info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-05-31

Дугаар 78

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

...аймаг дахь ...шүүхийн Ерөнхий шүүгч З.Т, шүүгч Т.Ж нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Б.А өргөдөлдөө: “... ...НҮТББ-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн өмгөөлөгч Б.С нь 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт өгсөн ба Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3, Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолоор баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан хуулийн илт тодорхой заалт, журмыг зөрчсөн. Уг иргэний хэргийн шүүгч Т.Ж, шүүгчийн туслах Ж.О нар нь иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1..7 дугаар захирамж гарснаас, хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 4..7 дугаар захирамжаар хэргийг түдгэлзүүлэх хүртэл 6 сар, 25 хоног буюу 205 хоногийн турш хариуцагчийн өмгөөлөгч Б.С-д эрх, үүрэг танилцуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан тухай” баримтад гарын үсэг зуруулахдаа холбогдох ажиллагааг хийж, баримтыг хэрэгт хавсаргана гэсэн журамд заасан ажиллагааг хийгээгүй эс үйлдэхүй гаргасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 17 хоногийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өмгөөлөгч Б.С нь тухайн шатны шүүхэд гомдол гаргасан.

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 дугаар тогтоолоо баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 5.4.3-т зааснаар шүүгчийн захирамжийг мэдэгдсэн тэмдэглэл хийсэн атлаа уг захирамжийг хариуцагч Ч.К, түүний өмгөөлөгч Б.С нарт гардуулсан баримт хэрэгт байхгүй байхад Ерөнхий шүүгч З.Т, шүүгч Т.Ж нар нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй.

Тус шүүхийн Ерөнхий шүүгч З.Т-ийн туслах Т.Т 2021  оны 12 дугаар сарын 02-ны өдөр өмгөөлөгч Б.С “Шүүх хуралдааны тов мэдэгдэх баримт №9”-д хариуцагчийн өмгөөлөгч Б.С, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Баримт №7-д нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С гэж бичиж, өмгөөлөгчөөр гарын үсэг зуруулж баталгаажуулсан үйлдэл нь шүүхэд нөлөөлөх, хараат бус байдалд халдсан, шүүхийг хууран мэхэлсэн, худал тэмдэглэл үйлдсэн байхад шүүгч нар нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй.

Шүүгчийн туслах Ж.О нь хариуцагчид 2021 оны 7  дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулсан тухай “Баримт №4”-ийг үйлдэхдээ шүүгч Т.Ж-ийн гарын үсгийг дураараа, хуурамчаар зурсан байхад дарагч хэрэглэн засварлаж, гарын үсгээ нөхөн зурсан атлаа шүүгч Т.Ж нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй.

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1..9 дүгээр захирамжийн 2-т “......сургууль нь нотлох баримтуудыг эхээр нь ...2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлэхийг мэдэгдсүгэй” гэсэн ч зарим нотлох баримтуудыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл бүтэн 5 сар буюу 150 хоног ирүүлээгүй. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл буюу 1 жил, 4 сар, 1 хоног /486 хоног/ өнгөрч байхад шүүгч Т.Ж нөлөөллийн мэдүүлэг хөтлөхгүй байгаад гомдолтой байна.

Мөн уг 1..9 дүгээр захирамжийн 3-т “гэрчээр Б.М, А.У, Ю.Э, С.С, М.А нарыг дуудаж гэрчийн мэдүүлэг авахыг шүүгчийн туслахад даалгасугай” гэж шийдвэрлэсэн боловч 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 2 сар 20 хоног, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 3 сар 25 хоногийн дараа мэдүүлэг авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулж байхад шүүгч Т.Ж нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг зөрчиж, шүүгчийн туслах Ж.О, өмгөөлөгч Б.С нар 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш хэрэгт Өмгөөллийн гэрээг нөхөж хийсэн, хэргийг товъёоглон хөтлөх үүргээ биелүүлээгүй байхад шүүгч Т.Ж нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3-т заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж, Эрүүгийн хэрэг шийдэгдээгүй байхад 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүгчийн туслах Ө.Я нь хууль буюу журамд заагаагүй шийдвэр гаргаж, “... аймаг дахь ...шүүхэд залруулгын тэмдэглэл хөтлөх” нь гэсэн тэмдэглэл үйлдэж, улмаар өмгөөлөгч Б.С нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Баримт №7”-д дураараа тэмдэглэл үйлдсэн байх ба дээрх үйлдлийг дээрээс өгсөн шүүгчийн заавраар хийсэн гэх тул хууль зөрчсөн үйлдлүүдэд хуульд заасан шалгалтын ажиллагааг явуулж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Б.А 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн нэмэлт өргөдөлдөө: ...Ерөнхий шүүгч З.Т нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар нь зүйлийн 50.1.1, 50.1.7, 50.1.23, 50.1.28 дахь заалтыг ноцтой зөрчсөн тухай нэмэлт гомдол гаргаж байна. Ерөнхий шүүгч З.Т нь 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ...аймгийн ...шатны шүүхэд Б.А-ийн нэхэмжлэлтэй, Л.А-т холбогдох иргэний хэрэгт шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасныг зөрчиж 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Б.А миний нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч Т.Э, өмгөөлөгч Ч.Э нар бүлэглэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулалгүй, нэхэмжлэгчид эрх, үүргийг танилцуулаагүй байж, 2021 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн “илт хууль бус” шүүгчийн захирамж гаргаж, хуурамч эвлэрэл нэрээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2 дахь  хэсэгт заасныг зөрчиж 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүгч Т.Э, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Т, өмгөөлөгч П.Б, өмгөөлөгч Ч.Э нар бүлэглэж, хуурамч шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэж, хуурамч шүүгчийн захирамж гаргаж, 2 дахь удаагаа хуурамч эвлэрэл бас бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг зохион байгуулсан. 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд өмгөөлөгч Ч.Э чи Л.А-т итгэмжлэл өгчих, уг итгэмжлэлийг ашиглаж, М.М нь эгч М.М-ынхоо хувьчлагдаагүй 2 өрөө орон сууцыг үнэ төлбөргүй авахын тулд бүлэглэж, 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ... аймгийн ...сумын нутаг дэвсгэрт байрлах нотариатын газар бусдыг хуурч, манай гэр бүлийн эзэмшлийн ...тоот 3 өрөө орон сууцыг хуурамч худалдах, худалдан авах гэрээ үйлдэж, өөрийн эзэмшилд шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилсан.

Нотариатч Ц.Э, улсын бүртгэгч нар бүлэглэж, 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ...аймгийн ...сумд нотариатын үйл ажиллагаа эрхэлж байхдаа ...аймгийн ...суманд оршин суугч Л.А-ийн хуулиар хамгаалагдсан хувийн нууцад халдаж, түүний эзгүйд түүний хүчингүй болгосон иргэний үнэмлэхийн хуулбарыг үндэслэн манай гэр бүлийн өмчлөх эрхийг хязгаарласан илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталсан, улсын бүртгэгч бүртгэсний улмаас манай гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгө, эдийн болон эдийн бус хөрөнгөд ноцтой хохирол учруулдаг.

 Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасныг илт тодорхой хуулийн заалтыг зөрчиж, 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүгч Т.Э шүүгчийн туслах байсан З.Т, өмгөөлөгч П.Б, өмгөөлөгч Ч.Э нар бүлэглэж хуурамч шүүх хуралдааны тэмдэглэл, хуурамч шүүгчийн захирамж гаргаж, хариуцагч М.М-ыг хуурамч гуравдагч этгээдээр сольжээ. Уг хуурамч захирамжаа хэргийн оролцогч нарт танилцуулаагүй нууж байгаад 2016 оны 7 дугаар сар хавьцаа шүүхийн архивд байсан хэрэгт нэмж хийсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан илт тодорхой хуулийн заалтыг зөрчиж, 2012  оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шүүгч Т.Э, шүүгчийн туслах байсан З.Т нар бүлэглэж, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж гаргасан атлаа уг захирамжаа хэргийн оролцогч нарт танилцуулаагүй нууж байгаад 2016 оны 7 дугаар сар хавьцаа шүүхийн архивд байсан хэрэгт нэмж хийсэн ба 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 11 жил 5 хоног ... аймгийн Шүүхийн шинжилгээний албанд хүргүүлээгүй эс үйлдэхүй гаргасан.

Шүүгч Т.Э, шүүгчийн туслах байсан З.Т нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн болох нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1../2.2 тоот албан бичгээр ... аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас шүүгч Т.Э-ын 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1..0 дүгээр “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамж ирээгүй тул шинжилгээ хийж дүгнэлт гаргаагүй гэсэн албан бичгээр тогтоогддог.

Монгол Улсын шүүхийн тухайн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, 39.1.4-т заасан хуулийн заалтыг зөрчиж З.Т нь өөртөө давуу байдал бий болгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ...аймгийн Эрүүгийн хэргийн шүүхийн хэвлэмэл хуудас ашиглаж, ...аймгийн Иргэний шүүхийн тамга дарж, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуульд нийцээгүй худал хариу өгдөг.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан илт тодорхой хуулийн заалтыг зөрчиж, 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шүүгч Т.Э, шүүгчийн туслах байсан З.Т, өмгөөлөгч П.Б нар бүлэглэж, Л.А, М.А нар бүлэглэж, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэмт хэргийг ...аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа мэтээр хуурамч хүсэлт, хуурамч шүүгчийн захирамж гаргаж, уг захирамжаа хэргийн оролцогч нарт танилцуулаагүй нууж байгаад 2016 оны 7 дугаар сар хавьцаа тус шүүхийн архивд байсан хэрэгт нэмж хийсэн үйлдэлд нь “МХХМХ” хороо маргаан үүсгэж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “МӨХМХ” хороонд шилжүүлсэн ч өнөөдрийг хүртэл шийдвэрлэхгүй удааширч байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.4, 80.1.8-д заасныг ноцтой зөрчиж, шүүгч Т.Э, шүүгчийн туслах байсан З.Т, өмгөөлөгч П.Б, Ч.Э, хуурамч гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Ц нар бүлэглэж, 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хэргийг сэргээсэн хуурамч шүүгчийн захирамж гаргаж, хуурамч шүүх хуралдаан явуулж, 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 8.5 дугаар “илт хууль бус” шийдвэр гаргасан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 148.4, 250.2, 253.3, 155.2, 166.3, 21.1 дүгээр зүйлийн 2, 21.14-т заасан хариуцлага тооцуулахаар тус тус хуульчилсан байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл байхаар хуульчилсан байх тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, 91.1.1, 91.1.4, 91.3, 92 дугаар зүйлийн 92.1, 92.2 дахь хэсэгт  хуульчилсан ба нэхэмжлэгч Б.А би ...НҮТББ-д холбогдох иргэний  хэргийн гомдол гаргах эрхгүй этгээд болох өмгөөлөгч Б.С-ын гаргасан хуурамч гомдол хэлэлцэх 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаас татгалзан гарах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй Ерөнхий шүүгч З.Т-ийн үйлдэлд хариуцлага тооцох асуудлыг шударгаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгч Т.Ж тайлбартаа: “Ерөнхий шүүгч З.Т нь шүүгч Т.Э-ын туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа өмгөөлөгч П.Б, Ч.Э, Л.Ц нартай бүлэглэж, манай гэр бүлийн эд хөрөнгийг залилан мэхлэх, нотариатч, эрхийн улсын бүртгэгч өмгөөлөгчийн эрхийг зөрчих гэмт хэргийг нуун дарагдуулах халхавчлах зорилгоор 2012 оны 4 сарын 13-ны 1..0 тоот шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нараас нуун дарагдуулсан, Шүүхийн шинжилгээний албанд хүргүүлээгүй, хэргийг үндэслэлгүйгээр сэргээсэн нь тогтоогоод ирэнгүүт...” гэх гомдлын тухайд:

...аймаг дахь ...шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн 8..5 дугаар шийдвэртэй, Б.А-ийн нэхэмжлэлтэй Л.А-т холбогдох “гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын хөрөнгөө хуваалгах, итгэмжлэл болон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, өмчлөх эрх сэргээлгэх тухай” иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгчийн туслахаар З.Т /одоо Ерөнхий шүүгч/ оролцож байжээ.

Дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1..0 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Б.А-ийн хүсэлтийг хангаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар Л.А-г татан оролцуулах, ...Орон сууц худалдах худалдан авах 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээ нь дээрх гарын үсэг Л.А-ийнх мөн эсэхийг тогтоолгохоор ...аймгийн Шүүхийн шинжилгээний албыг шинжээчээр томилж шийдвэрлэжээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжилгээний объектыг шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийн хамт шүүхийн шинжилгээний байгууллага, эсхүл шинжээчид хүргүүлнэ” гэж заасны дагуу гарын үсгийн шинжилгээ хийлгэхэд шинжилгээний объект болох Л.А-ийн албадан болон чөлөөт гарын үсгийн загварыг шинжилгээний байгууллагад хүргүүлэх шаардлагатай болдог.

Шүүхээс Л.А-д нэхэмжлэлийн хувийг гардуулж хариу тайлбар авахад тэрээр хариу тайлбартаа “...хууль дүрэм сайн мэдэхгүйн улмаас гарын үсгээ дүүгээрээ зуруулсан нь миний буруу. Одоо ...дугаар байрны ...тоот 1 өрөө байрыг Л.А би өмчлөх эрхээ дүү Л.А, түүний эхнэр Б.А-ийн нэр дээр шилжүүлж байна” гэсэн тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай тус шүүгчийн 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2..5 дугаар захирамж гарсан байна.

Шүүхээс хэргийн оролцогч нарт хэргийн материалтай танилцах эрхээр бүрэн хангасан, энэхүү иргэний хэрэг 3 шатны шүүхээр хэлэлцэгдэж эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд хэргийн материалтай Б.А болон хэргийн бусад оролцогч нарт танилцуулаагүй үйл баримт байхгүй учир гомдол гаргагч Б.А-ийн “...2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1..0 тоот шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нараас нуун дарагдуулсан...” гэх гомдол нь үндэслэлгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулах эрх нь зөвхөн шүүгчид олгогдсон байдаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх эсэхийг шүүгч захирамжаар шийдвэрлэдэг. Шүүгчийн туслахад дээрх эрх хэмжээ олгогдоогүй тул гомдол гаргагч Б.А-ийн “...Ерөнхий шүүгч З.Т нь шүүгч Т.Э-ын туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа.... хэргийг үндэслэлгүйгээр сэргээсэн нь тогтоогоод ирэнгүүт...” гэсэн гомдол мөн үндэслэлгүй.

Өргөдөл гаргагч Б.А-ийн “...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэмэл хуудас ашиглан, улмаар Иргэний хэргийн Ерөнхий шүүгчийн тамга дарж, хууль буюу журамд байхгүй үндэслэлээр худал хариу өгсөн үйлдэл нь Шүүхийн тамгын газрын ажилтан шүүгчийн туслах Т.Т, нярав А.Б нарыг ашиглаж Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 48.8, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2022.06.02-ны өдрийн 1.5 тоот тушаалаар батлагдсан “Шүүхийн Ерөнхий зөвлөлийн албан бичиг хөтлөлтийн журмын 9.1, 9.1.1, 9.1.9, 9.1.10, 9.3 гэсэн заалтыг зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан " гэх гомдлын тухайд:

2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Б.А нь тус шүүхийн Ерөнхий шүүгчид хандан ...аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1..0 дугаартай захирамжийн биелэлтийг хангуулах тухай хүсэлтийг гаргасан. Үүнд,  таны хүсэлтэд дурдагдсан ... аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1..0 дугаар шүүгчийн захирамж бүхий иргэний хэргийг хяналтын шатны шүүх хянан хэлэлцээд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 111 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул дээрх захирамжийн биелэлтийг хангах боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Өөрөөр хэлбэл, аливаа иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэснээр тухайн иргэний хэрэгт явуулж буй ажиллагаа мөн адил дуусгавар болох тул хүсэлтийг хангах боломжгүйг үүгээр мэдэгдэж байна...” гэсэн хариуг тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4.5 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.

Дээрх албан бичиг 3 хувь үйлдэгдсэн бөгөөд 2 хувь нь ...аймаг дахь ...шүүхийн албан бичгийн хэвлэмэл хуудас  дээр, 1 хувь нь ...аймаг дахь ...шатны шүүхийн албан бичгийн хэвлэмэл хуудас дээр хэвлэгдэн гаргасан.

Андуурагдаж хэвлэгдсэн буюу ...аймаг дахь ...шатны шүүхийн хэвлэмэл хуудсан дээр хэвлэгдсэн албан бичиг нь Б.А-т хүргэгдсэн болно. Үүний шалтгаан нь шүүхийн Тамгын газраас шүүхүүдэд хэвлэмэл хуудсыг тараадаг, шүүгчийн эрхийн актыг хэвлэх ажиллагааг шүүхийн тамгын хэлтсийн захиргааны ажилтан хийж гүйцэтгэдэг.

Тамгын газрын холбогдох албан тушаалтны хайхрамжгүй байдлаас болж ... аймаг дахь ...шүүхэд Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан бичгийн хэвлэмэл хуудас холилдож тараагдсаны улмаас дээрх алдаа зөрчил гарсан. Дээрх алдаа зөрчлийг Тамгын газраас шалгаж, холбогдох ажилтнуудад зохих арга хэмжээг авсан байдаг. Гомдолд дурдсанчлан санаатайгаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэмэл хуудсыг ашиглан, улмаар Иргэний хэргийн Ерөнхий шүүгчийн тамга дарж, хууль буюу журамд байхгүй үндэслэлээр худал хариу өгсөн, уг үйлдэлдээ шүүхийн Тамгын газрын ажилтан шүүгчийн туслах Т.Т, нярав А.Б нарыг ашигласан гэх үйл баримт болоогүй болно. Шүүгчийн туслах Т.Т, нярав А.Б нарт сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Өргөдөл гаргагч Б.А-ийн “Ерөнхий шүүгч З.Т нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 08 тоот тогтоолоор батлагдсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 5.4.3-д “Шүүгчийн захирамж, ...гарсан өдөрт нь хэргийн оролцогчдод шүүгчийн туслах мэдэгдэж ...шүүгчийн захирамж гардуулсан хүргүүлсэн мэдэгдсэн тухай” баримт №7-г үйлдэн хэрэгт хавсаргана гэж заасан бөгөөд шүүгчийн захирамжийг мэдэгдсэн тэмдэглэл хийсэн атлаа уг захирамжийг хариуцагч Ч.К, түүний өмгөөлөгч гэх Б.С нар хэзээ гардаж авсан, авснаа гарын үсэг зурж баталгаажуулсан тухай баримт хэрэгт байхгүй байхад нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй. Хариуцагч Ч.К, түүний өмгөөлөгч Б.С нар хэзээ гардаж авсан, баталгаажуулсан тухай баримт хэрэгт байхгүй, шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 17 хоногийн дараа өмгөөлөгч Б.С гомдол гаргасан, ...аймгийн ...хэргийн Ерөнхий шүүгчийн туслах Т.Т нь өмгөөлөгч Б.С-ыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч зэргээр худал тэмдэглэл үйлдсэн байхад нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй гэх гомдлын тухайд:

Ерөнхий шүүгч нь бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх эрх, үүрэг байхгүй болно.

Өмгөөлөгч Б.С 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2 хүсэлт өгснийг шүүхийн ажилтан бүртгэн авсан байх ба шүүх “Өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г шүүхэд хүлээн авсан бүртгэл байхгүй, хүлээн авсныг баталгаажуулсан тэмдэг дараагүй байхад шүүгчийн туслах Ж.О 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г нэмж хийсэн байхад нөлөөллийн мэдүүлэг хөтлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх тухайд:

Өмгөөлөгч Б.С нь Өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ...аймгийн ...сумын Ерөнхий боловсролын сургуулийн ...сургуулийн захирал Ч.К-тай байгуулсан байна. Тэрээр шүүх хурлын товыг өөрчлүүлэх, Ковид-19 цар тахлын улмаас тусгаарлалтад байх болсон тул шүүх хуралдааныг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд зарлахгүй байх гэсэн 2 хүсэлтийг гаргасныг мөн өдрийн 11 цаг 39 минутад хүлээн авсан бүртгэлийг хийсэн байна.

Өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хэзээ байгуулсан, хэзээ шүүхэд өгөх эсэх нь тухайн хэрэг маргаанд оролцогч талын эрх юм.

Шүүгч Т.Ж, шүүгчийн туслах Ж.О нар өмгөөлөгч Б.С, үүрэг танилцуулж, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан тухай баримтад хэргийн оролцогч, шүүх хуралдааны оролцогчоор тус тус гарын үсэг зуруулахдаа холбогдох ажиллагааг хийж, баримтыг хэрэгт хавсаргана гэсэн журамд заасан ажиллагааг хийгээгүй эс үйлдэхүй гаргасан байх ба энэ талаар нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй  гэх гомдлын тухайд:

1 дүгээр хавтаст хэргийн 24, 26, 29-31 дүгээр талд дээрх баримтууд авагдсан ба эдгээр баримтуудыг 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн ба өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тухайн үед гаргаж өгөөгүй байсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан баримт, эрх, үүрэг тайлбарласан баримтуудад гарын үсэг зуруулж тусад нь дахин баримт үйлдсэн байна. Хэдий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч дээрх баримтуудад хариуцагчийн өмгөөлөгч Б.С-оор дээрх баримтуудад гарын үсэг зуруулаагүй байсныг залруулж дахин баримт үйлдэж зуруулсан. Энэ нь шүүгчийн туслах Ж.О ажлаасаа чөлөөлөгдсөн, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн баримтуудыг шүүгчийн туслах Ж.О үйлдсэн, одоо шүүгчийн туслахаар Ө.Я ажиллаж байгаа зэргээс дахин шинэ баримт үйлдэж гарын үсэг зуруулсан болно. Стандарт дээрх баримтуудад гарын үсэг зуруулаагүй нь нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үндэслэлд хамаарахгүй юм.

Өмгөөлөгч Б.С-ын 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт хоорондоо утга агуулга, он цагийн хувьд зөрүүтэй, цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмийг ноцтой зөрчсөн, гэрийн хорионд байх ёстой, корона вирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн гэх этгээд 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд хүсэлт гаргаад, явж байгаа нь хууль дүрэм, журмыг ноцтой зөрчсөн, түүний бичсэн зүйлийг нотлох баримтыг хүсэлтэд хавсаргаагүй байхад нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй гэх гомдлын тухайд:

Ковид-19 корона вирусийн цар тахлын үед буюу 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхийн байгууллага хэвийн ажиллаж байсан. Хариуцагчийн өмгөөлөгч Б.С шүүхэд гаргасан хүсэлтдээ ...Энэхүү хүсэлтэд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс Ковид-19 халдварын шинж тэмдэг /халуурч, үнэр амт мэдрэх мэдрэмж илт буурсан/ илэрч байна, иргэний хариуцлагын хүрээнд шүүх хуралдаанд хэргийн оролцогчид болон шүүхийн нийт ажилчдад эрсдэл учруулахгүй байх үүднээс шүүх хуралдаанд оролцох боломжгүй нөхцөл байдал үүсэж байх тул өмгөөлөгч миний оролцож буй нийт иргэний хэргийг хэлэлцэх анхан шатны шүүх хуралдааныг 10 хоногийн хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд зарлахгүй байх нөхцөлөөр хангаж өгнө үү гэх хүсэлтийг шүүх 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг, 39 минутад хүлээн авсан бүртгэл хийгдсэн, хүсэлтийг шүүхэд хариуцагчийн өмгөөлөгч Б.С-ын туслах Б.Б авчирч өгсөн талаар өргөдөл, гомдол, хүсэлтийн бүртгэлийн дэвтрийн 938, 939 дугаарт бүртгэгдсэн байна. 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3..7 дугаартай шүүх хуралдааны тов өөрчлөх тухай шүүгчийн захирамжаар Б.А-ийн нэхэмжлэлтэй ...сургууль НҮТББ-д холбогдох иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг жич товлон зарлахаар өөрчилжээ.

Дээрх хугацааны үед Ковид-19 корона вируст цар тахлын гаралт нэмэгдэж байсан үе бөгөөд шүүх халдварын талаарх нотлох баримтыг шаардахгүй шүүх хуралдааны товыг өөрчилсөн байна. Энэ нь нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үндэслэлд хамаарахгүй болно.

Шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.К, өмгөөлөгч Б.С нар хэзээ гардаж авсан, авснаа гарын үсэг зурж баталгаажуулсан тухай баримт хэрэгт байхгүй байхад, шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 17 хоногийн дараа өмгөөлөгч Б.С гомдол гаргасан, ...аймаг дахь ...шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Т.Т нь өмгөөлөгч Б.С-ыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч зэргээр худал тэмдэглэл үйлдсэн байхад нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй гомдлын тухайд:

2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 3..7 дугаартай шүүгчийн захирамжийг тус өдрийн шүүгчийн захирамжийг мэдэгдсэн тухай баримт үйлдэн, зохигчид мэдэгдсэн талаарх тэмдэглэгээг хийсэн байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гардуулсан, хүргүүлсэн, мэдэгдсэн тухай баримтыг хэргийн оролцогчид гардуулах, хүргүүлэх, мэдэгдэх аль нь болохыг доогуур нь зурж тэмдэглэн ажиллагаа явуулахаар тусгагдсаны дагуу шүүгчийн туслах Ж.О ажлын байрын тодорхойлолтод заасны дагуу үйл ажиллагаагаа явуулсан байна.

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 4..7 дугаар хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. Энэхүү шүүгчийн захирамжийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүгчийн захирамжийг мэдэгдсэн баримтад талуудаар гарын үсэг зуруулж, мэдэгдсэн талаарх тэмдэглэгээг хийсэн байна. Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч Б.С шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гомдол гаргажээ.

Уг гомдлыг тус шүүх 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цаг 10 минутад хүлээн авч, журмын дагуу Ерөнхий шүүгч З.Т-д хуваарилагдсан байна. Гомдол шийдвэрлэх шүүх хуралдааны явцад Ерөнхий шүүгч З.Т-аас татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.5 дахь хэсэгт заасны дагуу бүрэлдэхүүний бусад шүүгчид шийдвэрлэж, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6.. дугаар шүүхийн тогтоолоор татгалзлыг хангаагүй байна.

Харин гомдлыг шийдвэрлэсэн тухайн өдрийн 6.. дугаартай шүүхийн тогтоолоор “шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 4..7 дугаар захирамжийг хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Шүүгчийн туслах Т.Т 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүхийн 6.., 6.. дугаартай тогтоолыг гардуулахдаа баримтын “нэхэмжлэгчийн өмгөөлөгч” гэсэн хэсэгт хариуцагчийн өмгөөлөгч Б.С-оор гарын үсэг зуруулсан байсныг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч гэсэн хэсэгт гарын үсэг зуруулан зөвтгүүлсэн байна. Энэ талаар шүүгчийн туслах Ө.Я залруулгын тэмдэглэл үйлдэх нь гэж тэмдэглэл бичиж хэрэгт хавсаргажээ. Дээрх тохиолдол нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үндэслэлд хамаарахгүй юм.

Шүүгчийн туслах Ж.О нь 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр баримт №4-ийг үйлдэхдээ шүүгч Т.Ж-ийн гарын үсгийг дураараа зурсан байхад, дарагч хэрэглэн засварлаж, гарын үсгээ нөхөж зурсан атлаа нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй гэх гомдлын тухайд:

1 дүгээр хавтаст хэргийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан тухай баримтад шүүгч Т.Ж гэснийг гараар бичиж гардуулах баримт үйлдэхдээ шүүгчийн гарын үсэг зурах хэсэгт Т.Ж гэж гараар бичсэн байсныг зөвтгөж нэр гэсний харалдаа Т.Ж гэж бичин үсэг дарагч ашиглан арилгаж миний бие гарын үсгээ зурсан болно.

Энэ нь нөлөөллийн мэдүүлэг бичих хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүхээс үйлдэгддэг стандарт баримт бөгөөд зөрчлийг илрүүлэн засварласан болно.

Шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1..9 дугаартай захирамжийн 2-т “...сургууль нь нотлох баримтуудыг эхээр нь ...2021 оны 6 дугаар сарын 15-ны дотор шүүхэд ирүүлэхийг мэдэгдсүгэй” гэсэн ч зарим нотлох баримтуудыг 2021 оны 11 дүгээр сарын 15 хүртэл бүтэн 5 сар буюу 150 хоног ирүүлээгүй ба өнөөдрийг хүртэл 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 1 жил 2 сар 10 хоног буюу 435 хоног өнгөрч байхад нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй гэх гомдлын тухайд:

2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1..9 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.6-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний эх хувь, ...аймаг, ...сум, ..дугаар баг, ...хотхон, ...дугаар байр, ...тоот, 54.16 м.кв 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсны урьдчилгаа 25.996.800 төгрөг олгох “Хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ”-ний эх хувь, уг орон сууцыг худалдан борлуулсан тухай холбогдох нотлох баримтууд, 18.000.000 төгрөг олгох “Хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ”-ний эх хувь, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний эх хувь, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтын эх хувь, орлого нотлох баримтын эх хувь, “Х ” НҮТББ-аас ...сургуулийн захирал Ч.К-д 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн “Шаардлага хүргүүлэх тухай” 0./.9 тоот албан бичиг, түүнд өгсөн хариуны эх хувь, “А” НҮТББ-аас ...сургуулийн захирал Ч.К-д 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн “Шаардлага хүргүүлэх тухай” 2/..6 тоот албан бичиг, түүнд өгсөн хариуны эх хувь, Багш Б.А-ээс 2021 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ...сургуулийн захиргаа болон 2б ангийн эцэг, эхчүүдэд гэсэн мэдэгдлийн эх хувь, ...сургуулийн захиргаанаас зохион байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн эцэг, эх, баг, удирдлагын уулзалтын бичлэг, нийгмийн даатгалын дэвтэр, ...сургуульд анх багшаар томилогдсон тушаалыг тус тус ...сургуулиас гаргуулах тухай хүсэлтийг хангаж, нотлох баримтын шаардлага хангуулан 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн дотор тус шүүхэд ирүүлэхийг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

Улмаар хариуцагч 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2./.2 дугаар албан бичгээр 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Б.А-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ, 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Б/..4 тоот хариуцагч байгууллагын ажилд томилох тухай тушаал, ...сургуулийн захиргаанаас зохион байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн эцэг, эх, баг, удирдлагын уулзалтын бичлэг гэх сиди 1 ширхэг зэргийг гаргаж өгсөн бөгөөд дээрх албан бичгээр:

-...аймаг, ...сум, ..дугаар баг, ...хотхон, ..дугаар байр, ...тоот, 54,16 м.кв 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсны урьдчилгаа 25.996.800 төгрөг олгох “Хамтран ажиллах зөвшилцлийн гэрээ” манайд тийм гэрээ байхгүй болно,

-2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний эх хувь-манайд гэрээ байхгүй болно,

-2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтын эх хувь-уг орлого нотлох баримтын эх хувь-уг баримтууд ямар учиртай, юуны зарлагын баримт, орлого нотолсон баримт болохыг мэдэхгүй байх тул гаргах боломжгүй байна,

-"Х ” НҮТББ-аас ...сургуулийн захирал Ч.К-д 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн “Шаардлага хүргүүлэх тухай” 0./.9 тоот албан бичиг, түүнд өгсөн хариуны эх хувь-Манайх тус албан бичгийг хүлээж аваагүй ба хариу мэдэгдэх хуудас хүргүүлээгүй болно,

-“А” НҮТББ-аас ...сургуулийн захирал Ч.К-д 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн “Шаардлага хүргүүлэх тухай” 2/.6 тоот албан бичиг, түүнд өгсөн хариуны эх хувь-Манайх хүлээн аваагүй ба хариу мэдэгдэх хуудас хүргүүлээгүй болно,

-Багш Б.А-ээс 2021 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ...сургуулийн захиргаа болон 2б ангийн эцэг, эхчүүдэд гэсэн мэдэгдлийн эх хувь-Уг мэдэгдлийн хувьд манайхаас энэхүү мэдэгдлийг гаргаагүй учир манайд эх хувь байхгүй болно,

-Нийгмийн даатгалын дэвтэр-Багш Б.А нь манайд ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүй байгаа ба бүрэн хүлээлцсэний дараа өөрт нь эх хувиар хүргүүлэх болно /Ажил хүлээлцсэнээр багш Б.А нь сургуулийн өмч болох нотебүүк, принт зэрэг эд хогшлыг албан ёсоор хүлээлгэж өгөх ёстой болно/ гэсэн хариуг ирүүлсэн байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.6-д заасны дагуу хариуцагчаас нотлох баримтыг гаргуулахыг даалгаж, хариуцагч нотлох баримтыг шүүгчийн захирамжид заасан хугацаанд гаргаж өгсөн, өөрт байхгүй, эсвэл тооцоотой гэсэн үндэслэлээр зарим нотлох баримтыг гаргаж өгөөгүй байгаа зэргийг буруутгах боломжгүй болно. Дээрх үндэслэлээр нөлөөллийн мэдүүлэг хөтлөх талаар хуульд заагаагүй байна.

Шүүгчийн захирамжийн 3-т гэрчээр Б.М, А.У, Ю.Э, С.С, М.А нарыг дуудаж гэрчийн мэдүүлэг авахыг шүүгчийн туслахад даалгасугай гэж шийдвэрлэсэн боловч, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 2 сар 20 хоног, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 3 сар 25 хоногийн дараа мэдүүлэг авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулж байхад нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй гэх гомдлын тухайд:

2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Ю.Э-ээс, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр А.У-аас, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр М.А-аас, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Б.М-аас, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр С.С нараас тус тус гэрчийн мэдүүлэг авч, дээрх шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.” гэж заасан бөгөөд Б.А-ийн өргөдөлд дурдагдсан үндэслэл нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй юм.

Дээрх Б.А-ийн нэхэмжлэлтэй ...сургууль НҮТББ-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд шийдвэрлээгүй байгаа болно.

Энэхүү хэрэгт шүүгчийн туслахаар ажиллаж байсан Ж.От тус шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/3.. дугаартай тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан байна.

Б.А нь ... аймаг дахь ...шүүхэд Б.А-ийн нэхэмжлэлтэй Ч.К-д холбогдох хэрэгт шүүгчийн туслах Ж.О нь өмгөөллийн үйлчилгээ, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нөхөж хийсэн гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг ... аймгийн Цагдаагийн газарт гаргасныг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ..дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.

Мөн яг ижил утга агуулгатай өргөдлөөр гишүүн Г.Цагаанцоожийн 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ГЗҮ/2023/0..2 дугаар захирамжаар надад сахилгын хэрэг үүсгэсэн байгаа болно гэжээ.

Ерөнхий шүүгч З.Т тайлбартаа: “Б.А-ийн нэхэмжлэлтэй ...сургууль НҮТББ-д холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, тус сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэг шийдвэрлэх хүртэл тооцож гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэн, баталгаажуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу түүний гомдолд дурдсан 5 үйл баримтад нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй, хуульд заасан нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүргээ биелүүлээгүй гэх агуулга бүхий өргөдөл гаргажээ. Дээрх иргэний хэрэг /нэхэмжлэл/ нь надад хуваарилагдаагүй, тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлээгүй болно.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үүргийг тухайн иргэний хэрэг хянан шийдвэрлэж буй шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүлээдэг.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 50 дугаар зүйлийн 50.1.7-д зааснаар миний бие Ерөнхий шүүгчийн хувьд бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөллийн мэдүүлэг хөтлөх эрх, үүрэг байхгүй болно.

Иймд Б.А-ийн гомдлын дагуу үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Ерөнхий шүүгч З.Т нэмэлт өргөдөлд гаргасан тайлбартаа: “Гомдол гаргагч Б.А нь “шүүгч, Ерөнхий шүүгч З.Т намайг 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл тус шүүхэд Б.А-ийн нэхэмжлэлтэй Л.А-т холбогдох иргэний хэрэгт шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан үетэй холбогдуулан дараах гомдлыг гаргажээ.

1. Өргөдлийн 1-д “...2011 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Б.А миний нэхэмжлэлийг хүлээн авч, шүүгч Т.Энхжаргал, өмгөөлөгч Ч.Э нар бүлэглэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулалгүй, нэхэмжлэгчид эрх үүрэг тайлбарлаагүй байж, 2011 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “илт хууль бус” шүүгчийн захирамж гаргаж, хуурамч эвлэрэл нэрээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг” гэх агуулга бүхий гомдлын тухайд:

Б.А нь  хариуцагч Л.А-т холбогдуулан гэрлэлт цуцлах, 3 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн маргаан шийдвэрлүүлэх тухай /2011.03.31/ нэхэмжлэлийг ...аймаг дахь Сум дундын шүүхэд гаргажээ.

Шүүхээс 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э-д Б.А-ийн гаргасан дээрх нэхэмжлэлийн нэг хувийг гардуулж, түүнд эрх үүрэг тайлбарласан.

Хариуцагч Л.А нь “Миний бие Л.А нь эхнэр А-ийн нэхэмжлэлийн дагуу сум дундын шүүхээр гэр бүл цуцлуулах асуудлаар дуудагдаж ирээд эвлэрүүлэх шийдвэрт хүрлээ. Уг маргаан нь байр орон сууц, өр зээлийн асуудал байсан. Миний бие өөрийн нэр дээр байдаг ...тоот 3 өрөө байрыг зарж хамтарсан зээл өрийг дарахыг зөвшөөрөв. Бидний асуудлыг шийдвэрлэж өгсөн шүүхэд талархлаа. Гэрлэлтээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа нь үнэн” гэсэн тайлбарыг, нэхэмжлэгч Б.А нь “Дундын өмчлөл ба өр ширийн асуудлаа Л.А нь хамтран төлөлцөж шийдвэрлэнэ гэсэн тул гэр бүлээ цуцлуулах нэхэмжлэлээ буцаан гэр бүлийн амьдралаа хамтран шийднэ гэсэн нөхрийнхөө итгэлд тулгуурлан цаашид тохиролцон амьдрахаар шийдвэрлэлээ. Гэрлэлтээ үргэлжлүүлнэ гэсэн үг” гэсэн тайлбарыг тус тус шүүхэд бичгээр гаргасан.

Дээрх талуудын бичгээр гаргасан тайлбарыг үндэслэн ...аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2011 оны 6 дугаар дугаар сарын 02-ны өдрийн 6..9 дугаартай захирамжаар гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд гомдол гаргагч Б.А-ийн “илт хууль бус” шүүгчийн захирамж гаргаж, хуурамч эвлэрэл нэрээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг гэсэн гомдол нь үндэслэлгүй юм аа.

2. Өргөдлийн 2-т “...2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүгч Т.Э, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан шүүгч З.Т, өмгөөлөгч П.Б, өмгөөлөгч Ч.Э нар бүлэглэж, хуурамч шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэж, хуурамч шүүгчийн захирамж гаргаж, 2 дахь удаагаа хуурамч эвлэрэл бас бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийг зохион байгуулсан байдаг”, өргөдлийн 5-д “...2012 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүгч Т.Э, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан З.Т, өмгөөлөгч П.Б, өмгөөлөгч Ч.Э нар бүлэглэж, хуурамч шүүх хуралдааны тэмдэглэл, хуурамч шүүгчийн захирамж гаргаж, хариуцагч М.М-ыг хуурамч гуравдагч этгээдээр сольжээ. Уг хуурамч шүүгчийн захирамжаа хэргийн оролцогч нарт танилцуулахгүй нууж байгаад 2016 оны 7 дугаар сар хувьцаа ...аймгийн Иргэний хэргийн шүүхийн архивд байсан хэрэгт нэмж хийдэг” гэсэн агуулга бүхий гомдлуудын тухайд:

Б.А нь хариуцагч Л.А холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд миний бие нь шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2012 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, “...3 өрөө байрыг Л.А-аас М.М-д шилжүүлсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд уг шаардлагатай холбогдуулан эрх ашиг сонирхол нь хөндөгдөх этгээд болох М.М-ыг тус шүүхийн шүүгчийн 2012 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 4..6 дугаартай захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн.

Б.А, Л.А нарын гэр бүлийн маргааныг шүүх шийдвэрлэж байсан ба уг 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн иргэний хэрэгт гэр бүлийн дундын хөрөнгийн маргааны нэг шаардлагатай нь холбогдуулан М.М-ыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хууль зөрчсөн гэж үзээгүй болно.

Б.А-ийг хэргийн материалтай танилцах эрхээр нь хангасан, хэргийн материалтай бүрэн дүүрэн танилцсан, хэрэгт авагдсан нотлох баримт болон захирамж шийдвэрийг нуун дарагдуулсан үйлдэл байхгүй.

Урьд нь гомдол гаргагч Б.А нь  “шүүгч З.Т шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгээр оролцохдоо шүүх хуралдааны тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, шүүхээс 8..5 тоот “илт хууль бус” шийдвэр гаргахад оролцсон гэх гомдлыг” гаргаж байсан  бөгөөд уг гомдлыг Шүүхийн ёс зүйн хорооны 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4.. дугаартай тогтоол, Шүүхийн ёс зүйн хорооны 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 4.. дугаартай магадлал, ...хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн ..1/ЁМ2018/0..4 дугаар магадлалаар гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан болно.

3. Өргөдлийн 6-д “...2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шүүгч Т.Э, шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан З.Т нар бүлэглэж “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн 1..0 дүгээр захирамж гаргасан атлаа уг шүүгчийн захирамжаа хэргийн оролцогч нарт танилцуулалгүй нууж байгаад, 2016 оны 7 дугаар сар хавьцаа шүүхийн архивд байсан хэрэгт нэмж хийсэн ба 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 11 жил 5 хоног ...аймгийн Шүүхийн шинжилгээний албанд хүргүүлээгүй эс үйлдэхүй гаргадаг”, гомдлын 7-д “Шүүгч Т.Э, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан З.Т нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 80.1.8, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан  илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн болох нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1../2.2 тоот албан бичгээр ... аймгийн Шүүхийн Шинжилгээний албанаас шүүгч Т.Э-ын 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1..0  дүгээр шүүгчийн захирамж ирээгүй тул шинжилгээ хийж дүгнэлт гаргаагүй гэсэн албан бичгээр тогтоогддог. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.2-39.1.4-т заасныг зөрчиж, З.Т нь өөртөө давуу байдал бий болгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ...аймгийн Эрүүгийн хэргийн шүүхийн хэвлэмэл хуудас ашиглаж, ... аймгийн Иргэний хэргийн шүүхийн тамга дарж, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуульд нийцээгүй худалд хариу өгдөг” гэх гомдлын тухайд:

...аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 8.5 дугаар шийдвэртэй, Б.А-ийн нэхэмжлэлтэй Л.А-т холбогдох гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын хөрөнгөө хуваалгах, итгэмжлэл болон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, өмчлөх эрх сэргээлгэх тухай иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгчийн туслахаар З.Т /одоо Ерөнхий шүүгч/ миний бие оролцож байсан.

Дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1..0 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Б.А-ийн хүсэлтийг хангаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар Л.А-г татан оролцуулахаар, ...Орон сууц худалдан худалдан авах 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээ нь дээрх гарын үсэг Л.А-гийнх мөн эсэхийг тогтоолгохоор ...аймаг Шүүхийн шинжилгээний албыг шинжээчээр томилж шийдвэрлэжээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу гарын үсгийн шинжилгээ хийлгэхэд шинжилгээний объект болох Л.А-гийн албадан болон чөлөөт гарын үсгийн загварыг мөн шинжилгээний байгууллагад хүргүүлэх шаардлагатай болдог.

Шүүхээс Л.А-д нэхэмжлэлийн хувийг гардуулж хариу тайлбар авахад тэрээр хариу тайлбартаа “...хууль дүрэм сайн мэдэхгүйн улмаас гарын үсгээ дүүгээрээ зуруулсан нь миний буруу. Одоо ...дугаар байрны ...тоот 1 өрөө байрыг Л.А би өмчлөх эрхээ дүү Л.А, түүний эхнэр Б.А-ийн нэр дээр шилжүүлж байна” гэсэн тайлбарыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон өөрийнхөн гарын үсэг биш гэдийг хүлээн зөвшөөрсөн тул шүүгчийн 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2..5 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн.

Иймд хэргийн материалтай Б.А болон хэргийн бусад оролцогч нарт огт танилцуулаагүй үйл баримт байхгүй учир  гомдол гаргагч Б.А-ийн “...2012 оны 4 сарын 13-ны 1..0 тоот шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нараас нуун дарагдуулсан...” гэх гомдол нь үндэслэлгүй юм.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан явуулах эрх нь зөвхөн шүүгчид олгогдсон байдаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх эсэхийг шүүгч захирамжаараа шийдвэрлэдэг. Харин шүүгчийн туслахад дээрх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болно.

4. Өргөдөл гаргагч Б.А-ийн “... аймгийн Эрүүгийн хэргийн шүүхийн хэвлэмэл хуудас ашиглаж, ... аймгийн ...шүүхийн тамга дарж, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуульд нийцээгүй худалд хариу өгдөг” гэх гомдлын тухайд:

2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгч Б.А нь тус шүүхийн ерөнхий шүүгчид хандан “... аймаг дахь сум дундын ...шүүхийн шүүгчийн 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1..0 дүгээр захирамжийг биелэлтийг хангуулах тухай” хүсэлтийг гаргасан.

Дээрх хүсэлтэд “...Таны хүсэлтэд дурдагдсан ...аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 1..0 дүгээр шүүгчийн захирамж бүхий иргэний хэргийг хяналтын шатны шүүх хянан хэлэлцээд Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1.1 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул дээрх захирамжийн биелэлтийг хангах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл аливаа иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэснээр тухайн иргэний хэрэгт явуулж буй ажиллагаа мөн адил дуусгавар болох тул таны хүсэлтийг хангах боломжгүйг үүгээр мэдэгдэж байна...” гэсэн хариуг  тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4.5 дугаартай албан бичгээр хүргүүлсэн болно.

Дээрх албан бичиг нь 3 хувь үйлдэгдсэн бөгөөд 2 хувь нь ...аймаг дахь ...шүүхийн албан бичгийн хэвлэмэл хуудас нь дээр, 1 хувь нь ... аймаг дахь ...шатны шүүхийн албан бичгийн хэвлэмэл хуудас нь дээр хэвлэгдэн гаргасан. Андуурагдаж хэвлэгдсэн хэвлэмэл хуудас нь дээр хэвлэгдсэн албан бичиг нь Б.А-т хүргэгдсэн болно.

...аймаг дахь ...шатны шүүхийн хэвлэмэл хуудас нь дээр хэвлэгдсэн шалтгаан нь: тус шүүхийн Тамгын газраас шүүхүүдэд хэвлэмэл хуудсыг тараадаг, мөн шүүгчийн эрхийн актыг хэвлэх ажиллагааг шүүхийн захиргааны ажилтан хийж гүйцэтгэдэг. Тамгын газрын холбогдох албан тушаалтны хайхрамжгүй байдлаас болж ...аймаг дахь ...шүүхэд Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан бичгийн хэвлэмэл хуудас холилдож тараагдсаны улмаас уг зөрчил гарсан байсан.

Дээрх алдаа зөрчлийг Тамгын газраас шалгаж, холбогдох ажилтнуудад зохих арга хэмжээг авсан байдаг.

Гомдол гаргагчийн гомдолдоо дурдсанчлан санаатайгаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэмэл хуудсыг ашиглан, өөртөө давуу байдал бий болгож, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улмаар Иргэний хэргийн Ерөнхий шүүгчийн тамга дарж, хуульд нийцээгүй худал хариу өгсөн гэх үйл баримт болоогүй болно.

Мөн гомдол гаргагч Б.А нь дээрх агуулга бүхий гомдлыг Шүүхийн сахилгын хороонд өмнө гаргаж байсан бөгөөд Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ГС/2023/0..1 дүгээр санал, Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн СХМ/2023/0..1 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” магадлалаар уг гомдлыг хянан шийдвэрлэсэн.

5. Өргөдлийн 8-д “шүүгч Т.Э, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Т, өмгөөлөгч П.Б нар бүлэглэж, Л.А, М.А нар бүлэглэж, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэмт хэргийг ...аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа мэтээр хуурамч хүсэлт, хуурамч шүүгчийн захирамж гаргаж, уг захирамжаа хэргийн оролцогч нарт танилцуулаагүй нууж байгаад, 2016 оны 7 дугаар сар хувьцаа ...аймгийн Иргэний хэргийн шүүхийн архивд байсан хэрэгт нэмж хийсэн үйлдэлд нь МХХМХ-ийн хороо маргаан үүсгэж, 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр МӨХМХ-ийн хороонд шилжүүлсэн ч өнөөдрийг хүртэл маргаан шийдвэрлээгүй удааширч байна”, өргөдлийн 9-д “...шүүгч Т.Э, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Т, өмгөөлөгч П.Б, өмгөөлөгч Ч.Э, хуурамч гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Ц нар бүлэглэж, 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хэргийг сэргээсэн хуурамч шүүхийн захирамж гаргаж, хуурамч шүүх хуралдаан явуулж, 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 8..5 тоот “илт хууль бус” шийдвэр гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 148.4, 250.2, 253.3, 155.2, 166.3, 21.1 дүгээр зүйлийн 2, 21.14-т заасан хариуцлага тооцохоор тус тус хуульчилсан  байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2027 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл байхаар хуульчилсан байх тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү” гэх гомдлын тухайд:

Өргөдөл гаргагч Б.А нь дээрх агуулга бүхий гомдлуудыг МХХМХ-ийн хороонд гаргаж байсан ба ...хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ..1/ММ2019/0..4 дүгээр магадлалаар шийдвэрлэсэн болно.

Мөн өргөдөл гаргагч Б.А нь “З.Т нь шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга байхдаа нотлох баримтуудыг өөрийн гараар хуурамчаар үйлдсэн байна. Шүүхээс 8..5 дугаар “илт хууль бус” шийдвэр гарахад оролцсон” гэх агуулга бүхий гомдол урьд нь Цагдаагийн газарт гаргасныг ...аймгийн Прокурорын 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 5..6 дугаар тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн болохыг Шүүхийн ес зүйн хорооны 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 4.. дүгээр магадлалд тодорхой дурдагдсан байгаа. Гомдол гаргагч Б.А-ийн гомдолд дурдагдсан эрх бүхий байгууллагууд нь түүний надад холбогдуулан гаргасан гомдлыг шийдвэрлэсэн болно.

          6. Өргөдлийн 10-т “...Нэхэмжлэгч Б.А би Б.А-ийн нэхэмжлэлтэй “Ш” НҮТББ-д холбогдох иргэний хэргийн гомдол гаргах эрхгүй этгээд болох өмгөөлөгч Б.С-ын гаргасан хуурамч гомдол хэлэлцэх 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаас татгалзан гаргах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй Ерөнхий шүүгч З.Т-гийн үйлдэлд хариуцлага тооцох асуудлыг шударгаар шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлын тухайд:

Б.А-ийн нэхэмжлэлтэй “Ш” НҮТББ-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгч Б.С нь шүүгчийн 4..7 дугаар захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасны дагуу гомдол гаргадаг. Энэхүү гомдол нь “Шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох, хэрэг, нэхэмжлэл, өргөдөл гомдол хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох тухай” журмын дагуу системээс надад хуваарилагдаж, гомдол хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.А, Д.О, даргалагч шүүгчээр миний бие томилогдсон.

Б.А нь уг гомдол хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнээс шүүгч З.Т намайг татгалзан гаргах тухай хүсэлтийг гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.5-д заасны дагуу бүрэлдэхүүний бусад шүүгчид хэлэлцээд, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6.. дугаар тогтоолоор  хүсэлтийг хүлээн аваагүй болно.

Өргөдөл гаргагчийн дээрх агуулга бүхий гомдлыг Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн СХМ/2023/0..1 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” магадлалаар “...тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 6.. дугаар тогтоолоор Б.А-ийн хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.5-г зөрчөөгүй шүүх хуульд заасан бүрэн эрхийн дагуу дээрх тогтоолыг гаргасан...” гэж дүгнэсэн.

7. Өргөдөл гаргагч Б.А-ийн гомдлын 3, 4 дугаарт бичигдсэн гомдлын агуулга нь шүүгч З.Т надтай холбоотой гомдол биш байх тул тухайн гомдлын үндэслэлд хариу тайлбар гаргаагүй болохыг дурдаж байна.

З.Т миний бие нь шүүгчийн туслах бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон шүүгчээр ажиллаж байх хугацаандаа Б.А-ийг хохироосон гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаж байгаагүй, мөн бусадтай бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн үйл баримт байхгүй. Иймээс иргэн Б.А-ийн гомдлын дагуу үүсгэгдсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд дараах нэхэмжлэл гаргажээ. Үүнд:

1.Л.А-т холбогдуулан ....гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын хөрөнгөө хуваалгах, итгэмжлэл болон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, өмчлөх эрх сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасанд шүүх иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Нэхэмжлэгч энэхүү иргэний хэрэгт Л.А-г хамтран өмчлөгчөөр татан оролцуулах, худалдах, худалдан авах гэрээнд зурсан гарын үсэг Л.А-ийнх мөн эсэхэд шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 1..0 дүгээр захирамжаар хангажээ.

 ...аймаг дахь ...шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 8..5 дугаар шийдвэрээр Б.А-ийн нэхэмжлэлтэй Л.А-т холбогдох дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн, мөн аймгийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 9.. дүгээр магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулсан байх ба Монгол Улсын дээд шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1..1 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр байна.

2. ...сургууль НҮТББ-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, багшийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. 

Шүүгч Т.Ж нэхэмжлэлийг хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

... аймгийн цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Б.А өөрийнх нь нэхэмжлэлтэй иргэний хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан, шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 4..7 дугаар захирамжаар ...сургууль  НҮТББ-д холбогдох иргэний хэргийг түдгэлзүүлжээ.  

Энэхүү захирамжид хариуцагчийн өмгөөлөгч Б.С гомдол гаргасныг тус шүүх 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

     Өргөдөл гаргагч нь шүүгч Т.Ж, Ерөнхий шүүгч З.Т нарыг нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй, сахилгын зөрчил гаргасан гэж үзэхдээ дараах үндэслэл дурджээ. Үүнд: 

а/ өмгөөлөгч Б.С 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт өгсөн байх ба шүүгч болон туслах нар өмгөөлөгчид эрх, үүрэг танилцуулж, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан тухай баримтад гарын үсэг зуруулахдаа холбогдох ажиллагааг хийж, баримтыг хэрэгт хавсаргана гэсэн журамд заасан ажиллагааг хийгээгүй, 

б/ 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.К, түүний өмгөөлөгч Б.С нар хэзээ гардаж авсан, авснаа гарын үсэг зурж баталгаажуулсан тухай баримт хэрэгт байхгүй,

в/ шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно гэсэн хуулийн илт тодорхой заалтыг  зөрчсөн хууль бус гомдлыг хүлээн авсан,

г/ нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулсан 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн баримт үйлдэхдээ гарын үсгийг хуурамчаар үйлдсэн,

д/ шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1..9 дугаартай захирамжийн 2-т “Ш" сургууль нь нотлох баримтуудыг эхээр нь ...2021 оны 06 дугаар сарын 15-ны дотор шүүхэд ирүүлэхийг мэдэгдсүгэй” гэсэн ч зарим нотлох баримтуудыг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл бүтэн 5 сар буюу 150 хоног ирүүлээгүй ба 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 1 жил 4 сар 1 хоног буюу 486 хоног өнгөрсөн, 

е/ гэрчийн мэдүүлгийг 3 сар 25 хоногийн дараа авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулсан,

ё/ хэрэг үүсгэсэн даруйд нөлөөллийн мэдүүлгийг хэргийн оролцогчид тайлбарлан энэ тухай баримтжуулаагүй,

ж/ ...шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжийг хуурамчаар гаргасан, шинжээч томилох тухай захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулаагүй, шинжилгээний байгууллагад хүргүүлээгүй, эрүүгийн хэргийн шүүхийн хэвлэмэл хуудас дээр иргэний хэргийн шүүхийн тамга дарж, хуульд нийцээгүй хариу өгсөн, татгалзан гарах хүсэлтийг хангаагүй гэжээ.

Б.А-ийн дээр дурдсантай адил агуулга бүхий өргөдлийг Шүүхийн Ерөнхий зөвлөл тус хороонд шилжүүлсний дагуу илтгэгч гишүүн нэр бүхий шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, улмаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ 

Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 0..1 дүгээр магадлалаар саналыг хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Т, шүүгч Т.Ж нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ.

Түүнчлэн Шүүхийн ёс зүйн хорооны 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар шүүгч З.Т-д холбогдуулан гаргасан Б.А-ийн гомдлыг хянан хэлэлцээд 4.. дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсаныг тус хорооны 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4.. дүгээр магадлалаар хэвээр үлдээсэн байна.  

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар Б.А-ийн гомдлыг хянан хэлэлцээд 24 дүгээр магадлалаар ёс зүйн хорооны 4.. дүгээр магадлалыг хэвээр үлдээсэн нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.  

Өргөдөл, мэдээлэлд заасан үйл баримт, шүүгчийн үйл ажиллагааны талаар, эсхүл уг өргөдөл, мэдээллийн дагуу сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон Сахилгын хорооны гишүүний захирамж, Сахилгын хорооны магадлал, тогтоол, хянан үзэх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр байгаа бол илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэхээс татгалзахаар Монгол улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.1.2-т заасан.

Б.А-ийн өргөдөлд дурдсан үйл баримтыг Шүүхийн ёс зүйн хороо /хуучин нэрээр/, Шүүхийн сахилгын хороо шалгаад сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан, мөн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон нь шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.

 Дээрх үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ...аймаг дахь ...шүүхийн Ерөнхий шүүгч З.Т, шүүгч Т.Ж нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 ДАРГАЛАГЧ                                   Г.ЦАГААНЦООЖ

  ГИШҮҮН                                       Д.АРИУНТУЯА

                                                                                Ц.ДАВХАРБАЯР