МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-11-21
Дугаар 128
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Б.Сугар, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Номин нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.
Тус хуралдаанаар “ГХХ” ХХК-ийн өргөдлөөр, .... .... хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.З-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Д.Мягмарцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 0113 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-даа:
... Өргөдөл гаргагч өргөдөлдөө: “ТЭ” ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэл, “М” ХХК улсын бүртгэлийн мэдээлэл, “М” ХХК улсын бүртгэлийн мэдээлэл, “М” ХХК улсын бүртгэлийн мэдээлэл, “ТЭ” ХХК-д цахим хуудсанд байршуулсан Б. Г-ийн мэдээлэл, Ил тод.мн-ний Ил тод эзэн нийтлэл, “БЭ” ХХК-ийн мэдээлэл, Шангри-Ла центрийн цахим хуудас, “М” ХХК-ийн мэдээлэл, “БЭ” ХХК-ийн 2023 оны ээлжит ХЭХ-ын зар зэрэг баримтыг хавсарган ирүүлжээ.
Өргөдөлд ““М” ХХК цаашлаад Ж.О-ын өмчлөлийн “ТЭ” ХХК-д шүүгч Д.З-гийн охин Б.Г ажиллаж байсан нь шүүгч Д.З-г “М” ХХК буюу хариуцагч “БЭ” ХХК менежментийн багийнхантай .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан хувийн харилцаатай байгааг илтгэж байна... хэргийг хэлэлцэх давж заалдах шатны хуралдаан бүрд шүүгч Д.З оролцсон, уг шүүгчид “БЭ” ХХК-тай ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй дараах нөхцөл байдал бий болсон, шүүгч Д.З-гийн охин Б.Г нь “ТЭ” ХХК-д 2020-2021 онд бүтээгдэхүүн, үйлчилгээ хариуцсан менежерээр ажиллаж байсан. Энэхүү компанийн 50 хувийн хувьцааг “М”ХХК эзэмшдэг, “М” ХХК-ийн толгой компани нь “М”ХХК ба энэ компанийн толгой компани нь “М” ХХК байна... хэргийн хариуцагч нь Д.З шүүгчийн гэр бүлийн гишүүдийн ажил хэргийн холбогдолтой этгээдүүд байх тул уг шүүгчид .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.4 дэх хэсэгт заасан “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон... 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр давж заалдах шатны шүүх хурал болсон бөгөөд уг хуралд даргалагч шүүгчээр Д.Б, илтгэгч шүүгчээр Г.Д, бүрэлдэхүүнд Д.З оролцсон. Энэ хэргийг хэлэлцэх давж заалдах шатны хуралдаан бүрд шүүгч Д.З оролцсон, ...Түүнчлэн албан бус мэдээллээр тухайн шүүгчийн нөхөр З.Б нь хариуцагч “БЭ” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “М” компанитай холбоотой үйл ажиллагаа явуулж болзошгүй гэж мэдээлэл байна” гэх агуулга дурдагдсан байна.
1. Өргөдлийн “М” ХХК цаашлаад Ж.О-ын өмчлөлийн “ТЭ” ХХК-д шүүгч Д.З-гийн охин Б.Г ажиллаж байсан нь шүүгч Д.З-г “М” ХХК буюу хариуцагч “БЭ” ХХК менежментийн багийнхантай .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан хувийн харилцаатай байгааг илтгэж байна... шүүгч Д.З-гийн охин Б.Г нь “ТЭ” ХХК-д 2020-2021 онд бүтээгдэхүүн, үйлчилгээ хариуцсан менежерээр ажиллаж байсан... Ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон” гэх тухайд:
Өргөдөлд дурдагдсанаар “...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр .... хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд даргалагч шүүгчээр С.Э, илтгэгч шүүгчээр Д.Д, бүрэлдэхүүнд Д.З нар оролцсон ба хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж, ....2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр давж заалдах шатны шүүх хурал болсон бөгөөд уг хуралд даргалагч шүүгчээр Д.Б, илтгэгч шүүгчээр Г.Д, бүрэлдэхүүнд Д.З оролцсон...” гэжээ.
.... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.4-т ”ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол” гэж,
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.3.3-т “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон” гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т "хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг”, 3.1.3-т "ашиг сонирхлын зөрчил" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” 3.1.5-д "хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг” гэж тус тус зохицуулжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд .... .... хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 210/ШТ2023/00ххх дүгээр тогтоолоор “ГХХ” ХХК-ийн гаргасан хүсэлтээр Д.З шүүгчийг тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.
Ингэхдээ тус тогтоолын Үндэслэх нь хэсэгт: Тодруулбал: а/Хэдийгээр Д.З шүүгчийн охин Б.Г нь “БЭ” ХХК-ийн хамаарал бүхий компани гэх “М” ХХК-ийн охин компани болох “ТЭ” ХХК-иас гараад 2 жил гаруй хугацаа өнгөрч байгаа боловч тус компанийн цахим хуудсын удирдлагын баг гэсэн хэсэгт Б.Г-гийн нэр тусгагдсан хэвээр байна” гэх үндэслэлээр тус тогтоолын Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтад “тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 210/ШТ2023/00ххх дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...шүүгч Д.З-г татгалзан гаргах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, хангасугай...” гэж өөрчилж, тогтоох хэсэгт “Д.З шүүгчийн оронд өөр шүүгчийг зохих журмын дагуу сугалаагаар сонгосугай”....” гэж өөрчлөлт оруулжээ.
Дээрх баримтаас үзвэл, шүүгч Д.З тус хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнд орсон тухайн цаг мөчид түүний охин өргөдөлд дурдагдсан байгууллагад ажиллаагүй байсан тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана” гэж зааснаар татгалзан гараагүй гэж шууд буруутгах боломжгүй байх ба .... хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ч мөн нэгэнт татгалзагдан гарсан байна.
Түүнчлэн, сахилгын хорооны гишүүний 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ГЗБ/2023/0590 дүгээр “Нотлох баримт гаргуулах тухай” захирамжаар Б-ийн Г нь “ТЭ” ХХК-д ажилд орсон, гарсан болон одоо ажилладаг эсэх талаарх лавлагааг нотлох баримтын шаардлага хангуулан 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дотор ирүүлэхийг даалгасны дагуу “ТЭ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 23/10 дугаар албан бичгээр “...Б-ийн Г нь гадагш сурах шалтгаанаар 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөр “ТЭ” ХХК-д ажлаас халагдсан... ажилладаггүй болох нь үнэн болно” гэсэн хариу ирүүлсэн, мөн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ГЗБ/2023/0645 дугаар “Нотлох баримт гаргуулах тухай” захирамжаар Б.Г-ийн 2021 оны 11 дүгээр сараас хойш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх талаарх лавлагааг гаргуулан авч үзэхэд 2021 оны 02 дугаар сараас 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд “ТЭ” ХХК ажил олгогчийн хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, түүнээс хойш төлөлт хийгдээгүй байгаа баримтыг ирүүлсэн зэргээс үзвэл шүүгч Д.З-гийн охин Б.Г-г тухайн байгууллагад ажилладаг, шүүгч Д.З ашиг сонирхлын зөрчилтэй гэх өргөдлийн үндэслэл тогтоогдохгүй байна.
2. Өргөдлийн “хэргийг хэлэлцэх давж заалдах шатны хуралдаан бүрд шүүгч Д.З оролцсон” гэх үндэслэлийн тухайд:
.... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй”, 5 дугаар зүйлийн 5.4-т “Энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилах бөгөөд уг журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно”, 78 дугаар зүйлийн 78.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс хуваарь гарган томилно” гэж, 166 дугаар зүйлийн 166.1-т “Давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ” гэж тус тус зохицуулсанчлан тус хуулийн 84, 91 дүгээр зүйлд заасан үндэслэл байхгүй тохиолдолд шүүгч шүүх хуралдааны бүрэлдэхүүнд хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогддог тул хуралдаан бүрд оролцсон гэх үндэслэлээр шүүгч Б.З-г буруутгах боломжгүй байна.
3. Өргөдлийн “...албан бус мэдээллээр тухайн шүүгчийн нөхөр З.Б нь хариуцагч “БЭ” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “М” компанитай холбоотой үйл ажиллагаа явуулж болзошгүй гэж мэдээлэл байна” гэх үндэслэлийн тухайд:
Шүүгч Д.З-ийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа түүний гэр бүлийн хүн болох З.Б нь Зэвсэгт хүчний байгууллагад 33 жил тасралтгүй ажиллаж байгаа төрийн албан хаагч болох талаар дурдан ЗХ-ын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга хурандаа С.Ж-ы 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 06/1767 дугаарын “ЗХ-ын Материал техникийн хэлтсийн дарга албан тушаалтай З овогтой хурандаа Б нь Зэвсэгт хүчинд 33 жил тасралтгүй алба хааж байгаа нь үнэн болно” гэсэн албан бичгийг хавсарган ирүүлснээс үзвэл шүүгч Д.З-гийн нөхөр З.Б нь төрийн тусгай албан хаагч болох нь тогтоогдож байх ба өргөдлийн дээрх үндэслэл тогтоогдохгүй байна.
4. Өргөдлийн “2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр уг хэргийн шүүх хуралдааны товлогдсон ба шүүгч Д.З нь мөн өмнөх жишгийн дагуу уг хурал болох тус өдөрт өөрийн шүүх хурлуудаа товлосон байгаа нь энэхүү “БЭ” ХХК-д холбогдох хэрэгт шүүгчээр оролцох хүсэл зоригтой байгааг харуулж байна” гэх үндэслэлийн тухайд:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйл Шүүгчийн нийтлэг бүрэн эрх хэсгийн 16.1.2-т “шүүх хуралдааныг товлон зарлаж, оролцогчдыг тогтоох” гэж зохицуулсанчлан шүүх хуралдааныг хэзээ хэрхэн товлон зарлах нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал юм. Иймд, дээрх үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй юм.
Шүүхийн сахилгын хорооны гишүүнд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагааг явуулахад өргөдөлд дурдагдсан нэр бүхий шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, үүрэг болгосон, хязгаарласан зохицуулалтыг зөрчсөн шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд, .... .... хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.З-д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав ...” гэжээ.
.... .... хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.З тайлбартаа: “ ... 1. .... .... хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 210/ЕШ2023/00098 дугаар захирамжаар ... дүүргийн .... хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/02381 дүгээр шийдвэртэй, “ГХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “БЭ” ХХК-д холбогдох .... хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч С.Э, бүрэлдэхүүнд шүүгч Д.З, Д.Д нарыг томилсныг албажуулсан. (Ерөнхий шүүгчийн захирамжийг хавсаргав) Тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2023/00103 дугаар магадлалаар .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. (Магадлалыг хавсаргав) Гомдолд “...нэхэмжлэгч, хариуцагч аль аль талаас хэргийг анхан шатны журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй байхад хууль зүйн үндэслэлгүй байдлаар анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргалтад оролцсон...” гэж дурдсан ба .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-167.1.5-д заасан шийдвэрийн аль нэгийг гаргах эрх зүйн зохицуулалттай. Үүнээс гадна дээрх хуулийн 167.5-д “Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч ... магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч “ГХХ” ХХК нь давж заалдах шатны шүүхээс хууль зүйн үндэслэлгүй байдлаар анхан шатны шүүхэд буцаасан” талаарх гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
2. Дээрх хэргийг дахин хянан шийдвэрлэсэн .... дүүргийн .... хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/01307 дугаар шийдвэрт гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Б, бүрэлдэхүүнд шүүгч Д.З, Г.Д нарыг томилсныг .... .... хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 210/ЕШ2023/01377 дугаар захирамжаар албажуулсан. (Ерөнхий шүүгчийн захирамжийг хавсаргав) Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5, .... .... хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор баталсан “Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт, маргаан хүлээн авах, хуваарилах болон шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалаагаар томилох журам”-ын 5 дахь хэсэгт заасан журмын дагуу миний бие шүүх бүрэлдэхүүнд сугалаагаар томилогдсоныг Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулсан ба энэ нь .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт, маргаан хүлээн авах, хуваарилах болон шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалаагаар томилох журам нь тус шүүхийн цахим сайтад байршсан, хэргийн оролцогчид болон бусад аливаа этгээдэд нээлттэй мэдээлэл юм (тус журамтай дараах холбоосоор танилцах боломжтой: http://appealcourt.mn/site/index.php?newsis=615).
3. 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-аас өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хойшлуулсан. (Шүүхийн тогтоолыг хавсаргав) “Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт, маргаан хүлээн авах, хуваарилах болон шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалаагаар томилох журам”-ын 5.9-д “шүүх хуралдаан хойшилсон нь шүүх бүрэлдэхүүн өөрчлөх үндэслэл болохгүй” гэж заасан.
4. 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Г нь шүүгч Д.Зг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн 210/ШТ2023/00ххх дугаар тогтоолоор хангахгүй орхисон. Тус тогтоолд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хянан хэлэлцсэн шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 210/ШТ2023/00ххх дугаар тогтоолоор шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хангасан агуулга бүхий өөрчлөлт оруулсан. (Шүүхийн тогтоолуудыг хавсаргав)
5. Миний бие хариуцагч “Б” ХХК-тай ямар нэгэн хувийн ашиг сонирхолгүй, аливаа хувийн харилцаа байхгүй болно. а.Миний охин Б.Г нь хөдөлмөрийн гэрээгээр 2020 оны 06-07 дугаар сар, 2021 оны 02-11 дүгээр сард “ТЭ” ХХК-ийн технологийн нэгжид бүтээгдэхүүний менежерээр ажиллаж байсан. ... Улмаар охин Б.Г нь ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгтэй магистрын хөтөлбөрт тэнцэж, 2022-2023 оны хичээлийн жилд ОХУ-ын Санкт-Петербургийн Улсын их сургуульд магистрын хөтөлбөрт суралцаж байгаа болно.
... Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн ... нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг тус тус ойлгохоор заасан бөгөөд охин Б.Г-ийн “ТЭ” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан нь эдгээр үндэслэлд хамаарахгүй юм. Мөн гомдолд “схем 1” гэж тусгасан “ТЭ” ХХК-ийн хувьцааны 50 хувийг “М” ХХК, түүний 100 хувийн хувьцааг “М” ХХК, түүний 100 хувийн хувьцааг “М” ХХК эзэмшдэг гэх мэдээллийн талаар миний бие болон миний охин Б.Г огт мэдэхгүйгээс гадна эдгээр хуулийн этгээдтэй ямар нэгэн хувийн ашиг сонирхол болон хувийн харилцаа байхгүй болно. б.Нөхөр З.Б нь Зэвсэгт хүчний байгууллагуудад 33 жил тасралтгүй ажиллаж байгаа төрийн тусгай албан хаагч бөгөөд одоо ЗХ-ын Материал, техникийн хэлтсийн даргаар ажиллаж байна. в.Түүнчлэн гомдолд "... шүүгч Д.З нь тус хэргийн шүүх хуралдаан болох өдөр өөрийн шүүх хурлуудаа товлосон” гэж дурдсантай холбогдуулан тайлангийн жилийн хугацаанд (2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийн байдлаар) өөрийн товлосон нийт 198 шүүх хуралдааны бүртгэлийг Иргэн-2014 программаас татаж хавсаргав. “Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт, маргаан хүлээн авах, хуваарилах болон шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалаагаар томилох журам”-ын 6.1-д зааснаар Даваа, Лхагва, Баасан гарагуудад шүүх хуралдаан хийгддэг бөгөөд миний хувьд, ажлын ачаалал ихтэйн улмаас гараг алгасахгүй шахам шүүх хуралдаан товлохоос өөр аргагүй нөхцөл байдалд ажилладаг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 208 дугаар тогтоолоор .... хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны зохист ачааллыг 95 хэрэг (хагас жилд 47.5 хэрэг) гэж тогтоосон бөгөөд миний хувьд, энэ оны эхний хагас жилд 112 хэрэг шийдвэрлэсэн нь зохист ачааллаас 144 хувиар хэтэрсэн гэж тогтоосон. (Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолтой дараах холбоосоор танилцах боломжтой. Дээрх үндэслэлүүдээр миний бие Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох зүйлийг зөрчөөгүй, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэж үзэж байгаа тул “ГХХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-ын гаргасан гомдлын дагуу үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“ГХХ” ХХК нь шүүгч Д.З-д холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргажээ.
Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны хүрээнд хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг гаргуулан авч, шүүгч Д.З нь тайлбараа холбогдох баримтын хамт ирүүлсэн байна.
Илтгэгч гишүүн өргөдлийн агуулгаар сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнэн, Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
Сахилгын хэргийг хянан үзвэл:
1. “ГХХ” ХХК нь “Б” ХХК, “К” ХХК-д холбогдуулан “Урьдчилсан нөхцөлт хуралдах-худалдан авах болон эксроу гэрээний С хавсралт “Б” ХХК-ийн хувьцаа шилжүүлэх гэрээний үүрэгт 2015-2021 оны үүргийн хэрэгжилт 10.806.833.929 төгрөгийг тус компаниас гаргуулах тухай нэхэмжлэлийг ... дүүргийн .... хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.
... дүүргийн .... хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2022/02381 дүгээр шийдвэрээр “ ... .... хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-иас 10.806.833.929 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “ГХХ” ХХК-д олгож ... “ шийдвэрлэсэнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргаж, .... .... хэргийн давж заалдах шатны шүүх, шүүгч С.Э /даргалагч/, шүүгч Д.З, Д.Д нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцээд, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2023/00103 дугаартай магадлалаар, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Тус хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэсний дараа дахин давж заалдах шатны шүүх хэргийг хянах бүрэлдэхүүнд Д.Б, Г.Д, Д.З нар томилогдсон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд “ ... шүүгч Д.Зг .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4-т заасан үндэслэлийн дагуу татгалзан гаргаж, нэхэмжлэгч талын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү ... “ гэх агуулгаар шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг мөн өдрийн ххх дугаартай тогтоолоор “ ... хүсэлт гаргагч шүүгчээс татгалзах үндэслэлээ нотлох ёстой бөгөөд дээрх хуульд заасан хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ бий болсон гэх байдал тогтоогдохгүй байна... “ гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан шүүгч Д.З-г татгалзан гаргах тухай хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
Энэхүү тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянан хэлэлцсэн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 210/ШТ2023/00ххх дүгээр тогтоолоор “ ... “...магадлалтай...”, “...албан бус мэдээллүүд байна...” гэх таамгийн шинжтэй үндэслэл нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болохгүй. Шүүгч Д.З тус .... хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлээгүй байх тул .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийн зохицуулалтад хамаарахгүй. Харин гомдлын 1-д дурдсан үндэслэл нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд шууд хамаарахгүй боловч хэргийн оролцогчид эргэлзээ төрүүлэхүйц байж болзошгүй байх тул уг үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч ...” тогтоолд өөрчлөлт оруулсан “ГХХ” ХХК-ийн гаргасан шүүгч Д.З-г тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.
“ТЭ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “ ... Б-ийн Г нь гадагш сурах шалтгаанаар 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөр “ТЭ” ХХК-иас ажлаас халагдсан нь үнэн болно. ... Одоогоор “ТЭ” ХХК-д Б.Г ажилладаггүй нь үнэн болно... “ гэх тодорхойлолт[1], Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 02/1909 дугаар албан бичгээр ирүүлсэн Б.Г-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор “ ... Ажил олгогчийн нэр гэх хэсэгт “ТЭ” ХХК, он, сар гэх хэсэгт 2021 оны 02 дугаар сараар эхэлж, 2021 оны 11 дүгээр сараар ...” дуусгавар болсон[2] баримтууд сахилгын хэрэгт авагдсан айна.
Энэ талаар шүүгч тайлбартаа “ ... Миний охин Б.Г нь хөдөлмөрийн гэрээгээр 2020 оны 06-07 дугаар сар, 2021 оны 02-11 дүгээр сард “ТЭ” ХХК-ийн технологийн нэгжид бүтээгдэхүүний менежерээр ажиллаж байсан. ... 2022-2023 оны хичээлийн жилд ОХУ-ын Санкт-Петербургийн Улсын их сургуульд магистрын хөтөлбөрт суралцаж байгаа ... “ гэжээ.
Хэдийгээр Б.Г-г гадагш суралцахаар явсан талаарх баримт сахилгын хэрэгт авагдаагүй боловч дээрх баримтуудаар шүүгч Д.З тус хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнд томилогдсон үед түүний охин Б.Г “ТЭ” ХХК-д ажилладаггүй байсан нь нотлогдож байх тул шүүгч Д.З-ийн охин Б.Г нь “ТЭ” ХХК-д ажилладаг, шүүгч Д.З ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэлгүй гэх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.
2. Холбогдох шүүгчийг “ ... хэргийг хэлэлцэх давж заалдах шатны хуралдаан бүрд шүүгч Д.З оролцсон ... “ гэжээ.
.... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч ямар тохиолдолд дахин оролцож болохгүй талаар хуулиар зохицуулсан байдаг. Тодруулбал: .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “.... хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэж заажээ. Сахилгын хэрэгт авагдсан баримтаар Д.З шүүгч нь давж заалдах шатны журмаар хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд 2 удаа томилогдсон нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “ ... нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилах бөгөөд уг журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно” гэж заасны дагуу .... .... хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор “Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт, маргаан хүлээн авах, хуваарилах болон шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалаагаар томилох журам”-ыг баталсан байх бөгөөд энэ журмын дагуу шүүгч Д.З нь тус хэргийг хянан хэлэлцэх шүүх бүхэлдэхүүнд томилогдсоныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 98 дугаар захирамжаар албажуулсан байх тул өргөдөл үндэслэлгүй болно.
3. ЗХ-аас ирүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 06/1767 дугаар албан бичгээр “ ... тус цэргийн командлалын Материал, техникийн хэлтсийн дарга албан тушаалтай З. Б нь Зэвсэгт хүчинд 33 жил тасралтгүй алба хааж байгаа нь үнэн ... “ гэх тодорхойлолт сахилгын хэрэгт авагджээ.
Холбогдох шүүгчийн “ ... Нөхөр З.Б нь Зэвсэгт хүчний байгууллагуудад 33 жил тасралтгүй ажиллаж байгаа төрийн тусгай албан хаагч бөгөөд одоо ЗХ-ын Материал, техникийн хэлтсийн даргаар ажиллаж байна ... “ гэх тайлбар зэргээр “ ... албан бус мэдээллээр тухайн шүүгчийн нөхөр З.Б нь хариуцагч “БЭ” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “М” ХХК-тай холбоотой үйл ажиллагаа явуулж болзошгүй гэх мэдээлэл байна ... ” гэх өргөдөл үгүйсгэгдэж байх тул энэ талаарх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.
4. Өргөдөлд “ ... 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр уг хэргийн шүүх хуралдааны товлогдсон ба шүүгч Д.З нь мөн өмнөх жишгийн дагуу уг хурал болох тус өдөрт өөрийн шүүх хурлуудаа товлосон байгаа нь энэхүү “БЭ” ХХК-д холбогдох хэрэгт шүүгчээр оролцох хүсэл зоригтой байгааг харуулж байна ... “ гэжээ.
Шүүгч “ ... тайлангийн жилийн хугацаанд ... өөрийн товлосон нийт 198 шүүх хуралдааны бүртгэлийг Иргэн-2014 программаас татаж хавсаргав. “Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт, маргаан хүлээн авах, хуваарилах болон шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг сугалаагаар томилох журам”-ын 6.1-д зааснаар Даваа, Лхагва, Баасан гарагуудад шүүх хуралдаан хийгддэг бөгөөд миний хувьд, ажлын ачаалал ихтэйн улмаас гараг алгасахгүй шахам шүүх хуралдаан товлохоос өөр аргагүй нөхцөл байдалд ажилладаг. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 208 дугаар тогтоолоор .... хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2023 оны зохист ачааллыг 95 хэрэг (хагас жилд 47.5 хэрэг) гэж тогтоосон бөгөөд миний хувьд, энэ оны эхний хагас жилд 112 хэрэг шийдвэрлэсэн нь зохист ачааллаас 144 хувиар хэтэрсэн гэж тогтоосон ... “ гэж тайлбарлажээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд шүүгчийн нийтлэг бүрэн эрхийг заахдаа 16.1.2-т “шүүх хуралдааныг товлон зарлаж, оролцогчдыг тогтоох” гэжээ.
Шүүгч нь өөрт хуваарилагдсан хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлон зарлах бүрэн эрхийг хуулиар олгосон байх тул шүүгчийг буруутгах үндэслэлгүй.
Дээрхийг нэгтгэвэл, Нийслэл .... хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.З-д холбогдох өргөдөлд дурдсан үйл баримтыг шалгасан илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байх тул сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ГС/2023/0113 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, Нийслэл .... хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.З-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ГИШҮҮН Б.СУГАР
Х.ХАШБААТАР