info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-04-05

Дугаар 49

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүлээн авч сахилгын шийтгэл оногдуулах тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, шүүгч Г.А, гэрч Э.Д /өргөдөл гаргагч/, нарийн бичгийн дарга Г.Хаш-Эрдэнэ нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2023.03.17-ны өдрийн ГНД/2023/0008 дугаартай “Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлт”-д:

“... Харин өргөдлийн дараах үйл баримтуудад шүүгч сахилгын зөрчил гаргасан гэж үзлээ. Үүнд:

1/ Өргөдлийн 3-д, “2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд ... шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүхэд гаргах хүсэлтээ танилцуулах гэтэл /нэг өгүүлбэр ч хэлж амжаагүй байхад/ 2019 оны өөр хэргийн шүүх хуралдаанд оролцож байсан нөхцөл байдлын хүрээнд хэрүүлч гэж тодотгож, шүүгчээс ямар олон юм ярьдаг юм бэ, ямар хүсэлт гаргаад байгаа юм тэр хүсэлтээ шууд хэл л дээ, ... чи ер нь өмгөөлөгч мөн юм уу, ... шүүх хуралдаанд хэрүүлийн шинж чанартайгаар оролцдог, дараагийн шүүх хуралдааны товыг тогтоохдоо итгэмжлэгдсэн төлөөлөгч надаас бусад оролцогчдын саналыг авч товлосон гэх мэт байдлаар бусад хэргийн оролцогчид, төлөөлөгч, өмгөөлөгч нарын өмнө загнаж зандарсан, давшилсан ялгаварлан гадуурхсан байдлаар хандсан[1] ... гэж, мөн өргөдлийн 6-д “2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хүсэлтэд нь дурдаагүй агуулгаар буюу нотлох баримтууд өөрчлөгдсөн байж магадгүй гэсэн хүсэлт гаргасан гэж ойлгож хангаж шийдвэрлэсэн” гэж, өргөдлийн 12-д, “ ... Шүүгч Г.А нь хариуцагчийн төлөөлөгчийг ялгаварлан гадуурхах, загнах, арга хэмжээ авах зэргээр зүй бус зан авир гаргаж байсан ... хариуцагч талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, нэхэмжлэгч талд давуу байдал үүсгэж байсан энэ үйл явц нь хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд үргэлжилж байсан[2] ...” гэжээ.

Тус иргэний хэргийг хянан хэлэлцсэн ... шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн болон 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгээс өргөдөлд дурдсан үйл баримтыг шалган, шүүх хуралдааны тэмдэглэлүүдтэй тулган үзлэг хийсэн. Тус үзлэгээр:

1. Хэргийг хянан хэлэлцсэн 2021 оны 12 дугаар сарын 09-ний шүүх хуралдаанд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтаас зарим баримтыг хасуулах хүсэлт гаргасан, үүнтэй холбоотой хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд шинээр гаргаж өгөх хүсэлт болон тайлбар байна гээд, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбарууд, мөн үзлэг хийлгэх хүсэлт гаргаж байгаа гэж байгаа нь тэмдэглэгджээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Үзлэг хийлгүүлэх хүсэлт нь ямар ач холбогдолтой юм бэ гэвэл нэхэмжлэгч бол 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэмэлт тайлбар болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргадаг тухай тайлбартаа “Оршил ресорт” амралт сувиллын газрын урд талын газарт барилгын карказ үзүүлээд байдаг энэ нь 80%-той баригдаж байгаа гэдэг тайлбар нь үндэслэлгүй байна. Сувилал баригдаж байгаа эсэх нь тодорхойгүй за мөн тухай барилгыг барих О-д нэг ширхэг хаус” гээд хүсэлтийн үндэслэлээ тайлбарлаж байхад нь бичлэгийн 00:03:07-00:04:16 хэсэгт 1 минут 09 секундын хугацаанд Даргалагч тайлбартай зэрэгцэн үг хэлнэ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярих боломжгүй болж, тайлбар хэлж чадахгүй, яриагаа зогсоож байна.

Мөн бичлэгийн 00:04:17-00:06:07 хэсэгт Даргалагч “Хүсэлт нь хамаагүй юу дээр нь юм, юуг нь уншаад байгаа юм наад дээр чинь бичсэн юм байгаа биз дээ би харчих нь ш дээ. Ийм учраас үнэлгээ хийлгэх гэсэн юм гээд товчхон хэлчхээч хүсэлт дээр хэрэг маргаан хянан хэлэлцэж байгаа юм шиг юм аа уншаад юун дээр ямар юм нь дээр утас нь дээр юм уу, бичлэг нь дээр юм уу яг юун дээр юм тэр нь ямар хамааралтай юм товчхон хэлчих”, “... би хэлээд байгаа хурал болгон дээр битгий энэ даргалагч шүүгчийн өмнөөс янз бүрийн харьцаа гаргаад бай. Ерөөсөө хурал болгон дээр ингэх юм. Энэ чинь таны хэрэлдэх юм уу уурлаж болдог хурал биш шдээ. Энд чинь тайван амгалан өөрийнхөө юм тодорхойлон наадах чинь юм шийдэх гэхэд олон юм үргэлжлүүлэн уншаад ингээд байхад чинь хүн хүлээж авахгүй шдээ тодорхой товч ярьчхаач дээ дараа нь аяндаа уншина шдээ. Наадхаа тодорхой юмнуудаа хэлж бай. Хүн орж ирээд хэрүүл хийх гэж байгаа юм шиг, та юманд хандаад байх юм. Наадхаа больчихмоор байх юм. Наад захын ёс зүй гэж баймаар байх юм. Товчхон хэлчих товчхон хэлж чадахгүй бол өмгөөлөгч нь босоод яг ийм юманд хийлгэмээр байх юм шүүгчээ гээд хэлчих. Босож ирээд хэдэн зуу юм уншчих юм нөгөөдхийг нь хүн хүлээж авахгүй боломжгүй юм танд ч гэсэн юм танилцуулах гэхээр учир утгагүй юм уншчихаад хэн ч юу ч ойлгохгүй шдээ. Яг юунд хийлгэх гэж байгаа юм гар утсанд хийлгэх гэж байгаа юм уу, эсвэл эдний тайланд хийлгэх гэж байгаа юм уу эсвэл газар дээр нь очиж үзүүлэх гэж байгаа юм уу яг юунд хийлгэх гэж байгаа юм тэрийгээ тодорхой хэлчих ... яг юунд хийлгэх гэж байгаа юм” гэв.

Бичлэгийн 00:06:08-00:06:18 хэсэгт Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Хүсэлтээ ер нь дэлгэрэнгүй биш товчхон сайн тайлбарлах гэж уншиж байлаа. За ер нь бол тухайн маргаан бүхий газар дээр үзлэг хийлгэх юм. Газар дээр тухайн хаус нь баригдаад байгаа юм уу ... ” гэхэд дахин тайлбарыг таслан, бичлэгийн 00:06:18-00:06:28 хэсэгт Даргалагч “Газар дээр нь хийлгэх гэж байгаа юм тийм тийм юм дээр үзлэг хийлгэх гэж байгаа юм гээд хэлчхээч би аяндаа наадахыг чинь бичсэн юм бол харчих нь шдээ. Уншаад яах юм харчих нь шдээ. Тэрийг нь аваад ир дээ” гэв, нарийн бичгийн дарга хүсэлтийг авч шүүгчид өгөв.

Бичлэгийн 00:06:29-00:06:36 хэсэгт Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “хүсэлт маань яагаад үзлэг хийлгэх гээд яагаад шаардлагатай юм бэ гэдгийг би бас хүсэлтээ тайлбарлах ёстой шдээ. Тэгж байж шүүх хангах уу үгүй юу гэдгийг ... ” гэхэд, бичлэгийн 00:06:36-00:06:46 хэсэгт Даргалагч тайлбарыг тасалдуулан “үзлэг хийлгэх гэж байгаа, ийм газар дээр яг үзлэг хийлгэх гэж байгаа шаардлага чинь юу юм гээд би тодруулаад асуучихна шдээ” гэсэн, Даргалагч “За үзлэг хийлгэх гэж байгаа юм байна өөр ямар хүсэлт байгаа юм” гэснээр хуралдаан цааш үргэлжлэв.

Бичлэгийн 00:11:03-00:13:51 хэсэгт Даргалагч “Хүсэлт нь болохоор ийм хүсэлт юм байна. Танайхыг барилга барьж байгаа эсэх нь тодорхойгүй гэсэн учраас одоо энэ Баянзүрх дүүргийн 20-р хороонд байрлах барилга дээр бодит байдал дээр баригдаж байгаа юм уу, баригдахгүй байгаа юм уу гэдэг үзлэг хийлгэх хүсэлт юм байна” гэв.

Бичлэгийн 00:13:51-00:15:20 хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч талын үзлэг хийлгэх хүсэлттэй холбоотой тайлбар хэлэв.

Даргалагч “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асууя. Танай энэ барилга баригдсан юм уу?, баригдаж дууссан юм уу?” гэхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Баригдаж дуусаагүй” гэсэн, Даргалагч “Улсын комисс хүлээж авсан юм уу?” гэхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Хүлээж аваагүй байгаа” гэв.

Даргалагч “танайх тэгээд 2019 онд улсын комисс хүлээгээд авсан гээд байсан уу?” гэхэд, нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч “Үгүй үгүй, 2019 оны 11 дүгээр сарын 01-нд хүлээлгэж өгөх ёстой байсан, хүлээлгэж өгөөгүй” гэсэн, Даргалагч “2019 оны 11 сард дуусах ёстой байсан барилга, өнөөдөр дуусаагүй байгаа юм байна тиймээ?” гэхэд, нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч “тийм” гэсэн, Даргалагч “Та нар газар дээр нь очиж үзсэн юм уу? газар дээр нь” гэхэд, нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч “Өнгөрсөн намар очиж үзэхэд карказ байсан, гэхдээ аль барилга гэдэг нь мэдэгдэхгүй нэг нь Оршил ресорт гэдэг юм баригдсан үйл ажиллагаа явуулж байсан. нэг талд нь карказ байсан үүнийг л үзүүлдэг гэж хэлж байсан” гэв.

Даргалагч “Танайх үзлэг хийлгэх шаардлагагүй учир нь тэр барилга баригдсан байна уу, баригдаагүй байна уу хамаа байхгүй бид нар гэрээнд заасан юм аа нэхэж байна аа гээд байна уу?” гэхэд, нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч “тийм тэр гэрээнд заасан” гэхтэй зэрэгцэн Даргалагч “барилга баригдчихаар, баригдсан барилга бидэнд хамаагүй гээд байна уу?, хэдэн онд ашиглалтад орсон нь хамаагүй гээд байна уу?” гэхэд, нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч “Үгүй баригдаж дуусах үүргийн гүйцэтгэл дэх хугацаа өнгөрсөн” гэсэн, Даргалагч “тэрийг мэдээд л байна даа.Хамгийн гол нь барилга баригдсан байна уу өнөөдөр тэр 80%-тай байна уу, баригдаад хүлээж авсан, аваагүй нь тэр бол бид нар хамаагүй зөвхөн гэрээнд заасан үүргийн хувиар талбайгаар хуваарилах юм аа нэхэж байгаа тийм учраас үзлэг бид нарт шаардлагагүй гэж хэлээд байна уу?” гэхэд, нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч “тийм” гэв.

Даргалагч “Танайх болохоор үзлэг хийлгэхийн ач холбогдол юунд, энэ хэрэг шийдвэрлэх нэхэмжлэлийн татгалзалд ямар хамааралтай юм гэж үзэж байна” гэхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “За түрүүн харин би тайлбарлах гэж байсан чинь та тайлбарлах шаардлагагүй гэсэн” гэхтэй зэрэгцэн бичлэгийн 00:16:59-00:17:01 хэсэгт Даргалагчаас үг хэлсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Та шүүх хуралдааныг яаж даргалаад байгаа юм бэ?” гэв.

Бичлэгийн 00:17:01-00:18:00 хэсэгт Даргалагч “эсвэл наад юугаа болчих энд орж ирчихээд илүү дутуу олон юм яриад байх юм бэ, та ингэлээ, тэглээ гээд ингээд байх юм би таны маргах хүн биш, маргах гэж байгаа бол нэхэмжлэгчтэйгээ марга, мэтгэлцэж таны тэгсэн, ингээгүй гэж маргах хүн чинь нэхэмжлэгч, шүүгч биш би энэ шүүх хуралдааныг явуулах гээд хэргийг чинь шийдэх гэж байгаа хүн, та тэгж байна ингэж байна гээд орж ирээд араас нь үг хөөгөөд яваад байх юм” гэхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “үг хэлэх боломж олгохгүй байна шдээ” гэв.

Даргалагчаас “хүн төлөөлөөд, бүхэл бүтэн компани төлөөлөөд орж байж юм яриад байх юм, энэ чинь хэрүүл хийдэг газар биш, босож ирээд товчхон товчхон юмнуудаа хариулж сурахгүй байна” гэхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “ер нь бол шүүх хуралдаан 2 удаа ... би хүсэлтээ дэмжиж тайлбарлая” гэсэн, Даргалагчаас “Би асуучихлаа өмнөөс ингээд хэрэлдээд байхад тайлбар яах уу. За хуралдаан түр завсарлая” гэснээр шүүх хуралдаан дуусжээ.

Дээрх шүүх хуралдааны бичлэгээс үзвэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд үзлэг хийлгэх хүсэлтийн үндэслэлээ тайлбарлах явцад шүүгч үгийг нь тасалдуулан, өөрөө тайлбар хэлэх, ингэхдээ хариуцагчийн шүүх хуралдаанд оролцож буй байдал, хэлсэн үг үйлдэлд дургүйцэж буйгаа илэрхийлсэн, мөн даргалагчаас үзлэг хийлгэх хүсэлттэй холбогдуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хөтөлсөн асуулт асуусан, нэхэмжлэгч талын тайлбартай холбогдуулан хариуцагч талаас тайлбар хэлэх эрхийг хязгаарласан зэргээр хэргийн оролцогчид ялгамжтай хандсан[3] үйл баримт тогтоогдож байна.

2. Тус хэргийг хянан хэлэлцсэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд Хариуцагчийн өмгөөлөгч “... Өнөөдөр ирээд хэргийн материалтай танилцахад шүүгчээс захирамж гараад Улсын бүртгэлийн Ерөнхий газраас нотлох баримт гаргуулахаар шийдсэн юм байна. Нотлох баримт ирээгүй байгаа юм байна, ... Улсын бүртгэлийн Ерөнхий газраас гаргуулах захирамжийн биелэлтэд ... нэгдүгээр хавтаст хэргийн 54 дах хуудаст “Оршил констракшн” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар батлуулаад өгсөн байгаа, 2 дугаар хавтаст хэргийн 7-14 дүгээр хуудаст Улсын бүртгэлийн газрын архиваас ирсэн Хуулийн этгээдийн бүртгэлээс ирсэн хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл байгаа, энэ 2 дээр компани дүрмийг гаргаж өгөөч ээ гэсэн байсан ... хариуцагч тал дүрмийг нотариатаар баталгаажуулаад гаргаад өгөх боломжтой” гэхэд Даргалагчаас “таны хүсэлтийг хангаад Улсын бүртгэлийн газраас 3-н юу чинь ирнэ ш дээ” гэсэн, үүнд хариуцагчийн өмгөөлөгч “манайх гаргаагүй” гэхэд, Даргалагч “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.А, н.Г 2 хүсэлт гаргасан, үүнийг танайх бол гаргаад өгөх боломжтой гээд байгаа юм уу?” гэхэд, хариуцагчийн өмгөөлөгч “хоёр нь миний хэлээд байгаа жишээ нь хувьцаа эзэмшигчийн мэдээлэл хавтаст хэргийн 7-14 дэх хуудаст бэлэн байгаа” гэв. Бичлэгийн 00:03:19 хэсэгт Даргалагч “Нэхэмжлэгчийн тал яах вэ хэрэгт авагдсан ч баримтаар харж байгаад хүн нь өөрчлөгдсөн байна уу өөрчлөгдөөгүй байна уу?, ямар нэг өөрчлөлт орсон байна уу? гэдгийг харах гээд байгаа биз дээ?” гэхэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “тийм” гэж хэлсэн, хариуцагчийн өмгөөлөгч “тэгвэл түүнийгээ бичиж өгөх ёстой” гэж хэлсэн байх ба сахилгын хэргийн 126 дахь талд авагдсан нэхэмжлэгч талын нотлох баримт гаргуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хүсэлтэд шүүгчийн шүүх хуралдаанд тайлбарласан агуулга тусгагдаагүй байна.

3. Тус хэргийг хянан шийдвэрлэсэн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны 20220215_145341 нэртэй 00:06:14 хугацааны бичлэгт, Даргалагчаас шүүх хуралдааныг нээсний дараа “шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгээс татгалзан гарах” эсэхийг асуухад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “байхгүй” гэж хариулсан, /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.А, хариуцагчийн өмгөөлөгч н.Б шүүх хуралдаан эхлэхэд байгаагүй/, даргалагчаас “ирцтэй холбоотой санал хүсэлт байна уу” гэхэд, бичлэгийн 00:00:51 хэсгээс Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “манай талаас итгэмжлэгдсэн төлөөлөгч н.А одоо орж ирж байна гэсэн” гэхтэй зэрэгцэн хариуцагчийн өмгөөлөгч н.Б хаалга онгойлгон “орж болох уу” гэж асуухад даргалагч “хувцас хунараа тайлаач хаана орж ирж байгаа юм” гэв, хариуцагчийн өмгөөлөгч н.Б “зогсоол олддоггүй” гэснээр, суудалдаа суув.

Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргасан, үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Г тайлбар хэлэх явцад бичлэгийн 00:04:14 хэсэгт Даргалагчаас “Танай төлөөлөгч яасан гэнээ, орж ирж байна гэсэн үү?” гэхэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “одоо орж ирж байна гэсэн” гэв. Даргалагчаас “хаана явж байгаа вэ?” гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу хэлсэнгүй, сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхээр хуралдаан түр завсаргав, уг хугацаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.А шүүх хуралдаанд орж ирээгүй байна.

Шүүх хуралдааны 20220215_150417 нэртэй 00:22:24 хугацааны бичлэгт, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, шүүх хуралдаан үргэлжлүүлсэн, бичлэгийн 00:00:18 хэсэгт шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас “хариуцагчийн өмгөөлөгч хурлын дундуур орж ирсэн болохоор эрх үүрэг танилцуулах уу” гэхэд, даргалагчаас “одоо би асууна” гээд, Даргалагчаас “хариуцагчийн өмгөөлөгч эрх үүрэг ойлгож байгаа юу, танилцуулах шаардлага бий юу, шүүгч, нарийн бичгийн даргаас татгалзал бий юу?” гэхэд, хариуцагчийн өмгөөлөгч “байхгүй, татгалзал байхгүй” гэсэн, Даргалагчаас “өөр нэмж гаргах хүсэлт, нотлох баримт байна уу” гэхэд, хариуцагчийн өмгөөлөгч “хэрэгт нэмэгдсэн зүйл байгаа эсэхийг мэдэхгүй байна, тийм учраас танилцмаар байна” гэв.

Бичлэгийн 00:06:39 хэсэгт, хариуцагчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлтэй холбоотой шинжээч томилуулах, гэрч асуулгах хүсэлтээ танилцуулах явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.А орж ирсэн, даргалагч толгой дохин, ор ор гэснээр суудалдаа суув.

Хариуцагчийн өмгөөлөгч хүсэлтээ танилцуулж дуусмагц, бичлэгийн 00:08:40 хэсэгт Даргалагчаас “хэрэг хэлэлцэж эхлээгүй байгаа учраас нэхэмжлэгчийн төлөөлөгчийг оруулсан” гээд, “нэхэмжлэгчийн өмгөөлөгчид шүүгч, нарийн бичгийн даргаас татгалзал байна уу, эрх, үүрэг, дэг танилцуулсан дахин танилцуулах, ойлгоогүй зүйл байна уу, гаргах хүсэлт, нотлох баримт байна уу?” гэхэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.А “байхгүй” гэв.

Даргалагчаас сөрөг нэхэмжлэл, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг танилцуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.А, н.Г нар тайлбар хэлсэн, Үүний дараа бичлэгийн 00:13:29 хэсэгт, Даргалагч асуулт асууж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариулахтай зэрэгцэн хариуцагчийн өмгөөлөгч “бас нэг хариуцагч нь н.Н, надад тайлбар байна” гээд гараа өргөөд босоход, даргалагчаас “таниас би асуугаагүй байна” гэсэн, хариуцагчийн өмгөөлөгч суудалдаа суув, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч даргалагчийн асуултад хариулав.

Бичлэгийн 00:13:38-00:14:55 хүртэл хугацаанд Даргалагч хариуцагчийн хүсэлттэй холбоотой тайлбар хэлсэн, бичлэгийн 00:14:23 хэсэгт хариуцагчийн өмгөөлөгч “би үүнд тайлбар хэлбэл болох уу” гээд гараа өргөхөд, даргалагч тайлбараа хэлж дуусган, үргэлжлүүлэн нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс асуулт асууж, нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн биелэлттэй холбоотой үйл баримтуудыг ярихад, 00:16:01 хэсэгт даргалагч “тэгсэн” гээд толгой дохив, мөн 00:16:15 хэсэгт “тэгсэн шар хоолойн ам гээд” гэсэн, 00:16:24 хэсэгт “гарганаа гэсэн байгаа” гээд толгой дохив, 00:22:02 хүртэл Даргалагчаас асуулт асууж, нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариулав. 00:22:03 хэсгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “би өмгөөлөгчийнхөө хүсэлтийг дэмжээд тайлбар хэлж болох болов уу” гэж, хариуцагчийн өмгөөлөгч “би” гээд гараа өргөхөд, Даргалагчаас “хүсэлтүүдтэй холбоотой талуудын тайлбарыг сонслоо, би хүсэлт шийдвэрлэнэ, шүүх хуралдааныг түр завсарлая” гэв.

Шүүх хуралдааны 20220215_153134 нэртэй 03:38:26 хугацааны бичлэгт, хүсэлтийг хангахаас татгалзаж, хуралдааныг цааш үргэлжлүүлэн, хэргийг хэлэлцэж эхэлсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа танилцуулсны дараа даргалагчаас “хариуцагчийн төлөөлөгч тайлбараа хэлнэ үү” гэхэд, бичлэгийн 00:18:08 хэсгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Шүүх  хуралдааны явцад хүсэлт гаргах дараах нөхцөл байдал бий болж байна” гэхэд, 00:18:12 хэсэгт Даргалагч “үндсэн нэхэмжлэлтэй холбоотой тайлбараа яриад, дараа нь наадахаа хэл” гэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Тийм шүүгчээ ойлгож байгаа, харин хариу тайлбар гаргах шаардлагагүй нөхцөл байдал үүсэж байна. Яагаад гэхээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.2, 91.1.3, 92.8-д заасны дагуу хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Д, хариуцагч хуулийн этгээдийн өмгөөлөгч н.Б бидний зүгээс шүүгч Г.А болон тус шүүхийн бүх шүүгчдээс татгалзан гаргах хүсэлтийг гаргаж байна” гээд үндэслэлээ тайлбарлах явцад 00:20:05 хэсэгт Даргалагчаас “шүүгч болон шүүгчдээс татгалзаж байгаа юм байна тиймээ. Хүсэлтийг нь аваад ир. /нарийн бичгийн дарга хүсэлтийг нь даргалагчид өгөв/ Наад хүсэлтийг чинь хүлээж авах боломж байхгүй. Гэсэн ч тайлбарыг чинь хэлчихье. Яагаад гэвэл дээр шүүгчээс татгалзал байна уу гэхэд байхгүй гэсэн учир шүүх хуралдаан үргэлжилсэн, хүсэлтийг чинь хүлээн авах боломжгүй учир шүүх хуралдаан үргэлжилнэ” гэв.

Ийнхүү хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс Г.А шүүгч болон тус шүүхийн бүх шүүгчдээс татгалзах хүсэлт гаргасан, түүнийг шүүх хүлээн авахгүйгээр хурал үргэлжлүүлсэн, үүнтэй холбоотойгоор хариуцагч талаас хүсэлтээ шийдвэрлүүлэх, даргалагчаас нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар хэлэх шүүх хуралдааны дэгд захирагдахыг харилцан шаардаж, энэ байдал бичлэгийн 00:25:40 хүртэл үргэлжилсэн, улмаар хариуцагч талын тайлбарыг сонсохгүйгээр, Даргалагчаас нэхэмжлэгч талд үндсэн нэхэмжлэлтэй холбоотой нэмэлт тайлбар байгаа эсэхийг асууж, талуудаас харилцан асуух асуулт руу орно гэхэд, нэхэмжлэгч талаас “нотлох баримтаа шинжлэн судалсны дараа асууна” гэсэн, Даргалагч асуулт асууж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариулав.

Түүний дараагаар бичлэгийн 00:34:35 хэсгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч асуултад хариулах явцад, 00:35:18 хэсгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Г тайлбар хэлсэн, даргалагч уг тайлбараас тодруулж асуусан, 00:35:56 хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “шүүгчээ сая ер нь хариуцагчийн төлөөлөгчөөс асуулт асуусан ш дээ, гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөө таныг зөвшөөрөөгүй байхад нь ярихад нь яриулаад бид нарыг болохоор тайлбар хэлэх гэхэд хэлүүлэхгүй байж болох юм уу” гэхэд, Даргалагч асуултаа үргэлжлүүлэн асууж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 00:37:44 хэсэг хүртэл хариулав.

Даргалагч “хариуцагчийн тооцоогоор хэдэн төгрөг өгөх ёстой гэж хэлж байна” гэхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэхэмжлэгч талд төлөх төлбөр тооцооны үлдэгдэл байхгүй” гээд дэлгэрүүлж тайлбарласан, бичлэгийн 00:39:37-00:41:43 хүртэл Даргалагчаас “нэхэмжлэгч хөрөнгө оруулсан барилгаас өгөөгүй гээд тайлбарлаад байна ш дээ. Тийм юм бол энэ хүмүүс юу нэхээд байгаа юм ... Одоо наад хамтран ажиллах гэрээг чинь цуцлаад тэрбум таван зуугаа нэхэж байна ш дээ, үүрэг биелэгдээгүй гээд, гэрээ хэрэгжээгүй гээд тайлбараараа хэлж байна ш дээ. Тэгэхээр хэрэгжээгүй юм чинь бид нар больё юмаа авъя гэж байна ш дээ. Одоо зөндөө харлаа хэрэгжээгүй юм чинь, тийм учраас тэрбум таван зуугаа арван” гэхэд хариуцагчийн өмгөөлөгч босож, “шүүгчээ би тайлбар хэлье” гэсэн боловч 00:41:45-00:43:59 хүртэл Даргалагч үргэлжлүүлэн асуулт асууж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариулав.

Бичлэгийн 00:44:18 хэсэгт хариуцагчийн өмгөөлөгч “шүүгчээ би тайлбар хэлж болохгүй юм уу яагаад миний эрхийг эдлүүлэхгүй байгаа юм бэ? төлөөлөгчийнхөө тайлбар дээр нэмж үйлчилгээ үзүүлж байгаагийнхаа хувьд ажлаа хиймээр байна” гэхэд Даргалагчаас “үндсэн нэхэмжлэлийг хэлэлцэж дууслаа, сөрөг нэхэмжлэлийн чинь хувьд тайлбар авахад аяндаа хэлээд явна ш дээ” гэв. Хариуцагчийн өмгөөлөгч “үгүй үгүй хариуцагчийн төлөөлөгчөөс асуусан асуултад хууль зүйн хувьд зөвтгөж ялгааг нь гаргаж тайлбар хэлье” гэхэд, Даргалагч “танаас асуулт асуугаагүй нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс тодруулах зүйлээ асуусан. За хариуцагч сөрөг нэхэмжлэлээ” гэсэн, хариуцагчийн өмгөөлөгч “мэтгэлцэх зарчим алдагдаад байна шдээ. Та аль болох хөндлөнгийн байр сууринаас талуудыг чөлөөтэй сайхан ярилцуулаад зөв бурууг нь шүүх үүрэгтэй хүн чинь би өөрөөс чинь асуугаагүй байна гэдэг ч юм уу би чинь хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа тал чинь хэдийд ч үйлчилгээ” гэхэд, Даргалагчаас алх цохиж,”Шүүх хуралдааны дэг зөрчиж байгаа учраас 97.1 зааснаар би танд торгуулийн арга хэмжээ авлаа шүү. Гомдол гаргах эрхтэй, шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр явагдах ёстой суу” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлана. Тэрнээс өмнө тэмдэглэлд нэг зүйлийг нарийн бичгийн даргаас тусгаад өгөөч ээ гэж хүсмээр байна. Би энэ хэрэг дээр компанийг төлөөлүүлээд өмгөөлөгчөөр н.Баясгалан өмгөөлөгчийг сонгосон, н.Б өмгөөлөгч хуулийн 34.3-т заасны дагуу төлөөлөгчийн болон хариуцагчийн тайлбартай нэмэлт тайлбар өгөх түүний үндэслэлийг тайлбарлах эрх нь шинэ хуулиараа нээгдсэн, гэтэл энэ эрхийг шүүхээс хангаж өгөөгүй” гэхэд Даргалагч “сөрөг нэхэмжлэлтэй хамааралтай зүйл ярина” гэв.

Бичлэгийн 00:46:48 хэсэгт Даргалагчаас “би танаас нэг юм асууя, та өмгөөлөгч юм уу хуульч юм уу?” гэхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “та яагаад удаа дараа ингэж асуугаад байгаа юм бэ?” гэсэн, Даргалагч “эрх зүйн байдлыг чинь яг таны тайлбар дээрээс чинь ингэж асууж байна л даа” гээд, өмгөөлөгчийн үнэмлэхийн дугаарыг асуусан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “3024” гэж дугаараа хэлээд, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа танилцуулсан. Ингэхдээ 00:47:49 хэсгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “шүүгчээ миний тайлбарыг үндэслэлтэй юу үгүй юу гэдгийг хүлээж авч сонсоосой гэж хүсэж байна. Та нэхэмжлэгч нар тайлбар хэлж байхад бүр бичиж аваад ийм учиртай юм байна гээд ойлгоод ингэсэн гэтэл миний хэлж байгаа тайлбарыг эс ойшоосон шинжтэй бас ингэж болохгүй ш дээ. Би уул нь энэ хэргийг шударгаар шийдвэрлээсэй гэж хүссэн дээ л энэ хүсэлтүүд, татгалзлыг гаргаад байгаа юм түүнээс биш таны нөхцөл байдал чинь нэхэмжлэгч талд илтэд давуу байдал гаргаад байгаа юм шиг ийм л чиг хандлагыг бид нарт төрүүлээд байгаа байхгүй юу тэрнээс биш бид энэ хэрэг дээр ялагдах юм аа эсвэл бид нарт ялгаа байхгүй юм гэдэгтээ биш” гэв.

Бичлэгийн 00:53:13 хүртэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа танилцуулсан, 00:56:18 хүртэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд тайлбараа хэлсэн, 01:00:50 хүртэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэлт тайлбар хэлсэн, үргэлжлүүлэн хариуцагчийн өмгөөлөгч 01:12:08 хүртэл тайлбар хэлэх явцад 01:04:28, 01:10:07 хэсэгт Даргалагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тайлбараа хэлэхийг сануулав. Үргэлжлүүлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 01:13:58 хүртэл нэмэлт тайлбар хэлэв. Үүний дараа 01:44:08 хүртэл сөрөг нэхэмжлэлтэй холбоотой талууд харилцан асуулт асууж хариулах явцад 01:28:34 хэсэгт даргалагчаас “2017 оны хавсралт гэж хэлээд байгаа биз дээ” гэхэд, хариуцагчийн өмгөөлөгч “нэхэмжлэгч тэгж хэлээд байгаа нь буруу байхгүй юу” гэсэн, даргалагчаас “та нар ингэж тайлбарлаж болно, эд нар ингэж тайлбарлаж болно. Тэр чинь хамаагүй ш дээ. Заавал танайхаар тайлбарлах ёстой гэж тулгаж болохгүй. Нэхэмжлэгч 2018 оны гэрээгээ 2017 оны гэрээний хавсралт гэж тайлбарлаж байна, хариуцагч болохоор хавсралт биш, тусдаа гэрээ шүү гэж байна, энэ дээр ямар тайлбар байна” гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар хэлэв.

Бичлэгийн 01:44:10-02:48:34 хүртэл даргалагч нэхэмжлэлийн шаардлага, үнийн дүн, тооцооллыг тодруулсан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, хариуцагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тус тус тайлбараа хэлсэн. Үүний дараа 03:04:56 хүртэл нотлох баримтыг шинжлэн судлав. Нотлох баримт шинжлэн судалсантай холбоотой талуудаас асуулт асууж, хариулан, нэхэмжлэгч талын тайлбарыг сонссоны дараагаар 03:08:51-03:21:28 хүртэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар хэлсэн, 03:21:30-03:32:08 хүртэл хариуцагчийн өмгөөлөгч тайлбар хэлэв. Үргэлжлүүлэн даргалагч нэхэмжлэгч талаас асуулт асууж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариулснаар шүүх хуралдаан завсарлаж, шийдвэр танилцуулж байна.

Дээрхээс үзвэл, шүүгч тухайн шүүх хуралдааны эхэнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтээ танилцуулахад таслан, өөрөө тайлбар хэлэх, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэх хугацаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид тайлбар хэлэх эрхийг эдлүүлэхгүй байх, нэхэмжлэгчийн өмнөөс хариуцагчийн хариу тайлбарыг няцаах, нэхэмжлэгчийг хөтөлж асуух зэрэг үг, үйлдэл гаргасан, улмаар хариуцагч талаас шүүгч, бүх шүүгчдийн татгалзан гарах хүсэлт гаргасны дараагаар, хариуцагчийн өмгөөлөгчид удаа дараа тайлбар хэлэх хүсэлт гаргахад зөвшөөрөл олгоогүй, шүүх хуралдааны дэг зөрчсөн үндэслэлээр торгуулийн арга хэмжээ авсан, эдгээр нь мэтгэлцэх зарчмыг зөрчиж буй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчид удаа дараа мэдэгдсэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцүүлэх хүртэл тухайн нөхцөл байдалтай хуралдаан үргэлжилсэн байна[4]

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн гол зарчмын нэг бол мэтгэлцэх зарчим байдаг. Тиймээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.4-д “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрх эдэлнэ”, 25.1.1.”эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” гэж хэргийн оролцогчийн эрхийг заасан бол хэргийг шийдвэрлэх шүүгчийн хувьд 89 дүгээр зүйлийн 89.2-д “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэжээ.

Шүүх хуралдаан даргалагч буюу шүүгчид нэхэмжлэгч хариуцагч гэх шүүх хуралдааны оролцогч нартай харилцах харилцаанд өндөр шаардлага тавигддаг. Шүүгчийн зан байдал, үйл ажиллагаа нь шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэх бөгөөд нэг шүүгчийн хувийн зан үйл шүүхийн тогтолцоонд бүхэлд нь нөлөөлдөг болохыг Банглорын зарчмуудаар тодорхойлсон байдаг.

Шүүгч шүүх хуралдааныг даргалан явуулахдаа хөндлөнгийн байр сууринаас, төвийг сахин, аль нэг талд давуу байдал олгохгүй байх, тийн ойлгогдохоос зайлсхийх, хэргийн оролцогчид эрх тэгш, шударгаар хандвал зохих ба шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн аливаа үг, үйлдэлд тэвчээргүй, бие барьж чадахгүй зохисгүй харьцах, дургүйцлээ илэрхийлж хэргийн оролцогчийн үгийг таслах, шүүх хуралдаанд тайлбар хэлэх зөвшөөрөл олгохгүй байх, өмгөөлөгчид үндэслэлгүйгээр сануулах, торгуулийн арга хэмжээ авах, нэхэмжлэгчид хөтөлсөн асуулт асуух, нэхэмжлэгчийн өмнөөс хариуцагч талын хариу тайлбарыг няцаах, нэхэмжлэгчийн тайлбарын агуулгыг нэмж тайлбарлах зэргээр нэг оролцогчид ойр дотно байдлаар, нөгөө оролцогчид гадуурхах байдлаар ялгамжтай хандах нь шүүгчийн төвийг сахих байдалд харшилж, шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж байна.

Иймд, хэргийн оролцогчтой дээрх байдлаар ялгамжтай, зүй бус харьцаж, талуудыг тайлбар хэлэх боломжоор хангаагүй, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан хэргийн оролцогчтой албан үүргийн хувьд харилцахдаа “зүй бус авирласан” зөрчил гаргасан гэж үзэж байна.

2/ Өргөдлийн 9-д, “... 2022 оны 02 сарын 15-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч “О” ХХК-ийн зүгээс ... шүүгч болон тухайн шүүхийн бүх шүүгчдээс татгалзсан татгалзлыг хүлээн аваагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн...” гэжээ

Тус өдрийн шүүх хуралдааны бичлэгт, даргалагчаас шүүх хуралдааныг нээсний дараа “шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгээс татгалзан гарах” эсэхийг асуухад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “байхгүй” гэж хариулана.  

Шүүх хуралдааны 20220215_153134 нэртэй 03:38:26 хугацааны бичлэгт, хүсэлтийг хангахаас татгалзаж, хуралдааныг цааш үргэлжлүүлэн, хэргийг хэлэлцэж эхэлсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа танилцуулсны дараа даргалагчаас “хариуцагчийн төлөөлөгч тайлбараа хэлнэ үү” гэхэд, бичлэгийн 00:18:08 хэсгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Шүүх  хуралдааны явцад хүсэлт гаргах дараах нөхцөл байдал бий болж байна” гэхэд, 00:18:12 хэсэгт Даргалагч “үндсэн нэхэмжлэлтэй холбоотой тайлбараа яриад, дараа нь наадахаа хэл” гэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Тийм шүүгчээ ойлгож байгаа, харин хариу тайлбар гаргах шаардлагагүй нөхцөл байдал үүсэж байна. Яагаад гэхээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92.2, 91.1.3, 92.8-д заасны дагуу хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Д, хариуцагч хуулийн этгээдийн өмгөөлөгч н.Б бидний зүгээс шүүгч Г.А болон тус шүүхийн бүх шүүгчдээс татгалзан гаргах хүсэлтийг гаргаж байна” гээд үндэслэлээ тайлбарлах явцад 00:20:05 хэсэгт Даргалагчаас “шүүгч болон шүүгчдээс татгалзаж байгаа юм байна тиймээ. Хүсэлтийг нь аваад ир. /нарийн бичгийн дарга хүсэлтийг нь даргалагчид өгөв/ Наад хүсэлтийг чинь хүлээж авах боломж байхгүй. Гэсэн ч тайлбарыг чинь хэлчихье. Яагаад гэвэл дээр шүүгчээс татгалзал байна уу гэхэд байхгүй гэсэн учир шүүх хуралдаан үргэлжилсэн, хүсэлтийг чинь хүлээн авах боломжгүй учир шүүх хуралдаан үргэлжилнэ” гэж тусгагдсан байна.

Хэргийн оролцогч шүүх, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах эрхтэй. Энэ эрхийг,  Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч,хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч гаргаж болно. Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй” гэж зааснаар зөвхөн шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө бус шүүх хуралдааны явцад хэрэгжүүлэхээр хуульчлагдсан. Шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг “хүлээн авах боломжгүй” гэж шийдвэрлэхгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзнэ.

Холбогдох шүүгч уг иргэний хэргийг шийдвэрлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дээр дурдсан байдлаар хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн байх тул Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дах “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн заалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэж дүгнэлээ.

3/ Өргөдлийн 14-т, “... хэргийн оролцогч буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-тай 14 цаг 52 минутаас эхлэн 15 цаг 11 минут хүртэлх хугацаанд хэргийн талаар /шүүх хуралдааны тэмдэглэлтэй/ ярилцаж, заавар зөвлөгөө өгч ... уулзсан[5], нэхэмжлэгч талтай хувийн харилцаатай бөгөөд зөвөлгөө өгдөг[6] ...” гэжээ.

... шүүхийн шүүгч Г.А нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-тай уулзсан болохоо өөрөө хүлээн зөвшөөрсөн, мөн уулзсан нь ... шүүхийн 1 давхарт байрлах шүүгчийн туслах нарын суудаг заалны 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн  14:52:43-15:11:05 хүртэл 19 минут 48 секундийн хугацаатай дүрс бичлэгээр нотлогдсон бөгөөд тухайн бичлэгийг тус шүүхийн Тамгын газраас хуулбарлан өгсөн байх тул хуульд нийцсэн нотолгооны хэрэгсэлд тооцогдоно.

Мөн шүүгч тайлбартаа, “ ... тухайн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүгчийн туслахтай уулзаад тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 102/ШШ2022/00525 дугаартай шийдвэрт тайлбар тодруулга авах буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан "480.864.000" төгрөгийг "Үндэслэх" хэсэгт "480.000.000" төгрөг гэж бичсэнд өөрчлөлт оруулах хүсэлтийг гаргах гэсэн талаар танилцуулж байх үед ... таарч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар авах хүсэлтэнд "Дээрх тоо техникийн алдаатай бичигдсэн байна. Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад залруулах боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагын нийт дүн "2.546.014.000" төгрөг шийдвэрийн "Тогтоох" хэсэгт зөв бичигджээ. Нэгэнт албажаад "Монгол улсын нэрийн өмнөөс гарсан шийдвэрийг шүүгч засах эрхгүй" гэх тайлбар хэлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрснөөр хоорондын яриа дууссан” гэсэн боловч иргэний хавтаст хэрэгт хийсэн үзлэгээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах талаар гаргасан хүсэлт байгаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 26.1-т зааснаар хэргийн зохигч буюу “нэхэмжлэгч”, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийн оролцогч болно. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсний дараа хэргийн оролцогчийн эрх зүйн байдал дуусгавар болно гэсэн ойлголтыг энэхүү хуулиар зохицуулаагүй бөгөөд тэгж зохицуулах ч боломжгүй, тодруулбал, давж заалдах гомдол гаргах, гомдолд хариу тайлбар өгөх, давах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацааг сэргээлгэх, цаашлаад  албадан гүйцэтгүүлэхээр шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас гаргуулах хүсэлт зэргийг хэргийн оролцогч анхан шатны шүүхэд гаргах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагддаг.

Иймд шүүгч өөрийн хянан шийдвэрлэсэн хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хэрэг шийдвэрлэхийн өмнө, эсхүл дараа хэзээ уулзсанаас үл хамааран, тухайн хэргийн хувьд шүүгч хэргийн оролцогчтой уулзсан гэх ойлголтыг бусдад төрүүлэх учраас шүүгчийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзсан дээрх үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэж заасан зөрчилд хамаарна.

Гэрч Н.У, Г.Г нар гэрчийн мэдүүлэгтээ “шүүгч Г.А-тай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нь хэргийн оролцогчийн хувьд уулзсан” талаар тайлбарласан бөгөөд харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Д.А нартай шүүгч Г.А нь хувийн харилцаатай гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл, холбогдох шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18 “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах”, 50.1.20 “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх”, 50.1.23 “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэсэн заалтын зөрчсөн сахилгын зөрчил гаргасан тул сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2023.03.17-ны өдрийн ГНД/2023/0008 дугаартай “Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлт”-ийн зарим хэсгийг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Г.А-д сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

          Илтгэгч гишүүн өргөдөл гомдолд дурдагдсан 13 зөрчлийг зөрчил нэг бүрээр нь дүгнэсэн байх бөгөөд 10 зөрчлийг сахилгын зөрчил биш гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна гэж бүрэлдэхүүн үзсэн болно.

НЭГ. Харин хэргийн оролцогч шүүх, шүүх бүрэлдэхүүнээс татгалзах эрхтэй, энэ эрхээ эдэлж шүүгч Г.А болон тухайн шүүхийн нийт шүүгчдээс татгалзсан татгалзлыг  Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т заасны дагуу шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-ийг буюу хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.

Учир нь 2022.02.15-ны өдрийн шүүх хуралдааныг шүүх хуралдаан даргалагч нээсний дараа шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас татгалзах татгалзал бий эсэхийг асууж тодруулахад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “байхгүй” гэж тодорхой ойлгомжтой хариулсан байна. Шүүх хуралдаан хуульд заасан дараалал, дэгийн явагдах журамтай ба шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дараалал, дэгийн дагуу татгалзал бий эсэхийг асуусан, татгалзал гараагүй тул шүүх хуралдааныг хуулийн дагуу үргэлжлүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Гэтэл тус шүүх хуралдааны үргэлжилж байх явцад буюу хэргийг хэлэлцэж эхэлсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа танилцуулсны дараа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Д, хариуцагч хуулийн этгээдийн өмгөөлөгч н.Б бидний зүгээс шүүгч Г.А болон тус шүүхийн бүх шүүгчдээс татгалзан гаргах хүсэлтийг гаргаж байна гэж шүүх хуралдааны эхлэхэд нэгэнт тогтоосон шүүх хуралдааны дэг, дарааллыг зөрчиж, татгалзлын асуудал хэлэлцэгдэж шийдвэрлэгдсний дараа холбогдох шүүгчээс болон тухайн шүүхийн бүх шүүгчдээс татгалзсан нь үндэслэлгүй, зөрчил гэж үзэх боломжгүй юм.

ХОЁР. ... шүүхийн шүүгч Г.А нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-тай уулзсан болох нь ... шүүхийн 1 давхарт байрлах шүүгчийн туслах нарын суудаг заалны 2022.03.02-ны өдрийн  14:52:43-15:11:05 хүртэл 19 минут 48 секундийн хугацаатай дүрс бичлэгээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд тухайн бичлэгийг тус шүүхийн Тамгын газраас хуулбарлан өгсөн тул хуульд нийцсэн нотолгооны хэрэгсэл гэж үзнэ.  

Холбогдох шүүгч өөрийн хянан шийдвэрлэсэн хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй ийнхүү уулзсан нь шүүгч хэргийн оролцогчтой уулзсан, харилцсан гэх ойлголтыг бусдад төрүүлэх учраас шүүгчийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзсан дээрх үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д “хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах” гэж заасан зөрчилд хамаарна гэж илтгэгч гишүүн дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

ГУРАВ. Холбогдох шүүгчийн даргалан явуулсан ... шүүхийн 2021.12.09-ний өдрийн шүүх хуралдааны бичлэгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд үзлэг хийлгэх хүсэлтийн үндэслэлээ тайлбарлах явцад шүүгч үгийг нь тасалдуулан, өөрөө тайлбар хэлэх, хариуцагчийн шүүх хуралдаанд оролцож буй байдал, хэлсэн үг үйлдэлд дургүйцэж буйгаа илэрхийлсэн, мөн нэхэмжлэгч талын тайлбартай холбогдуулан хариуцагч талаас тайлбар хэлэх эрхийг хязгаарласан зэргээр хэргийн оролцогчид ялгамжтай хандсан үйл баримт тогтоогджээ.

Мөн 2021.12.24-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын нотлох баримт гаргуулах тухай 2021.12.17-ны өдрийн хүсэлтэд шүүгчийн шүүх хуралдаанд тайлбарласан агуулга тусгагдаагүй байна.

2022.02.15-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгээр шүүгч тухайн шүүх хуралдааны эхэнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтээ танилцуулахад таслан, өөрөө тайлбар хэлэх, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэх хугацаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид тайлбар хэлэх эрхийг эдлүүлэхгүй байх, нэхэмжлэгчийн өмнөөс хариуцагчийн хариу тайлбарыг няцаах, нэхэмжлэгчийг хөтөлж асуух зэрэг үг, үйлдэл гаргасан, улмаар хариуцагч талаас шүүгч, бүх шүүгчдийн татгалзан гарах хүсэлт гаргасны дараагаар, хариуцагчийн өмгөөлөгчид удаа дараа тайлбар хэлэх хүсэлт гаргахад зөвшөөрөл олгоогүй, шүүх хуралдааны дэг зөрчсөн үндэслэлээр торгуулийн арга хэмжээ авсан, эдгээр нь мэтгэлцэх зарчмыг зөрчиж буй талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчид удаа дараа мэдэгдсэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцүүлэх хүртэл тухайн нөхцөл байдалтай хуралдаан үргэлжилсэн болох нь тогтоогдож байна. 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн гол зарчмын нэг бол мэтгэлцэх зарчим байдаг. Шүүх хуралдаан даргалагч буюу шүүгчид нэхэмжлэгч хариуцагч гэх шүүх хуралдааны оролцогч нартай харилцах харилцаанд өндөр шаардлага тавигддаг. Шүүгчийн зан байдал, үйл ажиллагаа нь шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэж, шүүгч шүүх хуралдааныг даргалан явуулахдаа хөндлөнгийн байр сууринаас, төвийг сахин, аль нэг талд давуу байдал олгохгүй байх, тийн ойлгогдохоос зайлсхийх, хэргийн оролцогчид эрх тэгш, шударгаар хандвал зохих ба шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн аливаа үг, үйлдэлд тэвчээргүй, бие барьж чадахгүй зохисгүй харьцах, дургүйцлээ илэрхийлж хэргийн оролцогчийн үгийг таслах, шүүх хуралдаанд тайлбар хэлэх зөвшөөрөл олгохгүй байх, өмгөөлөгчид үндэслэлгүйгээр сануулах, торгуулийн арга хэмжээ авах, нэхэмжлэгчид хөтөлсөн асуулт асуух, нэхэмжлэгчийн өмнөөс хариуцагч талын хариу тайлбарыг няцаах, нэхэмжлэгчийн тайлбарын агуулгыг нэмж тайлбарлах зэргээр нэг оролцогчид ойр дотно байдлаар, нөгөө оролцогчид гадуурхах байдлаар ялгамжтай хандах нь шүүгчийн төвийг сахих байдалд харшилж, шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан байна гэж илтгэгч гишүүн дүгнэсэн нь үндэслэл бүхий байна гэж бүрэлдэхүүн үзлээ.

Иймд, хэргийн оролцогчтой дээрх байдлаар ялгамжтай, зүй бус харьцаж, талуудыг тайлбар хэлэх боломжоор хангаагүй, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан хэргийн оролцогчтой албан үүргийн хувьд харилцахдаа “зүй бус авирласан” зөрчил гаргасан гэж үзснийг буруутгах боломжгүй.

Иймд нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, ... шүүхийн шүүгч Г.А-д Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2-т зааснаар “цалингийн хэмжээг зургаан сарын хугацаанд 20 хувиар бууруулах”, 57.1.4-т заасны дагуу “нээлттэй сануулах” шийтгэл ногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ГНД/2023/0008  “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийн зарим хэсгийг хүлээн авч, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18, 50.1.20,  57 дугаар зүйлийн 57.1.2, 57.1.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ... шүүхийн шүүгч Г.А-д нээлттэй сануулах”, “цалингийн хэмжээг зургаан сарын хугацаанд 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

 

 ДАРГАЛАГЧ                                     Б.СУГАР

ГИШҮҮД                                         Д.АРИУНТУЯА

 Д.ЭРДЭНЭЧУЛУУН

 

[1] Өмгөөлөгч Э.Даваасүрэнгийн өргөдөлд

[2] Оршил констракшн ХХК-ийн өргөдлийн 9 гэж дугаарласан хэсэг

[3] ... шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 9-ны өдрийн хурлын бичлэгийг буулгасан тэмдэглэлийн 2-5 дах хуудас, сахилгын хэргийн 215-219 дэх тал 

[4] ... шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны шүүх хуралдааны бичлэгийг буулгасан тэмдэглэлийн 5-9 дэх хуудас, сахилгын хэргийн 226-230 дэх тал 

[5] Д-ийн өргөдөлд

[6] О ХХК-ийн өргөдлийн11 гэж дугаарласан хэсэг