info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-05-03

Дугаар 66

Улаанбаатар хот

 

Нотлох дүгнэлтийг хүлээн авч,  

сахилгын шийтгэл оногдуулах тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Ариунтуяа нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхзаяа, сахилгын хэргийн оролцогч шүүгч Н.Баярмаа нарыг оролцуулан, Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаад холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ГНД/2023/0009 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Сахилгын хорооны гишүүний 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ГНД/2023/0009 дугаартай нотлох дүгнэлтэд: “...Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч дахин оролцож болохгүй үндэслэлийн талаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэж зохицуулжээ. Холбогдох шүүгч “...Хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг анхан шатны журмаар 2018 онд анх шийдвэрлэхэд шүүгч Н.Баярмаа оролцсон талаар хавтаст хэрэгтэй танилцах явцдаа мэдэх болсон бөгөөд энэ талаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан нээхийн өмнө шүүгч Н.Баярмаагаас мэдээлэхэд шүүх бүрэлдэхүүний бусад шүүгчид татгалзах шаардлагагүй гэж үзсэн...” гэж тайлбарлажээ. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн туслах И.Х гэрчээр тайлбар өгөхдөө “... бүрэлдэхүүнээс хэн нэгэн тухайлан хэрэгтэй танилцсан уу гэхэд Танилцаагүй. Хамгийн сүүлийн шийдвэр, магадлалыг гомдолтой нь хуулбарлан бэлдэж өгдөг, ... Н.Баярмаа шүүгчээс хэрэгтэй танилцах хүсэлт гаргасан уу гэхэд гаргаагүй ...” гэж хариулжээ. Үүгээр, хавтаст хэрэгтэй танилцсан гэсэн шүүгчийн тайлбар үгүйсгэгдэнэ. 

         Улсын Дээд шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны бүрэлдэхүүний шүүгч /илтгэгч шүүгч/ С.С-Э-ийн “...Шүүгч өөрөө татгалзан гарвал /тайлбар гаргахаас өмнө/ Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар /хэргийн оролцогчтой гэр бүлийн болон садан төрлийн холбоотой гэх мэт шалтгаантай/ мэдэгдэх үүрэгтэй ... тэгээд бид Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй юм байна гэх байр сууринд нэгдээд шийдсэн ... ” гэх тайлбар , шүүгч Х.Э-ын /даргалагч шүүгч/ “...Хурлаас өмнө хоорондоо ярилцсан...” гэх тайлбар, мөн шүүгчийн тайлбараас ч тухайн хэргийг анхан шатаар өмнө шийдвэрлэхэд оролцсон тухайгаа мэдэгдсэн, хэлэлцсэн гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болж байгаа бүхий л үйл баримт бичгээр тэмдэглэгдэх учиртай, тухайлбал талуудаас шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбарыг шүүх цаасан хэлбэрээр, эсхүл тэмдэглэлээр, бичлэг зэргээр баталгаажуулдаг. Иргэний хавтаст хэрэг дэх Улсын дээд шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл  болон бусад баримтаас үзэхэд шүүгч Н.Баярмаа нь хяналтын шатны шүүх бүрэлдэхүүнд оролцож болох эсэх талаар, энэ тухайгаа мэдэгдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Иймээс хэрэгт татгалзсан, мөн хэлэлцсэн гэх баримт байхгүй байх тул татгалзсан, хэлэлцсэн гэж үзэх үндэсгүй. Мөн шүүгч “ ...иймд шүүх бүрэлдэхүүний зүгээс энэ мэдээллийг шүүх хуралдаанд давтан мэдээлэх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд дэгийн дагуу хэргийн оролцогчдоос татгалзал бий эсэхийг асуухад тэдгээр нь татгалзах зүйлгүй талаараа тайлбарласан...” гэж тайлбарлах боловч энэхүү зохицуулалт нь хэргийн оролцогчоос шүүгчийг татгалзах агуулгыг тусгаагүй, харин шүүгч өөрт нь хамаатуулсан, императив шинжтэй зохицуулалт байна.  Тиймээс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэв шүүгч татгалзсан, мөн бүрэлдэхүүн хэлэлцсэн бол энэ талаар ямар нэгэн баримт зайлшгүй үйлдэгдэх, эсхүл хуралдааны тэмдэглэлд тусгагдах ёстой байжээ.

Шүүгч тайлбартаа “... 2018.10.26-ны өдөр хэлэлцэн шийдвэрлэсэн иргэний хэргээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагын дүн нэмэгдэн, үндэслэл харьцангуй өөрчлөгдсөний зэрэгцээ шинээр сөрөг нэхэмжлэл гарч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт, холбогдох хууль зүйн дүгнэлтүүдийг адилтгах боломжгүй болсон ...” гэжээ.

Сахилгын хэргийг шалгах ажиллагааны хүрээнд, хэргийн нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж үзэхүйц баримт байгаа эсэхийг нягтлан, 182/2017/02244/и индекстэй 5 хавтас, 1117 хуудастай иргэний хэрэгт үзлэг хийж, 3 дугаар хавтасны 51 дэх талд Н.Баярмаа шүүгчийг шүүх бүрэлдэхүүнд томилон албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж гарсан үеэс хойших баримтуудад тэмдэглэл  хөтөллөө.

          Улсын дээд шүүхийн хяналтын шатнаас анхан шатны шүүхэд хэрэг буцаж, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 4 дэх хавтаснаас эхэлжээ. Үүнд:

7-10 х.х, хариуцагч НИТХ-ийн 706,177,600 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл, холбогдох 2 хуудас баримт

12-13 х.х сөрөг нэхэмжлэл гардуулсан баримт

14 х.х шүүх бүрэлдэхүүн албажуулсан баримт

15-18 х.х иргэдийн төлөөлөгч нэрс баталсан баримт, тов мэдэгдсэн баримт

19 х.х хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ

20 х.х ээлжийн амралтын мэдэгдэл

21-32 х.х шүүх хуралдааны тэмдэглэл, тогтоол

33 х.х тогтоол гардуулсан баримт

36-87 х.х шинжээч томилсонтой холбоотой баримтууд

88 х.х хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн захирамж

90-95 х.х иргэдийн төлөөлөгч оролцуулах баримтууд

96 х.х нэхэмжлэгч шаардлагаа нэмэгдүүлсэн /шинжээчийн дүгнэлтээр 4 095 780 949 төгрөг гэж тогтоосон тул энэ хэмжээгээр нэмэгдүүлсэн/

99-103 х.х ир/төлөөлөгч томилсон, хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан Нийслэлийн өмчийн газраас Урт цагаан ахуйн үйлчилгээний газрын үнэлгээний албан бичиг

104-113 х.х хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой баримтууд /хэрэг танилцуулсан, тов мэдэгдсэн зэрэг/

115-116 х.х Хариуцагчийн хариу тайлбар

117-135 сөрөг нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж /түрээсийн төлбөрт 752 937 000 төгрөгийг алданги 376 468 500 төгрөгийн хамтаар 1 129 405 500 төгрөг гаргуулах/, холбогдох тооцооны баримтыг хавсаргасан

136-176 х.х хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтууд

177-202 х.х U п ХХК-ийн үндсэн хөрөнгийн хураангуй тайлан

203 х.х хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой баримтууд, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн хэсгээр 4 дэх хавтас дуусна.

         5 дахь хавтас нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр, түүнтэй холбоотой баримтууд  /1-37 х.х/

Давах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэсэнтэй холбоотой баримтууд /38-76/

Хяналтын гомдол гаргах, хяналтын шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэсэнтэй холбоотой баримтууд /77-118 х.х/

119-120 хэргийг эмхэтгэх, баталгааны хуудас байсан болно.

Эндээс үзвэл, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн удаа дараа нэмэгдсэн байх ба үндсэн нэхэмжлэлийн хувьд хөрөнгийн үнэлгээний талаар шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гарахаар нэхэмжлэгч тал шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг бол хариуцагч нь цаг хугацаа өнгөрөх бүр түрээсийн төлбөрөө нэмэгдүүлжээ.  ...Эдгээр хэрэгт байгаа баримтуудад дүгнэлт хийвэл, хариуцагч талаас өгсөн Урт цагаан үйлчилгээний төвийн үнэлгээтэй холбоотой баримтаас өөр шинэ нотлох баримт авагдаагүй, үйл баримт өөрчлөгдөөгүй, нэхэмжлэлийн шаардлагын хувьд зөвхөн мөнгөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн байх тул хэргийн үйл баримт өөрчлөгдсөн, шинээр нотлох баримт нэмэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байсан болно. 

Мөн шүүгч Х.Д, И.А, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 182/ШШ2018/02138 дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэхэд, нэхэмжлэгч хоёр хариуцагчийн нэгээс буюу Нийслэлийн өмчийн харилцааны газраас татгалзаж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан 3 065 392 төгрөг гаргуулахаар шаардсан нь шүүх хуралдааны тэмдэглэл, шийдвэрт  бичигджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар тус тус сольж болно” гэж зааснаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, шүүгч Н.Баярмаа оролцсон шүүх хуралдаанд хоёр хариуцагч нь нэг болсон байна. Хэргийг дахин анхан шатаар хэлэлцэхэд НИТХ өмнө НӨХГ-ын  гаргаж байсан сөрөг нэхэмжлэлийг гаргасан, тэр нь агуулгаараа өмнөх сөрөг нэхэмжлэлтэй ижил, зөвхөн мөнгөн дүнг нэмэгдүүлсэн байх тул шүүгчийн “...шинээр сөрөг нэхэмжлэл гарч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт, холбогдох хууль зүйн дүгнэлтүүдийг адилтгах боломжгүй болсон” гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзлээ. 

Улсын Дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийг тайлбарлахдаа “... анхан болон давж заалдах заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх” гэдгийг энэ хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 167 дугаар зүйлийн 167.1, 176 дугаар зүйлийн 176.2-т зааснаар шийдвэр, магадлал, тогтоол гаргасан байхыг ойлгоно...”, “... уг хэрэг маргаан” гэдэгт тухайн иргэний хэрэг гэж ойлгох бөгөөд хэргийг дахин шийдвэрлэх явцад нэгтгэсэн болон тусгаарласан бол тэдгээр хэргүүд мөн хамаарна...” гэжээ.  Холбогдох шүүгч энэ талаар “ ... хэргийн талаарх шийдвэр нь хүчин төгөлдөр ба хүчин төгөлдөр бус байх аль ч тохиолдлыг хамааруулахаар заасан нь хоёрдмол утгагүй тодорхой болсон...” гэж анхан шатаар хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн шийдвэр хүчингүй болсон нь хамаарахгүй гэж үзсэн, мөн холбогдох хуулийн зохицуулалт болон тайлбарт, уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчингүй болсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт хамаарахгүй гэсэн утга илэрхийлэгдээгүй байна.

Шударга ёсны үүднээс ч нэгэнтээ өөрийн хуулийн эрх зүйн мэдлэг болон итгэл үнэмшлийг илэрхийлж хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэсэн  шүүгч цаашид үргэлжлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй байх нь зүйтэй байдаг. Иймээс “Иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны заалтыг  зөрчсөн зөрчлийг шүүгч Н.Баярмаа нь гаргасан гэж үзэх үндэслэлтэй. Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаагийн дээрх үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28-д заасан “хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй” гэх хориглосон зохицуулалтыг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэж үзэж сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

Шүүгч Н.Баярмаа Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдуулан 3,751,908,866 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газар нь “А” ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 595,640,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018.10.26-ны өдөр 182/ШШ2018/02138 дугаартай шийдвэрээр хянан шийдвэрлэжээ. Тус хэрэгт иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тус шүүхийн шүүгч Х.Д удирдан явуулсан байна. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч И.А, шүүгч Н.Баярмаа нар оролцжээ. ...Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. Дээд шатны шүүхээс хүчингүй болгон анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн хэргийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Б, Ч.А, Т.Э нарын бүрэлдэхүүнтэйгээр 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 181/ШШ2020/01239 дугаар шийдвэрээр дахин хянан шийдвэрлэжээ. Хэргийг анх шийдвэрлэснээс хойш 2 жил орчмын дараа дахин шийдвэрлэх явцад үндсэн нэхэмжлэлийн шаардлага 4,095,780,949 төгрөг болж, урьд сөрөг нэхэмжлэл гаргаагүй этгээд болох хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэхэмжлэгчид холбогдуулан 1.129,405,500 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Өөрөөр хэлбэл 2018.10.26-ны өдөр хэлэлцэн шийдвэрлэсэн иргэний хэргээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагын дүн нэмэгдэн, үндэслэл харьцангуй өөрчлөгдсөний зэрэгцээ шинээр сөрөг нэхэмжлэл гарч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт, холбогдох хууль зүйн дүгнэлтүүдийг адилтгах боломжгүй болсон.

Хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн хэргийг анхан шатны журмаар 2018 онд анх шийдвэрлэхэд шүүгч Н.Баярмаа оролцсон талаар хавтаст хэрэгтэй танилцах явцдаа мэдэх болсон бөгөөд энэ талаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан нээхийн өмнө шүүгч Н.Баярмаагаас мэдээлэхэд шүүх бүрэлдэхүүний бусад шүүгчид татгалзах шаардлагагүй гэж үзсэн. Тухайн үед хяналтын шатаар хянагдах шийдвэрийг гаргахад шүүгч Н.Баярмаа оролцоогүй бөгөөд хэрэг дахин хянан шийдвэрлэх 5 жилийн хугацаанд хэргийн зарим нөхцөл байдал өөрчлөгдсөн гэх үндэстэй гэж бүрэлдэхүүний шүүгчид үзсэн болно. Түүнчлэн тус гомдлыг гаргагч Т.Ганбат, түүний өмгөөлөгч Э.С-Э, Л.Х, хариуцагчийн өмгөөлөгч А.Н нар 2018.10.26-ны өдрийн шүүх хуралдаанд болон 2022.09.22-ны өдрийн хяналтын шатны шүүх хуралдаанд биечлэн оролцсон тул хэргийн оролцогч нөхцөл байдлыг мэдэж байсан гэж үзнэ. Иймд шүүх бүрэлдэхүүний зүгээс энэ мэдээллийг шүүх хуралдаанд давтан мэдээлэх шаардлагагүй гэж үзсэн бөгөөд дэгийн дагуу хэргийн оролцогчдоос татгалзал бий эсэхийг асуухад тэдгээр нь татгалзах зүйлгүй талаараа тайлбарласан.

Урьд гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр бус болсны зэрэгцээ үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн шаардлага өөр гэх нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан татгалзан гарах үүрэг, хориглолтын хэм хэмжээнд хамаарахгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн. Тухайн үед буюу хурал эхлэхээс өмнө шүүх бүрэлдэхүүн уг асуудлыг харьцангуй нухацтай ярилцсан бөгөөд зохих судалгааг хийж, шүүхийн практикийг нягтлах замаар энэ талаар албан ёсны тайлбар гаргах талаар зайлшгүй анхаарах нь зүйтэй гэж тогтсон. Эдгээр болон бусад үндэслэлээр Улсын дээд шүүхийн 2023.01.12-ны өдрийн 05 тоот тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийг тайлбарлаж “анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх” гэдгийг энэ хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 167 дугаар зүйлийн 167.1, 176 дугаар зүйлийн 176.2-т зааснаар шийдвэр, магадлал, тогтоол гаргасан байхыг ойлгоно." гэж тодорхойлсноор хэргийн талаарх шийдвэр нь хүчин төгөлдөр ба хүчин төгөлдөр бус байх аль ч тохиолдлыг хамааруулахаар заасан нь хоёрдмол утгагүй тодорхой болсон юм. Дээрх нөхцөл байдлыг шүүгчийн ёс зүйн зөрчил мөн эсэх талаас нь авч үзэхэд нэгдүгээрт, тухайн үед уг нөхцөл байдал шүүгчийн татгалзан гарах үүрэг гэдэгт эргэлзээгүй хамаарах эсэх, хоёрдугаарт, холбогдох зохицуулалт нь хоёрдмол утгатай, тодорхой бус тохиолдолд шүүгч уг асуудлыг тухайн үеийн эрх зүйн орчны хүрээнд шийдвэрлэж, татгалзлыг шийдвэрлэх эрх бүхий этгээдүүдэд хангалттай тодорхой мэдэгдэх замаар арга хэмжээ авсан нь ёс зүйн дагуу эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй болов уу. “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох иргэний хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүн болон шүүгч Н.Баярмаа нь зөвхөн хуульд захирагдан холбогдох дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд холбогдох хууль, шүүгчийн ёс зүй, сахилгын хэм хэмжээг зөрчсөн харш үйлдэл гаргаагүй” гэжээ.

         Шүүгч Н.Баярмаа Сахилгын хорооны хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хэргийн материалтайгаа танилцсан. Харин туслах н.Х танилцаагүй гэж гэрчийн мэдүүлэг өгсөн байсан. Би шүүгчийн туслахаас хэргийн материал авч танилцаагүй гэдэгт тэр хүүхэд өөрийнхөө өнцгөөс тайлбарлаж байна гэж ойлгосон. Жилийн 365 өдрийн 24 цагт ганцхан туслахад байдаг биш. Хэргийн материал тойроод явж байдаг. Тэр хэрэг өөр хүн дээр байхад нь би авч танилцсан эсэхийг н.Хажидмаа мэдэхгүй. Хоёрдугаарт хяналтын шатанд бүрэлдэхүүнтэй орж байгаа учраас ганц хуваарилагдсан хэрэг гэхгүй би бүрэлдэхүүнд орсон бол өмнө гарч байсан шийдвэрүүд, бүх тогтоолуудтай танилцах боломжтой. Гуравдугаарт надад цахим сан гэж байна. Би шийдвэрийнхээ дугаарыг хийгээд харахад холбоотой бүх шийдвэрүүд гарч ирдэг. Энэ агуулгаар намайг ганцхан н.Хажидмаагийн үгээр өмнөх шийдвэрүүдээ мэдээгүй орсон гэвэл бэрх зүйл болно. Энэ фактыг хэлэх гэж байгаа нь ийм ачаалал дунд ажилладаг хэдий ч бид нар чадлынхаа хэрээр хэргийн материалтай танилцдаг гэдгийг ойлгуулах гэж. Сардаа нэг шүүгч 10000 гаруй хуудас материал уншиж ордог гэж ойлгох хэрэгтэй. Ийм факт нөхцөл байдал дунд бид нар ажиллаж байгаа. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т заасан асуудал байгаа. Энэ заалтыг  хэргийн оролцогч нар, шүүгчид бид маш сайн мэднэ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн ажлын хэсэгт би явж байсан учраас 50 дугаар зүйлийн 50.1.28-т заасныг ч маш сайн мэднэ. Би практикийг анзаарсан. Г.Ц шүүгчийг би хувь хүнийхээ хувьд танихгүй, гэхдээ миний анзаарснаар анхан шатны шүүхээс хяналтын шатны шүүхэд очсон шүүгч. Бусад нь бүгдээрээ анхан, давах, хяналт гэж явж хяналтын шатанд томилогдсон байгаа. Энэ шүүгч нар давж заалдах шатны шүүхээр орж хүчингүй болсон магадлалтай хэрэгт орж байсан практик байдаг. Хяналтын шатанд ч ийм практик байгааг нуух зүйл байхгүй. Үүнийг би мэддэг учраас хурал эхлэхийн өмнө хэлсэн. Тиймээс тэмдэглэлд буугаагүй. Тиймээс би татгалзал дээр хэлж хурал хойшлуулалт үүсгэхийн өмнө эхний ээлжид татгалзлын асуудлыг эд нар ямар байр суурьтай харах нь вэ гэсэн үүднээс энэ хэрэгт би орсон байгаа, одоо орох гэж байгаа, ямар байр суурьтай байна гэж асуусан. Тэд үнэхээрийн ийм практик байдаг, нэгэнт хүчингүй болсон учраас асуудал байхгүй, чиний шийдвэрийг бид нар энд авч хэлэлцэхгүй, чиний бүрэлдэхүүнд орсон шийдвэр чинь хүчингүй болсон учраас авч хэлэлцэхгүй гэсэн яриа өрнөсөн. Хяналтын шатанд 84 дүгээр зүйлийн 84.1-т заасан хэрэглээний талаар хоёр практик явж байна. Нэг нь хүчингүй болсон хэрэгт орсон шүүгчийг шууд гаргах эсхүл хүчингүй болсон хэрэгт дахиад цааш нь оруулж явах гэсэн. Бид ийм байр суурьтай байна гэхэд нь би санал нэгдсэн. Нөлөөнд автаагүй хөндлөнгийн байсан. Гэхдээ энэ агуулгаар үнэхээр практик нь ийм байгаа, хэргийн ачаалал ийм өндөр байгаа нөхцөл байдлыг харгалзаж үзээд би өөрөө энэ хэрэгт хэн нэгний нөлөөнд автах үндэслэлгүйгээр, надаас илүү сайн мэдэх хүн байхгүй учраас орж явъя гэж бодоод орж хэргээ шийдсэн. Ер нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйл бүхэлдээ сахилгын болон ёс зүйн асуудлууд хөндөгдөж байгаа гэдэг агуулгаар шүүгч, хувь хүн Н.Баярмаа ёс зүйн хувьд энэ үүргээ биелүүлсэн үү гэвэл би хувьдаа өөрийгөө биелүүлсэн гэж харж байгаа...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

         Сахилгын хорооны гишүүний 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ГНД/2023/0009 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг бүхэлд нь хүлээн авч, холбогдох шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

         Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2138 дугаар шийдвэрээр /шүүгч Х.Д, И.А, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй/ “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар магадлалаар уг шийдвэрт өөрчлөлт оруулсан байх ба Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 678 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн, тухайн хэргийг дахин  Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1239 дүгээр шийдвэрээр /шүүгч Ж.Б, Ц.А, Т.Э нарын бүрэлдэхүүнтэй/ шийдвэрлэсэнд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1900 дүгээр магадлалаар өөрчлөлт оруулсан, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 911 дүгээр тогтоолоор /шүүгч Х.Э, Н.Баярмаа, П.З, Б.М, С.С-Э нарын бүрэлдэхүүнтэй/  магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл иргэний хэрэг маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд, давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд дахин оролцож болохгүйг хориглосон агуулгатай байх ба тухайн шүүгчийн дангаар болон бүрэлдэхүүнтэй шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэр хүчинтэй байхаас үл хамаарч урьд шийдвэр гаргахад оролцсон оролцоо нь иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шүүгч дахин оролцож болохгүй үндэслэлийг тодорхойлохоор байна.

Тодруулбал, тухайн хэрэг маргааны талаар тодорхой төсөөлөл, итгэл үнэмшилтэй болсон шүүгч өөрийн өмнө гаргасан шийдвэрийг хамгаалах ашиг сонирхлын үүднээс хандахаас гадна хэргийн оролцогчдын хардлага гарч болзошгүй байдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон ийнхүү хуулиар хориглосон заалт оруулж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн хамгаалалт болж байдаг талаар Монгол Улсын дээд шүүхээс гаргасан  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбарт /2014 он. Албан бус/  тайлбарласнаар ойлгож болно.

Гэтэл шүүгч Н.Баярмаа нь “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2138 дугаар шийдвэр гаргасан шүүх бүрэлдэхүүнд оролцсон атлаа тус хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 911 дүгээр тогтоол гаргасан шүүх бүрэлдэхүүнд оролцсоноор дээр дурдсан иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шүүгч дахин оролцож болохгүй хуулийн шаардлага хангагдсан байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасан шүүгч өөрөө татгалзан гарах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлд хамаарна.

Хэдийгээр хяналтын шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө тухайн хэрэгт урьд оролцож байснаа бүрэлдэхүүний бусад шүүгч нартаа мэдэгдсэн, анхан шатны шүүх хуралдааны бүрэлдэхүүнд оролцож гаргасан шийдвэр нь хүчингүй болсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах шаардлагагүй талаар бусад шүүгч нар байр сууриа илэрхийлсэн болох нь нотлогдсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасныг шүүхийн практикт өөр өөрөөр хэрэгжүүлж байгаа гэх нөхцөл байдал байгаа ч хуулиар хүлээлгэсэн татгалзан гарах үүргээ хуульд заасан журмаар хэрэгжүүлээгүй хувь шүүгчийн үйлдлийг үгүйсгэх, зөвтгөх үндэслэл болж чадахгүй, энэ талаар илтгэгч гишүүний “шүүгчид өөрт нь хамаатуулсан, императив шинжтэй зохицуулалт” гэх дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Харин илтгэгч гишүүний нотлох дүгнэлтэд 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэлд дурдагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтуудыг дүгнэсэн атлаа бичгийн хэлбэрээр хуулбарлаж нотлох баримтаар хэрэгт хавсаргаагүй нь буруу байх боловч Үзлэг хийсэн тэмдэглэлд дурдагдсан баримтууд нь холбогдох шүүгчийн “...шинээр сөрөг нэхэмжлэл гарч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт, холбогдох хууль зүйн дүгнэлтүүдийг адилтгах боломжгүй болсон, хэргийн оролцогч нар өөрчлөгдсөн” гэх тайлбарыг шалгах ажиллагаатай холбоотой, шүүгч нь уг тайлбарын үндэслэлээ өөрчилж, Сахилгын хорооны хуралдаанд маргахгүй гэдгээ илэрхийлсэн, нэг индекстэй нэг хэрэг болохыг хүлээн зөвшөөрсөн тул Үзлэг хийсэн тэмдэглэлд дурдагдсан баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28-д “хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй” гэж шүүгчийн сахилгын зөрчилд тооцох үйлдлийг тодорхойлж өгсөн бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шүүгч дахин оролцож болохгүй үндэслэл бий болсныг шүүгч өөрөө мэдэж байсан нь түүний өөрийн тайлбар болон бүрэлдэхүүнд оролцсон шүүгч нарын мэдүүлгээр тогтоогдсон, хуульд заасан журмаар татгалзан гарах хүсэлтээ гаргаагүй энэ тохиолдолд дээрх зөрчлийн шинж хангагдсан гэж үзнэ.

Иймд Сахилгын хорооны гишүүний 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ГНД/2023/0009 дүгээр “Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлт”-ийг хүлээн авч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д заасныг баримтлан зөрчлийн шинж, шүүгчийн хувийн байдал, шүүх бүрэлдэхүүний бусад шүүгч нартаа албан бусаар мэдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан “нээлттэй сануулах” шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ГНД/2023/0009 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28,  57 дугаар зүйлийн 57.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаад “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй

ДАРГАЛАГЧ                                                  О.НОМУУЛИН

                                        ГИШҮҮН                                                 Д.МЯГМАРЦЭРЭН                              

                                                                       Д.АРИУНТУЯА