МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-05-31
Дугаар 188
Улаанбаатар хот
Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал, холбогдох шүүгч Ц.Мөнхзул, өмгөөлөгч Б.М, ажиглагч Л.Б нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзулд холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй ...яаманд холбогдох хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б: “...“Т” ХХК-ийн илгээсэн албан бичгийн орчуулгыг нотлох баримтаар гаргуулах, энэхүү орчуулгыг өмнө шийдвэрлэсэн хэргээс авах, ...шаардлага хангахгүй дутуу нотлох баримтыг гаргуулах, гуравдагч этгээдээс нотлох баримтыг гаргуулах, ...хэргийг нэгтгүүлэх тухай хүсэлтийг тус тус гаргасан. Шүүх хуралдаан хүсэлт шийдвэрлэхээр завсарласны дараа шүүгчийн туслах У.П шүүгч Ц.Мөнхзулаас өгсөн үүргийн дагуу шүүгч О.О-ийн хянан шийдвэрлэж байгаа 1../2019/1..4/3 дугаар индекстэй захиргааны хэргээс 80 гаруй хуудас нотлох баримтыг хуулбарлан шүүгчийг зөвлөлдөх тасалгаанд байх үед хүргэж өгсөн, шүүгч эдгээр баримтыг үнэлэн захирамж гаргасан нь тогтоогдож байна. Шүүгч шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд байхдаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т заасан “шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулах” гэснийг зөрчсөн байх тул нотлох дүгнэлт үйлдэв” гэжээ.
Шүүгч Ц.Мөнхзул тайлбартаа “... “С” ХХК нь ...яаманд холбогдуулан ...лицензүүдийг илт хууль бус болохыг болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасанд захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн эсэхийг шүүх шалгах үүрэгтэй. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбартай холбогдон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т “хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг тодруулах баримтуудыг гаргуулан авсны үндсэн дээр хүсэлтийг шийдвэрлэсэн. Энэ нь гомдолд дурдсан бие даасан, хараат бус байдлаа алдаж, хөндлөнгийн нөлөөлөлд автсан бус харин хуулиар хүлээсэн хэргийн нөхцөл байдлыг тодруулах, ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх, түүнчлэн үндэслэл байгаа нь тогтоогдсон тохиолдолд хүлээн авахаас татгалзах талаарх хуулиар хүлээлгэсэн үүргийг хэрэгжүүлж гаргасан шийдвэр юм. Нотлох баримтыг цуглуулах журмыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасан. “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй ...газрын улсын байцаагчид холбогдох захиргааны хэрэгт “С” ХХК нь гуравдагч этгээдээр татагдсан, өмгөөлөгч Л.Б уг хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байгаа гэж тайлбарласан ба өргөдөлд дурдсан хуулбарлан авсан баримтууд нь дээрх захиргааны хэрэгт авагдсан, өмгөөлөгчийн танилцсан болон гарын үсэг зурсан баримтууд байсан тул шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
“С” ХХК нь ...яаманд холбогдуулан гаргасан ...дугаар бүхий эм, эмнэлгийн хэрэгслийн импорт /экспорт/-ын лицензийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, улмаар хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд 9..8 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх захирамжид нэхэмжлэгч тал гомдол гаргасан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 8.. дугаар тогтоолоор шүүгчийн 9..8 дугаар захирамжийг хүчингүй болгосон талаар өргөдөлд мөн холбогдох шүүгч тайлбартаа дурджээ.
Өмгөөлөгч Л.Б өргөдөлдөө “...шүүгч Ц.Мөнхзул шүүх хуралдаан завсарласны дараа туслахаараа өөр шүүгчийн хянаж байгаа хэргээс баахан нотлох баримтуудыг авчруулсан, хэргийн оролцогч нарт танилцуулаагүй, уншиж сонсгоогүй баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан, ...хараат бус байдлаа алдсан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ийн нөлөөлөлд орсон нь шүүгчид хориглосон зүйлийг зөрчсөн...” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.-т “захиргааны хэргийн шүүх Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16.1.6, 22.6-д заасны дагуу шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргана”, 105 дугаар зүйлийн 105.1.-т “шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаан завсарласныг мэдэгдэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахын тулд зөвлөлдөх тасалгаанд орно”, 107 дугаар зүйлийн 107.4.-т “үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасан.
Маргаан бүхий захиргааны хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн, шүүгч шүүх хуралдааныг завсарлаж шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд байхдаа шүүгчийн туслах У.П-аар тус шүүхийн шүүгч О.О-ийн хянан шийдвэрлэж буй 1../2019/1..4/3 дугаар индекстэй захиргааны хэргээс 80 гаруй хуудас нотлох баримтыг хуулбарлуулан авхуулж, уг баримтыг захирамжийн үндэслэл болгосон нь сахилгын хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамж, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.33-т “шийдвэр гаргахаар зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах, зөвлөлдөх тасалгааны нууцыг задруулах”-ыг шүүгчид хориглосон.
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангах нөхцөлийн нэг нь шийдвэрийг зөвлөлдөх тасалгаанд гаргах явдал бөгөөд зөвлөлдөж байгаа үед тухайн хэргийг хэлэлцсэн шүүх бүрэлдэхүүнээс өөр хүн байж болохгүйгээс гадна шүүгч хэн нэгэнтэй харилцах, нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулах учиргүй.
Шүүгч Ц.Мөнхзул шүүх хуралдаан завсарлаж буйгаа хэргийн оролцогчдод мэдэгдсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд тэрээр зөвлөлдөх тасалгаанд байхдаа шүүгчийн туслахаар дамжуулан өөр шүүгчийн хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргээс нотлох баримт авхуулсан нь “...зөвлөлдөх явцад бусадтай аливаа хэлбэрээр харилцах”-ыг хориглосон хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээс гадна уг баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй байна.
Хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-т зааснаар шүүхийн шийдвэрт хамаарна.
Иймд шүүгч Ц.Мөнхзул сахилгын зөрчил гаргасан талаарх илтгэгч гишүүний нотлох дүгнэлт хэргийн баримтаар тогтоогдсон, хуульд нийцсэн бөгөөд сахилгын шийтгэл оногдуулах хугацаа өнгөрөөгүй тул нотлох дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчлийн шинж чанар, үр дагаврыг харгалзан үзэв.
Харин өргөдөлд дурдсан “...шүүгч хараат бус байдлаа алдсан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нөлөөлөлд орсон” гэх байдал тогтоогдоогүй тул энэ талаарх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэл бүхий байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.3, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2-т зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзулд нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулсугай.
2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Д.ЭРДЭНЭЧУЛУУН