info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-11-02

Дугаар 115

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн-нарийн бичгийн дарга А.Номин нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Х , ... давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Э, Д.Д, Д.Н нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0096 дугаартай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Нэг. ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Х  нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.33 дахь заалтыг зөрчсөн гэх тухайд;         

Өргөдөл гаргагч Н.З нь ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Х ад холбогдуулан “...тус шүүх хуралдааныг 12.00-13.00 цагийн хооронд даргалан явуулсан бөгөөд 13.00-18.30 цагийн хооронд шийдвэр гаргахаар 5 цаг 30 минутын турш зөвлөлдөх явцдаа гар утсаа хэрэглэх, ашиглах байдлаар бусад этгээдтэй гар утсаараа харилцаж, шийдвэр гаргахаасаа өмнө бусдаас заавар, чиглэл хүлээж байгаа юм шиг хэт удаан зөвлөлдөж, ингэхдээ зөвлөлдөх тасалгааны нууцыг алдагдуулж бусад этгээдтэй харилцсан..., ингэснээрээ шүүгч С.Х  нь шүүгчийн албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж хариуцагч Э-д давуу байдал бий болгосон ...” гэх агуулга бүхий өргөдлийг гаргасан.

Н.З гийн нэхэмжлэлтэй, Э-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хуралдааныг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Х  даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Д, нэхэмжлэгч Н.З , түүний өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т  нарыг оролцуулан хийсэн байх бөгөөд хуралдаан 11 цаг 57 минутад эхэлж 18 цаг 23 минутад дууссан байна.

Дээрхээс үзвэл, Н.З гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан эхэлснээс хэргийг хэлэлцэх, шүүх хуралдаан завсарлаж, зөвлөлдөх тасалгаанд орох, шийдвэрээ гарган зохигчдод уншиж сонсгож шүүх хуралдааныг хаах хүртэл нийт 6 цаг 26 минут үргэлжилжээ.

Харин 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны дууны бичлэгт хийсэн үзлэгээр даргалагч шүүх хуралдааныг нээснээс завсарлах хүртэл 1 цаг 02 минутын хугацаанд хэргийг хэлэлцсэн байх бөгөөд шүүх хуралдааны дууны бичлэгт хийсэн үзлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээс шүүгч зөвлөлдсөн хугацааг тодруулбал – Шүүх хуралдаан 11 цаг 57 минутад эхэлж 1 цаг 02 минутын турш үргэлжлээд 12 цаг 59 минутад шийдвэрээ гаргахаар завсарласан, шүүх хуралдаан 18 цаг 20 минут 53 секундээс  үргэлжилж Тогтоох хэсгийн агуулгыг 2 минут 7 секундийн хугацаанд танилцуулаад 18 цаг 23 минутад дуусжээ. Үүнээс үзэхэд шүүх хуралдаан даргалагч 5 цаг 20 минут орчим хугацаанд зөвлөлдөх тасалгаанд шийдвэрээ гаргасан гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Бүх шатны шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргана.” гэж заасан, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д шүүх хуралдаан даргалагч зөвлөлдөх тасалгаанд шийдвэрээ гаргахаар шүүх хуралдааныг завсарлуулах талаар хуульчилсан.  Харин шүүгч зөвлөлдөх тасалгаанд шийдвэр гаргах хугацааг хуулиар тодорхойлон заагаагүй.

Зөвлөлдөх тасалгаанд шийдвэрээ гаргасан 5 цаг 20 минут орчим хугацаанд шүүгч  С.Х  нь бусадтай аливаа хэлбэрээр харилцаж, зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулсан эсэхийг тодруулахын тулд   “Юнител” ХХК-иас шүүгч С.Х-ын утасны дуудлагын жагсаалтын лавлагааг гаргуулан авч үзэхэд, шүүгч нь өөрийн эзэмшлийн дугаараас гадагшаа дуудлага хийгээгүй, мөн гаднаас дуудлага аваагүй нь тогтоогдсон.

Дээрхээс үзэхэд, шүүгч С.Х  нь зөвлөлдөх тасалгаанд шийдвэр гаргахдаа бусадтай харилцаагүй байх тул түүнийг 5 цагийн турш зөвлөлдөх тасалгаанд шийдвэрээ гаргахдаа ямар нэгэн чиглэл, удирдамж бусдаас хүлээж зөвлөлдөх тасалгаанд удсан, ингэснээрээ шүүгч С.Х  нь шүүгчийн албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж хариуцагч Э-д давуу байдал бий болгосон гэх өргөдөл гаргагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Иймд шүүгч С.Х-ыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1.-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон”, мөн хуулийн 50.1.33-т “шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулах” гэж заасан зөрчлийг гаргаагүй байна.

Хоёр. ... давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Э, Д.Д, Д.Н нар нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг зөрчсөн гэх тухайд;

Өргөдөл гаргагч Н.З нь шүүгч Э.Э, Д.Д, Д.Н нарт холбогдуулан “...... давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаа дугаар зүйлийн 14-т заасан хууль зүйн туслалцаа авах үндсэн эрх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох эрх, 34.3.10-т заасан “шүүх хуралдааныг хойшлуулах ... хүсэлт гаргах эрхтэй” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан...” гэх агуулга бүхий өргөдөл гаргасан.

Сахилгын хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн .../ШШ2023/00387 дугаар шийдвэртэй Н.З гийн нэхэмжлэлтэй, Э-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаж, гомдлыг ... давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр товлосон боловч нэхэмжлэгч талаас “өмгөөлөгч нь хөдөө орон нутагт ажлаар яваад ирж амжаагүй тул хуралдаанд өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт” гаргасан, мөн  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаснаар тус тус хүсэлтүүдийг хангаж, хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэлх хугацаагаар хойшлуулсан байна.

Улмаар 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “шүүх хуралдаан давхацсан” гэх үндэслэлээр хойшлуулах хүсэлт гаргасан, мөн нэхэмжлэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлттэй байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн байх бөгөөд, шүүхээс хүсэлтийг хангахаас татгалзаж, хуралдааныг үргэлжлүүлэн .../МА2023/00829 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Дээрх 2 өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл болон тогтоолуудаас үзэхэд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Н.З-аас өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох боломжийг олгох буюу Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаа дугаар зүйлийн 14-т заасан “...хууль зүйн туслалцаа авах ...” эрхийг хангаж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч талаас дахин өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг хүлээж аваагүйтэй нь холбогдуулан давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд, өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчилд хамаарахгүй байх тул ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Х , ... давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Э, Д.Д, Д.Н нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв...” гэжээ.

Шүүгч Э.Э, Д.Д, Д.Н  нар Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Тус гомдолд “давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хууль зүйн туслалцаа авах эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох эрх, шүүх хуралдааныг хойшлуулах эрхийг тус тус зөрчсөн” гэх агуулгыг дурджээ.

Давж заалдах шатны шүүх Н.З гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 03 сарын 31-ний өдөр хүлээн авч, улмаар 2023 оны 04 сарын 17-ны өдөр шүүх хуралдааныг товлосон. Тус өдрийн шүүх хуралдаан “өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох” нэхэмжлэгчийн хүсэлт, мөн “хэргийн материалтай танилцах” хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг тус тус үндэслэн хойшлогдсон.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн 2023 оны 04 сарын 17-ны өдрийн шүүх хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 14-т заасан “...хууль зүйн туслалцаа авах...” эрхээ хэрэгжүүлэх боломжийг нэхэмжлэгчид, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан “...хэргийн материалтай танилцах...” эрхээ хэрэгжүүлэх боломжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тус тус олгох үүднээс хойшлуулж, 2023 оны 04 сарын 21-ний өдөр товлосон. /Холбогдох шүүх хуралдааны тэмдэглэл, давж заалдах шатны шүүхийн тогтоолыг хавсаргав/

Улмаар, 2023 оны 04 сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь “өмгөөлөгчийн хурал давхацсан, шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцоно” гэсэн хүсэлт гаргасныг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэн, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. /Холбогдох шүүх хуралдааны тэмдэглэл, давж заалдах шатны шүүхийн тогтоолыг хавсаргав/

Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зохигч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд ирээгүй явдал давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж зохицуулсан байхаас давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчид өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох боломжийг олгож өмнөх шүүх хуралдааныг хойшлуулсан.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлттэй холбогдуулан хариуцагч тал “өмнөх шүүх хуралдааныг нэхэмжлэгч өмгөөлөгчгүй гэх шалтгаанаар хойшлуулсан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү” гэсэн хариу тайлбарыг гаргасан болно.

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын гомдол гаргасныг Монгол Улсын Дээд шүүх хэлэлцэхээс татгалзсан байдаг. Хэрэв давж заалдах шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэж Монгол Улсын Дээд шүүх үзсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасан үндэслэлээр иргэн Н.З гийн гаргасан хяналтын гомдлыг хүлээн авч, хэлэлцүүлэхээр шийдвэрлэх байсан. /Холбогдох хяналтын гомдол, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолыг хавсаргав/

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгч С.Х  Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“... 1. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33 дахь заалтыг зөрчсөн гэх тайлбарын тухайд;

Н.З-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Э-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цаг 57 минутад эхэлж 18 цаг 23 минутад дуусгавар болжээ. /Шүүх хуралдааны тэмдэглэлийг хавсаргав-10 хуудас/

Миний бие шүүх хуралдаан завсарлаж, шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусдаас заавар, чиглэл хүлээсэн, зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулсан ямар нэг үйлдэл, эс үйлдэл гаргаагүй болно. Миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хараат бус байж гагцхүү хуульд захирагдаж, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр шийдвэр гаргасан.

2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар Н.З-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба ... давж заалдах шатны шүүхээс тус шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ./2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн .../ШШ2023/00387 дугаар шийдвэрийн хуулбарыг хавсаргав-11 хуудас/ Тус шүүхийн шүүх хуралдааны танхимын шүүгчийн өмнөх ширээнд компьютер суурилагдаагүй тул миний бие тус маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай Төсвийн тухай хууль, Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаар Журам батлах тухай тогтоолын хавсралтаар батлагдсан “Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журам” болон бусад нарийвчилсан хууль, дүрэм, журмыг хэрэглэх зорилгоор гар утас ашигласан.

Миний бие гар утсыг хууль, дүрэм, журам хэрэглэх зорилгоор ашигласан ба өөр ямар нэг зорилгоор буюу бусдаас ямар нэг заавар, чиглэл авах зорилгоор ашиглаагүй болохоо хариуцлагатай мэдэгдэж байна. Миний бие Н.З гийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Э-д холбогдох иргэний хэргийг хэнээс ч хараат бусаар бие дааж шийдвэрлэсэн болно.

2. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дүгээр зүйлийн 50.1.1 дэх заалтыг зөрчсөн гэх тайлбарын тухайд;

Албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох гэдэгт хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийж хувь хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдлыг бий болгохыг ойлгоно. Миний бие Н.З-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Э-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ дээр дурдсан ямар нэг үйлдэл, эс үйлдэл гаргаагүй ба тухайн иргэний хэргийг шийдвэрлэхдээ хараат бусаар хуульд захирагдаж шийдвэрлэсэн ба шийдвэр гаргахад ямарваа нэг этгээд нөлөөлөөгүй болно.

5 цаг 30 минут зөвлөлдсөн гэх тайлбарын тухайд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан 11 цаг 57 минутад эхэлж 18 цаг 23 минутад дуусгавар болсон байна. Шүүх хуралдаан 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр болсон байх ба ямар хугацаанд зөвлөлдсөн болохыг тооцоолох боломжгүй байх тул 5 цаг 30 минут зөвлөлдсөн эсэх талаар тодорхой тайлбар гаргах боломжгүй байна. Н.З-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Э-д холбогдох иргэний хэргийн оролцогчид шүүх хуралдаанд харилцан зөрүүтэй тайлбар гаргасан ба тухайн иргэний хэрэг нь 2/хоёр/ хавтас байсан болно.

Талуудын тайлбартай холбоотой хавтаст хэрэгт авагдсан Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Дотоод аудитын тайлан, Үндэсний Аудитын Газрын хэдэн Санхүүгийн аудитын хэдэд хэдэн тайлан болон хэрэгт баримтаар авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг дахин харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэхэд хугацаа шаардлагатай байсан тул шийдвэр гаргахаар зөвлөлдөхөд хугацаа шаардлагатай байсан болно. Шүүгч С.Х миний бие сахилгын зөрчил гаргаагүй тул миний биед холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.”” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Иргэн Н.З-аас ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Х , ... давж заалдах шатны шүүхийн шүүгчид болох Э.Э, Д.Д, Д.Н нарт холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ГЗҮ/2023/0075 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0096 дугаартай санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна. 

Иргэн Н.З нь Э-д холбогдуулан “Хөлсөөр ажиллах гэрээг үндэслэлгүйгээр цуцалсныг тогтоолгох, ...ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох...” тухай нэхэмжлэлийг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгч С.Х  даргалж, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд .../ШШ2023/00387 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргаж, гомдлыг ... давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд .../МА2023/00829 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн .../ШХТ2023/00767 дугаар тогтоолоор хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

  1. Өргөдөлд дурдагдсан: “...... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Х  нь тус шүүх хуралдааныг 12.00-13.00 цагийн хооронд даргалан явуулсан бөгөөд 13.00-18.30 цагийн хооронд шийдвэр гаргахаар 5 цаг 30 минутын турш зөвлөлдөх явцдаа гар утсаа хэрэглэх, ашиглах байдлаар бусад этгээдтэй гар утсаараа харилцаж, шийдвэр гаргахаасаа өмнө бусдаас заавар, чиглэл хүлээж байгаа юм шиг хэт удаан зөвлөлдөж, ингэхдээ зөвлөлдөх тасалгааны нууцыг алдагдуулж бусад этгээдтэй харилцсан ..., ингэснээрээ шүүгч С.Х нь шүүгчийн албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж хариуцагч Э-д давуу байдал бий болгосон... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.33 дахь заалтыг зөрчсөн...” гэх үндэслэлийн тухайд:

... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн иргэн Н.З-ийн нэхэмжлэлтэй Э-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар шүүх хуралдааныг ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Х  даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Д, нэхэмжлэгч Н.З , түүний өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т  нарыг оролцуулан хийсэн байх бөгөөд хуралдаан 11 цаг 57 минутад эхэлж 18 цаг 23 минутад хуралдааныг хаасан байх ба тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан эхэлснээс хэргийг хэлэлцэн, шүүх хуралдаан завсарлаж, зөвлөлдөх тасалгаанд орж, шийдвэрээ гарган зохигчдод уншин сонсгож, шүүх хуралдааныг хаах хүртэл нийт 6 цаг 26 минут үргэлжилжээ.

Илтгэгч гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны дууны бичлэгт өргөдөлд дурдсан асуудлаар шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэлд тусгагдсанаар “...хуралдааны даргалагч Н.З гийн нэхэмжлэлтэй, Э-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх танилцуулаад бичлэгийн 1 цаг 02 минут 15 секундэд хуралдаан завсарласныг мэдэгдсэн” гэжээ.

Дээрх шүүх хуралдааны тэмдэглэл, дууны бичлэгт илтгэгч гишүүний шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл зэргээс тухайн иргэний хэргийг шүүх хуралдаанд хэлэлцсэн хугацаа 1 цаг 02 минут үргэлжилсэн байх бөгөөд шүүгч шийдвэрээ гаргахаар зөвлөлдсөн хугацааг тодруулбал, шүүх хуралдаан 11 цаг 57 минутад эхэлж 1 цаг 02 минутын турш хэлэлцээд 12 цаг 59 минутад шийдвэрээ гаргахаар завсарласан, шүүх хуралдаан 18 цаг 20 минут 53 секундээс үргэлжилж Тогтоох хэсгийн агуулгыг 2 минут 07 секундийн хугацаанд танилцуулаад 18 цаг 23 минутад дуусжээ.

Дээрх үйл баримтаас дүгнэвэл шүүх хуралдаан даргалагч зөвлөлдөх тасалгаанд шийдвэрээ 5 цаг 20 минут орчим хугацаанд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Бүх шатны шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргана” гэж заасан, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно” гэж тус тус зохицуулсан боловч шүүгч зөвлөлдөх тасалгаанд шийдвэр гаргах хугацааг хуульд тодорхойлон заагаагүй байна.

Шүүгч  С.Х  5 цаг 20 минут орчим хугацаанд зөвлөлдөх тасалгаанд шийдвэрээ гаргахдаа бусадтай аливаа хэлбэрээр харилцаж, зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулсан эсэхийг илтгэгч гишүүний “Нотлох баримт гаргуулах тухай” 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ГЗБ/2023/0521 дүгээр захирамжийн дагуу “Юнител” ХХК 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 05-01/7025 дугаар албан бичигт сахилгын хэрэгт холбогдох шүүгчийн ...дугаарын гар утасны 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус дугаараас дурдсан хугацаанд гаднаас дуудлага хийгээгүй, хүлээн аваагүй талаар дурджээ.

Тус лавлагаанаас үзвэл, шүүгч зөвлөлдөх тасалгаанд байсан хугацаанд бусадтай харилцсан гэх баримт тогтоогдоогүй боловч шүүх хуралдааны явцад шүүгч гар утсаа оролдох, бусдад буруу ойлголт төрүүлэх үйлдэх гаргахгүй байхын зэрэгцээ шүүх хуралдааны бэлтгэлийг хангах ажлыг шүүхийн Тамгын газартай хамтран зохион байгуулах ажлын хүрээнд шаардлага хангасан танхимд шүүн таслах ажиллагаа явуулахад анхаарах нь зүйтэй байна.

 Иймд, шүүгч С.Х-ыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1.-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон”, мөн хуулийн 50.1.33-т “шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулах” гэж заасан зөрчлийг гаргаагүй байна гэж илтгэгч гишүүн дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

  1. Өргөдлийн “...... давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 14-т заасан хууль зүйн туслалцаа авах үндсэн эрх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох, 34.3.10-т заасан “шүүх хуралдааныг хойшлуулах ... хүсэлт гаргах эрхтэй” гэсэн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан..., шүүгч Э.Э, Д.Д, Д.Н нар нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд:

Иргэн Н.З-ийн нэхэмжлэлтэй, Э-д холбогдох иргэний хэргийн ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн .../ШШ2023/00387 дугаар шийдвэрт нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргаж, тус гомдлыг ... давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр товложээ.

Тус өдрийн шүүх хуралд нэхэмжлэгчээс “өмгөөлөгч нь хөдөө орон нутагт ажлаар яваад ирж амжаагүй тул хуралдаанд өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт” гаргасан, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэргийн материалтай танилцах хүсэлт тус тус гаргасан тул шүүх хуралдаанаар тэдгээр хүсэлтүүдийг хангаж, хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэлх хугацаагаар хойшлуулжээ.

Ингээд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “шүүх хуралдаан давхацсан” гэх үндэслэлээр хойшлуулах хүсэлтийг гаргаж, нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлттэй байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн боловч шүүхээс тус хүсэлтүүдийг хангахаас татгалзан, шүүх хуралдааныг үргэлжлүүлж,  .../МА2023/00829 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, үүргийг тодорхойлохдоо 34.3.10-д “шүүх хуралдааныг хойшлуулах болон бусад асуудлаар хүсэлт гаргах” гэж, 105 дугаар зүйлд хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх хэсэгт буюу тус зүйлийн 105.2-д “Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж тус тус зохицуулсан.

Иргэн Н.З-ийн гомдлыг хянан хэлэлцсэн ... давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны болон 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрүүдийн шүүх хуралдааны тэмдэглэл болон хүсэлт шийдвэрлэсэн тогтоолуудаас давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Н.З-г шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох боломжоор буюу Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаа дугаар зүйлийн 14-т заасан “...хууль зүйн туслалцаа авах ...” эрхийг хангаж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч талаас дахин өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг хүлээж аваагүйтэй нь холбогдуулан давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж буруутгах боломжгүй гэж илтгэгч гишүүн дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Иймд, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0096 дугаартай саналыг хүлээн авч, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Х , ... давж заалдах шатны шүүхийн шүүгчид болох Э.Э, Д.Д, Д.Н нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0096 дугаартай саналыг хүлээн авч, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Х , ... давж заалдах шатны шүүхийн шүүгчид болох Э.Э, Д.Д, Д.Н нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

               ДАРГАЛАГЧ                                      Д.МЯГМАРЦЭРЭН

              ГИШҮҮН                                       Д.АРИУНТУЯА

                                                                                С.ЭНХТӨР