МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-11-22
Дугаар 129
Улаанбаатар хот
Сахилгын хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн дарга А.Номин нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
... шүүхийн Ерөнхий шүүгч Р.А-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0119 дугаар саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “Шалгах ажиллагааны явцад сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Г.Э-с 7.281.100 төгрөг гаргуулах тухай Ч.Н-н нэхэмжлэл шүүгч А.З-д хуваарилагдсан, тэрээр 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ... /ШЗ2023/12601 дүгээр захирамжаар тухайн иргэний хэргийг 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 09 цагт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоосон, даргалагчаар шүүгч А.З , бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Р.А , шүүгч Ч.М нар томилогдсоныг Ерөнхий шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ... /ЕШ2023/01967 дугаар захирамжаар баталгаажуулсан байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Т- ийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.
Тус шүүх 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хэргийг хэлэлцээд .../ШШ2023/02755 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн .../МА2023/01780 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч гэм хорын хохирол нэхэмжилсэн, энэ тохиолдолд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-т заасны дагуу 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх ба шүүх бүрэлдэхүүн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-т заасны дагуу томилогдсоныг Ерөнхий шүүгч албажуулсан нь Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т нийцжээ.
Харин тухайн иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад холбогдох шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан хориглосон үйлдэл гаргасан эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1.”... мэдүүлгээ ярьж эхлэх гэтэл Ерөнхий шүүгч Р.А хурлаас хөөж гаргана гэж айлган дарамталж сандарган, .... хурлыг маш дээрэнгүйгээр манлайлан ямар ч тайлбар тавьж, нотлох баримт ирүүлж, үг хэлэх боломж цаг хугацаа олгоогүй... хариуцагч Г.Э нь хурлын явцад цагдаа дагуулж эхнэр хүүхдээ айлган сүрдүүлсэн /гүтгэлгийг протоколд тусгаагүй нь буруу/, намайг сөрөг тайлбар үг хэлэх гэхээр дахин хөөж гаргана гэж хоёрдох удаагаа хэлсэн..., хариуцагчид нэг ч удаа гүтгэлэгт нь сануулга өгөөгүй,...хариуцагчийн өмнө ичгүүртэйгээр гутаасан, ...2021.12.21-ний өдрийн эмчийн үзлэгийн картад бичигдсэн гэмтлийн түүхийг өөрөө гаргаж ойлгож уншиж чадахгүй болохоороо өмгөөлөгч бид хоёрыг хурдан унш тэгээд юу юу гээд байгаа юм бэ гэж илэрхий уурлан загнаж бүдүүлэг харилцаа үүсгэсэн,... шүүгчийн чадвар дутмаг байгааг харуулсан” гэх гомдлын тухайд
Анхан шатны шүүх хуралдааны дэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт зохицуулсан.
а/Шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгээс үзвэл, даргалагч шүүх хуралдааныг нээж, ирц, хэргийн оролцогчдын эрхийг шалгаж, шүүх бүрэлдэхүүнийг зарлаж, татгалзан гаргах эрхийг тайлбарлан өгч, энэ талаар хүсэлт байгааг тодруулж, улмаар шүүх хуралдааны дэгийг танилцуулж, хэргийн оролцогчийн эрх үүргийг нэг бүрчлэн тайлбарлан өгч шүүх хуралдааны дарааллыг тогтоож, хэрэг хэлэлцэх ажиллагаа явагдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2.-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлохын тулд нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, хариуцагчийн зүгээс гаргаж буй тайлбар, нотлох баримтыг няцаах учиртай.
Шүүх хуралдаан даргалагч нэхэмжлэгчид хандан нэхэмжлэлийн шаардлагаа ярихыг 2 удаа сануулахад тэрээр тодорхой хэлээгүй, энэ үед шүүгч Р.А “товчхон ярь, хэрэгт бүх баримтууд байгаа. Хэдэн төгрөг нэхэмжилсэн талаараа яриа ...” гэхэд нэхэмжлэгч “1.469.100 төгрөг нэхэмжилж байгаа. Нэхэмжилсэн үнийн дүнгээсээ 650.000 төгрөг, эхо зургийн 140.000 төгрөгийг хасаад засаж бичсэн байгаа гэжээ. /Бичлэгийн 0:16:37-0:16:41, 0:16:42-0:16:56/.
Даргалагч нэхэмжлэлийн шаардлага бүрийг нэг бүрчлэн тодруулж асуухад нэхэмжлэгч дахин давтан ярьсан, энэ үед шүүгч Р.А нэхэмжлэгчид сонсохыг сануулж, сууж бай гэж хэлжээ. /Бичлэгийн 0:20:43-0:20:44, 0:20:53/ Хэрэг хэлэлцэх дарааллын дагуу хариуцагч хариу тайлбараа гаргаж байх үед нэхэмжлэгч тайлбар хэлье гэхэд шүүгч Р.А : Та суу, таныг тайлбар хэл гэж хэлээгүй шүү дээ. Өмгөөлөгч зөвлөгөө өгсөн байх ёстой доо гэжээ. /Бичлэгийн 0:21:13-0:25:20/
Нэхэмжлэлийн шаардлагадаа нэхэмжлэгч юу хүсэж байгаагаа илэрхийлдэг тул шаардлагаа тодорхой гаргах учиртай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн тайлбарын агуулгыг тусгадаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан шаардлага, тайлбарыг шүүх анхааралтай судалж, агуулгыг нь шийдвэрт тусгах тул хуралдаан даргалагч болон шүүгч нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж асуусныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Шүүх нотлох баримт шинжлэн судалсны дараа хариуцагч тайлбар гаргаж байхад нэхэмжлэгч түүнтэй зэрэгцэж ярихад шүүгч Р.А : “...таныг хуралдааны танхимаас гаргана шүү” гэжээ. /Бичлэгийн 0:25:16-0:25:17/
Даргалагч хариуцагчаас асуулт байна уу гэхэд нэхэмжлэгч “чи яагаад намайг хэвтэрт ортол зодох болов. Өнөөдөр бурхан бүгдийг харж байгаа. Би худал зүйл хэлэхгүй. Гэрч хэрэгтэй гэж байвал би гэрч авчирч болно” гэхэд шүүгч Р.А : Юу асууж байгаа вэ? Асуултаа асууна уу, Даргалагч: Таныг зодоогүй гэх хариу өгсөн. Танд өөр асуух асуулт байна уу, шүүгч Ч.М : Эхлээд асуултаа асуугаад дараа нь тайлбараа хэлнэ үү /Бичлэгийн 0:27:24-0:27:28/, шүүгч Р.А : Өмгөөлөгч үйлчлүүлэгчдээ зөвлөгөө өгч, өмгөөлөгчөөр нь оролцож байгаа бол хуралдааны дэгийг ойлгуулсан байх ёстой шүү дээ. ...Шүүх хуралдаанд дэг сахиж оролцоно. Дураараа орилж, ярьдаг газар биш. Таныг дахин шүүх хуралдааны дэг зөрчвөл хуралдааны танхимаас гаргаж байгаад хэргийг шийдвэрлэнэ. Ойлгож байгаа юу /Бичлэгийн 0:27:29-0:27, 00:27:41, 00:28:46-0:28:58/ гэжээ.
Шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй ба шүүх хуралдааны журам зөрчсөн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх учиртай.
Даргалагч шүүх хуралдаан эхлэхэд энэхүү журмыг танилцуулсан байх ба нэхэмжлэгч хариуцагчтай зэрэгцэж ярих, мөн даргалагчийн тавьсан шаардлагыг үл биелүүлж, асуултаа тодорхой тавиагүй тул шүүгч Р.А энэ талаар сануулсныг “...айлгасан, дарамталсан, ...үг хэлэх боломж олгоогүй, ...гутаасан гэж үзэх боломжгүй...”.
б/Шүүх хуралдааны бичлэгт: нотлох баримт шинжлэх судалъя гэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Амбулаториор эмчлүүлэгчдийн картыг шинжлэн судлуулъя гэв. /Бичлэгийн 0:43:40-0:43:42/
Даргалагч: Аль хэсгийг нь судлуулах вэ гэхэд /Бичлэгийн 0:43:43/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Бүхэлд нь судлуулъя гэв. /Бичлэгийн 0:43:44/
Даргалагчаас: 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр юм уу. Бичиг нь гаргагдахгүй байна гэхэд /Бичлэгийн 0:43:45-0:45:54/
Шүүгч Р.А : Өмгөөлөгч өөрөө бичгийг нь гаргаж байгаа бол уншчих эмчийн бичсэн зүйл ерөөсөө гаргагдахгүй байна. Эндээс тулгаад харчихъя гэв. /Бичлэгийн 0:43:57-0:44:05/
Даргалагч: Та уншаад өгөөч бичиг нь гаргагдахгүй байна гэв. /Бичлэгийн 0:44:06/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Амбулаторийн картад бичигдсэн зүйлийг уншив. Эмчийн бичиг сайн гаргагдахгүй байна гэв. /Бичлэгийн 0:44:30-0:47:08/
Даргалагч: Нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулан нэмэлт тайлбараа давхцуулахгүйгээр хэлнэ үү гэжээ. /Бичлэгийн 0:52:50/
Дээр дурдсанаас үзвэл, өргөдөлд дурдсан “...2021.12.21-ний өдрийн эмчийн үзлэгийн картад бичигдсэн гэмтлийн түүхийг өөрөө гаргаж ойлгож уншиж чадахгүй болохоороо өмгөөлөгч бид хоёрыг хурдан унш тэгээд юу юу гээд байгаа юм бэ гэж илэрхий уурлан загнаж бүдүүлэг харилцаа үүсгэсэн...” гэх байдал тогтоогдоогүй болно.
Нэхэмжлэгч шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн талаар гомдол гаргаагүйгээс гадна бүрэлдэхүүн буюу холбогдох шүүгчийн хувьд тэмдэглэлд засвар оруулах ажиллагаа явуулах үүрэггүй тул “...хариуцагч Г.Э нь хурлын явцад цагдаа дагуулж эхнэр хүүхдээ айлган сүрдүүлсэн гүтгэлгийг протоколд тусгаагүй нь буруу” гэх гомдол шүүгч Р.А-д хамааралгүй болно.
2.”...Ерөнхий шүүгч Р.А хэтэрхий нэг талыг баримталж хариуцагчийн талд ажилласан....” гэх гомдлын талаар. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах бөгөөд шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна.
Шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгээс үзвэл шүүх хуралдаан даргалагч хэргийн оролцогчдын тайлбар гаргах, хэн алинаас асуулт асуух, нотлох баримтыг шинжлэн судлах бүхий боломжийг тодруулбал, мэтгэлцэх эрхийг бүрэн хангасан, эрхээ хэрэгжүүлэхэд нь шүүх бүрэлдэхүүний зүгээс ямар нэг саад хийгээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3.-т” хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж байгаа бол олонхийн саналаар шийдвэр гаргана” гэж заасан. Энэ зохицуулалтаар шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхын саналаар шийдвэрлэх тул “..хэтэрхий нэг талыг баримталж, хариуцагчийн талд шийдвэр гаргасан” гэх гомдол үндэслэлгүй. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20, 50.1.23-т заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул ...шүүхийн Ерөнхий шүүгч Р.А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв....” гэжээ.
Шүүгч Р.А Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: “Шүүгч би А.З шүүгчийн даргалсан Ч.Н-н нэхэмжлэлтэй Г.Э-д холбогдох гэм хор учруулсны хохирол 7 281 100 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн бүрэлдэхүүнд орж, хэргийг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж шүүхийн шийдвэр гаргасан. Шүүх хуралдаанаар хэргийг нэхэмжлэлийн шаардлага, татгалзал, хэрэгт цугларсан баримтын хэмжээнд хэлэлцэх ба нэхэмжлэгч Ч.Н нь хэрэг хэлэлцэх шатанд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар хангалттай тайлбарласан. Харин эсрэг талыг тайлбар, татгалзлаа гаргахад хөндлөнгөөс оролцох, шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүйгээр үг хэлэх зэргээр шүүх хуралдааны дэгийг зөрчсөн. Талууд тэгш эрхийг эдлэх бөгөөд аль нэг тал давуу байдлыг бий болгох учиргүй. Нэхэмжлэлийн шаардлагаас гадуур тайлбар гаргасан тул шүүгчийн хувьд чиглүүлж, тайлбарласан болно. Түүнээс гадна, нэхэмжлэгч шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцсон, энэ тохиолдолд өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээ дэг зөрчиж байгаа бол сануулах, зөвлөх үүрэгтэй. Энэ талаар сануулах нь хэргийн оролцогчийг дарамталсан, айлгасан, хэт нэг талд үйлчилсэн гэх гомдол үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэрийг хамтын зарчмаар шийдвэрлэж Ч.Н-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нэг шүүгчийн саналаар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Тус шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч Ч.Н эс зөвшөөрч гомдол гаргасан байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн .../МА2023/01780 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна. Шүүгчийн хувьд ёс зүйн зөрчил гаргаагүй гэж үзэж байна. Гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Иргэн Ч.Н-н ...шүүхийн Ерөнхий шүүгч Р.А-д холбогдуулан гаргасан өргөдөлд 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдийн ГЗҮ/2023/0099 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0119 дугаартай санал гаргажээ.
Иргэн Ч.Н-н “гэм хорын хохиролд 7 281 100 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл шаардлагатай 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанаар ...шүүхийн шүүгч А.З даргалж, Ерөнхий шүүгч Р.А , шүүгч Ч.М нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж .../ШШ2023/02755 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргаж, гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж .../МА2023/01780 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Нэг. Өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдагдсан: “...Ерөнхий шүүгч Р.А мэдүүлгээ ярьж эхлэх гэтэл Ерөнхий шүүгч Р.А хурлаас хөөж гаргана гэж айлган дарамталж сандарган, .... хурлыг маш дээрэнгүйгээр манлайлан ямар ч тайлбар тавьж, нотлох баримт ирүүлж, үг хэлэх боломж цаг хугацаа олгоогүй... хариуцагч Г.Э нь хурлын явцад цагдаа дагуулж эхнэр хүүхдээ айлган сүрдүүлсэн /гүтгэлгийг протоколд тусгаагүй нь буруу/, намайг сөрөг тайлбар үг хэлэх гэхээр дахин хөөж гаргана гэж хоёрдох удаагаа хэлсэн..., хариуцагчид нэг ч удаа гүтгэлэгт нь сануулга өгөөгүй,...хариуцагчийн өмнө ичгүүртэйгээр гутаасан.” гэх агуулга бүхий үндэслэлийн тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан ...шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, хуралдааны бичлэгт хийсэн илтгэгч гишүүний үзлэгийн тэмдэглэл зэргээс үзэхэд даргалагч шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвадугаар бүлэгт заасан шүүх хуралдааны нийтлэг журам, шүүх хуралдаанд оролцогчдын эдлэх, эрх үүргийг тайлбарлаж, хуралдааны дарааллыг тогтоосон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж заасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлохын тулд нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт хариуцагчийн гэм бурууг нотолж, хариуцагчийн зүгээс гаргаж буй тайлбар, нотлох баримтыг няцаах учиртай.
Мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т “Шүүх хуралдааны танхимд байгаа бүх хүн шүүхийг хүндэтгэх, хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй” гэж заасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ч.Н нь шүүхийг хүндэтгэх, шүүх хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүргээ зөрчиж зүй бус үйлдэл гаргасан болох нь хуралдааны бичлэгийн:
0:15:44-0:15:49 Даргалагч шүүгч: Ямар асуудал болсныг ойлголоо. Таны нэхэмжлэлд 6 нэхэмжлэлийн шаардлага байна. Энэ талаараа ярина уу гэхэд.
0:15:50-0:16:28 Нэхэмжлэгч Ч.Н : Нэмэгдүүлсэн зардлыг хураагаагүй энэ талаар ч мэдээгүй. Хамаатан болохоор бас энийг өрөвдөөд эмнэлэгт үзүүлээгүй. Эмнэлэгт орой үзүүлсэн учраас гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Гэмтэл тогтоогдсон гэдгийг шүүх, прокуророос нотолсон. Гэмтэл тогтоогдсон гэдгийг Улсын дээд шүүх, Нийслэлийн прокурор тогтоосон байхад яагаад гомдол гаргасан гэхээр би гомдолтой байна. Би төлбөр мөнгөө авч чадахгүй байна гэж хэлсэн.
0:16:29-0:16:30 Даргалагч шүүгч: Эмнэлгийн зардалд та хэдэн төгрөг нэхэмжилсэн бэ гэхэд.
0:16:31-0:16:36 нэхэмжлэгч: Прокурор надад та ийм болчхоод яаж чадахгүй та өмгөөлөгч ав гэсэн.
0:16:37-0:16:41 Шүүгч Р.А : “Товчхон ярь, хэрэгт бүх баримтууд байгаа. Хэдэн төгрөг нэхэмжилсэн талаараа ярь.” гэхэд
0:16:42-0:16:56 Нэхэмжлэгч: 1.469.100 төгрөг нэхэмжилж байгаа. Нэхэмжилсэн үнийн дүнгээсээ 650.000 төгрөг, эхо зургийн 140.000 төгрөгийг хасаад засаж бичсэн байгаа гэв.
0:20:33-0:20:37 Нэхэмжлэгч: Шүүхээс өгөхгүй гэж шийдвэрлэсэн. Өмгөөлөгч авахаас өөр аргагүй гэв.
0:20:38-0:20:42 Даргалагчаас: Нэхэмжлэгч асуулт асуух гэтэл нэхэмжлэгч давхардаж ярив.
0:20:43-0:20:44 Шүүгч Р.А: Ширээгээ тогшиж нэхэмжлэгчид сонсохыг сануулав.
0:20:44-0:20:45 Даргалагчаас: Нийт хэдэн төгрөг нэхэмжилж байгаа вэ гэхэд.
0:20:46-0:20:47 Нэхэмжлэгч: Нийт 7.281.000 төгрөг гэв.
0:20:48 Даргалагчаас: За болсон та сууна уу гэхэд.
0:20:49-0:20:50 Нэхэмжлэгч: Энэ бол юу ч биш гэв.
0:20:41 Даргалагчаас: Та суучих гэхэд.
0:20:51-0:20:53 Нэхэмжлэгч: Би бэлэн болон бэлэн бусаар үрсэн баримт надад байна гэв.
0.20.53 Шүүгч Р.А : Болсон та сууж бай гэхэд.
0:20:54-0:21:01 Нэхэмжлэгч: Би үүнийг нэхээгүй. Өөрийнхөө сэтгэлийг бага ч болов тайларлая гэсэн гэв.
0:21:02-0:21:05 Даргалагчаас:Таны юу хэлэх гэснийг ойлголоо. Та сууж бай. Хариуцагчийн хариу тайлбарыг сонсъё гэхэд.
021:06-0:25:10 Хариуцагч: Хариу тайлбараа хэлэв.
0:21:11 Нэхэмжлэгч: Би тайлбар хэлье гэв.
0:21:13-0:25:2 Шүүгч Р.А : Та суу таныг тайлбар хэл гэж хэлээгүй шүү дээ гэв” гэх хэсгээс тогтоогдож байна.
Шүүх хуралдаан даргалагч нэхэмжлэгч Ч.Н т шүүх хуралдааны дэг сахихыг сануулж, шаардлага тавьсныг үл биелүүлж, хариуцагчтай зэрэгцэж ярьсан, тодорхой бус асуулт асуух зэрэг үйлдэл гаргасныг шүүгч Р.А нь сануулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар сануулсан байх тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т заасныг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт сахилгын хэрэгт авагдсан баримтаас тогтоогдсонгүй.
Хоёр. Өргөдлийн “...хариуцагч Г.Э нь хурлын явцад цагдаа дагуулж эхнэр хүүхдээ айлган сүрдүүлсэн гүтгэлгийг протоколд тусгаагүй нь буруу...” гэх үндэслэлийн тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 87, 96 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хуралдааны тэмдэглэл хөтлөх бөгөөд хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг тэмдэглэлд тусгана. Хэргийн оролцогч шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах эрхтэй бөгөөд хэрэв алдаатай бичигдсэн бол засвар хийхийг шаардах эрхтэй, даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна.
Нэхэмжлэгч шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн талаар гомдол гаргаагүйгээс гадна шүүх бүрэлдэхүүний шүүгчийн хувьд тэмдэглэлд засвар оруулах ажиллагаа явуулах үүрэггүй тул дээрх гомдол шүүгч Р.А-д хамааралгүй болно гэж илтгэгч гишүүн дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.
Гурав. Өргөдлийн “...Ерөнхий шүүгч Р.А хэтэрхий нэг талыг баримталж хариуцагчийн талд ажилласан....” гэх үндэслэлийн тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3-т “хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж байгаа бол олонхийн саналаар шийдвэр гаргана.” гэж заасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн нь хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж Баянгол дүүргийн иргэний хэргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн .../ШШ2023/02755 дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн нь нэг талд үйлчилсэн гэж үзэх үндэслэл болохгүй.
Дээрх шийдвэрийг зохигч эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу давж заалдах журмаар гомдол гаргаж, давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хянаж магадлал гаргасан байна.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас шүүгч Р.А нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Иймд, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0119 дугаартай саналыг хүлээн авч, ...шүүхийн Ерөнхий шүүгч Р.А-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0119 дугаартай саналыг хүлээн авч, ...шүүхийн Ерөнхий шүүгч Р.А-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Б.СУГАР