МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-04-25
Дугаар 56
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, холбогдох шүүгч Б.Э /цахимаар/, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ГС/2023/0047 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: “...Өргөдөл мэдээлэл гаргагчаас хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч шүүх хуралдаанд гаргасан шийдвэрээсээ өөрөөр буюу шийдвэрийн үндэслэх хэсгийг хуралдаанд огт тайлбарлаагүй, бичгийн хэлбэрээр шийдвэр гаргахдаа шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Ч.Д, Б.Н нарын эзэмшлээс ... аймгийн М сумын ... дугаар баг 2 дугаар хэсэг, Хараа төвийн урд байрлах үйлчилгээний зориулалттай 2 давхар 384.4 м.кв барилга болон доторх дэлгүүрийн зориулалттай нэр бүхий эд зүйлийг албадан чөлөөлж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ. зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн алданги 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэдгийг албадан чөлөөлөх нь зүйтэй гэж тайлбарласан байсныг уншиж танилцсан хэдий ч нэгэнт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлага гэж ойлгож давж заалдах гомдол гаргаагүй болно гэж өргөдөлдөө дурджээ. Иргэн Ж.У, Д.Б нар 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ... аймгийн М сум дахь сум дундын шүүхэд Ч.Д, Б.Н нарыг хариуцагчаар тодорхойлон тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа “...Б.Н-той байгуулсан 2019-01-23-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Ч.Д-тэй байгуулсан 2019-01-23-ны өдрийн Харилцан тохиролцсон гэрээ зэргээс өмчлөгч бид татгалзаж байгаа тул гэрээний зүйл болох ... аймаг, М сум, ....-р баг төвийн 2-р хэсэг, Хараа төвиин урд байршилтай үйлчилгээний зориулалттай 2 давхар, 384,4мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг доторхи тавилга эд зүйлс, Тусгай зөвшөөрөл зэргийн хамт Ч.Д Б.Н нараас албадан чөлөөлж, өмчлөгч бидэнд буцаан олгож, төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсний алданги 100,000,000 төгрөгийн хамт хариуцагч нараас гаргуулан өгнө үү” гэж тодорхойлсон байна. Харин ... аймгийн М сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ж.У, Д.Б нарын нэхэмжлэлтэй Ч.Д, Б.Н нарт холбогдох “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, алданги гаргуулах тухай” иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 284 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас эхний шаардлага болох 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн удаах шаардлага болох нэр тоо ширхэг бүхий эд зүйлийг албадан чөлөөлж, нэхэмжлэлийн сүүлийн шаардлага болох тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээлээр худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн алданги 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тодруулбал нэхэмжлэлийн 2 дахь шаардлагаа нэхэмжлэгч гэрээний зүйл болох ... аймаг, М сум, ...-р баг төвийн 2-р хэсэг, Хараа төвиин урд байршилтай үйлчилгээний зориулалттай 2 давхар, 384,4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг доторхи тавилга эд зүйлс, Тусгай зөвшөөрөл зэргийн хамт Ч.Д Б.Н нараас албадан чөлөөлүүлж гэж тодорхойлсон, холбогдох шүүгч хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж нэхэмжлэлийг хариуцагч нарт гардуулж тайлбар авсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. Мөн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт хийсэн үзлэгт “... Шүүгч: Шийдвэрийн тогтоох хэсгээс тайлбарлая. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах зээлийн гэрээнээс татгалзсан байгаа. Шалтгаан нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр хийгдээгүй, зөрчигдсөн гэдэг утгаараа гэрээнээс татгалзаж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Хоёрдугаарт үйлчилгээний зориулалттай энэ барилга болон доторх нэхэмжлэлд дурдсан нэр бүхий хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлагыг хангасан, тусгай зөвшөөрөл болон гэрээний үүргийн алданги хохирол гэж нэг 100,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. 2020, 2021 онуудад гарсан цар тахлын үеэр бизнесийн үйл ажиллагаанууд доголдож, орлого олох боломжгүй болсон зэрэг нөхцөл байдал болон хуульд заасан үндэслэлээр энэ 100,000,000 төгрөг гаргах боломжгүй байна гэж дүгнэсэн. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гаргуулахаар шаардсан байна. Энэ шаардлагыг гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63.1.4 дэх хэсэг заасан бие даасан шаардлага тус бүр дээр улсын тэмдэгтийн хураамж төлөх байсан боловч төлөөгүй учраас энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учраас улсын тэмдэгтийн хураамжийн 1,657,950 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эрхтэй. За ойлгосон уу. Шүүх хуралдаан хаасныг мэдэгдье” гэж шүүхээс гарсан шийдвэрийг холбогдох шүүгч тодорхой тайлбарлаж байгаа болох нь дуу-дүрсний бичлэгт бичигдсэн байна. .... аймгийн М сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Э 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 2050 дугаар захирамжаар ... аймгийн М сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 284 дүгээр шийдвэрийг тайлбарласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д “Шаардлагатай тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчийн хүсэлтээр гагцхүү уг шийдвэрийг биелүүлж эхлэхээс өмнө түүний хууль зүйн үндэслэлийг аман эсхүл бичгийн хэлбэрээр тайлбарлаж болно" гэж заасанд нийцжээ. Өргөдөл гаргагч нэгэнт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлага гэж ойлгож давж заалдах гомдол гаргаагүй гэсэн байх хэдий боловч энэхүү гомдол гаргаагүй тухай асуудлаа хууль тогтоомжид заасны дагуу холбогдох шүүх, шүүгчид гаргах, давж заалдах гомдол гаргах боломжоор хангахыг хүсэх эрх нь нээлттэй байна. Иймд шүүгч Б.Э-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
Шүүгч Б.Э тайлбартаа: “...Миний бие иргэн Ж.У, Д.Б нарын нэхэмжлэлтэй иргэн Ч.Д, Б.Н нарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээнээс татгалзах, М сумын ... дугаар багт байрлах 2 давхар 384.4 м.кв үйлчилгээний зориулалттай барилгыг доторх эд хөрөнгийн хамт чөлөөлүүлж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Ч.Д, Б.Н нараас гаргуулах, зээлээр худалдах худалдан авах гэрээнээс үүссэн хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хянан шийдвэрлэсэн байдаг бөгөөд шүүгч миний бие нь гомдол гаргагчийн гомдолд дараах байдлаар тайлбарыг гаргаж байна.
1. ... аймгийн М сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 284 дугаартай шийдвэрийг шүүх хуралдаанд тайлбарлан өгөөгүй гэх...гомдолд тайлбар гарах нь: Нэхэмжлэгч Ж.У, Д.Б нар нь хариуцагч Ч.Д, Б.Н нараас “1. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээнээс татгалзаж, 2 .... аймгийн М сумын ... дугаар баг, Хараа төвийн урд байрлах 2 давхар үйлчилгээний зориулалттай 384.4 м.кв барилгын доторх тавилгын хамт чөлөөлүүлэх, З.Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гаргуулах, 4.Гэрээнээс үүссэн хохирол 100.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутад товлон зарлаж хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүх хуралдааны явцад оролцогчийн хуульд заасан эрхийг хангаж шүүх хуралдааныг мэтгэлцэх заримын үндсэн дээр явуулж, шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн 4 шаардлага бүхий нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу нэхэмжлэгч Ж.У, Д.Б нарын хариуцагч Ч.Д, Б.Н нартай 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 1.Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзах тухай, 2.хариуцагч Ч.Д, Б.Н нарын эзэмшлээс ... аймгийн М сумын ... .дугаар баг, 2 дугаар хэсэг, Хараа төвийн урд байрлах үйлчилгээний зориулалттай 2 давхар 384.4 м.кв барилга болон доторх дэлгүүрийн зориулалтай нэр бүхий эд зүйлийг албадан чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж шийдвэрлэж, З.нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 4.зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн алданги 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт “шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана." ...заажээ. Гэтэл өргөдөл гаргагч Ч.Д нь шүүхийн шийдвэрийг тайлбарлан өгөөгүй гэх шалтгаанаар гомдол гаргасан нь үндэслэлгүй байгаа бөгөөд шүүх хуралдааны явцад шүүгч миний бие нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж сонсгосны дараа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг зохигч нарт тайлбарлан өгч ойлгосон эсэхийг асууж, зохигчид шүүхийн шийдвэрээс ойлгомжтой, асууж тодруулах зүйлгүй гэснээр шүүх хуралдааныг хаасан болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэлийг тайлбарлахаар хуульчлаагүй бөгөөд шүүгч шаардлагатай гэж үзсэн болон хэргийн оролцогчийн ойлгоогүй асуусан зүйлд шүүхийн шийдвэрээс тайлбарлах ёстой гэж миний бие ойлгож байна. Энэ байдлаараа ч миний бие шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн шаардлагатай гэж үзсэн асуудлыг зохигч нарт тайлбарлан өгч зохигч нар тэдгээрийн өмгөөлөгч нараас шүүхийн шийдвэрээс ойлгомжгүй асууж тодруулах зүйл байгаа эсэхийг тодруулсны эцэст шүүх хуралдааныг хаасан. Тиймээс шүүгч Б.Э намайг гомдол гаргагч Ч.Д нь шүүхийн шийдвэрийг тайлбарлан өгөөгүй гэх гомдол нь тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Ж.У, Д.Б нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Д, Б.Н нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж сонсгоод тайлбарлан өгч буй 07 минут, 54 секундийн бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр үгүйсгэгдэж байгаа болно. Мөн шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосны дараа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг тайлбарлан өгөх явцад хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг ойлгомжтой байгаа талаар толгой дохиж өөрийн биеийн үйлдэл өгүүлэмжээр шүүхийн шийдвэрийг ойлгосон байдлаар үйлдэл хийж байгаа нь шүүх хуралдааны бичлэгээс тодорхой харагдаж байгааг сахилгын хорооны эрхэм гишүүн таныг анхааран үзэж дүгнэлт хийнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна.
2. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг шүүх хуралдаанд уншиж сонсгосноос өөрөөр шүүхийн шийдвэрийг бичиж, шүүхийн шийдвэрийг эргэлзээ төрүүлэхээр бичсэн ...гэх гомдолд тайлбар гаргах нь: Шүүгч Б.Э намайг гомдол гаргагч нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ж.У, Д.Б нарын нэхэмжлэлтэй Ч.Д, Б.Н нарт холбогдох 4 шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж танилцуулснаас өөр байдлаар буюу бичгээр үйлдэж гаргасан гэх гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгч Б.Э миний бие нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж, амаар тайлбарлан өгсөн зэрэг нь ... аймгийн М сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 284 дугаартай бичгээр үйлдэж гаргасан шийдвэрийн тогтоох хэсгээс өөр байдлаар бичигдээгүй бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн шийдвэрийн гар бичвэр, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэгтэй тохирч байдаг. Шүүхийн шийдвэрээр миний бие нь нэхэмжлэгчийн 4 шаардлага бүхий нэхэмжлэлээс 1.Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзах тухай, 2.хариуцагч Ч.Д, Б.Н нарын эзэмшлээс ... аймгийн М сумын ... дугаар баг, 2 дугаар хэсэг, Хараа төвийн урд байрлах үйлчилгээний зориулалттай 2 давхар 384.4м2 барилга болон доторх дэлгүүрийн зориулалтай: ...лангуу-15ш, босоо хөргөгч-1ш, ундааны тавиур-1ш, хиамны том хөргөгч-1ш, зайрмагийн хөргөгч-1ш, галын хор-1ш, худалдагчийн ширээ-1ш, бохины тавиур-1ш, баарны зориулалтай: ...ширээ-8ш, сандал-16ш, шилэн хөргөгч-1ш, тек-1ш, ком хөгжим/өсгөгч-1 ш, дифузер-1ш/ газан шимэн зуух-1 ш, үүдний халаагуур-1 ш, камер-1 ш, таазны өнгийн абжур-8ш, нэмэгдэл гэрэл-5ш, караоке машин өсгөгч-2ш, эргэдэг гэрэл-4ш, лазер гэрэл-2ш, анивчдаг гэрэл-1ш зэрэг эд зүйлийг албадан чөлөөлж, З.нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 4.зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн алданги 100.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохоо шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж танилцуулсны дараа дахин тайлбарлан өгч зохигч нараас асууж тодруулсан байдаг. Шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргаж, тогтоох хэсэгт яг энэ байдлаар бичвэр хэлбэрээр гаргаж зохигч нарт хуульд заасан хугацаанд гардуулсан байдаг. Хэрвээ гомдол гаргагч болон түүний өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэр эргэлзээ төрүүлэхүйц гарсан, бидний эрх, эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байсан бол миний гаргасан шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дөрвөн шаардлага бүхий нэхэмжлэлийн хоёр шаардлагыг ямар учраас хангаж, хоёр шаардлагыг ямар учраас хэрэгсэхгүй болгосон талаар тодорхой шаардлага тус бүрээр нь хуульд нийцүүлэн тайлбарласнаас бүрэн дүүрэн ойлгох боломжтой байсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагадаа хариуцагч Ч.Д, Б.Н нарын эзэмшлээс ... аймгийн М сумын 7 дугаар баг, 2 дугаар хэсэг, Хараа төвийн урд байрлах үйлчилгээний зориулалттай 2 давхар 384.4м2 барилга болон доторх дэлгүүрийн зориулалтай нэр бүхий эд зүйлийг албадан чөлөөлүүлэх шаардлагыг гаргасныг шүүгч миний бие нь нэхэмжлэгчийн гаргасан хоёр дахь шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ ...хариуцагч Ч.Д, Б.Н нарын эзэмшлээс зэрэг эд зүйлийг албадан чөлөөлж, ...гэж бичиж гаргасан шүүхийн шийдвэр уншиж сонсгохдоо ч тайлбарлахдаа ч ингэж уншиж тайлбарласан байдаг. Мөн зэрэг эд зүйлийг албадан чөлөөлж ...гэдэг үгийн агуулга нь бусдаас ямар нэгэн эд зүйл хөрөнгө мөнгө гаргуулж байгааг ойлгохоор шийдвэрлэсэн бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсэгт ч энэ байдлаар бичвэр хэлбэрээр бичиж гаргасан, шүүх хуралдаанд ч энэ байдлаар тайлбарласан. Хэрвээ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг хоорондоо зөрүүтэй байдлаар бичигдсэн байсан бол шүүхийн шийдвэр өөр утга санааг илэрхийлсэн ойлгомжгүй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй гэх гомдол зохигч нарын хэн аль нь гаргах байсан. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэг хоорондоо ижил утга санааг үндэслэлийг илэрхийлж бичигдсэн гэдгийг дурдах нь зүйтэй байна. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох хариуцагч нараас үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх шаардлага гаргасныг шүүгч хариуцагч нараас албадан чөлөөлж шийдвэрлэсэн. “Чөлөөлүүлэх, чөлөөлж" гэдэг хоёр үгийн үндэс нь чөлөө гэсэн нэг боловч үгэнд ямар хэлбэрээр өгүүлбэрийн хаана ямар залгавар залгаж бичигдэж, ямар агуулга хүчийг нэмж орж байгаагаараа ялгаатай юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагч нараас тодорхой нэр төрлийн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардлага гаргасныг анхаарч үзэхийг нь хүсэж байна. Чөлөөлүүлэх гэдэг нь хэн нэгэн иргэн хэн нэгнээс ямар нэгэн эд зүйл хөрөнгө мөнгө гаргуулахаар хүсэж байгаа байдлаар бичигддэг. Чөлөөлж гэдэг нь хэн нэгний хууль бус эзэмшил, өмчлөлөөс бусдын эд хөрөнгө эд зүйлийг гаргуулж өгүүлбэрт хүч нэмж ордгоороо ялгаатай гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй юм. Харин гомдол гаргагчийн гомдолд дурдсанаар шүүгч миний бие шийдвэрийн тогтоох хэсэгт эд хөрөнгийг чөлөөлүүлэх, тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гаргуулах, гэрээний үүргийн алданги 100,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг хариуцагч нарын эзэмшил, өмчлөлөөс албадан чөлөөлж шийдвэрлэсэн гэдгийг дахин дурдах нь зүйтэй байна. Тиймээс гомдол гаргагч Ч.Д-ийн шүүгч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг шүүх хуралдаанд уншиж сонсгосноос өөрөөр шүүхийн шийдвэрийг бичиж, шүүхийн шийдвэрийг эргэлзээ төрүүлэхээр бичсэн гэх гомдол нь нотлох баримтаар гаргаж хүргүүлсэн ... аймгийн М сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 284 дугаартай шийдвэр, 173 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, мөн иргэний хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны бичлэг, шийдвэрийн гар бичвэр зэрэг үйл баримтаар үгүйсгэгдэж байгаа болно.
З. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсыг танилцуулаагүй гэх ...гомдол гаргах нь: ... аймгийн М сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 284 дугаартай шийдвэрийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр бичгийн хэлбэрээр гаргаж, зохигч нарт хуульд заасан хугацаанд буюу мөн өдрөө нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч, хариуцагч нарын өмгөөлөгчид хаягаар нь шуудангаар хүргүүлсэн, хариуцагч нар 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр өөрийн биеэр хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг гардаж авч шүүхийн шийдвэрт зохигч нарын хэн аль нь хуульд заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй учраас шүүхийн шийдвэр 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон учраас нэхэмжлэгч Ж.У, Д.Б нар нь ... аймгийн М сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 284 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг тус шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд зааснаар тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүгч ээлжийн амралттай, урт хугацааны өвчтэй, чөлөөтэй бол хүсэлтийг шүүгчийн дарааллаар хуваарилахаар заасан учраас тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн хүлээн авч 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01302 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамжийг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудасны хамт гаргасан байдаг. Шүүгч 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №01302 дугаартай захирамж болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудаст тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 284 дугаартай шийдвэрийн тогтоох хэсэгт бичигдсэнээс өөрөөр буюу хариуцагч Ч.Д, Б.Н нарын эзэмшлээс нэр бүхий эд зүйлийг албадан чөлөөлж ...гэж бичгийн хэлбэрээр гаргасан шүүхийн шийдвэрээс өөр байдлаар буюу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж болон гүйцэтгэх хуудаст хариуцагч Ч.Д, Б.Н нарын эзэмшлээс нэр бүхий эд зүйл зэргийг албадан чөлөөлж, нэхэмжлэгч Ж.У, Д.Б нарт олго гэж шүүхийн шийдвэрт бичигдээгүй үгийг нэмж бичсэн байдаг. Ингээд тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх явцад хариуцагч Ч.Д нь шүүхийн шийдвэрт бичигдээгүй зүйлийг шүүгчийн захирамжид бичсэн байна гэж үзээд шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01302 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэх хүсэлтийг тус шүүхэд гаргасныг ерөнхий шүүгч өөрийн гаргасан тус захирамжаа үндэслэл муутай захирамж гаргасан байна гэж үзээд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01826 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч шүүхийн шийдвэртээ тайлбар хийж, нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх хүсэлтийг дахин гаргавал хянан шийдвэрлэх нь зүйтэй гэсэн агуулга бүхий захирамжийг гаргасан байдаг. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Ж.У, Д.Б нар нь тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 284 дугаартай шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт бичгээр тайлбар хийж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамжийг, гүйцэтгэх хуудасны хамт гаргаж өгнө үү гэх утга агуулга бүхий хүсэлт гаргасныг шүүгч Б.Э миний бие 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 02050 дугаартай захирамжаар хүсэлтийг хангаж, шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсэгт тайлбар хийж нэхэмжлэгчид хүргүүлж, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2099 дугаартай захирамжаар тус шүүхийн 284 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гаргаж нэхэмжлэгч Ж.У, Д.Б нарт хүргүүлсэн. Энэ хугацаанд хариуцагч Ч.Д болон түүний өмгөөлөгч 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 284 дугаартай иргэний хэргийн шүүх хуралдааны бичлэгийн тогтоох хэсэгтэй 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүсэлт гаргаж, хоёр ч удаа ирж үзэж танилцсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэгт ... “Шаардлагатай тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчийн хүсэлтээр гагцхүү уг шийдвэрийг биелүүлж эхлэхээс өмнө түүний хууль зүйн үндэслэлийг аман эсхүл бичгийн хэлбэрээр тайлбарлаж болно." ...гэж заажээ. Гомдол гаргагч Ч.Д-ийн шүүхийн шийдвэрийг тайлбарласан шүүгчийн захирамж болон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг танилцуулаагүй гэх гомдол нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг тайлбарлан нэхэмжлэгчид шүүгчийн захирамжийг хүргүүлсэн бөгөөд хариуцагч Ч.Д, Б.Н болон тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг тайлбарлуулах хүсэлтийг гаргаагүй бөгөөд хэрвээ хариуцагч Ч.Д, Б.Н, тэдгээрийн өмгөөлөгч нар хүсэлт гаргаад шүүх танилцуулаагүй мэдэгдээгүй бол шүүгч, шүүгчийн туслахын алдаа болох байх, мөн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамжийг хариуцагчид буюу төлбөр төлөгчид заавал шүүх мэдэгдэх ёстой гэсэн хуулийн зохицуулалт байхгүй юм. Хэрвээ Ч.Д нь миний эрх, эрх хууль ёсны эрх ашиг энэ шийдвэрээс болоод ингэж хөндөгдсөн гэж үзсэн бол шүүхийн шийдвэрийг гардан аваад давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй байсан шүүх ямар нэгэн байдлаар хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг хязгаарласан, хориглосон үйлдэл гаргаагүй гэж үзэж байна. Тиймээс нэгэнт зохигчдын хэн аль нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бол шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэх үүрэг нь Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа иргэн, хуулийн этгээдэд нэгэн адил хамаарах ёстой гэж ойлгож байна. Нөгөө талаар гомдол гаргагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхээс зайлсхийж бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж, ашиг орлого олох санаа зорилгыг агуулж байж болох бөгөөд цаашлаад шүүгч, шүүхийн нэр хүндэд халдах үйлдэл гаргаж байж болох юм. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгө нь шүүгч миний гаргасан шийдвэр, захирамжаар ганц битүүмжлэгдсэн эд хөрөнгө биш бөгөөд тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө Б аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж битүүмжлэгдсэн байсан болохыг шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч тайлбарлан хэлж, эд хөрөнгө битүүмжилсэн актыг гаргаж үзүүлж байсныг дурдах нь зүйтэй байна. Тиймээс гомдол гаргагч Ч.Д-ийн Монгол Улсын Шүүхийн сахилгын хороонд ... аймгийн М сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Э надад холбогдуулан гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Ч.Д-ээс “... шүүхийн шийдвэрийн үндэслэлээ огт тайлбарлаагүй, шийдвэр уншиж танилцуулснаас зөрүүтэй бичигдсэн, ...шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас гарсан талаар танилцуулаагүй” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Сахилгын хэрэгт цугласан баримтаар, ... аймгийн М сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Б.Э даргалж, Ж.У, Д.Б нараас Ч.Д, Б.Н нарт холбогдуулан гаргасан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, алданги гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэж, 284 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон “...2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэр тоо ширхэг бүхий эд зүйлийг албадан чөлөөлж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээлээр худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн алданги 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ. /сахилгын хэргийн 99-103/ Тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.У, Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагч Ч.Д, Б.Н, хариуцагчийн өмгөөлөгч С.Ц нар оролцсон байна.
Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн хэргийг шийдвэрлэсэн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн байх бөгөөд сахилгын хэрэгт авагдсан сидиний hural.mp4 гэсэн нэртэй дуу-дүрсний 07 минут 54 секундийн бичлэгийн 04 минут 04 секундэд даргалагчаас: “Шийдвэрийн тогтоох хэсгээс тайлбарлая. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах зээлийн гэрээнээс татгалзсан байгаа. Шалтгаан нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр хийгдээгүй, зөрчигдсөн гэдэг утгаараа гэрээнээс татгалзаж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Хоёрдугаарт үйлчилгээний зориулалттай энэ барилга болон доторх нэхэмжлэлд дурдсан нэр бүхий хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлагыг хангасан, тусгай зөвшөөрөл болон гэрээний үүргийн алданги хохирол гэж 100,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. 2020, 2021 онуудад гарсан цар тахлын үеэр бизнесийн үйл ажиллагаанууд доголдож, орлого олох боломжгүй болсон зэрэг нөхцөл байдал болон хуульд заасан үндэслэлээр энэ 100,000,000 төгрөг гаргах боломжгүй байна гэж дүгнэсэн. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гаргуулахаар шаардсан байна. Энэ шаардлагыг гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63.1.4 дэх хэсэг заасан бие даасан шаардлага тус бүр дээр улсын тэмдэгтийн хураамж төлөх байсан боловч төлөөгүй учраас энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учраас улсын тэмдэгтийн хураамжийн 1,657,950 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгуулахаар шийдвэрлэлээ. Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах эрхтэй. За ойлгосон уу. Шүүх хуралдаан хаасныг мэдэгдье” гэж хэлсэн болох нь бичигджээ. Дээрхээс үзвэл шүүгч шийдвэрээ уншиж танилцуулснаас зөрүүтэй байдлаар бичсэн гэх өргөдөлд дурдсан үйл баримт тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, эхний шаардлага болох 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах, худалдан авах, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнээс татгалзах болон тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн зарим шаардлага болох нэр тоо ширхэг бүхий эд зүйлийг албадан чөлөөлөх хэсгийг хангаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрээний үүргийн гүйцэтгэлийн алданги 100,000,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь ... аймгийн М сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 284 дүгээр шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, холбогдох шүүгчийн гар бичвэрийн дэвтрээр тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн, шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т заасны дагуу шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, ойлгосон эсэхийг зохигчдоос асуусан болох нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт бичигджээ. Иймд холбогдох шүүгчийг шүүхийн шийдвэрийн үндэслэлээ тайлбарлаагүй гэх үндэслэлээр буруутгах боломжгүй талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий болжээ.
Дээрх шийдвэрийг нэхэмжлэгч тал болон хариуцагчийн өмгөөлөгчид 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Монгол шуудангаар хүргүүлсэн, хариуцагч нарт 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр гардуулсан болох нь шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид гардуулсан, хүргүүлсэн тухай баримтаар тогтоогдож байна. Шүүхийн шийдвэрт хэргийн оролцогчийн хэн аль нь давж заалдах журмаар гомдол гаргаагүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.1-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болжээ.
2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Ж.У, Д.Б нараас дээрх шийдвэрийн тогтоох болон үндэслэх хэсэгт тайлбар хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-т “Шаардлагатай тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчийн хүсэлтээр гагцхүү уг шийдвэрийг биелүүлж эхлэхээс өмнө түүний хууль зүйн үндэслэлийг аман, эсхүл бичгийн хэлбэрээр тайлбарлаж болно.” гэж заасны дагуу тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн .../ШЗ2022/02050 дугаар шүүгчийн захирамжаар дээрх шийдвэрт тайлбар хийсэн байна. /сахилгын хэргийн 104-107/ Уг шүүгчийн захирамжийг хариуцагч талд танилцуулаагүй талаар өргөдөл гаргагч өргөдөлдөө дурдсан байх боловч энэ үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй. Учир нь хэргийг хянан шийдвэрлэсний дараа шүүхийн шийдвэрийг нэг талын хүсэлтээр бичгээр тайлбарласан шүүгчийн захирамжийг хүсэлт гаргаагүй талд танилцуулахыг хуулиар үүрэг болгоогүй.
Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, гүйцэтгэх хуудсыг танилцуулаагүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд,
Нэхэмжлэгч Ж.У-аас 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, уг хугацаанд хэргийг шийдвэрлэсэн шүүгч Б.Э ээлжийн амралтаа эдэлж байсан учир уг хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хэрлэн хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн .../ШЗ2022/01302 дугаар “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамжийг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудасны хамт гаргасан байна. Шүүгч Б.Э нь 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 8 дугаар сарын 11-ний өдрийн хугацаанд ээлжийн амралттай байсан болох нь .. аймаг, М сум дахь Шүүхийн Тамгын даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/05 дугаар “2022 оны ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаалаар тогтоогдож байна. /сахилгын хэргийн 65,66/
Хариуцагч Ч.Д, Б.Н нараас дээрх 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн .../ШЗ2022/01302 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгч Б.Хэрлэн хүлээн авч, “...шийдвэрлэсэн шүүгч Б.Э өөрөө шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг гаргах нь зүйтэй” гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн .../ШЗ2022/01826 дугаар шүүгчийн захирамжаар дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамжийг, гүйцэтгэх хуудасны хамт хүчингүй болгож шийдвэрлэжээ. /сахилгын хэргийн 11-14/
Улмаар 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Ж.У-аас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасныг шүүгч Б.Э хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-т заасны дагуу мөн өдрийн .../ШЗ2022/02099 дугаар “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” шүүгчийн захирамжийг, гүйцэтгэх хуудасны хамт бичжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэг хүлээх бөгөөд 11.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэхээр зохицуулсан. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг хариуцагч талд гардуулах, танилцуулах үүргийг шүүх хүлээхгүй бөгөөд энэ үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй.
Шүүгч Б.Э нь хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ГС/2023/0047 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, иргэн Ч.Д-ийн өргөдлийн дагуу ... аймгийн М сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Э-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Ц.ДАВХАРБАЯР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН