info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-12-07

Дугаар 257

Улаанбаатар хот

 

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүнээр О.Номуулин, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Иргэн В.Э-ын ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.С-т холбогдуулан 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөлд гишүүний 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1246 дугаартай захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн байна.

Илтгэгч гишүүн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дах хэсэгт заасны дагуу сахилгын хэргийг шалгах ажиллагаа явуулаад 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 156 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзэхэд ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 01878 дугаар шийдвэрээр иргэн В.Э-ын нэхэмжлэлтэй, Хууль зүйн үндэсний хүрээлэнд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрийг нэхэмжлэгч  В.Э 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гардан авч 8 дугаар сарын 02-ны өдөр давж заалдах гомдол гаргасныг шүүх хүлээн авч, хэргийг  2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2472 дугаар албан бичгээр ... иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлсэн.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь шүүхийн шийдвэрийг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гардан авч 8 дугаар сарын 11-ний өдөр давж заалдах гомдол гаргасныг анхан шатны шүүх давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр хүлээж аваагүй тул 8 дугаар сарын 19-ний өдөр давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасан, шүүгч У.С хүсэлтийг хүлээн авч 8 дугаар сарын 23-ны өдрийн 10610 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж гомдол гаргах хугацааг сэргээж шийдвэрлэсэн байна.

Дээрх захирамжийг гаргасан шүүгч У.С-т холбогдуулан нэхэмжлэгч В.Э гомдол гаргаж, үндэслэлээ “...Д.О-ын өвчтэй байсан хугацааг нягталж үзээгүй, эмнэлгийн магадалгаа хуурамч, хүчин төгөлдөр бус, хэргийг шүүгч Х.Д шийдэж, шүүгч И.А давж заалдах шатны шүүхэд шилжүүлсэн байтал шүүгч У.С давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь ямар үндэслэл, процессын дагуу хийгдсэн нь тодорхойгүй, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад хугацаа сэргээх захирамж гаргасан, хэргийг давж заалдах шатны шүүхэд шилжүүлсний дараа хэргийн материалтай танилцалгүйгээр хүсэлтийг шийдвэрлэж илт үндэслэлгүй шийдвэр гаргасан” гэж тодорхойлжээ.

  1. “Хариуцагчийн   итгэмжлэгдсэн   төлөөлөгчийн   өвчний   магадалгаа  хуурамч, хүчин төгөлдөр бус, өвчтэй байсан хугацааг нягталж үзээгүй” гэх гомдлын тухайд:  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно”, 120.3-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 120.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ” гэж заасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаж, хүндэтгэн үзэх шалтгаанаа “2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүртэл өрхийн эмнэлгийн эмчилгээ, эмнэлгийн магадалгаатай байсан” гэж тодорхойлон эмнэлгийн магадалгаа хавсаргаж ирүүлсэн байх ба уг магадалгаанд Д.О-ын ажлаас чөлөөлөгдсөн хугацааг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл сунгажээ.

Иймд өргөдөлд дурдсан “...Д.О нь 2022 оны 07 сарын 29-ний өдрөөс 2022 оны 8 сарын 03-ны өдрийг хүртэл буюу 7 хоногийн хугацаанд өвчний чөлөө авсан, ...2022 оны 8 сарын 04-ний өдрөөс 2022 оны 8 сарын 10-ны өдрийн хугацаанд давж заалдах гомдол гаргах хангалттай хугацаа байсан хэдий ч 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хооронд эмнэлгийн магадалгаатай байсан мэтээр хүсэлт гаргасныг нягтлан шалгаагүй...” гэх гомдол үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан тул давж заалдах гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг хэрхэн үнэлэх нь шүүгчийн бүрэн эрх бөгөөд эмнэлгийн магадалгаа хуурамч байсан эсэх, хүчин төгөлдөр бус байсан эсэх талаар буюу нотлох баримтын үнэлгээтэй холбоотойгоор Сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй.

  1. Хэргийг шүүгч Х.Д шийдэж, шүүгч И.А давж заалдах шатны шүүхэд шилжүүлсэн байтал шүүгч У.С давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь ямар үндэслэл, процессын дагуу хийгдсэн нь тодорхойгүй” гэх гомдлын тухайд:

... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зөвлөгөөний 761 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 4.1-д “...давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх...хүсэлтүүдийг “системээс санамсаргүй” хуваарилна гэж заажээ.

Дээрх журмын дагуу хариуцагч Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хүсэлт 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Иргэн-2014” бүртгэлийн системийн 182/ГБ2022/00821 дугаарт бүртгэгдэн шүүгч У.С-т хуваарилагдсан болох нь ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1236 дугаар албан бичгээр ирүүлсэн компьютерийн дэлгэцийн зурган үзүүлэлтээр нотлогдож байна.

Түүнчлэн, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Б-ын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 01878 дугаар захирамжаар “...Ерөнхий шүүгчийн ээлжийн амралттай байх хугацаанд шүүгч Б.Ц-г орлон ажиллуулахаар”, шүүгч Б.Ц-ийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 02118 дугаар захирамжаар “...шүүгч Б.Ц-г ээлжийн амралттай байх хугацаанд шүүгч И.А-г Ерөнхий шүүгчийг орлон ажиллуулахаар” тус тус томилсон байх тул хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн болон шүүгчид хүсэлт хуваарилсан ажиллагаанд зөрчил гарсан гэж үзэх боломжгүй.

3. “Хариуцагч   улсын   тэмдэгтийн   хураамж   төлөөгүй   байхад   хугацаа сэргээх захирамж гаргасан, хэргийг давж заалдах шатны шүүхэд шилжүүлсний дараа хэргийн материалтай танилцалгүйгээр хүсэлтийг шийдвэрлэсэн” гэх гомдлын тухайд:

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 120.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ” гэж зааснаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг шийдвэрлэхэд тухайн гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх эсэхийг шийдвэрлэдэггүй, гагцхүү хугацаа хэтрүүлсэн үндэслэл хүндэтгэн үзэх шалтгаантай эсэхийг тогтоодог.

          Харин хугацаа сэргээж шийдвэрлэсэн тохиолдолд тухайн хэргийг шийдвэрлэсэн  шүүгч давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлүүлэх эсэхийг шийдвэрлэх бөгөөд ... иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2022/01784 дүгээр магадлалд нэхэмжлэгч болон хариуцагч нарыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

          Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3-т “Анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч В.Э-ын давж заалдах гомдлыг хүлээж аваад Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2472 дугаар албан бичгээр ... иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байх бөгөөд ийнхүү давж заалдах шатны шүүхэд хэргийг хүргүүлсний дараа 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэх үүргээ биелүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг зөрчөөгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч У.С-г Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн  50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээргүй байх тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах нь зүйтэй гэж үзлээ” гэжээ.

Шүүгч У.С тайлбартаа: “...Хүсэлт гаргагч Д.О-ын хүсэлтдээ хавсарган өгсөн эмнэлгийн магадалгаа нь эмчлэгч эмчийн гарын үсэг зурагдаж, тэмдэг дарагдсан эх баримт бичиг байсан тул хүчин төгөлдөр бус, илт хуурамч гэж үзэх үндэслэл байгаагүй. Түүнчлэн шүүх баримтын хуурамч эсэхийг шинжлэн дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага биш юм. Д.О-ын хүсэлтдээ хавсарган өгсөн эмнэлгийн магадалгаанд өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн хугацаа 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл, магадалгааны ар талд хугацааг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 8 хоногоор сунгасан байсан бөгөөд тус хугацаанд давж заалдах гомдол гаргах хугацаа дууссан байсан тул хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болсон.

Д.О нь шүүхийн шийдвэрийг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гардан авсан байна. Гомдол гаргах хугацааг шийдвэрийг танилцуулан сонсгосон 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу тооцож үзсэн бөгөөд, мөн хэрэг ... иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шилжсэн байсан тул хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн туслахаас Д.О-ын давж заалдах гомдол гаргах хугацаа хэзээ дууссан болохыг тодруулахад 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр дууссан гэж мэдэгдсэн.

Хүсэлт гаргагч Д.О-ын давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт нь Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах журмын дагуу 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр системээс тойргийн журмаар хуваарилагдсан тул хүлээн авч шийдвэрлэсэн.

Миний бие хүсэлтийн дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээн шийдвэрлэсэн захирамж гаргасан бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлээгүй болно.

Хүсэлтийг хүлээн авах үед тухайн иргэний хэрэг нь ... иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шилжсэн байсан тул хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн туслахаас холбогдох хугацааг тодруулж, хүсэлт, баримтыг үндэслэн тус захирамжийг гаргасан.

Миний бие тус хэргийн оролцогч нарыг танихгүй, ямар нэг холбоо хамаарал байхгүй бөгөөд хэргийн үйл баримтыг мэдэхгүй, хүсэлт гаргагчийн ирүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг үндэслэн холбогдох шийдвэрийг гаргасан тул иргэн В.Э-ын гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

... Иргэний хэргийн анхан шатны шүүх В.Э-ын нэхэмжлэлтэй, Хууль зүйн үндэсний хүрээлэн улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох тус хүрээлэнгийн захирлын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/140 дүгээр сахилгын шийтгэл ногдуулах тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, 2020 оны жилийн эцсийн урамшуулал болох 373.043 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэн 182/ШШ2022/01878 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Тухайн иргэний хэргийн хэргийн нэхэмжлэгч В.Э “шүүгч У.С нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээх тухай утга, агуулга, процесс, цаг хугацааны хувьд алдаатай, хүндэтгэн үзэх шалтгаан нь нотлогдоогүй, хуурамч нотлох баримт, илт алдаатай хүсэлтийг үндэслэн хэт өөрийн үзэмжээр захирамж гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасныг зөрчсөн” гэж үзэн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргажээ.

1. Өргөдөл гаргагч өргөдөлдөө “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өвчний магадлагаа нь хуурамч, хүчин төгөлдөр бус байсан, өвчтэй байсан хугацааныхаа дараа давж заалдах гомдол гаргах боломжтой байсан ба улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байхад шүүгч У.С хүсэлтийг хүлээн авч, давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээсэн” гэх тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2022/01878 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгч В.Э-т 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-д 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр тус тус гардуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 120.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ” гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу давж заалдах гомдол гаргах хугацаа нь нэхэмжлэгч талд 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр, хариуцагч талд 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тус тус дуусах байсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нь 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг эмнэлгийн магадлагааны хамт өгчээ.

Эмнэлгийн магадлагаагаар Д.О-г 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл ажлаас чөлөөлж, дараа нь 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 8 хоног сунгасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх  хэсэгт “хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно” гэж заасан ба шүүх нотлох баримтын хуурамч эсэхийг шинжлэн судлахгүй, харин мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн үндэслэл нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг шүүгч нотлох баримтын хүрээнд хянан үзэн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШЗ2022/10610 дугаартай захирамж гаргаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхээ эдэлсэн байна.

Өргөдөл гаргагч нь өргөдөлдөө дурдсанчлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хуурамч эмнэлгийн магадлагаа өгсөн гэж үзэж буй бол энэ тухайгаа холбогдох байгуулагад нь хандах эрх нь нээлттэй.

Түүнчлэн шүүгч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээх тухай захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэдэггүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасан улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх үүргээ хэрэгжүүлэх эсэх нь түүний эрхийн асуудал юм.

Мөн ... иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2022/01784 дүгээр магадлалд нэхэмжлэгч болон хариуцагч нарыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурджээ.

Иймд шүүгч У.С-г “утга, агуулга, процесс, цаг хугацааны хувьд алдаатай, хүндэтгэн үзэх шалтгаан нь нотлогдоогүй, хуурамч нотлох баримт, илт алдаатай” хүсэлтийг үндэслэн өөрийн үзэмжээр захирамж гаргасан гэж буруутгах үндэслэлгүй.

2. Өргөдөл гаргагч нь “...хэргийг тус шүүхийн шүүгч Х.Д шийдвэрлэж, шүүгч И.А-ийн албан бичгээр давж заалдах шатны шүүхэд хэргийг явуулсан байхад шүүгч У.С нь давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хүлээн авсан” гэх тухайд:

В.Э-ын нэхэмжлэлтэй, Хууль зүйн үндэсний хүрээлэн Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох иргэний хэргийг шүүгч Х.Д шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3 дахь хэсэгт “Анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ” гэж заасан.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу тухайн иргэний хэргийг тус шүүхийн шүүгч И.А-ийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 2472 дугаар албан бичгээр ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна.

... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Б-ыг ээлжийн амралттай байх хугацаанд шүүгч Б.Ц Ерөнхий шүүгчийг орлон ажиллах тухай Ерөнхий шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 182/ЕШ2022/01878 дугаартай захирамж гарсан байна. Улмаар шүүгч Б.Ц ээлжийн амралттай байх хугацаанд шүүгч И.А Ерөнхий шүүгчийг орлон ажиллах тухай Ерөнхий шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 182/ЕШ2022/02118 дугаартай захирамж гарч байжээ.

            ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зөвлөгөөний 761 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1-д “...давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах хугацаа сэргээлгэх ...хүсэлтүүдийг системээс санамсаргүй хуваарилна” гэж заажээ.

Дээрх журмын дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээлгэх тухай 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүсэлтийг “Иргэн-2014” системээр шүүгч У.С-т хуваарилагдан, 182/ГБ2022/00821 дугаарт бүртгэгдсэн нь ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1236 дугаартай албан бичгээр нотлогдож байх тул шүүгчид хүсэлт хуваарилсан ажиллагаанд зөрчил гараагүй гэж үзнэ.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч У.С нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчөөгүй байх тул тэдэнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналыг үндэслэл бүхий, хуульд нийцсэн гэж  бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.4, 112.6, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 156 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.С-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа  газрын, эсхүл ажлын газрын хаягаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.  Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                Х.ХАШБААТАР

 

ГИШҮҮН                                      Д.АРИУНТУЯА

 

                                             Б.СУГАР