info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-06-28

Дугаар 92

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Батбаяр нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ГС/2023/0081 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “...Яллагдагч Ж.А-д холбогдох ... дугаартай эрүүгийн хэрэг ... анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 529 дүгээр “Хэргийг шүүхийн харьяаллын дагуу шилжүүлэх тухай” захирамжаар ... анхан шатны шүүхэд шилжиж ирсэн байх бөгөөд тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023/ЕШЗ/450 захирамжаар шүүгч Д.Д дээрх эрүүгийн хэргийн даргалагч шүүгчээр томилогдсон байна. Өргөдөл гаргагчаас тус хороонд гаргасан өргөдөлдөө би өөрт холбогдох Эрүүгийн ... дугаартай хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 30 минутад эхэлж тус шүүхийн шүүгч Д.Д даргалан явуулсан бөгөөд хуралдааны төгсгөлд хэлэхдээ урьд анхан шатны болон давж заалдах шатны магадлалууд гарсан байсан, чамд анхан шатны шүүх 2.6 жилийн хорих ял оноож чи гомдол гаргаж нэмэлт мөрдөн байцаалтад буцсан, одоо харин хэрэг чинь хүндрээд ирсэн би чиний толгойг чинь илэхгүй, хохирогч өөрөө хүсэж анусаар бэлгийн харилцаанд орно гэж юу байхав дээ гэх зэргээр үгээр болон үйлдлээрээ шүүгдэгч миний эрх зүйн байдлыг илтэд дордуулж энэ хэрэгт урьдчилан дүгнэлт хийсэн гэдгээ илэрхийлсэн, шүүх хуралдаан болохоос өмнө гэм буруугийн талаар өөрийн байр сууриа илэрхийлж буйд маш их гомдолтой байна гэж өргөдлийн агуулгаа тодорхойлжээ. Эрүүгийн хэрэгт урьдчилан дүгнэлт хийсэн гэдгээ илэрхийлсэн, шүүх хуралдаан болохоос өмнө гэм буруугийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн гэх үйл баримт тухайн өргөдөлд дурдагдсан 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 13 цаг 30 минутаас эхлэн явагдаж дууссан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн нийт 43 минут 42 секундийн дуу-дүрсний бичлэгт хийсэн үзлэгээр болон мөн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдохгүй байх тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэх боломжгүй. Түүнчлэн өргөдөл гаргагч Ж.А-аас Шүүхийн сахилгын хороонд 2023 оны 06 дугаар сарын 8-ны өдөр ирүүлсэн хүсэлтдээ шүүгчийг буруу ойлгосон талаараа дурдсан бөгөөд өргөдлөөсөө татгалзах тухай хүсэлт бичгээр гарган ирүүлсэн байгаа болно.

Мөн өргөдөлд холбогдох шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүй татгалзан гаргаж өгнө үү гэсэн байх ба шүүгчийг татгалзах хүсэлт гаргах нь шүүгдэгчид хуулиар олгогдсон бүрэн эрхийн асуудал хэдий боловч энэхүү шүүгчийг татгалзах хүсэлтийг хэнд гаргах, хэрхэн яаж шийдвэрлэхийг холбогдох хуульд тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нарийн тодорхой хуульчлан зааж өгч зохицуулсан байна. Иймд энэхүү шүүгчийг татгалзах тухай хүсэлтдээ хуульд заасан эрх бүхий албан тушаалтанд хандаж гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргав.” гэжээ.

Шүүгч Д.Д тайлбартаа: “... аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.А-г 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Цагдаагийн 10 дугаар хэсгийн байрны орчмоос эхнэр С.Н-ийг Лексус 250 маркийн 09-01 УНҮ улсын дугаартай авто машинд суулгаж, 10-11 цагийн орчимд ... нутаг дэвгэр, "Долоон уул" гэх газарт очин хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, шулуун гэдэс рүү нь бэлэг эрхтнээ оруулж, бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар, мөн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цаг 57 минутын үед ... дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, хуучин замын постын орчимд хохирогч С.Н-ийн ... дугаартай дансанд байсан 2,350,000 төгрөгийг авах зорилгоор түүний интернэт банкны нэвтрэх нэрийг хүчээр хэлүүлж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн өөрийн эзэмшлийн ... тоот дансанд шилжүүлж авсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ж.А-ийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасныг үндэслэн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцүүлэг хийсэн ба Ж.А-ийн өмгөөлөгчдөөс хохирогчид дахин шинжилгээ хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг хэлэлцүүлснийг хянаад шүүх өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг бүхэлд нь хангахаас татгалзаж. яллагдагч Ж.А-г шүүхэд шилжүүлсэн захирамж гарч байгаа талаар тайлбарласан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан яллагдагч, шүүгдэгчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж байгаа буюу шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлаар байр, суурь, саналаа урьдчилан илэрхийлээгүй. Харин шүүгдэгч гаргасан гомдолдоо Монгол Улсын Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг шүүгч зөрчсөн гэсэн байх ба үүнийг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь шүүгдэгч Ж.А холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан зөрчлийг гаргаагүй бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахдаа хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг илэрхийлж, урьдчилсан дүгнэлт хийгээгүй болно. Шүүгчийг татгалзах тухай гомдлын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэл бий болсон гэх асуудлыг шүүх хуралдаанаар тухайн хэргийн шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилсан байна. Иймд шүүгдэгч Ж.А-аас гаргасан гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа шүүгчид нөлөөлөх оролдлого гэж, тайлбар гаргаж байгаа тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Өргөдөл гаргагч Ж.А-аас “...шүүгч 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт урьдчилан дүгнэлт хийсэн, гэм буруугийн талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.

            Сахилгын хэрэгт цугласан баримтаар, ... анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 378 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.А-г бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах болон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийг 12.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулж, ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сар хорих ялаар шийтгэжээ. Уг шийтгэх тогтоолыг яллагдагчийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасныг Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ДШМ/05 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр ... аймгийн прокурорын газарт буцаасан байна.

Төв аймгийн прокурорын газраас 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаар яллах дүгнэлтээр ... дугаартай эрүүгийн хэргийг ... анхан шатны шүүхэд шилжүүлж, тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 529 дүгээр шүүгчийн захирамжаар хэргийн ... анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Улмаар ... анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ЕШЗ/450 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар Ж.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Д, шүүгч Х.О, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүн томилсныг албажуулжээ. Тус шүүхийн  2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2023/ШЗ/820 дугаар шүүгч Д.Д-ийн захирамжаар яллагдагчийн өмгөөлөгч Г.Б-ын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.1, 6.14, 6.15 дахь заалтад заасан асуудлыг хэлэлцүүлэхээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасныг хангаж, урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр явуулахаар тов тогтоожээ.

Тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Д.Д даргалж, прокурор Ц.С, хохирогчийн өмгөөлөгч Л.Ц, яллагдагч Ж.А, түүний өмгөөлөгч Г.Б, Б.Б нарыг оролцуулан хянан хэлэлцэж, 2023/ШЗ/842 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу өмгөөлөгч Г.Б, Б.Б нарын гаргасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх, хохирогч С.Н-ийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг тус тус хангахаас татгалзаж, яллагдагч Ж.А-г шүүхэд шилжүүлж, түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр явуулахаар тогтоогджээ.

Дээрх 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн 43 минут 42 секундын дуу, дүрсний бичлэг, 43 минут 01 секундын дүрсний бичлэг, уг бичлэгийг цаасан хэлбэрээр буулгасан тэмдэглэл, мөн өдрийн 2023/ШЗ/842 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, шүүгч  хэргийн талаар урьдчилан байр сууриа илэрхийлсэн болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг, гэм буруугийн талаар шүүгч тайлбар хэлээгүй байх тул өргөдлийн үндэслэлд бичсэн үйл баримт няцаагдаж байна.  

Шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд урьдчилсан хэлэлцүүлгийг даргалж, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлд заасны дагуу 1.1, 33.2 дугаар зүйлд тус тус заасны дагуу  хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэн, шүүх хуралдааныг товлосон үйл баримт дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон.

Мөн өргөдөлд, холбогдох шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүй, татгалзаж өгнө үү гэх агуулгыг өргөдөлдөө дурджээ.

Яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7-д зааснаар шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах эрх нь нээлттэй бөгөөд уг хүсэлтийг хэн хянан шийдвэрлэх талаар  мөн хуулийн 10.4 дүгээр зүйлд нарийвчлан зохицуулсан. Иймд Ж.А нь шүүгч, шүүх бүрэлдэхүүн татгалзан гаргах хүсэлтээ шүүхэд гаргаж, зохих журмын дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй. Нөгөө талаас, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т “...Сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж заасан.

 

   Ийнхүү шүүгч Д.Д нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Өргөдөл гаргагч Ж.А-аас 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “...шүүгчийн хэлсэн ярьсан зүйлийг буруу ойлгож, алдаа гаргасан байна, ...гаргасан өргөдлөөсөө татгалзаж буй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн ГС/2023/0081 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, иргэн Ж.А-ийн өргөдлийн дагуу ... анхан шатны шүүхийн шүүгч Д.Д-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

         ДАРГАЛАГЧ                                             С.ЭНХТӨР

                        ГИШҮҮД                                                  Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                        Д.ЭРДЭНЭЧУЛУУН