МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-11-28
Дугаар 254
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
... шүүгч Д.Д, Г.С нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гишүүний саналд:
“... Өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдагдсан: “... шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Э” ХХК-ийн зүгээс “Х” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэг нь 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр буюу 4 сар гаруй хугацааны дараа шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шийдвэрлэгдсэн. Шүүхийн 183/ШШ2022/01379 дугаартай шийдвэр нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гарч хүлээн авлаа. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэх, энэ хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болох заалтыг зөрчин сар гаруй хугацаа хэтрүүлэн шийдвэрлэж байгаа, гэх үндэслэлийн тухайд:
“Э” ХХК-ийн зүгээс “Х” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд ... шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШЗ2022/00263 дугаар захирамжаар Иргэний хэрэг үүсгэжээ.
... шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 183/ЕШ2022/00068 дугаар Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, Шүүх хуралдааны даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Д.Э-г томилсон шийдвэрийг албажуулсан боловч шүүгч Д.Э-н шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэнтэй холбоотойгоор шүүгч Д.Э-т хуваарилагдсан хэргүүдийг дахин хуваарилжээ.
... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ЗТ2022/00251 дүгээр тогтоолын дагуу “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй Х-д холбогдох иргэний хэрэг шүүгч Г.С-д хуваарилагдаж, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ЕШ2022/00585 дугаар Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, Шүүх хуралдааны даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Г.С-г томилсон шийдвэрийг албажуулсан байна.
Дээрх шүүхийн шийдвэрийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ө, хариуцагчийн төлөөлөгч Х.Х нарт гардуулан өгсөн баримт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн дээрх 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/01379 дүгээр шийдвэрт гомдол гаргасан бөгөөд гомдолдоо хэргийг хянан шийдвэрлэсэн хугацааны талаар мөн бичсэн[1] байх ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 210/МА2022/01295 дугаар магадлалаар хэргийг бүхэлд нь хянан үзэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, ... шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаан хийж, 183/ШШ2022/01379 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Өргөдөлд дурдагдсан дээрх үйл баримт нь нэгэнт дээд шатны шүүхээр хянагдан шийдвэрлэгдсэн үйл баримт байх бөгөөд Шүүхийн сахилгын хороонд шүүхийн шийдвэр, магадлалд үнэлэлт, дүгнэлт өгөх эрх хэмжээ олгогдоогүй болно.
“...түүнчлэн шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болж шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг хуульд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурах ба хуралдаанд оролцогч талууд дээрх хугацаа өнгөрснөөс хойш шийдвэрээ гардан авах хуулийн зохицуулалттай байсаар атал 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гарган хуулийн хугацааг 11 хоног хэтрүүлсэн” гэх тухайд:
... шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/01379 дүгээр шүүхийн шийдвэрээр хэргийг шийдвэрлэж, шийдвэрийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ө, хариуцагчийн төлөөлөгч Х.Х нарт гардуулан өгсөн баримт хэрэгт авагдсан байна.
Дээрх үйл баримтаас шүүхийн шийдвэрийг гардуулан өгсөн хугацааг тоолбол календарийн 7 хоногоор хугацаа хэтэрсэн болох нь тогтоогдож байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасан ба дээрх 7 хоногоор хугацаа хэтрүүлсэн нь хуульд заасан сахилгын зөрчилд хамаарахааргүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т “Шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна”, 119.4-т “Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна” гэж тус тус заасанчлан шүүхийн шийдвэрийг шүүхэд очиж өөрөө гардан авах эрхээ нэхэмжлэгч тал эдлэх боломжтой байсныг дурдах нь зүйтэй.
Өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдагдсан “...төлбөр төлөгч Б.Д-д холбогдох шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулах хүсэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхэд гаргасан ба 2022 оны 05 дугаар сарын 23-нд буюу сар орчим болж байж захирамжийг хүлээн авсан. Эдгээр байдлууд нь тус шүүхийн зүгээс хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааны хувьд хуулийн хугацаанд захирагддаггүй шүүгч зөвхөн өөрийн дурын хугацаанд хэрэг, маргааныг шийдвэрлэдэг, түүний цаана шүүхэд хандсан олон иргэд, аж ахуйн нэгжийн эрх ашиг цаг хугацааны хувьд чирэгдэн хохирч байдаг байдал хэвийн үзэгдэл болсон юм уу гэдэг байдал илтэд ажиглагдав” гэх тухайд:
... шүүгч Г.С нь Э ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Д-д холбогдох хэргийг хүлээн авч ... шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/00607 дугаар Шүүгчийн захирамжаар Зохигчдын эвлэрлийг батлан хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Тус шийдвэрийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ө-д, 2022 оны 03 дугаар сарын 19-ны өдөр хариуцагч Б.Д-д тус тус гардуулан өгсөн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан байх бөгөөд ... шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШЗ2022/08984 дүгээр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарган хүсэлтийг шийдвэрлэсэн байна.
Дээрх Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамжийг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгийн төлөөлөгч Д.Ө-д гардуулан өгсөн баримт хэрэгт авагдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй” гэж заасан нь шүүгчид эрх олгосон заалт байх ба шүүгчийг үүрэгжүүлсэн заалт биш байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх тодорхой хугацаа заагаагүй байх тул шүүгчийг хууль зөрчсөн, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
... шүүгч Д.Д-д холбогдуулан “...шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль буюу тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заасан хуулийн хугацаанд захирагдан хэрэг, маргааныг шийдвэрлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдыг чирэгдүүлэхгүйгээр үйл ажиллагаагаа явуулж өгөөч гэснээс биш гаргасан шийдвэртэй нь холбогдуулан гомдол гаргаагүй болно...” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
Э ХХК-ийн нэхэмжлэлтэй Х ХХК-д холбогдох гэм хорын хохирол 18.726.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч Г.С, шүүгчийн туслах О.Б нарт холбогдуулан тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Д-д 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө гомдол гаргасан.
Түүний Ерөнхий шүүгчид хандан гаргасан гомдлын агуулга нь шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн хугацаанд шүүхийн шийдвэрийг гаргаагүйтэй холбоотойгоор холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцуулах, цаашид энэ байдлыг гаргахгүй байх талаас анхааруулах гэсэн агуулгатай байсан тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгч, шүүгчийн туслахын шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс оролцох, тэдэнд арга хэмжээ авах эрх Ерөнхий шүүгчид хуулиар олгогдоогүй тул холбогдох албан тушаалтанд гомдлоо гаргах эрх нь нээлттэй болохыг дурдсан 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 183/АБ2022/02835 дугаар албан бичгээр хариу өгсөн байна.
Мөн, тус шүүхийн шүүгчийн туслахууд болоод шүүгчдэд хуулийн хугацаанд захирагдан, хэргийн оролцогчдыг чирэгдүүлэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байхыг анхааруулсан талаараа тайлбартаа дурджээ.
Хэрэгт авагдсан баримтаас ... шүүхийн Ерөнхий шүүгч Д.Д, Г.С нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.
Иймд, Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө-ийн өргөдөлтэй ... шүүхийн Ерөнхий шүүгч Д.Д, Г.С нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022.09.08-ны өдрийн “Сахилгын хэрэг үүсгэх тухай” 1168 дугаар захирамжаар ... шүүгч Д.Д, шүүгч Г.С нарт холбогдуулан илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Х” ХХК-ийн холбогдох гэм хорын хохиролд 18.726.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021.12.21-ний өдөр ... шүүгч Д.Э хүлээн авч, 2021.12.28-ны өдрийн “Иргэний хэрэг үүсгэх тухай” 183/ШЗ2022/00263 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, тус шүүхийн шүүгчдийн 2022.02.10-ны өдрийн 00251 дүгээр тогтоолоор тус хэргийг шүүгч Г.С-д хуваарилж, 2022.05.05-ны өдрийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцэж 183/ШШ2022/01379 дүгээр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Тус шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдолдоо хэргийг хянан шийдвэрлэсэн хугацааны талаар буюу Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөлд бичсэн утга агуулгаа тодорхой бичсэн, уг гомдлыг ... давж заалдах шатны шүүх 2022.07.08-ны өдөр хэргийг гомдлын дагуу бүхэлд нь хянан хэлэлцэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж 2022.07.08-ны өдрийн 210/МА2022/01295 дугаар магадлал гарч гомдлыг шийдвэрлэсэн байна.
Дээд шатны шүүх буюу давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж дүгнэжээ. Шүүхийн сахилгын хороонд шүүхийн шийдвэр, магадлалд үнэлэлт, дүгнэлт өгөх, хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй, харьяаллын бус асуудал ба 2022.05.05-ны өдрийн 183/ШШ2022/01379 дүгээр шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий байна гэж үзэж хэвээр үлдээсэн байна.
Илтгэгч гишүүн шүүхийн шийдвэрийг гардуулан өгсөн хугацааг тоолбол календарийн 7 хоногоор хугацаа хэтэрсэн болох нь тогтоогдож байна гэж үзсэн хэдий ч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж нарийвчлан хуульчлан зохицуулсан тул энэхүү 7 хоногоор хугацаа хэтрүүлсэн нь хуульд заасан сахилгын зөрчилд хамаарахааргүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг 2022.04.26-ны өдөр гаргасан, 2022.05.23-ны өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 183/ШЗ2022/08984 дүгээр захирамжаар хүсэлтийг шийдвэрлэж, захирамжийг 2022.05.26-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө гардан авчээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хуульчлан зааж өгч нарийвчлан зохицуулаагүй, хуульд хүсэлт шийдвэрлэх хугацаа заагаагүй тул шүүгчийг хуулийн илэрхий тодорхой заалтыг ноцтой зөрчсөн, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн илтгэгч гишүүний саналыг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч Г.С, шүүгчийн туслах О.Б нарт холбогдуулан тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Д-д 2022.06.04-ний өдөр “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө гомдол гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгч, шүүгчийн туслахын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс хянах, оролцох, нөлөөлөх, арга хэмжээ авах эрх хэмжээ, бүрэн эрх Ерөнхий шүүгчид хуулиар олгогдоогүй тул холбогдох албан тушаалтанд энэ талаарх гомдлоо гаргах эрх нь нээлттэй болохыг дурдаж 2022.06.15-ны өдөр 183/АБ2022/02835 дугаар албан бичгээр хариу өгсөн энэхүү үйл баримтыг илтгэгч гишүүн сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй болно гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул энэхүү саналыг хүлээн авав.
Иймд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ... шүүгч Д.Д, Г.С нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Х.ХАШБААТАР
[1] 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/01379 дүгээр Магадлалын 3 дахь тал, дээрээсээ 2 дахь мөр