МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-04-25
Дугаар 57
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн О.Номуулин, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн-нарийн бичгийн дарга Г.Болортуяа, өргөдөл гаргагч “ТТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Р.Ү, Б.Д, Ц.Д нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0045 дугаартай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “1. Ерөнхий шүүгч Б.Б нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн .../ШШ2020/00980 дугаар шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлгүйгээр гаргасан гэх тухайд: Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч “ТТ” ХХК-д холбогдуулан 6.359.280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахад Ерөнхий шүүгч Б.Б нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн .../ШШ2020/00980 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “...нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “ТТ” ХХК-ийн захирал О.У-тэй байгуулсан 03/19 тоот ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгожээ. ...Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №14-07-030/101 дугаартай дүгнэлтээр “ТТ” ХХК нь Т.Б-гаар явган замын шинэчлэлтийн ажлын 1788,05 м.кв талбайг хийж гүйцэтгүүлсэн. ...”ТТ” ХХК, “Новый мираж” ХХК-ийн хооронд 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 15000 м.кв талбайтай явган хүний замын ажлыг хийж гүйцэтгэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба “ТТ” ХХК нь тухайн өдрөө Т.Б-тай явган хүний замын ажлыг хийж гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан байна. ...Энэхүү ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна” гэж дүгнэсэн байна. Мөн тухайн өдрийн 980 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар талын 5 дугаар догол мөрөөс даргалагч "хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна уу” гэж асуухад хариуцагчийн төлөөлөгч “зөвшөөрч байна. Хэмжилт хийж гарч ирсэн үнийн дүнг зөвшөөрч байна.” гэж хэлсэн нь тэмдэглэгджээ. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт “хуулийн этгээдийн удирдах байгууллагын эрх зүйн байдлыг хууль буюу үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно”, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт “хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна“, мөн хуулийн 83.8 дахь хэсэгт “гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасан. Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийг этгээдийг төлөөлөх зарим асуудлын тухай” зөвлөмжийн 3 дугаар зүйлд “хуулийн этгээдийн удирдлагын эрх нь албан тушаалтны бүрэн эрхийг нотолсон баримт бичгээр /хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан баримт, дүрмээр, албан тушаалд томилсон тушаал г.м/ тодорхойлогдоно” гэжээ. Тухайн өдрийн шүүх хуралдаанд хариуцагч “ТТ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирал О.У биечлэн оролцсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж заасны дагуу өөрөө нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар хуудсанд бичигдсэнээр тогтоогдож байна. Тус шүүхийн .../ШШ2020/00980 дугаар шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон нь холбогдох шүүгч нарын хариу тайлбар, тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн .../ШШ2022/00521 дүгээр шийдвэрийн 6 дугаар талын 3 дугаар догол мөрт “...ТТ ХХК-иас 6.359.280 төгрөгийг Т.Б-д олгохоор шийдвэрлэн, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж дүгнэсэн болон өргөдөлд “...Хариуцагч “ТТ” ХХК нь энэ илүү ажлын мөнгийг “Новый мираж” ХХК-иас нэхэмжлэн гаргуулаад Т.Б-тай учраа олж болно гэж үзээд шүүхийн шийдвэрт давж заалдаагүй...” гэснээр тус тус нотлогдож байна. Шүүхийн шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд Ерөнхий шүүгч Б.Б-г хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлгүйгээр шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна. 2. Тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн .../ШШ2020/00980 дугаар шийдвэр болон 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн .../ШТ2022/00186 дугаар тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн гэх тухайд: Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд тус шүүхийн .../ШШ2020/0980 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа “ТТ” ХХК нь “Новый мираж” ХХК-д холбогдуулан 9.539.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгч Л.А даргалан хэлэлцэж .../ШШ2022/00521 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу 4.531.600 төгрөгийг хангаж, үлдэх 5.007.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Уг шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргасныг ... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, 207/МА2022/00066 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч “Новый мираж” ХХК-иас 5.913.600 төгрөгийг гаргуулж, үлдэх 3.625.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Тухайн магадлалыг хариуцагч тал эс зөвшөөрч хяналтын гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн 001/ШХТ2022/00908 дугаар тогтоолоор “...хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар дөрөв, түүнээс дээш шүүгч санал гаргаагүй, уг гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан аль ч үндэслэлд хамаарахгүй байна” гэж үзэн хэлэлцүүлэхээс татгалзсанаар давж заалдах шатны шүүхийн 207/МА2022/00066 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ. “ТТ” ХХК нь “2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн .../ШШ2020/00980 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” хүсэлтийг ... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 207/МА2022/00066 дугаар магадлал хүчин төгөлдөр болсны дараа буюу 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Хүсэлт нь тус шүүхийн шүүгчийн зөвлөгөөний 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “...шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлт, ...тохиолдолд өмнө шийдсэн шүүгчийг алгасан Иргэн-2014 нэгдсэн системээс хэрэг хуваарилах журмын дагуу тогтоосон шүүгчдийн нэрсийн дарааллын дагуу гараар хуваарилах аргаар хуваарилна” гэж зааснаар шүүгч Ц.Дд хуваарилагдан, мөн журмын 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт “...гомдлыг хэлэлцэх шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд адил шатны өөр шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөж, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар өөр шүүхийн шүүгчийг томилж оролцуулна” гэж зааснаар 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Д даргалж, ... аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.О, Л.Х нарын бүрэлдэхүүнтэйгээр уг хүсэлтийг хэлэлцээд 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн .../ШТ2022/00124 дүгээр шүүхийн тогтоолоор “анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн .../ШШ2020/00980 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай” хүсэлтийг хангахаас татгалзан шийдвэрлэжээ. Тухайн өдрийн шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч “...шүүхийн .../ШШ2022/00521 дүгээр шийдвэрт хариуцагчийн өмгөөлөгч н.Г гомдол гаргаад Улсын дээд шүүхэд очсон юм байна. Хяналтын гомдол гарсан тухай нэхэмжлэгч буюу өмгөөлөгч нь ямар нэгэн байдлаар мэдээгүй, өнөөдөр мэдэж байгаа тул өнөөдөр хүсэлтийг хэлэлцэх боломжгүй байгаа учраас шүүх бүрэлдэхүүн шинээр илэрсэн нөхцөл байдлын хувьд .../ШШ2022/00521 дүгээр шийдвэртэй хэсгээс энэ нотлох баримтыг судлуулах хүсэлтийг шийдвэрлээд, хэрэг Улсын дээд шүүхээс иртэл шүүх хуралдааныг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлттэй байна” гэсэн нь 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 124 дугаартай тэмдэглэлийн 2 дугаар талын 8 дугаар догол мөрөөс бичигдсэн байна. Шүүхийн .../ШТ2022/00124 дүгээр тогтоолоор “...хүсэлт гаргагч нь шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах болсон үндэслэлээ тус шүүхийн .../ШШ2020/00980 дугаар шийдвэр гарснаас хойш “ТТ” ХХК, “Новый мираж” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн .../ШШ2022/00521 дүгээр шийдвэр, ... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 207/МА2022/00066 дугаар магадлалаар тус тус шийдвэрлэсэн. Уг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад тулгуурлан тус шүүхийн .../ШШ2020/00980 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах үндэслэл болж байгаа... Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Р.Н-н тайлбараар .../ШШ2022/00521 дүгээр шийдвэртэй хэрэг нь Улсын дээд шүүхэд хянагдаж байгаа болох нь тогтоогдож байна” гэж үзээд тогтоолын 1 дүгээр заалтаар “хүсэлтийг хангахаас татгалзаж”, 2 дугаар заалтаар “энэхүү тогтоол нь зохигчийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулахаар хүсэлт гаргахад саад болохгүй” болохыг дурджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэлийг хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.5 дахь хэсэгт “шүүх хүсэлтийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлээд түүнийг хангах, эсхүл хангахаас татгалзах тухай тогтоол гаргана” гэж заасны дагуу шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргасан байна. Дээрх шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхтэй эсэх талаар тодорхой тусгаагүй байх ба энэхүү тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхтэй тогтоолд хамаарахгүй юм. Гэтэл “ТТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М, өмгөөлөгч Р.Н нар 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Шүүхийн тогтоолд гомдол гаргах тухай” гэх гарчигтай “...шүүхийн тогтоол гомдол гаргах эцсийн хугацаа болтол бичгээр гараагүй ба дараах байдлаар илтэд үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасныг үндэслэн гомдол гаргаж байна. ...Шүүх нэгэнт шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулах хүсэлтийг хангахгүй тогтоол гаргасан нөхцөлд тухайн үндэслэлээр дахин хүсэлт гаргах эрх үүсэхгүй тул хэргийг оролцогчдын хуулиар олгосон эрхийг хууль бусаар хязгаарлахад хүрнэ... Иймд хүсэлтийн талаар гаргасан тус шүүхийн .../ШТ2022/00124 дүгээр тогтоолыг хүчингүй болгон, хүсэлт шийдвэрлэх ажиллагааг хойшлуулсан тогтоол гаргаж өгнө үү” гэх агуулгатай гомдол гаргасан нь шүүгч Л.Үд хуваарилагдсан байна. Гомдлыг тус шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ү даргалж, шүүгч Б.Д, Б.Х нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэн .../ШТ2022/00129 дүгээр тогтоолоор “2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн .../ШШ2022/00521 дүгээр шийдвэртэй иргэний хэрэг нь Монгол Улсын дээд шүүхэд хянагдаж байгаа нь тогтоогдож байна” гэж дүгнэн тус шүүхийн .../ШТ2022/00124 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “хүсэлтийг хангахаас татгалзсугай” гэснийг “хүсэлтийг хэлэлцэхээс татгалзсугай” болгон өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан зөрчил нь “ноцтой”, эсхүл “удаа дараа” гаргасан бол сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан. Шүүгч Ц.Д, Л.Ү, Б.Д нар “ТТ” ХХК-д хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлсэн, эрх зүйн байдлыг нь дордуулаагүй тул шүүгч нарыг ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй. “ТТ” ХХК нь тус шүүхийн .../ШШ2022/00521 дүгээр шийдвэртэй иргэний хэрэг Улсын дээд шүүхээс ирсний дараа 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтээ “ТТ” ХХК дахин гаргасныг шүүх 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3 дугаар тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар шүүгч Л.Ү-д хуваарилагдсан байна. Уг хүсэлтийг хуралдаан даргалагч шүүгч Л.Ү, шүүгч Б.Д, Ц.Д нарын бүрэлдэхүүнтэйгээр 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд .../ШТ2022/00186 дугаар тогтоолоор “...Хүсэлт гаргагч “ТТ” ХХК шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах хүсэлтийн хамт ямар нэгэн баримтыг ирүүлээгүй, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд шүүхийн .../ШШ2022/00521 дүгээр шийдвэртэй иргэний хэрэгт байгаа гэрэлт гудамжны явган хүний замын байршлын схем /Масштаб 1:1500/, гэрэлт гудамжны явган хүний замын ажлын 76/2018 тоот төсөв, гэрэлт гудамжны явган хүний замын ажлын талаар ... аймгийн Засаг дарга, “Новый мираж” ХХК-ийн хооронд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан БЗА-108/19 тоот ажил гүйцэтгэх гэрээ, захиалагч, гүйцэтгэгчийн баталсан явган хүний замын засвар, шинэчлэлтийн график, явган хүний замын засвар, шинэчлэлтийн ажлыг улсын комисс хүлээн авсан 19/02/185 тоот акт зэрэг баримтуудыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болгож байгаа гэж тайлбарлаж байгаа боловч дээрх баримтууд нь .../ШШ2020/00980 дугаар шийдвэрийг гарах үед байсан баримтууд байна. Мөн шүүх хуралдаанд ...зохигч өөрийн олж авах боломжгүй баримтыг бүрдүүлэхээр шүүхэд хүсэлт гаргаагүй ч шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг баримтлан санаачилгаараа бүрдүүлэх боломжтой байсан” гэх агуулга бүхий тайлбар гаргаж байна. Шүүх мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой тохиолдолд баримтыг хэргийг оролцогчийн хүсэлтээр бүрдүүлдэг. Иймд хүсэлт гаргагчийн үндэслэж буй дээрх баримтуудыг шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт гэж үзэхгүй” гэж дүгнээд уг тогтоолын 1 дүгээр заалтаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, 2 дугаар заалтаар тухайн шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй гэж заасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсэгт “хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж байгаа бол олонхын саналаар шийдвэр гаргана” гэж тус тус заасан. Мөн Улсын дээд шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах тухай” зөвлөмжид “...Хэргийн оролцогчид мэдээгүй буюу мэдэх боломжгүй нотлох баримт гэдэг ойлголтын гол шинжүүд нь хэргийг шүүх шийдвэрлэх явцад бодит байдалд байсан боловч хэргийн оролцогч тухайн нөхцөл байдлыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан тул уг байдлыг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, гаргуулах, бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргах боломжгүй байдаг. Энэ нотлох баримт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхад шаардлагатай тул хэргийг анхан шатны журмаар зайлшгүй дахин хянан шийдвэрлэхэд хүргэдэг байна. Харин энэ ойлголт нь хэрэгт авагдаагүй, "шинэ нотлох баримт"-аас ялгаатай. Анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед тухайн нотлох баримтын талаар зохигч мэдэж байсан буюу мэдэх бололцоотой байсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, түүнийг бүрдүүлэх тухай шүүхэд хүсэлт гаргах эрх болон үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа нөхөн гаргасан тохиолдолд шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзэхгүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш тухайн үйл баримтын талаар шинээр бий болсон нотлох баримт нь шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа хэрэгт авагдаагүй шинэ нотлох баримт гаргаж ирүүлэх, зохигчийн хүсэлтээр шүүх нотлох баримтыг бүрдүүлээгүй, эсхүл нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй буюу түүнийг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн гэж гомдол гаргах нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл болохгүй” гэжээ. Иймд шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд олонхын саналаар өөрсдийн дотоод итгэлээр “ТТ” ХХК-ийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийн үндэслэл болгож буй баримтууд нь тус шүүхийн .../ШШ2020/00980 дугаар шийдвэрийг гарах үед байсан баримтууд байна” гэж дүгнэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэнд шүүгч Л.Ү, Б.Д, Ц.Д нарыг буруутгах үндэслэлгүй байх тул тэднийг Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.27-д заасныг зөрсөн гэж үзэхгүй. Түүнчлэн тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б-гийн гаргасан 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн .../ШШ2020/00980 дугаар шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №14-07-030/101 дугаар дүгнэлтийг дурдаж, “...Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, явган хүний замын хашлагын ажлыг оруулж тооцоогүй гэж үзэж байгаа бөгөөд энэ ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэлтэй” гэж үзэн шийдвэрлэсэн байна. Иймд Ерөнхий шүүгч Б.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт “шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 3. Ерөнхий шүүгч Б.Б өөрийн хууль бус шийдвэрийг хамгаалсан шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн .../ШЗ2023/00258 дугаар захирамж гаргаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх тухайд: ... аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн .../ШШ2022/00186 дугаар тогтоолыг эс зөвшөөрч “ТТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М, өмгөөлөгч Р.Н нар 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргасан нь Ерөнхий шүүгч Б.Б-д хуваарилагджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан. Уг хуулийн зохицуулалтаар шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хүсэлт нь гомдол гаргах үндэслэлд хамаарахгүй тул шүүгч гомдлыг хүлээн авч танилцаад шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн .../ШЗ2023/00258 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна. Түүнчлэн Шүүхийн сахилгын хороонд шүүхээс гарсан хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр, шүүхийн тогтоолд хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгөх, шүүхийн шийдвэр, тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох эрхийг хуулиар олгоогүй болохыг дурдах нь зүйтэй. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл өргөдөлд дурдсан асуудлаар ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Л.Ү, Б.Д, Ц.Д нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 50.1.27-д заасан шүүгчид хориглосон зүйлийг зөрчсөн үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул тэдэнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж, Сахилгын хорооны хуралдаанд танилцуулж байна.....” гэжээ.
Ерөнхий шүүгч Б.Б тайлбартаа: “Я.М нь ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн .../ШШ2020/00980 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг гаргасныг хэлэлцээд тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 00186 дугаар тогтоолоор хангахаас татгалзсан. Тус тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхгүй тогтоол байсан бөгөөд эцсийн шийдвэр болсон. Тангараг өргөсөн шүүгчийн хувьд хууль зөрчих, хууль бус үйлдэл хийх эрх хэмжээ байхгүй. Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл байхгүй тул шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн .../ШЗ2023/00258 дугаар захирамжаар шүүхийн тогтоолд гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно. Надад хууль зөрчсөн, илт тодорхой хуулийн заалтыг буруу хэрэглэсэн үйлдэл байхгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгч Л.Ү, Б.Д, Ц.Д нар тайлбартаа: “... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн .../ШШ2020/00980 дугаар шийдвэрээр “ТТ” ХХК-иас 6.359.280 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б-д олгож шийдвэрлэсэн ба зохигчид шийдвэрт гомдол гаргаагүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Харин “ТТ” ХХК дээрх шийдвэрийг гарснаас 1 жил 10 сарын дараа буюу 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр .../ШШ2020/00980 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан хэрэг, нэхэмжлэл хүлээн авах, хуваарилах журмын дагуу шүүгч Ц.Д хүлээн авч, тухайн үед шүүгч нар ээлжийн амралттай байсан тул ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.О, Л.Х нарын бүрэлдэхүүнтэйгээр хүсэлтийг хэлэлцээд 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 00124 дугаар тогтоолоор “...хүсэлт гаргагчийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах үндэслэл болсон гэх нотлох баримт авагдсан иргэний хэрэг нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Иймд ...хүсэлтэд дурдсан шинэ нотлох баримтуудыг тухайн хэрэгт шинэ нөхцөл байдал тогтоосон баримт гэж үнэлэх боломжгүй байх тул хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй. Энэ тогтоол нь нэхэмжлэгч, хариуцагч талуудыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулахад саад болохгүйг дурдаж” шийдвэрлэсэн. Энэхүү тогтоолыг эс зөвшөөрч “ТТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М, өмгөөлөгч Р.Н нар гомдол гаргасныг тус шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 00129 дүгээр тогтоолоор “...шүүхийн .../ШШ2020/00980 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийн үндэслэл болж буй нотлох баримт бүхий .../ШШ2022/00521 дүгээр шийдвэртэй иргэний хэрэг нь Монгол Улсын дээд шүүхэд хянагдаж байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул ...хүсэлтийг хангахаас татгалзсугай гэснийг хүсэлтийг хэлэлцэхээс татгалзсугай гэж өөрчлөлт оруулсан. Тодруулбал, тус шүүхийн .../ШШ2022/00521 дүгээр шийдвэртэй иргэний хэрэг нь Монгол Улсын дээд шүүхэд хянагдаж байсан, хүсэлт гаргагчийн .../ШШ2020/00980 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийн үндэслэл болж буй нотлох баримт нь тус .../ШШ2022/00521 дүгээр шийдвэртэй иргэний хэрэгт байсан тул шүүх тухайн иргэний хэрэг Улсны дээд шүүхээс ирсний дараа дахин хүсэлтээ гаргах боломжийг “ТТ” ХХК-д олгож, хүсэлтийг нь хэлэлцэхээс татгалзсан. Ингээд .../ШШ2022/00521 дүгээр шийдвэртэй иргэний хэрэг Улсын дээд шүүхээс ирсний дараа "ТТ" ХХК 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дахин хүсэлт гаргасаныг шүүгч Л.Ү хүлээн авч, шүүгч Б.Д, Ц.Д нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдаанд “ТТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М, өмгөөлөгч Р.Н, нэхэмжлэгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б нарыг оролцуулан хянан хэлэлцэж, тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн .../ШТ2022/00186 дугаар тогтоолоор “ТТ” ХХК-ийн хүсэлтийг хангахаас татгалзсан. Үндэслэлдээ “...Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт заахдаа шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл, шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт нь хуурамч, эсхүл шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, хэргийн оролцогчийн уг хэргийг хянан шийдвэрлэх үед гаргасан үйлдэл, эс үйлдэхүй эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоосон, шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон шүүхийн шийтгэх тогтоол буюу шийдвэр, эсхүл төр, захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон байх тодорхойлсон байна. “ТТ” ХХК нь хүсэлтийн хамт ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд “...2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн .../ШШ2022/00521 дүгээр шийдвэртэй иргэний хэрэгт байгаа гэрэлт гудамжны явган хүний замын байршлын схем, гэрэлт гудамжны явган хүний замын ажлын төсөв, гэрэлт гудамжны явган хүний замын ажлын талаар ... аймгийн Засаг дарга, “Новый мираж” ХХК-ийн хооронд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан БЗА-108/19 тоот ажил гүйцэтгэх гэрээ, захиалагч, гүйцэтгэгчийн баталсан явган хүний замын засвар, шинэчлэлтийн график, явган хүний замын засвар, шинэчлэлтийн ажлыг улсын комисс хүлээн авсан 19/02/185 тоот акт зэрэг баримтуудыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болгож байгаа” гэж тайлбарлаж байгаа боловч дээрх баримтууд нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн .../ШШ2020/00980 дугаар шийдвэр гарах үед хэрэгт байсан баримтууд байна. Түүнчлэн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...зохигч өөрийн олж авах боломжгүй баримтыг бүрдүүлэхээр шүүхэд хүсэлт гаргаагүй ч шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар санаачилгаараа бүрдүүлэх боломжтой байсан” гэх агуулга бүхий тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Тодруулбал, шүүх мөн зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийг оролцогчийн хүсэлтээр бүрдүүлдэг. Иймд хүсэлт гаргагчийн үндэслэж буй дээрх баримтуудыг шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн. Мөн шүүх хуралдааны явцад хүсэлт гаргагчийн өмгөөлөгчөөс “.../ШШ2020/00980 дугаар шийдвэр гарах үед .../ШШ2022/00521 дүгээр шийдвэртэй хэрэгт байгаа нотлох баримтууд байсан уу” гэж асуухад өмгөөлөгч “байсан” гэж хариулсан ба тус .../ШШ2022/00521 дүгээр шийдвэртэй хэрэгт 2018 оны гэрэлт гудамжны явган хүний замын байршлын схем /Масштаб 1:1500/ нь 2 дугаар хавтас хэргийн 65 дугаар талд, гэрэлт гудамжны явган хүний замын ажлын 76/2018 тоот төсөв нь 1 дүгээр хавтас хэргийн 226-229 дүгээр талд, гэрэлт гудамжны явган хүний замын ажлын талаар ... аймгийн Засаг дарга, “Новый мираж” ХХК-ийн хооронд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан БЗА-108/19 тоот ажил гүйцэтгэх гэрээ нь 1 дүгээр хавтас хэргийн 207-213 дугаар талд, захиалагч, гүйцэтгэгчийн баталсан явган хүний замын засвар, шинэчлэлтийн график нь 1 дүгээр хавтас хэргийн 214 дүгээр талд, явган хүний замын засвар, шинэчлэлтийн ажлыг улсын комисс хүлээн авсан 19/02/185 тоот акт нь 2 дугаар хавтас хэргийн 3-5, 9-11 дүгээр талд авагдсан ба уг баримтууд нь .../ШШ2020/00980 дугаар шийдвэр гарах үед байсан болохыг “ТТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар зөвшөөрдөг. Тэдний үндэслэл болж буй дээрх баримтууд нь шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт биш байсан учраас шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг хангаагүй нь хууль зөрчөөгүй гэж үзэж байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
“ТТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.У-ийн ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Л.Ү, Б.Д, Ц.Д нарт холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ГЗҮ/2023/0018 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Шүүхийн сахилгын хорооны хурлаар илтгэгч гишүүний 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0045 дугаартай саналыг хэлэлцэн хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.
Нэг. Өргөдлийн “...Ерөнхий шүүгч Б.Б нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн .../ШШ2020/00980 дугаар шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлгүйгээр гаргасан...” гэх үндэслэлийн тухайд:
Иргэн Т.Б нь хариуцагч “ТТ” ХХК-д холбогдуулан 6.359.280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, тус иргэний хэргийг Ерөнхий шүүгч Б.Б даргалж, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн .../ШШ2020/00980 дугаар шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн.
Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.5 дахь хэсэгт “хуулийн этгээдийн удирдах байгууллагын эрх зүйн байдлыг хууль буюу үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлно”, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт “хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна“, мөн хуулийн 83.8 дахь хэсэгт “гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасанчлан тухайн өдрийн шүүх хуралдаанд хариуцагч “ТТ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх захирал О.У биечлэн оролцсон байна.
Тус шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт “...нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “ТТ” ХХК-ийн захирал О.У-тэй байгуулсан 03/19 тоот ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгожээ. ...Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №14-07-030/101 дугаартай дүгнэлтээр “ТТ” ХХК нь Т.Б-гаар явган замын шинэчлэлтийн ажлын 1788,05 м.кв талбайг хийж гүйцэтгүүлсэн. ...”ТТ” ХХК, “Новый мираж” ХХК-ийн хооронд 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1500 м.кв талбайтай явган хүний замын ажлыг хийж гүйцэтгэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба “ТТ” ХХК нь тухайн өдрөө Т.Б-тай явган хүний замын ажлыг хийж гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан байна. ...Энэхүү ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна” гэж дүгнэсэн.
Мөн тухайн шүүх хуралдааны 980 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дахь талын 5 дугаар догол мөрөөс Даргалагч: "хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна уу” гэж асуухад хариуцагчийн төлөөлөгч “зөвшөөрч байна. Хэмжилт хийж гарч ирсэн үнийн дүнг зөвшөөрч байна.” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гэж заажээ. Иймд, .../ШШ2020/00980 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Тус шүүхийн .../ШШ2020/00980 дугаар шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон нь холбогдох шүүгч нарын хариу тайлбар, тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн .../ШШ2022/00521 дүгээр шийдвэрийн 6 дугаар талын 3 дугаар догол мөрт “...ТТ ХХК-иас 6.359.280 төгрөгийг Т.Б-д олгохоор шийдвэрлэн, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон” гэж дүгнэсэн болон өргөдөл дэх “...Хариуцагч ТТ ХХК нь энэ илүү ажлын мөнгийг “Новый мираж”
ХХК-иас нэхэмжлэн гаргуулаад Т.Б-тай учраа олж болно гэж үзээд шүүхийн шийдвэрт давж заалдаагүй...” гэсэн зэргээр тус тус нотлогдож байх тул Ерөнхий шүүгч Б.Б-г хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлгүйгээр шүүхийн шийдвэр гаргасан гэж үзэхээргүй байна.
Түүнээс гадна, дээрх асуудлаар иргэн Я.М өргөдөл гаргасныг Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 171 дүгээр магадлалаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
Хоёр. “... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 00980 дугаар шийдвэр болон 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 00186 дугаар тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн шүүгчдийн дур зоргын ажиллагаа болсон” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны .../ШШ2020/0980 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа “ТТ” ХХК нь “Новый мираж” ХХК-д холбогдуулан 9.539.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн .../ШШ2022/00521 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг буюу 4.531.600 төгрөгийг хангаж, үлдэх 5.007.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Уг шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргасныг ... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, 207/МА2022/00066 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт, хариуцагч “Новый мираж” ХХК-иас 5.913.600 төгрөгийг гаргуулж, үлдэх 3.625.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.
Тухайн магадлалыг хариуцагч тал эс зөвшөөрч хяналтын гомдол гаргасан байх ба Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ШХТ2022/00908 дугаар тогтоолоор “...хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар дөрөв, түүнээс дээш шүүгч санал гаргаагүй, уг гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан аль ч үндэслэлд хамаарахгүй байна” гэж үзэн хэлэлцүүлэхээс татгалзсанаар давж заалдах шатны шүүхийн 207/МА2022/00066 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.
“ТТ” ХХК нь “2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн .../ШШ2020/00980 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” хүсэлтийг ... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 207/МА2022/00066 дугаар магадлал гарсны дараа буюу 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаар тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт “...шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлт, ...тохиолдолд өмнө шийдсэн шүүгчийг алгасан Иргэн-2014 нэгдсэн системээс хэрэг хуваарилах журмын дагуу тогтоосон шүүгчдийн нэрсийн дарааллын дагуу гараар хуваарилах аргаар хуваарилна” гэж зааснаар дээрх хүсэлт шүүгч Ц.Д-д хуваарилагдсан байх ба мөн журмын 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт “...гомдлыг хэлэлцэх шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тохиолдолд адил шатны өөр шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөж, тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар өөр шүүхийн шүүгчийг томилж оролцуулна” гэж зааснаар 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Д даргалж, ... аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.О, Л.Х нарын бүрэлдэхүүнтэйгээр уг хүсэлтийг хэлэлцээд 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн .../ШТ2022/00124 дүгээр шүүхийн тогтоолоор “анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн .../ШШ2020/00980 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай” хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Тухайн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны 124 дугаартай тэмдэглэлийн 2 дугаар талын 8 дугаар догол мөрөөс шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч “...шүүхийн .../ШШ2022/00521 дүгээр шийдвэрт хариуцагчийн өмгөөлөгч н.Г гомдол гаргаад Улсын дээд шүүхэд очсон юм байна. Хяналтын гомдол гарсан тухай нэхэмжлэгч буюу өмгөөлөгч нь ямар нэгэн байдлаар мэдээгүй, өнөөдөр мэдэж байгаа тул өнөөдөр хүсэлтийг хэлэлцэх боломжгүй байгаа учраас шүүх бүрэлдэхүүн шинээр илэрсэн нөхцөл байдлын хувьд .../ШШ2022/00521 дүгээр шийдвэртэй хэсгээс энэ нотлох баримтыг судлуулах хүсэлтийг шийдвэрлээд, хэрэг Улсын дээд шүүхээс иртэл шүүх хуралдааныг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлттэй байна” гэсэн нь тэмдэглэгдсэн байх ба шүүхийн .../ШТ2022/00124 дүгээр тогтоолоор “...хүсэлт гаргагч нь шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах болсон үндэслэлээ тус шүүхийн .../ШШ2020/00980 дугаар шийдвэр гарснаас хойш “ТТ” ХХК, “Новый мираж” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасныг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн .../ШШ2022/00521 дүгээр шийдвэр, ... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 207/МА2022/00066 дугаар магадлалаар тус тус шийдвэрлэсэн. Уг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад тулгуурлан тус шүүхийн .../ШШ2020/00980 дугаар шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах үндэслэл болж байгаа... Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Р.Н-гийн тайлбараар .../ШШ2022/00521 дүгээр шийдвэртэй хэрэг нь Улсын дээд шүүхэд хянагдаж байгаа болох нь тогтоогдож байна...” гэж үзээд тогтоолын 1 дүгээр заалтаар “хүсэлтийг хангахаас татгалзаж”, 2 дугаар заалтаар “энэхүү тогтоол нь зохигчийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулахаар хүсэлт гаргахад саад болохгүй” болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэлийг хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.5 дахь хэсэгт “шүүх хүсэлтийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлээд түүнийг хангах, эсхүл хангахаас татгалзах тухай тогтоол гаргана” гэж заасны дагуу шүүх бүрэлдэхүүн тогтоол гаргасан.
Тус шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхийн талаар тусгаагүй ба энэхүү тогтоол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхтэй тогтоолд хамаарахгүй байсан боловч “ТТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М, өмгөөлөгч Р.Н нар 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр тус тогтоолд гомдол гаргаж, тус гомдол нь шүүгч Л.Үд хуваарилагдсан.
Тус гомдлыг хянан хэлэлцсэн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ү даргалж, шүүгч Б.Д, Б.Х нарын бүрэлдэхүүнтэйгээр гомдлыг хянан хэлэлцэж, .../ШТ2022/00129 дүгээр тогтоолоор “2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн .../ШШ2022/00521 дүгээр шийдвэртэй иргэний хэрэг нь Монгол Улсын дээд шүүхэд хянагдаж байгаа нь тогтоогдож байна” гэж дүгнэн тус шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн .../ШТ2022/00124 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “хүсэлтийг хангахаас татгалзсугай” гэснийг “хүсэлтийг хэлэлцэхээс татгалзсугай” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1.2-д заасныг удирдлага болгон шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан зөрчилд хамаарахаар байх боловч шүүгч Ц.Д, Л.Ү, Б.Д нар “ТТ” ХХК-ийн гаргасан гомдлыг хүлээн авч хэлэлцсэн нь тус компанийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх ба мөн “ноцтой” буюу “удаа дараа” үйлдэгдээгүй байх тул шүүгчийн сахилгын зөрчил гэж үзэхээргүй байна.
“ТТ” ХХК нь шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтээ тус шүүхийн .../ШШ2022/00521 дүгээр шийдвэртэй иргэний хэрэг Улсын Дээд шүүхээс ирсний дараа буюу 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр дахин гаргасныг шүүх 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3 дугаар тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар шүүгч Л.Ү-д хуваарилагдсан байна.
Уг хүсэлтийг хуралдаан даргалагч шүүгч Л.Ү, шүүгч Б.Д, Ц.Д нарын бүрэлдэхүүнтэйгээр 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд .../ШТ2022/00186 дугаар тогтоолоор “...Хүсэлт гаргагч “ТТ” ХХК шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах хүсэлтийн хамт ямар нэгэн баримтыг ирүүлээгүй, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд шүүхийн .../ШШ2022/00521 дүгээр шийдвэртэй иргэний хэрэгт байгаа гэрэлт гудамжны явган хүний замын байршлын схем /Масштаб 1:1500/, гэрэлт гудамжны явган хүний замын ажлын 76/2018 тоот төсөв, гэрэлт гудамжны явган хүний замын ажлын талаар ... аймгийн Засаг дарга, “Новый мираж” ХХК-ийн хооронд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан БЗА-108/19 тоот ажил гүйцэтгэх гэрээ, захиалагч, гүйцэтгэгчийн баталсан явган хүний замын засвар, шинэчлэлтийн график, явган хүний замын засвар, шинэчлэлтийн ажлыг улсын комисс хүлээн авсан 19/02/185 тоот акт зэрэг баримтуудыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болгож байгаа гэж тайлбарлаж байгаа боловч дээрх баримтууд нь .../ШШ2020/00980 дугаар шийдвэрийг гарах үед байсан баримтууд байна. Мөн шүүх хуралдаанд ...зохигч өөрийн олж авах боломжгүй баримтыг бүрдүүлэхээр шүүхэд хүсэлт гаргаагүй ч шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг баримтлан санаачилгаараа бүрдүүлэх боломжтой байсан” гэх агуулга бүхий тайлбар гаргаж байна. Шүүх мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой тохиолдолд баримтыг хэргийг оролцогчийн хүсэлтээр бүрдүүлдэг. Иймд хүсэлт гаргагчийн үндэслэж буй дээрх баримтуудыг шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт гэж үзэхгүй” гэж дүгнээд уг тогтоолын 1 дүгээр заалтаар “...хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж...”, 2 дугаар заалтад тухайн “...шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй.” гэж заасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсэгт “хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж байгаа бол олонхын саналаар шийдвэр гаргана” гэж тус тус заасан.
Мөн Улсын дээд шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах тухай” зөвлөмжид “...Хэргийн оролцогчид мэдээгүй буюу мэдэх боломжгүй нотлох баримт гэдэг ойлголтын гол шинжүүд нь хэргийг шүүх шийдвэрлэх явцад бодит байдалд байсан боловч хэргийн оролцогч тухайн нөхцөл байдлыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан тул уг байдлыг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, гаргуулах, бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргах боломжгүй байдаг. Энэ нотлох баримт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхад шаардлагатай тул хэргийг анхан шатны журмаар зайлшгүй дахин хянан шийдвэрлэхэд хүргэдэг байна. Харин энэ ойлголт нь хэрэгт авагдаагүй, "шинэ нотлох баримт"-аас ялгаатай. Анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед тухайн нотлох баримтын талаар зохигч мэдэж байсан буюу мэдэх бололцоотой байсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, түүнийг бүрдүүлэх тухай шүүхэд хүсэлт гаргах эрх болон үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа нөхөн гаргасан тохиолдолд шинэ нөхцөл байдал илэрсэн гэж үзэхгүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш тухайн үйл баримтын талаар шинээр бий болсон нотлох баримт нь шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа хэрэгт авагдаагүй шинэ нотлох баримт гаргаж ирүүлэх, зохигчийн хүсэлтээр шүүх нотлох баримтыг бүрдүүлээгүй, эсхүл нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй буюу түүнийг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн гэж гомдол гаргах нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл болохгүй” гэжээ.
Иймд шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд олонхын саналаар өөрсдийн дотоод итгэлээр “ТТ” ХХК-ийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийн үндэслэл болгож буй баримтууд нь тус шүүхийн .../ШШ2020/00980 дугаар шийдвэрийг гарах үед байсан баримтууд байна” гэж дүгнэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэнд шүүгч Л.Ү, Б.Д, Ц.Д нарыг буруутгах үндэслэлгүй байна.
Гурав. Ерөнхий шүүгч Б.Б өөрийн хууль бус шийдвэрийг хамгаалсан шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн .../ШЗ2023/00258 дугаар захирамж гаргаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх тухайд:
... аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн .../ШШ2022/00186 дугаар тогтоолыг эс зөвшөөрч “ТТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М, өмгөөлөгч Р.Н нар 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан гомдол нь тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б-д хуваарилагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасанчлан “ТТ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М, өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын гомдол гаргасан дээрх тогтоол нь дээрх хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт хамаарахгүй байх тул шүүгч 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн .../ШЗ2023/00258 дугаар шүүгчийн захирамжаар гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.4-т “Шүүх хуралдаанаар шинээр илэрсэн нөхцөл байдлыг баталж байгаа шинэ нотлох баримтыг үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоох, уг нөхцөл байдал нь шийдвэрийг гаргахад хэрхэн нөлөөлсөн, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянан шийдвэрлэх хууль ёсны үндэслэл байгаа эсэхийг шийдвэрлэнэ” гэж зохицуулсан байх боловч өргөдөл гаргагчийн гомдол гаргасан тогтоол нь өөрөө гомдол гаргах эрх бүхий эрх зүйн актад хамаарахгүй байх тул шүүгч дээрх зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Л.Ү, Б.Д, Ц.Д нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдсонгүй.
Иймд, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0045 дугаартай саналыг хүлээн авч, ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Л.Ү, Б.Д, Ц.Д нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0045 дугаартай саналыг хүлээн авч, ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч Л.Ү, Б.Д, Ц.Д нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
О.НОМУУЛИН