info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-07

Дугаар 32

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй  болгох тухай

 

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

...шүүхийн шүүгч Д.Э-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд “...Иргэн-2014 системээс хайлт хийхэд З.М гэсэн нэхэмжлэгчтэй 2 нэхэмжлэл байна, ...О ХХК-д холбогдох нэхэмжлэл 2019.03.12-ний өдрийн 11.40 цагт, Г.М-д холбогдох нэхэмжлэл 2019.03.28-ний 10.19 цагт тус тус системээс хуваарилагдсан төлөвтэй байгаа нь нэхэмжлэлийг шүүгч сонгох, эсхүл өөртөө хуваарилуулах боломжгүй.

З.М, Э.Ц-нарын нэхэмжлэлтэй О ХХК-д холбогдох иргэний хэргийг 2019.03.01-ний өдөр үүсгэснээс хойш 2021.07.05-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хүртэл хугацаанд ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийх зэргээр 22 удаа зарлагдсан шүүх хуралдааны 17 удаагийн хурлыг нэхэмжлэгч талын хүсэлтээр хойшлуулж байсан, нэхэмжлэгч З.М, Э.Ц-нарын нэхэмжлэл З.М 2020.05.26-ний өдөр Б.С-д итгэмжлэл олгосноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус төлөөлөгч оролцжээ.

Г.М-д холбогдох З.М, Я.Б-нарын нэхэмжлэлийг хүлээн авч 2020.04.04-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба 2021.09.27-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хүртэл хугацаанд нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшилж байсан нь шүүгчийн буруутгах үндэслэлгүй. Хэргийг 2020.02.17-ний өдрийн 455 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангасан, ...давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаахад ...шүүгчдийн зөвлөгөөний 2020.01.02-ний өдрийн 183/ЗТ2020/00017 дугаар тогтоолын хавсралтын 5.2-т дараах тохиолдолд хэргийг шийдвэр гаргасан шүүгч шүүх хуралдаан даргалагчид системээс гараар хуваарилна үүнд 5.2.1 давж заалдах, хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан гэж заасны дагуу хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Д.Э- шүүгчид хуваарилсан нь хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. Дахин хянагдсан уг хэрэгт Б.С- 2020.05.26-ний өдрийн нэхэмжлэгч Я.Баатаржаргалаас, мөн З.М-аас олгосон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байгаа нь нэхэмжлэлийг Б.С- гаргасан гэж үзэх эрх зүйн үндэслэлгүй.

Б.С- гэх хүн оролцсон дээрх 2 хэргийг ...шүүх шийдвэрлэсэн байх ба өргөдөл дэх 3 хэрэг гэж буй нь үгүйсгэгдэхийн зэрэгцээ дээрх хэргүүдийг хянан шийдвэрлэх явцад шүүгч нэг талыг барьсан, нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг хязгаарласан гэх зөрчил тогтоогдсонгүй, ...өргөдлийн агуулга, үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт хамаарахгүй, 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул шүүгч Д.Э-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав. Өргөдөлд, иргэн Д.Б-той холбогдуулж тус шүүгчийн талаар бичсэн хэсэг нь мэдээлэл байх ба Шүүхийн сахилгын хороонд тухайн хэрэг хянагдаж байгаа тул энэхүү хэрэгт хамааралгүй болохыг тэмдэглэв” гэжээ.

Холбогдох шүүгч тайлбар гаргахдаа: “...Б.С- гэх хүний гаргасан нэхэмжлэлийг би хүлээн аваагүй, харин О ХХК-д холбогдуулан З.М, Э.Ц-нарын нэхэмжлэл ...хуваарилагдсан, нийт 22 удаа шүүх хуралдаан зарлахад 17 удаад нэхэмжлэгч нарын төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр хойшлуулсан,

Г.М-д холбогдох хэрэг системээр хуваарилагдсан, шүүх хуралдаан хойшлогдсонд шүүхээс шалтгаалсан зүйл байхгүй, дээрх 2 хэрэгт Б.С- итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон.

Хариуцагч З.Э, З.М нарт холбогдох Б.Э-ын нэхэмжлэл мөн системээс хуваарилагдсан, ...хариуцагч хаягтаа байхгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэжээ.

       ҮНДЭСЛЭХ НЬ:

Б.С- өргөдөлдөө “...миний гаргасан 3 хэрэг зөвхөн шүүгч Д.Э-т хуваарилагддаг, ...өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн эрхийг огт эдлүүлэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэт нэг талын буюу манай эсрэг талын ашиг сонирхлыг хамгаалан нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагаас гаргуулах, шинжээч томилох, эд хөрөнгийг битүүмжлэх, хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоолгох гэх мэт хүсэлтийг хүлээж авдаггүй, шүүгчээс удаа дараа татгалзаад ямарч үр дүнгүй...” гэсэн агуулга бүхий өргөдөл гаргажээ.

Шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогджээ. Үүнд:

1. Нэхэмжлэгч З.М-ын хариуцагч О ХХК-д холбогдох нэхэмжлэл 2019.03.12-ний өдрийн 11.40 цагт, Г.М-д холбогдох нэхэмжлэл 2019.03.28-ний 10:19 цагт Иргэн-2014 системээс шүүгч Д.Э-т тус тус хуваарилагдсан байна.

2. Нэхэмжлэгч З.М, Э.Ц-нарын К ХХК-д холбогдох нэхэмжлэлд шүүгч 2019.03.01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба 2021.07.05-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хүртэл хугацаанд шүүх хуралдаан 22 удаа товлогдсоноос 17 удаа нэхэмжлэгч талын хүсэлтээр хойшлогдсон, нэхэмжлэгч нар 2020.05.26-ний өдөр Б.С-д итгэмжлэл олгосноор тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.

3. Г.М-д холбогдох З.М, Я.Б-нарын нэхэмжлэлд 2020.04.04-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн, 2021.09.27-ний өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хүртэл хугацаанд нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшилж байжээ.

Уг хэргийг 2020.02.17-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 455 дугаар шийдвэр гаргасан, давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаахад тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2020.01.02-ний өдрийн 183/ЗТ2020/00017 дугаар тогтоолоор баталсан журмын хавсралтын 5.2.1-т зааснаар шүүгч Д.Э-т хуваарилагджээ. Дахин хянагдсан уг хэрэгт Б.С- 2020.05.26-ний өдрийн нэхэмжлэгч Я.Б-аас, мөн З.М-аас олгосон итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

Дурдсан нэхэмжлэлийг системээс хуваарилсан тул шүүгч нэхэмжлэлийг сонгох, эсхүл өөртөө хуваарилуулах боломжгүй, нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг шийдвэрлэн шүүх хуралдаан удаа дараа хойшилж байсанд шүүгчийг буруутгах үндэслэлгүй, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан хэргийг тогтоосон журмын дагуу хуваарилсан нь хууль тогтоомжийг зөрчөөгүй талаарх илтгэгч гишүүний санал хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар шүүгч нь энэхүү хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулна.

Холбогдох шүүгч сахилгын зөрчил гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Харин өргөдөлд дурдсан иргэн Д.Б-той холбоотой гэмт хэргийн шинжтэй асуудалд сахилгын хороо дүгнэлт хийх, шалгах эрхгүй тул уг үйлдлийг шалгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж  бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.1.4, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. ...шүүхийн шүүгч Д.Э-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Өргөдөлд дурдсан “...шүүгч Д.Э- нь Д.Б гэгчээс нийт 6,300,000 төгрөг дансаараа шилжүүлэн авсан гэх” асуудлыг шалгуулахаар АТГ-т шилжүүлсүгэй.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

5. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                                   Г.ЦАГААНЦООЖ

 ГИШҮҮН                                                        Д.АРИУНТУЯА

    Д.ЭРДЭНЭЧУЛУУН