info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-05-16

Дугаар 71

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ГС/2023/0057 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “...Д.Л, А.Э нараас ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.О-д  холбогдуулан “...Шүүх хуралдаан бүтэн 4 цаг гаруй үргэлжилсний эцэст шүүгч "Энэ татгалзал дээр Б.О-ыг нэмж бич" гэж хэлээд “Г У сан”-г татгалзсан бичиг дээр нэмж бичүүлсэн. Энэ үйлдэл нь шүүгч нэхэмжлэгчийг нэхэмжлэлээс татгалз гэж шаардан бичүүлсэн ёс зүйн ноцтой зөрчил, шүүх хуралдаан үргэлжлээд 4 цаг өнгөрсний дараа нэмж хүсэлт бичүүлдэг нь хүсэлт шийдэх үе нь 4 цагийн өмнө болоод өнгөрсөн байхад гаргасан энэ үйлдэл нь процессын зөрчил, Б.О  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тайлбараа бичгээр өгсөн, ...хуульд зааснаар зөвшөөрлийг баталдаг байхад шүүгч татгалзуулдаг нь хууль бус юм” гэх агуулга бүхий мэдээлэл гаргажээ. Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн .../ЕШЗ2022/00351 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар Б.Б-ын нэхэмжлэлтэй Б.О, “Г У сан” НҮТББ, Г У дээд сургуульд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар О.О шүүгчийг томилсон шийдвэрийг албажуулсан байна. Үүний дагуу шүүгч О.О нь тус хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх бөгөөд  2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн .../ШШ2022/02460 дугаар шүүхийн шийдвэрээр үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Б-ы, хариуцагч Б.О, “Г У их сургууль холбоо” БСБ-д холбогдох хоёр ширхэг автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, мөн “Г У сан” ТББ, Б.О  нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.Б  тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л-ын “Б миний бие нь “Г У сан”-г хариуцагчаас татгалзаж байна. 2 машины зогсоол авах шаардлагаас татгалзаж байна. Б.О-ыг хариуцагчаас чөлөөлж байна” гэх хүсэлтийг бичгээр 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргаж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байна. Тус хэргийг хянан шийдвэрлэсэн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийхэд NVR_ch4_main_20221101164720 _20221101180000 гэх нэртэй шүүх хуралдааны бичлэгийн 05:00-08:45 Даргалагчаас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна уу гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Бусад шаардлагаа дэмжихгүй байгаагаа илэрхийлэв. 12:09-12-11 Даргалагч шүүгчээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хандаж гарааштай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнөө бичиж өгнө гэдгийг сануулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “за” гэв.

NVR_ch4_main_20221101200600_20221101210000 гэх нэртэй шүүх хуралдааны бичлэгийн 24:28 секундээс Нэхэмжлэгч талд хандан нэхэмжлэлийн шаардлагаа бичнэ. Хоёр машины гараашнаас татгалзсан. О-оос ямар нэгэн зүйл шаардахгүй гэснээ бич гэж хэлэв. Хуралдааны нарийн бичгийн дарга нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид цаасыг өгөв. 25:00 секундээс эхлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нь цаасан дээр юм бичиж байгаа нь шүүх хуралдааны танхимын шилэн хаалтад ойн харагдаж байв. 33:13 секундэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч юм бичиж байсан цаасаа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ээр дамжуулан шүүх хуралдааны нарийн бичгийн даргад өгөв. Нарийн бичгийн дарга тус цаасыг шүүгчид дамжуулан өгөв. 33:49 шүүгч цаасыг авч уншаад О-оо үлдээчихэж гэж хэлэн нарийн бичигт цаасаа өгөв. Нарийн бичгийн дарга тус цаасыг буцаан өгөхөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн цаас дээр юм бичиж байгаа нь шүүх хуралдааны танхимын шилэн хаалтад ойн харагдаж байв.  34:49 бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э цаасыг буцаан нарийн бичгийн даргаар шүүгчид дамжуулан өгүүлж байгаа нь шүүх хуралдааны бичлэгт авагдсан байна.

Дээрх шүүх хуралдааны бичлэгээс үзвэл шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нь 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа, бусад шаардлагаа дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн, тодруулбал “Г У” дээд сургууль болон Б.О нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж, бусад шаардлагаа дэмжихгүй гэх тайлбарыг гаргасан. Ингээд нотлох баримт шинжлэн судлах үед шүүгчээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л-ыг шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай нь холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Б.О ,” Г У сан”-гаас татгалзаж байгаа хүсэлтээ бичиж өгөхийг сануулсны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтээ бичгээр гаргаж өгч байгаа нь хуралдааны бичлэгт авагдсан байна. Харин шүүгчээс хуралдааны дундуур гэнэт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шаардлагаасаа татгалз, татгалзлаа бич гэх зэргээр шаардан хүсэлт бичүүлсэн гэх мэдээлэл тогтоогдоогүй болно.

Хэдийгээр хариуцагч Б.О  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч нэхэмжлэгчээс түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Б.О-д хамаарна гэж шүүх хуралдаанд тайлбар гаргасан тул Б.О-ын зөвшөөрлийг шүүхээс батлах боломжгүй байсныг дурдах нь зүйтэй. Иймд шүүгчийг “шүүх хуралдаан үргэлжлээд 4 цаг өнгөрсний дараа нэмж хүсэлт бичүүлсэн, хариуцагч Б.О  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байхад зөвшөөрлийг батлаагүй” гэх үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй. Мөн мэдээлэл гаргагч “...Шүүгч О.О компьютерын инженерт даалгавар өгч "Энэ татгалзал дээр Б.О-ыг нэмж бич" гэсэн хэсгийг бичлэгээс хассан байсан ба хожим нь зарга хийж байж хассан хэсгийг бичлэгт оруулсан” гэсэн байна. Шалгах ажиллагааны хүрээнд Б.Б-ы нэхэмжлэлтэй Б.О, Б.О , “Г У сан” НҮТББ, Г У дээд сургуульд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийх ажиллагааг явуулсан. Тухайн шүүх хуралдаан нь  05 цаг 21 минут 02  секунд үргэлжилсэн байх ба бичлэг нь 7 тасарч бичигджээ. Тус 7 тасарч бичигдсэн шүүх хуралдааны бичлэг нь эхэлсэн болон дууссан цаг, минут, секундээрээ нэрлэгдэн хадгалагдсан байх ба уг хуралдааны бичлэг нь нэг цаг (01:00:00) бичигдээд тасарч дахин өөр бичлэг болон хураагдсан байгааг шүүх хуралдааны бичлэгүүдээс харах боломжтой.

Мөн тус бичлэгүүдийн тасарч байгаа хэсэг нь дараагийн хэсгийн эхлэлтэй болон шүүх хуралдааны бичлэгийн зүүн дээд талд байх цагтай таарч байх тул шүүх хуралдааны бичлэг хасагдсан гэх баримт тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ...шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулах” гэж заасан. Түүнчлэн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүх хуралдааны дууны, дуу-дүрсний бичлэг хийх, архивлах ажлыг зохион байгуулах журам”-ын 3.4.6-т “Мэргэжилтэн файлыг серверийн хатуу дискт байрлан шүүх хуралдааны бичлэг хатуу дискийн багтаамжийн хэмжээнээс хамааран нөөц зөөврийн хатуу дискт зохих хугацаанд хуулбарлаж, огнооны дарааллаар хавтас үүсгэн хадгална” гэж заасны дагуу шүүх хуралдааны бичлэгийг хадгалах үүргийг шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн хариуцан ажиллах бөгөөд уг үйл ажиллагаанд Шүүхийн Тамгын газрын дарга хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэхээр байна. Шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Т “... Шүүгч надад даалгавар өгөөгүй. ...Тухайн шүүх хуралдааны танхимд хяналтын камерын NVR төхөөрөмж байдаг. Тухайн төхөөрөмжөөс шүүх хуралдааны бичлэгийг засах боломжгүй, NVR төхөөрөмж нь нэг цаг болоод бичлэгээ зогсоож дараагийн бичлэгийг эхлүүлдэг. ... хэргийн оролцогч нараас хурлын бичлэгтэй танилцсан. Бичлэгээс хасагдсан байна гэх гомдол гаргаж байгаагүй” гэж мэдүүлэг өгсөн бөгөөд шүүх хуралдааны бичлэгээс шүүгчийн “О-ыг нэм” гэж хэлсэн хэсгийг хасуулахаар мэдээлэл технологийн мэргэжилтэнд даалгавар өгсөн гэх мэдээлэл нь үндэслэлгүй байна. Дээрхээс нэгтгэн үзвэл ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.О-ийг  хүсэлт шийдвэрлэх үе шат өнгөрсний дараа хуралдаан үргэлжилж байхад нэмж хүсэлт бичүүлж авсан, хариуцагч Б.О  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байхад зөвшөөрлийг батлаагүй, шүүх хуралдааны бичлэгээс  “Энэ татгалзал дээр О-ыг нэмж бич" гэсэн хэсгийг хасуулсан гэх мэдээлэл нь үндэслэлгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

 

Шүүгч О.О тайлбартаа: “...1. Б.Б ы нэхэмжлэлтэй “Г У сан" НҮТББ," Г У их сургууль холбоо" БСБ, Б.О, Б.О  нарт холбогдох хэргийг тус шүүх 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, хянан шийдвэрлэсэн. Уг хэргийг анх тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн .../ШШ2020/00010 дугаар шийдвэрээр шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 412 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ХТ2021/01409 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээснээр тухайн хэргийг журмын дагуу дахин хуваарилсныг шүүгч О.О би хүлээн авсан. Анх хэрэг шийдвэрлэгдэх үед нэхэмжлэгч Б.Б  нь “Г У сан” НҮТББ, Г У их сургууль холбоо" ББСБ, Б.О нарт буюу гурван хариуцагчид холбогдуулан, ... 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 43, 44, 45, 52 тоот газрууд дээр баригдсан хоорондоо дамждаг 5 давхар 2 барилгын А блокийн 1 болон 2 дугаар давхар, Б блокийн 1 дүгээр давхар, 2 автомашины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгуулах, 43 болон 52 тоот газрын хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгуулах тухай шаардлагыг гаргасан. Харин хариуцагч Б.О нь нэхэмжлэгчид холбогдуулан, 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Газар худалдах худалдан авах гэрээ”- г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Б блок барилгын 1 давхрын нийт талбайг Б.Б  болон Б.О нар адил тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож, Б.Б д 1 давхраас ногдох байсан 50 хувийн талбайн оронд Б блокийн барилгын 6-12 давхрын аль нэг давхарт байрлах талбайг Б.Б-ы өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, ийнхүү шилжүүлсний дараа газрын хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийхийг Б.Б-д даалгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Г.Б-ээс хариуцагчид холбогдуулж, А блок барилгын 3 давхар, Б блокийн 5 давхрын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг Б.О-д даалгуулах шаардлагыг тус тус гаргасан байдаг. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлсний дараа 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч Б.Б  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг өөрчилж, ... 11 дүгээр хороо, .... 3 дугаар гудамжны 43, 52 тоот газар дээр баригдсан хоорондоо дамждаг 5 давхар, А блок барилгын ажил бүрэн дуусаж, коридорын будгийн ажил хийгдэх үед Б.О хамтран ажиллахаар болсон үйл явдлыг тогтоолгох, А блокийн өмчлөгч нь Б.Б ы өмч болохыг тогтоолгох, ... 11 дүгээр хороо, Барилгачдын 3 дугаар гудамжны 52 тоот газрын өмчлөх эрхийг Б.Б-ы нэр дээр шилжүүлэхийг даалгах гэсэн шаардлагууд гаргасан. Улмаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан энэ хэрэгт хамтран хариуцагчаар Б.О-ыг оролцуулах хүсэлт гаргасан байдаг. Түүнчлэн мөн өдрийн хуралдаанд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд болох Г.Б-ээс нэхэмжлэлийн шаардлагаа мөн бүхэлд нь өөрчилсөн. Түүний дараа хариуцагч мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа дахин тодруулсан. Дээрх байдлаар ажиллагааны явцад хэд хэдэн удаа зохигч талууд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, тодруулах, нэмэгдүүлэх ажиллагаанууд хийгдсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний хэргийн маргааны тухайд “талуудын зарчим”-д үндэслэх суурь зарчим үйлчилдэг бөгөөд энэ нь хэнээс, юуг, ямар үндэслэлээр шаардах асуудал нэхэмжлэл /сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч хамаарна/ гаргаж байгаа этгээдийн бүрэн эрхэд хамаардаг. Улмаар зохигчид /нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээртэй адил эрхтэй оролцож байгаа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь зохигч гэсэн нэр томьёонд хамаарна/ шаардлага ба татгалзлын үндэслэлээ өөрсдөө нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан байдаг. Түүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар буюу тухайн шаардлагыг хэнд холбогдуулж гаргахыг дээрх эрхийн дагуу зохигч өөрөө эдэлнэ. Шүүх диспозитив зарчмын үүднээс талуудын хүсэлтээр шүүх хуралдаан хойшлогдох тохиолдолд тодруулах ажиллагааг гүйцэтгэхгүй харин маргааныг эцэслэн шийдвэрлэж байгаа хуралдаанаар "хэн, хэзээ, хаана, юуг, яагаад” гэсэн үндсэн 5 асуултаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах ажиллагааг гүйцэтгэдэг. Үүнийг шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх" шаардлагын хүрээнд тавигддаг, шүүхийн гүйцэтгэвэл зохих үүрэгт хамаатуулж үздэг. Энэ талаар Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас гаргасан 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлоход анхаарах зарим асуудал" 01 тоот зөвлөмж, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн “эрх зүйн маргаантай харилцааг тогтоох, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх шүүгчийн ажиллагаа” 02 тоот зөвлөмжүүдэд тайлбарласан байдаг.

2016 оны 01 тоот зөвлөмжийн 4.5-д "Нэхэмжлэгч хэд хэдэн шаардлагыг хоёр буюу түүнээс дээш этгээдэд холбогдуулан гаргахдаа хариуцагч нарт хамтран хариуцуулж байгаа эсэх, эсхүл хариуцагч тус бүрт өөр өөр шаардлага гаргаж байгаа эсэхийг тодруулаагүй, түүнчлэн хуулийн этгээд, эсхүл иргэнд холбогдуулж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэл юм. 4.7....Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчилсөн, шаардлагын хэмжээг ихэсгэсэн, багасгасан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр ямар, шаардлагыг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргасан талаар шийдвэртээ тодорхой заах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасантай нийцнэ" гэсэн байдаг. Дээр дурдсанаар энэ хэргийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа зохигч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг өөрчлөх, бүхэлд нь өөрчилсөн. Мөн хэрэг хүчингүй болсноос хойш нэхэмжлэгчийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр болоод түүний дараа 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа дөрвөн хариуцагч тус бүрийн хэнд нь аль шаардлагыг холбогдуулж гаргаж байгаагаа огт бичээгүй. Иймд хэргийг шийдвэрлэж байгаа 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдаанаар тодруулах ажиллагааг шүүх гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талаас анх гаргасан шаардлагуудаас авхуулаад ажиллагааны явцад өөрчилсөн, нэмэгдүүлсэн шаардлагуудыг нэгтгэж эцсийн байдлаар шүүх хуралдаанд аль шаардлагыг дэмжиж оролцож байгааг, дөрвөн хариуцагч тус бүрээс хэнд нь ямар шаардлагыг холбогдуулж гаргаж байгааг, аль хариуцагчаас юу шаардаж байгааг тодруулсан. Түүнтэй адил сөрөг нэхэмжлэл гаргасан хариуцагчаас мөн адил сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тодруулах ажиллагааг шүүх гүйцэтгэсэн. Эцсийн байдлаар тодруулсан шаардлагуудыг шүүхийн шийдвэртээ тусгасан. Улмаар өөрсдийнх нь хуралдаанд амаар гаргасан тайлбар буюу тодруулж байгаа байдлыг бичгээр авсан явдал хууль зөрчихгүй. Шүүхийн зүгээс хариуцагчаас татгалз гэж шаардсанаас татгалзсан зүйл огт байхгүй.

2. Энэ хэрэгт анх нэхэмжлэгч гурван хариуцагч тодорхойлсон байдаг. Сүүлд Б.О-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс дөрвөн хариуцагчтай болсон. Нэхэмжлэгч хамтран хариуцагч нэмж оролцуулсан хэдий ч нэг хариуцагч болох Б.О-ын хувьд аль шаардлагыг түүнд холбогдуулж гаргасан талаараа нэхэмжлэлдээ тусгаагүй тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй. Түүнээс гадна хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд Иргэний хуульд нийцсэн байх, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх хуульд заасан шаардлага тавигддаг болно.

З. Шүүх хуралдааны бичлэг хийх, архивлах, хадгалах ажиллагаанд шүүгч оролцдоггүй. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “шүүх хуралдааны дууны, дуу- дүрсний бичлэг хийх, архивлах ажлыг зохион байгуулах журам"-аар зохицуулдаг бөгөөд бичлэг хийх ажиллагааг хуралдааны явцад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хариуцдаг. Харин бусад ажиллагааг мэргэжилтэн болоод шүүхийн тамгын газрын дарга хариуцдаг. Дүүргийн Иргэний хэргийн шүүх түүн дотроо ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид бид ажлын ачааллаар улсын хэмжээндээ нэгдүгээр ордог хэт өндөр ачаалалтайгаас гадна маргааны төрөл гүнзгийрч ээдрээ төвөгтэй олон хэргийг шийдвэрлэдэг онцлогтой. Нэг шүүгч жилдээ дунджаар 340-380 орчим хэрэг шийдвэрлэдэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дунджаар нэг шүүгчид 170 орчим хянагдаж байдаг тул ажлын энэ их ачааллын хажуугаар шүүх хуралдааны бичлэгийг устгах битгий хэл үзэх ч зав олддоггүйг дурдах нь зүйтэй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Өргөдөл гаргагчаас “...шүүх хуралдаан 4 цаг гаруй үргэлжилсний дараа шүүгч "энэ татгалзал дээр Б.О-ыг нэмж бич" гэж хэлж бичүүлсэн, ...шүүгч компьютерын инженерт даалгавар өгч "энэ татгалзал дээр Б.О-ыг нэмж бич" гэж хэлсэн хэсгийг хассан байсан ба хожим нь зарга хийж байж хассан хэсгийг бичлэгт оруулсан, ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйлдэл нь нэг талд үйлчилсэн” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.

            Сахилгын хэрэгт цугласан баримтуудаар, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн .../ЕШЗ2022/00351 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар, Б.Б-ы нэхэмжлэлтэй, Б.О, “Г У сан” НҮТББ, Г У дээд сургуульд холбогдох ... 11 дүгээр хороо, ... 3 дугаар гудамжны 43,44,45,52 тоот газрууд дээр баригдсан хоорондоо дамждаг 5 давхар 2 барилгын А блокын 1 болон 2 дугаар давхар, Б блокын 1 дүгээр давхар, 2 автомашины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгуулах, 43 болон 52 тоот газрын хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

            2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Газар худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Б блок барилгын 1 давхрын нийт талбайг Б.Б  болон Б.О нар адил тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй болохыг тогтоолгож, Б.Б -д 1 давхраас ногдох байсан 50 хувийн талбайн оронд Б блокын барилгын 6-12 давхрын аль нэг давхарт байрлах талбайг Б.Б-ын өмчлөл, эзэмшилд шилжүүлэх, ийнхүү шилжүүлсний дараа газрын хамтран өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийхийг Б.Б-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,

            ... 11 дүгээр хороо, ... дугаар хороолол, Ногоон нуурын гудамжинд байрлах А блокын барилгын 3 дугаар давхар, Б блокын барилгын 5 дугаар давхрын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар О.О-ийг томилсон шийдвэрийг албажуулсан байна. /сахилгын хэргийн 73/

            Тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “... 11 дүгээр хороо... 3 дугаар гудамжны 43,52 тоот газар баригдсан хоорондоо дамждаг 5 давхар А блок барилгын ажил бүрэн дуусаж, коридорын будгийн ажил хийгдэх үед Б.О хамтран ажиллахаар болсон үйл явдлыг тогтоолгох, А блокын өмчлөгч нь Б.Б-ы өмч болохыг тогтоолгох, ... 11 дүгээр хороо, ... 3 дугаар гудамжны 52 тоот газрын өмчлөх эрхийг Б.Б-ы нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү” гэж өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан хамтран хариуцагчаар Б.О-ыг оролцуулах хүсэлтийг гаргаж, мөн өдрийн .../ШЗ2022/02923 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу Б.О-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцуулжээ. /сахилгын хэргийн 75-77/

            Улмаар 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л-аас “... 11 хороо, .. хороолол, Ногоон нуур гудамж, 51 тоот хаягт байршилтай 1944 м.кв талбайтай Ү-220302... бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн барилгын ажил бүрэн дуусаж коридорын будгийн ажил хийгдэх үед (2010.02.01) Б.О нь хамтран ажиллахаар болсон үйл явдлыг тогтоолгож, 1944 м.кв талбайтай Ү-220302... бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн (А блок) өмчлөгч Б.Б  болохыг тогтоолгож, 1944 м.кв талбайтай Ү-220302... бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Б.Б-ы нэр дээр шилжүүлэхийг Г У дээд сургуульд даалгуулах, ... дүүрэг, 11 хороо, ... 3-р гудамжны 52 тоот 773 м.кв Г-2203003751 нэгж талбарын дугаартай газрын өмчлөх эрхийг Б.Б-ы нэр дээр шилжүүлэхийг Б.О-д даалгах, ... 11 хороо, барилгачдын 3 гудамж, 44,45 тоот газар дээр баригдсан Б блок барилгын 1 давхрын өмчлөгчөөр тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна. /сахилгын хэргийн 79/

            Тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар дээрх иргэний хэргийг хянан хэлэлцэж, .../ШШ2022/02460 дугаар шүүхийн шийдвэрээр үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Б-ы хариуцагч Б.О, “Г У их сургууль холбоо” БСБ-д холбогдох хоёр ширхэг автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, мөн “Г У сан” ТББ, Б.О  нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Б.Б  тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Мөн өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л-аас “Б миний бие нь Г У санг хариуцагчаас татгалзаж байна. 2 машины зогсоол авах шаардлагаас татгалзаж байна. Б.О-ыг хариуцагчаас чөлөөлж байна” гэх хүсэлтийг бичгээр гаргаж, хэрэгт хавсаргасан байна. /сахилгын хэргийн 88, 127-130 /

            Тус өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг бичигдсэн NVR_ch4_main_20221101164720 _20221101180000 гэх нэртэй шүүх хуралдааны бичлэгийн 0:05:00-0:08:45 минутад, Даргалагчаас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна уу гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л нь 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Бусад шаардлагаа дэмжихгүй байгаагаа илэрхийлэв. 0:12:09-0:12:11 минутад, Даргалагчаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хандаж гарааштай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөнөө бичиж өгнө гэдгийг сануулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “за” гэв.

            Мөн NVR_ch4_main_20221101200600_20221101210000 гэх нэртэй шүүх хуралдааны бичлэгийн 0:24:28 минутад, Даргалагчаас: Нэхэмжлэгч талд хандан нэхэмжлэлийн шаардлагаа бичнэ. Хоёр машины гараашнаас татгалзсан. О-аас ямар нэгэн зүйл шаардахгүй гэснээ бич гэж хэлэв. Хуралдааны нарийн бичгийн дарга нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид цаасыг өгөв. 0:33:13 минутад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цаасаа бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ээр дамжуулан шүүх хуралдааны нарийн бичгийн даргад өгөв. Нарийн бичгийн дарга тус цаасыг шүүгчид дамжуулан өгөв. 0:33:49 минутад, Даргалагчаас цаасыг авч уншаад, О аа үлдээчхэж гэж хэлэн нарийн бичигт цаасаа өгөв. Нарийн бичгийн дарга тус цаасыг буцаан өгөхөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн цаас дээр юм бичиж байгаа нь шүүх хуралдааны танхимын шилэн хаалтад ойн харагдаж байв. 0:34:49 минутад, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э цаасыг буцаан нарийн бичгийн даргаар даргалагчид дамжуулан өгч байгаа шүүх хуралдааны бичлэг авагдсан байна.

            Дээрх шүүх хуралдааны бичлэгээс үзвэл, хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л-аас 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа, бусад шаардлагаа дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн, тодруулбал “Г У” дээд сургууль болон Б.О нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж, бусад шаардлагаа дэмжихгүй гэх тайлбарыг гаргаж, нотлох баримт шинжлэн судлах үед шүүгчээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л-ын дээрх тайлбартай нь холбогдуулан хариуцагч Б.О , Г У сангаас татгалзаж байгаа хүсэлтээ бичгээр өгөхийг сануулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л уг тайлбараа бичгээр бичиж өгсөн үйл баримт болжээ. Энэ нь шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан шинжтэй үйл ажиллагаа байх ба         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэхийг асууж, гаргасан тайлбараа бичгээр бичиж өгөхийг хүссэн нь сахилгын зөрчил гэж үзэх үндэслэл болохгүй.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.О-аас “...миний зүгээс газрыг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй тул намайг оролцуулалгүй шүүх хурлаа хийж өгнө үү” гэх тайлбарыг өгсөн байх боловч нэхэмжлэгчээс түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Б.О-д хамаарна гэж шүүх хуралдаанд тайлбарлажээ. Энэ тохиолдолд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй бөгөөд хариуцагч Б.О-ын зөвшөөрлийг батлаагүй гэх үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй юм.

            Мөн өргөдөлд “...шүүгч компьютерын инженерт даалгавар өгч "энэ татгалзал дээр Б.О-ыг нэмж бич" гэсэн хэсгийг хассан байсан ба хожим нь зарга хийж байж хассан хэсгийг бичлэгт оруулсан” гэх үндэслэлийг дурджээ.

            Тус хэргийг шийдвэрлэсэн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаан 5 цаг 21 минут 02 секунд үргэлжилсэн байх бөгөөд бичлэг 7 хуваагдан бичигдэн хадгалагдсан байна. Дээрх бичлэгүүд нь дараалан бичигдсэн байх ба дундаас нь ямар нэгэн үйл баримт хасагдаагүй болох нь шүүх хуралдааны бичлэгийн зүүн дээд талд байрлах цаг хугацаа тасралтгүй үргэлжилж байгаа шүүх хуралдааны бичлэгээр тогтоогдож байна.

            Түүнчлэн, NVR_ch4_main_20221101200600_20221101210000 гэх нэртэй шүүх хуралдааны бичлэгийн 0:33:49 минутаас Даргалагчаас: Цаасыг авч уншаад О аа үлдээчхэж гэж хэлэн нарийн бичигт цаасаа өгч, нарийн бичгийн дарга тус цаасыг буцаан өгөхөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн цаасан дээр бичиж байгаа нь шүүх хуралдааны танхимын шилэн хаалтад ойн харагдаж байна.

            Шалгах ажиллагааны явцад тус шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Т сахилгын хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “... Шүүгч надад даалгавар өгөөгүй. ...Тухайн шүүх хуралдааны танхимд хяналтын камерын NVR төхөөрөмж байдаг. Тухайн төхөөрөмжөөс шүүх хуралдааны бичлэгийг засах боломжгүй, ...хэргийн оролцогч нараас хурлын бичлэгтэй танилцсан, бичлэг зассан гэх гомдол гаргаж байгаагүй” талаар мэдүүлжээ. /сахилгын хэргийн 131-134/

           Иймд шүүгч захиргааны ажилтанд даалгавар өгч бичлэгээс зарим хэсгийг хассан, хожим хассан хэсгийг нэмсэн гэх байдал сахилгын хэрэгт цугласан баримтаар тогтоогдохгүй байх ба энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий болжээ.

            Шүүгч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйлдэл нь нэг талд үйлчилсэн гэх өргөдлийн үндэслэл тогтоогдсонгүй.

            Шүүгч О.О нь хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлж, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн .../ШШ2022/02460 дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн нь нэг талд үйлчилсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Дээрх шийдвэрийг зохигч эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу давж заалдах журмаар гомдол гаргаж, давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хянаж магадлал гаргасан байна. Шүүхийн сахилгын хороо шүүхийн шийдвэрийг хянаж хүчингүй болгох, өөрчлөлт оруулах эрхгүй болно.

Шүүгч О.О нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ГС/2023/0057 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Д.Л, А.Э нараас ирүүлсэн өргөдөл мэдээллийн дагуу ... Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.О  холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ                                                С.ЭНХТӨР

ГИШҮҮД                                                        Ц.ДАВХАРБАЯР

Д.МЯГМАРЦЭРЭН