МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-08
Дугаар 34
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, шүүгч Д.Д-, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
...шүүхийн ерөнхий шүүгч Ж.Б, шүүгч Д.Д- нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд “...П.З-2021.01.14-ний өдөр ерөнхий шүүгч Ж.Б, шүүгч Д.Д- нарт, 2021.12.16-ны өдөр шүүгч Д.Д-д холбогдуулан тус тус өргөдөл гаргасанд сахилгын хэрэг үүсгэсэн байна. Өргөдлийн утга агуулга адил, холбогдох шүүгч нь нэг тул тус хорооны гишүүний 2022.01.17-ны өдрийн захирамжаар сахилгын хэргүүдийг нэгтгэсэн.
... шүүх Б.О-, Э.Б-, Т.М-нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018.08.06-ны өдөр хүлээн авсан, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн шүүгч Д.Д- 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр даргалагчаар томилогдож, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд 2020/ШЦТ/392 дугаар шийтгэх тогтоол гаргасан. ... шүүх уг хэргийг хянан хэлэлцээд 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ДШМ/797 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Шүүх хэргийг хүлээн авснаас хойш шүүх хуралдаан тодорхой шалтгааны улмаас нийт 18 удаа хойшилсон байх ба ... үүнд шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
П.З-ийн хүссэнчлэн шүүгчийг солих эрх хэмжээ сахилгын хороонд олгогдоогүй бөгөөд шүүгчийг татгалзах хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх учиртай.
Тус шүүхийн ерөнхий шүүгч Ж.Б нь шүүгчийг татгалзан тухай хүсэлтийг тухай бүр шийдвэрлэж байсныг ёс зүйн болон сахилгын зөрчил гэж тодорхойлох, үзэх боломжгүй бөгөөд захирамж, тогтоолыг Шүүхийн сахилгын хорооны хянах, хүчингүй болгох, өөрчлөх, дүгнэлт өгөх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй, харьяалан шийдвэрлэх эрх хэмжээний асуудал биш байна. Иймд ерөнхий шүүгч Ж.Б, шүүгч Д.Д- нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав гэжээ.
Шүүгч Ж.Б тайлбартаа “...Б.О- нарт холбогдох эрүүгийн хэргийг тус шүүх 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан. Тухайн үед томилолтоор ажиллаж байсан шүүгч Д.Р хэргийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан боловч томилолтоор ажиллах хугацаа дууссан тул Шүүгчдийн зөвлөгөөний хурлын тогтоолыг үндэслэн уг хэрэг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүгч Д.Д-д хуваарилагдсан. ...хүний амь нас хохирсон энэ гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 4-5 жил дамнан эцэслэн шийдэгдэхгүй байгаа нь шүүхийн хувьд ч хэргийн оролцогч талд ч хүндрэл бэрхшээлтэй байгаа, ...хохирогч П.З-болон шүүгдэгч талаас ээлж дараалан шүүх хуралдаан даргалагч шүүгч болон шүүх бүрэлдэхүүнийг үндэслэлгүйгээр маш олон удаа татгалзах хүсэлт гаргаж байгаа, түүнчлэн Ковид-19 цар тахлын нөлөө зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сунжирч байгаа болно” гэжээ.
Шүүгч Д.Д- тайлбартаа “...шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн гарсан Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар томилогдож, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр шүүгч Б.Ду, З.Б нарын бүрэлдэхүүнтэйгээр уг хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоол гаргасан, ... шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ДШМ/797 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Хэргийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаан товлосон боловч тодорхой шалтгааны улмаас удаа дараа хойшилсон...шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ хэн нэгний ашиг сонирхолд автан хууль бус шийдвэр болон Шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглох зүйлсийг зөрчсөн аливаа үйлдэл гаргаагүй гэж үзэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
П.З-нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ...шүүхийн ерөнхий шүүгч Ж.Б, шүүгч Д.Д- нарт, 2021 оны 12 дугаар сарын 16-ний өдөр шүүгч Д.Д-д холбогдуулан тус тус өргөдөл гаргасанд сахилгын хэрэг үүсгэжээ.
Өргөдөл гаргагч нь шүүгч нарт холбогдуулан нэг агуулга бүхий өргөдөл гаргасан, Сахилгын хорооны гишүүний 2022.01.17-ны өдрийн 209 дүгээр захирамжаар дээрх сахилгын хэргүүдийг нэгтгэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.4-т нийцжээ.
П.З-өргөдөлдөө “...хүү маань 2018.11.22-нд зуурдаар амь хохирч нөхөж баршгүй хохирол учирсан ба хэргийг ...шүүх 2019 оны 8 дугаар сарын 6-нд хүлээн авсан. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдож, хэргийг буцаасан. Магадлалаас хойш шүүгч Д.Д- болон хяналтын прокурор Ж.Э нарыг өөрчилж өгөх хүсэлт гомдол удаа дараа өгөхөд өөрчилж өгөхгүй байна. Албан ёсны өргөдөлд хариу өгч үзээгүй хүний эрхийг ялгаварласан зөрчил байна гэж үзэж туйлын гомдолтой. ...Д.Д- нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхгүй өмгөөлөгч нар ээлжлэн хуралтай гэсээр явтал энэ тахал өвчин гарч мөн л хойшилсоор байгаад гомдолтой. Иймд шүүгч нарт арга хэмжээ авч, шүүгч Д.Д-, прокурор Ж.Э нарыг өөрчлүүлэх...” агуулга дурджээ.
Шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогджээ. Үүнд:
1.Нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Ре 2019 оны 8 дугаар сарын 6-ний өдөр томилогдсон боловч түүний томилолтоор ажиллах хугацаа дууссан тул шүүгч Д.Д-г хуралдаан даргалагчаар томилжээ.
...шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 2020/ШЦТ/392 дугаар Шийтгэх тогтоол гаргасан, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцээд 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ДШМ/797 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.
2. Уг эрүүгийн хэргийг шүүгч Д.Д- 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан байх ба 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд шүүх хуралдаан шүүгдэгчийг хорих ангиас ирүүлээгүй, өмгөөлөгч нарын шүүх хуралдаан давхацсан, хохирогч шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан, Улсын онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдал зарласан, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт шийдвэрлэх, шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах, хэргийн оролцогч болон шүүгдэгч нар ковидын халдвар илэрсэн гэх үндэслэлээр хойшилсон нь тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.16-д шүүх хуралдаан хойшлуулах үндэслэлийг заасан, энэхүү үндэслэлээр шүүх хуралдаан хойшлогдсон болох нь шүүхийн тогтоолд тодорхой тусгагдсан байна.
Хэдийгээр шүүх хуралдаан удаа дараа хойшлогдсон боловч ийнхүү хойшлогдсонд шүүгчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.
3. Шүүгч, шүүх бүрэлдэхүүн болон ерөнхий шүүгчийг татгалзан гаргах тухай хэргийн оролцогчийн хүсэлтийг ...шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 133, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 255, 2021 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн 828 дугаар захирамж, мөн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 11, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 12, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 23 дугаар тогтоолоор тус тус шийдвэрлэж байжээ.
Түүнчлэн шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзах гаргах хүсэлтийг ерөнхий шүүгч болон тухайн шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар шүүгч нь энэхүү хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулах ба хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдаан хойшлогдсон, татгалзан гаргах хүсэлтийг хангаагүйг шүүгч хориглосон үйлдэл гаргасан гэж үзэхгүй.
Шүүх хуралдаан хойшлуулсан тогтоолыг Шүүхийн сахилгын хороо хянах, өөрчлөх, хүчингүй болгох, дүгнэлт өгөх эрх хэмжээ ба шүүх бүрэлдэхүүн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан эрхийн актууд гэж үзэхээр байгаа болно.
Түүнчлэн шүүх хуралдаанд гэрч оролцуулах нь тухайн хэргийг шийдвэрлэж буй шүүхийн бүрэн эрхийн асуудал бөгөөд Н.Г холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоолыг Сахилгын хороо хянах, дүгнэлт өгөх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болно.
Ерөнхий шүүгч Ж.Б, шүүгч Д.Д- нар сахилгын зөрчил гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй дүгнэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. ...шүүхийн ерөнхий шүүгч Ж.Б, шүүгч Д.Д- нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Х.ХАШБААТАР