МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-06-15
Дугаар 84
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь
хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Д-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 73 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “... 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхэд Ж.Б-аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан “Үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, шүүгч Д.Д нь 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 12674 дугаар шүүгчийн захирамжаар ... хэрэг үүсгэсэн байна. Нэхэмжлэгч Ж.Б нь мөн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хамт өгсөн байна. Тэрхүү хүсэлтийг шүүгч 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 12675 дугаар захирамжаар “К б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Б-т холбогдох ... хэргийг шийдвэрлэсэн тус шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2018 дугаар шийдвэртэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай ... хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.1 дэх хэсэгт “Шүүгч ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараах үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлж болно”, 27.1.4 дэх хэсэгт “гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол” гэж зааснаас үзвэл Ж.Б-аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан ... хэрэг үүссэнтэй холбогдуулан 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2108 дугаар шийдвэртэй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж үзлээ. Иймд шүүгчээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснийг Монгол улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй. ...... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж зааснаас үзвэл шүүгч ... хэрэгт 90 хоногийн хугацаанд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар заасан байна. Шүүгч Д.Д нь тус хэрэгт 04 сар 21 хоног хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх боловч хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул шүүгчийг ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь удаашралтай явагдсан гэх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.
Ж.Б-ын нэхэмжлэлтэй Банк, хадгаламж зээлийн хоршоодын ажлын албанд холбогдох ... хэргийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3754 дугаар шүүхийн шийдвэрийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэж, хариуцагч, гуравдагч этгээдэд 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шуудангаар хүргүүлсэн байна. ... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.3 дахь хэсэгт “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна”, 119.4 дэх хэсэгт “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна”, 119.5 дахь хэсэгт “Хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ” гэж тус тус заасан. ...2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3754 дугаар шүүхийн шийдвэрийг 2023 оны 02 дугаар сарын 08, 09-ний өдөр мэдэгдэж, хүргүүлж байгаа нь ... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр бичгээр гаргах хугацааг зөрчсөн хэдий боловч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-т “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байна.
“К б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Б-т холбогдох зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр 3,680,364,298.60 төгрөгийг гаргуулах, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай ... хэргийг ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2108 дугаар шүүхийн шийдвэрээр “Ж.Б-аас зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд 3,051,847,401.73 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “К б” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 628,516,896.89 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Нийслэлийн ... хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2296 дугаар магадлалаар хариуцагч Ж.Б-аас 3,680,364,298 төгрөгийг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Улсын дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 443 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсний дагуу “К б” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Б-т холбогдох ... хэрэг нь Ж.Б-аас 3,680,364,298 төгрөгийг гаргуулахаар эцэслэн шийдвэрлэгдсэн тул 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16143 дугаар захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлсэн байх бөгөөд Ж.Б-аас 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус ... хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг Улсын дээд шүүхэд, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхэд тус тус өгчээ. Тус хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч Д.Э нь ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхэд ажиллахгүй байсан тул түүний шийдвэрлэсэн хэрэгт ирүүлсэн хүсэлтийг ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 183/ЗТ2023/00046 дугаар зөвлөгөөний тогтоолоор баталсан “Хэрэг нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 7.1.4-д заасны дагуу системээс тойрог дотор, санамсаргүй байдлаар хуваарилан шүүгч Д.Д-д хуваарилсан болох нь ... хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд хийсэн үзлэгээр тогтоогдож байна. Шүүгч Д.Д нь дээр дурдсан хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд Ж.Б-ын хүсэлтийг хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/Ш32023/06935 дугаартай шүүгчийн захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Дээрхээс үзвэл иргэн Ж.Б-аас ирүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг системээс хуваарилагдсаныг шүүгч хүлээн авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27.1 дэх хэсэгт “Шүүгч ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараах үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлж болно”, 27.1.3-т “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасан бол түүнийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол” гэж заасны дагуу шийдвэрлэсэн байх тул шүүгч Д.Д нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргаагүй байна.
... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 55, 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 46 дугаар зөвлөгөөний тогтоолоор “Хэрэг нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ыг баталсан байх бөгөөд тус журмын 7.1.4-т “шүүхэд ажиллахгүй болсон, өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай байгаа шүүгчийн гаргасан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт болон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжид ... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т заасан үндэслэлээр өөрчлөлт оруулах, хүчингүй болгуулах тухай хүсэлт, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтээр дээд шатны шүүхэд хүргэгдсэн хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр гаргасан хүсэлтийг тус тус бусад шүүгчдэд, системээс тойрог дотор, санамсаргүй байдлаар хуваарилна” гэж заажээ.
Шалгах ажиллагааны хүрээнд ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн ... хэрэг, бүртгэл, хяналтын нэгдсэн систем буюу Иргэн-2014 программд үзлэг хийхэд Ж.Б-ын нэхэмжлэлтэй Банк, хадгаламж зээлийн хоршоодын ажлын албанд холбогдох нэхэмжлэл 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр системээс, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ж.Баас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэл системээс, Ж.Б-ын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр системээс тус тус хуваарилагдсан байна. Ийнхүү шүүгч Д.Д-д тухайн хүсэлт, нэхэмжлэл нь системээс хуваарилагдаж байсан нь тогтоогдож байх тул шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих” гэж заасныг зөрчөөгүй байна. Түүнчлэн ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 496 дугаар албан бичгээр “2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Ж.Баас 11 удаа нэхэмжлэл гаргасан байх ба шүүгч Д.Д-д 3 нэхэмжлэл системээс хуваарилагдсан” гэх баримтыг ирүүлсэн байна.
Дээрхээс нэгтгэн үзвэл ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Д-г албадан дуудлага худалдаанд оруулахаар товлосон боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь маш удаашралтай явагдсан ба шүүх хуралдааныг товлолгүй удаасан, шийдвэрийг шуудангаар явуулсан ч хаяг дээрээ байхгүй байна, буруу хаягаар явуулсан байна гэх мэт байдлаас болж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацааг тоолох боломжгүй гэж шүүгчийн туслах тайлбарлаж байсан, журамд заасны дагуу хүсэлт, нэхэмжлэл нь хуваарилагдсан эсэх гэх өргөдлийн үндэслэлүүд сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Шүүгч Д.Д сахилгын хороонд гаргасан тайлбартаа: Ж.Б нь Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан тус шүүхэд үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, тойргийн журмаар шүүгч надад хуваарилагдсан бөгөөд нэхэмжлэлийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ... хэрэг үүсгэж, нэхэмжлэгч Ж.Б нэхэмжлэлдээ хавсаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 12675 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т “...Гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлж болно...” гэж зааснаар нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилсон үнэлгээчний үнэлгээг эс зөвшөөрч, Банк, хадгаламж, зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийн хүрээнд түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг дээрх хуульд заасанчлан хүсэлтийг хүлээн авч, захирамж гаргасан нь хууль зөрчөөгүй, нөгөө талаар дуудлага худалдааны хугацаа болон бусад ажиллагааг мэдэх боломжгүй тул гомдол гаргагчийн шүүгч амжиж шүүгчийн захирамж гаргасан гэх тайлбар нь өрөөсгөл, үндэслэлгүй юм.
... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т “...... хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг Нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулна...", мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “...Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй..." гэж тус тус хуульчилсан. Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийг хуульд заасан хугацаанд буюу 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчид гардуулж, 14 хоногийн дотор буюу 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хариу тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүрэгтэйг тайлбарласан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн огноотойгоор хариу тайлбар, холбогдох баримтуудын хамт ирүүлсэн нь хуульд заасан хугацааг хэтрүүлж ирүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Үүний дараа К б ХХК-ийн эрх хүлээн авагчийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн огноотой 1136 дугаар хүсэлт гаргах тухай албан бичгээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт шуудангаар ирүүлснийг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 16497 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж “К б” ХХК-ийн эрх хүлээн авагчийг уг хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэж, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр тус байгууллагад гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүргүүлэхэд “К б” ХХК-ийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн хувь гардан авч, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хариу тайлбар ирүүлсэн тул 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 19709 дүгээр шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15.00 цагт товлосон. Тус өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Б хөдөө орон нутагт ажиллаж, ирэх боломжгүйгээс хүрэлцэн ирээгүй, түүний өмгөөлөгч Б.Э нэхэмжлэгчийг биечлэн оролцуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө дэмжиж, шүүх хэргийн оролцогчдын хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр товлож, мөн өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
...Тус шүүхийн 2022 оны Шүүгчдийн зөвлөгөөний 46 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах, болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмын 7.1.4-т “..Тус шүүхэд ажиллахгүй болсон, өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай байгаа шүүгчийн гаргасан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт болон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжид ... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т заасан үндэслэлээр өөрчлөлт оруулах, хүчингүй болгуулах тухай хүсэлт, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтээр дээд шатны шүүхэд хүргэгдсэн хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр гаргасан хүсэлтийг тус тус бусад шүүгчдэд..." хуваарилахаар зохицуулсан бөгөөд дээрх зохицуулалтад дурдсанаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтээр дээд шатны шүүхэд хүргэгдсэн хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр гаргасан хүсэлтийг зөвхөн тухайн шүүгч тус шүүхэд ажиллахгүй болсон, өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай байгаа тохиолдолд бусад шүүгчдэд хуваарилахаар тодорхой заасан ба нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан хүсэлттэйгээ хамт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт өгснийг мөн журмын 7 дугаар зүйлд заасны дагуу шүүгчид системээс, тойрог дотор, санамсаргүй байдлаар хуваарилахад шүүгч надад хуваарилагдсан байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашралтай явуулсан гэдэг нь үндэслэлгүй, хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах, болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмын дагуу хүсэлт хуваарилагдсаныг шийдвэрлэсэн, дээрх шийдвэрүүд нь хэт нэг талыг барьсан гэх гомдол нь үндэслэлгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“К б” ХХК дахь банкны эрх хүлээн авагч Т.Д-ээс ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Д-д холбогдуулан өргөдөл мэдээлэл гаргаж, үндэслэлээ “...удаа дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж төлбөр барагдуулах ажиллагаанд саад учруулсан, ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай явагдаж шүүх хуралдааныг товлолгүй удаасан тул ерөнхий шүүгч Д.Д-д журмын дагуу хүсэлт, нэхэмжлэл хуваарилагдсан эсэх, шийдвэрүүд нь хэт нэг талыг барьсан асуудлыг шалгуулах” гэж тодорхойлжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхэд иргэн Ж.Б-аас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан “Үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасныг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Д-д системээс хуваарилсан, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 12674 дүгээр захирамжаар ... хэрэг үүсгэсэн, нэхэмжлэлдээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтээ хавсарган ирүүлсэн тул тус шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 12675 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн, хариуцагчид нэхэмжлэлийг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр гардуулсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хариу тайлбар, холбогдох баримтуудаа ирүүлсэн, “К б” ХХК-ийн эрх хүлээн авагчийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1136 дугаар албан бичгээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт шуудангаар ирүүлснийг 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 16497 дугаар шүүгчийн захирамжаар уг хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн албан бичгээр тус байгууллагад гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хүргүүлэхэд “К б” ХХК-ийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хариу тайлбар ирүүлсэн, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 19709 дүгээр шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15.00 цагт товлосон ч шүүх хэргийн оролцогчдын хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр товлож, мөн өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
Мөн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Ж.Б-ын “... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2108 дугаар шийдвэр, Нийслэлийн ... хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2296 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 443 дугаар тогтоолын дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” хүсэлт шүүхэд ирсэн, Иргэн-2014 системээс шүүгч Д.Д-д хуваарилагдсан, тус шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 183/Ш32023/06935 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн нь нотлогдсон.
Нэг. ... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Шүүгч ... шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараах үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлж болно”: 27.1.3 “шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болох шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргасан бол түүнийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол”, 27.1.4 “гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол” заасан ба шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь шүүгч хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх талаар илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.
Түүнчлэн, ... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан бөгөөд шүүгч Д.Д нь дээрх ... хэрэгт 04 сар 21 хоног хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийг хариуцагчид гардуулж хариу тайлбар авах, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулж гуравдагч этгээдэд нэхэмжлэл гардуулах, тайлбар авах, хуульд зааснаар ээлжийн амралтаа эдлэх зэрэг бодит шалтгааны улмаас хугацаа хэтэрсэн байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.
Хоёр. Ж.Б-ын нэхэмжлэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3754 дугаар шүүхийн шийдвэрийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэж, хариуцагч, гуравдагч этгээдэд 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шуудангаар хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.3-т “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна”, 119.4-т “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна”, 119.5-д “Хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3754 дугаар шүүхийн шийдвэрийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор бичгээр үйлдэж, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дотор шүүх хуралдааны оролцогчид гардан авах үүрэгтэй гэж ойлгох ба шүүхийн шийдвэрээ гардаж авахыг мэдэгдсэн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шийдвэр албажсан гэж тооцвол 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 40 хоногийн хугацаа хэтэрсэн гэж үзнэ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасан бөгөөд шүүхийн шийдвэр гаргах хугацааг 40 хоног хэтрүүлсэн нь “удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар” гэх хуулийн шаардлага хангаагүй тул сахилгын зөрчилд хамаарахгүй, энэ талаар илтгэгч гишүүн зөв дүгнэлт хийжээ.
Гурав. ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 183/ЗТ2023/00046 дугаар тогтоолоор баталсан “Хэрэг нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1.4-т “Тус шүүхэд ажиллахгүй болсон, өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралттай байгаа шүүгчийн ...шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтээр дээд шатны шүүхэд хүргэгдсэн хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр гаргасан хүсэлтийг тус тус бусад шүүгчдэд..." хуваарилахаар зохицуулсан бөгөөд иргэн Ж.Б-ын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан хүсэлтийг Иргэн-2014 системээс шүүгч Д.Д-д хуваарилсан нь дээрх журамд нийцсэн байна.
Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ГС/2023/0073 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Д-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Д.Мягмарцэрэн
Д.Эрдэнэчулуун