info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-11-16

Дугаар 124

Улаанбаатар хот

 

 

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн О.Номуулин, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б-г оролцуулан Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

“Э” ХХК-ийн захирал Д.А ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.М-д холбогдуулан гаргасан өргөдлийг зохих журмын дагуу илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн хүлээн авч хянаад, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ГЗҮ/2023/0...7 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ГС/2023/0...4  дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн саналдаа: “...1. Өргөдлийн “... Т.М ... хянан шийдвэрлэх ажиллагаа явуулалгүй, зөвхөн удаа дараалан нэхэмжлэлийг буцаах, хүлээн авахаас татгалзах зэргээр зориуд удаашруулсаар хагас жил гаруй буюу 8 сарын хугацааг биднийг зөвхөн чирэгдүүлэхэд зарцуулсан...” гэх үндэслэлийн тухайд:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Э” ХХК-ийн Ерөнхий захирал Д.А 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийг шүүгч Д.Х хүлээн авч шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1../ШЗ2022/...5 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байх ба “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-д заасны дагуу хэргийг шүүгч Т.М-д 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлжээ.

Шүүгч Т.М 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1/....3, 1/...4 дүгээр албан бичгүүдээр нотлох баримт гаргуулахаар хүргүүлж, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр маргаан бүхий газарт үзлэг хийж, шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 10188 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1....7 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба уг захирамжид гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2../ШТ2023/....8 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн 1....7 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Д.А 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 23/..2 тоот албан бичгээр тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Э-ыг томилж, Ц.Э нь тус хэрэгт өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг  гаргасныг шүүх хангаж, мөн өдрийн ...6 дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан байх бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э эрүүл мэндийн шалтгаантай гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хангаж, шүүгчийн тухайн өдрийн 1...1 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр товложээ.

Товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь эрүүл мэндийн шалтгаантай, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, хүсэлтдээ эмнэлгийн магадлагааг хавсаргасан байх ба шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1...7 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж, холбогдох журмын дагуу тус хэрэг дахин шүүгч Т.М дээр хуваарилагдсан байх ба шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2...2 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Тус захирамжид нэхэмжлэгч гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2.../2023/...6 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн 2...2 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

... хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 4...4 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А-ээс 2023 оны 5 дугаар сарын 18-ны өөр 23/...8 дугаар албан бичгээр шүүгч Т.М-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлтийг гаргажээ.

Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 5 дугаар арын 24-ний өдрийн 1../ЕШ2023/...4 дүгээр захирамжаар дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Ингээд шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 4...3 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хуралдахаар товлон зарласан байх ба тухайн өдөр нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Д.А-ийн 23/09 дүгээр албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, 23/..0 дугаар албан бичгээр Хамтран хариуцагч оролцуулах тухай хүсэлтийг тус тус гаргасан байна.

Шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 5...5 дугаар захирамжаар шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэмэгдүүлсэн шаардлага, хамтран хариуцагч оролцуулах хүсэлтийг хүлээн бүхэлд нь авч, хамтран хариуцагчаар ...байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг татан оролцуулахаар шийдвэрлэсэн байх ба шүүх хуралдааныг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хийхээр товложээ.

2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байсан Ц.Д-г гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр товлосон байна. Товлогдсон шүүх хуралдаанаар тус хэргийг хэлэлцэж, 1../ШШ2023/...4 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл сахилгын хэргийн холбогдох шүүгч 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэснээс хойш 44 хоногийн дараа буюу 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэхэд тухайн хэргийг шийдвэрлэсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зориуд удаашруулсан, нэхэмжлэгчийг чирэгдүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэх чиг үүргээс зайлсхийсэн гэх өргөдлийн үндэслэл тогтоогдохгүй байна.

2. Өргөдлийн “... шүүгч Т.М Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан үндэслэлийг нэг нэгээр нь, тус тусад нь хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргаж, шүүхээр үйлчлүүлж буй иргэн, хуулийн этгээдийг хохироолоо” гэх үндэслэлийн тухайд:

Өргөдлийн дээрх үндэслэл шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан захирамжтай холбоотой байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж заасан.

Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх асуудал нь хуулийн дагуу шүүгчид олгогдсон бүрэн эрхийн асуудал бөгөөд хэрэв үндэслэлгүй буруу шийдвэрлэсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий захирамж, тогтоол гаргаагүй гэж үзэж байгаа бол энэ талаарх гомдлоо тухайн шүүхэд гаргах бүрэн эрх нь нээлттэй байна.

Шүүгчийн захирамж, шийдвэрийг хянан үзэж хүчингүй болгох, өөрчлөх, шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байсан эсэхийг шалгах, тогтоох, хянах, дүгнэх эрх хэмжээ Шүүхийн сахилгын хороонд олгогдоогүй юм.

3. Өргөдлийн “...шүүгч Т.М нь фэйсбүүк цахим хуудсанд ихэд идэвхтэй байдаг нэгэн. Түүний бичсэн нийтлэл, оруулсан пост зэргээс харвал тэрээр ажлын ихэнх цагаа өөрт хуваарилагдсан хэргийг судалж, бодитойгоор шийдвэрлэхэд бус, харин судалгааны ажлаа хийх, сургалт орох, энд тэнд лекц унших зэрэгт зарцуулдаг болох нь тодорхой харагддаг... Шүүхээс хэргийн ажиллагааны явцын талаар тодруулах, хурал зарлагдах эсэх, нотлох баримт цуглуулах хүсэлт шийдвэрлэгдсэн эсэхийг лавлахад шүүгч гадуур ажилтай талаарх хариуг өгдөг тул шүүгч Т.М-ийн  ажил дээрээ хуулиар тогтоосон цаг хугацааг өнгөрүүлдэг эсэх /7 хоногийн 5 өдөр, 40 цаг, өдөрт 8 цаг/, бусад хэрэг маргаанууд дээр хүлээн авахаас татгалзаж, иргэдийг чирэгдүүлж буй тохиолдол ямар хэмжээнд байгааг ч судлах нь уг шүүгчийн сахилгын асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж байна” гэх үндэслэлийн тухайд:

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 8-д “соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална”, 16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж зохицуулжээ.

Төрийн албаны тухай хуулийн  13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна” гээд 13.1.1-д “Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор” гэж заасанчлан шүүгч нь төрийн тусгай албан тушаалд хамаарна.

Мөн хуулийн 38 дугаар зүйлд Төрийн албан хаагчийн нийтлэг эрхийн талаар тусгахдаа 38.1.6-д “багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх”, 38.1.9-д “мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор сургалтад хамрагдах” гэж тус тус зохицуулсан байх бөгөөд шүүгчийг “... фэйсбүүк цахим хуудсанд ихэд идэвхтэй байдаг .., нийтлэл бичсэн, пост оруулсан ..,  судалгааны ажил хийсэн, сургалт орсон, лекц уншсан ...” зэрэг үндэслэлээр буруутгах боломжгүй юм. 

 Түүнчлэн, илтгэгч гишүүн  сахилгын хэргийг шалгах ажиллагааны хүрээнд гишүүний 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ГЗБ/2023/0...9 дүгээр “Нотлох баримт гаргуулах тухай” захирамжаар шүүгч Т.М-ийн  даргалсан шүүх хуралдаан 2022 оны 10 дугаар сараас хойших хугацаанд шүүгчтэй хамааралтай шалтгаанаар хойшилж байсан эсэх, мөн хугацаанд шүүгч чөлөө авсан, ажил тасалсан эсэх талаарх мэдээллийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргуулан авч үзэхэд тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2/...5 дугаар албан бичгээр ирүүлсэн албан бичигт “2022.10.01-2023.10.01-ний хугацаанд шүүгч Т.М-ийн  даргалсан нийт 127 шүүх хуралдаан хойшлуулсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоос шүүж үзэхэд шүүгчтэй хамааралтай шалтгаанаар хойшилсон тохиолдол байхгүй байна. Харин шүүгчид чөлөө олгосон Ерөнхий шүүгчийн захирамжийн хуулбарыг хүргүүлэв” гээд тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1../ЕШ2023/0...2 дугаар захирамжийг хавсарган ирүүлсэн байх ба тус захирамжид “шүүгч Т.М нь Монголын хуульчдын холбооны 2023 оны Хуульчийн үргэлжилсэн сургалтад хичээл заахаар .... 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг дуустал 4 өдрийн хувийн чөлөөг зохих олговортойгоор олгосугай” гэжээ.

Дээрх баримтаас шүүгч Т.М хууль журмын дагуу 4 хоногийн чөлөө авсан болох нь тогтоогдож байх ба өргөдөлд дурдагдсанчлан ажил тасалсан, иргэдийг чирэгдүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Сахилгын хэрэгт цугласан баримтуудаас өргөдөлд дурдагдсан нэр бүхий шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, үүрэг болгосон, хязгаарласан зохицуулалтыг зөрчсөн шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.М-д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

 

Шүүгч Т.М тайлбартаа: “...1.“Э” ХХК-ийн захирал Д.А-ээс гаргасан гомдолд "... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна ...” гэжээ.

Шүүгч Т.М миний бие шүүгчээр томилогдсоноосоо хойш шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа ямар нэгэн хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлж байгаагүй, илэрхийлж байгаагүй болно. Энэ талаарх хориглолтыг миний бие сайн мэддэг тул ийм төрлийн алдаа гаргахгүй. Тиймээс энэ талаарх гомдол гаргагчийн гомдол огт үндэслэлгүй, шүүн таслах ажиллагаа явуулж байгаа шүүгч миний ажил хэргийн нэр хүндэд халдсан, гүтгэсэн шинжтэй байгаа болохыг анхаарахыг хүсье.

2. “Э” ХХК-ийн захирал Д.А-ээс гаргасан гомдолд “... мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна...” гэжээ.

Миний бие хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн ямар ч үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болохыг дараах байдлаар тайлбарлая.

2.1. “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал, жуулчлалын сайдад холбогдох хэрэг нь 2 тусдаа хэргийн индекстэй 2 тусдаа хэрэг гэдгийг юуны өмнө тайлбарлах нь зүйтэй байна. Учир нь анх нэхэмжлэгч “Э” ХХК-иас 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь тус шүүхийн шүүгч Д.Х-д хуваарилагдсан бөгөөд шүүгч Д.Х 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1../Ш32022/...5 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн. Энэ нь 1../2022/0...9/3 хэргийн индекстэй хэрэг.

Миний бие өөр дээрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын ахлах байцаагч Д.М, улсын байцаагч Б.Э нарт холбогдох захиргааны хэргийг хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Д.Х шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын ахлах байцаагч Д.М, улсын байцаагч Б.Э нарт холбогдох захиргааны хэрэгт нэгтгэсэн. Иймээс тус шүүхийн хэрэг хуваарилах нарийвчилсан журмын 7.2-т заасны дагуу Д.Х шүүгч дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс надад шилжиж ирсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, тус хэрэгт миний бие 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн. Ингээд хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлээд 1/....3 дугаар албан бичгээр хариуцагчаас нотлох баримтууд шаардах зэрэг ажиллагааг хийж эхэлжээ. Мөн хуульд заасан эрх хэмжээ, чиг үүргийнхээ дагуу хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой баримт бичгийн үзлэгийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, мөн өдрөө газрын үзлэг зэргийг хийж гүйцэтгэсэн.

Ингээд хэрэгт хамааралтай Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газрын төлбөр нийлсэн акт гаргуулахаар шүүхээс шаардсан боловч тэр баримт ирээгүй байсан тул 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар 14 хоног хойшлуулж, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр товложээ. Тийнхүү товлосон шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэл тогтоогдсон тул нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзан, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Энэхүү захирамжид гомдол гаргах эрхээ нэхэмжлэгчийн төлөөлөгч эдэлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар тус захирамжийг хянан үзэх давж заалдах шатны шүүх хуралдаан бүхэл бүтэн 1 сарын дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр болж, тус шүүхийн 2../ШТ2023/....8 дугаар тогтоолоор миний захирамжийг шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ хоорондох хугацаа манай шүүхээс, тухайлбал надаас хамаарсан хугацаа биш болно.

Мөн захирамж хянасан давж заалдах шатны тогтоол, захиргааны хавтаст хэрэг манай шүүхэд тэр дороо буцаж ирдэггүй болно. Үүний дараа тус компанийн захирал Д.А-ийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 23/..2 тоот албан бичгээр тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг Ц.Э болгон өөрчлөн томилсон байдаг. Ингээд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь тус хэрэгт өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг шүүх хангаж, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж хойшлуулсан. Дахиад 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүх хуралдааныг товлоход мөн л нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э эрүүл мэндийн шалтгаантай гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хангаж, мөн өдрийн шүүх хуралдааныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3, 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт зааснаар хойшлуулж, 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр товлож шийдвэрлэсэн.

Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нь мөн л эрүүл мэндийн шалтгаантай гэх үндэслэлээр хойшлуулах хүсэлт ирүүлдэг. Гэхдээ хүсэлтдээ хавсарган ирүүлсэн эмнэлгийн магадлагаа нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А/...3 тоот тушаалын 1 дүгээр хавсралтад баталсан Эмнэлгийн магадлагаа гаргах нийтлэг журмын 4.5-д заасан байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байх шаардлагыг хангаагүй буюу хууль ёсны гэж үзэх боломжгүй байсан тул тэрхүү үндэслэлийг захирамждаа тун тодорхой байдлаар дүгнээд, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй гэдэг үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3 дахь хэсэгт зааснаар эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэнэ гэдэг нь тухайн компани шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарладаггүй бөгөөд энэ талаар миний бие 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1...7 дугаартай захирамждаа маш тодорхой дурдаж өгсөн болно. Ингээд энэхүү 1../2022/0...9/3 индекстэй хэрэг хаагдсан.

Энд миний бие ямар нэгэн хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлж ажилласан, харин манай шүүхээс буюу надаас шалтгаалахгүй үндэслэл, шалтгааны /давах руу захирамж хянуулахад уддаг, нэхэмжлэгчээс хүсэлтүүд ирж хойшилдог гэх мэт/ улмаас шүүх хуралдаанууд хойшилж байсан гэдгийг дахин хэлье. Холбогдох нотлох баримтыг хавсаргав.

2.2. Түүний дараа нэхэмжлэгч “Э” ХХК нь 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргажээ. Тус шүүхийн хэрэг хуваарилах нарийвчилсан журмын дагуу өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан хэргийг буюу нэхэмжлэлийг буцаасны дараа нэхэмжлэгч дахин нэхэмжлэл гаргавал урьд хэрэг хянан шийдвэрлэж байсан шүүгчид дахин хуваарилдаг тэр журмын дагуу надад дахин хуваарилагдсан. Үүний дараа шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийг хүлээж авах үндэслэлтэй эсэхийг нягтлах ажиллагааг хийсэн.

Ингээд 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2...2 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар маргаж буй шийдвэр нь нэхэмжлэгчид эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй буюу зохицуулалт агуулаагүй тул захиргааны акт биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. Тус захирамжид нэхэмжлэгч гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх бүхэл бүтэн 1 сарын дараа буюу 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2.../2023/...6 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Эдгээр ажиллагаа нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тодорхой үе шатанд хийгддэг буюу захиргааны хэргийн шүүхээс бараг өдөр тутамд хийж байдаг ажиллагаа, гарч байдаг захирамжууд юм. Дахин тайлбарлахад энэ хоорондох хугацаа манай шүүхээс, тухайлбал надаас хамаарсан хугацаа биш болно. Мөн захирамж хянасан давж заалдах шатны тогтоол, захиргааны хавтаст хэрэг манай шүүхэд тэр дороо буцаж ирдэггүй болно. Ингээд 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 4...4 дүгээр захирамжаар миний бие захиргааны хэрэг үүсгэсэн.

Өөрөөр хэлбэл энэхүү дахин гаргасан нэхэмжлэлд 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэснээр 1../2023/0...4/3 дугаартай хэргийн шинэ индекс авагдсан. Ингээд дээрх хугацаанаас хойшоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа тоологддог журамтай. Тийнхүү цаашаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А-ээс 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 23/..8 тоот албан бичгээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг гаргасан. Энэхүү хүсэлтийг хуульд заасны дагуу тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Д-ийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1../ЕШ2023/...4 дүгээр захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.7 дахь хэсэгт зааснаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Тодруулбал нэхэмжлэгчээс дурдаад буй "...Т.М шүүгч удаа дараалан нэхэмжлэлийг буцаах, хүлээн авахаас татгалзсан...” гэх агуулгатай хүсэлтэд /гомдол ч гэж агуулгын хувьд хэлж болохоор/ энэ нь шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудал болохыг нэгэнт дүгнэсэн. 

Ингээд шүүх хуралдааныг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр товлоход нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н өмнө гаргасан гэрч асуулгах хүсэлтээ дэмжиж байна гэсэн тул хүсэлтийг хэлэлцээд тус хүсэлтийг нь хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр болгож хойшлуулсан. Энэ хооронд гэрчээр Т.Г-г 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр асууж, мэдүүлэг авсан. Мөн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөө шүүхээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны бичиг хэрэгт баримт бичгийн үзлэг хийсэн. Түүний дараа 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ...байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 5...5 дугаар захирамжаар шүүх хүлээн авч, хамтран хариуцагчаар ...байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг татах ажиллагааг хийсэн.

Шүүх хуралдааныг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хийхээр товлосон. Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байсан Ц.Д-г гэрчээр асуулгах хүсэлтийг гаргасныг шүүх мөн хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр товлосон. Ингээд тухайн товлосон өдрөө буюу 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэрчийг шүүх хуралдаанд асууж, хэргийг мөн өдрөө 1../ШШ2023/...4 дугаартай шийдвэрээр шийдвэрлэжээ.

Нэгтгэн дүгнэхэд шүүх 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр захиргааны хэрэг үүсгэснээс хойш ердөө 44 хоногийн дараа буюу 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэхэд тухайн хэргийг шийдвэрлэсэн байна /гомдол гаргагчийн бичээд буй шиг 8 сарын хугацаанд чирэгдүүлсэн зүйл байхгүй/.

Тодруулбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “...хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сунгах шаардлагагүйгээр шийдвэрлэсэн байгааг тэмдэглэж байна. Эндээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зориуд удаашруулсан, нэхэмжлэгчийг чирэгдүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэх чиг үүргээс зайлсхийсэн, хүсэлт гаргасаар байхад буцаасан гэх зэрэг гомдлууд огтоос үндэслэлгүй бөгөөд харин ч шүүх нэхэмжлэгчийн талаас гаргасан удаа дараагийн хүсэлт бүрийг хэлэлцэн шийдвэрлэн хангаж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шүүхийн тодорхой ажиллагаануудыг хуулийн дагуу, зохих ёсоор, бүрэн дүүрэн хийж хэрэгжүүлсэн болох нь нотлох баримтуудаас тодорхой харагдана. Иймд энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

3. “Э” ХХК-ийн захирал Д.А-ээс гаргасан гомдолд "...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50  дугаар зүйлийн 50.1.24-т заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна...” гэжээ.

Шүүгч Т.М миний бие шүүгчээр томилогдсоноосоо хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан ажлаа удаа дараа битгий хэл нэг хоног ч тасалж үзээгүй гэдгээ хариуцлагатайгаар хэлье. Мөн ганц ч удаа өвдөж акт авч байгаагүй гэдгийг ч хариуцлагатай хэлье. Харин нэг удаа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан бүсийн шүүхүүдийн сургалтад хичээл заахаар ажлын 5 хоногийн чөлөөг авч байснаа санаж байна. Миний бие хуулиар зөвшөөрсөн багшлах, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх, мэргэжлийн холбоонд гишүүнчлэлтэй байх эрхээ хэрэгжүүлж ирсэн.

Хуулиар олгогдсон энэхүү эрхээ эдэлж хэрэгжүүлэхэд хэн нэгэн саад учруулах үндэслэлгүй бөгөөд тийм боломжгүй, мөн хуулиар олгосон эрхээ эдэлснийг маань хэн нэг этгээд шүүх эрхгүй юм. Миний бие шүүн таслах ажлаа хариуцлагатай хэрэгжүүлж, шүүх хуралдаануудаа товлосон цагтаа хийж /би нэг ч удаа шүүх хуралдаанаа тасалж үзээгүй/, хувийн зохион байгуулалт, цагийн менежментийг дээд зэргээр хэрэгжүүлж өөрийн үндсэн ажил болох шүүн таслах ажлаа чин сэтгэлээсээ, хариуцлагатай, бүрэн дүүрэн эрхлэн ажилладаг болно. Тиймээс энэ талаарх гомдол мөн л шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд халдаж, гүтгэсэн шинжтэй байгаа болохыг анхаарахыг хүсье.

Иймд гишүүний 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ГЗҮ/2023/0...7 дугаар захирамжаар надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.

Жич: Хэрвээ энэхүү гүжирдлэг даамжирвал миний бие гомдол гаргагчийг шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд халдаж, гүтгэсэн гэх үндэслэлээр холбогдох хууль шүүхийн байгууллагад хандах ч эрхтэй гэдгээ мэдэгдэж байна...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч “Э” ХХК-ийн захирал Д.А “...хянан шийдвэрлэх ажиллагаа явуулалгүй, зөвхөн удаа дараалан нэхэмжлэлийг буцаах, хүлээн авахаас татгалзах зэргээр зориуд удаашруулсаар хагас жил гаруй буюу 8 сарын хугацааг биднийг чирэгдүүлэхэд зарцуулсан; Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан үндэслэлийг нэг удаа хүлээн авахаас татгалзахдаа бүх үндэслэлийг дурдаад шийдвэрлэх боломжтой байхад тус үндэслэлийг нэг нэгээр нь, тус тусад нь хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргаж хохироолоо, захирамжууд нь хууль бус байсан болох нь давж заалдах шатны шүүхийн удаа дараагийн захирамж тус бүрийг нь хүчингүй болгосон тогтоолуудаар нотлогдоно; шүүгч фэйсбүүк цахим орчинд ихэд идэвхтэй байдаг, түүний бичсэн нийтлэл, оруулсан пост зэргээс харвал ажлын ихэнх цагаа өөрт хуваарилагдсан хэргийг шийдвэрлэхэд бус, харин судалгааны ажлаа хийх, сургалт орох, энд тэнд лекц унших зэрэгт зарцуулдаг болох нь тодорхой буюу шүүгч Т.М-ийн  шийдвэр, үйл ажиллагаанд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4, 50.1.23, 50.1.24, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн” өргөдөл гаргажээ.

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчсөн гэх тухайд:

Өргөдөлд “...хянан шийдвэрлэх ажиллагаа явуулалгүй 8 сарын хугацааг биднийг чирэгдүүлэхэд зарцуулсан. Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан үндэслэлийг нэг удаа хүлээн авахаас татгалзахдаа бүх үндэслэлийг дурдаад шийдвэрлэх боломжтой байхад тус үндэслэлийг нэг нэгээр нь, тус тусад нь хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргасан, захирамжууд нь хууль бус байсан болох нь давж заалдах шатны шүүхийн удаа дараагийн захирамж тус бүрийг нь хүчингүй болгосон тогтоолуудаар нотлогдоно” гэжээ. /с.х-ийн 1-2  тал/

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Э” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан тус сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/...7 дугаар “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. /с.х-ийн 29 тал/

Тухайн нэхэмжлэлд тус шүүхийн шүүгч Б.Х 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1../ШЗ2022/...5 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 0...8 дугаар тогтоолын 7.2-т “хэргийг нэгтгэсэн тохиолдолд ачаалал тэнцвэржүүлэх зарчмын хүрээнд нэгтгэн авч байгаа шүүгчээс тухайн нэгтгэсэн хэрэгтэй адил хугацаатай ажиллагаанд байгаа хэргийг нэгтгэн өгсөн шүүгчид шилжүүлнэ. Адил хугацаа гэдгийг захиргааны хэрэг үүсгэх хугацаагаар тооцох бөгөөд адил хугацаатай хэрэг байхгүй тохиолдолд хамгийн ойрхон хугацаагаар үүсгэсэн дугаараар тооцно” гэсний дагуу шүүгч Д.Х-ийн хянан шийдвэрлэж байсан “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох 1../2022/0...9/З индекстэй хэргийг шүүгч Т.М-д шилжүүлсэн болох нь тус шүүхийн шүүгчийн туслах Т.Б-ын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Тамгын газарт гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. /с.х-ийн 32-34 тал/

Шүүгч Т.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулж, маргаан бүхий ...байгалийн цогцолбор газар болон тус газрын хамгаалалтын захиргаанд биечлэн очиж үзлэг хийсэн, мөн шүүхийн шаардсан нотлох баримт ирээгүй байсан тул шүүх хуралдааныг хойшлуулах зэрэг ажиллагааг явуулан, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1....7 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /с.х-ийн 35-46 тал/

Энэхүү захирамжийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэн, 2../ШТ2023/....8 дугаар тогтоолоор “Э” ХХК-ийн төлөөлөгчийн гомдлыг хангаж, шүүгчийн 1....7 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна. /с.х-ийн 47-51 тал/

Шүүгчийн захирамж хүчингүй болж, дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А өөрийн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Э-ыг томилжээ. /с.х-ийн 52 тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-ын шүүх хуралдаанд “өмгөөлөгчтэй оролцох” хүсэлтийг шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ...6 дугаар захирамжаар, “эрүүл мэндийн шалтгаантай” тул шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1...1 дугаар захирамжаар тус тус хангаж, шүүх хуралдаануудыг хойшлуулсан байна. /с.х-ийн 53-57 тал/

Улмаар шүүгчийн 2023  оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1...7 дугаар захирамжаар “...Ц.Э, Б.Н нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болон шүүхэд гаргасан нэхэмжлэлээ хоёр дахь удаагаа дэмжиж ирээгүй байх тул нэхэмжлэлийг буцаах үндэслэлтэй байна. ...Ц.Э-аас ирүүлсэн эмнэлгийн магадалгаа нь эмнэлгийн байгууллагын тэмдгээр баталгаажуулаагүй, засвартай тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй” гэж үзэн нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэжээ. /с.х-ийн 58-61 тал/

“Э” ХХК нь 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхэд дээрх  нэхэмжлэлийг дахин гаргахад шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2...2 дугаар  захирамжаар захиргааны  хэргийн шүүхийн харьяалал биш гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. /с.х-ийн 62-68 тал/

Дээрх захирамжийг “Э” ХХК эс зөвшөөрч гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэн, 2.../2023/...6 дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгосон тул шүүгч Т.М 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 4...4 дүгээр захирамжаар 1../2023/0..4/З индекстэй захиргааны хэрэг үүсгэжээ. /с.х-ийн 69-74 тал/,

Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “шүүгчийг татгалзан гаргах тухай” хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1../ЕШ2023/...4 дүгээр захирамжаар  хангахаас татгалзан шийдвэрлэсэн байна. /с.х-ийн 75-81 тал/

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд очиж,  баримт бичигт үзлэг хийсэн байна.

Түүнчлэн “нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, хамтран хариуцагч оролцуулах” хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 09-ний 5...5 дугаар захирамжаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ийн “гэрч асуулгах” хүсэлтийг шүүгчийн 2023  оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1../ШЗ2023/....5 дугаар захирамжуудаар тус тус хангаж, шүүх хуралдаануудыг хойшлуулж байжээ. /с.х-ийн 82-97 тал/

Улмаар тухайн захиргааны хэргийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 1../ШШ2023/...4 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /с.х-ийн 98-111 тал/

Дээрх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үйл баримтуудаас үзэхэд “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох тус сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/...7 дугаар “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлд шүүгч Б.Х-ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1../ШЗ2022/...5 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн, 1../2022/0...9/З дугаар бүхий индекстэй хэргийг тус шүүхийн шүүгчийн туслах Т.Б-ын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Тамгын газарт гаргасан “хэрэг шилжүүлэх тухай” хүсэлтийг үндэслэн журмын дагуу 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүгч Т.М-д шилжүүлэн, 2023  оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1...7 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаах шийдвэр гаргах хүртэл уг хэргийг 110 дахь хоногт шийдвэрлэсэн байна.

Үүнээс шүүгч Б.Х 19 хоног хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх ба шүүгч Т.М-ийн  2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1....7 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосноос, тухайн захирамжийг дээд шатны шүүх болох Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл буюу 33 хоног нь тухайн захиргааны хэрэг давж заалдах шатны шүүхэд байжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргахад шүүгч Т.М-ийн  2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 4...4 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн, 1../2023/0..4/З дугаар бүхий индекстэй хэргийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 1../ШШ2023/...4 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хүртэл 44 дэх хоног болсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 63.3 дахь хэсэгт “энэ хуулийн 63.1...-т заасан хугацааг шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгаж болно”, 63.5 дахь хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан ...шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүхээс хянан шийдвэрлэсэн хугацаа энэ хуулийн 63.1-63.3-т заасан хугацаанд хамаарахгүй” гэж тус тус заасан.

Хуульд заасан дээрх хугацаагаар тооцвол 1../2022/0...9/З дугаар бүхий индекстэй хэргийг нийт 110 хоногийн хугацаатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулснаас  19 хоног нь шүүгч Б.Х-д , 33 хоног нь давж заалдах шатны шүүхэд, шүүгч Т.М 58 хоногт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Мөн захиргааны хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үүсгэснээс хуулийн дээрх зохицуулалтын дагуу хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 30 хоногоор, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 15 хоногоор тус тус сунгах ба хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дууссан байна. Үүнээс хэргийг шийдвэрлэсэн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүртэл 36 хоног өнгөрчээ.

Уг 36 хоногт шүүгч Т.М нь нотлох баримтууд цуглуулах, маргаан бүхий ...байгалийн цогцолбор газар болон тус газрын хамгаалалтын захиргааны бичиг хэрэгт үзлэг хийх, мөн шүүхийн шаардсан нотлох баримт ирээгүй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Э-ыг томилох, тухайн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-ын “өмгөөлөгчтэй оролцох” “эрүүл мэндийн шалтгаантай” гэх хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдаануудыг хойшлуулж байснаас үзэхэд шүүгчийг өргөдөлд дурдсанчлан “...8 сарын хугацааг биднийг зөвхөн чирэгдүүлэхэд зарцуулсан...” гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Харин захиргааны 1../2023/0..4/З дугаар бүхий индекстэй хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасан хуулийн хугацаанд буюу 44 дэх хоногт шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт “нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана” гэж заасан.

Шүүгч нэхэмжлэлийг хүлээн аваад нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг шалган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг хянан шийдвэрлэх нь түүнд хуулиар олгогдсон бүрэн эрх тул шүүгчийг “санаатайгаар зайлсхийсэн үйлдэл, эсхүл хэргийг нэхэмжлэгчийн эсрэг ямар нэгэн аргаар шийдвэрлэх гэсэн оролдлого” гэж үзэх боломжгүй юм.

Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Т.М-ийг Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.24-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан ажлаа удаа дараа таслах” гэж заасныг зөрчсөн гэх тухайд:

Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны явцад шүүгч Т.М-ийн  даргалсан 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд шүүгчээс шалтгаалан шүүх хуралдаан хойшилж байсан эсэх, тухайн цаг хугацаанд шүүгч чөлөө авч байсан эсэх, ажил тасалсан эсэх талаарх баримтыг бүрдүүлжээ.

Улмаар ...хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023  оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2/...5 дугаар албан бичигт “шүүгч Т.М-ийн  даргалсан 127 шүүх хуралдаан хойшлуулсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолоос шүүж үзэхэд шүүгчээс хамааралтай шалтгаанаар хойшилсон тохиолдол байхгүй. Харин шүүгчид чөлөө олгосон Ерөнхий шүүгчийн захирамжийг хуулбарлан хүргүүлж байна” гэжээ.

Тухайн албан бичигт хавсаргагдсан тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1../ЕШ2023/0...2 дугаар захирамжаар шүүгч Т.М-д Монголын Хуульчдын холбооны 2023  оны Хуульчийн үргэлжилсэн сургалтад хичээл заахаар Өвөрхангай, Баянхонгор аймгууд руу явах болсон тул 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийг дуустал ажлын 4 өдрийн чөлөө олгосон байна.

Дээрхээс үзэхэд шүүгчийн “... миний бие шүүгчээр томилогдсоноосоо хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан ажлаа удаа дараа битгий хэл нэг хоног ч тасалж үзээгүй гэдгээ хариуцлагатайгаар хэлье. Мөн ганц удаа өвдөж акт авч байгаагүй гэдгийг ч хариуцлагатай хэлье...” гэх тайлбар үндэслэл бүхий байна.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван зургаадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд, мөн зүйлийн 8-д “соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй...”, 16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй...”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.11-д “ шүүгч багшлах болон эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх нийтлэг бүрэн эрхтэй” гэж тус тус зааснаас үзэхэд шүүгчийн болон иргэний хувьд Т.М-ийг хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Илтгэгч гишүүний “Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлд Төрийн албан хаагчийн нийтлэг эрхийн талаар тусгахдаа 38.1.6-д “багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх”, 38.1.9-д “мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор сургалтад хамрагдах” гэж тус тус зохицуулсан байх бөгөөд шүүгчийг “...фэйсбүүк цахим хуудсанд ихэд идэвхтэй байдаг..., нийтлэл бичсэн, пост оруулсан...,  судалгааны ажил хийсэн, сургалт орсон, лекц уншсан...” зэрэг үндэслэлээр буруутгах боломжгүй юм” гэснийг хүлээн авах боломжтой гэж бүрэлдэхүүн үзлээ.

Иймд шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.24-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан ажлаа удаа дараа таслах” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх” гэж заасныг зөрчсөн гэх тухайд:

Өргөдөл гаргагч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.А-ийн 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гаргасан өргөдөлд шүүгч Т.М ... хэргийн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэний нэхэмжлэлтэй, хэнд холбогдох, ямар шаардлага бүхий захиргааны хэрэгт шүүгч хэрхэн, яаж шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр сууриа олон нийтэд мэдээлэх, илэрхийлсэн талаар дурдаагүй, ойлгомжгүй байна.

Иймд шүүгч Т.М-ийг хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Т.М нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 50.1.24, 50.1.4 дэх хэсэгт заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ГС/2023/0...4  дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.М-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                     ДАРГАЛАГЧ                               Д.ЭРДЭНЭЧУЛУУН

                             ГИШҮҮН                                     О.НОМУУЛИН

                                                             Х.ХАШБААТАР