МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-06-15
Дугаар 83
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Б.Сугар, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б, холбогдох шүүгч Т.Г, Д.З нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.
Иргэн Ш.Э нь ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ц, шүүгч Т.Г, Н.С, Л.Э, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.З нарт холбогдуулан 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан өргөдлийг илтгэгч гишүүн Г.Цагаанцоож хүлээн авч хянаад, 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ГЗҮ/2023/0059 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.
Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэргийг шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ГС/2023/0069 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: “Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Ш.Э нь “Б” ТӨХК, ... дүүргийн НДХ-ийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст холбогдуулан ... дүүргийн ...хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 15399 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Нэхэмжлэгч Ш.Э тус шүүхийн нийт шүүгчдээс татгалзсаныг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1../ЗТ2022/...1 дүгээр тогтоолоор хангаж, улмаар Ерөнхий шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1../ЕШ2022/0...0 дугаар захирамжаар хэргийг ....дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Уг хэрэг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.З-д зохих журмын дагуу хуваарилагдаж, түүнийг Ерөнхий шүүгчийн 2022 оны 5 дугаар 27-ны өдрийн захирамжаар хуралдаан даргалагчаар, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн захирамжаар шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.М, Л.Э нарыг томилсон шийдвэрийг албажуулжээ. Шүүгч хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүх хуралдаан товлон зарласан, нэхэмжлэгчийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан хойшлогдсон байна.
Бүрэлдэхүүнд томилогдсон дээрх шүүгч нар ээлжийн амралттай байсан тул бүрэлдэхүүнд шүүгч Д.Ц, Д.Я нар томилогдсоныг Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулсан бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч шүүх бүрэлдэхүүн болон тус шүүхийн нийт шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан, энэ үндэслэлээр шүүх хуралдаан хойшилсон байна.
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1657 дугаар тогтоол, Ерөнхий шүүгчийн мөн өдрийн 6012 дугаар захирамжаар дээрх хүсэлтийг хангахаас татгалзжээ.
Нэхэмжлэгч шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт дахин гаргасан тул 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаан мөн хойшлогдсон байна.
Шүүгч Д.З давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсон тул шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02127 дугаар тогтоолоор түүний хянан шийдвэрлэж байсан Ш.Э-ийн нэхэмжлэлтэй хэрэг журмын дагуу шүүгч Т.Г-т хуваарилагдсан тул түүнийг Ерөнхий шүүгчийн захирамжаар хуралдаан даргалагчаар, бүрэлдэхүүнд нь шүүгч Н.С, Л.Э нарыг томилсон шийдвэрийг албажуулжээ.
Шүүгч шүүх хуралдаан товлож, хэргийн оролцогчдод мэдэгдсэн, нэхэмжлэгчийн хүсэлтээр 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр, 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан тус тус хойшлогдсон байх ба шүүх хуралдаан 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон талаар шүүгч Т.Г тайлбартаа дурджээ.
Дээр дурдсанаар үзвэл, шүүх Ш.Э-ийн нэхэмжлэлтэй хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байх тул “хууль бус шийдвэр” гаргасан гэх гомдол үндэслэлгүй.
Харин нэр бүхий шүүгч нар хэргийг хянан шийдвэрлэх явцдаа Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан хориглосон зохицуулалтыг зөрчсөн эсэхийг шалгах ажиллагааны хүрээнд цугларсан нотлох баримтын хүрээнд өргөдөлд дурдсан асуудал тус бүрээр тодорхойлов.
1. Ерөнхий шүүгч Ц.Ц-д холбогдох гомдлын талаар:
Ерөнхий шүүгч нь шүүх хуралдаан даргалагч, бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулж, улмаар шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс удаа дараа татгалзсан нэхэмжлэгч Ш.Э-ийн хүсэлтийг шийдвэрлэсэн, мөн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд оролцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т “Энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилах бөгөөд уг журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно” гэж заасан.
Нэхэмжлэгч нь шүүгч болон шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасан бөгөөд энэ тохиолдолд шүүх хуралдаан хойшлогдож, улмаар уг татгалзлыг Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д заасан “...шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана” гэсэнтэй нийцжээ.
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор батлагдсан Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргаан хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмын 2.15-т шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шийтгэвэрт гаргасан гомдлыг Ерөнхий шүүгчид системээс гараар хуваарилахаар зохицуулсан.
Үүний дагуу Ш.Э-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцэх хуралдааныг даргалсан байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын хэлтсийн үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээ буюу 269 сая төгрөгийн хэмжээнд зогсоох, хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар 24 сараар тогтоохыг даалгах, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн актыг цуцлахыг даалгах зэрэг хүсэлтийг шүүгчийн захирамжаар хангахаас татгалзсан, энэхүү захирамжид гаргасан гомдлыг Ерөнхий шүүгч даргалж шүүгч Д.Г, Т.Э нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцээд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д заасан ажиллагаа бөгөөд Сахилгын хороо шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хянах, түүнд дүгнэлт өгөх эрхгүй болно.
2. Шүүгч Д.З, Т.Г, Л.Э, Н.С нарт холбогдох гомдлын талаар:
Ш.Э-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг эхлээд шүүгч Д.З-д, тодорхой шалтгааны улмаас дараа нь шүүгч Т.Г-т тус тус хуваарилагдсан, шүүгч нар хэргийг хүлээн авч, хуульд заасан тодорхой ажиллагаануудыг явуулжээ. Тодруулбал, шүүгч Д.З зохигч талуудад 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эрх, үүргийг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулсан, мөн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлосон боловч нэхэмжлэгчийн хүсэлтээр удаа дараа хойшлогдож байсан байна. Түүнчлэн шүүгч Л.Э, Н.С нар шүүх бүрэлдэхүүнд хуульд заасан журмын дагуу томилогджээ.
2.1. “... хэргийг Захиргааны хэргийн шүүхэд шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэхдээ хуульд үндэслэгдээгүй...” гэх гомдлын талаар:
Ш.Э нь маргаан бүхий иргэний хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх тухай хүсэлт гаргасныг 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 209 дугаар тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж, үндэслэлийг тодорхой тусгасан.
Иргэний хэргийн шүүх Ш.Э-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба шүүх харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан бол хянан шийдвэрлэх учиртай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1-д зааснаар хэргийг тал бүрээс нь бодитой, шуурхай хянан шийдвэрлэхийн тулд нотлох баримтын дийлэнх нь байгаа газрын шүүхэд хянан шийдвэрлэх шаардлагатай гэж үзвэл хэргийг өөр шүүхэд шилжүүлж болно. Энэхүү зохицуулалтад заасан өөр шүүх гэдэгт иргэний шүүхийг ойлгох ба иргэний хэргийн шүүх тухайн хэргийг захиргааны хэргийн шүүхэд шилжүүлэх боломжгүй.
Харин тухайн нэхэмжлэлийн шаардлага захиргааны шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарч байвал шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай.
Иймд шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хангаагүй нь “хууль бус, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориуд саад учруулсан” гэж үзэх үндэслэл болохгүй.
2.2. “... Үйлдвэрлэлийн осол хурц хордлогод өртсөнийг нотолсон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол захирамжуудыг шинжлэн судалдаггүй, хууль бус аргаар, хууль бусаар үйлдсэн, цуглуулсан нотлох баримтуудыг нотлох баримтаас хасуулах, шалгуулах, шүүх хуралдааныг хойшлуулах хуульд заасан үндэслэлээр гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэдэггүй...” гэх гомдлын тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ба шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.
Ш.Э-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй, энэ тохиолдолд хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх, түүнд дүгнэлт өгөх боломжгүй. Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, улмаар хуульд заасан үндэслэлээр нотлох баримтыг хасах асуудлыг шийдвэрлэдэг.
Хэрэв хэргийн оролцогч хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулсан гэж үзэж байгаа бол энэхүү үндэслэлээ нотлох үүрэгтэй бөгөөд энэхүү нөхцөл байдал тогтоогдсон байх учиртай.
2.3. “... нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө гэж хуульчилсан байхад хариуцагчид нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж хавтаст хэрэгт тусгуулдаг” гэх гомдлын тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө” гэж заасан.
Гэвч мөн хуулийн 105 дугаар 105.2-т зааснаар нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно. Энэхүү зохицуулалтаар хэргийн оролцогч шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт гаргасныг шүүх хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл хүлээн авч, шинжлэн судлах учиртай бөгөөд хэргийн оролцогч шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт гаргасныг шүүх хүлээн авсан нь сахилгын зөрчилд хамаарахгүй.
2.4. “... Нэхэмжлэгч Ш.Э-д хавтаст хэрэг танилцуулдаггүй, ....цагдаагаараа албадан сүрдүүлж, дарамт шахалт үзүүлсэн” гэх гомдлын тухайд:
Тухайн иргэний хэргийг шүүгч хүлээн аваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, үүргийг хэргийн оролцогч нарт танилцуулсан байна.
Шүүгчийн туслах М.Ж 2022 оны 11 дүгээр сары 16-ны өдөр нэхэмжлэгч Ш.Э-ийн 99....9 дугаарт залгаж, хэргийн материалтай танилцахыг мэдэгдэхэд тэрээр “миний биеийн байдал хүнд байна, биеийн байдлаа харж байгаад ирэх долоо хоногт очиж хэргийн материалтай танилцана” гэж, тэрээр 2022 оны 11 дүгээр сарын 25, 12 дугаар сарын 01-ний өдөр шүүгчийн туслах М.Ж-тай утсаар холбогдож “.... шүүх хуралдааны товыг гэрийн хаягаар битгий хүргүүлээрэй хурлын тов мэдлээ, би шүүх бүрэлдэхүүнээс татгалзана, очиж хэргийн материалтай танилцана” гэж хэлсэн талаар тэмдэглэл үйлдсэн нь хэрэгт авагдсан байна.
Хэргийн материалтай танилцах нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд Ш.Э эрхээ хэрэгжүүлэх нь нээлттэй, түүнийг хэргийн материалтай танилцахад шүүхийн зүгээс саад учруулсан гэх байдал тогтоогдоогүй болно.
2.5. “нотлох баримтуудыг хамгаалах хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэдэггүй” гэх гомдлын тухайд:
Шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2560 дугаар захирамжаар нотлох баримт гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг өөрчлөх, устгах, бусдад шилжүүлэх, нуун дарагдуулах зэргээр уг хэргийг хянан шийдвэрлэхэд саад учруулж болох үндэслэлтэй гэж үзвэл хэргийн оролцогч уг нотлох баримтыг хамгаалуулахаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүхэд хүсэлт гаргаж болно, 50.2-т “Хүсэлтэд ямар нотлох баримтыг хамгаалах, хэргийн ямар байдлыг батлахад ач холбогдолтой болон хамгаалах болсон шалтгааныг заана” гэж заасан.
Нэхэмжлэгч нь хаана, хэнд байгаа, ямар нотлох баримтуудыг хамгаалуулах гэж буй шалтгаан үндэслэлээ шүүхэд нотолж чадаагүй тул шүүх энэ үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй бөгөөд шүүгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд уг асуудлыг шийдвэрлэсэн байна.
2.6. “... нотлох баримт гаргуулах хүсэлтийг шийдвэрлэдэггүй” гэх гомдлын тухайд:
Шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2559 дүгээр захирамжаар нотлох баримт гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийн заримыг хангаж, “Б” ТӨХХК-иас хуулийн этгээдийн бүртгэлд орсон нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулж, харин Хүнс хөдөө аж ахуйн яамаас дээрх баримтыг гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан байна.
Шүүх, шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан ямар баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзвэл тэдгээрийг холбогдох этгээдээс шаардан гаргуулахаар шийдвэрлэх ба харин хэргийн оролцогч өөрөө олж авах боломжтой, эсхүл тухайн баримт хэрэгт ач холбогдолгүй гэж үзвэл хүсэлтийг хангах шаардлагагүй бөгөөд энэхүү үндэслэлээ захирамж, тогтоолд тодорхой тусгах учиртай.
2.7. “шүүх хуралдааны тэмдэглэлүүд, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгүүдийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтүүдийг хориглож, хязгаарлаж нотлох баримтыг гаргаж өгөхгүй, шүүх хуралдааны тэмдэглэлд засвар хийлгэх эрхийг хориглосон” гэх гомдлын тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог, эцгийн нэр, нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ”, 96.2-т “шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна”, 96.3-т ”шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж тус тус заасан.
Ш.Э-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй байгаа талаар өмнө нь дурдсан, харин уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан удаа дараа нэхэмжлэгчийн хүсэлтээр хойшлогдож байжээ. Иймд нэхэмжлэгч хойшлогдсон шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах, түүнээс хуулбар хийх, хуульд заасан хугацааны дотор засвар хийх хүсэлт гаргах эрхтэй бөгөөд уг эрхийг хязгаарласан, хориглосон гэх байдал тогтоогдоогүй болно.
2.8. Шүүгч Д.З шүүх хуралдааны товгүй 8 цаг 30 минутад шүүх хуралдаан явуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг ноцтой зөрчиж Ш.Э-г шүүх хуралдаанд албадан оруулсан гэх гомдлын тухайд:
Шүүгч Д.З хэргийг хүлээн авснаас хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлон зарласан ба 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан 8 цаг 40 минутад эхэлж, 9 цаг 37 минутад дууссан нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж хуралдааныг жич товлохоор хойшлогдсон, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр, 2022 оны 9 дүгээр сарын 23-ны, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн татгалзах хүсэлтийг шийдвэрлүүлэхээр тус тус хойшлогджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь тогтоосон цагт ирж, шүүх хуралдаанд оролцох учиртай. Иймд нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцсоныг албадан оруулсан гэж үзэхгүй.
2.9. “... дахин дахин бүрэлдэхүүнд Т.Г, Л.Э, Н.С нар оролцож хууль бус шийдвэр гаргаж хохироосон” гэх гомдлын тухайд:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т “энэ хуулийн 19.2.5-д заасан хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах” гэж, энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д “тухайн шүүхийн нийт шүүгчдээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах асуудлыг хэлэлцэнэ” гэж заасан.
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Хэрэг нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг тус тус баталсан.
Дээрх журмын 2.4-д “хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авах хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн томилох үйлдэл бүрийг дүрс бичлэг хийж, 7 хоног бүр хадгалах төхөөрөмжид хуулбарлан хадгалах ба түүнд Тамгын газрын дарга тогтмол хяналт тавьж ажиллахаар заасан журмын дагуу Ш.Э-ийн гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Ц, шүүгч Д.Я нарыг шүүх хуралдаан давхардсан гэх үндэслэлээр тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 04461, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 08751 дугаартай “Шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах” тухай захирамжаар тус тус томилогдон хэрэг хэлэлцэх бүрэлдэхүүний шүүгчээр Н.С, Л.Э нар томилогдсоныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.31, 50.1.38, 50.1.23, 50.1.7, 50.1.28, 50.1.6-т заасан хориглолтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ц, шүүгч Т.Г. Н.С, Л.Э, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.З нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Ерөнхий шүүгч Ц.Ц тайлбартаа: “... Ш.Э-ийн нэхэмжлэлтэй, “Б” ТӨХК, ... дүүргийн НДХ-ийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нарт холбогдох, гэм хорын хохиролд 269.825.567 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, нийгмийн даатгалын санд зохих өөрчлөлт оруулахыг даалгах, сэтгэл санааны хохирол барагдуулахыг даалгах, нэр, төр алдар хүндийг сэргээхийг даалгах тухай иргэний хэрэг тус шүүхэд 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах тухай нэхэмжлэгч Ш.Э-ийн хүсэлтийг хүлээн авснаар шилжиж ирсэн.
Тус шүүх нь “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ын дагуу “Иргэн-2014” нэгдсэн системээс шүүгч Д.З-д хуваарилагдсан байна.
Шилжиж ирсэн хэрэг шүүгчид хуваарилагдсанаас хойш Монгол Улсын шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Ерөнхий шүүгчийн хувьд дараах хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:
- Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан,
- Ш.Э нь шүүх бүрэлдэхүүн, тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1../ЕШ2022/.....2 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй гэж үзэн хангахгүй орхиж, хэрэг шилжүүлэх хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д нийцүүлэн гаргах ба хуульд зааснаас өөр үндэслэлээр хэргийг шилжүүлэх үндэслэлгүй болохыг захирамжид заасан.
Харин тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэх тул тухайн хэргийг хүлээн авч, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаагүй бусад шүүгчдийн хамруулан бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэн тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1../ЗТ2022/...7 дугаар тогтоол гарсан.
3. Ш.Э нь шүүх бүрэлдэхүүнээс дахин татгалзсаныг Ерөнхий шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1../ЕШ2022/...3 дугаар захирамжаар, шүүх хуралдаан товлон зарлах үед нэхэмжлэгч нь шүүх бүрэлдэхүүн, тухайн шүүхийн бүх шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой аливаа хүсэлтийг шийдвэрлэх боломжийг шүүх бүрэлдэхүүнд олгохгүй, татгалзлыг гарсан даруй хуульд зааснаар шийдвэрлүүлэхээр шүүх хуралдаан удаа дараа хойшилсон гэж үзээд, тухайн шүүх бүрэлдэхүүн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ямар нэгэн хүсэлт шийдвэрлээгүй тул татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэн хүсэлтийг хангахгүй орхисон.
4. Тус шүүхийн шүүгч Д.З нь давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдох болсон тул тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1../ЗТ2022/...27 дугаар тогтоолоор, шүүгч Д.З-ийн шийдвэрлээгүй үлдэгдэл 120 хэргийг дахин хуваарилалтад сугалааны зарчмаар хуваарилж шүүгч Т.Г-т хуваарилагдсан тул Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг албажуулсан.
5. Уг хэргийн шүүх бүрэлдэхүүний шүүгч Д.Ц, Д.Я нарын шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнийг хэрэг, нэхэмжлэл хуваарилах журамд заасны дагуу сугалаагаар сонгож, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.С, Л.Э нар сонгогдсоныг Ерөнхий шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн захирамжаар албажуулсан.
6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.Э хүсэлт гаргасныг тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн байна. Уг захирамжид нэхэмжлэгч Ш.Э гомдол гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д зааснаар гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаан товлосон боловч нэхэмжлэгч Ш.Э шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулж, үүний дараа 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1../ШТ2023/...13 дугаар тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисон байна.
7. Нэхэмжлэгч Ш.Э нь шүүгч Т.Г, Л.Э, Н.С нарыг татгалзан гаргах хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн хүсэлтийг хангахгүй орхисон.
Ерөнхий шүүгч Ц.Ц миний бие Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар “Бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг, маргаантай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглоно” гэж заасныг зөрчөөгүй.
Нэхэмжлэгч Ш.Э-ийн татгалзал, хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн ба Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан Шүүгчид хориглох заалтыг зөрчөөгүй. Иймд надад үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгч Т.Г тайлбартаа: “... Нэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:
1.1. Өргөдөл гаргагч иргэн Ш.Э нь хариуцагч “Б” ТӨХХК, ... дүүргийн НДХ-ийн дэргэдэх, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст холбогдуулан
а. гэм хорын хохирол 269.825.567 төгрөгийг,
б. нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх,
в. нийгмийн даатгалын санд зохих өөрчлөлт оруулах,
г. сэтгэл санааны хохирол барагдуулахыг даалгах, нэр төр, алдар хүндийг сэргээлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг ...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргажээ.
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1.../Ш32021/...9 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэж, тус иргэний хэргийг хянан хэлэлцэх 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд гомдол гаргагч Ш.Э нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т зааснаар тус шүүхийн нийт шүүгчдээс татгалзсаныг шүүх хүлээн авч, 5 дугаар сарын 12-ны өдрийн 1../ШТ2022/....71 дүгээр “Тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх тухай“ тогтоолоор нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 5 дугаар сарын 20-ны өдрийн 1../ЕШ2022/0...0 дугаар “Хэрэг шилжүүлэх тухай” тогтоолоор иргэний хэргийг ....дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1../ЕШ2022/....12 дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” захирамжаар тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар Д.З-г томилсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 213 дугаар "Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай” зарлиг гарсантай холбогдуулан шүүгч Д.З-ийн 120 иргэний хэргийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны даргалагч томилох тухай журмын 2 дугаар зүйлийн 2.1-д заасан дарааллаар тойрог гүйцээх зарчмаар тухайн иргэний хэрэг шүүгч Т.Г сугалж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1../ЕШ2022/08002 дугаар “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” захирамжаар шүүгч Д.З-г өөрчилж, Т.Г намайг томилж, Ерөнхий шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1../ЕШ2022/...51 дүгээр захирамжаар шүүгч Д.Ц, Д.Я нарын шүүх хуралдаан давхардаж байх тул шүүх бүрэлдэхүүнийг өөрчилж, шүүгч Н.С, Л.Э нарыг томилжээ.
Шүүгчийн туслах М.Ж нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Ш.Э-ийн 99....9 дугаарт залгаж, “...шүүгч солигдсон, хэргийн материалтай танилцах” тухай утсаар мэдэгдэхэд нэхэмжлэгч “...миний биеийн байдал хүнд байна, би биеийн байдлаа харж байгаад ирэх долоо хоногт очиж хэргийн материалтай танилцана” гэж хариу хэлсэн нь тэмдэглэлд тусгагдаж, мөн 2022 оны 11 дүгээр сарын 25, 12 дугаар сарын 01-ний өдөр шүүгчийн туслах М.Ж-тай утсаар холбогдож “... шүүх хуралдааны товыг миний гэрийн хаягаар битгий хүргүүлээрэй хурлын тов мэдлээ, би шүүх бүрэлдэхүүнээс татгалзана, очиж хэргийн материалтай танилцана” гэж хэлсэн болох нь шүүгчийн туслахын тэмдэглэлд дурдагдаж хэрэгт баримтаар авагдсан байна.
Тус иргэн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минутад товлогдож, “Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай” мэдэгдэх хуудсыг Монгол шуудангаар хүргүүлж хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөөгч нар шүүх хуралдаанд оролцож, нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цаг 30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч Ш.Э 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “эрүүл мэндийн улмаас шүүх хуралдааны товыг хойшлуулах тухай” хүсэлтийг шүүхэд ирүүлснийг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны 1../Ш32023/0....8 дугаар “Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааны тов өөрчлөх тухай” захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цаг 30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан болно.
Нэхэмжлэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.3, 38 дугаар зүйлийн 38.6, 50 дугаар зүйлийн 50.1, 69 дүгээр зүйлийн 69.1.3, 69.1.5-д тус тус зааснаар хүсэлтийг шүүхэд ирүүлснийг шүүгч Т.Г хүлээн авч хянаад 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1../Ш320223/...58, 1../Ш320223/...9, 1../Ш320223/...60, 1../Ш320223/...61 дугаар захирамжаар шийдвэрлэж, 1../Ш320223/...58 дугаар захирамжид гомдол гаргах эрхийг хангаж, дээрх шүүгчийн захирамжуудыг нэхэмжлэгчийн гэрийн хаягаар Монгол шуудангаар хүргүүлэхэд, 1../Ш320223/...58 дугаар захирамжид нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар Ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Ш.Э-аас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хангаж, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цаг 30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан шүүх хуралдааны товыг шүүгчийн 1../Ш32023/0...7 захирамжаар өөрчилж, жич товлон шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ....дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй иргэний хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг Монгол шуудангаар хүргүүлснийг 3 дугаар сарын 30-ны өдөр шүүх хүлээн авсан.
Тус иргэний хэрэг хянан хэлэлцэх 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Ш.Э, хариуцагч “Б” ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нараас гаргасан хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцээд “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 1../ШТ2023/0...9 дүгээр тогтоолоор зохигчдоос шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, харин нэхэмжлэгчийн гаргасан тус хэргийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 13 цаг 30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан.
Ш.Э нь 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр 91.1.3, 91.1.4-т зааснаар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах, шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлснээр, тус шүүхийн шүүгчийн 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1.../Ш32023/1...6 дугаар “Хүсэлт шийдвэрлэх, шүүх хуралдаан хойшлуулах тухай” захирамжаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д зааснаар Ерөнхий шүүгч татгалзлыг шийдвэрлэтэл шүүх хуралдааныг жич товлон хойшлуулсан байна.
....дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 1../ЕШ2023/....41 дүгээр Шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар Ш.Э-ийн гаргасан хүсэлтийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйл, 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4-т зааснаар хүлээн авахаас татгалзан шийдвэрлэснээр тус иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 цагт товлогдсон болно.
Хоёр. Өргөдөл гаргагч Ш.Э-ийн гаргасан үндэслэлд дараах тайлбарыг хүргүүлж байна.
2.1. Өргөдөл гаргагчийн өргөдөлд "...Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т “бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох тухайлсан хэрэг маргаантай холбоотой заавар өгөх шүүгчид тодорхой хэрэг маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглоно” гэж хуульчилсан байхад дахин дахин бүрэлдэхүүнд Т.Г, Л.Э, Н.С нар оролцож хууль бус шийдвэр гаргаж хохироож байна” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 213 дугаар "Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай” зарлиг гарсантай холбогдуулан шүүгч Д.З-ийн 120 иргэний хэргийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны даргалагч томилох тухай журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д заасан дарааллаар тойрог гүйцээх зарчмаар тухайн иргэний хэрэг шүүгч Т.Г би сугалсан болно.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т “энэ хуулийн 19.2.5-д заасан хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах” гэж, энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д “тухайн шүүхийн нийт шүүгчдээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах асуудлыг хэлэлцэнэ” гэж заасан.
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Хэрэг нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг тус тус баталсан.
Дээрх журмын 2.4-т “хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авах хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн томилох үйлдэл бүрийг дүрс бичлэг хийж, 7 хоног бүр хадгалах төхөөрөмжид хуулбарлан хадгалах ба түүнд Тамгын газрын дарга тогтмол хяналт тавьж ажиллахаар заасан журмын дагуу Ш.Э-ийн гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Ц, шүүгч Д.Я нарыг шүүх хуралдаан давхардсан гэх үндэслэлээр тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 04461, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 08751 дугаартай “Шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах” тухай захирамжаар тус тус томилогдон хэрэг хэлэлцэх бүрэлдэхүүний шүүгчээр Н.С, Л.Э нар томилогдсон нь “хууль бус”-аар оролцсон гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.
2.2. Өргөдөл гаргагч Ш.Э нь: “... хууль бус шийдвэр гаргахаар эрүү шүүлт тулгаж, бусдын гарт шүүх хуралдааны танхимд амь эрсдэхэд хүргэж нутаг дэвсгэрийн харьяалал болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориуд зохион байгуулалттай саад учруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-г үндэслэн 20.1.1-д зааснаар хэргийг тал бүрээс нь бодитой шуурхай хянан шийдвэрлэхийн тулд нотлох баримтын дийлэнх нь байгаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр иргэний хэргийг шилжүүлэх хүсэлтийг хуульд үндэслэгдээгүй, хамааралгүй ойлгомжгүй гэх үгийг бичиж хүсэлтэд бичигдсэн хуулийн нэр томьёо мөн хүсэлтийн агуулгыг өөрчилж нэр томьёог зориуд орхигдуулж бичиж хариу өгч, хууль бус шийдвэр гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж хохирогчийг харьяаллын дагуу эмнэлгийн тусламж, эмчлүүлэх эрхийг амь эрсдэхэд хүргэж хохироосоор өнөөг хүрч байна” гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Э нь 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг Монгол шуудангаар 3 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн.
Тус иргэний хэрэг хянан хэлэлцэх 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд зохигчдоос гаргасан хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцээд “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” 1../ШТ2023/0...9 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн хүсэлтээс иргэний хэргийг шилжүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж, талуудаас шүүх хурал хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд “Хэргийн харьяалал”-ын талаар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг “иргэний” шүүх харьяалан шийдвэрлэдэг.
Шүүх дээрх хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах явцад мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан үндэслэл буюу “хэргийг тал бүрээс нь бодитой, шуурхай хянан шийдвэрлэхийн тулд нотлох баримтын дийлэнх нь байгаа газрын шүүхэд хянан шийдвэрлэх шаардлагатай гэж үзвэл” хэргийг өөр шүүхэд шилжүүлж болохоор хуульд заасан бөгөөд “өөр шүүх” гэдэг нь иргэний хэргийн өөр шүүхийг ойлгох юм.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарах үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ш.Э-ийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй тул түүний гаргасан хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд шилжүүлэх тухай хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хангаж шийдвэрлээгүй нь хууль бус, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориуд саад учруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.
Мөн дээрх шүүхийн тогтоолд нэхэмжлэгчийн хүсэлтийг ТОДОРХОЙЛОХ нь: хэсэгт нэг бүрчлэн бичигдсэн ба нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулгыг өөрчлөх, хүсэлтэд дурдагдсан нэр томьёог зориуд орхигдуулж бичих эрх шүүгчид хуулиар олгогдоогүй болно.
2.3. Өргөдөл гаргагч Ш.Э нь: “... Хууль бус хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг, хугацааг тогтоосон 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 0....90 дугаар актыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох зорилгоор Ерөнхий шүүгч Ц.Ц, шүүгч Т.Г, Н.С, Л.Э эрх бүхий албан тушаалтнууд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулж, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг бүлэглэн үйлдэж, ажил олгогч н.Э-ыг нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийлгүүлж Ш.Э-г захиргааны эрх зүйн актаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийг хориглож, буруу эмчлүүлж үхэхийг шаардсан шийдвэр гаргахаа илэрхийлсэн, ...2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 01-...126 тоот захиргааны эрх зүйн акт эрх бүхий албан тушаалтны үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар алдалдсан шалтгаан хувь хэмжээ хугацааг харьяаллын дагуу тогтоолгохыг хориглож үйлдвэрлэлийн осол хурц хордлогын улмаас хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан хувь хэмжээ, хугацааг нөхөн тогтоолгох тэтгэвэр, тэтгэмж төлбөр болон бусад хуульд заасан эрхийг эдлүүлэхгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийг хориглож буруу эмчлүүлж /харьяаллын бусаар/ үхэхийг шаардсан, амь насанд халдахыг завдаж бусдаар үйлдүүлсэн олон эрүүгийн хэргийн золиос болгож амь эрсдэхэд хүргэж байгаад гомдолтой байна” гэжээ.
Ш.Э-ийн гаргасан нэхэмжлэлийг хянан хэлэлцсэн 2022 оны 6 дугаар сарын 30, 2022 оны 12 дугаар сарын 13, 2023 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн шүүх хуралдаануудаар тус тус нэхэмжлэгчийн эрүүл мэндийн шалтгаантай байдлыг харгалзан шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байх ба харин ямар нэг байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул “хууль бус хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоосон 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 05....90 актыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох зорилготой” гэсэн нь хууль зүйн болон бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.
Хэдийгээр, нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй талаарх аливаа хүсэлт, баримтыг шүүх хуралдаанаас өмнө ирүүлсэн ч хэргийн бусад оролцогчийн саналыг сонссоны үндсэн дээр шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдаанаар уг хүсэлтийг хангах эсэхийг шийдвэрлэдэг.
Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд хуульд зааснаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг тухай бүр шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн нь “хууль бус” гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр хуралдааны товыг нэг удаа, шүүгчийн 1../Ш320223/...58 дугаар захирамжид Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гомдол гаргаснаар нэг удаа нийт 5 удаа шүүх хуралдаан хойшилж, тус иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон болно.
Шүүх бүрэлдэхүүн, шүүгч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг тухайн бүр шийдвэрлэж, мэтгэлцэх эрхийг хангаж, хэн нэгний ашиг сонирхолд нийцүүлэн хууль бус шүүхийн шийдвэр гараагүй ба иргэний хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцээгүй болно.
2.4. Өргөдөл гаргагч Ш.Э нь: “...хавтас хэрэгт нотариатаар гэрчлүүлж тусгуулсан нотлох баримтуудыг хамгаалуулах хүсэлтүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т заасан үндэслэлээр хангаж шийдвэрлээгүй” гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Э 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд:
> 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлд хавсаргасан 66 хуудас;
> 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 103 хуудас;
> 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хариуцагч “Б” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.У-т даалгах хүсэлт хавсаргасан 5 хуудас;
> 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хариуцагч ... дүүргийн НДХ-ийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дарга Л.Ж-д даалгах хүсэлтэд хавсаргасан 10 хуудас;
> 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хамтран хариуцагч нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх мэргэшлээс шалтгаалах өвчний эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын дарга М-д даалгах хүсэлтэд хавсаргасан 6 хуудас нийт 128 хуудас нотлох баримтуудыг хамгаалуулах хүсэлтийг гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг өөрчлөх, устгах, бусдад шилжүүлэх, нуун дарагдуулах зэргээр уг хэргийг хянан шийдвэрлэхэд саад учруулж болох үндэслэлтэй гэж үзвэл хэргийн оролцогч уг нотлох баримтыг хамгаалуулахаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүхэд хүсэлт гаргаж болно, 50.2-т “Хүсэлтэд ямар нотлох баримтыг хамгаалах, хэргийн ямар байдлыг батлахад ач холбогдолтой болон хамгаалах болсон шалтгааныг заана.” гэж заасан.
Нотлох баримтыг хамгаалах үндэслэл нь: хуульд зааснаар уг баримт нь хэргийг зөв үндэслэл бүхий шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тогтооход шаардлагатай нотолгооны зүйл байх бөгөөд тухайн баримтуудыг өөрчилж болзошгүй, устгах сэжигтэй бөгөөд устгах боломжтой, бусдад шилжүүлэх, нуун дарагдуулах зэрэг баримтыг ойлгох бөгөөд уг баримтууд хаана, хэнд байгаа, ямар нотлох баримтуудыг хамгаалбал зохих нотлох баримтуудыг нэрлэн заах ба хэргийн ямар байдлыг батлах уг баримтууд хэргийн нөхцөл байдлыг тогтооход хамааралтай баримтыг ойлгоно.
Хэрэгт авагдсан хамгаалбал зохих нотлох баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримт байх бөгөөд хүсэлт гаргагч нь нотлох баримт хамгаалуулах хүсэлт гаргах шалтгаан, шаардлагатай гэж үзэх үндэслэлийг заах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэлээр хамгаалах үйл баримт тогтоогдоогүй болно.
Түүнчлэн иргэний хэрэг хянан хэлэлцэх 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар Ш.Э-ийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан шүүх хуралдааныг жич товлон хуралдуулахаар хойшлуулж, нэхэмжлэгч Ш.Э-ийн гаргасан иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах, ...дүүргийн ...хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1../ШТ2021/0..3 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор шийдвэрлэсэн хэргийг татуулах, ... дүүргийн НДХ-ээс тэтгэврийн даатгалд төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийн мөнгөн дүнг улсад ажилласан жилийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлөлтийг нотлох баримтаар гаргуулах, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалуулах бичмэл нотлох баримтуудыг шүүхээр хамгаалуулах тухай хүсэлтүүдийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон байна.
Иймд ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Г миний бие Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.6, 50.1.7, 50.1.23, 50.1.31, 50.1.38 дахь заалтыг зөрчөөгүй тул өргөдөл гаргагч Ш.Э-ийн гаргасан өргөдөлд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Шүүгч Д.З тайлбартаа: “... Миний бие, ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байхад ... дүүргийн ...хэргийн анхан шатны шүүхээс шилжүүлсэн Ш.Э-ийн нэхэмжлэлтэй, “Б” ТӨХК, ... дүүргийн НДХ-ийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст холбогдох иргэний хэрэг холбогдох журмын дагуу хуваарилагдсан.
Тус иргэний хэрэгт дор дурдсан ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан. Үүнд:
1. Зохигч талуудад 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх эрх, үүргийг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулсан.
2. ...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллагаа хийгдэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байсан тул ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1../ЕШ2022/...61 дүгээр захирамжаар даргалагчаар шүүгч Д.З-г, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.М, шүүгч Л.Э нарыг албажуулсан.
3. Шүүх хуралдааныг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 09 цаг 00 минутад товлосон боловч миний бие захиргааны чөлөө авсны улмаас уг хугацаанд шүүх хуралдааныг явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж товыг өөрчилсөн. Үүний дараа 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүх хуралдааныг явуулахаар товлож шүүх хуралдааны оролцогч нарт зохих журмын дагуу мэдэгдсэн.
4. 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Э ирж оролцсон боловч тэрээр эрүүл мэндийн байдлын улмаас шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй, хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан.
Тус шүүх хуралдааны явцад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н-ээс Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлага өгч Ш.Э-д эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт бүрдүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалуулах, болон нотлох баримт хамгаалуулах хүсэлтэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ТӨХК, ... дүүргийн НДХ-ийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын саналыг сонсохоос өмнө нэхэмжлэгч нь шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаснаар түүний, дээрх хүсэлтүүдийг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй болсон. Энэ талаар шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1.../ШТ2022/...5 дугаар тогтоол болон шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа болно.
5. 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт зааснаар шүүх бүрэлдэхүүн болон ....дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчээс татгалзсан учир шүүх хуралдаан хойшлогдсон.
6. Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1../ЗТ2022/...7 дугаар тогтоолоор нийт шүүгчээс татгалзах тухай нэхэмжлэгч Ш.Э-ийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан ба Ерөнхий шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1../ЕШ2022/.....2 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах тухай нэхэмжлэгч Ш.Э-ийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
7. 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт зааснаар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир шүүх хуралдаан хойшлогдсон.
8. Ерөнхий шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1../ЕШ2022/...3 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах тухай нэхэмжлэгч Ш.Э-ийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
9. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 213 дугаар зарлигаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгчээр томилогдон ажиллаж байгаа болно.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглох зүйлийг зөрчөөгүй, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан тул Ш.Э-ийн гомдлын дагуу үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгч Н.С тайлбартаа: “...Уг хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан шүүгч Д.З өөр шүүхэд шүүгчээр томилогдсонтой холбоотой тус шүүхийн шүүгчдийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зөвлөгөөнөөр түүний ажиллагаа явуулж байсан иргэний хэргүүдийг мөн тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 350 тоот тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-д заасны дагуу хуваарилахаар шийдвэрлэсэн.
Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд сонгогдсон шүүгч Д.Ц, Д.Я нарын шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0...1 дугаар бүхий “Шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах” тухай захирамжаар шүүгч Н.С миний бие уг хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнд томилогдсон.
Шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минутад товлосон ба нэхэмжлэгч Ш.Э эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлт ирүүлсэн тул хүсэлтийг нь үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хугацаагаар хуралдааныг хойшлуулсан байна.
Нэхэмжлэгч Ш.Э2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон хуралдааныг эрүүл мэндийн шалтгааны улмаас хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүгч Т.Г хүлээн авч мөн өдрийн 9...8 дугаар захирамжаар хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 13 цаг 30 минутад товлосон хуралдааныг нэхэмжлэгч Ш.Э-ийн хуульд заасан эрхийг хангах үүднээс 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 3..7 дугаар захирамжаар хуралдааныг жич товлон хэлэлцүүлэхээр хойшлуулжээ.
2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цагт товлосон хуралдаанаар нэхэмжлэгч Ш.Э, хариуцагч “Б” ТӨХК-ийн төлөөлөгч нар шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргасныг хангаж, харин нэхэмжлэгч Ш.Э-ийн уг хэргийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг 2023 оны 4 сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.
Өргөдөл гаргагч Ш.Э "...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-ийг үндэслэн 20.1.1-д зааснаар хэргийг тал бүрээс нь бодитой шуурхай хянан шийдвэрлэхийн тулд нотлох баримтын дийлэнх нь байгаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр иргэний хэргийг шилжүүлэх хүсэлтийг хуульд үндэслэгдээгүй... хууль бус шийдвэр гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориуд саад учруулсан...” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд “Хэргийн харьяалал”-ын талаар заасан ба мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг “иргэний” шүүх харьяалан шийдвэрлэнэ.
Шүүх дээрх хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах явцад мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан үндэслэл буюу “хэргийг тал бүрээс нь бодитой, шуурхай хянан шийдвэрлэхийн тулд нотлох баримтын дийлэнх нь байгаа газрын шүүхэд хянан шийдвэрлэх шаардлагатай гэж үзвэл” хэргийг өөр шүүхэд шилжүүлж болохоор хуульчилсан ба “өөр шүүх” гэдэг нь иргэний хэргийн өөр шүүхийг ойлгоно.
Харин уг хэрэг Захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарах үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.
Ш.Э-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй ба уг хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хангаагүй нь хууль бус, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориуд саад учруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.
Шүүгч Н.С миний бие Ш.Э-ийн нэхэмжлэлтэй “Б” ТӨХК, ... дүүргийн НДХ-ийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст тус тус холбогдох хэргийг хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд 2 удаа оролцсон, дээрх шүүх хуралдаануудыг нэхэмжлэгч Ш.Э-ийн хүсэлтийг хангаж хойшлуулж шийдвэрлэсэн.
Ш.Э-ийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцсэн 2022 оны 12 дугаар сарын 13, 2023 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн шүүх хуралдаануудаар нэхэмжлэгчийн эрүүл мэндийн шалтгаантай гэх байдлыг харгалзан шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байх ба харин ямар нэг байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул “хууль бус хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоосон 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 05....90 актыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох зорилготой” гэсэн нь хууль зүйн болон бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй талаарх хүсэлт, баримтыг шүүх хуралдаанаас өмнө ирүүлсэн ч хэргийн бусад оролцогчийн саналыг сонссоны үндсэн дээр шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдаанаар уг хүсэлтийг хангах эсэхийг шийдвэрлэдэг.
Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд хуульд зааснаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг тухай бүр шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн нь “хууль бус” гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.
Шүүгч Н.С миний бие Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.6, 50.1.7, 50.1.23, 50.1.31, 50.1.38 дахь заалтыг зөрчөөгүй тул өргөдөл гаргагч Ш.Э-ийн гаргасан өргөдөлд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгч Л.Э тайлбартаа: “.......дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 0...61 дугаар “Шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах” тухай захирамжаар тус хэргийг хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд томилогджээ.
Тус хэргийг хянан хэлэлцэх 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Ш.Э-ийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан шүүх хуралдааныг жич товлон хуралдуулахаар хойшлуулж, нэхэмжлэгч Ш.Э-ийн гаргасан иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах, ...дүүргийн ...хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 1../ШТ2021/0...53 тоот “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор шийдвэрлэсэн хэргийг татуулах, ... дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тэтгэврийн даатгалд төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийн мөнгөн дүнг улсад ажилласан жилийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлөлтийг нотлох баримтаар гаргуулах, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалуулах бичмэл нотлох баримтуудыг шүүхээр хамгаалуулах тухай хүсэлтүүдийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн.
Шүүгч Л.Э миний 2022 оны ээлжийн амралт 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхэлсэнтэй холбоотойгоор Ш.Э-ийн гаргасан “Б ТӨХК”, ... дүүргийн НДХ-ийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст тус тус холбогдох хэргийг хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 0...61 дугаар “Шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах” тухай захирамжаар өөрчилж, бүрэлдэхүүнд тус шүүхийн шүүгч Д.Ц, Д.Я нар томилогдон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан байна.
Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд сонгогдсон шүүгч Д.Ц, Д.Я нарын шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр ....дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 08751 дугаар “Шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах" тухай захирамжаар шүүгч Л.Э миний бие тус хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнд дахин томилогджээ.
Ийнхүү хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч Ш.Э-ийн гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 0...12 дугаар тогтоолоор, мөн хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч Ш.Э болон “Б” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг тус тус хангаж, харин нэхэмжлэгч Ш.Э-ийн гаргасан тус хэргийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэжээ.
Шүүгч Л.Э миний бие нэхэмжлэгч Ш.Э-ийн гаргасан “Б” ТӨХК, ... дүүргийн НДХ-ийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст тус тус холбогдох гэм хорын хохиролд 269.825.567 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, нийгмийн даатгалын санд зохих өөрчлөлт оруулахыг даалгах, сэтгэл санааны хохирол барагдуулахыг даалгах, нэр төр алдар хүндийг сэргээхийг даалгах тухай хэргийг хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд 3 удаа оролцсон байх бөгөөд тус шүүх хуралдаануудыг нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрэлдэхүүн хойшлуулж шийдвэрлэж байсан байна.
Өргөдөл гаргагч Ш.Э-ийн өргөдөлд дурдсан хэд хэдэн үндэслэлтэй танилцаж, шүүгч Л.Э надад хамааруулж дурдсан үндэслэлүүдэд дараах байдлаар тайлбар хүргүүлж байна.
1. Өргөдөл гаргагч Ш.Э-ийн өргөдөлдөө дурдсан хэд хэдэн үндэслэлтэй танилцахад хэргийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй нь “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-ийг үндэслэн 20.1.1-д зааснаар хэргийг тал бүрээс нь бодитой шуурхай хянан шийдвэрлэхийн тулд нотлох баримтын дийлэнх нь байгаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр иргэний хэргийг шилжүүлэх хүсэлтийг хуульд үндэслэгдээгүй ... хууль бус шийдвэр гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориуд саад учруулсан ...” гэжээ.
Ш.Э-ийн гаргасан хэргийг Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх тухай хүсэлтийг 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгч Т.Г, Н.С, Л.Э нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэж, уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.
Уг хүсэлтийг шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд “Хэргийн харьяалал”-ын талаар зохицуулсан бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг “иргэний” шүүх харьяалан шийдвэрлэдэг.
Шүүх дээрх хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах явцад мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан үндэслэл буюу “хэргийг тал бүрээс нь бодитой, шуурхай хянан шийдвэрлэхийн тулд нотлох баримтын дийлэнх нь байгаа газрын шүүхэд хянан шийдвэрлэх шаардлагатай гэж үзвэл” хэргийг өөр шүүхэд шилжүүлж болохоор хуульд заасан бөгөөд “өөр шүүх” гэдэг нь иргэний хэргийн өөр шүүхийг ойлгох юм.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарах үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ш.Э-ийн гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй тул түүний гаргасан хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд шилжүүлэх тухай хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хангаж шийдвэрлээгүй нь хууль бус, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зориуд саад учруулсан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.
2. Өргөдөл гаргагч Ш.Э өргөдөлдөө "... Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т “бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох тухайлсан хэрэг маргаантай холбоотой заавар өгөх шүүгчид тодорхой хэрэг маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглоно” гэж хуульчилсан байхад дахин дахин бүрэлдэхүүнд Т.Г, Л.Э, Н.С нар оролцож хууль бус шийдвэр гаргаж хохироосоор байна” гэжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т “энэ хуулийн 19.2.5-д заасан хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах” гэж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д тухайн шүүхийн нийт шүүгчдээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах асуудлыг хэлэлцэнэ гэж заасан.
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 10, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Хэрэг нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг тус тус баталсан.
Дээрх журмын 2.4-д “хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг хүлээн авах хуваарилах, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн томилох үйлдэл бүрийг дүрс бичлэг хийж, 7 хоног бүр хадгалах төхөөрөмжид “...” хуулбарлан хадгалах ба түүнд Тамгын газрын дарга тогтмол хяналт тавьж ажиллахаар заасан журмын дагуу Ш.Э-ийн гаргасан нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Л.Э миний бие тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 0..61, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 0..51 дугаартай “Шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах” тухай захирамжаар тус тус томилогдон хэрэг хэлэлцэх бүрэлдэхүүний шүүгчээр томилогдсон нь “хууль бус”-аар оролцсон гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.
3. “Хууль бус хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоосон 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 05....90 актыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох зорилгоор ... шүүгч Т.Г, Л.Э, Н.С, эрх бүхий албан тушаалтнууд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулж хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэргийг бүлэглэн үйлдэж, ажил олгогч н.Э-ыг нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийлгүүлж Ш.Э-г захиргааны эрх зүйн актаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийг хориглож, буруу эмчлүүлж үхэхийг шаардсан шийдвэр гаргахаа илэрхийлсэн.
Ш.Э-ийн гаргасан нэхэмжлэлийг хянан хэлэлцсэн 2022 оны 6 дугаар сарын 30, 2022 оны 12 дугаар сарын 13, 2023 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн шүүх хуралдаануудаар тус тус нэхэмжлэгчийн эрүүл мэндийн шалтгаантай байдлыг харгалзан шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байх ба харин ямар нэг байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул “хууль бус хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоосон 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 05....90 актыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох зорилготой” гэсэн нь хууль зүйн болон бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.
Хэдийгээр, нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй талаарх аливаа хүсэлт, баримтыг шүүх хуралдаанаас өмнө ирүүлсэн ч хэргийн бусад оролцогчийн саналыг сонссоны үндсэн дээр шүүгч, шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдаанаар уг хүсэлтийг хангах эсэхийг шийдвэрлэдэг.
Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд хуульд зааснаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг тухай бүр шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн нь “хууль бус” гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд ....дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Э миний бие Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.6, 50.1.7, 50.1.23, 50.1.31, 50.1.38 дахь заалтыг зөрчөөгүй тул өргөдөл гаргагч Ш.Э-ийн гаргасан өргөдөлд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Ш.Э “Шүүгч Т.Г, Л.Э, Н.С нар нь нотлох баримтын дийлэнх нь байгаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх рүү хэргийг шилжүүлээгүй; шүүх хуралдааны өмнө нотлох баримт гаргаж өгөх журмыг зөрчин хариуцагч талын нотлох баримт гаргах, цуглуулах буюу хуульд заасан журмыг зөрчиж хавтаст хэрэгт тусгуулсан; нотлох баримтаас хасах, шаардан авах, татгалзах эрхийг эдлүүлдэггүй; хэргийн материалтай танилцуулаагүй, хүсэлтүүд шийдвэрлэдэггүй; шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгүүдийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг хязгаарлаж, засвар хийлгэх эрхийг хориглосон, шүүгч Д.З шүүх хуралдааны товгүйгээр шүүх хуралдааныг явуулсан; бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцсон, тодорхой хэрэг маргааныг нэр заан хуваарилсан; шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүгч Д.З захирамж бичиж, Ерөнхий шүүгч Ц.Ц гарын үсэг зурсан зэргээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.6, 50.1.7, 50.1.23, 50.1.28, 50.1.31, 50.1.38 дахь хэсэгт заасныг зөрчсөн” гэж үзэн Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргажээ.
Иргэний хэргийн тухайд:
Ш.Энь “Б” ТӨХК, ... дүүргийн НДХ-ийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст холбогдуулан гэм хорын хохирол 269.825.567 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, нийгмийн даатгалын санд зохих өөрчлөл оруулахыг даалгах, сэтгэл санааны хохирол барагдуулахыг даалгах, нэр төр алдар хүндийг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.
Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1../ШТ2021/0...99 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэн, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ш.Э 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд “тус шүүхийн нийт шүүгчдээс татгалзах тухай” хүсэлт гаргасныг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэн, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 1../ЗТ2022/...1 дүгээр тогтоолоор хүлээн авч, хэргийг ....дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. /1 дүгээр с.х-ийн 210-214 тал/
Иргэний хэрэг нь тухайн үед ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан шүүгч Д.З-д журмын дагуу хуваарилагдсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 213 дугаар зарлигаар шүүгч Д.З нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон тул түүний шийдвэрлэгдээгүй үлдэгдэл 120 хэргийг бусад шүүгч нарт хуваарилсан байна.
Уг 120 иргэний хэргийн нэг болон Ш.Э-ийн нэхэмжлэлтэй, “Б” ТӨХК, ... дүүргийн НДХ-ийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст холбогдох иргэний хэрэг нь шүүгч Т.Г-т журмын дагуу хуваарилагджээ.
Дээрх иргэний хэргийг тус шүүх одоогоор эцэслэн шийдвэрлээгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болно.
Шүүгч Т.Г, Л.Э, Н.С нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн үйлдэл гаргаагүй байна. Тодруулбал,
1.1. Нотлох баримтын дийлэнх нь байгаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх рүү хэргийг шилжүүлээгүй гэх тухайд:
Ш.Э нь маргаан бүхий иргэний хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх тухай хүсэлт гаргасныг 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүхийн 1../ШТ2023/0...9 дүгээр тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдол /цаашид "нэхэмжлэл" гэх/-ыг шүүх харьяалан шийдвэрлэнэ”, 12 дугаар зүйлийн 12.1.1-д “эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл”, 12.1.4-т “Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол” нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болох хуулийн зохицуулалтын дагуу иргэний хэрэг үүсгэсэн байна.
Нэхэмжлэгч Ш.Э-ийн гэм хорын хохирол 269.825.567 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, нийгмийн даатгалын санд зохих өөрчлөл оруулахыг даалгах, сэтгэл санааны хохирол барагдуулахыг даалгах, нэр төр алдар хүндийг сэргээхийг даалгах тухай шаардлага нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нэхэмжлэл байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “хэргийг тал бүрээс нь бодитой, шуурхай хянан шийдвэрлэхийн тулд нотлох баримтын дийлэнх нь байгаа газрын шүүхэд хянан шийдвэрлэх шаардлагатай гэж үзвэл” хэргийг өөр шүүхэд шилжүүлж болохоор зохицуулсан.
Хуулийн дээрх зохицуулалтад дурдагдсан “өөр шүүхэд шилжүүлж болно” гэдэг нь иргэний хэргийн адил шатны өөр шүүхийг ойлгох тул шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж аваагүй нь зөрчил биш юм.
1.2. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө нотлох баримт гаргаж өгөх хуулийг зөрчин хариуцагч талын нотлох баримт гаргах, цуглуулах буюу хуульд заасан журмыг зөрчиж хавтаст хэрэгт тусгуулсан; мөн нотлох баримтаас хасах, шаардан авах, татгалзах эрхийг эдлүүлдэггүй гэх тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө”, мөн зүйлийн 38.9 дэх хэсэгт “шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана”, 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт “хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч, шинжлэн судлах шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч, хариуцагч талын хэн аль нь шүүх хуралдаанаас өмнө нэмэлт тайлбар, нотлох баримт гаргаж өгөх боломжгүй байсан, тухайн нотлох баримтаа гаргаж өгөөгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж шүүх үзвэл нотлох баримтыг хүлээн авна.
Иймд хариуцагчаас нотлох баримт гаргаж өгснийг хавтаст хэрэгт хавсаргасан нь сахилгын зөрчил биш юм.
Харин хэргийн оролцогч нь хавтаст хэрэгт авагдсан тодорхой баримтыг хууль бус аргаар цуглуулсан нотлох баримт гэж үзэн тухайн баримтуудыг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй боловч хууль бус аргаар цуглуулсан гэж үзсэн үндэслэлээ нотлох, холбогдох баримтуудыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.
Илтгэгч гишүүний шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн нотлох баримтаар дээрх үйл баримт тогтоогдоогүй тул шүүгч Т.Г, Л.Э, Н.С нарыг зөрчил гаргасан гэж үзэхгүй.
1.3. Хэргийн материалтай танилцуулаагүй, нотлох баримт хасуулах, нотлох баримт гаргуулах зэрэг хүсэлтүүд шийдвэрлэдэггүй гэх тухайд:
Тухайн иргэний хэрэг ...дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирсний дараа шүүгч 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хуулиар эдлэх эрх, хүлээх үүргийг нь тайлбарлаж өгчээ.
Шүүгчийн туслах М.Ж 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Ш.Э-ийн 99....9 дугаарт холбогдож, “хэргийн материалтай танилцах” талаар мэдэгдэхэд, Ш.Э“миний биеийн байдал хүнд байна, биеийн байдлаа харж байгаад ирэх долоо хоногт очиж хэргийн материалтай танилцана” гэх хариу өгсөн. Мөн тэрээр шүүгчийн туслах М.Ж-тай 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд утсаар холбогдож “... шүүх хуралдааны товыг гэрийн хаягаар битгий хүргүүлээрэй хурлын тов мэдлээ, би шүүх бүрэлдэхүүнээс татгалзана, очиж хэргийн материалтай танилцана” гэж хэлсэн байна.
Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан эрхийг эдэлж, 25.2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээдэг.
Өөрөөр хэлбэл мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “... хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” эрхийг шүүхээс хязгаарлахгүй бөгөөд нэхэмжлэгч Ш.Э хэргийн материалтай танилцах бүрэн боломжтой байсан. Шүүгчийн туслахын тэмдэглэлээс үзэхэд шүүхээс уг эрхийг эдлүүлэхээр ажиллагаа явуулсан, зохигчийн эрхийг хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй тул сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг өөрчлөх, устгах, бусдад шилжүүлэх, нуун дарагдуулах зэргээр уг хэргийг хянан шийдвэрлэхэд саад учруулж болох үндэслэлтэй гэж үзвэл хэргийн оролцогч уг нотлох баримтыг хамгаалуулахаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүхэд хүсэлт гаргаж болно”, 50.2 дахь хэсэгт “хүсэлтэд ямар нотлох баримтыг хамгаалах, хэргийн ямар байдлыг батлахад ач холбогдолтой болон хамгаалах болсон шалтгааныг заана” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчийн “нийт 128 хуудас нотлох баримтыг хамгаалуулах тухай” хүсэлтийг шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1../ШЗ2023/0...60 дугаар захирамжаар “...нэхэмжлэгч хүсэлт гаргах шалтгаан, шаардлагатай гэж үзэх үндэслэлийг заах үүрэгтэй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна” гэж үзэж, хүсэлтийг хангахаас татгалзжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хүсэлтийн үндэслэлээ шүүхэд нотолж чадаагүй тул шүүгч Т.Г хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хүсэлтийг хангаагүйд түүнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт “хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; ...тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч Ш.Э-ийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүх хүлээн авч танилцаад, шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1../ШЗ2023/...59 дүгээр захирамжаар хүсэлтээс зарим хэсгийг хангасан байна.
Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэг хүлээдэг.
Өөрөө олж авах боломжгүй баримтыг шүүхэд хүсэлтээ гарган шүүхийн журмаар бүрдүүлж болох боловч шүүгч, шүүх бүрэлдэхүүн тухайн хүсэлтэд дурдагдсан баримтууд нь хэрэгт ач холбогдолтой эсэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт хамаарч байгаа эсэхийг дүгнэн хангах эсэхийг шийдвэрлэнэ.
Энэ нь шүүгч хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа юм.
1.4. Шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгүүдийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг хязгаарлаж, засвар хийлгэх эрхийг хориглосон гэх тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог, эцгийн нэр, нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ”, 96.2 дахь хэсэгт “шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно. Тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна”, 96.3 дахь хэсэгт ”шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж тус тус заасан.
Ш.Э-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байх ба тухайн шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах, хуулбарлах, хуульд заасан хугацааны дотор “засвар хийх тухай” хүсэлтээ гаргах эрхтэй. Илтгэгч гишүүний шалгах ажиллагааны явцад дээрх эрхийг хязгаарласан, хориглосон гэх байдал тогтоогдоогүй байна.
1.5. Шүүх хуралдааныг товгүйгээр явуулсан гэх тухайд:
Тус иргэний хэргийг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан шүүгч Д.З захиргааны чөлөөтэй байсны улмаар хойшлогдсон байна.
Ингээд шүүх хуралдааныг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдар товлосон байх ба тухайн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Э“эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг жич товлохоор хойшлогдсон.
2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч “шүүх бүрэлдэхүүнээс болон тус шүүхий бүх шүүгчээс татгалзах тухай” хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан хойшилж, Ерөнхий шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1../ЕШ2022/.....2 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлтийг, харин тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний мөн өдрийн 1../ЗТ2022/...7 дугаар тогтоолоор хүсэлтийг тус тус хангахаас татгалзсан байна.
2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч “шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай” хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан хойшлогдож, Ерөнхий шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1../ЕШ2022/...3 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан,
2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч “эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай” гаргасныг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан,
2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт гаргасныг хангасан,
2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1../ШЗ2023/...58 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, уг захирамжид гомдол гаргах эрхтэй тул тухайн өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан байна.
2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн гомдол шийдвэрлэх шүүх хуралдаан нэхэмжлэгчийн “хүндэтгэн үзэх шалтгаантайгаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт гаргасныг хангаж, гомдол шийдвэрлэх шүүх хуралдааныг хойшлуулсан,
2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч “эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай”, хариуцагч “Б” ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М “шүүх хуралдаан давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлтүүдийг тус тус гаргаж, хүсэлтүүдийг хангаснаар шүүх хуралдааныг хойшлуулсан,
2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн Монгол шуудангаар хүргүүлсэн “шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай” хүсэлтийг шийдвэрлэж, тухайн хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулсан байна. Түүний хүсэлтийг Ерөнхий шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 1../ЕШ2023/....41 дүгээр захирамжаар хангахаас татгалзсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлд заасан эрхээ эдэлж байсан нь дээрх шүүх хуралдаан хойшлуулсан шүүх хуралдаануудаас харагдаж байна.
Иймд нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцож байсан, мөн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдээр удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байсан болох нь сахилгын хэрэгт авагдсан шүүхийн тогтоолуудаар нотлогдож байх тул шүүгчийг шүүх хуралдааныг товгүйгээр явуулсан гэж үзэхгүй.
1.6. Бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцсон, тодорхой хэрэг маргааныг нэр заан хуваарилсан гэх тухайд:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т “энэ хуулийн 19.2.5-д заасан хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах”, энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д “тухайн шүүхийн нийт шүүгчдээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах асуудлыг хэлэлцэнэ” гэж тус тус заасан.
Маргаан бүхий иргэний хэрэг нь ....дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан шүүгч Д.З-д журмын дагуу хуваарилагдсан байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 213 дугаар зарлигаар шүүгч Д.З нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогджээ.
Тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1../ЗТ2022/...27 дугаар тогтоолоор шүүгч Д.З-ийн шийдвэрлээгүй үлдэгдэл 120 хэргийг бусад шүүгч нарт хуваарилсан байна.
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1../ЗТ2022/...50 дугаар тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ын 2.4-т зааснаар иргэн Ш.Э-ийн нэхэмжлэлтэй, “Б” ТӨХК, ...дүүргийн НДХ-ийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисст холбогдох иргэний хэрэг нь шүүгч Т.Г-т хуваарилагджээ.
Ш.Э-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.М, Л.Э нарын бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг Ерөнхий шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1../ЕШ2022/...61 дүгээр захирамжаар албажуулсан байна.
Дээрх шүүх бүрэлдэхүүний шүүгч нар ээлжийн амралттай байсан тул шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн шүүгч Д.Ц, Д.Я нарыг томилсон шийдвэрийг Ерөнхий шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1../ЕШ2022/..41 дүгээр захирамжаар албажуулжээ.
Улмаар шүүгч Д.Ц, Д.Я нарыг шүүх хуралдаан давхардсан гэх үндэслэлээр тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1../ЕШ2022/...51 дугаартай захирамжуудаар шүүх бүрэлдэхүүний шүүгчээр Н.С, Л.Э нарыг томилогдсон шийдвэрийг албажуулсан байна.
Ерөнхий шүүгч шүүх бүрэлдэхүүний шүүгч нарын ээлжийн амралттай байсан, шүүх хуралдаан давхардсан гэх үндэслэлүүдээр бүрэлдэхүүнийг өөрчилсөн болон холбогдох журмын дагуу шүүгч Д.З-д хуваарилагдсан хэрэг шүүгч Т.Г-т сугалаагаар хуваарилагдсаныг нэр заан хуваарилсан гэж үзэх үндэслэлгүй юм.
2. Ерөнхий шүүгч Ц.Ц-ын тухайд:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилах бөгөөд уг журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно”, 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэг “...шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчийн шүүгч болон шүүх бүрэлдэхүүнийг татгалзах татгалзлыг Ерөнхий шүүгч Ц.Ц шийдвэрлэж захирамж гаргасан нь дээрх хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн ажиллагаа болно.
... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1../ЗТ2023/...48 дугаар тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ын 2 дугаар зүйлийн 2.15-д “...шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шийтгэвэрт гаргасан гомдлыг Ерөнхий шүүгчид системээс гараар хуваарилна” гэж заасан.
Дээрх зохицуулалтын дагуу Ерөнхий шүүгч Ц.Ц нь Ш.Э-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай” хүсэлтийг шийдвэрлэхээс гадна шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг даргалсан байна.
Тодруулбал, Ш.Э нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах буюу нийгмийн даатгалын хэлтсийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээ болох 269.825.567 төгрөгийн хэмжээнд зогсоох болон хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар 24 сараар тогтоохыг даалгах, 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн актыг цуцлахыг даалгах зэрэг хүсэлтийг шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1../ШЗ2023/..58 дугаар захирамжаар хангахаас татгалзсан.
Дээрх шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт “шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр дараах байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана” гэж зааснаар Ерөнхий шүүгч Ц.Ц даргалж шүүгч Д.Г, Т.Э нарын бүрэлдэхүүнтэйгээр 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн гомдол шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэлэлцэн, 1../ШТ2023/...12 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээжээ.
Өөрөөр хэлбэл Ерөнхий шүүгч Ц.Ц шүүх бүрэлдэхүүнтэйгээр хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд шүүгчийн захирамжийг үндэслэлийг хэлэлцсэн байна.
Мөн Шүүхийн сахилгын хороонд шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хянах эрхийг хуулиар олгоогүй болно.
Түүнчлэн өргөдөл гаргагч Ш.Э-ийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн өргөдөлдөө хавсаргаж өгсөн 49 хуудас баримт, 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэмэлтээр өгсөн 82 хуудас баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт “бичмэл нотлох баримтыг Сахилгын хороонд эх хувиар нь, хэрэв тухайн баримтын эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэж заасан шаардлагыг хангаагүй байсныг дурдах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл иргэн Ш.Э-ийн өргөдөлд дурдсан үйл баримттай холбоотойгоор ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ц, шүүгч Т.Г, Н.С, Л.Э, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.З нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.6, 50.1.7, 50.1.23, 50.1.28, 50.1.31, 50.1.38 дахь хэсэгт заасан шүүгчид хориглосон зөрчил гаргасан нь сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.4, 112.6, 112.7, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ГС/2023/0069 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ....дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ц, шүүгч Т.Г, Н.С, Л.Э, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.З нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Б.СУГАР
Х.ХАШБААТАР