info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-06-29

Дугаар 96

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

       болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

...аймаг дахь ...шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Л.А өргөдөлдөө: “...би ...аймгийн ...сумын Засаг даргаар ажиллаж байна. Тус сумын “С” нэртэй газар хууль бус ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанаас сүйдэж, цагдаагийн хэлтсийн хамгаалалтад байгаа болно. Уг газарт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын хүрээнд арав гаруй нөхөрлөл ажиллах тухай хүсэлтээ ирүүлсэн. Тэдний нэг “Ч” нөхөрлөлийн нэрийн өмнөөс шүүгч Ц.О надтай холбогдож, тэдний хүсэлтийг хамгийн түрүүнд дараагийн шат руу нь уламжил” гэх мэтээр утсаар болон биеэр ирж шаардаж, нөхөрлөлийг дэмжиж цааш нь уламжлахгүй бол Авлигатай тэмцэх газарт хэрэг үүсгүүлнэ гэж дарамталж байсан. Ц.О-ын хууль бус шаардлагыг биелүүлээгүй тул тэрээр Авлигатай тэмцэх газарт зохиомол хэрэг үүсгүүлжээ. Намайг шалгаж, нэгжлэг хийж, мөн ямар ч гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдоогүй байхад 48 цагийн хугацаатай саатуулсан бөгөөд цагдан хорих тухай хэлэлцэхээр шүүх хурлыг товлоод байна.  Ц.О-ын нөхөр Э.Г Авлигатай тэмцэх газарт комиссарын алба хашдаг, мөрдөн шалгаж буй комиссар Б.У нь Э.Г-ын найз байх магадлалтай.  Тэрээр бусадтай үгсэн хуйвалдсан энэхүү зохиомол хэргээрээ намайг ажлаас чөлөөлүүлж, өөрийнхөө хүсэлтийг бусад хэн нэгнээр хангуулахаар санаархаж байна гэж үзэж байна. Иймээс энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Ц.О-ын хууль бус шаардлагыг хангаагүйн төлөө ноцтой зөрчигдөж буй миний эрхийг сэргээн хангаж, хууль тогтоомжийн хүрээнд хяналт тавьж ажиллахыг хичээнгүйлэн хүсье...” гэжээ.

Шүүгч Ц.О тайлбартаа: “Миний бие үзэсгэлэн худалдаанд 6 настай хүүгийн хамт очиж, айргийн жижиг хул зэрэг хэрэгцээний зүйлс худалдан аваад 30 минут орчим болоод гарсан. Тухайн үед аймгийн удирдлагууд тааран мэнд мэдээд өнгөрсөн, тухайлан Л.А-тай тааралдаж уулзаагүй, миний хувьд Л.А-тай хувийн ямар нэгэн асуудлаар холбогдож, уулзаж байгаагүй. “Ч” нөхөрлөлийг дэмжих талаар түүнтэй ярилцаагүй, тэр нөхөрлөлд ямар хүн байдаг, ямар нөхөрлөл байдаг эсэхийг, мөн тус сумын нутагт “С” нэртэй газар байдаг эсэхийг ч мэдэхгүй болно.

Л.А-ыг анх шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан талаар “...Прокурорын газрын ХБМБАХТ Хэлтсийн дарга, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.М 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4/6.. тоот албан бичигт “Сэжигтэн Л.А /РД:Н........9/-ыг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 23 цаг 15 минутад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т заасан үндэслэлээр баривчилсан тул мөн зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу сэжигтнийг баривчлах тухай мөрдөгчийн тогтоол, сэжигтэнд эрх үүрэг тайлбарласан баримт, прокурорын санал зэрэг баримтыг хүргүүлэв” гэж дурдаад холбогдох баримтыг хавсарган ирүүлсэн байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж болно” мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуульд заасан хойшлуулахгүй тохиолдолд” мөн зүйлийн 1.3-т “гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан” гэх үндэслэлээр мөрдөгч сэжигтнийг даруй баривчилж мөн зүйлийн 31.5 дугаар зүйлийн 2-т зааснаар прокурорт мэдэгдэж, прокурор шүүхэд хүргүүлэхээр хуульчлагдсан” байдаг.

Үүнээс дүгнэхэд яллагдагч Л.А-ыг гэмт хэрэг үйлдэж байхад л үйлдэл дээр нь баривчлах хангалттай үндэслэл байсан учраас 2023 оны 01 дүгээр сарын 26-ны оройн 23:50 минутад Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Г.А шүүхийн зөвшөөрөлгүй баривчлан саатуулан прокурорт мэдэгдэж улмаар Нийслэлийн прокурорын газраас 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тус шүүхэд албан бичиг ирүүлж, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналаа ирүүлсэн байдаг. Түүнийг яллагдагчаар цагдан хоригдох хугацаа нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар цагдан хорих санал /амралтын буюу хагас сайн өдөр таарч байсан тул шүүх хуралдаанаа хийлгүүлэхгүй гэж янз бүрийн шалтаг, шалтгаан, хайж/ сэжигтнээр баривчлагдсан хугацаа дуусгаж суллагдсан байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ прокурор энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1, 1.4, 1.6-д заасан заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох асуудлыг өөрийн санаачилгаар, эсхүл мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл саналыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор шийдвэр гаргана” гэж хууль тогтоогчоос хянан шийдвэрлэхээр хуульчлагдсан байхад Л.А-ын “яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын санал”-ыг хянан шийдвэрлэхийн тулд шүүх 4 өдөр болсон байдаг.

Сумын засаг дарга Л.А-ыг сэжигтнээр баривчлахдаа 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 22.....41 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорын зөвшөөрөлтэй мөрдөн шалгах нууц А-01 дугаартай ажиллагааны магадалгааг үндэслэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн, Гүйцэтгэх ажлын хэлтсийн алба хаагч нар ...аймгийн ...сумын нутагт байх түүний ажлын байр, оршин суух хаягт үзлэг нэгжлэг хийж улмаар Л.А-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих 0..1 дүгээр ангид шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр саатуулан баривчилсан байдаг. Улмаар Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж, яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг хяналтын прокурор Д.Д 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасныг тус шүүх хүлээн авч шүүгч Ж.Д мөн өдөр хянан хэлэлцэж 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2023/ЦХШЗ/0.. дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Л.А-ыг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорьсон./4 өдрийн дараа/ Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Г.У-ын гаргасан саналыг үндэслэн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Д-оос “яллагдагч Л.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай санал”-ыг тус шүүхийн шүүгч Ю.Э хүлээн авч 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1.. дугаар дугаар захирамжаар 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 1 сарын хугацаатайгаар яллагдагчийг цагдан хорьжээ.

 Шүүгч Ю.Э-ийн захирамжид яллагдагч Л.А, түүний өмгөөлөгч Б.Г нар гомдол гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О би 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн өдөр хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралд оролцсон. /Энэ шүүх хуралдаанд яллагдагч Л.А татгалзан гаргах хүсэлт гаргадаггүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж оролцох талаараа шүүхэд илэрхийлдэг. Хяналтын прокурор Д.Д-ийн яллагдагчийг цагдан хорих тухай санал, эрүүгийн 22......1 дугаар 5 хавтас хэрэг болон мөрдөн шалгах нууц ажиллагааны А-01 дугаар магадалгаатай танилцахад яллагдагчийг цагдан хорьсон шүүгчийн 2023/ЦХШЗ/0.., 18 дугаартай захирамжууд үндэслэлтэй байсан тул 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1.. дугаар Цагдан хорих хугацаа сунгасан шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүрээнд захирамжийг Ерөнхий шүүгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлд заасан шүүгчийн захирамж үндэслэлтэй эсэхийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, хянан шийдвэрлэсэн. Энэ шүүх хуралдаанд яллагдагч Л.А нь мөрдөн байцаалтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллана, шүүгчээс татгалзан гаргах хүсэлтгүй гэж мэдүүлж байсан.

Л.А-т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан үйл баримтууд нь надтай холбогдсон гэх цаг хугацаанаас өмнө Л.А-т Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс “М” Төрийн өмчит үйлдвэрийн газар нь тухайн нутаг дэвсгэрт орших ашигт малтмалын дугаар талбайнуудад 2019, 2020, 2021, 2022 онуудад “байгаль орчны төлөвлөгөө”-г боловсруулж ...аймгийн Засаг даргаар хянуулан батлуулахаар он тус бүрд нь албан бичгээр хандсан боловч тэрээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, тус газрын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, хохирол учруулж, бусдад, давуу байдал бий болгосон гэх үйлдэлд нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн 2.........1 дугаар хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, мөн прокурорын зөвшөөрөлтэй мөрдөн шалгах нууц А-01 дугаартай ажиллагаа явагдаж байсан байна. Улмаар яллагдагчаар татаж, яллагдагчаар мэдүүлэг авч, дараагийн үйлдлүүдэд нь /хэргүүд/ нэгтгэсэн байна. Л.А-ын дээрх үйлдлүүдэд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулан сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлан саатуулж, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсээс сэжигтнийг цагдан хорих саналыг тус шүүхэд ирүүлсэн зэргээс харахад Л.А-ын өргөдөлд дурдсан бусадтай үгсэн хуйвалдсан энэхүү зохиомол хэргээрээ намайг ажлаас чөлөөлүүлж, өөрийнхөө хүсэлтийг бусад хэн нэгнээр хангуулахаар санаархаж байна гэж үзэж байгаа болно гэж гомдолдоо дурдсан нь үгүйсгэгдэнэ.

Дээрх асуудалд гэр бүлийн хүн Э.Г-аар дамжуулан Авлигатай тэмцэх газрын ажилд нь оролцох, нөлөөлөх хууль эрх зүйн үндэслэл байхгүй. Тус газрын ажилд өмнө болон одоо ч оролцож, нөлөөлж байсан асуудал байхгүй. Мөрдөгч, комиссар Г.А гэх хүнийг танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

Авлигатай тэмцэх газраас Л.А-т 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, холбогдох ажиллагаа явуулсан байх ба мөрдөгч 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан, прокурор энэ тухайг  2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ...аймаг дахь ...шатны шүүхэд мэдэгдсэн, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагч Л.А-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал гаргажээ. 

...аймаг дахь ...шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 09, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар тогтоолоор яллагдагч Л.А, түүний  өмгөөлөгч С.С-ийн “..Ерөнхий шүүгч болон нийт шүүгчдийг татгалзан гаргах” тухай хүсэлтийг тус тус хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

...аймаг дахь ...шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09 дүгээр захирамжаар Л.А-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаагаар авсан,  уг хугацааг шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн захирамжаар 1 сарын хугацаагаар сунгажээ.

Дээрх захирамжийг эс зөвшөөрсөн гомдлыг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хянан хэлэлцээд, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 1.. дугаар захирамжаар гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

1.Хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд, эсхүл гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заавал сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.2, 1.3-т тус тус заасан.

 Л.А-ыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолд дээрх үндэслэлийг дурдсан байх ба  мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлд заасан ажиллагаа явуулж, улмаар прокурорт мэдэгдсэн, прокурор шийдвэрийг шүүхэд хүргүүлсэн нь тогтоогджээ.

“Ч” нөхөрлөл нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох хүсэлт гаргасан, Ерөнхий шүүгч Ц.О энэ асуудлаар Л.А-тай холбогдож, хүсэлтийг хамгийн түрүүнд дараагийн шатанд уламжлуулахаар ярьсан, мөн 2022 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод зохиогдсон үзэсгэлэн худалдааны үеэр өөрийн биеэр шаардсан, нөхөрлөлийг дэмжихгүй бол Авлигатай тэмцэх газарт хэрэг үүсгүүлэх болно гэж дарамталсан гэх нөхцөл байдал шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан ажиллагаанд шүүгч Ц.О оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

2. Яллагдагчийг цагдан хорих тухай саналд прокурор “...яллагдагч Л.А... үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан...” талаар тодорхой дурдаад мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрээр гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход саад учруулах үндэслэл мөрдөгчийн санал болон хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа гэжээ.

Мөн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан сэжигтний тухай прокурорын саналд: “... аймгийн ... сумын Засаг дарга Л.А нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хуулийн этгээдэд давуу байдал бий болгосон, мөн өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор техникийн оношилгооны төвийн шаардлага хангахгүй техник тоног төхөөрөмжийг үзлэгээр оруулахдаа Авто тээврийн үндэсний төвийн эрх бүхий албан тушаалтнуудад хахууль өгсөн, мөн ...сумын нутаг дэвсгэрт уул уурхай, ашигт малтмал олборлох байгаль орчны нөхөн сэргээлт хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдийн эрх бүхий албан тушаалтнуудаас удаа дараагийн үйлдлээр их хэмжээний хахууль авсан байж болзошгүй...” гэжээ. 

Түүнчлэн эрх бүхий байгууллагаас Л.А-т 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь тогтоогдсон байна.  

Иймд өргөдөлд дурдсан “...Ц.О-ын хууль бус шаардлагыг биелүүлээгүй тул тэрээр миний нэр дээр Авлигатай тэмцэх газарт зохиомол хэрэг үүсгүүлжээ” гэх гомдол үндэслэлгүй.  

3. Шүүгч Ц.О нь Э.Г-тай гэр бүл болохоо үгүйсгээгүй бөгөөд энэ талаар “...дээрх асуудалд миний бие гэр бүлийн хүн Э.Г-аар дамжуулан Авлигатай тэмцэх газрын ажилд нь оролцох, нөлөөлөх хууль эрх зүйн үндэслэл байхгүй...” гэсэн тайлбар гаргасан.

Э.Г нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгчийн албан тушаалд ажиллаж байгаад 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ажлаас гарсан  талаар тус газраас ирүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 03/9..1 дугаар албан бичигт дурджээ. Иймд “...шүүгч Ц.О бусадтай үгсэн хуйвалдсан, зохиомол хэргээр намайг ажлаас чөлөөлүүлж, өөрийнхөө хүсэлтийг бусад хэн нэгнээр хангуулахаар санаархаж байна...” гэх гомдол үндэслэлгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ...аймаг дахь ...шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

ГИШҮҮН                                   Д.АРИУНТУЯА

                                                         Д.ЭРДЭНЭЧУЛУУН