МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-10-09
Дугаар 113
Улаанбаатар хот
хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн-нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Н-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0101 дугаартай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “... Нэг. Өргөдөл гаргагч Д.А нь ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Н-д холбогдуулан “... нотлох баримт болох гараар бичсэн эх хувь баримтуудыг эх хувиар шүүх хуралдаан дээр гарган өгсөн ба шүүгч Н.Н нь хуулиар хориглоогүй зүйлийг хориглосон мэтээр өндөр чанга дуугаар зандарч ... хурлыг эхлүүлсэн, ... шүүх хуралдааны явцад зандрангуй өндөр дуугаар зөвхөн надтай харилцаж урьд нь энэ хэргийн нэхэмжлэлийг өмнө нь 2 удаа буцаасан байхад бүрэлдэхүүнтэй шүүгчдээр иргэний хэрэг үүсгэж шийдвэрлүүлсэн байна гэж хэлсэн ... төлөөлөгч намайг ялгаварласан ...” гэх тухайд, Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Б.Д нар оролцсон байна. Шүүгч Н.Н даргалан шүүх хуралдааныг нээж, улмаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө зохигчдод шинээр гаргаж өгөх нотлох баримт, санал хүсэлт байгаа талаар асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь төлбөрийн баримт гэх 32 хуудас нотлох баримтыг гарган өгч байгаа нь бичигдсэн байна.
Шүүгч Н.Н нь дээрх баримтуудыг шүүх хуралдаанаас өмнө яагаад өгөөгүй талаарх шалтгааныг лавлан асуусан байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.”, 38.7-д “Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө.”, 105 дугаар зүйлийн 105.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиар хүлээсэн үүргийг сануулсан, мөн шүүх хуралдааны дэгтэй холбоотой асуудлыг тодруулсан гэж үзэхээр байна. Түүнчлэн шүүгч Н.Н нь шүүх хуралдааныг даргалан явуулахдаа өндөр чанга дуугаар зандарч харилцаагүй, дуу хоолойны өнгө хэвийн байсныг дурдах нь зүйтэй. Мөн өргөдөлд дурдсан “... энэ хэргийн нэхэмжлэлийг өмнө нь 2 удаа буцаасан байхад бүрэлдэхүүнтэй шүүгчдээр иргэний хэрэг үүсгэж шийдвэрлүүлсэн байна гэж хэлсэн” гэх үйл баримт шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгээр тогтоогдоогүй ба шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах шатанд хуралдаан даргалагчаас хэрэгт цугларсан баримтуудыг уншиж танилцуулахдаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 2 захирамж байгаа талаар дурдсан байна. Иймд шүүгч Н.Н-ийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй өндөр дуугаар зандарч харилцсан, ялгаварласан гэж үзэхээргүй байх тул тэрээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, ...” гэж заасан зөрчлийг гаргаагүй байна.
Хоёр. “... шүүх хуралдааныг даргалж явуулахдаа эрх мэдлээ ашиглан хариуцагч талд илт давуу байдлыг үүсгэж, шүүхийн мэтгэлцэх зарчмыг хөтөлж асуух зарчимд тулгуурлан шүүх хуралдааныг явуулсан, ... төвийг сахих, асуудалд шударга байдлаар хандах, хэргийн оролцогчдыг ялгаварлахгүй байх зарчмыг зөрчсөн” гэх тухайд: Сахилгын хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, шүүгч Н.Н нь холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг даргалахдаа буюу асуулт, хариултын шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ш.А-н ямар ажил эрхэлдгийг асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Мэдэхгүй” гэж хариулсныг шүүгч лавлан асуусан байна. Мөн даргалагчаас Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, “Т п” ХХК-тай байгуулсан гэрээний хэрэгжилт, талуудын үүрэгтэй холбоотой асуулт асууж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариулт авсан байх бөгөөд үүнээс шалтгаалан нэмэлт зардал гарсан эсэх талаар асуужээ. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд, шүүгч Н.Н нь хэргийн үйл баримтын талаар зохигчдоос асуулт асуусан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс асууна.” гэж заасантай нийцсэн байх тул түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй. Тодруулбал, хуульд заасан мэтгэлцэх зарчим нь зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох агуулгаар илэрхийлэгдэх ба хуралдаан даргалагчаас аливаа хэлбэрээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асуух, үг хэлэх, тайлбар өгөх зэрэг эрхийг хязгаарласан болон хориглосон үйлдэл үзүүлээгүй байх тул шүүгч Н.Н-н Сахилгын хороонд ирүүлсэн “... Шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах нь хөндлөнгийн байх зарчимд нөлөөлөхгүй, ... Шүүгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь газрын албанд ажилладаг эсэх нь Нийслэлийн газрын албаны ажилчдын орон сууцны үнийн хөнгөлөлт эдлэх эрхтэй эсэхийг тодруулахад ач холбогдолтой” гэх тайлбар үндэслэлтэй байна. Түүнчлэн шүүгч Н.Н нь шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах шатанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж зааснаар хэргийг хянан шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн баримт болох 32 хуудас төлбөрийн баримтаас огноо болон үнийн дүнд засвар оруулсан баримтуудыг тухайлан уншиж судалсан, энэ талаараа уг хэргийг хянан шийдвэрлэсэн .../ШШ2023/01958 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 14-т “зарлагын баримт засвартай байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй тул уг баримтыг үнэлэхгүй” гэж дүгнэсэн байх тул түүнийг тус хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаанд уншиж сонсгон танилцуулах зэрэг хуралдаан даргалагчийн үүргийг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.
Мөн өргөдөл гаргагч нь “...Шүүхийн шийдвэрийн агуулгыг танилцуулахдаа маш олон зүйлийг үл ойлгогдох байдлаар хэлж, шүүгчийн хэлсэн зүйлээс төлөөлөгч би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхисон гэдэг үгнээс бусдыг ойлгоогүй” гэж дурджээ. Гэтэл даргалагчаас дээрх иргэний хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх шийдвэрийн агуулгаа 1-рт, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2-рт, улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, 3-рт, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж тус шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр байх, 4-рт, гомдол гаргах эрхтэй талаар тус тус тайлбарлаж хэлсэн нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт хийсэн үзлэгээр тогтоогдож байна. Иймд, шүүгч Н.Н нь шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан эрхийн хүрээнд үүргээ хэрэгжүүлж ажилласан гэж үзсэн тул түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж ... бусдад давуу байдал бий болгох;”, 50.1.31-д заасан “хүнийг ... ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх;” зөрчлийг гаргаагүй байна гэж үзлээ.
Өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчилд хамаарахгүй байх тул ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Н-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв......” гэжээ.
Н.Н тус хороонд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Иргэний хэргийн анхан У.С нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн .../Ш32023/02254 дугаар шүүгчийн захирамжаар Ш.А-н нэхэмжлэлтэй, “Т п” ХХК-д холбогдох “Орон сууц захиалан бариулах гэрээний алданги 75,033,000 төгрөг гаргуулах, орон сууцны түлхүүрийг гардуулан өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад "Нэхэмжлэлд хариуцагч “Т п” ХХК нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй, м.кв-ын үнийг нэмж төлөх талаар тулган шаардаж, хүлээн зөвшөөрөхгүй гэхэд гэрээг цуцалсан талаар дурдсан байх ба орон сууцны түлхүүрийг гардуулан өгөхийг даалгах шаардлага гаргасан байгаа нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл, уг шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх нь хэрхэн яаж сэргэх нь тодорхой бус байна. Иймд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-д заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах нь зүйтэй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзав. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулан дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж байна" гэж үзэж, “Т п” ХХК-д холбогдох “Орон сууц захиалан бариулах гэрээний алданги 75,033,000 төгрөг гаргуулах, орон сууцны түлхүүрийг гардуулан өгөхийг даалгах” тухай Ш.А-н нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай" гэж шийдвэрлэсэн байна.
Шүүгч У.С нь үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн үндэслэлээр дээрх нэхэмжлэл тойргоор шүүгч Н.Н-д хуваарилагджээ. Тус шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гаргасан Ш.А-н нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн .../Ш32023/03621 дугаар шүүгчийн захирамжаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Монгол улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад тухайн этгээд өөрийнхөө ямар эрх, юуны улмаас, хэрхэн зөрчигдөж байгааг болон шаардлагынхаа үндэслэлийг тодорхой тусгасан байх үүрэгтэй боловч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээнд заасан 91,08 м.кв талбайтай орон сууцны м.кв үнийг хэдэн төгрөгөөр нэмэгдүүлснийг хүчингүй болгох, дээрх гэрээний дагуу түлхүүрийг захиалагчид гардуулан өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага, үр дагавар тодорхой бус байх ба нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрөө хууль зүйн агуулгаар нь зөв илэрхийлэн тодруулах нь зүйтэй байна. Шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байхад иргэний хэрэг үүсгэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн .../Ш32022/02254 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжийн заалтыг хангаагүй гэж үзнэ" гэж дүгнэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай." гэж шийдвэрлэсэн байна. Тус шүүх 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн .../Ш32023/03621 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ шүүгчийн захирамжийг хуульд заасан хугацаанд гаргаж, нэхэмжлэгчид гардуулсан бөгөөд нэхэмжлэгчийн тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхийг зөрчөөгүй. Тухайн шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 185/ШТ2023/00101 тоот шүүхийн тогтоолоор "Ш.А нь “Т п” ХХК-д холбогдуулж алданги 75,033,000 төгрөг гаргуулах, орон сууцны м.кв үнийг үндэслэлгүй нэмснийг хүчингүй болгож 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээний дагуу түлхүүрийг захиалагчид гардуулан өгөхийг даалгах” тухай нэхэмжлэлийг гаргажээ. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн .../Ш32023/03621 дугаар захирамжаар урьд гарсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр, захирамжид дурдсан зөрчил арилаагүй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч дээрх шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан байна. Урьд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн .../Ш32023/02254 дугаартай захирамжаар орон сууц захиалан бариулах гэрээний алданги 75,033,000 төгрөг гаргуулах, орон сууцны түлхүүрийг гардуулан өгөхийг даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байна гэсэн үндэслэлээр Ш.А-н нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Иргэн Ш.А нь 2019 оны 04 сарын 11-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээг “Т п” ХХК-тай байгуулсан ба гэрээний 2.2-т байр ашиглалтад орж, түлхүүр гардуулснаар үлдэгдэл 40 хувь болох 46,264,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна. “Т п” ХХК байр ашиглалтад орсон боловч гэрээний дээрх заалтыг биелүүлэхгүй, улмаар орон сууцны м.кв-ын үнийг нэмж шаардсан тухай нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бичсэн байна.
Нэхэмжлэгч гэрээгээ үргэлжлүүлэн мөрдөхийг хүсэж байх бөгөөд захиалагч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн алдангид мөнгө нэхэмжилсэн, мөн гэрээний заалтаа мөрдөхийг хариуцагчид даалгуулах, өөрөөр хэлбэл байрны м.кв-ын үнийг гэрээнд тохирсноос нэмэгдүүлж буй шийдвэрийг хүчингүй болгуулж, гэрээний 2.2 дахь заалтыг /дээр заасан/ биелүүлэхийг хариуцагчид даалгуулах тухай шаардлагыг гаргасан байна. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэх боломжтой. Иймд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн .../Ш32023/03621 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв" гэж дүгнэжээ.
Тус шүүх 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн .../Ш32023/07102 дугаар шүүгчийн захирамжаар Ш.А-н нэхэмжлэлтэй, “Т п” ХХК-д холбогдох алданги 75,033,000 төгрөг гаргуулах, орон сууцны м.кв үнийг үндэслэлгүй нэмснийг хүчингүй болгож 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээний дагуу түлхүүрийг захиалагчид гардуулан өгөхийг даалгах тухай иргэний хэрэгт ... тоот 91,08 м.кв 4 өрөө орон сууцыг битүүмжилж шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн .../Ш32023/07420 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, ... тоот 91,08 м.кв 4 өрөө орон сууцыг Улсын комисс хүлээж авсан актыг нотлох баримтаар 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаж, ирүүлэхийг хариуцагч “Т п” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн.
2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн .../Ш32023/08429 дугаар шүүгчийн захирамжаар Ш.А-н нэхэмжлэлтэй, “Т п” ХХК-д холбогдох алданги 75,033,000 төгрөг гаргуулах, орон сууцны м.кв үнийг үндэслэлгүй нэмснийг хүчингүй болгож 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээний дагуу түлхүүрийг захиалагчид гардуулан өгөхийг даалгах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан шүүх хуралдаанд гуравдагч этгээд Э.Б-г оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Тус шүүх 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн .../Ш32023/01958 дугаар шийдвэрээр "Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Т п” ХХК-д холбогдох 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т заасан гүйцэтгээгүй үнийн дүнгийн алданги болох 75,033,000 төгрөг гаргуулах, ...тоот 88,4 м.кв орон сууцны м.кв талбайн үнийг 24,420,000 төгрөгөөр үндэслэлгүй нэмснийг хүчингүй болгож түлхүүрийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээний дагуу захиалагчид гардуулан өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Ш.А-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай" гэж шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах нь хөндлөнгийн байх зарчимд нөлөөлөхгүй юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "4.Нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч “Т п” ХХК-д холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т заасан гүйцэтгээгүй үнийн дүнгийн алданги болох 75,033,000 төгрөг гаргуулах, ... тоот 91,08 м.кв орон сууцны м.кв талбайн үнийг үндэслэлгүй нэмснийг хүчингүй болгож түлхүүрийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан гэрээний дагуу захиалагчид гардуулан өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гүйцэтгэгч гэрээнд заасан орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохирсон тул захиалагч нь гэрээний 9.2-т зааснаар учирсан хохирол шаардах эрхтэй гэж тайлбарлав. Хариуцагч “Т п” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээний зүйл заалттай салшгүй холбоотойгоор захиалагч нь гэрээний 1 м.кв талбайн үнийг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдлыг захиалагч Ш.А хүлээн зөвшөөрөөгүй гэж маргажээ.
Тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн .../Ш32023/03621 дугаар шүүгчийн захирамжаар ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад тухайн этгээд өөрийнхөө ямар эрх, юуны улмаас, хэрхэн зөрчигдөж байгааг болон шаардлагынхаа үндэслэлийг тодорхой тусгасан байх үүрэгтэй боловч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй. Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээнд заасан 91,08 м.кв талбайтай орон сууцны м.кв үнийг хэдэн төгрөгөөр нэмэгдүүлснийг хүчингүй болгох, дээрх гэрээний дагуу түлхүүрийг захиалагчид гардуулан өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага, үр дагавар тодорхой бус байх ба нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрөө хууль зүйн агуулгаар нь зөв илэрхийлэн тодруулах нь зүйтэй гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг тухайн шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн .../ШТ2023/00101 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн тул 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн .../Ш32023/04614 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. Шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч “Т п” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Орон сууц захиалан бариулах гэрээ 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн гэснийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн гэж, гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т заасан гүйцэтгээгүй үнийн дүнгийн алданги болох 75,033,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ 91,08 м.кв талбайгаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг тооцсон ба орон сууц захиалан бариулах гэрээнд заасан 88,4 м.кв талбайг 91,08 м.кв гэж нэмэгдүүлсэн гэрээ байхгүй гэж, ...тоот 91,08 м.кв орон сууцны м.кв талбайн үнийг үндэслэлгүй буюу 1 м.кв талбайг 300,000 төгрөгөөр тооцож 24,420,000 төгрөгөөр нэмсэн гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлж байна. Нэхэмжлэгч Ш.А-н шүүхэд өгсөн 25,344,000 төгрөгийн үнийн дүн бүхий зарлагын баримтын он сар өдөр, материалын нэр, үнийн дүн засвартай байх ба прүсс /мод/ нийлүүлэх гэрээ байгуулагдсан эсэх нь тодорхойгүй, тооцоо нийлсэн баримт байхгүй, орон сууцны төлбөрт тооцохоор тохиролцсон тохиролцоогоо нотлох баримтыг ирүүлээгүй, дээрх баримт засвартай зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй тул уг баримтыг үнэлэхгүй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Нэхэмжлэгч нь “Т п” ХХК-д прүсс /мод/ нийлүүлсэн төлбөрөө жич нэхэмжлэх эрх нь нээлттэй бөгөөд хариуцагч тал 39,247,00 төгрөгийн прүсс нийлүүлсэн, орон сууцны гэрээний үүрэгт 10,800,000 төгрөг төлсөн тухайд маргаагүй тул нэхэмжлэгч Ш.А г 50,047,000 төгрөг төлсөн гэж тооцох боломжтой байна.
Захиалагч Нийслэлийн газрын алба нь Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай хамтран ажиллах гэрээ, Барилгын цэвэр бохир, дулааны шугамын өргөтгөлийн ажил гүйцэтгэх талаар хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүй байх ба дээрх гэрээнүүд нь захиалагч Ш.А болон гүйцэтгэгч “Т п” ХХК нарын байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээтэй салшгүй холбоотой гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн газрын алба буюу А талын эзэмшлийн ... дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нисэхийн ерөнхий газрын хойд талд байрлах 4060 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэх, захиалагч нь барилга барихтай холбогдох эрх бүхий байгууллагаас олгох зөвшөөрөл холбогдох хууль тогтоомжид заасны дагуу дулаан, техникийн нөхцөл, барилгын зураг төслийг батлуулах ажлыг хариуцахаар тохиролцож, “Т п” ХХК нь Нийслэлийн газрын албаны ажилчдад хөнгөлөлттэй үнээр 120 айлын орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 1,150,000 төгрөгөөр өгөхөөр тохиролцсон байжээ. Захиалагч Нийслэлийн газрын алба нь дээрх гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа алдсанаас барилгын материалын үнэ өсөж зардал нэмэгдсэн гэх хариуцагчийн тайлбар нь Барилгын хөгжлийн төвийн 1/1635 тоот албан бичиг, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнийн өсөлтийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч Ш.А г хаана ажиллаж байгаа талаар мэдэхгүй, нэхэмжлэлтэй хамааралгүй гэх тайлбар гаргаж байх ба Нийслэлийн газрын албаны ажилчдын орон сууцны үнийн хөнгөлөлт эдлэх эрхтэй эсэхээ баримтаар нотолж чадаагүй, түүнчлэн 1 м.кв талбайн үнийг 300,000 төгрөгөөр нэмж төлөхийг зөвшөөрөхгүй гэж шүүх хуралдаанд мэтгэлцсэн. Хариуцагч “Т п” ХХК-д холбогдох 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т заасан гүйцэтгээгүй үнийн дүнгийн алданги болох 75,033,000 төгрөг гаргуулах, ...тоот 88,4 м.кв орон сууцны м.кв талбайн унийг 24,420,000 төгрөгөөр үндэслэлгүй нэмснийг хүчингүй болгож түлхүүрийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээний дагуу захиалагчид гардуулан өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Ш.А-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй" гэж дүгнэсэн байна.
Шүүгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь газрын албанд ажилладаг эсэх нь Нийслэлийн газрын албаны ажилчдын орон сууцны үнийн хөнгөлөлт эдлэх эрхтэй эсэхийг тодруулахад ач холбогдолтой бөгөөд дээрх шүүхийн шийдвэрийн үндэслэлд шүүх хуралдааны явцад асууж тодруулсан шаардлага үндэслэлээ дүгнэж бичсэн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхийг дүгнэх үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2.”Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно" гэж зохицуулсан тул шүүх хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг тодруулах үүрэгтэй.
Тус шүүх 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн .../Ш32023/01958 дугаар шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргаж, нэхэмжлэгчид гардуулах ажиллагаа явуулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч хуульд заасан хугацааны дотор хүргүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд уг хэрэг хянан шийдвэрлэгдэж байна.”” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Иргэн Д.А-оос ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Н-д холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн ГЗҮ/2023/0089 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0101 дугаартай санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна.
- Өргөдөлд дурдагдсан: “...шүүгч Н.Н нь ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний эрх зүйн байдлыг дордуулж хэрэгт хамааралгүй баримтыг үнэлж, шүүх хуралдаан дээр алагчилсан байдал гарган, хэргийн оролцогч бүрд адил тэгш байдал гаргалгүй ялгаварлан гадуурхсан хэлбэртэй шүүх хуралдааныг явуулсан... шүүх хуралдааны явцад зандрангуй өндөр дуугаар зөвхөн надтай харилцаж урьд нь энэ хэргийн нэхэмжлэлийг өмнө нь 2 удаа буцаасан байхад бүрэлдэхүүнтэй шүүгчдээр иргэний хэрэг үүсгэж шийдвэрлүүлсэн байна гэж хэлсэн нь тухайн хэрэг маргаанд хамааралгүй асуудлыг шүүх хуралдаан дээр хэлж төлөөлөгч намайг ялгаварласан, ингэж хэлснээрээ хэргийн хариуцагчид энэ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж байсан нь та нарт давуу байдал болно хэмээн ойлгогдохоор хэлсэн гэж ойлгогдсон” гэх үндэслэлийн тухайд:
Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт хийсэн илтгэгч гишүүний үзлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Б.Д нар оролцсон бах ба шүүгч Н.Н тус хуралдааныг даргалан шүүх хуралдааныг нээж, хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө зохигчдод шинээр гаргаж өгөх нотлох баримт, санал хүсэлт байгаа эсэх талаар асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь төлбөрийн баримт гэх 32 хуудас нотлох баримтыг гарган өгч байгаа нь бичигджээ.
Шүүх хуралдааны даргалагчаас дээрх баримтуудыг шүүх хуралдаанаас өмнө яагаад өгөөгүй талаарх шалтгааныг лавлан асуусан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.”, 38.7-д “Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө.”, 105 дугаар зүйлийн 105.2-т “Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиар хүлээсэн үүргийг сануулсан, мөн шүүх хуралдааны дэгтэй холбоотой асуудлыг тодруулсан гэж дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт хуульд нийцжээ.
Түүнчлэн, шүүгч Н.Н нь шүүх хуралдааныг даргалан явуулахдаа өндөр чанга дуугаар зандарч харилцаагүй, дуу хоолойны өнгө хэвийн байсан талаар илтгэгч гишүүний саналд дурдсан байх бөгөөд шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг, тус бичлэгт илтгэгч гишүүний хийсэн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар шүүгчийн зүгээс ямар нэг загнаж зандарсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зохицуулсанчлан нотлох баримтыг хэрхэн үнэлэх эсэх талаарх асуудал нь хуулиар шүүгчид олгогдсон бүрэн эрхийн асуудал байх тул шүүгчийн нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдалд дүгнэлт өгөх эрх Шүүхийн сахилгын хороонд хуулиар олгогдоогүйг дурдах нь зүйтэй байна.
- Өргөдлийн “... энэ хэргийн нэхэмжлэлийг өмнө нь 2 удаа буцаасан байхад бүрэлдэхүүнтэй шүүгчдээр иргэний хэрэг үүсгэж шийдвэрлүүлсэн байна гэж хэлсэн” гэх үндэслэлийн тухайд:
Шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгт хийсэн илтгэгч гишүүний үзлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар өргөдөлд дурдагдсан “... энэ хэргийн нэхэмжлэлийг өмнө нь 2 удаа буцаасан байхад бүрэлдэхүүнтэй шүүгчдээр иргэний хэрэг үүсгэж шийдвэрлүүлсэн байна гэж хэлсэн” гэх үйл баримт нотлогдохгүй байх ба шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах шатанд хуралдаан даргалагчаас хэрэгт цугларсан баримтуудыг уншиж танилцуулахдаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 2 захирамж байгаа талаар дурдсан байх бөгөөд энэхүү үйл баримт нь шүүгчийн сахилгын зөрчилд хамаарахааргүй байна.
- Өргөдлийн “...шүүх хуралдааныг даргалж явуулахдаа эрх мэдлээ ашиглан хариуцагч талд илт давуу байдлыг үүсгэж, шүүхийн мэтгэлцэх зарчмыг хөтөлж асуух зарчимд тулгуурлан шүүх хуралдааныг явуулсан, ... төвийг сахих, асуудалд шударга байдлаар хандах, хэргийн оролцогчдыг ялгаварлахгүй байх зарчмыг зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, тус шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт хийсэн илтгэгч гишүүний үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтад тусгагдсанаар шүүх хуралдааны даргалагч холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааны асуулт, хариултын шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ш.А ямар ажил эрхэлдэг талаар асуухад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Мэдэхгүй” гэж хариулсан тул шүүгч тодруулан Ш.А хаана ажилладаг нь чухал, хэрэгт хамааралтай талаар тодруулж, асууж байх ба ийнхүү зохигчдоос асуулт асуусан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “Нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөс асууна” гэж заасантай нийцжээ.
Түүнчлэн, хуульд заасан мэтгэлцэх зарчим нь зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох агуулгаар илэрхийлэгдэх ба хуралдаан даргалагчаас аливаа хэлбэрээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуулт асуух, үг хэлэх, тайлбар өгөх зэрэг эрхийг хязгаарласан болон хориглосон үйлдэл үзүүлээгүй байх тул шүүгч Н.Н-н Сахилгын хороонд ирүүлсэн “... Шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах нь хөндлөнгийн байх зарчимд нөлөөлөхгүй, ...Шүүгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг тодруулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь газрын албанд ажилладаг эсэх нь Нийслэлийн газрын албаны ажилчдын орон сууцны үнийн хөнгөлөлт эдлэх эрхтэй эсэхийг тодруулахад ач холбогдолтой” гэх тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасанчлан шүүх хуралдааны явцад хэргийг хянан шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн баримт болох 32 хуудас төлбөрийн баримтаас огноо болон үнийн дүнд засвар оруулсан баримтуудыг тухайлан уншиж судалсан, энэ талаараа уг хэргийг хянан шийдвэрлэсэн .../ШШ2023/01958 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 14-т “зарлагын баримт засвартай байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй тул уг баримтыг үнэлэхгүй” гэж дүгнэсэн нь түүнийг тус хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаанд уншиж сонсгон танилцуулах зэргээр хуралдаан даргалагчийн үүргийг гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.
Сахилгын хэрэгт авагдсан үйл баримтуудаас шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, ...ялгавартай хандсан гэх өргөдлийн үндэслэл нотлогдохгүй байна.
4. Өргөдлийн “...Шүүхийн шийдвэрийн агуулгыг танилцуулахдаа маш олон зүйлийг үл ойлгогдох байдлаар хэлж, шүүгчийн хэлсэн зүйлээс төлөөлөгч би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхисон гэдэг үгнээс бусдыг ойлгоогүй” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт хийсэн илтгэгч гишүүний үзлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар тус шүүх хуралдаан дээр даргалагчаас дээрх иргэний хэргийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх шийдвэрийн агуулгаа 1-рт, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2-рт, улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, 3-рт, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж тус шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр байх, 4-рт, гомдол гаргах эрхтэй талаар тус тус тайлбарлаж хэлсэн, хуулийн хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлсэн болох нь нотлогдож байна.
Иймд, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0101 дугаартай саналыг хүлээн авч, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Н-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0101 дугаартай саналыг хүлээн авч, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Н-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Г.ЦАГААНЦООЖ
.