info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-06-06

Дугаар 79

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

Иргэн Г.Ч нь ...аймаг дахь ...хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Б.Б-д холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан өргөдлийг илтгэгч гишүүн Б.Сугар хүлээн авч хянаад, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ГЗТ/2023/0005 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан байна.

Өргөдөл гаргагч гишүүний захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасныг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн гомдол шийдвэрлэх хуралдаанаар хэлэлцэн СХТ/2023/0025 дугаар тогтоолоор гишүүний ГЗТ/2023/0005 дугаар захирамжийг хүчингүй болгож, шүүгч Б.Б-д сахилгын хэрэг үүсгэжээ.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэргийг шалгах ажиллагаа явуулаад 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ГС/2023/0063 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн саналдаа: Өргөдөл гомдол гаргагч нь “шүүгч Б.Б-ийн нөхөр болох Ж.Э нь манай хариуцагчаар татагдсан ...аймгийн ГХБХБГ-ын дарга Д.Ц-ийн шууд удирдлага буюу жолоочоор ажилладаг. Энэ нөхцөл байдлыг мэдэж байгаа учир бидний татгалзлыг хүлээн авах ёстой буюу үүнээс илүүтэйгээр шүүгч өөрөө татгалзан гарах ёстой” гэсэн агуулга өргөдөлдөө дурджээ.

Холбогдох хууль тогтоомжид шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангах ёстой болохыг хуульчлан заасан.

Энэ хэргийн тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж буй шүүгч Б.Б-ийн нөхөр Ж.Э ...аймгийн ГХБХБГ-т жолоочоор ажилладаг болох нь тус газраас ирүүлсэн баримтаар тогтоогдож байх хэдий боловч тус газрын дарга Д.Ц-ийн жолоочоор ажилладаггүй мөн байгууллагыг төлөөлөх, шийдвэр гаргах, удирдах түвшний албан тушаал эрхэлдэггүй бөгөөд тус албанд жолоочоор ажилладаг болох нь албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэргээр бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгчийн нөхөр хариуцагч байгууллагад жолоочоор ажилладаг болох нь тогтоогдож байх хэдий үйлчилгээний ажилтан буюу жолоочийн ажил үүргийг гүйцэтгэдэг байна.

...аймаг дахь ...хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэгч “Э”-ын захирал Б.М 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 0...1 дугаартай албан бичгээр шүүгч Б.Б-аас татгалзахдаа түүний нөхөр хариуцагч байгууллагад жолоочоор ажилладаг болох талаар тухайлан дурдаагүй байх бөгөөд шүүгч Б.Б хэргийг шударгаар шийдвэрлэх эсэхэд эргэлзэж буй учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-т “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эсхүл уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” гэж заасны дагуу шүүгч Б.Б-аас татгалзаж байгаа болохоо тодорхой дурджээ.

Мөн шүүгч Б.Б-аас татгалзахаас гадна ...аймгийн ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б  нь тус шүүхийн шүүгч, тус шүүх нь гурван шүүгчтэй тул шүүгч Б.Б нь нөгөө 2 шүүгчдээ нөлөөлөх магадлалтай гэж үзэж тухайн шүүхийн бүх шүүгчдээс татгалзах хүсэлт гаргасан байна.

Тухайн шүүхийн бүх шүүгчдээс болон шүүгчээс татгалзах тухай хүсэлтийг ...аймаг дахь ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хянан үзэж, хэргийн оролцогч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болох ба мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.7 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглоно” гэж хуулиар зохицуулсан тул шүүгч Б.Б болон тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-т “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эсхүл уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” гэж заасан үндэслэл тогтоогдохгүй байна, түүнчлэн тухайн нэхэмжлэл ...хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системээс санамсаргүй байдлаар хуваарилах горимын дагуу хуваарилагдаж ирсэн бөгөөд энэ нь программын өгөгдлөөс тодорхой харагддаг болохыг дурдаж тус шүүхийн .../ЗТ2022/....6 дугаар “Тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх тухай” тогтоол гаргаж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Хуульд заасан үндэслэл журмын дагуу татгалзах хүсэлтийг шийдвэрлэн, холбогдох шүүгч цааш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байгаа тул түүнийг хууль бусаар, үндэслэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.6 дахь хэсэгт “шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан, эсхүл тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж хуульчлан заасан байх бөгөөд хуульд татгалзагдаж байгаа шүүгч нь шүүгчдийн зөвлөгөөнд орохыг хориглосон зохицуулалт Монгол Улсын шүүхийн тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид тухайлан заагаагүй байна. Харин хуульд заасан журмын дагуу шүүгчийг татгалзаж байгаа бол Ерөнхий шүүгч, хэрэв Ерөнхий шүүгчийг татгалзаж байгаа бол тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн татгалзлыг шийдвэрлэх ёстой.

 Тухайн өдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шүүгчдийн зөвлөгөөнд тус шүүхийн нийт шүүгчид оролцох ёстойгоос 1 шүүгч нь байхгүй байсан тул үлдсэн 2 шүүгч нь оролцсон нөхцөл байдал тогтоогдож байна. Хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгчдийн зөвлөгөөнд тухайн шүүхийн нийт шүүгчид оролцох ёстой ба шүүгчдийн дийлэнх олонх оролцож байж зөвлөгөөн хууль ёсны болдог.

...аймаг дахь ...хэргийн анхан шатны шүүх нь 3 шүүгчтэй ба 1 шүүгч нь байхгүй байсан тул үлдсэн 2 шүүгч нь нийт шүүгчдээс татгалзсан татгалзал болон Ерөнхий шүүгчийг татгалзсан татгалзлыг зөвлөгөөн хийж шийдвэрлэсэн нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.  

Холбогдох хууль тогтоомжид шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангах ёстой болохыг хуульчлан заасан.

Энэ хэргийн тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж буй шүүгчийн нөхөр хариуцагч байгууллагад жолоочоор ажилладаг болох нь тогтоогдож байх хэдий боловч байгууллагыг төлөөлөх, шийдвэр гаргах, удирдах түвшний албан тушаал эрхэлдэггүй, үйлчилгээний ажилтан буюу жолоочийн ажил үүргийг гүйцэтгэдэг байна.

Холбогдох шүүгч нь өөрийн хамаарал бүхий этгээд болох нөхрийнхөө ажилладаг байгууллагын даргад үйлчилж хуулийг буруу хэрэглэн хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэх нөхцөл байдал тус захиргааны хэрэгт авагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан баримтуудад үзлэг хийж цуглуулсан баримтууд болон шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг зэрэг сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Өргөдөл гаргагчийн өргөдөл, гомдолдоо дурдсан ...хотод барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр нөлөө бүхий аж ахуйн нэгжийн захирал нь шүүхийн байгууллагын ажилтнууд тэр дундаа, хэргийг хянан хэлэлцэх тус шүүхийн шүүгч Б.Б-тай бусдаар дамжуулан уулзаж, хэргийг хариуцагч тал буюу Засаг даргын Тамгын газрын талд шийдвэрлэж өгвөл өөрийн барьсан орон сууцнаас байр өгөхөөр амласан гэсэн нь тус хорооны харьяаллын бус асуудал байх тул харьяалан шийдвэрлэх байгууллагад нь өргөдөл гаргах эрх нь нээлттэй.  

Иймд ...аймаг дахь ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна” гэжээ. 

Шүүгч Б.Б  тайлбартаа: “Э”-ийн ...аймгийн ГХБХБГ-т холбогдох нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр, ...аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хэргүүдийг нэгтгэж шийдвэрлэсэн.

Шүүгч Б.Б миний бие нь 1994 оноос хойш шүүхийн байгууллагад нарийн бичгийн дарга, туслах шүүгч, шүүгчийн туслах, орлон шүүгч зэрэг үүрэгт ажлыг хийж байгаад 2004 онд ...аймаг дахь ...хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр томилогдон ирж өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Нөхөр Ж.Э нь орон нутагт ирээд олон жил ажилгүй байсан ба хувийн компани болон аймгийн Засаг даргын Тамгын газрын жолооч, 2020 оны 5 сараас ...аймгийн ГХБХБГ-т жолоочоор ажиллаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-т "хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эсхүл уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал" шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй байдаг. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-т "хувийн харилцаа" гэдгийг "хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчтэй эдийн болон эдийн бус хувийн ашиг сонирхлоор холбогдсон байхыг ойлгоно" гэж тайлбарласан.

Дээрх тайлбараас үзэхэд нөхөр Ж.Э нь ...аймгийн ГХБХБГ-т жолоочийн ажил хийснээрээ шүүгч намайг ГХБХБГ-ын дарга Д.Ц-той "хувийн харилцаатай", ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэх үндэслэлгүй ба Ж.Э нь тухайн байгууллагад шийдвэр гаргадаг эрх бүхий албан тушаалтан биш юм. Нөхөр маань шүүгч миний албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлөх болон нөлөөлөх нөхцөл байдал үүсгээгүй.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг", 3.1.5-д "хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр нөхрийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг" гэж тус тус хуульчилсан ба мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д заасан ашиг сонирхлын зөрчил үүсээгүй, 8.6-д заасан ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлголтыг үүсгээгүй, түүнчлэн дээрх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргаагүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр шүүгч миний бие нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах эрхгүй ба үндэслэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзахыг хуулиар хориглодог бөгөөд хууль, журмын дагуу хуваарилагдсан хэрэг, нэхэмжлэлийг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэх үүргийнхээ хүрээнд шүүн таслах ажлаа хэрэгжүүлсэн.

Шүүгч би өргөсөн тангарагтаа үнэнч, хуулийг дээдэлж, хэрэг маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахин ажилладаг. Нэхэмжлэгч “Э”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Сахилгын хороонд гаргасан гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч Г.Ч “шүүгч Б.Б-ийн нөхөр болох Ж.Э нь бидний маргаж буй ...хэргийн хариуцагч ГХБХБГ-ын дарга Д.Ц-ийн удирдлагад буюу жолоочоор нь ажилладаг. Энэ нөхцөл байдлыг мэдсээр байж шүүгч Б.Б бидний татгалзлыг хүлээж авах ёстой, үүнээс илүүтэй өөрөө татгалзан гарах ёстой байтал татгалзал гараагүй үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Мөн түүний гаргасан шүүхийн шийдвэр нь хуулийг буруу хэрэглэж, ноцтой зөрчсөн, мөн нөхрийнхөө даргын талд шийдвэр гаргасан” гэж үзэн Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргажээ. 

1. ...хэргийн тухайд:

“Э”-ийн хариуцагч ...аймгийн ГХБХБГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлд шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн .../ШЗ2022/...2 дугаар захирамжаар, мөн “Э”-ийн хариуцагч ...аймгийн Засаг даргад холбогдуулан ...аймаг дахь ...хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд шүүгчийн 2022  оны 7 дугаар сарын 08-ны өдрийн .../ШЗ2022/...9 дүгээр захирамжаар тус тус захиргааны хэрэг үүсгэжээ.

Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн .../ШЗ2022/....6 дугаар захирамжаар ...аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт ...аймгийн ГХБХБГ-т холбогдох захиргааны хэргийг нэгтгэсэн байна.

Нэхэмжлэгч “Э”-ийн захирал Б.М-ийн “шүүгч Б.Б болон тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах тухай” хүсэлтийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн .../ЗТ2022/....6 дугаар тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзан шийдвэрлэсэн байна.

Дээрх захиргааны хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, .../ШШ2022/...8 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг ...хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн .../МА2023/...9 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн .../ШШ2022/...8 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн.

2. Шүүгч Б.Б  нь татгалзан гарах үүргээ биелүүлээгүй ба өөрийн нөхрийн даргын талд шийдвэр гаргасан гэх тухайд:

Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Э”-ийн захирал Б.М 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 0...1 дугаартай албан бичгээр “Шүүгч Б.Б-г болон тус шүүхийн нийт шүүгчдээс татгалзах тухай” хүсэлт гаргажээ. /с.х-ийн 79-80 тал/

Уг хүсэлтийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн .../ЗТ2022/....6 дугаар тогтоолоор “...хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй...” гэж дүгнэн хүсэлтийг бүхэлд нь хангахаас татгалзсан байх бөгөөд тухайн шүүхийн олонх шүүгч оролцсон тул тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /с.х-ийн 82-84 тал/

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгч Б.Б-ийн нөхөр Ж.Э нь ...аймгийн ГХБХБГ-ын даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ...1 дүгээр тушаалаар Барилгын материалын лабораторийн тоног төхөөрөмжийн засвар, байгууллагын автомашин хариуцсан ажилтнаар томилогдож, тус газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ...3 дугаар тушаалаар уг үүрэгт ажлаас чөлөөлж, тус газрын жолоочоор мөн өдрөөс эхлэн томилон ажиллуулжээ. /с.х-ийн 170-197 тал/

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “дараах үндэслэл байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй”, мөн зүйлийн 84.1.3-т “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эсхүл уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” гэж заасан.

Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг, 3.1.3-т "ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг; 3.1.5-д "хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ гэж тус тус хуульчилсан байна.

Хэдийгээр шүүгч Б.Б-ийн нөхөр Ж.Э түүний хамаарал бүхий этгээд мөн боловч ...хэргийн хариуцагч ...аймгийн ГХБХБГ-ыг төлөөлөх эрх бүхий буюу шийдвэр гаргах эрх бүхий этгээд биш байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт “энэ хуулийн 84.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно” гэж заасан тул тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн .../ЗТ2022/....6 дугаар тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзан шийдвэрлэсэнд буруутгахгүй. /с.х-ийн 82-84 тал/

Түүнчлэн шүүгч Б.Б-д нэхэмжлэгч “Э”-ийн хариуцагч ...аймгийн Засаг дарга болон хариуцагч тус аймгийн ГХБХБГ-т холбогдох нэхэмжлэлүүд нь холбогдох журмын дагуу хуваарилагдсан болох нь тус шүүхийн 2022 оны .../ЗТ2022/...6 дугаар тогтоолд “...хуульд заасны дагуу хуваарилахгүйгээр дахин өөртөө хуваарилсан гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд ...хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системээс санамсаргүйгээр байдлаар хуваарилах горимын дагуу хуваарилагдаж ирсэн бөгөөд энэ нь тухайн программын өгөгдлөөс тодорхой харагддаг болохыг дурдах нь зүйтэй” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд илтгэгч гишүүний “...Хуульд заасан үндэслэл журмын дагуу татгалзах хүсэлтийг шийдвэрлэн, холбогдох шүүгч цааш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байгаа тул түүнийг хууль бусаар, үндэслэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.6-д “шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан, эсхүл тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж хуульчлан заасан байх бөгөөд хуульд татгалзагдаж байгаа Шүүгч нь шүүгчдийн зөвлөгөөнд орохыг хориглосон зохицуулалт Монгол Улсын шүүхийн тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид тухайлан заагаагүй байна. Харин хуульд заасан журмын дагуу шүүгчийг татгалзаж байгаа бол Ерөнхий шүүгч, хэрэв Ерөнхий шүүгчийг татгалзаж байгаа бол тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн татгалзлыг шийдвэрлэх ёстой...” гэх санал хуульд нийцсэн, үндэслэл бүхий болсон байна гэж бүрэлдэхүүн үзэв. /с.х-ийн 222-227 тал/

Өөрөөр хэлбэл Шүүгч Б.Б  болон  тус шүүхийн нийт шүүгчдээс татгалзан гаргах тухай хүсэлтийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд холбогдох хууль, журмын дагуу шийдвэрлэсэн  болох нь нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Харин Шүүгч Б.Б нь “Э”-ийн нэхэмжлэлтэй хариуцагч ...аймгийн ГХБХБГ болон хариуцагч ...аймгийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэж, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн .../ШШ2022/...8 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр давж заалдах журмаар гомдол гаргасан байна. Уг гомдлыг ...хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд .../МА2023/...9 дугаар магадлалаар “...хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг бүрэн гүйцэтгээгүй, нэхэмжлэлийн шаардлага тус бүрд дүгнэлт хийх шаардлагатай гэж үзээд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, давж заалдах шатны шүүх үүнийг засах боломжгүй тул ...2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн .../ШШ2022/...8 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж” шийдвэрлэсэн байна.

 Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэнд шүүгч Б.Б-г гэр бүлийнхээ хүний нөлөөн автаж, санаатайгаар хариуцагчийн талд шийдвэр гаргасан гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн илтгэгч гишүүний саналд “...иргэн Г.Ч-ийн өргөдөлд дурдсан ...хотод барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэр нөлөө бүхий аж  ахуйн нэгжийн захирал нь шүүхийн байгууллагын ажилтнууд тэр дундаа хэргийг хянан хэлэлцэх тус шүүхийн Шүүгч Б.Б-тай бусдаар дамжуулан уулзаж, хэргийг хариуцагч тал буюу ...аймгийн засаг даргын талд шийдвэрлэж өгвөл өөрийн барьсан орон сууцнаас байр өгөхөөр амласан гэсэн нь тус хорооны харьяаллын бус асуудал байх тул харьяалан шийдвэрлэх эрх бүхий байгууллагад өргөдөл гаргах эрх нь нээлтэй” гэснийг дурдах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл иргэн Г.Ч-ийн өргөдөлд дурдсан үйл баримттай холбоотойгоор  ...аймаг дахь ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б  нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасан шүүгчид хориглосон зөрчил гаргасан нь сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.4, 112.6, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ГС/2023/0063 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ...аймаг дахь ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа  газрын, эсхүл ажлын газрын хаягаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.  Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ                               Д.ЭРДЭНЭЧУЛУУН

    ГИШҮҮН                                  Д.МЯГМАРЦЭРЭН

                                                      С.ЭНХТӨР