МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-11
Дугаар 56
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
...шүүхийн шүүгч Ц.Э-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд:
"... Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ 27 дугаар зүйлд Шүүгчид хориглох зүйл, 28 дугаар зүйлд Шүүгчийн иргэний эрхэд тавих хязгаарлалт, 29 дүгээр зүйлд Шүүгчийн ашиг сонирхлын зөрчил, 30 дугаар зүйлд Шүүгч түүний гэр бүлийн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийн талаар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон хэм хэмжээг тодорхойлсон бол хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Шүүгчийн өс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй" гэж заасан.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэглээтэй холбоотой буюу шүүх хуралдаан хойшлуулсан захирамждаа яллагдагч А.Г-ыг цагдан хорьсныг хэвээр үргэлжлүүлсэн шүүгчийн үйл ажиллагааг Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 1-д "Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй" гэснийг зөрчсөн гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, шүүгч хэргийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хуулийг хэрхэн хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаарах бөгөөд Сахилгын хороо нь хуулийг зөв, буруу хэрэглэсэн эсэхийг тогтоох, дүгнэлт өгөх эрх хэмжээгүй болно.
Түүнчлэн, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд өмгөөлөгч Б.М, Э.Х, М.А нар нь шүүгч Ц.Э-ээс болон ... шүүхээр шийдвэрлүүлэхээс татгалзсан, ийнхүү татгалзсан нь шүүх хуралдааныг удирдан явуулсан шүүгчийн үйл ажиллагаатай холбоогүй болох нь нотлогдож байх тул Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Хэргийн оролцогчдын зүгээс шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа, үйлдлээр бий болгохоос урьдчилан сэргийлж, зайлсхийнэ" гэж заасныг зөрчөөгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр шүүгч Ц.Э-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах нь зүйтэй гэж үзлээ..." гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
...шүүхийн шүүгч Ц.Э-т холбогдуулан өмгөөлөгч Э.Х-аас гаргасан гомдолд, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022.01.04-ний өдрийн 11 дүгээр захирамжаар мөн шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ...шүүхийн шүүгч Ц.Э- нь Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийн яллагдагч Б овгийн А.Г-т цагдан хорих хугацааг сунгах тухай саналыг 2020.02.11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд "... Шүүх яллагдагч А.Г-рын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай прокурорын саналыг хэлэлцэх явцад өмгөөлөгч Э.Х, Б.М, М.А нар нь тус шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс татгалзсан болно. Шүүхийг бүхэлд нь татгалзах гэсэн хуулийн зохицуулалт байхгүй, гэвч дээрх асуудлыг хэлэлцэх хүртэл цагдан хорих прокурорын саналыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь саналыг хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болж байна. "Шүүхийг татгалзсан" гэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хүртэл яллагдагч Г-ын цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй. Учир нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд "хэргийг прокурорт иртэл урьд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх"-ээр зааснаас гадна прокурорын санал нь ямар нэгэн асуудлыг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэсэн хэрэг биш юм..." гэж дүгнэж 2020.02.11-ний өдөр "Шүүх хуралдаан хойшлуулах тухай" 2020/ШЗ/04 дугаартай захирамж гаргасан байна.
Шүүгч Ц.Э- нь Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийн яллагдагч А.Г-т цагдан хорих хугацааг сунгах тухай саналыг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад шүүх, шүүгчээс татгалзах татгалзал гарсныг шийдвэрлэгдэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, уг захирамждаа тодорхой тайлбарласан бөгөөд шүүгчийг тус захирамжийг гаргасантай нь холбогдуулан ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ...шүүхийн шүүгч Ц.Э-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч шүүгч, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Д.МЯГМАРЦЭРЭН