info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-09

Дугаар 42

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Н.С-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд:

"... Шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлж, хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хангах эсэх талаар захирамж гаргаж, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэр гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамжид хэргийн оролцогчийн хүсэлт, гомдлоор өөрчлөлт орсон, зарим хэсэг нь хүчингүй болсон буюу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн магадлалаар дээрх хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь шүүгчийг сахилгын хэрэг үйлдсэнд тооцож, хариуцлага оногдуулах үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, ... шүүхийн шүүгч Н.С- нь хэргийг хянан шийдвэрлэхдээ Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмээр хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр оруулав" гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

... шүүхийн шүүгч Н.С-д холбогдуулан Л Л-с гаргасан гомдолд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021.12.24-ний өдрийн 77 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ... шүүгч Н.С- нь "В" ХХК-ийн нэхэмжлэлтэй Т Ж" ХХК, "Т Ж" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л Л-д холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2018.11.28-ны өдөр "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай" 101/Ш32018/20136 дугаар захирамжийг гаргасан байна. Тус захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 1 дэх заалтаар "Хариуцагч "Т Ж" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь ... тоот данс болон "Т Ж" ХХК болон гүйцэтгэх захирал Л Л нарын арилжааны банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хязгаарлаж, 2 дахь заалтаар 2, 3, 7, 10, 12, 14, 19, 20, 22, 23, 24, 25, 43, 47, 51, 55, 57, 62, 66, 70, 69, 71, 73, 74, 76, 83, 91, 94, 95 тоот орон сууцууд болон мөн зоорийн давхрыг битүүмжилж, бусдад шилжүүлэхгүй, худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг хариуцагч "Т Ж" ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.

            Уг захирамжийг хариуцагчийн Л Л эс зөвшөөрч гаргасан гомдлыг ... шүүх 2018-12-20-ны  өдөр  хянан  хэлэлцэж 101/ШТ2018/00643 дугаар тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 2 дахь заалтад 3, 10, 14, 20 22, 23, 47, 51, 55, 57, 69, 73, 76, 83 гэснийг хасаж, өөрчлөлт оруулан захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.        

... шүүхийн 2019.06.03-ны өдрийн 101/ШШ2019/01652 дугаар нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх 2019.06.03-ны өдрийн 101/ШШ2019/01652 шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч төлөөлөгч Д.А давж заалдах гомдол гаргасныг ... шүүх 2019.08 23-ны өдөр хянан хэлэлцээд 1559 дугаар магадлалаар ... шүүхийн 2019.06.03-ны өдрийн 101/ШШ2019/01652 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.       Шүүгч Н.С- нь "В" ХХК-ийн нэхэмжлэлтэй "Т Ж" ХХК "Т Ж” ХХК-ны гүйцэтгэх захирал Л Л-д холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж захирамж, шийдвэр гаргасан байх бөгөөд шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэрийг гагцхүү хуульд заасан журмын дагуу давж заалдах болон хяналтын шатны шүүх хянах, хүчингүй болгох, өөрчлөх хууль зүйн зохицуулалттай.

Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзжээ.       

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112 1 112 12 112 2 дах

хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ... шүүхийн шүүгч Н.С-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч шүүгч Н.С- гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

З. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл  гаргагчийн  оршин  суугаа  газрын  эсхүл  ажлын  газрын  хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                        Б.СУГАР

ГИШҮҮН                                 Д.АРИУНТУЯА

                                                                         Д.МЯГМАРЦЭРЭН