info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-06-13

Дугаар 82

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

       болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

...аймаг дахь ...шатны шүүхийн шүүгч К.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

З.М өргөдөлдөө: “...Эрүүл мэндийн газрын дарга асан С.А-ийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн тул тушаалуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 15 цагт болсон шүүх хуралдаанд шүүгч К.Б намайг хэл амаар доромжилж, “чи эрүүл үү, саруул уу, ухаан бүрэн үү” гэж загнаж нотлох баримтуудыг хүлээн аваагүй, өмгөөлөгчид “таны үйлчлүүлэгч эрүүл үү” гэж дарамталсанд гомдолтой. Мөн өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талын өмгөөлөгч А.С-тай казак хэлээр хоорондоо ярилцаж миний өгсөн баримтуудыг түлхэж ярилцаж байсан. Өгсөн баримтуудыг шүүх хуралдаан болгонд хэрэгт авахаас татгалзаж, хариуцагчид давуу байдал бий болгосон. Түүнчлэн миний хүсэлтийг татгалзан хариуцагчийн хүсэлтийг байнга биелүүлдэг. Иймд шүүгч К.Бий ёс зүйгүй ашиг сонирхолтойгоор ажилладаг үйлдэл нь хэд хэдэн удаа давтагдсан учраас арга хэмжээ тооцож өгнө үү” гэжээ.

Шүүгч К.Б тайлбартаа: З.М-ийн гаргасан хариуцагч ...аймгийн Эрүүл мэндийн газар, ...аймгийн “М” БГБХНөхөрлөл өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь тойргийн журмаар 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хуваарилагдсаныг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн болно. 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ..1/ШЗ2020/0...8 дугаар шүүгчийн захирамжаар З.М-д холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэтэл иргэний хэргийг түдгэлзүүлсэн. Шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн захирамжаар дээрх түдгэлзүүлсэн нөхцөл байдал арилсан тул хэргийг сэргээсэн юм. 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 15:00 цагаас болсон шүүх хуралдааны үед нэхэмжлэгч З.М удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахгүйгээр шүүх хуралдааны дэгийг зөрчиж, шүүх хуралдааныг хэвийн явуулахад хүндрэл учруулж байсан тул даргалагчийн хувьд шүүх хуралдааны дэг сахиулахаар шаардлага тавьсан. Шүүх хуралдааны явцад ажиглахад тэрээр биеийн эрүүл мэндийн хувьд тогтворгүй, бухимдсан байдалтай, сандарч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байгаа байдал, даргалагчийн тайлбарлаж байгаа байдал болон асуултыг ойлгосон эсэхэд эргэлзээ төрсөн учраас шүүх хуралдаанд оролцох боломжтой эсэхийг нь нэхэмжлэгчээс тодруулж асуусан болохоос биш түүнийг ялгаварлан гадуурхсан, дарамт шахалт үзүүлсэн, доромжилсон агуулгатай үг хэллэг хэрэглээгүй болно.  Мөн өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс намайг татгалзан гаргах хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч  2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн ..0/ЕШ2020/0...3 дугаартай захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

З. М 2019 онд Ж.С-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “М” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэрэгт намайг татгалзах хүсэлт гаргаж байсныг Ерөнхий шүүгч мөн хүлээн авахаас татгалзсан. З.М нь “... хэрвээ шүүгч К.Б татгалзахгүй бол Шүүхийн ёс зүйн хороонд гомдол гаргах болно" гэсэн байдлаар надад нөлөөлөхийг оролдож, удаа дараа шүүгчээс татгалзаж нөлөөлөхийг оролдсон болно.

2023 оны 03 дугаар сарын 20, 2023 оны 03 дугаар сарын 24,  2023 оны 04 дүгээр сарын 03, 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрүүдэд шүүх хуралдаан товлон зарласан боловч нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдаан хийлгэхгүй, хэргийг шийдвэрлүүлэх сонирхолгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулж байсан болно.

З.М болон түүний өмгөөлөгчид мэдэгдэхгүйгээр хариуцагч талын өмгөөлөгч А.С-тай казах хэлээр хоорондоо ярилцсан, өгсөн нотлох баримтуудыг авахаас татгалзсан, мөн нэхэмжлэгчийг дарамталсан зан авир гаргаагүй, зохисгүй үг хэллэг хэлээгүй ба шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дүрс бичлэг тодорхой нотлох болно. Шүүгч миний бие хуульд нийцүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн, шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад хориглосон ямар нэгэн алдаа, зөрчил гаргаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна, гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

                                                     ҮНДЭСЛЭХ НЬ:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.

З.М нь ...аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасанд шүүгч Б.Б 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 0...8 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхдээ З.М-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө иргэний хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзжээ. 

 ...аймаг дахь ...шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 9.. дугаар шийтгэх тогтоолоор З.М-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулж, улмаар ялыг өршөөн хэлтрүүлснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь хүчин төгөлдөр болжээ.

 Шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0...0 дугаар захирамжаар З.М-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн, 2023 оны 03 дугаар сарын 20, 2023 оны 03 дугаар сарын 24, 2023 оны 04 дүгээр сарын 03, 2023 оны 04 дүгээр сарын17, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон байна.

Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв. Үүнд:

1. Шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдах бөгөөд хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2.-т заасан.

2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны явцад шүүгч К.Б нэхэмжлэгчид хандан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодруулж ярихыг анхааруулахад тэрээр давхардуулан ярихад шүүгч “...та эхлээд нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаадхаач, ...эрүүл, саруул байна уу...” гэж хэлж байгаа нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт тусгагджээ.

Холбогдох шүүгч “...нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ярихыг тайлбарлахад нэхэмжлэгч сандарч, тэвдсэн байдалтай байсан тул биеийн эрүүл мэнд зүгээр байгаа эсэхийг асуусан” гэсэн тайлбар гаргасан  ба  сахилгын хорооны хуралдаанд илтгэгч гишүүн “нэхэмжлэгч шүүх хуралдаанд шүүгчийн асуултыг ойлгохгүй өөр тайлбар хэлдэг мөн шүүгчийн анхааруулгыг үл тоож,  давхардуулж ярьж байгаа нь сандарсан эсхүл эрүүл мэндийн хувьд хэвийн бус байгаа нь ажиглагдсан” гэж тайлбарласан. Энэхүү нөхцөл байдлаас шүүгч хэргийн оролцогчтой албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирласан гэж буруутгах боломжгүй байна. Гэхдээ шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчтой харилцахдаа үгийг зөв сонгож харилцах нь зүйтэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна. Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дүрс болон дууны бичлэгт буулгаж болно” гэж заасан.

2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны явцад шүүгч К.Б нь хариуцагчийн өмгөөлөгчтэй казах хэлээр ярилцсан гэх байдал шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт тусгагдаагүй байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

3. Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, 2023.03.20-ны өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э өвчтэй гэх үндэслэлээр хойшлогдсон. 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.М 12 хуудас нотлох баримтыг гаргаж өгснийг шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзахдаа “...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ЕШЗ/.5 дугаартай сум дундын ...шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамж 2 хуудас, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3.. дүгээр “М” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б-ыг чөлөөлж, оронд нь З.М-ийг томилсон тогтоол 1 хуудас нотлох баримтууд хавтаст хэрэгт давхардуулан авагдсан, ...аймгийн ...шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ..2/МА2016/0..9 дүгээр магадлал 4 хуудас, Улсын Ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас 2 хуудас зэрэг нь нэхэмжлэгч З.М-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ...аймгийн Эрүүл мэндийн газар ...аймгийн “М” БГБНөхөрлөлд тус тус холбогдох иргэний хэрэгт энэхүү баримтуудыг шүүх хуралдааны үед гаргаж өгч байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тогтоогдохгүй байна...” гэж үзжээ.

Мөн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн ...аймгийн ...шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ..2/МА2016/0..9 дүгээр магадлал, ...аймаг дахь ...шатны Ерөнхий шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2020/ЕШЗ/..5 дугаартай захирамж зэрэг нь тус иргэний хэрэгт ач холбогдолтой болох нь тодорхойгүй, мөн нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ.  

2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 8/1..3 дугаар албан бичиг, ...аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/.. дугаар тушаал, ...аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 01/1..6 дугаар албан бичиг, ...аймгийн “М” аймгийн бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 3.. дугаар тогтоол, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Б/9..2 дугаар албан бичиг, 2020 оны 01 дүгээр сарын дундуур “М” өрхийн эрүүл мэндийн төвийн эмчээр З.М-ийг томилсон тушаал, Улсын Ерөнхий прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 4/1..9 дүгээр албан бичиг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 8/4..5 дугаар албан бичиг, ...аймгийн “М” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3.. дүгээр тогтоол зэрэг нийт 12 хуудас нотлох баримтыг шүүхэд шинээр гарган өгснийг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т “хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж заасан.

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь  шаардлага ба татгалзлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох үүрэгтэй бөгөөд энэ үүргийг шүүх хуралдаан товлохоос өмнө биелүүлэх учиртай. Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэх үзэх шалтгаангүй бол шүүх энэ талаарх хүсэлтийг хангахаас татгалзах боломжтой.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтыг шүүгч хүлээн авахаас татгалзаж захирамж гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй.  

  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ...аймаг дахь ...шатны шүүхийн шүүгч К.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ                              Г.ЦАГААНЦООЖ

           ГИШҮҮН                          Ц.ДАВХАРБАЯР

                                                                        Х.ХАШБААТАР