МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-11-30
Дугаар 255
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүнээр Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Иргэн А.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.А, шүүгч Д.О, Д.М, Б.Т нарт холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлийг мөн өдөр илтгэгч гишүүн хүлээн аваад, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1..1 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн байна.
Илтгэгч гишүүн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дах хэсэгт заасны дагуу сахилгын хэргийг шалгах ажиллагаа явуулаад 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1..6 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:
Нэг. “...Шүүх ажиллагаа олон удаа болсон ч хэрэг одоог хүртэл шийдэгдэхгүй байгаа...” гэх агуулга бүхий өргөдөл мэдээллийн тухайд:
Иргэн А.Б нь М.И-д холбогдуулан гэм хорын хохиролд 16.076.640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ...Иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх гаргажээ.
Нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн .../ШЗ2020/0...2 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгээд, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ../ШТ2020/...42 дугаартай тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн .../ШТ2020/.....5 дугаар тогтоолоор тус тус шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн .../ШЗ2021/...60 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн .../ШШ2021/...45 дугаар шийдвэрээр “...И.Ш нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед 16 насанд хүрсэн нь тогтоогдсон тул М.И-ээс гэм хорын хохирлыг нэхэмжлэгч А.Б шаардах эрхгүй...” гэж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд тус шийдвэрт хэргийн оролцогчдоос давж заалдах гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
А.Б нь хариуцагчийг сольж И.Ш-т холбогдуулан гэм хорын хохиролд 16.076.640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр дахин гаргаж, нэхэмжлэлд ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн .../ШЗ2021/....7 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.
Тус иргэний хэрэгт хийсэн үзлэгээр дараах нөхцөл байдлууд тогтоогдсон:
2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийг гардуулж, хариуцагч хариу тайлбараа 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн, ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ..../ЗТ2021/.....85 дугаартай тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгасан,
2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагчийн өмгөөлөгч Р.М шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт, 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х хамтран хариуцагчаар хариуцагч И.Ш-ын ээж М.И-г татах хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, 2021 оны 9 дүгээр сарын 23-ны .../ШТ2021/....1 дугаартай тогтоолоор хуралдааныг хойшлуулж, хамтран хариуцагчаар М.И-г татан оролцуулж, 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагч М.И-д гардуулж, хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хариу тайлбар гаргасан,
...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн .../ШТ2021/...7 дугаар тогтоолоор нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулж, ...аймаг дахь Цагдаагийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ....05 дугаартай албан бичгээр нотлох баримт хуулбарлан ирүүлсэн,
...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн .../ШШ2021/...8 дугаартай тогтоолоор тус иргэний хэргийн шийдвэрлэсэн байх бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х давж заалдах гомдол гаргаж, ....аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн ...8 дугаартай тогтоолоор тус иргэний хэрэг хянан хэлэлцэх хугацааг 30 хоногоор сунгасан,
2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан бөгөөд ....аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн .../МА2022/...6 дугаартай магадлалаар “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр” буцаасан байна.
Тус иргэний хэрэг анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн .../ЗТ2022/...1 дүгээр тогтоолоор баталсан журмын (сх 69-75) дагуу шүүгч Д.М-д хуваарилагдаж, ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн .../ЕШ2022/...6 дугаартай захирамжаар тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.М-ийг томилсон шийдвэрийг албажуулсан,
2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х хариуцагч И.Ш-ын аав Г.Ш-ыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргаснаар ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн .../ШЗ2022/....4 дугаартай захирамжаар хүсэлтийг шийдвэрлэж Г.Ш-ыг хамтран хариуцагчаар оролцуулахаар болж, нэхэмжлэгч А.Б 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ...Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргаж өгсөн, нэхэмжлэлийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хамтран хариуцагч Г.Ш, М.И нарт тус тус гардуулснаар тайлбараа мөн өдөр шүүхэд гаргасан,
Шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн .../ЗТ2022/...65 дугаартай тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 30 хоногоор сунгасан,
Хариуцагч И.Ш нь цэрэгт явсан тул хариуцагч өмгөөлөгчийн “И.Ш нь ...аймгийн Хилийн цэргийн ...дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдсан тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулах, хэргийн материалтай танилцуулах ажиллагаа явуулахыг ...аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгаж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн .../ШЗ2022/...9 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч И.Ш-т нэхэмжлэлийг гардуулж, хэрэгтэй танилцуулж, хариуцагч нь тайлбараа ирүүлснээр 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ..../ШЗ2022/...10 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн,
Анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн .../ШТ2022/...4 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч талаас гаргасан “шүүх бүрэлдэхүүн татгалзан гаргах” хүсэлтийг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлээд Шүүгчийн зөвлөгөөний 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн .../ЗТ2022/...2 дугаартай тогтоолоор тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүний татгалзлыг хангаж, Ерөнхий шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн .../ЕШ/2022/....50 дугаартай захирамжаар тус иргэний хэргийг ....дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т зааснаар хэрэг үүсгэсэн шүүгч нь нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулахаар ажиллагааг явуулсан, мөн дээрх хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан гомдол гаргах эрхтэй захирамж бүрд зохигчдод 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэйг дурдаж гомдол гаргах хугацааг олгосон нь шүүгч нарын тайлбар болон сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүгч болон шүүхээс шалтгаалан хойшилсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хоёр. “...Тус Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.А, Д.О, Д.М, Б.Т гэсэн нийтдээ дөрвөн шүүгч л ажиллаж байгаа бөгөөд энэхүү хэргийг ээлж дараалан даргалж бүгд 2-3 удаа оролцсон, ...бүх шүүгчдээс татгалзаж хүсэлт илгээсэн боловч бүрэлдэхүүнээрээ хэлэлцэн бидний хүсэлтийг мөн л хэрэгсэхгүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэх агуулга бүхий өргөдөл мэдээллийн тухайд:
Тус иргэний хэрэг нь анх 2020 оны 8 дугаар сарын 10-нд үүсэхэд буюу А.Б-ийн нэхэмжлэлтэй М.И-д холбогдох иргэний хэргийг шүүгч Д.А даргалж, шүүгч Б.Т, Д.О нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн, харин 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр үүсгэсэн А.Б-ийн нэхэмжлэлтэй, И.Ш, М.И нарт холбогдох иргэний хэргийг шүүгч Н.Г даргалж, шүүгч Д.А, шүүгч Д.М нарын бүрэлдэхүүнтэй тус тус шийдвэрлэсэн, мөн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахад шүүгч Д.М даргалж, шүүгч Д.А, Д.О нарын бүрэлдэхүүнтэй тус тус хянан хэлэлцсэн байх бөгөөд дээрх бүрэлдэхүүн, даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн .../ЗТ2022/...1 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар томилсон шийдвэрийг тус тус албажуулж хэрэгт хавсаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг, эрх зүйн маргааныг заасан бөгөөд 81 дүгээр зүйлийн 81.1-д анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэхээр зохицуулсан.
Тус иргэний хэрэг нь шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг, эрх зүйн маргаанд хамаарахгүй тул анхан шатны шүүх хэргийг зөвлөгөөнөөр тогтоосон бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэсэн байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйл, 91.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болох бөгөөд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн бүх шүүгчдээс татгалзах хүсэлт гаргасныг ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн .../ЗТ2022/....91 дугаартай тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тогтоол гаргасан нь сахилгын зөрчил болохгүй.
Гурав: “...Давах шатны шүүх хурлын үеэр нэг зүйлийг олж мэдсэн нь хариуцагчийн өмгөөлөгч Р.М-ийн төрсөн ах Р.Мө нь ...аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажилладаг байв. Энэ нь өөр хоорондоо ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж болохоор байгаа юм. Хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа байдал, ялихгүй шалтгаануудаар сунжирч байгааг харахад ч ашиг сонирхлын зөрчилтэй гэж хардах үндэслэл байна” гэх агуулга бүхий өргөдөл мэдээллийн тухайд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр давж заалдах гомдол гаргасан байх бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ....аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мө тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай хүсэлт гаргасныг ....аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор хангаж, Ерөнхий шүүгч Р.Мө-ийг тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргаж, мөн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 3 дугаар 14-ний өдрийн .../ЕШ2022/000...8 дугаартай захирамжаар тус иргэний хэргийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Т.Э-г, шүүх бүрэлдэхүүнд шүүгч М.М /илтгэгч/ ....аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Т нарыг томилсон шийдвэрийг албажуулсан байна.
Дээрхээс үзэхэд, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мө нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар татгалзан гарах хүсэлтээ өгч, хүсэлтийг нь шүүгчдийн зөвлөгөөнөөс хангаж шийдвэрлэснээр тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд оролцоогүй буюу бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгох бөгөөд давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн хамаарал бүхий этгээд нь анхан шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа нь дээд шатны шүүхийн шүүгч анхан шатны шүүхийн шүүгч нарт нөлөөлж байна үзэх үндэслэл болохгүй.
Иймд, өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул ...аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Д.А, шүүгч Д.О, Д.М, Б.Т нарт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна.” гэжээ.
1. Шүүгч Д.А тайлбартаа: “......Иргэний хэргийн анхан шатны шүүхэд А.Б-ийн нэхэмжлэлтэй, И.Ш, М.И, Г.Ш нарт холбогдох иргэний хэрэг хянагдаж байна. Тус хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х-ын тус хороонд гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байна.
...Тус шүүх, нэхэмжлэгч А.Б-ийн хариуцагч И.Ш, М.И нарт холбогдуулан гэм хорын хохиролд 16.076.640 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авсан.
Хүлээн авсан нэхэмжлэл нь тус шүүхийн шүүгч нарын зөвлөгөөний 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн .../ЗТ2022/...1 дугаар тогтоолын 1-д зааснаар шүүгчдийн нэрсийг сугалаагаар тогтоосон дарааллаар нэгдсэн системд байршуулсан, нэгдсэн системээс урьдчилан мэдэх боломжгүй тойрог дотор санамсаргүй тохиолдлын аргаар шүүгч Н.Г-д хуваарилагдсан байна.
Шүүгч Н.Г нь дээрх нэхэмжлэлд 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба хуульд зааснаар бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх маргаан тул 2021 оны 9 дүгээр сарын 17-ны Ерөнхий шүүгчийн .../ЕШ2021/....2 захирамжаар зөвлөгөөний тогтоолд заасан шүүх бүрэлдэхүүнийг /даргалагчаар шүүгч Н.Г, шүүх бүхэлдэхүүнд шүүгч Д.А, шүүгч Б.Т нарыг томилсон шийдвэрийг албажуулсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч Б.Т-ыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас Ерөнхий шүүгчийн захирамжаар өөрчлөн шүүгч Д.М-ийг томилсон байна. /хх-45, 54/
Тухайн үед 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан ба шүүгч Б.Т, Д.О, Д.М нар тухайн хэргийг даргалж шийдвэр гаргасан зүйлгүй болно. Одоо тухайн хэрэг нь хүчингүй болж дахин хуваарилагдсан ба мөн дээр дурдсан шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор батлагдсан журмын дагуу шүүгч Д.М-д хуваарилагдсан ба 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Ерөнхий шүүгчийн ...ЕШ2022/...6 дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.М, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Т, Д.О нар томилогдсон ба шүүгч Б.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ээлжийн амралт эдлэх болсон тул бүрэлдэхүүн өөрчлөгдөж шүүгч Д.А миний бие оролцож байна. /хх-224, 232/
....аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Э даргалж, шүүгч Г.Т, М.М нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэсэн ба Ерөнхий шүүгч Р.Мө энэ хэрэгт оролцохгүйгээр татгалзах хүсэлт гаргасныг ....аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 дугаар тогтоолоор хангаж шийдвэрлэсэн, хэргийг шийдвэрлэхэд Ерөнхий шүүгч Р.Мө нь оролцоогүй байна. /хх-150/
Анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн даргалагч шүүгч нар шүүх бүрэлдэхүүнийг нэр заан танилцуулж, хуульд заасан үндэслэлээр татгалзал байгаа эсэхийг шүүх хуралдаанд биечлэн оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х-аас асуусан ба татгалзал гаргаагүй үйл баримт шүүх тус бүрийн шүүх хуралдааны тэмдэглэлд бичигдсэн. /хх-128, 164/
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч бүр иргэн, албан тушаалтан, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдийн эрхтэй болон эрхгүй этгээдээс шүүхийн бие даасан, хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого гаргасныг мэдэгдэх, нөлөөллийн мэдүүлэг хөтлөхөөр заасан ба Ерөнхий шүүгч Р.Мө-ээс ямар нэгэн байдлаар нөлөөлөх оролдлого гаргаагүй болно.
Хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн хувийн харилцаа тогтоосон, үгсэн хуйвалдсан, ямар нэгэн ашиг сонирхол харж хэргийг шийдвэрлээгүй болохыг хэлмээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “...нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг солих”, 28 дугаар зүйлийн 28.3-т нэхэмжлэгч хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй гэж тус тус заасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч нэмж татах тухай хүсэлтийг гаргасан. /хх-180/
Хүсэлтийн дагуу шүүх ажиллагааг хийж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр зарласан байгаа болно. Шүүгч Д.А миний бие болон шүүгч Б.Т, Д.О нар өмнө нь А.Б-ийн М.И-д холбогдуулан гэм хорын хохиролд 16.076.640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн ба тухайн шийдвэрт зохигч хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
Дээрх шийдвэр нь нэхэмжлэлийн шаардлага нэг боловч хэргийн оролцогч өөр бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан үндэслэлийг шүүх бүрэлдэхүүн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн .../ШШ2021/...45 дугаар шийдвэрт дурдсан боловч нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаа зөв тодорхойлоогүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удааширсан гэж үзэхээр байна. /хх-5-7/
Шүүх, хөндлөнгийн байр сууринаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг шийдвэрлэх үүрэг хүлээхээс өөрөөр санаачилгаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёсгүй юм. Хариуцагчийг сонгох нь зөвхөн нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх ба нэхэмжлэгчийн хариуцагч сонгох эрхийг шүүх, шүүх бүрэлдэхүүн, шүүгч зөвлөх, албадан эдлүүлэх боломжгүйг энд онцлон бичмээр байна.
Тус шүүхийн шүүгч Д.А би шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхдээ гадны нөлөөллийн бүх хэлбэрээс ангид байж, хэнээс ч хараат бусаар төвийг сахин шударгаар хэрэг, маргааныг шийдвэрлэж, өргөсөн тангарагтаа үнэнчээр хандаж, шүүхийн нэр хүндийн түвшнийг бууруулах аливаа үйлдлийг хийгээгүй болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн шийдвэр, мөн магадлалаас тогтоогдоно гэж найдаж байна” гэжээ.
2. Шүүгч Б.Т тайлбартаа: “...А.Б-ийн нэхэмжлэлтэй М.И-д холбогдох гэм хорын хохирол 16.076.640 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг нь тус шүүхийн шүүгч Д.А-д хуваарилагдан 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн .../Ш32020/...2 дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ../ШТ2020/...42 дугаартай шүүхийн тогтоолоор шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Улмаар тус Шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цолмонгийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн .../ЕШ2021/...60 дугаартай захирамжаар шүүх бүрэлдэхүүнийг өөрчилж шүүгч Д.А, Д.М нарыг томилсон.
Миний бие тус шүүхийн шүүгч Д.А-ын 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн захирамжийн дагуу шүүгч Д.М нь биеийн эрүүл мэндийн байдлын улмаас тус шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэх шалтгаанаар бүрэлдэхүүнд орж А.Б-ийн нэхэмжлэлтэй М.И-д холбогдох иргэний хэргийг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн .../ШШ2021/...45 дугаартай шийдвэрээр тус шүүхийн шүүгч Д.А, Д.О нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэсэн.
Энэхүү шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болсон.
Улмаар нэхэмжлэгч А.Б нь И.Ш, Г.Ш, М.И нарт холбогдуулан 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр дахин ...Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган, хянан хэлэлцэгдэж байгааг иргэн А.Х-ын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолтой танилцаад мэдлээ. Тус шинээр үүссэн иргэний хэрэгт миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцоогүй тул тухайн гомдлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
3. Шүүгч Д.О тайлбартаа: “......Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн .../ЕШ2021/...7 дугаартай захирамжаар А.Б-ийн нэхэмжлэлтэй, М.И-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд томилогдож, тус иргэний хэргийг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн .../ШШ2021/...45 дугаартай шийдвэрээр тус шүүхийн шүүгч Д.А, Б.Т нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэсэн.
Энэхүү шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргаагүй, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Улмаар нэхэмжлэгч А.Б нь И.Ш-т холбогдуулан 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ...Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган уг иргэний хэрэг тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгааг миний бие 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хуульд заасан үүргийн дагуу шүүгчдийн зөвлөгөөнд оролцох үедээ мэдсэн.
...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн .../ЗТ2022/....91 дугаартай тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х-ын тус шүүхийн бүх шүүгчдээс татгалзсан хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэж, хангахаас татгалзаж шийдвэрлэсэн” гэжээ.
4. Шүүгч Д.М Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон дараалал, журмын дагуу илтгэгч, даргалагч шүүгч Н.Г, шүүгч Д.А, Д.М нарын бүрэлдэхүүнтэйгээр А.Б-ийн нэхэмжлэлтэй М.И, И.Ш нарт холбогдох иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн .../ШШ2021/...8 дугаартай шийдвэрээр хянан шийдвэрлэсэн.
Энэ шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х давж заалдах гомдол гаргаж, ....аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн .../МА2022/...6 дугаартай “А.Б-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай” магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд зааснаар гомдол гаргах 14 хоногийн хугацаанд зохигч талууд хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй.
Давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан тус хэргийг хэрэг хуваарилах журмын дагуу 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүгч Д.М-д А.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.И, И.Ш нарт холбогдох хэргийг дахин хуваарилсныг хүлээн авч, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
....аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн .../МА2022/...6 дугаартай магадлалаар “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т зааснаар ...тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т “шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсний дагуу хариуцагч нь хариуцлага хүлээх этгээд мөн эсэхийг үндэслэлтэй тогтоож чадаагүй тул шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ” гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул шүүх дээрх зөрчлийг арилгаж, хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын зарчмаар явагддагаараа онцлог бөгөөд хариуцагчаа тодорхойлох, хэнээс юу шаардах нь нэхэмжлэгчийн туйлын эрх юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар нэхэмжлэгч талаас хариуцагчаа тодорхойлох, түүнд холбогдох шаардлагыг тодорхойлох эрхтэй бөгөөд үүнд шүүх оролцох боломжгүй юм.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х нь тээврийн хэрэгслийн эзэмшигч Г.Ш-ыг хариуцагчаар татан оролцуулахаар 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр буюу хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацаа дуусч, хэрэг дахин хуваарилагдсанаас хойш 8 хоногийн дараа “Хариуцагч нэмж татах тухай хүсэлт гаргах нь” гэсэн хүсэлт гаргасан. Хүсэлтийг хуулийн хугацаанд буюу 7 хоногийн хугацаанд 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн .../Ш32022/...4 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжаар хамтран хариуцагчаар Г.Ш-ыг татах хүсэлтийг хангасан.
Шүүгчийн захирамж гарснаас хойш нэхэмжлэгч А.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х, Т.Г нар нь нэхэмжлэлийн шаардлага, бүрдүүлбэрийг хангаж шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлэхгүй явсаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дугаар зүйлийн 71.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 30 хоногийн хугацаа дууссан.
Иймд тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн .../ЗТ2022/...65 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэргийг хугацааг 30 хоногоор сунгасан.
Нэхэмжлэгч А.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25, 26 дугаар зүйлд зааснаар хариуцагчаар М.И, Г.Ш, И.Ш нарыг тодорхойлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж, Д.М надад хэрэг хуваарилагдсанаар хойш тус шүүхэд 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйл, 72 дугаар зүйлд зааснаар шүүгч Д.М би дээрх нэхэмжлэлийн хүлээн авч нэхэмжлэлийн хувийг хуульд заасан 14 хоногийн хугацааны дотор буюу 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч М.И, Г.Ш нарт гардуулж, хариу тайлбар гаргах эрхийг хангаж, 14 хоногийн хугацааг олгосон.
Хариуцагч И.Ш-ыг шүүхэд мэдэгдэх хуудсаар дуудсан боловч цэргийн албанд татагдсан үндэслэлээр шүүхэд ирээгүй.
Хариуцагч И.Ш нь оршин суугаа хаягтаа байхгүй, ...аймгийн Хилийн цэргийн ...дугаар ангид цэргийн алба хааж байгаа учир тус шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Хариуцагч И.Ш-ын өмгөөлөгч Р.М хүсэлт гаргасан учир хүсэлтийг хангаж, тус шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн .../Ш32022/...9 дугаартай “Даалгавар гүйцэтгүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамж гарсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн энэ захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигчид тухайн шатны шүүхэд 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй тул гомдол гаргах хугацааг олгосон.
Зохигчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар энэ захирамжид гомдол гаргах хуулийн хугацаанд гомдол гаргаагүй учир ...аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд захирамжийг холбогдох баримтын хамт шуудангаар явуулсан. 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр ...аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс даалгавар гүйцэтгэгдэж ирсэн байна.
Хэргийг хянан шийдвэрлэж буй шүүгч Д.М миний бие хөдөлмөрийн тухай хуульд зааснаар урьдчилан батлагдсан хуваарийн дагуу ээлжийн амралтаа 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд эдэлсэн.
Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор батлагдсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-ын 5.1.4-т заасан хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн бусад шүүгчдэд хуваарилдаг. Харин тус хэргийн зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар хэргийг ажиллаж байгаа өөр шүүгчээр шийдвэрлүүлэх талаар хүсэлтээ гаргаагүй тул журмын гадуур бусад шүүгчдэд шилжүүлэх үндэслэлгүй болно.
Шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар тус шүүхийн хэрэг, нэхэмжлэл хуваарилах энэ журам нь tuvcort.mn цахим хуудас болон мэдээллийн самбарт нийтлэгдсэн, нийтэд нээлттэй юм.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр .../Ш32022/....10 дугаартай “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай” шүүгчийн захирамжаар сэргээсэн. Тус захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарт тухайн шатны шүүхэд 10 хоногийн дотор гомдол гаргах эрхийг хангасан.
Гомдол гаргах хугацаа 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дуусах учир хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр товлон зарласан.
Нэхэмжлэгч А.Б нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар гэм хорыг арилгуулах гэж тодорхойлсон учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан шийдвэрлэж байна.
Шүүгч миний бие шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэхдээ гадны нөлөөллөөс ангид байж, хэнээс ч хараат бусаар төвийг сахин шударгаар хэрэг маргааныг шийдвэрлэх үүргээ биелүүлж ажиллаж байгаа болно.
Хуульд заасан журмын дагуу А.Б-ийн нэхэмжлэлтэй М.И, И.Ш, Г.Ш нарт холбогдох хэрэгт хуульд заасан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгааг хуульд заасан хугацаа, журмын дагуу явуулж байгаа тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан гэх гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн А.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х “...2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр болсон авто тээврийн ослоос үүдэн бий болсон гэм хорын хохирол барагдуулахтай холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан олон удаа болсон боловч одоог хүртэл шийдэгдэхгүй байна, ...хариуцагч нарын өмгөөлөгч Р.М-ийн төрсөн ах Р.Мө тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажилладаг бөгөөд энэ нь өөр хоорондоо ашиг сонирхлын зөрчилтэй, тус аймаг дах Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий шүүгч Д.А, шүүгч Д.О, Д.М, Б.Т гэсэн нийтдээ 4 шүүгч ажиллаж байгаа ба эдгээр шүүгчид маргаан бүхий иргэний хэргийн шүүх хуралдааныг ээлж дараалан даргалж, бүгд 2-3 удаа шүүх бүрэлдэхүүнд орсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-дах хэсэгт зааснаар тус анхан шатны шүүхийн нийт шүүгчээс татгалзсан хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна, ...холбогдох хууль, журмын дагуу шалгаж,зохих хуулийн хариуцлага хүлээлгэнэ үү.” гэх өргөдлийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргажээ.
1. “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс шалтгаалан удааширч, одоог хүртэл шийдвэрлэгдэхгүй байгаа” гэх тухайд:
Иргэн А.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч И.Ш-ын төрсөн эх М.И-д холбогдуулан гэм хорын хохиролд 16.076.640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анх 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ...аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, шүүгч Д.А-ын 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн .../ШЗ2020/0...2 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.
Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улс орон даяар Корона вирусын халдвар тархсантай холбогдуулан ...аймгийн Онцгой комиссын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 44 дүгээр албан бичгээр ирүүлсэн чиглэл болон ...аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/1..6 дугаар, 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ...8 дугаар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах зарим арга хэмжээний тухай”, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн ...9 дүгээр “Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ...4 дүгээр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай захирамжууд, ...аймгийн Зуун мод сумын Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ...06 дугаар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт ажиллах зарим арга хэмжээний тухай” захирамж, ...аймгийн Шүүхийн Тамгын газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн ..21 дүгээр “Шуурхай арга хэмжээ авах тухай” тушаал тус тус гарч байсан байна.
...аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ../ШТ2020/...42 дугаар тогтоолоор авто ослын талаар тайлбар гаргуулан, хэргийн газарт нөхөн үзлэг хийж дүгнэлт гаргуулахаар ...аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийг шинжээчээр томилж, шинжээчийн дүгнэлт шүүхэд иртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэн шийдвэрлэжээ.
Мөн шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн .../ШШ2021/...45 дугаар шийдвэрээр “...нэхэмжлэгч А.Б насанд хүрээгүй И.Ш-ын учруулсан хохирлыг түүний төрсөн эх М.И хариуцахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 503 дугаар зүйлийн 503.1, 503.5 дахь хэсэгт заасанд нийцэхгүй, 14 дээш настай этгээд бусдад гэм хор учруулсан тохиолдолд түүний өмнөөс эцэг, эх...-д хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй, гэм хор учруулагч өөрөө өөрөө учруулсан хохирлоо хариуцан арилгах үүргийг хүлээхээр байна,16 настай хүүхэд иргэний эрх зүйн бүрэн чадамжтай тоогцогддог ба И.Ш нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх үед 16 нас, 6 сар, 20 хоногтой болох нь бичгийн нотлох баримтаар тогтооогдсон гээд хариуцагч М.И-ээс гэм хорын хохиролд 16.076.640 төгрөгийг нэхэмжлэгч А.Б шаардах эрхгүй гэж үзэн нэхмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар нэхмжлэгч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг зөв тодорхойлон дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй” гэж уг шийдвэртээ дурдсан байна.
Уг шүүхийн шийдвэрт хэргийн оролцогчдоос давж заалдах гомдол гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
Дараа нь нэхэмжлэгч А.Б нь хариуцагчийг сольж И.Ш, М.И нарт холбогдуулан гэм хорын хохиролд 16.076.640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг мөн шүүхэд дахин гаргасан нь шүүгч Н.Г-д хуваарилагдан, шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн .../ШЗ2021/....7 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, шүүх хуралдаан даргалагч шүүгчээр Н.Г, шүүгч Д.А, Д.М нарын бүрэлдэхүүнтэйгээр 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, .../ШШ2021/...8 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 5.259.000 төгрөгийг ханган нэхэмжлэгч А.Б-т олгож, үлдсэн 10.817.640 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өргөдөл гаргагч А.Х эс зөвшөөрч, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр давж заалдах гомдол гаргасныг ....аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн .../МА2022/...6 дугаар магадлалаар “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасныг дурдан “нэхэмжлэгч өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж үзэж буй этгээдийг хариуцагчаар тодорхойлж, нэхэмжлэл гаргах эрхтэй хэдий ч тухайн этгээд хариуцлага хүлээх эсэхийг нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр шүүх шийдвэрлэх учиртай. ...Өөрөөр хэлбэл хариуцагчаар тодорхойлогдсон этгээд нь бодит байдлаар нэхэмжлэгчийн эрх болон хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг шүүх тогтоож байж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах ёстой байжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагч нь хариуцлага хүлээх этгээд мөн эсэхийг үндэслэлтэй тогтоож чадаагүй тул шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй” гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэжээ.
Зохигчид хяналтын журмаар гомдол гаргаагүй тул ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн .../ЗТ2022/...1 дүгээр “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох тухай” тогтоолын дагуу уг хэрэг шүүгч Д.М-д 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хуваарилагдсан байна.
Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч И.Ш-ын эцэг Г.Ш-ыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 5 дугар сарын 31-ний өдрийн .../ШЗ2022/....4 дүгээр захирамжаар хангаж, хамтран хариуцагчид 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан.
Мөн нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх ба хариуцагч И.Ш ...аймгийн Хилийн цэргийн ...дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдсанаас нэхэмжлэлийн хувь гардуулах боломжгүй байсан тул хариуцагчийн өмгөөлөгч Р.М-ийн хүсэлтээр шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн .../ШЗ2022/...9 дүгээр захирамж гарч, ...аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр хариуцагч И.Ш-т нэхэмжлэлийн хувь гардуулах даалгавар хүргүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.
Хариуцагч И.Ш-т 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулж, эрх үүргийг нь болон нөлөөллийн мэдүүлгийн талаар тайлбарлаж, хэргийн материал танилцуулжээ.
...аймгийн шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/1..6 дугаар “Амралтын хуваарь батлах тухай” тушаалаар шүүгч Д.М нь 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан байх ба шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ..../ШЗ2022/...10 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээжээ.
Тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х “...,тухайн шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан ” тул шүүхийн .../ШТ2022/...4 дүгээр тогтоолоор шүүгчдийн зөвлөгөөнөөр уг татгалзлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Улмаар тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн .../ЗТ2022/...2 дугаар тогтоолоор дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн .../ЕШ2022/...50 дугаар захирамжаар иргэний хэргийг ....дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны хүрээнд тухайн иргэний хэрэгт үзлэг хийсэн байх ба А.Б-ийн нэхэмжлэлтэй, И.Ш, М.И, Г.Ш нарт холбогдох иргэний хэрэгт шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэрэг үүсгэн, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийж, 72 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт гардуулах зэргээр хуульд заасан ажиллагааг явуулжээ.
Түүнчлэн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Наймдугаар бүлэгт заасан шүүх хуралдааны бэлтгэлийг хангаж, гомдол гаргах эрхтэй шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан 10 хоногт гомдол гаргах эрхийг нь тухай бүр эдлүүлж байсан болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Өргөдөл гаргагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс шалтгаалан удааширсан гэх үйл баримт сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдсэн болно.
Иймд нэр бүхий шүүгч нараас шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шийдвэрлэгдэхгүй удааширсан гэж үзэхээргүй байна.
2. “...аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий шүүгч Д.А, шүүгч Д.О, Д.М, Б.Т гэсэн нийтдээ 4 шүүгч ажиллаж байгаа ба эдгээр шүүгчид маргаан бүхий иргэний хэргийн шүүх хуралдааныг ээлж дараалан даргалж, бүгд 2-3 удаа шүүх бүрэлдэхүүнд орсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8 дахь хэсэгт зааснаар тус анхан шатны шүүхийн нийт шүүгчээс татгалзсан хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, ...хариуцагч нарын өмгөөлөгч Р.М-ийн төрсөн ах Р.Мө тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажилладаг бөгөөд энэ нь өөр хоорондоо ашиг сонирхлын зөрчилтэй” гэх тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг, эрх зүйн маргааныг заасан бөгөөд мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт “анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ” гэж заажээ.
А.Б-ийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, зохих журмын дагуу шүүгч Д.А-д хуваарилагдаж, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн .../ШЗ2020/0...2 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, шүүгч Д.А даргалж, шүүгч Б.Т, Д.О нарын бүрэлдэхүүнтэйгээр 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн .../ШШ201/...45 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Дараа нь нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргахад шүүгч Н.Г 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн .../ШЗ2021/....7 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааныг шүүгч Н.Г даргалж, шүүгч Д.А, Д.М нарын бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэн .../ШШ2021/...8 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын 5.259.000 төгрөгийг хангаж, үлдэх 10.817.640 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрч, нэхмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр давж заалдах гомдол гаргасныг ....аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд .../МА2022/...6 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааснаар, анхан шатны шүүхийн шүүгч Д.М-д тухайн иргэний хэрэг хуваарилагдсан байна.
Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шүүх бүрэлдэхүүн, нийт шүүгчээс татгалзах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэцээд 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн .../ЗТ2022/....91 дугаар тогтоолоор уг хүсэлтийг хууульд заасан үндэслэл байхгүй байх тул хангахаас татгалзан хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.
Мөн тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х “...анхан шатны шүүхийн нийт шүүгчээс татгалзсан хүсэлтээ илгээсэн байдаг. Харамсалтай нь та нар бүрэн бүрэлдэхүүнээрээ шийдвэрлэн тогтоол гаргасан. Бид нарын гаргасан ямар ч хүсэлтийг та нар хангаж шийдвэрлэж байгаагүй. Тухайн үед ч бас тэгсэн. Одоо тэгээд бид цаашид татгалзах боломж алга. ......аймгийн анхан шатны шүүхийн нийт шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй. Хэргээ шийдвэрлүүлэхээс өөр аргагүйд хүрээд сууж байна.” гэж хэлсэн нь шүүх хуралдааны 64 дугаартай тэмдэглэлийн 2 дугаар талын 8 дугаар догол мөрөөс бичигдсэн байх ба шүүхийн .../ШТ2022/...4 дүгээр тогтоолоор “зохигч талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий эргэлзээ үүссэн” гэж үзэн шүүх хуралдааныг хойшлуулж байжээ.
Харин тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн .../ЗТ2022/...2 дугаар тогтоолоор “хэргийг хянан шийдвэрлэж буй нийт шүүгчээс татгалзсан, мөн хариуцагч нарын өмгөөлөгч Р.М нь тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мө-ийн төрсөн дүү, анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь нэг байранд үйл ажиллагаа явуулж буй нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хэргийн оролцогч нар эргэлзээ төрүүлэхүйц үндэслэл бий болсон гэж үзэхээр байна” гээд хүсэлтийг хангаж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн .../ЕШ2022/...50 дугаар захирамжаар иргэний хэргийг ....дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйл 84.1 дэх хэсэгт “Иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй”, мөн хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэл байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй гэж тус тус заасан.
....аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мө 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “тухайн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай” хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 дугаар тогтоолоор хангаж, Ерөнхий шүүгч Р.Мө-ийг тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргаж, Ерөнхий шүүгчийн 2022 оны 3 дугаар 14-ний өдрийн .../ЕШ2022/...18 дугаар захирамжаар шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Т.Э-г, шүүх бүрэлдэхүүнд шүүгч М.М /илтгэгч/ ....аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Т нарыг томилсон шийдвэрийг албажуулсан байна.
Дээрхээс үзэхэд, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мө нь хуульд заасан үүргээ биелүүлж, тухайн хүсэлтийг нь шүүгчдийн зөвлөгөөнөөс хангаснаар тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд оролцоогүй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.2 дахь хэсэгт “анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгчийн гэр бүлийн гишүүн, түүнтэй төрөл садангийн холбоотой шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт "ашиг сонирхлын зөрчил гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно” гэж тус тус заасан.
Гэвч давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн хамаарал бүхий этгээд нь анхан шатны шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн өмгөөлөгчөөр оролцож байгааг дээд шатны шүүхийн шүүгч анхан шатны шүүхийн шүүгч нарт нөлөөлж, ашиг сонирхлын зөрчил гаргаж байна үзэх үндэслэл болохгүй юм.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Д.А, шүүгч Д.О, Д.М, Б.Т нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчөөгүй байх тул тэдэнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналыг үндэслэл бүхий, хуульд нийцсэн гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.4, 112.6, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1..6 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ...Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, шүүгч Д.О, Д.М, Б.Т нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Г.ЦАГААНЦООЖ