info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-07-05

Дугаар 102

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн - нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар ... газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга  Х.Б- ээс ирүүлсэн мэдээллээр, ...  дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Б.Сугарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 0089 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-даа:

“... Сахилгын хэргийг хянан шалгах ажиллагаа хийлгүүлэх тухай албан бичигт №101/ШЗ2018/хххх тоот захирамжаар захиран зарцуулах эрх нь хязгаарлагдсан үл хөдлөх хөрөнгийг бусдад өр төлбөрт тооцон шилжүүлэн өгөх гэрээ байгуулсан ба тус эвлэрлийн гэрээг ...  дүүргийн ...  хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г  баталж 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ххххх дугаартай захирамждаа "Талуудын эвлэрэл нь ... хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байна" гэж тусгажээ. Шүүгч Д.Гын шийдвэр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхэд хяналт шалгалт хийж өгнө үү гэсэн агуулгыг дурджээ.

Дурдагдаж буй холбогдох шүүгчийн захирамж буюу шүүхийн шийдвэр нь 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан байх бөгөөд уг захирамжийг гаргахдаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхийг шалгаж өгөхийг хүссэн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хууль 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тухайн захирамж, шийдвэр гарсан цаг хугацаа болох 2018 онд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012/, Шүүгчийн ёс зүйн дүрэм үйлчилж байсан тул холбогдох шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан шүүгчид хориглосон хуулийн зохицуулалтыг зөрчсөн эсэхийг шалгах хууль зүйн үндэслэлгүй болохыг тухайлан дурдах нь зүйтэй байна.

...  дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" №101/Ш32018/хххх дугаар захирамжийг тус шүүхийн шүүгч Б.У гаргасан байх бөгөөд уг захирамжийн захирамжлах нь хэсгийн 1 дэх заалтаар хариуцагчийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч шийдвэрлэсэн байх бөгөөд харин уг захирамжид хариуцагчийн чухам ямар эд хөрөнгийг нь битүүмжилж байгаа болохыг эд хөрөнгө бүрээр нь нэрлэн зааж тоочоогүй байна.

Сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан Ж И М-ий өргөдөлтэй 694 дугаартай хэрэг маргааны материалаар талуудын эвлэрлийг холбогдох шүүгч хүлээн аваад шууд баталгаажуулаагүй эхний удаад татгалзаж шийдвэрлэсэн болох нь ...  дүүргийн ...  хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн "Талуудын эвлэрлийг баталгаажуулахаас татгалзах тухай" №101/Ш32018/ххххх дугаар захирамжаар, уг захирамжийн үндэслэх нь хэсэгт дурдсан 4 үндэслэлээр тогтоогдож байна.

Харин ...  дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн "Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай" №101/Ш32018/ххххх дугаар захирамжаар эвлэрлийг баталгаажуулж шийдвэрлэжээ.

Уг захирамжийг гаргахдаа өргөдөлд дурдсанчлан талуудын эвлэрэл нь ... хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул талуудын эвлэрлийг батлах үндэслэлтэй байна гэж дурдаж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулах ба төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд .... дүүргийн ... дугаар хороо Цайз /13292/ Б.Доржийн гудамж 18/2-б тоот хаягт байршилтай Ү-ххххххххххххх улсын бүртгэлийн дугаартай 75 хувийн гүйцэтгэлтэй 4592 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн талуудын эвлэрлийг баталгаажуулсан байна.

Сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан Ж И М-ий өргөдөлтэй 694 дугаартай хэрэг маргааны материалд ... дүүргийн .... дугаар хороо Цайз /13292/ Б.Доржийн гудамж 18/2-б тоот хаягт байршилтай 75 хувийн гүйцэтгэлтэй 4592 мкв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн Ү-ххххххххххххх улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байх бөгөөд тухайн хөрөнгийг ямар нэгэн барьцаанд байгаа талаар дурдаагүй, эрхийн доголдолгүй байсан тул холбогдох шүүгч талуудын эвлэрэл нь ... хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байна гэж захирамж гаргасныг зөрчил гэж үзэхгүй.

2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012/-ийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр,

Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж тус тус заасан байжээ.

Шүүгч хуульд заасан үндэслэлийн дагуу талуудын эвлэрлийг баталгаажуулж захирамж гаргасан, уг захирамждаа талуудын эвлэрлийг баталгаажуулах болсон хууль зүйн үндэслэлийг тодорхой дурдаж захирамж гаргасан энэхүү үйл баримтыг ёс зүйн зөрчил гэж үзэхгүй, Шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн зөрчилд хамаарахгүй.

Иймд ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав...” гэжээ.

... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г тайлбартаа: “...Тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр өргөдөл гаргагч Ж И М болон уригдах тал "И С К" ХХК нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг шүүгч Д.Г би 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 101/Ш32018/ххххх дугаар захирамжаар баталгаажуулсан байна. Улмаар "У Б К" ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дээрх ххххх дугаар захирамжийг хүчингүй болгох тухай хүсэлт гаргасныг хянаад 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хангахаас татгалзах тухай 101/Ш32022/ххххх дугаар захирамж гарсан. Энэхүү ххххх дугаар захирамжид хүсэлтийг хангах боломжгүй талаарх үндэслэлийг тодорхой дурдсан бөгөөд үүний агуулгыг тодруулбал:

"У Б К" ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 17,744,184,111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг "И С К" ХХК-д холбогдуулан гаргасан бөгөөд өөрөөр хэлбэл АТГ-н 06/9095 дугаар албан тоотод дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-ххххххххххххх дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргаагүй.

Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх явцад тус шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хххх дугаар захирамжаар хариуцагчийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжилсэн. Гэвч уг захирамжид мөн адил дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-ххххххххххххх дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх талаар заагаагүй.

Улмаар тус шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 03712 дугаар шийдвэрээр "И С К" ХХК-с 14,413,020,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч эрхийн улсын бүртгэлийн Ү-ххххххххххххх дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гараагүй. Мөн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд эрхийн улсын бүртгэлийн Ү-ххххххххххххх дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гараагүй.

Цаашлаад БНХАУ-н иргэн Ж И М нь зээлийн гэрээний үүрэгт 2,918,038,200 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай өргөдлийг "И С К" ХХК-д холбогдуулан гаргаснаар талууд эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг эвлэрлийн гэрээ нь ... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.7-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул шүүгч Д.Г би баталгаажуулсан. Учир нь:

Уг эвлэрлийн гэрээ нь ойлгомжтой бөгөөд тодорхой байсан.

... хууль зөрчөөгүй бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрсөн гэж үзэхээргүй байсан. Тодруулбал, хувь хүн болон хуулийн этгээд нь зээлийн гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулахыг ... хуулиар хориглоогүй бөгөөд зөвшөөрсөн. Мөн "У Б К"  ХХК-ийн   нэхэмжлэлтэй   "Их  сүндэр   констракшн"  ХХК-д холбогдох   хэрэгт  эрхийн   улсын   бүртгэлийн Ү-ххххххххххххх дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргаагүй бөгөөд энэ талаар ямар нэг шийдвэр гараагүй. Түүнчлэн уг эрхийн улсын бүртгэлийн Ү-ххххххххххххх дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө нь дан ганц "И С К" ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000642348 дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. Эдгээр үндэслэлүүдийг нэгтгэн   дүгнэж үзвэл “У Б К” ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-ххххххххххххх дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой ямар нэг нэхэмжлэл гаргаагүй, энэ талаар шүүхийн шийдвэр гараагүй, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжаар энэ үл хөдлөх эд хөрөнгийг тухайлан битүүмжлээгүй, өөрөөр хэлбэл   эд   хөрөнгө   битүүмжлэх   гэдгийг   шууд   эрхийн   улсын   бүртгэлийн   Ү-ххххххххххххх  дугаарт  бүртгэгдсэн  үл  хөдлөх  эд  хөрөнгө  гэж  ойлгохгүй   юм. Цаашлаад, зээлийн гэрээ байгуулах нь ... хуулиар зөвшөөрөгдөх бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө нь дан ганц зээлдэгч буюу эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уригдах талын өмчлөлд бүртгэлтэй болох нь тогтоогдсон тул гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах гэдэг нь ... хуулийн 156 дугаар зүйлд заасан барьцааны гэрээнээс тусдаа ойлголт бөгөөд мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д заасан барьцаалагчийн эрх үүсгэхгүй.

Үүний дараа “У Б К” ХХК нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дээрх эвлэрлийн гэрээ баталгаажуулсан 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 101/Ш32018/ххххх дугаар захирамжийг хүчингүй болгох тухай хүсэлтийг дахин гаргасан. Уг хүсэлтийг хянаад 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр хангахаас татгалзах тухай 20862 дугаар захирамж гаргасан. Энэхүү 20862 дугаар захирамжид хүсэлтийг хангах боломжгүй талаарх үндэслэлийг тодорхой дурдсан бөгөөд үүний агуулгыг тодруулбал:

Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.1-д зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа сайн дурын үндсэн дээр явагдах бөгөөд мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2-т зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчид хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, эвлэрэх асуудлын хүрээг чөлөөтэй сонгох эрхийн талаар тайлбарласан.

... хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад талууд зээлийн гэрээний үүргийг   зөвшөөрөх,   улмаар   эвлэрлийн   гэрээг   биелүүлээгүй тохиолдолд тодорхой эд хөрөнгө нэрлэн зааж тухайн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар тохиролцох эрхтэй болохыг тайлбарласан.

Мөн эвлэрлийн гэрээ нь ... хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй талаарх үндэслэлийг тайлбарласан. Цаашлаад, ... хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлийг агуулгын хувьд тайлбарласан.

Эдгээрээс гадна ... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар гаргасан хүсэлтийг хангаагүй тохиолдолд уг захирамжид гомдол гаргах эрхгүй талаарх тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 00302 дугаар тогтоолын агуулгыг дурдсан.

Түүнчлэн ... газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 06/9095 дугаар албан тоотод дурдсанаар 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хххх дугаар захирамжийг шүүгч Д.Г би хүчингүй болгоогүй бөгөөд энэ талаар ямар нэг эрхийн акт гаргаагүй. Учир нь ... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар шүүгчийн захирамжийг зөвхөн тухайн эрхийн актыг гаргасан шүүгч хүчингүй болгох эрхтэй бөгөөд бусад шүүгч өөрчлөх, хүчингүй болгох эрхгүй.

Харин 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хххх дугаар захирамжийн үйлчлэл ... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар “И С К” ХХК-д холбогдох “У Б К” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны ... хэргийн шүүх хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 00897 дугаар тогтоол гарснаар дуусгавар болно.

Эдгээрээс гадна эрхийн улсын бүртгэлийн Ү-ххххххххххххх дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарласан гэх тус шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хххх дугаар захирамжаас үзэхэд хэдийгээр техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр байх боловч биелэгдэх боломжгүй байсан байна. Учир нь уг захирамжийн захирамжлах хэсгийн 1-д зааснаар шүүх шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийн хөрөнгийг битүүмжилсэн гэж үгийн шууд утгаар ойлгогдож байна.

Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хэрэв уг захирамжаар эрхийн улсын бүртгэлийн Ү-ххххххххххххх дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн бол энэ нь тухайн байгууллагын хувьд алдаатай ажиллагаа болсон гэж үзэж байна. Тодруулбал, энэхүү захирамжаар эд хөрөнгө битүүмжлэх боломжгүй байгаа тул нэг бол хүсэлт гаргагч тухайн эрхийн актыг гаргасан шүүгчид хүсэлт гаргах замаар засуулах, эсхүл шийдвэр гүйцэтгэх байгууллага нь ... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д зааснаар тайлбарлуулах ёстой байсан. Гэвч эдгээр ажиллагааг хийлгүйгээр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хийгдсэн бол үүнийг тухайн эрх бүхий байгууллага тайлбарлах учиртай.

Мөн битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар эвлэрлийн гэрээг баталгаажуулах захирамж, гүйцэтгэх хуудас бичигдсэн бол шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үүнийг дээрх хуульд зааснаар тайлбарлуулах үүрэгтэй байжээ.

Дээрхийг үндэслэлүүдийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл шүүгч Д.Г би шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг хүчингүй болгоогүй, уг захирамж нь хуульд заасан үндэслэлээр үйлчлэл нь дуусгавар болсон, цаашлаад "И С К" ХХК-д холбогдох "У Б К" ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт эрхийн улсын бүртгэлийн Ү-ххххххххххххх дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаан хянан шийдвэрлэгдээгүй, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хххх дугаар захирамжаар эрхийн улсын бүртгэлийн Ү-ххххххххххххх дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг хязгаарлаагүй байна.

Иймд шүүгч Д.Г би Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан зөрчил гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      .... газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Б-с Шүүхийн сахилгын хороонд, Б дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г-д холбогдуулж, мэдээлэл ирүүлсэн,  гишүүний 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 71 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.

Илтгэгч гишүүн сахилгын хэргийн шалгах ажиллагааны хүрээнд өргөдөл гаргагч Ж И М, уригдах тал “И С К” ХХК нарын Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хэрэгт үзлэг хийж, сахилгын хэрэгт ач холбогдолтой баримтуудыг авсан, мөн нотлох баримт гаргуулах тухай захирамжаар Шүүхийн тусгай архиваас "У Б К" ХХК-ийн нэхэмжлэлтэй "И С К" ХХК-д холбогдох хэргээс сахилгын хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг гаргуулан авсан, мөн шүүгч Д.Г нь тайлбарын хамт холбогдох баримтыг ирүүлсэн байна.

Илтгэгч гишүүн өргөдлийн агуулгаар сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнэн, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 0089 дүгээр Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргажээ.

Сахилгын хэргийг хянан үзвэл:

Хэрэгт авагдсан баримтуудаар, зээлдэгч тал болох “И С К” ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч Ж И Мнь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлалд “2.918.038.200 төгрөг гаргуулах” тухай өргөдөл гаргахдаа[1] тухайн талууд 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ”-г үндэслэл болгосон байна.

“И С К” ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээ байгуулахдаа барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болох ... дүүргийн ... дугаар хороо, Цайз 13202б Доржийн гудамж, 104/2-б тоот хаягт байршилтай 4592 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-ххххххххххххх дугаар бүхий 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр улсын бүртгэлийн газраас олгосон өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг зөвшөөрч, 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүсэлт гаргаснаар, Эвлэрүүлэн зуучлагч уулзалт зохион байгуулж, талууд эвлэрлийг зөвшөөрч 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 263 дугаартай Эвлэрлийн гэрээ байгуулсныг[2] Б дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШЗ2018/ххххх дугаартай захирамжаар эвлэрлийг баталжээ[3].

Мөн тус шүүхийн Ч.У шүүгчийн хянаж байсан "У Б К" ХХК-ийн нэхэмжлэлтэй "И С К" ХХК-д холбогдох хэрэгт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргасныг, Б дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн хххх дугаар захирамжаар хангаж шийдвэрлэжээ.   

Уг захирамжийг албадан гүйцэтгүүлэх 14218 дугаар захирамж 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гарсан бол эвлэрлийг баталсан ххххх дугаар захирамжийг албадан гүйцэтгүүлэх 16334 дугаар захирамж 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр гарчээ.   

Монгол Улсын шүүхийн тухай хууль 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн ба Шүүхийн сахилгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 18-нд байгуулагдсан байна.

Өргөдөл мэдээлэл 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн үйл баримтад үндэслэсэн байх тул 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэнэ.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 32 дугаар зүйлийн 32.2-т “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр” заасан ба шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл нь Монгол улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар “хууль болон шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн” байхыг ойлгоно.

Тиймээс “ ... холбогдох шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан шүүгчид хориглосон хуулийн зохицуулалтыг зөрчсөн эсэхийг шалгах хууль зүйн үндэслэлгүй ...” гэх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгч талуудын эвлэрлийг баталгаажуулж захирамж гаргахдаа талуудын эвлэрлийг баталгаажуулах болсон хууль зүйн үндэслэлийг тодорхой дурдсан байх ба Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасан байна.

Иймд, .... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г-д холбогдуулан гаргасан өргөдөл, мэдээллийг шалгаж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал нь үндэслэл бүхий байх тул саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ГС/2023/0089 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ... дүүргийн ... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                                     Ц.ДАВХАРБАЯР

ГИШҮҮН                                                          Д.АРИУНТУЯА

С.ЭНХТӨР

 

[1] Сх-ийн 99 дүгээр тал

[2] Сх-ийн 131-133 дугаар тал

[3] Сх-ийн 136 дугаар тал