмжлэгч тал гомдол гаргасан, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 0...8 дугаар захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзахдаа “... гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн...” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т “...энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэх үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан.
“О” ХХК болон “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй “С” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо шүүгч “... хууль, журамд заасны дагуу тухайн маргааныг Харилцаа холбооны зохицуулах хороогоор шийдвэрлүүлэх ...” гэсэн үндэслэлийг захирамжид дурджээ.
Шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа ба Сахилгын хороо шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрхгүй.
Иймд шүүгч Б.Т нь өргөдөлд дурдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.27-д заасан “шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон” гэх хориглолтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
2. “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М “...2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш ирүүлсэн дансны хуулга дотор нотлох баримтаар үнэлэгдэх чадвар бүхий баримт байхгүй тул эдгээр баримтыг нотлох баримтаас хасуулах, мөн англи хэлээс орчуулсан гэх баримтыг нотлох баримтаас хасуулах...” тухай хүсэлт гаргажээ.
Шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0...2 дугаар захирамжаар дээрх хүсэлтийг хангахгүй орхихдоо “...хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх шатанд шийдвэрлэх зүйтэй...” гэж үзсэн ба захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М нь шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасныг 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 0...0 дүгээр захирамжаар хангахгүй орхижээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж, 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.3-т “Шүүхэд урдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, шүүгч нотлох баримтыг хасах эсэхийг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад шийдвэрлэх бөгөөд энэ талаарх хүсэлтийг хангахгүй орхисон нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.1-т заасан албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэх зөрчилд хамаарахгүй.
3. Шүүгчийн захирамжаар “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ж” ХХК-д холбогдох иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байх ба 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн “... өмгөөлөгчтэй оролцох”, хариуцагчийн “...арилжааны банкнуудын “Ж” ХХК-ийн данснаас хийгдсэн гадаад гүйлгээний хуулбар гаргуулах” хүсэлтийг хангаж шүүх хуралдаан хойшлогдож, холбогдох ажиллагааг явуулсан байна.
Түүнчлэн 2022 оны 08 дугаар сарын 05, 2023 оны 02 дугаар сарын 20, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаан хариуцагчийн өмгөөлөгчийн “...нотлох баримт гаргуулах” хүсэлтээр тус тус хойшлогджээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М нь 2022 оны 12 дугаар сарын 22, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шүүгч Б.Т-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр хуульд зохицуулсан.
Зарим нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх талаар гаргасан хариуцагчийн хүсэлтийг шүүх хангаж, энэ үндэслэлээр шүүх хуралдаан удаа дараа хойшлогдсон, холбогдох байгууллагаас дурдсан баримтууд ирээгүй тул шүүгч энэ талаар тодорхой арга хэмжээ авсан нь тогтоогдож байна.
Мөн хэргийн оролцогч нь шүүгчийг татгалзах гаргах хүсэлтийг удаа дараа гаргасан, уг асуудлыг хуульд зааснаар тус шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэх тул шүүх хуралдаан тодорхой хугацаагаар хойшлогдож байжээ.
Дээрх хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд шүүгч Б.Т дунджаар 170-230 нэхэмжлэл хүлээн авч, 3780 шүүгчийн захирамж, 751 шийдвэр, 28 шүүхийн тогтоол, бусад эрхийн акт бичиж боловсруулж, 1159 шүүх хуралдаанд оролцсон нь түүний тайлбар, холбогдох судалгаагаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, шүүгч ачаалалтай ажиллаж байсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулсан гэж үзэх боломжгүй болно.
Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байгаа боловч шүүх хуралдаан удаа дараа хойшлогдсонд шүүгчийг буруутгах, “...хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. ... шатны шүүхийн шүүгч Б.Т-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН