info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-01-21

Дугаар 6

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, холбогдох шүүгч Ц.Б-, нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

...ерөнхий шүүгч Ц.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд “У Р” ХХК-ийн хуулийн зөвлөх Л.Ө- нь “...давж заалдах шатны шүүх бие даасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлээгүй байна гэж дүгнэсэн байтал дахин хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэн шийдвэр гаргасан нь Шүүхийн тухай хуулийн 50-р зүйл 50.1.1, 50.1.23-т заасан зөрчлийг гаргасан” гэсэн агуулга бүхий өргөдөл гаргажээ. ...шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 7816 дугаар захирамжаар гуравдагч этгээд “У Р” ХХК-ийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Уг захирамжийг эс зөвшөөрсөн гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэж 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 835 дугаар тогтоолоор 7816 дугаар захирамжийг хүчингүй болгосон байна. ...2021 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 0175 дугаар шийдвэрээр гуравдагч этгээдийн дээрх бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 318 дугаар магадлалд хэрэгт авагдсан баримтуудаар гуравдагч этгээдийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь нотлогдсон, энэ талаар шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн гэж дүгнэсэн, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолоор гуравдагч этгээдийн гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Иймд гомдол гаргагчийн Шүүхийн тухай хуулийн 50-р зүйл 50.1.1, 50.1.23-т заасан зөрчлийг гаргасан гэсэн гомдол үндэслэлгүй байх тул ...Ерөнхий шүүгч Ц.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав гэжээ.

Хэргийн оролцогч өргөдөлд гаргасан тайлбартаа “... “Н С” ХХК, “Б” ХХК-иудын нэхэмжлэлтэй Н и Т Х Т, Н ө х к, Н ө а, у газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 20-ний өдрийн 5331 дугаар захирамжаар “У Р” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Гуравдагч этгээд нь бие даасан шаардлага гаргасан, шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 54.2 дахь хэсгийг баримтлан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 835 дугаар тогтоолоор...шаардлага гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж шууд дүгнэх боломжгүй гэж үзэж, дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

...2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 0175 дугаар шийдвэрээр гуравдагч этгээд бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 318 дугаар магадлалаар “...гуравдагч этгээд “У Р” ХХК-ийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсаныг үндэслэлтэй зөв” гэж үзсэн. Иймд миний бие нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл гаргаагүй... тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

“У Р” ХХК-ийн хуулийн зөвлөх Л.Ө- нь ...ерөнхий шүүгч Ц.Б-д холбогдуулан өргөдөл гаргасан, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021.12.21-ний өдрийн 30 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “Н С” ХХК, “Б” ХХК нь Н И т х тэргүүлэгчид, Н ө х комисст холбогдуулан ...тогтоол хүчингүй болгох тухай 0175 нэхэмжлэл гаргасныг шүүгч Ц.Б- хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2020.07.20-ний өдрийн 5331 дүгээр шүүгчийн захирамжаар “У Р” ХХК-г бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэжээ.

“У Р” ХХК нь 2020.10.08-ний өдөр бие даасан шаардлага гаргасан, шүүгчийн 2020.10.14-ний өдрийн 7816 дугаар шүүгчийн захирамжаар гуравдагч этгээдийн “...Н и т х2018.12.05-ний өдрийн жагсаалт батлах тухай 20/21 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 1,2,3 дахь хэсгийг уг тогтоолын агуулга, заалтад нийцүүлэн зөвтгөж гаргахыг НИТХ-д даалгуулах” тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзахдаа шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэл дурджээ.

... шүүхийн 2020.11.05-ны өдрийн 835 дугаар тогтоолоор дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгохдоо “...бие даасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн эсэх нь хангалттай тогтоогдоогүй...” гэж үзжээ.

... шүүх 2021.03.12-ний өдөр “Н С” ХХК, “Б” ХХК-иудын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 0175 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, харин “У Р” ХХК-ийн бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзахдаа “...Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газраас 2019.12.19-ний өдөр “У Р” ХХК-тай хийсэн хурлаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ө- нь НИТХ-ын 2018 оны 20/21 дүгээр тогтоолыг мэдэж байсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэжээ.

Дээрх шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2021.06.17-ны өдөр хэлэлцээд 318 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх хууль ёсны эрх, ашиг сонирхлыг тогтоогоогүй энэ тохиолдолд НИТХ-ын тэргүүлэгчдийн 2020.04.30-ний өдрийн 60 дугаар тогтоолын хавсралтын 1 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн шаардлагын үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй, ...харин гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй, учир нь... хэрэгт авагдсан баримтуудаар гуравдагч этгээдийн НИТХ-ын 2018.12.05-ны өдрийн Жагсаалт батлах тухай 20/21 дүгээр тогтоолтой маргаж, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан нь нотлогдсон, энэ талаар шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзжээ...” гэсэн дүгнэлт хийжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021.09.21-ний өдрийн 212 дугаар тогтоолоор гуравдагч этгээд “У Р” ХХК-ийн захирал У.Б хяналтын журмаар гаргасан гомдлыг захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

...2021.12.15-ний өдрийн 0871 дүгээр шийдвэрээр гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Л.Ө- нь 2021.03.29-ний өдөр гаргасан өргөдөлд дурдсан үйл баримт тодруулбал гуравдагч этгээд нь бие даасан шаардлагаа шүүхэд 2020 оны 10 дугаар сард гаргаснаар хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, хэргийг 2021 онд шийдвэрлэсэн байх тул Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.

Өргөдөл гаргагч нь өргөдөлдөө “...шүүгч Ц.Б- гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг дахин дахин хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэн хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан нь Шүүхийн тухай хуулийн 50.1.23-т заасан зөрчлийг гаргасан, ингэснээр нэхэмжлэгч талд хууль бусаар давуу байдал олгож, 50.1.1-т заасныг зөрчсөн” гэсэн агуулга дурдсан боловч энэ нь Шүүхийн сахилгын хорооны харьяалан шийдвэрлэх асуудалд хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамж, анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянах, дүгнэлт хийх эрх сахилгын хороонд хуулиар олгогдоогүй болно.

Шүүгч маргаан бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.1, 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаарх илтгэгч шүүгчийн санал хэргийн баримтад үндэслэгдсэн байна.

Дурдсан үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1....ерөнхий шүүгч Ц.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Г.ЦАГААНЦООЖ

ГИШҮҮН                                        Д.АРИУНТУЯА

                                      Д.МЯГМАРЦЭРЭН