info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-11-16

Дугаар 125

Улаанбаатар хот

 

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн дарга А.Номин нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Ц.Д-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн ирүүлсэн саналдаа: “....18 сарын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэж байна” гэх гомдлын талаар. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2.-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан. Шүүгч  нэхэмжлэлд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, хэргийн хугацааг шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128 дугаар тогтоолоор 30 хоногоор сунгасан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй ба энэ хугацаанд хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан үндэслэлээр хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шүүгч захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т нийцжээ.

Шүүх хуралдаанд хариуцагчийн удаа дараа гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авсан, тодруулбал, “өмгөөлөгчтэй оролцох” хүсэлтээр 2022 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн, “итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзсан тул хэргийн материалтай танилцах” хүсэлтээр 2022 оны 07 дугаар сарын 25-ний өдрийн, “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцах” хүсэлтээр 2022 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах хүсэлтээр 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан тус тус хойшлогдож байжээ.

Түүнчлэн Э.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан тул 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан хойшлогдсон,  шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4858 дугаар захирамжаар гуравдагч этгээдийг албадан ирүүлэхээр шийдвэрлэж, шүүх хуралдаан товлосон байна.

2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд шүүгчийн захирамжаар харьяаллын дагуу ... шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн, тус шүүхийн шүүгч хэргийн харьяалал тогтоолгохоор Улсын дээд шүүхэд хандсанд хариуцагч гомдол гаргасан, ...шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0042 дугаар тогтоолоор гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0062 дугаар тогтоолоор ...шүүхээр шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоосон, шүүгч хэргийг хүлээн аваад, шүүх хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагт  хийхээр товлосон. 

Хариуцагч болон гуравдагч этгээд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хангаж, мөн өдрийн хуралдаан хойшлогдсон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т “Хөгжлийн банкны гэх 84 шүүгдэгчтэй эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа ...энэхүү хэргийн шүүх хуралдаан хэзээ дуусах нь тодорхойгүй...” гэх хүсэлтийг хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулж, жич товлохоор шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1.-т “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ”, 105.2.-т “Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж заасан.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх ба хэргийн оролцогч нь эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх, хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох, мөн шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй болно.

Хэргийн оролцогч нь хуульд заасан дээрх эрхээ хэрэгжүүлж шүүх хуралдааны явцад хүсэлт гаргасныг  шүүгч хүлээн авч, шүүх хуралдаан хойшлогдож байжээ.

Шүүх хуралдаан хойшлуулах үндэслэлийг захирамжид тодорхой дурдсан, шүүгч бүрэн эрхийн хүрээнд захирамж гаргасан байх ба сахилгын хороо шүүгчийн захирамжийн үндэслэлийг хянах, түүнд дүгнэлт өгөх боломжгүй.

Түүнчлэн хэргийн харьяаллын талаар гарсан маргааныг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-т заасны дагуу явагджээ. Иймд шүүгч тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй гаргасан” гэж үзэх үндэслэлгүй байна.

2.“...2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 000/Ш32023/04489 дугаартай гэмт хэргийн шинжтэй захирамж гарган, олон хууль тогтоомж зөрчсөн...” гэх гомдлын талаар.

Шүүгч 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 4281 дугаар захирамж гарган,   “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэж, хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.

Мөн өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргасан, шүүгчийн 4489 дүгээр захирамжаар тухайн иргэний хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаар эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн, энэхүү шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар оролцсон бөгөөд тэдгээр нь хуульд заасан хугацааны дотор шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй  байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.1.-т “талууд эвлэрүүлэн зуучлуулах хүсэлт гаргасан, эсхүл шүүх эвлэрүүлэн зуучлалыг зохистой гэж үзэж санал болгосныг зохигчид зөвшөөрсөн бол шүүгч нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж энэ тухай захирамж гаргана” гэж заасан.

2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт  Даргалагчаас: Талуудад эвлэрэн хэлэлцэх санал байна уу гэхэд /Бичлэгийн 0:03:30-0:03:35/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Гэрээ хийгдсэнээс хойш гэрээтэй холбоотой үүргийн гүйцэтгэл доголдож байсан. Үүнтэй холбогдуулан холбогдох хуулийн байгууллагад гомдол гаргаж байсан. Уг гомдолтой холбогдуулан хариуцагч талтай удаа дараа уулзалт хийсэн. Уулзалтуудын шаардлага нь барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгөө төлбөрөө төлж чадахгүй бол өг гэх зүйлийг ярихад боломжгүй харин төлбөрүүдийг хэсэгчлэн төлье гээд график төлөвлөгөө, санал хүсэлтээ мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгөөд өнөөдрийг хүртэл явсан. Төлбөрөө нэг ч удаа төлөөгүй. Үл хөдлөх хөрөнгөө ямар нэгэн маргаангүйгээр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлбэл эвлэрэх саналтай байна гэв. /Бичлэгийн 0:03:37-0:43:36/

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т: Эвлэрэхэд татгалзах зүйл байхгүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 800.000.000 төгрөгийг зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс цагдаагийн байгууллагад гомдол гаргах, харьяалал зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргах зэргээр төвөгтэй нөхцөл байдлуудыг үүсгэж ирсэн. Өчигдрийн байдлаар үйлчлүүлэгчтэйгээ ярилцсан. Үндсэн төлбөрт графикаа тохироод эвлэрэхэд боломжтой. Энэ талаар ярилцаж өгнө үү төлөөлөгч нартай уулзмаар байна гэх саналыг надад тавьсан. Энэ асуудлыг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байна. Талуудын гэрээ байгуулсан цаг хугацаанд ковидын нөхцөл байдал үүссэн байсан. 2 жил гаруй хугацаанд үргэлжилсэн. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд 1 тонн хүдрийг 25 доллар гэж байсан бол Дарханы төмөрлөгийн үйлдвэр 95 доллар болгож хүдрийн үнийг нэмсэн. Үүнтэй холбоотой албан бичиг, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж вагон олдохгүй байгаа талаар нэхэмжлэгч талын компанид албан бичгээр удаа дараа мэдэгдэж байсан. Үүргийн гүйцэтгэлийг бодитоор хангахгүйгээр зайлсхийх санаа зорилго байхгүй. Давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэн үүнтэй холбогдуулан тухайлсан гэрээнд Худалдаа аж үйлдвэрийн танхимаас ямар нөхцөл байдал үүссэн талаар давагдашгүй хүчний гэрчилгээг авсан. Үндсэн төлбөрт эвлэрээд тохиролцъё. Нэхэмжлэгч талын гэрээ байгуулсан Ц, захирал В нартай уулзаж тодорхой график тохирч эвлэрэх саналтай байна. Ковидын нөхцөл байдлын дараа одоо л бизнес, эдийн засаг сэргэж байгаа учраас шууд 800.000.000 төгрөг гаргаж өгөх боломжтой компани Монголд байхгүй байх. Эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар нэхэмжлэгч талтай эвлэрье гэх байр суурьтай байна. Нэхэмжлэгч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүхийн шийдвэр баталгаажуулах арга хэмжээг авсан. Барьцаалбар үл хөдлөх хөрөнгө нь “Н” ХХК-ийн нэр дээр барьцаалбарт байгаа. Уг баримт хавтаст хэрэгт байгаа. Барьцаа хөрөнгийг зарж үрэх боломжгүй. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан тодорхой хугацаа тохирч эвлэрэн хэлэлцэхэд асуудалгүй гэж үзэж байна. Энэ нь талуудын хэн алинд нь ашигтай. Торгуулийн хувьд талууд харилцан тохиролцоод буулт хийх боломжтой. Эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтээ бичгээр өгөв. /Бичлэгийн 0:04:39-0:10:19/

Даргалагчаас: Хариуцагч талын гаргасан хүсэлттэй холбогдуулан нэхэмжлэгч талд хэлэх тайлбар байна уу гэхэд /Бичлэгийн 0:10:20-0:10:22/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хариуцагч талаас шүүхэд гаргасан хүсэлтээ надад өчигдөр утсаар мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан гүйцэтгэх албан тушаалтнуудад саналыг нь хэлэхэд үл хөдлөх хөрөнгийг манай өмчлөлд шилжүүлж өг эсхүл үүргийг гүйцэтгэлээр үүссэн төлбөрийг 100 хувь барагдуул гэж хэлсэн. Уг шаардлагыг тавьж өнөөдрийг хүрсэн гэвч нэг ч удаа идэвхтэй үйлдэл гаргаагүй. Цар тахлын улмаас компанийн нөхцөл байдал хүнд байгаа гэж зөвхөн өөрсдийн эрх ашгийг ярьдаг. “Н” ХХК бол БНХАУ-ын компани байсан. Төлбөртэй холбоотойгоор банк, санхүүгийн байгууллага, улсаас авч өнөөдрийг хүртэл хүү, алдангиа төлж байгаа. Хариуцагч 2020.02.17, 2020.01.19-ний өдөр авсан нийт төлбөрүүдийн үр шимийг өнөөдрийг хүртэл 3 жил 6 сарын хугацаанд аваад явж байгаа. Гэтэл бид энэ төлсөн төлбөртэй холбоотойгоор цаад талдаа төлбөр, хүү, алданги төлж байгаа. Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох төмрийн хүдрийг өнөөдрийг хүртэл аваагүй. Ийм нөхцөл байдал байхад зөвхөн өөрсдийнхөө эрх ашгийг ярьж хүнд нөхцөлд байгаа гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Хариуцагчийн гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.      /Бичлэгийн 0:10:23-0:12:18/

Даргалагчаас: Таны хэлсэн саналыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн. Барьцаалбар эд хөрөнгөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авагдсан учраас бид захиран зарцуулах боломжгүй. Тогтоосон цаг хугацаанд захирлуудаа хооронд нь уулзуулаад төлбөрийн асуудлыг ярих, торгуулийн 300.000.000 төгрөгт уян хатан нөхцөл байдлаар хандах, хэрвээ төлж чадахгүй бол барьцаалбарын эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангагдана гэх асуудлыг ярьсан. Энэ тал дээр та юу гэж бодож байна гэхэд   /Бичлэгийн 0:12:19-0:12:50/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Итгэмжлэгдсэн төлөөлөгчид “та удирдах албан тушаалтнаасаа 1.115.583.029 төгрөгийг ямар хугацаанд яаж төлөх   цаг хугацаагаа тодруулж өгнө үү” гэсэн боловч тодруулах боломжгүй байгаа. Эвлэрлээ гэж бодоход энэ төлбөрийг ямар хугацаанд яаж төлөх нь ойлгомжгүй байна гэв. /Бичлэгийн 0:12:51-0:13:22/

Даргалагчаас: Нэхэмжлэгч болон хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд оролцож байгаа. Компанийн эздийг хооронд нь уулзуулж торгуулийн төлбөрөөс хасах боломж байгаа эсэхийг тодруулах талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьж байгаа гэж ойлгосон зөв үү гэхэд  /Бичлэгийн 0:13:23-0:13:45/

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тийм гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хоёр захирал уулзаад энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй. “Их” ХХК-ийн гүйцэтгэх захирал Санжаа гэх хүн энэ компанийн эцсийн өмчлөгч буюу ашиг шимийг нь мэддэг хүн биш зөвхөн төлөөлөгч юм. Энэ хүнтэй би өмнө нь олон удаа холбогдож байсан. Монгол улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу компанийн өмнөөс шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш учраас ойлгомжгүй байдал үүснэ. Тиймээс ойлголцохгүйгээр өнөөдрийг хүрсэн. Хэн нь уг асуудлыг тодорхой болгож шийдвэрлэх эрх мэдэлтэй хүн бэ гэдэг нь олдохгүй байгаа. /Бичлэгийн 0:13:50-0:14:48/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Цар тахал бүх компаниудад нөлөөлсөн. Тухайн гэрээтэй холбоотойгоор манай компанийн хувьд жишээ нь “К” компанид сар бүр төлөх ёстой вагон тээврийн мөнгө 1.617.500.000 рубль буюу 614.000.000 төгрөгийг тус компанид өгсөн. Өнөөдрийг хүртэл авч чадаагүй байгаа. Тодорхой хугацаа тохирч талуудын эрх бүхий албан тушаалтнууд уулзаад хэлэлцэн тохирох боломжтой. Хариуцагчийн зүгээс мөнгөө бүхэлд нь авна гэх байр суурийг илэрхийлсэн. Үүнд уян хатан хандаж, буулт хийвэл манай зүгээс үндсэн мөнгийг төлнө. Төлөхгүй гэх санаа зорилго агуулаагүй. Эвлэрүүлэн зуучлалын явцад би үйлчлүүлэгчтэйгээ хамт байлцаад хууль зүйн үр дагаврыг нь тайлбарлах боломжтой. График тохироод эвлэрвэл эхний графикийн төлөлт хийгдэхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдана. Эвлэрэн хэлэлцэж уг асуудлыг шийдвэрлүүлье. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь гүйцэтгэх захирал Санжаа юм. Тухайн асуудалд төлөөлөх боломжтой. Гуравдагч этгээд байхгүй байгаа учраас үл хөдлөх хөрөнгө нь хэрхэх вэ. Эвлэрвэл аль аль талдаа цаг хугацаа хийгээд бүхий л талаараа боломжтой нөхцөл байдал үүснэ.   /Бичлэгийн 0:14:54-0:18:10/ гэжээ.

Шүүх хуралдаанд зохигч талууд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх санал гаргасан тул шүүгч хэргийг эвлэрүүлэн зуучлагчид  шилжүүлснийг  хууль зөрчсөн гэж үзэж буруутгах боломжгүй  байна.   Гэвч нэхэмжлэгч тал эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ирээгүй, хариуцагчийн тавьсан саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болжээ.  Шүүгч 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдаан товложээ. Монгол Улсын шүүхийн тухай  хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул ... шүүхийн шүүгч Ц.Д-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Шүүгч Ц.Д тайлбартаа: “... “... Н ХХК-ны нэхэмжлэлд 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн,  хариуцагч “Их” ХХК-ийн захирал Б.С нэхэмжлэлийг гардан авч /эрх үүрэгтэйгээ танилцсан/, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х хариу тайлбар ирүүлж, эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлгийн баримт зэрэгтэй танилцсан. Хариуцагч нь 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүгч Ц.Д надаас татгалзсаныг Ерөнхий шүүгч 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.

2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагч “Их” ХХК-ийн банкны харилцах дансны хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр буюу 1,115,583,029 төгрөгийн хэмжээгээр битүүмжилж шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х-д 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүгчийн туслах Ө.О 9500000 дугаарт холбогдон мэдэгдсэний дагуу мейл хаягаар явуулж танилцуулсан байна.

2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 000/Ш32022/02464 дугаар захирамжаар хариуцагч “Их” ХХК-ийн дансны гүйлгээг /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар/ зарлагын хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээ авсан. Дээрх захирамжид 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х гомдол гаргасныг тус шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 000/ШТ2022/00090 дугаартай тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зохигч нарт шүүгчийн туслах Д.О гардуулсан байна. Шүүгчийн туслах Ө.О-гийн зүгээс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нартай тус тус холбогдон /шинээр гаргаж өгөх санал хүсэлт нотлох баримт байгаа эсэх талаар тодруулан/ 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 000/Ш32022/03268 дугаарт Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж /шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минутад товлосон/ гаргасан. 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минутад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж байх үед цахимаар оролцож байсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэх, хавтаст хэргийн материалтай танилцах эрхээр минь хангаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг харгалзан үзэж 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг хүртэлх хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан.

Энэ хугацаанд миний бие Хөдөлмөрийн тухай хуульд заасан ээлжийн амралтаа эдэлсэн ба мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан зарлахад боломжит хугацааг асууж шүүх хуралдааныг дахин хойшлуулахгүйгээр шийдвэрлэхийг талуудад мэдэгдэж, тухайн шүүх хуралдааныг хойшлуулсан.  2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн шүүх хуралдаанд хариуцагч “Их” ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон Г.Х татгалзаж, Ж.С томилж, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан хариуцагчийн бүрэн эрхийг эдэлж, үүргийг хүлээлгэсэн.Тус шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С нь хавтаст хэргийн материалтай танилцах, хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаж шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүхэд гаргасан учир шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангахаар шүүх хуралдааныг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүртэл буюу 2 хоногийн хугацаагаар хойшлуулсан болно.

 Хариуцагч “Их” ХХК-ны зүгээс 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С татгалзсан хүсэлтээ дахин ирүүлж, мөн тухайн өдөр Ц.М-г 1 жилийн хугацаатай итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон ба 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд У-Э-ийн чиглэлийн төмөр зам байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас усанд угаагдан, эвдэрсний улмаас ирэх боломжгүй болсон тухай /Улаанбаатар Төмөр замын тодорхойлолт, Зорчих тасалбар хэрэгт авагдсан/ баримтаа хүсэлтийн хамт шүүхэд ирүүлсэн. Эдгээр баримтуудыг шүүх үндэслэн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааныг дахин хойшлуулж, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагт хийхээр товлосон.

 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нь нэхэмжлэгч “Н” ХХК нь “хариуцагч “Их” ХХК-иас 1,115,583,029 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, нэхэмжлэлийн “үүргийн гүйцэтгэлийн барьцаанд иргэн Э.Б-ийн хөрөнгө байгаа тул энэ асуудалд иргэн Э.Б-ийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна, эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээд шүүхээс гарах шийдвэрийг мэдэх эрхтэй тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд нэхэмжлэлийн хувийг гардуулах, эрх үүрэг тайлбарлах гэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг журмын дагуу хэрэгжүүлэхээр шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулсан болно.

 Шүүхээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Б-ийн 99........ дугаарт 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирж нэхэмжлэл гардан авах, эрх үүрэг танилцуулах талаар мэдэгдэхэд “би сувилалд хэвтэж байгаа 10 хоног эмчлүүлээд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гараад шүүхэд очих боломжтой гэсэн” байдаг. Шүүхээс дуудсан хугацаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Б ирээгүй тул дахин мэдэгдэхэд “2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр шүүхэд очно” гэсэн байдаг. Дахин шүүхэд ирүүлэх талаар шүүгчийн туслах Ө.О залгахад “амьсгалын аппараттай байна ярих боломжгүй байна” гэж мэдэгдсэн байсан. Шүүхээс /шүүгчийн туслахын зүгээс/ удаа дараа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Б-ийг дуудаад ирээгүй тул 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 000/Ш32022/04858 дугаар захирамжаар албадан ирүүлэх талаар шүүгчийн захирамжийг гаргасан.  2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ... дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгаас бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.Б-ийг албадан ирүүлсний дагуу эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлгийн баримттай танилцуулан холбогдох ажиллагааг хийсэн.

2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 000/Ш32022/05266 дугаарт захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагт хийхээр товлосон. 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нь хариуцагч “Их” ХХК нь ... аймагт үйл ажиллагаа явуулдаггүй Улсын бүртгэлийн гэрчилгээ нь ..... аймгийн ...... сумын 307 тоотод бүртгэлтэй хаягтай, уг хаяг дээрээ үйл ажиллагаагаа байнга явуулж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар ...шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 000/Ш32022/05594 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн.

 Гэтэл ... шүүх нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 132/Ш32022/02277 дугаартай захирамжаар Хэргийн харьяалал тогтоолгохоор Улсын дээд шүүхийн Иргэний танхимд хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү хэргийн харьяалал тогтоолгох захирамжийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М эс зөвшөөрч гомдол гаргасныг ...2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 132/ШТ2022/00042 дугаартай шүүхийн тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байсан.

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2023/00062 дугаар тогтоолоор ... шүүхээр шийдвэрлүүлэхээр шүүхийн харьяалал тогтоосон. Тус шүүхэд хэрэг дахин хуваарилагдан ирж, хэргийн оролцогч нартай холбогдон шүүх хуралдаан зарлах хугацааг товлох талаар мэдэгдэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М итгэмжлэлээсээ татгалзаж байгаа талаараа мэдэгдсэн бөгөөд “Их” ХХК-ийн захирал Б.С-тай холбогдоход Ц.М-гаас татгалзаж байгаа, өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж итгэмжлэлээ явуулахаа мэдэгдсэн ч удаа дараа шүүгчийн туслах шаардахад хариу ирүүлээгүй. Энэ талаар мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тухай бүрд нь мэдэгдэж байсан.

2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хуралдааныг товлон зарлах захирамж гарч 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдаан хийхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Т нь “... шүүхэд Хөгжлийн банкны гэх 84 шүүгдэгчтэй эрүүгийн хэрэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа тул шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхээр хангаж хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт ирүүлсний дагуу шүүх хуралдааныг хойшлуулж, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдааныг товлон 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 08 цаг 30 минутад товлогдсон хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн. Шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд утас нь холбогдохгүй байсан ба шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.Т-аас “эвлэрүүлэн зуучлал руу шилжүүлж өгнө үү” гэх хүсэл гаргасныг хангаж шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д "нэхэмжлэлийн бүх шаардлага, эсхүл аль нэг буюу хэд хэдэн шаардлагатай холбогдуулан хэргийг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах” заасан байдаг. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т “...Алдангийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нар мэдэхгүй байна. Иймд хоёр компанийн захирлуудыг уулзуулах шаардлагатай. Үндсэн үнийн дүнгээ бол зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч “Н”-г ХХК-ийн захирал нь Хятад улсын иргэн тул уулзах боломжгүй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д заасанчлан эрхийг минь хангаж, “Н” ХХК, “Их” ХХК-ийн захирлуудыг уулзуулж алдангиас хасах ямар боломж байна тэрийг ярилцах боломж олгож өгнө үү гэдэг. Мөн нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г “...миний хувьд алданги хасах талаар мэдэхгүй, компанийн захирал мэдэх асуудал...” гэдэг.  Иймд зохигчдын дээрх хүсэлт, саналуудыг үндэслэн эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг хийлгэхээр холбогдох хууль, журмын дагуу хэргийг шилжүүлсэн. Тодруулбал, зохигч дээрх хүсэлтийг гаргах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7, 80 дугаар зүйлийн 80.1.9-д зааснаар хэргийг түдгэлзүүлж, Эвлэрүүлэн зуучлалд шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж шүүгч би үзсэн тул гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Л.Г-оос ... шүүхийн шүүгч Ц.Д-д холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ГЗҮ/2023/0098 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Өргөдөл гаргагч “...18 сарын хугацаанд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Энэ хугацаанд маш олон удаагийн илтэд хууль бус ажиллагаа явуулсан” гэх өргөдлийг гаргасан.

“Н” ХХК-иас “Их” ХХК-д холбогдуулан “гэрээний үүрэгт 1.115.583.029 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлтийг барьцаа хөрөнгөөр гаргуулах” нэхэмжлэл гаргасныг шүүгч Ц.Д хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 000/ШЗ2022/01687 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн дараах ажиллагаануудыг явуулжээ.

Хариуцагчид 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 510 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 000/ШЗ2022/02464 дугаар шүүгчийн захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж, тус захирамжид гарсан гомдлыг бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 000/ШТ2022/00090 дугаар шүүхийн тогтоолоор захирамжийг хэвээр үлдээсэн. 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 128 дугаар шүүгчийн зөвлөгөөний тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгасан. 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 000/ШЗ2022/03268 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 09 цаг 00 минутад хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд хэргийн оролцогчдын хүсэлтээр 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тус тус шүүх хуралдааныг хойшлуулж байсан.

Мөн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 000/ШЗ2022/04858 дугаар шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг албадан ирүүлэхээр шийдвэрлэж, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 000/ШЗ2022/05594 дугаар шүүгчийн захирамжаар “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг ...шүүх рүү шилжүүлсэн байна.

...шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 132/ШЗ2022/02277 дугаар шүүгчийн захирамжаар хэргийн харьяаллыг тогтоолгохоор Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд хүргүүлсэн байх бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2023/0062 дугаар тогтоолоор тус иргэний хэргийн харьяаллыг ... шүүхэд байхаар тогтоосон.

... шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 000/ШЗ2023/02094 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цаг 00 минутад хийхээр товлож, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шүүх хуралдааныг тус тус хойшлуулж,  2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 000/ШЗ2023/04489 дугаар шүүгчийн захирамжаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

... шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 752 дугаар тэмдэглэлээр нэхэмжлэгч эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй, хариуцагч байгууллагын тавьсан саналыг хүлээн зөвшөөрөхгүй, эвлэрэх боломжгүй гэсэн байр суурьтай байгаа тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна. Шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 000/2023/05368 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа нь тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2 дахь хэсэг “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж зааснаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 90 хоногийн хугацаанд явуулахаар зохицуулсан. 

 Шүүгч Ц.Д нь 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх бөгөөд шүүгчээс шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан, хууль бус ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдохгүй байна.

Иймд шүүгч Ц.Д-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн өргөдөл гаргагч “...2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 000/Ш32023/04489 дугаар гэмт хэргийн шинжтэй захирамж гарган, олон хууль тогтоомж зөрчсөн тул шалган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эвлэрэн хэлэлцэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд шүүгч 000/ШЗ2023/04489 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.1 дэх хэсэгт “Талууд эвлэрүүлэн зуучлуулах хүсэлт гаргасан, эсхүл шүүх эвлэрүүлэн зуучлалыг зохистой гэж үзэж санал болгосныг зохигчид зөвшөөрсөн бол шүүгч нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж энэ тухай захирамж гаргана”, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, зохигч эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна. Зохигчид эвлэрэх хүсэлтэй байгаа тохиолдолд эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах эсэхийг асууна” гэж заасны дагуу шүүгч хариуцагчаас гаргасан эвлэрэх хүсэлтийг хүлээн авч эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй.

Иймд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Ц.Д-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ГС/2023/0109 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Ц.Д-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 ДАРГАЛАГЧ                                               Д.АРИУНТУЯА

      ГИШҮҮН                                                 Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                         Б.СУГАР