info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-03-02

Дугаар 35

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн О.Номуулин, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн-нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Ж, шүүгч Л.О, Г.З нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0027 дугаартай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “... мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэлийн дагуу яллагдагчийг цагдан хорих тухай ойлголт нь прокурорын яллах дүгнэлт үйлдэгдэж эрүүгийн хэргийг шүүхэд ирүүлж, хэрэг шүүгчид хуваарилагдаж, шүүгч яллагдагчид буюу шүүгдэгчид ямар төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авах вэ гэдэг ойлголтоос өөр ойлголт болох талаар хуульд зааж өгч тодорхойлжээ. Тухайлбал мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид гомдол гарсан тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, түүний эзгүйд томилсон шүүгч уг гомдлыг хянаж шийдвэрлэнэ гэж заасан байна. ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  О.Ж яллагдагч М.М, түүний өмгөөлөгч Ж.Г нарын гаргасан гомдлыг хянаад 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ЕШЗ/1053, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ЕШЗ/1140, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ЕШЗ/1271, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ЕШЗ/95 дугаар “Гомдол хэлэлцэх тухай” захирамжаар тус тус шийдвэрлэсэн байна. Харин прокурорын яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэргийн тухайд шүүгч хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлж, тухайн шүүгдэгчид ямар төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаарх аливаа шийдвэрт Ерөнхий шүүгч болон бусад шүүгч нөлөөлөх, хөндлөнгөөс оролцож болохгүй гэж хуульд тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн шийдвэр нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй” гэж тодорхой заажээ. Мөн зүйлийн 1-д “Прокурор, оролцогч энэ хуулийн 12.3, 13.1, 13.2, 13.5, 13.7, 14.4, 14.5, 14.13, 19.2, 19.3 дугаар зүйл, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 3 хоногийн дотор гомдол гаргаж болно” гэж ямар тохиолдолд гомдол гаргах болон гарахгүй талаар тодорхой хуульчлан зааж өгч нарийвчлан зохицуулсан байна. Сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хянан үзвэл 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 199 дугаартай захирамжаар М.М яллагдагчаар анх цагдан хорьсон байх бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 172 хоног цагдан хорьсон байна. Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 238-ө дугаартай захирамжаар яллагдагч М.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн өөрчилж шийдвэрлэжээ.

Гэсэн хэдий боловч Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарч уг хэрэгт М.М холбогдуулж, прокурорын саналыг үндэслэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 03 дугаартай захирамжаар 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс түүнийг дахин яллагдагчаар цагдан хорьжээ.

Энэхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч М.М-д авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 265 хоног үргэлжилсэн байна.

Харин ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1911 дүгээр захирамжаар яллагдагч М.М, О.О, Н.Э, Д.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг харьяаллын дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, яллагдагч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг хэвээр үргэлжлүүлж, улмаар ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1565 дугаар захирамжаар яллагдагч М.М, О.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар сунгажээ.

Ийнхүү дээр анхлан дурдсан цагдан хоригдсон 172 хоног дээр энэхүү 265 хоног дээр нэмж тооцоход 437 хоног цагдан хоригдсон болох нь баримтаар тогтоогдож байна.

... дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч М.М, Д.Д, Н.Э, О.О нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлж, шүүгч “Хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх тухай” захирамжийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргаж, яллагдагч М.М, Д.Д, Н.Э, О.О нарт холбогдох эрүүгийн хэрэг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд харьяаллын дагуу 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шилжин ирж, шүүгчид хуваарилагдаж, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн үйл ажиллагаа 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилсэн болох нь баримтаар нотлогдсон болно.

Мөнхүү 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн цагдан хорьсноос хойш 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл түүний цагдан хоригдсон хугацааг тоолоход тэрээр 94 хоног цагдан хоригджээ.

Яллагдагч М.М-ын сүүлд цагдан хоригдоод байгаа 94 хоног болон өмнө хоригдсон 437 хоногийг нэмбэл цагдан хоригдсон нийт хугацаа нь 531 хоног болж байх бөгөөд энэ 531 хоногийг 30 хоногт хуваахад 17 сар 7 хоног болж байгаа болох нь дээрх шүүхээс хийгдсэн дурдсан ажиллагаанууд болон шүүгчийн захирамжуудаар тогтоогдож байна. Энэхүү 17 сар 7 хоног дээр анх мөрдөгч сэжигтнээр тооцож шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2 хоногийг нэмж тооцоход 17 сар 9 хоног болж байгаа болно. Иймд 18 сараас илүү хугацаагаар цагдан хоригдсон гэх М.М-н өргөдөл баримтаар нотлогдож тогтоогдоогүй тул ...  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Ж, шүүгч Л.О, Г.З нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв....” гэжээ.

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч О.Ж, шүүгч Л.О, Г.З нар тус хороонд бичгээр ирүүлсэн тайлбартаа:

“... нэгдүгээрт; өргөдөл гаргагчийн өргөдлийн агуулга нь “... шүүхийн шийдвэрлэсэн нэг асуудлын талаар буюу ... яллагдагчийн цагдан хорих нийт хугацаа 18 сараас хэтэрч болохгүй” гэсэн хуулийн заалтын талаар, хоёрдугаарт; Шүүхийн Сахилгын хорооны гишүүн нь “Сахилгын хэрэг үүсгэх тухай” захирамжийг тухайн гурван шүүгчид хамтруулан гаргажээ. Эрүүгийн хэргийн анхан шатны тус шүүх нь “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэсэн эрүүгийн хуулийн зорилго, “Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, түүнчлэн “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлж, хамгаалах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах" гэсэн шүүхийн эрхэм зорилгод нийцүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгааг энэ тайлбарын эхэнд дурдъя. Шүүхийн Сахилгын хороонд өргөдөл гаргаад байгаа М.М-д холбогдох эрүүгийн 200901066... дугаартай, 53 хавтас хэргээс үзвэл: Нийслэлийн ... дүүргийн Прокурорын газраас М.М, Д.Д, О.О, Н.Э гэсэн 4 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг ба Монгол Улсын иргэн, 19.. оны 8 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод төрсөн, ... дүүрэг, ... дүгээр хороо, Тахилтын ... дугаар гудамж, ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэл: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.16 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэг, мөн зүйлийн 181.3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2006 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 14 жил 5 сар 19 хоногийн хорих ялаас өршөөн суллагдсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар нийт 10 жилийн хугацаагаар хорих ялаар, 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 9 сар 8 хоногийн хорих ялын заримыг буюу 5 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 7 жилийн хугацаагаар хорих ялаар, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, УМ......... дугаарын регистртэй, яллагдагч Б овогт М.М-н хувьд тэрээр 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 17:05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Бан Бан" нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт тус газрын ажилтан Ж.С-ын амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолсон энэ хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж дээрэмдэж, бусдад 2.921.000 төгрөгийн хохирол учруулсан, яллагдагч Д.Д, Н.Э нартай бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн ломбард” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хутга хэрэглэж 608.816.010 төгрөгийн эд зүйл, бэлнээр 11.588.000 төгрөгийг буюу нийт 620.404.010 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн, яллагдагч О.О-тэй бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17:00 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тайгын булаг" ХХК-ийн Л-4 салбарын байранд тус компанийн ажилтан Х.Д, Х.Д, Ж.Б нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэсэн довтолсон энэ хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, бусдад 1.189.428.782 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогдож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан байдаг. Яллагдагч нарын холбогдсон эдгээр хэргүүд “Бүх нийтийн бэлэн байдал, өндөржүүлсэн зэрэгт шилжсэн” цаг хугацаанд буюу “Ковид-19” цар тахлын үед үйлдэгдсэн байдгийг онцлон тэмдэглэе. Нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2020 оны 3 дугаар сарын 28, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрүүдэд үйлдэгдсэн гэмт хэргийн шинжтэй дээрх үйлдлүүдийн дараа буюу 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 199 дугаартай захирамжаар Б овогт М.М-ыг яллагдагчаар анх цагдан хорьжээ. Тэрээр 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 172 хоног цагдан хоригдсон байна. Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 238-ө дугаартай захирамж гаргаж, яллагдагч М.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн өөрчилж шийдвэрлэжээ. Харин Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарснаар уг хэрэгт Боржигон овогт М.М-ыг холбогдуулж, прокурорын саналыг үндэслэн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 03 дугаартай захирамжаар 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс түүнийг дахин яллагдагчаар цагдан хорьсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч М.М-д авагдсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 265 хоног үргэлжилж, дээр дурдсан 172 хоногийг нэмж тооцоход 437 хоног цагдан хоригджээ. Түүний яллагдагчаар цагдан хоригдсон хугацаа 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр биш 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөр тооцогдох болсон шалтгаан нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч М.М, Д.Д, Н.Э, О.О нарт холбогдох эрүүгийн 2009010660...  дугаартай хэрэгт Яллах дүгнэлт үйлдэж, уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ирүүлсэн байдаг ба тус шүүхийн шүүгч “Хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх тухай” захирамжийг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан байна. Улмаар яллагдагч М.М, Д.Д, Н.Э, О.О нарт холбогдох эрүүгийн 2009010660... дугаартай хэрэг ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд харьяаллын дагуу 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ирснээр уг хэрэг тус  шүүхийн шүүгчид  хуваарилагдаж,   нэр   бүхий   яллагдагч   нарыг  шүүхэд шилжүүлж, шат шатны шүүхийн үйл ажиллагаа нь /үүнд: анхан шат, давж заалдах шат/ 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 1 жил орчим хугацаанд үргэлжилсэн байна. Тухайлбал, хэрэг хуваарилагдаж, хэргийг хүлээн авсан ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 1565 дугаартай захирамжаар нэр бүхий яллагдагч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгч захирамжийн “Захирамжлах” хэсгийн 2 дахь заалтдаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй” гэж дурджээ. “Урьдчилсан хэлэлцүүлэг товлох тухай" шүүгчийн 1687 дугаартай захирамж 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, “Хэргийг прокурорт буцаах тухай" шүүгчийн 1742 дугаартай захирамж 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, “Прокурорын эсэргүүцэл” 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 74 дугаартай магадлал 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, “Шүүх хуралдааны тов тогтоох тухай" шүүгчийн 33 дугаартай захирамж 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр, “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай" шүүхийн 36 дугаартай тогтоол 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр, “Шүүх хуралдааны товыг хойшлуулах тухай" шүүхийн тогтоол 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр, “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай" шүүхийн 62 дугаартай тогтоол 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр, “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай" шүүхийн 71 дугаартай тогтоол 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр, “Хэргийг прокурорт буцаах тухай" шүүхийн 76 дугаартай тогтоол 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр, “Прокурорын эсэргүүцэл" 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 834 дугаартай магадлал 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр, Анхан шатны шүүхэд “Хэрэг хүргүүлэх тухай” Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2/1381 тоот албан бичиг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт “Хэрэг хүргүүлэх тухай” Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1/897 тоот албан бичиг гэсэн эдгээр эрх зүйн актууд нь яллагдагч М.М нарт холбогдох хэрэг тухайн цаг хугацаанд "мөрдөн шалгах ажиллагаа"-нд биш "шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа"-нд байсныг нотолсон баримтууд юм. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт хэргийг хүргүүлснээр мөрдөн шалгах ажиллагаа дахин үргэлжилж, мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий яллагдагч нарыг цагдан хорих тухай саналыг прокурор шүүхэд гаргаснаар тухайн өдөртөө Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 259 дугаартай захирамжаар яллагдагч М.М-д “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Яллагдагч М.М-ыг 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн цагдан хорьсноос хойш буюу 2023 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар түүний цагдан хоригдсон хугацааг тоолоход тэрээр 94 хоног цагдан хоригджээ. Яллагдагч М.М-ын сүүлд цагдан хоригдоод байгаа 94 хоног дээр, дээр дурдсан 437 хоногийг нэмж тоолбол түүний цагдан хоригдсон нийт хугацаа 531 хоног болж байх бөгөөд энэ 531 хоногийг 30 хоногт хувааж үзэхэд "бүгд 17 сар 7 хоног" гэсэн хугацаа гарч байна. “бүгд 17 сар 7 хоног" гэсэн энэ хугацаан дээр М.М-г 2020 оны 4 дүгээр сарын 04- ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2 хоногийг нэмж тоолбол “17 сар 9 хоног” болох юм. Дээрх нөхцөл байдлуудаар яллагдагч М.М “... 18 сараас илүү хугацаагаар цагдан хоригдсон” гэдэг нь үгүйсгэгдэнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд “яллагдагч” гэж хэнийг хэлэх, түүний эдлэх эрх, хүлээх үүргийг хуульчилсан байдаг ба тухайн яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд энэ эрх, үүрэг “шүүгдэгч”-д мөн адил хамааралтай. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэлийн дагуу яллагдагчийг “цагдан хорих” тухай ойлголт нь прокурорын яллах дүгнэлт үйлдэгдэж эрүүгийн хэргийг шүүхэд ирүүлснээр уг хэрэг хэн нэгэн шүүгчид хуваарилагдаж, улмаар тухайн шүүгч нь яллагдагчид /шүүгдэгчид/ ямар төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авах вэ гэдэг ойлголтоос тэс өөр ойлголт юм. Тодруулбал; “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуулиар харьяалуулсан асуудлыг шүүх хянан шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчид “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид гомдол гарсан тохиолдолд дээр дурдсанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгч, түүний эзгүйд томилсон шүүгч уг гомдлыг хянаж шийдвэрлэдэг бол прокурорын яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн, улмаар шүүгч хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлж, тухайн шүүгдэгчид ямар төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаарх аливаа шийдвэрт Ерөнхий шүүгч болон бусад шүүгч нөлөөлөх, хөндлөнгөөс оролцож болохгүй. Энэ ч утгаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн шийдвэр нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй” гэж хуульчилсан. Хууль хэрэглээний нэг жишээ нь прокуророос яллах дүгнэлт үйлдсэн М.М нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч 1565 дугаартай захирамж гаргахдаа "Захирамжлах" хэсгийн 2 дахь заалтад "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй" гэсэн байдаг нь хуулийн дээрх заалттай нийцнэ. Өнөөдрийн байдлаар яллагдагч М.М, Д.Д, Н.Э, О.О нарт холбогдох эрүүгийн хэрэг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэгдэж 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд ирсэн, уг хэрэг шүүгчид хуваарилагдан, тухайн шүүгчээс 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр “Яллагдагч нарын цагдан хорих хугацааг сунгах” тухай 208 дугаартай захирамж гаргасан болохыг мөн дурдъя. Шүүгч бидний хамтран гаргаж буй энэ тайлбар дээр Ерөнхий шүүгчийн хувьд нэмэлт тайлбар хэлэхэд “Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “... Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг, маргаантай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглоно” гэж заасныг мөн дурдах нь зүйтэй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

М.М-н ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Ж, Л.О, Г.З нарт холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдийн ГЗҮ/2023/0010 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Ж, Л., Г.З нарт холбогдох 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0027 дугаартай санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна.  

Сэжигтэн Б овогт М.М-г 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 17:05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Бан Бан" нэртэй барьцаалан зээлдүүлэх газрын ажилтанд үл таних хүн хутга тулган манан хөөрөг 1 ширхэг, бүрмэл алтан нуухтай цайвар бор өнгийн хөөрөг 1 ширхэг, бэлнээр 940.970 төгрөгийг дээрэмдэн авч явсан гэх хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдож байх тул шүүхийн зөвшөөрөлгүйгээр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын  хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн Эрүүгийн ахлах мөрдөгч, Цагдаагийн Ахлах дэслэгч Д.Б 2020.04.01-ний өдрийн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай” тогтоолоор анх баривчилсан байна.  

Яллагдагч Б овогт М.М-г 2020 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 17:05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Бан Бан" нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт тус газрын ажилтан Ж.С-ын амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолсон энэ хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж дээрэмдэж, бусдад 2.921.000 төгрөгийн хохирол учруулсан,

яллагдагч Д.Д, Н.Э нартай бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн ломбард” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хутга хэрэглэж 608.816.010 төгрөгийн эд зүйл, бэлнээр 11.588.000 төгрөгийг буюу нийт 620.404.010 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн гэх гэмт хэргүүдэд холбогдож, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж,

Нийслэлийн Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрүүдэд 2020 оны 3 дугаар сарын 28, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрүүдэд үйлдэгдсэн гэмт хэргийн шинжтэй дээрх үйлдлүүдийн дараа 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” 199 дүгээр захирамжаар М.М-г яллагдагчаар анх 2020.04.06-ны өдрөөс 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.05.06-ны өдрийн 199-1 дүгээр захирамжаар 2020.05.06-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 /нэг/ сарын хугацаагаар сунгаж,

 ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.06.03-ны өдрийн 238 дугаар захирамжаар 2020.06.06-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 /нэг/ сарын хугацаагаар сунгаж,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.07.03-ны өдрийн 238 дугаар захирамжаар 2020.07.03-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 /нэг/ сарын хугацаагаар сунгаж,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.08.05-ны өдрийн 238-4 дүгээр захирамжаар 2020.08.06-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 /нэг/ сарын хугацаагаар сунгаж,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.09.03-ны өдрийн 238-5 дугаар захирамжаар 2020.09.06-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 /нэг/ сарын хугацаагаар сунгаж,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.09.24-ний өдрийн 238-ө дүгээр захирамжаар яллагдагч М.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2020.09.25-ны өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих байрнаас даруй суллахаар шийдвэрлэсэн.

Яллагдагч М.М нь О.О-тэй бүлэглэн нийгмийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 17:00 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Тайгын булаг" ХХК-ийн Л-4 салбарын байранд тус компанийн ажилтан Х.Д, Х.Д, Ж.Б нарын амь биед аюултайгаар хүч хэрэглэсэн довтолсон энэ хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл болох хутга хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, бусдад 1.189.428.782 төгрөгийн хохирол учруулсан тул

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.12.29-ний өдрийн 03 дугаар захирамжаар яллагдагч М.М-г 2020.12.29-ний өдрөөс эхлэн яллагдагчаар 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорьж,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.01.29-ний өдрийн 03б дугаар захирамжаар яллагдагч М.М-;авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2021.01.29-ний өдрөөс 1 /нэг/ сарын хугацаагаар сунгаж,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.02.26-ны өдрийн 51-я дугаар захирамжаар яллагдагч М.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2021.03.01-ний өдрөөс 1 /нэг/ сарын хугацаагаар сунгаж,

 ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.04.01-ний өдрийн 51-4 дүгээр захирамжаар яллагдагч М.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2021.04.01-ний өдрөөс 1 /нэг/ сарын хугацаагаар сунгаж,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.04.30-ны өдрийн 51-2 дугаар захирамжаар яллагдагч М.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2021.05.01-ний өдрөөс 1 /нэг/ сарын хугацаагаар сунгаж,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.05.31-ний өдрийн 51-3 дугаар захирамжаар яллагдагч М.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2021.06.01-ний өдрөөс 1 /нэг/ сарын хугацаагаар сунгаж,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.06.03-ны өдрийн 238 дугаар захирамжаар яллагдагч М.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2021.06.06-ны өдрөөс 1 /нэг/ сарын хугацаагаар сунгаж,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.06.28-ны өдрийн 51-7 дугаар захирамжаар яллагдагч М.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2021.07.01-ний өдрөөс 1 /нэг/ сарын хугацаагаар сунгаж,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.07.30-ны өдрийн 51-8 дугаар захирамжаар яллагдагч М.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2021.08.01-ний өдрөөс 1 /нэг/ сарын хугацаагаар сунгаж,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.08.30-ны өдрийн 51-9 дүгээр захирамжаар яллагдагч М.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2021.09.01-ний өдрөөс 1 /нэг/ сарын хугацаагаар сунгаж,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.09.03-ны өдрийн 238-5 дугаар захирамжаар яллагдагч М.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2021.09.06-наас эхлэн яллагдагчаар 1 /нэг/ сарын хугацаагаар сунгаж,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.09.20-ны өдрийн 1911 дүгээр захирамжаар яллагдагч М.М, О.О, Н.Э, Д.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг харьяаллын дагуу ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, яллагдагч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг хэвээр үргэлжлүүлж,

...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021.09.23-ны өдрийн 962 дугаар захирамжаар М.М, О.О, Н.Э, Д.Д нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулж,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.09.23-ны өдрийн 1565 дугаар захирамжаар яллагдагч М.М, О.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар сунгаж,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021.10.08-ны өдрийн 1011 дүгээр захирамжаар яллагдагч М.М, О.О, Н.Э, Д.Д нарыг шүүхэд шилжүүлэх хугацааг 30 /гуч/ хоногоор сунгаж,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1687 дугаар захирамжаар Урьдчилсан хэлэлцүүлэг товлон зарлаж,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.11.03-ны өдрийн “Хэргийг прокурорт буцаах тухай” 1742 дугаар захирамжаар яллагдагч М.М, О.О, Н.Э, Д.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг .... дүүргийн прокурорын газарт буцааж, М.М, О.О нарт урьд авсан цагдан хорих, Н.Э, Д.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.11.03-ны өдрийн “Хэргийг прокурорт буцаах тухай” 1742 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор эсэргүүцэл бичиж, уг 2021.12.02-ны өдрийн 38 дугаартай прокурорын эсэргүүцлийг 2022.01.13-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 74 дугаартай магадлалаар 1742 дугаар захирамжийг хүчингүй болгож, яллагдагч М.М, О.О, Н.Э, Д.Д нарт холбогдох хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас хэлэлцүүлэхээр шүүхэд буцаажээ.

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022.02.21-ний өдрийн 192 дугаар захирамжаар М.М, О.О, Н.Э, Д.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагч, бүрэлдэхүүн томилсон шийдвэрийг албажуулж, шүүгч 2022.03.07-ны өдрийн 33 дугаар захирамжаар шүүх хуралдааны тов тогтоож, шүүх хуралдаан эхлэх хүртэл шүүгдэгч Н.Э, Д.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч М.М, О.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.16-ны өдрийн 36 дугаар тогтоолоор шүүх хуралдааныг хойшлуулж, шүүдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.05-ны өдрийн тогтоолоор шүүх хуралдааныг хойшлуулж, шүүдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.09-ний өдрийн 62 дугаар тогтоолоор шүүх хуралдааныг хойшлуулж, шүүдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.24-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор шүүх хуралдааныг хойшлуулж, шүүдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.24-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор шүүх хуралдааныг 2022.05.31-ний өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.31-ний өдрийн 76 дугаар тогтоолоор шүүгдэгч М.М, О.О, Н.Э, Д.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг ... дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийджээ.

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.31-ний өдрийн 76 дугаар тогтоолыг эс зөвшөөрч прокурор 2022.06.22-ны өдөр 32 дугаартай эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022.08.18-ны өдөр хянаад  834 дүгээр магадлалаар ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.31-ний өдрийн 76 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгожээ.

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.09.30-ны өдрийн 259 дүгээр захирамжаар яллагдагч М.М-г 2022.09.30-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих 1 /нэг/ сарын хугацаагаар цагдан хорьж,

тус 259 дүгээр захирамжийг эс зөвшөөрч яллагдагч М.М, түүний өмгөөлөгч Ж.Г нар гомдол гаргасныг ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч 2022.10.10-ны өдөр хянан хэлэлцээд Ерөнхий шүүгчийн 1053 дугаар захирамжаар гомдлыг хангахгүй орхиж, 259 дүгээр захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.10.28-ны өдрийн 259а дугаар захирамжаар яллагдагч М.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2022.10.30-ны өдрөөс 1 /нэг/ сарын хугацаагаар сунгаж,

тус 259а дугаар захирамжийг эс зөвшөөрч яллагдагч М.М, түүний өмгөөлөгч Ж.Г нар гомдол гаргасныг ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч 2022.11.03-ны өдөр хянан хэлэлцээд гомдлыг хангахгүй орхиж, 259а дугаар захирамжийг хэвээр үлдээж 1140 дугаар захирамж гаргасан байна.

 ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.11.30-ны өдрийн 259б дугаар захирамжаар яллагдагч М.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2022.11.30-ны өдрөөс 1 /нэг/ сарын хугацаагаар сунгаж,

тус 259а дугаар захирамжийг эс зөвшөөрч яллагдагч М.М, түүний өмгөөлөгч Ж.Г нар гомдол гаргасныг ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч 2022.12.06-ны өдөр хянан хэлэлцээд гомдлыг хангахгүй орхиж, 259б дугаар захирамжийг хэвээр үлдээж 1271 дүгээр захирамж гаргасан байна.

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.12.30-ны өдрийн 13 дугаар захирамжаар шүүхийн хэлэлцүүлгийг хойшлуулж, шүүхийн хэлэлцүүлэг хүртэл яллагдагч М.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.01.02-ны өдрийн 15 дугаар захирамжаар яллагдагч М.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2023.01.02-ны өдрөөс эхлэн 28 /хорин найм/ хоногийн хугацаагаар сунгаж,

тус 15 дугаар захирамжийг эс зөвшөөрч яллагдагч М.М, түүний өмгөөлөгч Ж.Г нарын гаргасан шүүх хуульд заасан 18 сараас илүү хугацаагаар яллагдагчийг цагдан хорьж байна гэх гомдлыг ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч 2023.01.12-ны өдөр хянан хэлэлцээд яллагдагч М.М-ын цагдан хоригдсон нийт хугацааг нэг бүрчлэн тоолж үзвэл 531 хоног байх бөгөөд энэ 531 хоногийг 30 хоногоор хувааж үзэхэд 17 сар 7 хоног гэсэн хугацаа гарч байх тул 18 сараас илүү хугацаагаар цагдан хоригдсон гэдэг нь үгүйсгэгдэж байна гэж үзэж яллагдагч М.М, түүний өмгөөлөгч Ж.Г нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, дээрх 15 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг.

Нэг. М.М-ын өргөдөлд дурдагдсан : “......-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.О нь 2022.09.30-ны өдрийн 2022/ЦХШЗ/259 дугаартай 2022.10.28-ны өдрийн 2022/ЦХШЗ/259А дугаартай, 2022.11.30-ны өдрийн 2022/ЦХШЗ/259Б дугаартай шүүгчийн захирамжуудаараа миний яллагдагчаар цагдан хоригдсон хугацааг үргэлжлүүлэн сунгаж ЭХХШХТ-ийн 14.10-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан илт тодорхой заалтыг ноцтой, удаа дараа зөрчсөн....”, “...Мөн шүүгч Г.З нь 2023.01.02-ны өдрийн 2022/ЦХШЗ/15 дугаартай захирамжаараа мөн цагдан хорих хугацааг үргэлжлүүлэн сунгаж дээр дурдсан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөнөөс гадна 2022.12.30-ны өдрийн 2022/ЦХШЗ/13 дугаартай захирамжаараа миний цагдан хорих хугацааг тодорхойгүйгээр үргэлжлүүлэх, уг шийдвэртээ гомдол гаргах эрхгүй гэж дурдах зэргээр ЭХХШТХ-ийн 14.10-р зүйлийн 2 дахь хэсэгт “... хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгаж..., 14.13-р зүйлийн 9 дэх хэсэгт “...шүүх... гомдол гаргах эрхтэйг... танилцуулна” гэж, 14.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...оролцогч энэ хуулийн ...14.13-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл ...гомдол гаргаж болно” гэж тус тус заасан илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн. Өөрөөр хэлбэл уг шүүгч 2022.12.30-ны өдрийн 2022/ЦХШЗ/13 дугаартай захирамжаараа шүүхийн хэлэлцүүлгийг хойшлуулах тухай хэлэлцүүлэг гарсан атлаа уг шийдвэртээ намайг цагдан хорих хугацааг сунгахтай холбоотой ямар нэгэн хуулийн үндэслэл заагаагүй, удирдлага болгоогүйгээр буюу хуульд хуульчлагдаагүй хууль бус практик бий болгож хугацаагүйгээр цагдан хорих хугацааг сунгасан нь шүүгч гагцхүү хуульд захирагдах зарчмыг зөрчсөн...” гэх үндэслэлийн тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хянан үзвэл 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 199 дугаартай захирамжаар М.М-г яллагдагчаар анх цагдан хорьсон байх бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл шүүгчийн 5 удаагийн захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан байх ба, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн      238-ө дугаартай захирамжаар яллагдагч М.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих байрнаас суллаж шийдвэрлэх хүртэл нийт 172 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ үргэлжилсэн байна.

... дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл гарснаар уг хэрэгт М.М-г холбогдуулан прокурорын саналыг үндэслэн ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 03 дугаартай захирамжаар 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс түүнийг яллагдагчаар татан дахин цагдан хорьжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч М.М-д авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 10 удаагийн шүүгчийн захирамжаар сунгаж, нийт 265 хоног үргэлжилжээ.

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 1911 дүгээр “Хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжаар яллагдагч М.М, О.О, Н.Э, Д.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг харьяаллын дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, яллагдагч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг хэвээр үргэлжлүүлж, улмаар ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 962 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүн томилсон шийдвэрийг албажуулж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1565 дугаар захирамжаар яллагдагч М.М, О.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар сунгажээ.

... дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч М.М, Д.Д, Н.Э, О.О нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, уг хэргийг ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүргүүлж, шүүгч “Хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх тухай” захирамжийг 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргаж, яллагдагч М.М, Д.Д, Н.Э, О.О нарт холбогдох эрүүгийн хэрэг ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд харьяаллын дагуу 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шилжиж, шүүгчид хуваарилагдсан хугацаанаас хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3-т “...эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна” гэж заасан зохицуулалт үйлчилнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “14.1 дүгээр зүйлийн 1-т “Яллагдагч, шүүгдэгчид энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу дараах таслан сэргийлэх арга хэмжээ авна: ...1.5.цагдан хорих;... 2-т “Мөрдөн байцаалтын явцад энэ зүйлийн 1.1, 1.4, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг прокурор, энэ зүйлийн 1.1-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг мөрдөгч авна”,     3-т “Мөрдөн байцаалтын явцад энэ зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн зөвшөөрлөөр, эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6-д заасан таслан сэргийлэх арга хэмжээг шүүх авна.” гэж тус тус зохицуулсан.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10-т заасан Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацааг зохицуулсан зохицуулалт нь эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд хамаарах бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дуусгавар болж, хэргийг шүүхэд шилжүүлснээр тус хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-т заасан “...18 сараас хэтэрч болохгүй” гэх зохицуулалт хамаарахгүй болж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад шүүх цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг шийддэг гэж ойлгоно.

Иймд дээрх 18 сарын хугацаанд хамаарах хугацаа нь тус хэргийн хувьд шүүхэд шилжүүлэх хүртэлх хугацаа буюу нийт мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдсон өмнө дурдсан 172 хоног болон 265 хоног хамаарах ба нийлүүлж тооцвол 437 хоног цагдан хоригдсон болох нь баримтаар тогтоогдсон байна.

Энэхүү 437 хоногийг сараар тооцвол 14 сар 6 хоног болж байх ба үүн дээр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан 2 хоногийг нэмж тооцвол 14 сар, 8 хоног гарч байх тул “...18 сараас илүү хугацаагаар цагдан хоригдсон...” гэх М.М-н өргөдлийн үндэслэлээр ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Ж, шүүгч Л.О, Г.З нарыг буруутгах боломжгүй юм.

Хоёр. “Ерөнхий шүүгч О.Ж нь 2022.10.10.-ны өдрийн 2022/ЕШЗ/1053, 2023.01.12-ны өдрийн 2023/ЕШЗ/95 дугаартай захирамжуудаараа дээр дурдсан нэр бүхий шүүгч нарын хууль ноцтой зөрчсөн захирамжуудыг хэвээр үлдээж, ЭХХШТХ-ийн 14.10-р 2 дахь хэсэгт заасан илт тодорхой заалтыг ноцтой, удаа дараа зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд:

... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Ж яллагдагч М.М, түүний өмгөөлөгч Ж.Г нарын гаргасан гомдлыг хянаад 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ЕШЗ/1053, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ЕШЗ/1140, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ЕШЗ/1271, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ЕШЗ/95 дугаар “Гомдол хэлэлцэх тухай” захирамжаар тус тус шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1-д “Прокурор, оролцогч энэ хуулийн 12.3, 13.1, 13.2, 13.5, 13.7, 14.4, 14.5, 14.13, 19.2, 19.3 дугаар зүйл, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 3 хоногийн дотор гомдол гаргаж болно”,  2-т “Анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн шийдвэр нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй”, 3-т “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгч дангаар гаргасан шийдвэрийн талаарх гомдлыг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, түүний эзгүйд томилсон шүүгч даруй хянан шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэр эцсийн байна” гэж тус тус зохицуулсан.

Дээрх зохицуулалтын хүрээнд өргөдөл гаргагчийн өргөдлийн үндэслэлд дурдагдсан “...2022.10.10.-ны өдрийн 2022/ЕШЗ/1053, 2023.01.12-ны өдрийн 2023/ЕШЗ/95 дугаартай захирамжууд...” -аар шийдвэрлэсэн гомдол нь тус эрүүгийн  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд шилжсэнээс хойш гаргасан гомдол байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3-т заасан зохицуулалт үйлчлэхгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 15.8 дугаар зүйлийн 1-д ямар тохиолдолд шүүхийн шийдвэрт гомдол гаргах болон гаргахгүй талаар тодорхой хуульчлан зааж, нарийвчлан зохицуулсан бөгөөд гомдол гаргах боломжтойгоор зохицуулсан шүүхийн шийдвэрт тус хуулийн 14.10-т заасан буюу Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой шийдвэр хамаарахааргүй байна.

Ерөнхий шүүгч О.Ж нь удаа дараагийн “гомдол хэлэлцэх тухай” ерөнхий шүүгчийн захирамжууддаа хууль хэрэглээний дээрх ойлголтын талаар тайлбарласан байх ба шүүгч нь өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд захирамж гаргажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас Ерөнхий шүүгч О.Ж нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Иймд, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0027 дугаартай саналыг хүлээн авч, ...  дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Ж, шүүгч Л.О, Г.З нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0027 дугаартай саналыг хүлээн авч,... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Ж, шүүгч Л.О, Г.З нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Д.МЯГМАРЦЭРЭН

ГИШҮҮН                                     О.НОМУУЛИН

Х.ХАШБААТАР