МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-10
Дугаар 45
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, шүүгч Ц.М, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
...шүүхийн шүүгч Ц.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд “шүүгч нь ...заасан чиг үүргээ хэрэгжүүлж, хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд томилогдож, хэргийн оролцогчид шаардлага тавьж, хариуцлага тооцоход оролцжээ. Энэхүү ажиллагаа нь ... хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хүсэлтийг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой, сахилгын шийтгэл оногдуулах хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Шүүгч Ц.М тайлбартаа “......шүүхийн 2019 оны 808 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хэлэлцэх 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд оролцоогүй, харин шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн тогтоолоор хүсэлт надад шилжиж ирсэн. Хүсэлтийг хэлэлцсэн 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон.
Энэхүү хуралдаанд хэргийн оролцогч нар цахимаар оролцсон ба тамгын газраас зөвшөөрөл аваагүй байж, шүүх хуралдааныг өөрсдийн цахим хуудсаар шууд дамжуулсан үйл баримт тогтоогдсон тул торгох шийтгэл ногдуулсан. Миний бие өргөсөн тангарагтаа үнэнчээр ажилладаг, хувь хүний хувьд бусдыг ялгаварлан гадуурхах, өс хонзон санах явдалтай эвлэрдэггүй тул гомдолд өс хонзон санаж, даргалагчийг ятгаж, хатгасан гэсэнд гайхаж байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
“Д м н н” НҮТББ-ын удирдах зөвлөл өргөдөлдөө “..2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ерөнхий сайдад холбогдох хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг хэлэлцэх шүүх хуралдаан болсон. Тус байгууллагыг төлөөлүүлэн иргэн Г.Б-ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилон оролцуулж байсан, тухайн хуралд түүнийг оролцуулах хүсэлт гаргасан, ...шүүгч М “...тэр Б- өмгөөлөгч биш, ...Д хөөш чи сонсож бай тэр хүнийг чинь хуралд оролцуулахгүй шийдэж болно. ...ойлгож байна уу, хөөш чи сонсож бай” гэх мэтчилэн бүдүүлгээр хашхичин, гудамжны хэрүүлч авгай шиг орилж чарласан нь шүүгчийн нэр төр, алдар хүндийг гутаах нөхцөлийг бүрдүүлсэн” гэжээ.
Шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, ...шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар тус шүүхийн 2019 оны 808 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөлд байдлын улмаас хянуулах тухай нэхэмжлэгч “Д м н н” НҮТББ-ын хүсэлтийг хянан хэлэлцсэн ба шүүх хуралдаан хойшлогдсон, энэхүү хуралдаанд шүүгч Ц.М оролцоогүй байна.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 742 дугаар тогтоолоор шүүгч Г.М ээлжийн амралт эдлэх болсон тул түүнд хуваарилагдан, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан 37 хэргийг шүүгч Ц.М-д хуваарилсаний нэг нь шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай “Д м н н” НҮТББ-ын хүсэлт байна.
Дээрх хүсэлтийг 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүнд шүүгч Ц.М оролцжээ. Нэхэмжлэгч тал шүүхийн тамгын газрын зөвшөөрөлгүйгээр шүүх хуралдааны явцыг нийгмийн сүлжээгээр шууд дамжуулж, шүүх хуралдааны дэг, журмыг зөрчсөн, энэ үндэслэлээр Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулж, мөн шүүх хуралдааныг танхимын хэлбэрээр зохион байгуулах шаардлагатай гэж үзэж, хойшлуулжээ.
Шүүгч Ц.М нь Г.Б-ыг шүүх хуралдаанд оролцуулах эсэх асуудлаар ямар нэг асуулт асуугаагүй, тайлбар гаргаагүй, даргалагч шүүгч Ц.Б-г ятгасан, хатгасан, орилж чарласан, бүдүүлэг авирласан гэх байдал гаргаагүй, энэ нь нотлогдохгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар шүүгч нь энэхүү хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулна.
Шүүгч Ц.М сахилгын зөрчил гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй дүгнэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. ...шүүхийн шүүгч Ц.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН