МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
ХЯНАЛТЫН ТОГТООЛ
2023-06-21
Дугаар 11
Улаанбаатар хот
Н.Б-ийн гомдолтой сахилгын хэргийн тухай
Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Х.Хашбаатар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, сахилгын хэргийн оролцогч шүүгч Н.Б, өргөдөл гаргагч “А” ХХК-ийн захирал Т.Г, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
Монгол Улсын шүүхийн Сахилгын хорооны 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” СХМ/2023/0066 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан ... шүүхийн шүүгч Н.Б-ийн гомдлыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
НЭГ. Монгол Улсын шүүхийн Сахилгын хорооны 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” СХМ/2023/0066 дугаар магадлалд:
“ ... Сахилгын хорооны гишүүний 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ГНД/2023/0009 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг бүхэлд нь хүлээн авч, холбогдох шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2138 дугаар шийдвэрээр /шүүгч Х.Д, И.А, Н.Б нарын бүрэлдэхүүнтэй/ “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Н” , “Н” газарт тус тус холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар магадлалаар уг шийдвэрт өөрчлөлт оруулсан байх ба Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 678 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн, тухайн хэргийг дахин ... дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1239 дүгээр шийдвэрээр /шүүгч Ж.Б, Ц.А, Т.Э нарын бүрэлдэхүүнтэй/ шийдвэрлэсэнд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1900 дүгээр магадлалаар өөрчлөлт оруулсан, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 911 дүгээр тогтоолоор /шүүгч Х.Э, Н.Б, П.З, Б.М, С.С нарын бүрэлдэхүүнтэй/ магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл иргэний хэрэг маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд, давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд дахин оролцож болохгүйг хориглосон агуулгатай байх ба тухайн шүүгчийн дангаар болон бүрэлдэхүүнтэй шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэр хүчинтэй байхаас үл хамаарч урьд шийдвэр гаргахад оролцсон оролцоо нь иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шүүгч дахин оролцож болохгүй үндэслэлийг тодорхойлохоор байна.
Тодруулбал, тухайн хэрэг маргааны талаар тодорхой төсөөлөл, итгэл үнэмшилтэй болсон шүүгч өөрийн өмнө гаргасан шийдвэрийг хамгаалах ашиг сонирхлын үүднээс хандахаас гадна хэргийн оролцогчдын хардлага гарч болзошгүй байдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгон ийнхүү хуулиар хориглосон заалт оруулж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн хамгаалалт болж байдаг талаар Монгол Улсын дээд шүүхээс гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбарт /2014 он. Албан бус/ тайлбарласнаар ойлгож болно.
Гэтэл шүүгч Н.Б нь “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Н”, “Н” газарт тус тус холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн ... анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2138 дугаар шийдвэр гаргасан шүүх бүрэлдэхүүнд оролцсон атлаа тус хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 911 дүгээр тогтоол гаргасан шүүх бүрэлдэхүүнд оролцсоноор дээр дурдсан иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шүүгч дахин оролцож болохгүй хуулийн шаардлага хангагдсан байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасан шүүгч өөрөө татгалзан гарах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлд хамаарна.
Хэдийгээр хяналтын шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө тухайн хэрэгт урьд оролцож байснаа бүрэлдэхүүний бусад шүүгч нартаа мэдэгдсэн, анхан шатны шүүх хуралдааны бүрэлдэхүүнд оролцож гаргасан шийдвэр нь хүчингүй болсон тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах шаардлагагүй талаар бусад шүүгч нар байр сууриа илэрхийлсэн болох нь нотлогдсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасныг шүүхийн практикт өөр өөрөөр хэрэгжүүлж байгаа гэх нөхцөл байдал байгаа ч хуулиар хүлээлгэсэн татгалзан гарах үүргээ хуульд заасан журмаар хэрэгжүүлээгүй хувь шүүгчийн үйлдлийг үгүйсгэх, зөвтгөх үндэслэл болж чадахгүй, энэ талаар илтгэгч гишүүний “шүүгчид өөрт нь хамаатуулсан, императив шинжтэй зохицуулалт” гэх дүгнэлтийг буруутгах боломжгүй.
Харин илтгэгч гишүүний нотлох дүгнэлтэд 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэлд дурдагдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримтуудыг дүгнэсэн атлаа бичгийн хэлбэрээр хуулбарлаж нотлох баримтаар хэрэгт хавсаргаагүй нь буруу байх боловч Үзлэг хийсэн тэмдэглэлд дурдагдсан баримтууд нь холбогдох шүүгчийн “...шинээр сөрөг нэхэмжлэл гарч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт, холбогдох хууль зүйн дүгнэлтүүдийг адилтгах боломжгүй болсон, хэргийн оролцогч нар өөрчлөгдсөн” гэх тайлбарыг шалгах ажиллагаатай холбоотой, шүүгч нь уг тайлбарын үндэслэлээ өөрчилж, Сахилгын хорооны хуралдаанд маргахгүй гэдгээ илэрхийлсэн, нэг индекстэй нэг хэрэг болохыг хүлээн зөвшөөрсөн тул Үзлэг хийсэн тэмдэглэлд дурдагдсан баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүйг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28-д “хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй” гэж шүүгчийн сахилгын зөрчилд тооцох үйлдлийг тодорхойлж өгсөн бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шүүгч дахин оролцож болохгүй үндэслэл бий болсныг шүүгч өөрөө мэдэж байсан нь түүний өөрийн тайлбар болон бүрэлдэхүүнд оролцсон шүүгч нарын мэдүүлгээр тогтоогдсон, хуульд заасан журмаар татгалзан гарах хүсэлтээ гаргаагүй энэ тохиолдолд дээрх зөрчлийн шинж хангагдсан гэж үзнэ.
Иймд Сахилгын хорооны гишүүний 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ГНД/2023/0009 дүгээр “Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлт”-ийг хүлээн авч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д заасныг баримтлан зөрчлийн шинж, шүүгчийн хувийн байдал, шүүх бүрэлдэхүүний бусад шүүгч нартаа албан бусаар мэдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан “нээлттэй сануулах” шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ГНД/2023/0009 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28, 57 дугаар зүйлийн 57.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Улсын дээд шүүхийн шүүгч Н.Б-д “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй” гэжээ.
ХОЁР. Шүүгч Н.Б Монгол Улсын шүүхийн Сахилгын хорооны 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” СХМ/2023/0066 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:
“... Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0066 дугаартай магадлалыг эс зөвшөөрөн дараах гомдлыг гаргаж байна.
Дээрх магадлалаар "А" ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хяналтын журмаар шийдвэрлэх үед шүүгч татгалзан гарах үүргээ биелүүлээгүй буюу Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28-д заасан зөрчил гаргасан гэж дүгнэн нээлттэй сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан үүргийн дагуу мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар татгалзан гарах нь шүүгчид өөрт нь хамаатуулсан императив шинжтэй заалт гэж дүгнэжээ. Сахилгын хэргийг хянан шийдвэрлэсэн бүрэлдэхүүн дээрх дүгнэлтийг хийхдээ дараах асуудлыг анхаарсангүй.
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр шүүгч татгалзан гарах эсэх нь тухайн шүүгчийн хүсэл зоригоос үл хамаарах үйл явц байдаг. Өөрөөр хэлбэл, шүүгч уг хэрэг маргааны хувьд ямар нөхцөл байдалтай тухайгаа илтгэн, татгалзан гарах үндэслэлийн талаар танилцуулах бөгөөд түүнийг хуульд заасан журмын дагуу бусад бүрэлдэхүүн хянан шийдвэрлэх учиртай. Энэ хүсэлтийг хэлбэрийн хувьд бичгээр байх, эсхүл заавал шүүх хуралдаан дээр амаар илэрхийлэх тухай тусгайлсан зохицуулалт үгүй. Энэ ч агуулгаар татгалзлын асуудлаа шүүх хуралдааны бус цагаар ч илэрхийлэх, шийдвэрлүүлэх нь практикт түгээмэл тохиолддог Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т нийцсэн үйлдэл.
Шүүгч Н.Б нь татгалзлын нөхцөл байдлын талаар шүүх бүрэлдэхүүнд шүүх хуралдааны өмнө танилцуулсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн татгалзан гарах шаардлагагүй гэж үзсэн. Бүрэлдэхүүн хурлын өмнө энэ тухайгаа надад мэдэгдсэн. Ийнхүү мэдэгдэх болсон үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийг хэрэглэж ирсэн нэг мөр тогтоогүй шүүхийн практик, тухайн шүүгчийн гаргасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх, улмаар уг шийдвэр хүчингүй болсон тул шийдвэрийг хяналтын журмаар хянах үзэхгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэнтэй холбоотой.
Харин шүүх хуралдааны явцад татгалзал байгаа эсэхийг хэргийн оролцогчдоос тодруулах хуулийн зохицуулалттай бөгөөд энэ дагуу тодруулахад шүүх хуралдаанд оролцохоор ирсэн зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч уг асуудлаар бүрэн мэдээлэлтэй байсан тул тэдгээрийн хүсэл зоригийг тухайн нөхцөлд харгалзан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн байна. Энэ талаар бүрэлдэхүүний илтгэгч шүүгч С.С, даргалагч шүүгч Х.Э нар гэрчийн мэдүүлэг өгсөн байна.
Шүүгч татгалзан гарах үүрэг нь өөрийн нөхцөл байдлын талаар мэдэгдэх хэр хэмжээнээс хэтрэх хууль зүйн боломжгүй бөгөөд татгалзагдах эсэх тухай эцсийн шийдвэрийг бүх тохиолдолд түүнээс үл хамаарах бусад шүүгч гаргадгийг сахилгын хэргийг хянан шийдвэрлэсэн бүрэлдэхүүн анхаарсангүй.
Шүүгч Н.Б өөрийн зүгээс ёс зүйн хэм хэмжээгээр үүрэг болгосон хүрээ хязгаарт нийцэхүйц хэлбэрээр нөхцөл байдлыг танилцуулсан, бусад шүүгчдэд мэдэгдсэн, хэргийн оролцогчид ч энэ тухай мэдэж байсан тул татгалзан гарах үүргээ биелүүлээгүй гэх сахилгын зөрчил гаргаагүй. Татгалзан гарах үүргээ хэрэгжүүлэх нэрийдлээр шүүх хуралдааны танхимыг өөрийн дураар орхин гарах, эсхүл аливаа шийдвэргүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаас татгалзах хууль зүйн боломжгүй.
Сахилгын зөрчил нь эрүүгийн болон иргэний хэрэг маргаанаас харьцангуй ёс зүйн шинжийг агуулдгаараа ялгаатай. Шүүгч Н.Б тус хэргийн хувьд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн шаардлагыг бүрэн биелүүлсэн бөгөөд өөрөөс үл хамаарах шалтгаанаар бий болсон үр дагаварт хариуцлага хүлээх нь шударга бус болно.
Нөгөөтэйгүүр Улсын дээд шүүхийн Иргэний танхимын сүүлийн жилүүдийн нэн өндөр ажлын ачаалал нь шүүх бүрэлдэхүүний дүгнэлтийн шууд үндэслэл болоогүй хэдий ч дамжмал байдлаар нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Аливаа зөрчил, маргааныг улс, ард түмэн, нийтийн нэрийн өмнөөс хянан шийдвэрлэхдээ хуульд захирагдах, түүнийг чандлан баримтлах үүрэгтэй бөгөөд хууль өөрөө амьдрал, бодит байдлыг зохицуулах зорилготой. Ийм тул шүүхийн буюу шүүхтэй адил чиг үүрэг бүхий байгууллагын шийдэл хуулийн үндэслэлтэй, бодит байдалд нийцсэн байх нь чухал. Өнөөгийн шүүн таслах ажиллагааны практик, онцлог, бодит байдлыг харгалзалгүй ёс суртахууны хэт хийсвэр шаардлага, уян хатан бус хэрэглээ нь шударга ёсонд эрмэлзэх хуулийн хүсэл зоригоос гадуур үр дагаварт хүргэнэ.
Иймд шүүгч сахилгын зөрчил гаргасан эсэх талаар дүгнэхдээ нэгдүгээрт, тухайн үед уг нөхцөл байдал шүүгчийн татгалзан гарах үүрэг гэдэгт эргэлзээгүй хамаарах эсэх, хоёрдугаарт, холбогдох зохицуулалт нь хоёрдмол утгатай, тодорхой бус тохиолдолд шүүгч уг асуудлыг тухайн үеийн эрх зүйн орчны хүрээнд шийдвэрлэж, татгалзлыг шийдвэрлэх эрх бүхий этгээдүүдэд хангалттай тодорхой мэдэгдэх замаар арга хэмжээ авсан нь ёс зүйн дагуу эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзэж байна.
2. Магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар (2014 албан бус)-ыг иш татжээ. Түүнд дурдсанаар "тухайн хэрэг маргааны талаар тодорхой төсөөлөл, итгэл үнэмшилтэй болсон шүүгч өөрийг гаргасан шийдвэрийг хамгаалах ашиг сонирхлын үүднээс хандах ... болзошгүй" талаар дурдсаныг уг хэргийн хувьд хамаатуулан хэрэглэхийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй.
2.1. Н.Б нь тус хэргийг 2018 онд анхан шатны шүүхээр шийдвэрлэхэд шүүх бүрэлдэхүүнд оролцсон. Тэр үеэс хойш даруй 5 жилийн хугацаа өнгөрчээ. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэг шүүгч жилд 400 гаруй хэргийг хянан шийдвэрлэдэг бөгөөд шүүгчээр ажиллах хугацаанд даргалсан, бүрэлдэхүүнд оролцсон хэрэг маргаан бүрийг нотолгоо, үйл баримт тус бүрээр нягтлан санах боломжгүй. Энэ хугацаанд хэргийн нөхцөл өөрчлөгдөөгүй ч хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн мэдлэг боловсрол, туршлага, чадвар өөрчлөгдөж болно. Тэр тусмаа түүний гаргасан алдааг залруулсан бусад шатны шүүхийн шийдэл үндэслэлийг хүлээн зөвшөөрч, мэргэжлийн хувьд өсөн дээшилж, хэргийн нотолгоо, үйл баримтыг анхаарах, хянах байр суурь ч өөрчлөгдөж болно. “Алдаагаа хүлээн зөвшөөрдөг байх”, “итгэл үнэмшилдээ тууштай байх” гэх ойлголтыг “зөрүүдлэх", нөхцөл байдлаас үл хамааран хэзээ ч үл өөрчлөгдөх" мэтээр туйлшран ойлгох нь зохимжгүй. Дээрх албан бус тайлбарын үндэслэл нь шийдвэр гаргагч өөрийн шийдвэр, байр сууриа богино хугацааны дараа эргэн харах тохиолдолд байж болох ч дээрхтэй төстэй хэрэг маргааны хувьд үргэлж үнэн байх боломжгүй.
2.2. Давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийг зохигчийн гомдлоор хянахдаа хуулийн хүчинтэй шийдвэр, магадлалыг хянадаг бөгөөд шүүхээс гаргасан боловч хүчин төгөлдөр бус болсон эрхийн актын талаар дүгнэлт хийдэггүй. Иймд хүчингүй болсон шийдвэр, түүнд хийсэн дүгнэлтүүд дараа дараагийн шатанд үндэслэл болох чадваргүй.
Иймд дээр дурдсанчлан шүүгч сахилгын зөрчил гаргасан эсэх талаар дүгнэхдээ нэгдүгээрт, тухайн үед уг нөхцөл байдал шүүгчийн татгалзан гарах үүрэг гэдэгт эргэлзээгүй хамаарах эсэх, хоёрдугаарт, холбогдох зохицуулалт нь хоёрдмол утгатай, тодорхой бус тохиолдолд шүүгч уг асуудлыг тухайн үеийн эрх зүйн орчны хүрээнд шийдвэрлэж, татгалзлыг шийдвэрлэх эрх бүхий этгээдүүдэд хангалттай тодорхой мэдэгдэх замаар арга хэмжээ авсан нь ёс зүйн дагуу эсэхийг дахин нягтлан анхаарч Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28-д заасан зөрчлийн бүрэлдэхүүн бий эсэх талаар дүгнэлт өгөхийг хүсэж тус гомдлыг гаргаж байна.
Эдгээр үндэслэлийг харгалзаж үзээгүй, хангалттай дүгнэлт хийж чадаагүй тул Шүүхийн сахилгын хорооны хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0066 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, магадлалыг хүчингүй болгож гомдлыг хэрэгсэхгүй болгуулах хүсэлттэй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүхийн Сахилгын хорооны Монгол Улсын шүүхийн Сахилгын хорооны 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” СХМ/2023/0066 дугаар магадлалаар ... шүүхийн шүүгч Н.Б-д “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсныг холбогдох шүүгч эс зөвшөөрч гомдол гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэж заасны дагуу анхан шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд дахин оролцож болохгүйг хоёргүй утгаар шууд хуульчлан зааж, хориглосон байна.
Холбогдох шүүгч Н.Б нь “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2138 дугаар шийдвэр гаргасан шүүх бүрэлдэхүүнд оролцсон байх ба улмаар тус хэргийг хянасан Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх бүрэлдэхүүнд мөн оролцсон болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон холбогдох шүүгч болон өргөдөл гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасны дагуу шүүгч миний бие өөрөө татгалзан гарах үүргээ биелүүлсэн, татгалзах хүсэлтээ гаргаж байсан гэж холбогдох шүүгч маргаж байгаа болно.
Хэрэв тэрээр татгалзсан бол түүний энэхүү татгалзлыг тус хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу бүрэлдэхүүн шийдвэрлэх үүрэгтэй байсан байх ба сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар холбогдох шүүгч Н.Б татгалзах хүсэлт гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна. Өмнө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан тухайгаа буюу анхан шатны журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд бүрэлдэхүүнд оролцож байсан болохоо хэргийн зохигч талуудад мэдэгдэж татгалзах хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргаж шийдвэрлүүлсэн гэж үзэх үндэслэл баримтаар нотлогдож, тогтоогдсонгүй.
Иймд Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэж, уг хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулсан СХМ/2023/0066 дугаар магадлалыг хууль зүйн үндэслэлтэй байна хэмээн бүрэлдэхүүн үзэж, шүүгч Н.Б-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Шүүхийн сахилгын хорооны сахилгын шийтгэл оногдуулах тухай магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.1, 113.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ... шүүхийн шүүгч Н.Б-ийн гомдлыг хангахгүй орхиж, Монгол Улсын шүүхийн Сахилгын хорооны 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” СХМ/2023/0066 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.
2.Хяналтын тогтоолыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны хяналтын тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ГИШҮҮН Б.СУГАР
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
С.ЭНХТӨР