МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-05-30
Дугаар 75
Улаанбаатар хот
Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ГНД/2023/0012 дугаар Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг гишүүн Ц.Давхарбаярын илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: “...Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан зөрчилд холбогдох Л.Д-ын хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ЕШЗ/1008 дугаар захирамжаар, шүүгч Г.Энхтунгалагийг томилжээ. Л.Д-д холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 16:00 цагт товлож, тухайн өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Зөрчлийн хэргийн хохирогч Г.З, Ц.Э нараас Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлийн үйл баримтыг шалгаж дүгнэвэл:
1. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Л.Д-д холбогдох зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаан 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 16:20 цагт эхэлсэн. Шүүх хуралдааны 2022-09-14-01.mp4 нэртэй дуу-дүрсний бичлэгийн 0:15:08 дахь хоромд Даргалагчаас зөрчилд холбогдогчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гарган өгсөн баримттай танилцаж байгаад босож, хэргийн оролцогч нарт ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр шүүх хуралдааны танхимаас гарч, зөвлөлдөх тасалгаа руу орж байна /Зөвлөлдөх тасалгааны хаалга жижиг завсартай, шүүгч зөвлөлдөх тасалгаанаас гадагш гарч байгаа нь харагдана/
0:19:15 дахь хоромд, шүүгч зөвлөлдөх тасалгаанаас шүүх хуралдааны танхимд орж ирэн даргалагчийн ширээнд сууна.
Шүүгч 0:15:08-0:19:15 хүртэл нийтдээ 4 минут 7 секунд шүүх хурлыг орхин гарсан, ингэхдээ ямар нэгэн тайлбар хэргийн оролцогч нарт хэлээгүй. Харин энэ үйл баримт шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шүүгчийн нийтлэг бүрэн эрхийг тусгасан 16 дугаар зүйлийн 16.1.1-д “шүүх хуралдааныг даргалах” гэжээ.
Шүүх хуралдаан төрийн нэрийн өмнөөс хийгддэг, дэс дараалал, дэг журамтай. Тиймээс ч хуульд, шүүх хуралдааныг Монгол Улсын төрийн сүлд, далбаа байрлуулсан танхимд явуулна, шүүгч, шүүх бүрэлдэхүүн танхимд орж ирэх, шүүхийн шийдвэр уншиж сонсгох үед шүүх хуралдааны танхимд байгаа хүмүүс бүгд босож, шүүхэд хүндэтгэл үзүүлнэ, шүүх хуралдаанд оролцогч шүүхэд хандаж үг хэлэх, мэдүүлэг өгөхдөө суудлаасаа босно гэж зохицуулсан. Гэтэл энэхүү төрийн нэрийн өмнөөс явагдаж байгаа шүүх хуралдаанд хэргийн оролцогчдод дэг сахиулж, тухайн дэг журмыг зөрчвөл арга хэмжээ авах эрхийг хэрэгжүүлдэг даргалагч шүүгч шүүх хуралдааны дундуур хурлаа орхин гарсан нь шүүх хурлыг даргалах үүргээ орхигдуулсан байх ба энэхүү үйлдэл илтэд санаатай ёс зүй, сахилгын зөрчил болно. Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгч хурлаа орхин гарч явсан уг үйлдэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой ...зөрчсөн үйлдэл” гаргажээ. Шүүгчийн хориглосон заалтыг зөрчсөн зөрчил ноцтой байх учиртай, хэдийгээр уг шүүх хурлыг орхин гарч явснаас болж хэргийн оролцогч нарт бодит хор хохирол учраагүй байж болох ч зөвхөн хуулийг удирдлага болгож ажиллах шүүгчийн гаргаж байгаа энэ алдаа бол түүний удирдаж, хяналтаа тавьж байгаа шүүх хуралдааны дараалал, дэг, журмаар явагдах баталгааны үзүүлэлт болох дэгээ зөрчсөн, шүүгчээс гаргах боломжгүй зөрчил учраас ноцтой гэж үзнэ.
2. Мөн бичлэгийн 0:36:50-0:40:26 дахь хором буюу хохирогч нарын өмгөөлөгч хэргээс нотлох баримт шинжлэн судлуулж байх үед шүүгч нөмрөгийн дотор талын халааснаас гар утсаа гаргаад “мэдээлэл уншиж байгаа мэт, зурвас бичиж буй мэт” үйлдэл хийж байгаа нь бичигджээ.
Тухайлбал, 0:36:55-0:40:24 хоромд нийт 3 мин 39 секунд, цаашлан 0:44:26-0:45:18 дахь хоромд давтан дээрх үйлдлийг 49 секундийн хугацаанд хийнэ.
Бичлэгийн 0:48:34-0:48:45 дахь хором буюу 9 секундийн турш даргалагч шүүгч “мэдээлэл уншиж буй мэтээр” утсаа хэрэглээд, 0:50:29:0:50:34 дэх хэсэгт ширээн дээрээс утсаа авч буцаагаад нөмрөгийн дотор талын халаасандаа хийж байна.
Өргөдөлд “...Холбогдогчийн өмгөөлөгч О энэ бичлэгт харагдахгүй байгаа боловч хохирогч бидний өмгөөлөгч С-ыг үг хэлж байх явцад шүүгч Г.Энхтунгалаг нь хээв нэг хэлж ярьж байгаа үгийг нь тоосон шинжгүй утас руугаа хамаг анхаарал нь орж, мессеж бичиж байхад холбогдогчийн өмгөөлөгч О мөн адил утсаа оролдон юм бичиж байсныг харахад шүүгч Энхтунгалаг өмгөөлөгч О-тэй харьцаж байсан болж таараад байгаа юм...” гэжээ.
Шүүх хуралдаан даргалагч шүүгч нь зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад, хохирогчийн өмгөөлөгч нотлох баримт шинжлэн судлуулах үед гар утас хэрэглэсэн, гар утас хэрэглэж байгаагаар нь хэн нэгэнтэй зурвас бичиж харьцсан гэх байдал тогтоогдоно. Харин, шүүх хуралдааны бичлэгт холбогдогч Л.Д-ын өмгөөлөгч нь ороогүй /харагдахгүй/ байх ба “Мобиком корпораци” ХХК сүүлийн 3 сараас өмнөх хугацааны гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалтыг шалгах боломжгүй гэж албан бичгээр /сх 45 дахь тал/ хариу өгсөн учраас дээрх этгээдүүд хоорондоо харьцсан эсэхийг шалгах боломжгүй байна. Хэрэг маргааныг эрх зүйгээр зөв үндэслэлтэй шийдвэрлэх гэж байгаа шүүгчийн зохисгүй аливаа үйлдэл, биеэ авч явж байгаа байдал хэргийн оролцогчдод түүнийг хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт нь эргэлзэхэд хүргэх төдийгүй шүүх, шүүгчийн нэр хүндийг бууруулж, сэжиг, хардлага төрүүлнэ. Тиймээс шүүгч зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандсан хэргийн оролцогчдод шүүгчийн хараат бус байдалд бүрэн итгэлтэй байхуйцаар биеэ авч явах, түүнийгээ өөрийн үйлдлээр харуулах нь чухал байдаг. Гэтэл үүний эсрэг шүүх хуралдаанд гар утсаараа зурвас бичиж, өөр зүйл хийсэн нь зөрчлийн хэргийн талд тухайн шүүгчийн талаарх хандлага өөрчлөгдөх, хардлага төрөх нөхцөлийг бүрдүүлсэн зөрчил гаргасан болох нь тогтоогдож байна. Энэ үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.34-т заасан “шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулах” гэх хориглосон заалтад хамаарна.
3. Тус шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт хийсэн үзлэг, тэмдэглэлээр, 2022-09-14-02.mp4 нэртэй хэсэг хохирогч нарын өмгөөлөгчийн асуултаар үргэлжлэх ба 0:00:12-0:00:33 дахь хэсэгт Э өмгөөлөгчийн асуусан асуултад “...эдийн засгийн талаар хараат байдаг. Дэлгүүрт хүнсээ цуглуулах гээд яваад ороход...” гэж хариулж байх явцад Даргалагчаас энэ асуудал энэ хэрэгт ямар хамааралтай вэ гээд яриаг нь тасална.
Мөн 0:05:22-0:07-32 дахь хэсэгт холбогдогчийн өмгөөлөгч О хохирогч Г.З-ээс асуулт асууж, хариулж байхад нь 0:07:33-0:07:43 дахь хэсэгт Даргалагчаас: Асуултын дагуу хариулна гээд яриаг нь таслав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт ач холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна” гэж заажээ. Шүүх хуралдааны энэхүү үйл явцыг өргөдлийн агуулгаар хянан үзвэл, дээрх хуулийн заалтын хүрээнд даргалагч хохирогчийг асуултын дагуу хариулахыг чиглүүлсэн, мөн өмгөөлөгч хохирогчоос асуулт асууж хариулах үед хэрэгт ямар ач холбогдолтой болохыг тодруулсан гэж үзэхээр байна.
Шүүх хуралдаан даргалагч “Хүн гүтгэх хуультай, та үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэдгийг сануулсан”, “Ямар түрэмгий улс вэ? Хурал явуулахгүй орилоод хашхиралдаад байх юм” гэж хуралдааны явцад хэлжээ. Бичлэгт оролцогч нар орилж, хашхирсан зүйл харагдахгүй байх боловч хохирогч нарын яриаг сонсоход зогсолтгүй ар араас давхцуулж ярих байдалтай байсан, үүнтэй холбож “Ямар түрэмгий улс вэ? Хурал явуулахгүй орилоод хашхиралдаад байх юм” гэж хэлсэн гэж үзэхээр байна. Түүнчлэн зөрчлийн хэрэг нь орон байранд хэрүүл маргаан үүсгэж, амгалан тайван байдал алдагдуулсан гэх агуулгатай гэр бүлийн гишүүдийн хоорондын маргаан учраас хоорондоо маргасан муудалцсан хүмүүст үнэн зөв ярихыг сануулан, хүн гүтгэх хуультай гэж хэлснийг нь зөрчил гэж үзэх үндэслэлгүй байх тул өргөдлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна. Гэхдээ хөндлөнгийн байр сууринаас хэрэг маргаан шийдвэрлэх шүүгч нь хэлж ярих үгээ зөв сонгож, хэргийн аль нэг талын эрх ашиг, сэтгэл санааг хөндөх агуулгатай зүйл хэлэхээс зайлсхийх ёстой гэдгийг цаашид анхаарах нь зүйтэй.
4. Өргөдөл гаргагч 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нэмэлт өргөдөл ирүүлсэн. Түүндээ: Өргөдлийн 1 дэх хэсэгт, энэхүү зөрчлийн хэргийг шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгч гарч яваад ирэхдээ “...нэлээд аахилсан, яарсан, сандарсан байдалтай амьсгаагаа дарж чадахгүй давхацсан хоолойгоор ярьж...” гээд шүүхийн бүх давхрын бичлэгийг гаргуулж, шүүж, хэнтэй ямар зорилгоор, хаана уулзаж, хэний нөлөөнд орсныг илрүүлэх шаардлагатай гэж хүсэлт гаргасан.
Уг хүсэлтийн дагуу Орхон аймгийн шүүхийн Тамгын газраас 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн бичлэг гаргуулах захирамж гаргасан, тус Тамгын газрын 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 184 дүгээр албан тоотоор “... шүүхийн тамгын газрын байрны орох гарах гарц, бүх давхруудын бичлэг нь 14 хоногийн хугацаатай хадгалагддаг, серверт архивлагддаггүй тул ...бичлэг хүргүүлэх боломжгүй” гэж хариу ирүүлсэн болно. Өргөдлийн 2 дахь хэсэг нь прокурор, 4 дэх хэсэг цагдаагийн байгууллагын ажилтантай, 5 дахь хэсгийн дунд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай холбоотой агуулга тусгагдсан байх ба Шүүхийн сахилгын хороо зөвхөн шүүгчид хамааралтай түүний сахилгын зөрчил гаргасан эсэх асуудлыг хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй байгууллага учраас эдгээр нь тухайн чиг үүрэгт хамааралгүй байгааг дурдах нь зүйтэй. Өргөдлийн 3 дахь хэсэгт, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримттай холбогдуулан, шүүхийн шийтгэвэрт тусгаагүй гэх агуулгаар шүүгчийг буруутгасан байна.
Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ”Шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж заажээ. Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийтгэвэртээ ямар нотлох баримтыг үндэслэл болгох нь анхан шатны шүүхийн буюу тухайн шүүгчийн бүрэн эрх учраас үүнийг сахилгын зөрчил гэж үзэхгүй. Нөгөө талаар, анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой алдаа, хуулийн хэрэглээтэй холбогдуулж давж заалдах гомдол гаргах эрхтэй ба энэ талаар Зөрчлийн тухай хуулийн 8.2 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл эрх бүхий албан тушаалтан, оролцогч гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болно”, 7 дахь хэсэгт “Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан гомдол, эсэргүүцлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд заасан журмаар гаргана” 8 дахь хэсэгт “Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна” гэж тус тус заажээ. Орхон аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 670 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч, хохирогч нараас гомдол гаргасан, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 2022/ДШМ3/28 дугаар магадлалаа шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Өргөдөлд, “...шударга бус холбогдогч Д-ын талыг барьсан хандлагатай буруугүй гэсэн шийдвэр нь 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2 ноцтой гэмт хэрэг үйлдэгдэх, эх үүсвэрийг, ул суурийг тавьсан...” гэжээ.
Шүүх эрх мэдлийн хүрээнд хэрэг маргааныг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдэх нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын зарчмын хэрэгжилт тул тухайн зөрчлийг хэргийг шийдвэрлэсэн, түүний дараа өөр бусад хэрэг үйлдэгдсэн зэрэгт шүүгчийн буруутгах үндэслэлгүй болно.
5. Сахилгын хэрэг шалгах ажиллагааны хүрээнд Орхон аймгийн шүүхийн тамгын газраас шүүгчийн албажуулсан баримт, зөрчлийг хэргийг хүлээн авсан бүртгэлийн дэвтрийн хуулбар, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудыг гаргуулан авсан. Гэтэл шүүгчийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж нь 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гарсан, харин хэргийг тус шүүх 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсан, А шүүгч хэрэг хүлээн авч байхад зөвхөн Д-д холбогдох зөрчлийн хэргийн шүүгч Энхтунгалаг 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авсан нь эдгээр баримтуудаас харагдана. Иймд үүнийг тодруулах үүднээс, тус шүүхэд “Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”, шүүгч нарын ээлжийн амралтын хуваарь зэргийг нотлох баримтаар гаргуулан авч шалгасан. Журамд, зөрчлийн хэргийг 7 хоногийн хугацаатай, журамд заасан шүүгч нарын нэрсийн дарааллаар хуваарилахаар заасан байна. Орхон аймгийн шүүхийн тамгын газрын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 178 дугаар албан тоотод, “тус шүүх зөрчлийн хэргийг дардас дарж хүлээн авдаггүй, цагдаагийн байгууллагаас ирүүлсэн албан бичгээр хэргийг хүлээн авч, тус өдрөө хэргийн бүртгэл хяналтын системд бүртгэж хүлээн авах ажиллагааг хийдэг...” гэжээ. Үүний дагуу эрүүгийн хэргийн цахим системийн бүртгэл, түүнд байгаа ажиллагааг хуулбарлаж авч үзсэнээр, Орхон аймаг дахь Цагдаагийн газраас шилжүүлсэн зөрчлийн хэргийг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсан нь цахим бүртгэлээс харагдана. Тиймээс шүүх хуралдаан даргалагч шүүгчийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гарчээ.
Харин “Прокуророос шилжүүлсэн зөрчлийн хэрэг, оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлт хүлээн авсан бүртгэл” гэх дэвтэрт, шийдвэрлэсэн хэргийг бүртгэдэг болох нь тогтоогдсон. Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр дээрх хэргийг хэлэлцэн, зөрчилд холбогдогчоос гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулан, 9 дүгээр сарын 14-ний өдөр товлосон байна. Үүгээр зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй болно. Эцэст нь Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалагийн дээрх дүгнэсэн үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой... зөрчсөн үйлдэл гаргах”, 50.1.34-т заасан “шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулах” гэх шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
Холбогдох шүүгч Г.Энхтунгалаг тайлбартаа: “...Миний хувьд Улаанбаатар хотын иргэн бөгөөд 2021 оны 3 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдож, өөр шүүхээс шилжин ирээд ажиллаж байна. Тухайн өдөр хянан шийдвэрлэсэн Л.Д-д холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдаан 16 цаг 20 минутад эхэлж ажлын цаг дууссаны дараа буюу оройн 19 цаг 50 минут хүртэл үргэлжилсэн бөгөөд 18 цаг 00 минутад тардаг 2 дугаар ангид сурдаг охиноо сургуулиас нь авч чадахгүй нөхцөл байдал үүссэнийг тооцоолж, шүүх хуралдааны үед талуудаас шинээр гаргасан баримтуудтай прокурор, оролцогч нар танилцаж байхад арга буюу шүүх хуралдааны танхимаас гарч хүүхдийнхээ багштай холбогдсон боловч шүүх хуралдааны үед багш нь мессеж бичсэн тул хариу өгч, мессежээр харилцсан байдлаа миний хувьд үгүйсгэхгүй, үүндээ ч хариуцлага хүлээхэд бэлэн байна. /8 настай эмэгтэй хүүхэд оройн цагаар ганцаараа гадаа үлдэх болсон үед ямар ч эх хүн багштай нь холбогдохыг хүсэх байх/ Харин шүүх хуралдааны танхимаас гарч хүнтэй уулзаж, авлига авсан гэх асуудал огт байхгүй бөгөөд миний гар утас дээр Орхон аймгийн өмгөөлөгч нарын утас хадгалагдаагүй, мөн би тэдний утасны дугаарыг мэдэхгүй, тэдэнтэй ямар нэгэн байдлаар утсаар болон биечлэн, ганцаарчлан уулзаж холбогдож байгаагүйг энэ орон нутгийн бүх өмгөөлөгч нар нотолно, би өөрийн гар утсандаа үзлэг хийлгэсэн ч болно.
Би Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль төгсөөд шүүхийн байгууллагад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр ажилласан, одоо шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд өөрийн зам мөр, хувийн амьдралдаа сэтгэл хангалуун амьдарч байгаа, бусдаас илүү баян чинээлэг биш ч, боломжийн сайхан амьдардаг, энэ орон нутагт миний ах дүү, найз нөхөд байхгүй, цоо шинэ орчинд амьдарч байгаагаас гадна хүн амьтнаас хээл, хахууль аваад байх ч шаардлага байхгүй, миний хүүхдүүд АНУ-д ажиллаж амьдардаг шаардлага гарвал тэднээсээ мөнгө авах боломжтой гэдгээ энэ дашрамд илэрхийлэх нь зөв болов уу. Би шүүгчийнхээ ажил үүргээ үнэнч, шударгаар гүйцэтгэж өөрт хуваарилагдсан ямар ч хэргийг шударгаар шийдвэрлэдэг бөгөөд Г.З, Ц.Э нарын хохирогчоор оролцсон Л.Д-д холбогдох зөрчлийн хэргийг мөн адил шударгаар шийдвэрлэсэн бөгөөд миний гаргасан шийдвэрийг давж заалдах шатны шүүх хянаад шийтгэврийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно. Миний хувьд өөрийн хянан шийдвэрлэсэн зөрчлийн энэ хэргийн холбогдогч н.Д-ыг мөн хохирогч нарыг танихгүй, мэдэхгүй, таних ч шаардлага байхгүй. Эдгээр хүмүүсийн зөрчлийн хэргийг шударгаар, мөн холбогдох хуульд заасны дагуу шийдвэрлэсэн бөгөөд миний шийдвэрийг давж заалдах шатын шүүх хянасан магадлал хэрэгт авагдсан байна. Шүүхийн шийдвэр заавал хэн нэгэнд таалагдах албагүй бөгөөд шүүх хэн нэгнээс айж шийдвэр гаргадаггүй болно. Надад өөр нэмж тайлбарлах зүйл байхгүй бөгөөд би шүүгчийнхээ ажил үүргээ үнэнч, шударгаар гүйцэтгэж өөрт хуваарилагдсан ямар ч хэргийг шударгаар шийдвэрлэдэг, Г.З, Ц.Э нарын хохирогчоор оролцсон Л.Д-д холбогдох зөрчлийн хэргийг мөн адил шударгаар шийдвэрлэсэн гэдгээ энэ дашрамд илэрхийлье” гэжээ.
Иргэн Г.З, Ц.Э нараас 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гаргасан өргөдлийг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр хүлээн авч, 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ГЗҮ/2023/0039 дүгээр гишүүний захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагаа явуулсан байна.
Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ЕШЗ/1008 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6, Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, 17.3, тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 9 дугаар тогтоолоор баталсан “Хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах” журмын 3.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээж ирүүлсэн Л.Д-д холбогдох ... тоот хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Г.Энхтунгалагийг томилсон шийдвэрийг албажуулжээ. /сахилгын хэргийн 23/
Тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар дээрх зөрчлийн хэргийг хянан хэлэлцэж, 2022/ЗШ/670 дугаар шийтгэврээр Л.Д-д холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Уг шийтгэврийг эс зөвшөөрч хохирогч Ц.Э, Г.З, тэдгээрийн өмгөөлөгч О.С нар давж заалдах журмаар гомдол гаргаж, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ДШМ/28 дугаар магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /сахилгын хэргийн 68-73/
Нэг. Шүүх хуралдаан эхэлсний дараа шүүгч шүүх хуралдааны дундуур 4 минут 13 секунд гарч явсан нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн байна.
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Л.Д-д холбогдох зөрчлийн хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхтунгалаг даргалж, шүүх хуралдаанд прокурор Л.О, хохирогч Л.З, Ц.Э, тэдний өмгөөлөгч О.С, зөрчилд холбогдогч Л.Д, түүний өмгөөлөгч Б.О нар оролцсон болох нь мөн өдрийн 2022/ЗШ/670 дугаар шийтгэвэр, шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэгээр тогтоогдож байна.
Тус шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг бичигдсэн 2022-09-14-01.mp4 нэртэй бичлэгийн 0:15:08-0:19:15 минутад, Даргалагч зөрчилд холбогдогчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн баримттай танилцаж байгаад босож, хэргийн оролцогч нарт ямар нэгэн зүйл хэлэлгүйгээр шүүх хуралдааны танхимаас гарч, зөвлөлдөх тасалгаа руу орж, гадагш гарч байгаа нь харагдаж байна. Ингээд 4 минут 7 секундийн хугацаа өнгөрсний дараа шүүгч зөвлөлдөх тасалгаанаас шүүх хуралдааны танхимд орж, даргалагчийн ширээнд сууж байгаа нь бичигджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35 дугаар бүлэгт шүүх хуралдаан явуулах ерөнхий нөхцөл, дарааллыг хуульчилсан. Мөн зүйлийн 34.3 дугаар зүйлийн 1-д “Шүүх хуралдааныг өдрийн цагаар явуулах ба амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна” гэж, 34.15-т шүүх хуралдааныг дараах үндэслэлээр тодорхой хугацаагаар завсарлуулж болно. Үүнд ажлын цаг дууссан, төлөөлөн мэтгэлцэж байгаа улсын яллагч бусад улсын яллагчтай, өмгөөлөгч бусад өмгөөлөгчтэй зөвлөлдөх тухай хүсэлт гаргасан, энэ хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу санал, хүсэлт гаргасан, бусад хүндэтгэн үзэх шалтгаан байгаа бол гэх үндэслэлүүдийг заасан байна.
Шүүгч Г.Энхтунгалаг нь дээрх зөрчлийн хэргийн шүүх хуралдааныг даргалах явцдаа шүүх хуралдааныг завсарлуулалгүйгээр, 4 минут 7 секундийн хугацаанд хуралдааны танхимыг орхин гарсан үйлдэл нь шүүх хуралдааныг тасралтгүй явуулахаар заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн байх тул түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчил гаргасанд тооцно. Хуулийн илт тодорхой заалт гэдэг нь хуульд тодорхой тусгагдсан байх ба өөрөөр тайлбарлан хэрэглэх боломжгүй байхыг ойлгоно. Шүүгч Г.Энхтунгалагийн тайлбарт дурдсан нөхцөл байдал нь нь хүндэтгэн үзэх шалтгаан болохыг үгүйсгэхгүй боловч хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх явуулах үндэслэл болохгүй.
Холбогдох шүүгч нь зөрчлийн хэргийн шүүх хуралдааныг даргалж, шийдвэр гаргасан үйл баримт нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдсон тул шүүгч шүүх хуралдааныг даргалах үүргээ зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй ба харин шүүгч шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр завсарлуулалгүй шүүх хуралдааны танхимаас түр гарсан үйл баримт нь шүүх хуралдааныг тасралтгүй явуулах гэсэн хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөнд тооцогдох тул илтгэгч гишүүний нотлох дүгнэлтэд дурдсан зөрчлийн үндэслэлийг өөрчлөх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Хоёр. Шүүгч шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэсэн нь сахилгын зөрчилд тооцох үндэслэл болно.
Дээрх 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг бичигдсэн 2022-09-14-02.mp4 нэртэй бичлэгийн 0:36:55-0:40:24, 0:44:26-0:45:18, 0:48:34-0:48:45 минутад шүүгч Г.Энхтунгалаг 3 удаагийн үйлдлээр, нийт 4 минут 37 секундийн турш шүүх хуралдааны явцад гар утсаа ашигласан болох нь бичигдсэн байна.
Энэ талаар шүүгч “...шүүх хуралдааны үед миний 8 настай охины багш зурвас бичсэн тул хариу өгч, зурвасаар харилцсан байдлаа үгүйсгэхгүй, үүндээ ч хариуцлага хүлээхэд бэлэн” гэх тайлбарыг ирүүлжээ. Шалгах ажиллагааны явцад 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ГЗБ/2023/0200 дугаар гишүүний захирамжаар холбогдох дугаарын гадагшаа залгасан болон гаднаас ирсэн дуудлага, зурвасын жагсаалтыг ирүүлэхийг “Мобиком корпораци” ХХК-д даалгасан боловч “Мобиком корпораци” ХХК-аас 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 4/2780 дугаар албан бичгээр “...техникийн нөхцөл байдлын улмаас мэдээллийг гаргаж өгөх боломжгүй” талаарх хариуг ирүүлсэн байна. /сахилгын хэргийн 17, 45/
Ийнхүү шүүгч шүүх хуралдааны явцад хэрэгт хамааралгүй шалтгаанаар гар утас хэрэглэсэн үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.34-т заасан хориглосон заалтад хамаарах тул илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй.
Гурав. Шүүх хуралдааны явцад шүүгч хэргийн оролцогч нарт үнэн зөв ярихыг сануулан, хүн гүтгэх хуультай гэж хэлсэн нь сахилгын зөрчилд тооцох үндэслэлгүй гэсэн гишүүний санал зөв.
Дээрх 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг бичигдсэн 2022-09-14-02.mp4 нэртэй бичлэгийн 0:12:47-0:12:52 минутад, Даргалагчаас: Хохирогч Г.З даргалагчтай давхардаж ярих үед даргалагчаас алх цохиж би энэ хэргийг шийдэхээ болих юм уу, та 2 хашхираад байх юм. Ямар учиртай юм бэ гэж, 0:13:13-0:13:18 минутад, Даргалагчаас: Хүн гүтгэх хуультай, та үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй гэдгийг сануулсан болох нь бичигдсэн байх боловч хэргийн оролцогчтой зүй бус харьцсан гэх байдал тогтоогдохгүй байна.
Дөрөв. Өргөдөлд, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтыг шүүхийн шийтгэвэрт тусгаагүй гэх агуулгаар шүүгчийг буруутгасан нь үндэслэлгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд шүүхийн шийтгэвэрт ямар нотлох баримтыг хэрхэн үнэлж, үндэслэл болгох нь шүүгчийн бүрэн эрх хэмжээний асуудал тул сахилгын зөрчилд тооцох үндэслэл болохгүй.
Түүнчлэн, шүүгч нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж өргөдөлд дурджээ.
Дээрх шүүхийн шийтгэврийг хохирогч тал эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ДШМ3/28 дугаар магадлалаар шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Нөгөө талаас, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно” гэж заасан.
Шүүгч Г.Энхтунгалаг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж дээрх зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн нь шүүгчийн буруутгах үндэслэл болохгүй.
Тав. Өргөдөлд, шүүгч хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явуулаагүй талаар дурджээ.
Сахилгын хэрэгт цугласан баримтаар, Орхон аймаг дахь цагдаагийн газраас дээрх зөрчлийн хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 5940 дүгээр албан бичгээр Орхон аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр эрүүгийн хэргийн цахим системийн бүртгэлд тус хэргийг бүртгэж, шүүх хэргийг хүлээн авсан болох нь тогтоогдож байна.
Тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ЕШЗ/1008 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар дээрх зөрчлийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Г.Энхтунгалагийг томилсон шийдвэрийг албажуулж, мөн өдрөө тус зөрчлийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан хийсэн боловч зөрчилд холбогдогч Л.Д өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу шүүх хүсэлтийг хангаж, хуралдааныг 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хойшлуулжээ. Шүүгч Г.Энхтунгалагийг зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан гэх байдал сахилгын хэрэгт цугласан баримтаар тогтоогдохгүй байна. Мөн шалгах ажиллагааны явцад 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ГЗБ/2023/0300 дугаар гишүүний захирамжаар Орхон аймгийн шүүхийн Тамгын газраас 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн тус шүүхийн байрны бүх давхрын бичлэгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тус тамгын газрын 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 184 дүгээр албан тоотоор “...шүүхийн тамгын газрын байрны орох гарах гарц, бүх давхруудын бичлэг нь 14 хоногийн хугацаатай хадгалагддаг, серверт архивлагддаггүй тул ...бичлэг хүргүүлэх боломжгүй” гэх хариуг ирүүлсэн байна. Шүүгч гарч яваад бусадтай харилцаж нөлөөнд орсон гэх байдал шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй байна.
Иймд Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.3 дугаар зүйлд заасан “шүүх хуралдааныг тасралтгүй явуулах” хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн, шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэсэн үйлдэл нь шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн байх тул шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ГНД/2023/0012 дугаар нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 50.1.34-т заасан зөрчлийг гаргасанд тооцох үндэслэлтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна.” гэж зохицуулсан ба мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1-д “...энэ хуулийн 50.1.34-д заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах”, 57.1.7-д “...энэ хуулийн 50.1.23-д заасан зөрчилд хаалттай сануулах, эсхүл нээлттэй сануулах, эсхүл цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, эсхүл шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах, эсхүл огцруулах” шийтгэл оногдуулна гэж заасан.
Иймд шүүгч Г.Энхтунгалагийн хуулийн илт тодорхой заалт ноцтой зөрчсөн үйлдэлд цалингийн хэмжээг гурван сараар 20 хувиар бууруулах, шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэсэн үйлдэлд нь нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 50.1.34, 57 дугаар зүйлийн 57.1.1, 57.1.7-д тус тус зааснаар Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалагт цалингийн хэмжээг гурван сараар 20 хувиар бууруулах болон нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулсугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Д.МЯГМАРЦЭРЭН
Д.ЭРДЭНЭЧУЛУУН