info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-04-26

Дугаар 60

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн С.Энхтөр, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн дарга Х.Хаш-Эрдэнэ нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн  шүүгч А -д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0050 дугаартай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “... Эрүүгийн хэрэгт хийсэн үзлэгээр мөрдөгч 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Х.Ц-ыг хохирогчоор, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ч.П-ыг хохирогчоор тус тус тогтоож тогтоол, ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” 210 дугаар захирамжаар Б.Т-г хохирогчоор, мөрдөгч 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” тогтоолоор Б.Т-г хохирогчоор, мөн өдрийн “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” тогтоолоор Б.Т-г иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоосон байна. ... аймгийн ... сум дахь сум дундын шүүх 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар О.Х-д холбогдох 2232001620126 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, 2022/ШЦТ/139 дүгээр шйтгэх тогтоолоор О.Х-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэж, Тогтоох хэсгийн 6 дахь заалтаар О.Х-аас 26,000,000 /хорин зургаан сая/ төгрөгийг гаргуулж Б.Т-д олгож, 8 дахь заалтаар иргэний нэхэмжлэгч А.О нь өөрт учирсан хохирлоо Б.Т-аас нэхэмжлэх эрхтэй гэж үзэж шийдвэрлэж, ... аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ДШМ/15 дугаар магадлалаар шүүх хохирогчийн хуульд заасан эрхийг хязгаарласан гэсэн давж заалдах гомдлыг хангаж, ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/139 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна. Дээрх ... аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ДШМ/15 дугаар магадлалыг хэргийн оролцогч болох Ч.П эс зөвшөөрч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргаж хяналтын журмаар гаргасан тус гомдол шийдвэрлэгдээгүй буюу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон болно. О.Х-д холбогдох 2232001620...  дугаартай эрүүгийн хэргийг шүүх 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд уг эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ч.П шүүх хуралдаанд оролцсон байх бөгөөд хохирогч Х.Ц, Б.Т нар шүүх хуралдаанд оролцоогүй байна. Өргөдөл гомдол гаргагчийн зүгээс хэргийн оролцогч надад хурлын тов мэдэгдэж, хурал оролцуулалгүй шийдвэрлэсэн гэсэн байх шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 22022/ШЗ/210 дугаар захирамжаар Б.Т-г хохирогчоор, А.О-г гэрчээр тус тус асууж мэдүүлэг авхуулан холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэн ирүүлэх шаардлагатай байна гэж үзэж шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулж, уг хойшлуулсан хугацаанд мөрдөн шалгах холбогдох ажиллагааг хийж гүйцэтгүүлэхийг прокурор Д.Ш-д даалгаж, О.Х-д холбогдох 2232001620... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт хийхээр хойшлуулж шийдвэрлэсэн байна. Улмаар мөрдөгч Г.Г 22022/ШЗ/210 дугаар хохирогчоор тогтоож, шүүх хуралдааны тов тогтоох тухай захирамжийг үндэслэн шүүхээс даалгасан ажиллагааг гүйцэтгэж, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” тогтоолоор Б.Т-г хохирогчоор, мөн өдрийн “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” тогтоолоор Б.Т-г иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоож, хохирогчид хуулийн дагуу хүлээх эрх, үүрэг тайлбарлан, хууль сануулсан баталгаа гаргуулан гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд холбогдох ажиллагааг хийж, шүүх хуралдааныг товлосон өдөр болох 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хэргийг шүүхэд ирүүлж, шүүх шүүх хуралдаанаа хийсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна”, 2-т “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж хуульчлан заасан байх бөгөөд хохирогч Б.Т-г шүүх хуралдаан болохоос 4 хоногийн өмнө хохирогчоор тогтоож, шүүхээс даалгасан ажиллагааг прокурор хийж шүүх хуралдаан болох өдөр ирүүлсэн, хэрэгт хохирогч Б.Т шүүх хуралдаанд оролцуулах тухай бичгээр хүсэлт ирүүлээгүй байсан болох нь хэрэгт авагдсан баримтад хийсэн үзлэг болон гэрч Б.А-гийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Шүүхийн сахилгын хороо шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах эрхгүй бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх шийтгэх тогтоолыг хуульд заасан журмын дагуу хянаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу хохирогчийн эрхийг хязгаарласан гэж үзэж магадлал гаргасан, уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болоогүй буюу тус магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргасан гэх нөхцөл байдал шалгах ажиллагааны явцад тогтоогдсон болно. Гэрч Ч.П-ын “...шүүгч А-г сайн танихгүй. М гэдэг байцаагч мэдүүлэг авна гэж дуудахад үүдэнд нь Т, Ц хоёр зогсож байсан. Бид гурвыг зогсож байхад шүүгч коридороор явж өнгөрсөн. Бид гурвуулаа л шүүгчтэй сайн байна уу гээд өнгөрсөн... Би нэг л удаа А шүүгчийг дуудахад шийдвэр гүйцэтгэлийн ажилтан Ц-ы хамт өрөөнд нь орсон... Өөр огт уулзаагүй. А шүүгчийг шүүх ажиллагаанд орсноос бусдаар хувийн байдлаар огт танихгүй...”  гэсэн мэдүүлгээр тэрээр холбогдох шүүгч А-тай хувийн харилцаатай, ганцаарчлан уулзсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б.Т шүүх дээр очсон гэх үйл баримттай холбоотой зөрчлийн хэрэг үүсэж эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болох нь тус зөрчлийн хэрэгт авагдсан баримтад хийсэн үзлэгээр тогтоогдов. Тодруулбал эрх бүхий албан тушаалтны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоолоор Б.Т нар нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цаг орчим шүүхийн байранд хэрүүл маргаан үүсгэж, биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан нь зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай байна гэж үзэж зөрчлийн хэрэг нээж, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулах тухай” саналыг ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхэд хүргүүлж, уг зөрчлийн хэрэг шүүхэд хянагдаж байгааг үзлэгийн тэмдэглэлээр баримтжуулсан болно. Иймд шүүгч А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.....” гэжээ.

... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн ... шүүгч А тус хороонд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн ... шүүгч А миний бие нь О.Х-д холбогдох 2232001620... дугаартай эрүүгийн хэргийн хохирогч Б.Т-гаас Шүүхийн сахилгын хороонд 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гаргасан гомдлыг Шүүхийн сахилгын хорооноос шуудангаар хүргүүлснийг 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 12 цаг 00 минутанд хүлээн авч танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. 1.О.Х-д холбогдох хэргийн тухайд ... аймгийн ... сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ш-аас яллагдагч О.Х-ыг иргэн Ч.П-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг буюу ... сумын 3 дугаар багт байрлах ... хотхоны № 04 тоот байрыг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бусдад зарж борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхэд харьяалалын дагуу шийдвэрлүүлэхээр шилжүүлэн ирүүлснийг шүүгчдийн зөвлөгөөний хэрэг хуваарилах журамд заасны дагуу системээс хуваарилсныг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч тус шүүхийн  шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн № 191 дугаартай захирамжаар яллагдагч О.Х-ыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10 цагт нээлттэй явуулахаар тогтож, шүүх хуралдааныг шүүгч дангаар шийдвэрлэхээр заасан байна. Шүүгдэгч О.Х-аас гаргасан хөгшин настай аавыгаа эмнэлэгт сахиж байгаа, аав нь нас барсан гэсэн шалтгаанаар шүүх хуралдаан 3 удаа хойшилж 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үргэлжлэн явагдсан билээ. 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн № 2022/ШЗ/210 дугаартай захирамжаар О.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 07 хоногийн хугацаагаар хойшлуулж 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт хийхээр болсон ба энэ хугацаанд ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн № 94 дугаартай захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х нь нэхэмжлэгч Ч.П-д ... аймгийн ... сумын 3 дугаар багт байрлах ...  хотхоны № 04 тоот байрыг суллаж, гэрчилгээний хамт буцаан өгөх, нэхэмжлэгч Ч.П нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х-д 12800000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өгөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн ба шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон байхад шүүгдэгч О.Х нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй мэдсээр байж бусдад зарж борлуулсан бөгөөд хохирогч Ч.П нь шүүхийн шийдвэрийн дагуу байраа авах саналтай байх тул энэ хэрэгт Б.Т-г хохирогчоор, А.О-г гэрчээр тус тус асууж мэдүүлэг авахуулан холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэн ирүүлэх шаардлагатай гэж шүүх хуралдааныг 07 хоногийн хугацаагаар хойшлуулж, уг хойшлуулсан хугацаанд мөрдөн шалгах холбогдох ажиллагааг хийж гүйцэтгүүлэхийг ... аймгийн ... сум дахь сум дундын хяналтын прокурор Д.Ш-д даалгасан. Прокуророос шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэн О.Х-д холбогдох эрүүгийн хэргийг тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн тул шүүх хэргийг хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн № 2022/ШЦТ/139 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн билээ. Мөн уг шийтгэх тогтоолоор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан О.Хаас 26,000,000 /хорин зургаан сая/ төгрөгийг гаргуулж ... аймаг ... сумын 6 дугаар баг, Номтын 4-461 тоотод оршин суух, Б-д олгож, ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн № 94 дугаартай зохигчдын эвлэрлийг батлах тухай захирамж, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн № 00997 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн № 213 дугаартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг биелүүлэхийг ... аймгийн ... сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний нэхэмжлэгч А.О нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу харьяалах шүүхэд нэхэмжлэл гарган Б.Т-гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн билээ. 2. Хохирогч Б.Т-гийн Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдлын талаар: ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн ... шүүгч ... миний бие нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 12 цаг өнгөрөөгөөд албан өрөөндөө ажил үүргээ гүйцэтгээд сууж байхад ... шүүгчийн туслах Б.А-гийн өрөөнд эмэгтэй хүн чангаар орилж хашгирсан байдалтай байхаар нь шүүгчийн туслах Б.А-тай иргэний хэргийн хүн уулзаж байгаа юм байх даа ямар чанга чанга яриад байгаа юм бол гэж бодоод сууж байтал 5-10 минут болоод нөгөө хүний дуу улам чангараад А-тэй чинь уулзмаар байна гээд орилоод байхаар нь өрөөнийхөө хаалгыг онгойлгоход нэг эрэгтэй хүн  шүүгч нь байна уу уулзана гэхээр нь ор ор гээд өрөөндөө оруулахад эхнэр, нөхөр гэх А.М, Б.Т хоёр  шүүгчийн туслах Б.А, шүүхийн харуул цагдаа Т нарын хамт манай өрөөнд орж ирсэн. Орж ирсэн хоёр хүнд яагаад шүүхийн байгууллага дотор орилж хашиграад байна, яагаад ингэж ууралж бухимдаад байна орилж хашгирч бухимдалгүй надад юу болсныг тайлбарлаж өгнө үү гэхэд Б.Т нь би шивнээ яриагаар ярьж чаддаггүй хүн гээд урьдын адил чангаар орилж хашгирсан хэвээр надыг шүүх хуралдаанд хохирогчоор оролцуулсангүй, танай шүүхэд ажилладаг тамгын газрын дарга Д.Б-ын хүргэн ах Ч.П-ын талд та нар ашигтайгаар шийдлээ гэж хов живийн чанартай зүйл ярихаар нь шүүгдэгч О.Х-д холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шийдвэрлэсэн. Уг хэрэгт таныг мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй гэрчээр асуусан байхаар нь 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн О.Х-д холбогдох шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар шүүгчийн захирамжаар хойшлуулж байгаад уг хугацаанд таныг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоож мэдүүлэг авахыг прокурорт даалгаж прокурор уг ажиллагааг мөрдөгчөөр хийж гүйцэтгэн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд материалыг ирүүлэхээр нь О.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Шүүгдэгч О.Х-аас худалдан авсан таны байрны үнэнд төлсөн 26000000 төгрөгийг О.Х-аас гаргуулж хохирогч Б.Т танд олгохоор шийдвэрлэсэн. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн № 94 дугаартай захирамжаар О.Х-ы танд худалдсан гэх ... хотхоны № 04 тоот 1 өрөө орон сууцыг Ч.П-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул уг байрыг Ч.П-д олгохоор хэвээр үлдээсэн. Иймд та О.Х-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн № 139 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй гэж тайлбарлаж өгсөөр байхад үл тоомсорлож орилж хашгирсан хэвээр байсаар байсан. Нөхөр болох М нь та нар яагаад О.Х-ыг хорих ялаар шийтгэдэггүй юм бэ тэр хүн чинь гадуур зүгээр яваад байна гэхээр нь та нар шийтгэх тогтоолоо гардаж авсан юм чинь сайн унш яагаад нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх болсноо шүүх шийтгэх тогтоолдоо тодорхой дурьдсан байгаа гэж тайлбарласан боловч А.М, Б.Т нар нь нэг нэгнийгээ дуугай байлгах шаардлага бие биедээ хэлж болох байсан боловч нэг нэгнийгээ хөхүүлэн дэмжиж улмаар орилж хашгирч бусдын амгалан тайван байдал, шүүх байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөл байдалд санаатайгаар саад учруулж шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийн шаардлагыг илтэд эсэргүүцэн миний биед бүү хүр иргэний эрхийг зөрчих гэлээ бид нар лайв хийнэ хэвлэл мэдээллийн алба, телевиз дуудна гарахгүй гэх мэтээр удаан хугацаагаар орилж хашгирч О.Х-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч рүү утсаар залган би чамд шүүх хуралдаанд орно гэж хэлээ биз дээ чи бичээгүй юм биш үү шүүгч тэгж байна гэх мэтээр зүй бус авираа гаргасаар байсан. Энэ хугацаанд шүүхийн харуул цагдаа Т дээр дэг сахиулагч цагдаа Д нэмэгдэж тэдний гаргасан зүй бус зан авир үг хэллэг үйлдлийг харж байсан бөгөөд орилж хашгирахгүй байхыг сануулсаар байхад цагдаагийн шаардлагыг илтэд зөрчөөд орилж хашгирсан хэвээр байсан. Миний хувьд Б.Т, А.М нарыг санаатайгаар өрөөнд хэрүүл маргаан үүсгэж байгааг мэдрээд тэд нартай ерөөсөө хэрэлдэж маргалдаагүй, шүүхийн шийтгэх тогтоолыг тайлбарлаж өгсөн. Б.Т нь 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шийдвэр гаргасан шүүгч Ж.Э-ыгаа дууд, тамгын дарга Д.Б-гаа дууд гэх мэтээр үйлдлээ улам даамжруулсаар байсан тул харуул цагдаа Т, дэг сахиулагч цагдаа Д хоёр дээр шүүхийн харуул цагдаа Дарханбаатар нэмэгдэж орж ирээд нийт 3 цагдаа нийлж нөхөр болох А.М-ыг нь авч гарахад араас нь эхнэр Б.Т нь гарсан. Тэгээд шүүхийн байрны 2 давхарт Б.Т, А.М нар нь тэр чигээрээ чанга орилж хашгирч нэг болон хоёр давхарт ажил үүргээ гүйцэтгэж байсан хүмүүсийг эвгүй байдалд оруулах буюу тайван сууж ажиллах нөхцлийг алдагдуулж эхэлсэн. Эцэс сүүлд нь шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн дарга, цагдаагийн ахмад Х.Х хүрч ирж уг хүмүүстэй уулзаж тайван байдлыг алдагдуулсан хүмүүсийг авч явсан. Энэ байдал шүүхийн байгууллагад 30 гаруй минут хиртэй үргэлжилсэн. Хэрэг маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэр, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хуульд заасны дагуу дээд шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах ёстой болохоос шийдвэр гаргасан шүүх гэдэг утгаар шүүхийн байгууллага дотор чангаар орилж хашгирч ажил үүргээ тайван гүйцэтгэх хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж уур бухимдлаа илэрхийлдэг газар нь анхан шатны шүүхийн байгууллага биш гэдгийг энэ хүмүүс мэдэхийн дээдээр мэдэх хүмүүс боловч санаатайгаар ийм үйлдэл гаргасан гэж үзэж байна. Учир нь энэ хоёр хүмүүс хоёулаа төрийн байгууллагад буюу хорих 413, 433 дугаар ангиудад тодорхой ажил албан тушаал эрхлэдэг албан тушаалтан байж ийм зохисгүй байдал гаргасан болно. Миний хувьд цагдаад ямар нэгэн байдлаар дуудлага өгөөгүй бөгөөд анхнаасаа манай өрөөнд орж ирэхдээ харуул цагдаа Т-гийн хамт орж ирсэн. Нэг цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байсан болохоор нэмэгдэж 3 цагдаа болсон.  Манай өрөөнөөс А.М-ыг цагдаа нар авч гарахдаа Т цагдаа утсаараа бичлэг хийж байсан. Зөвхөн ... шүүгчийн өрөөнд биш анх шүүхэд орж ирээд нэг давхраас эхлээд орилж хашгирсаар хоёр давхарт гарч ирсэн тул харуул цагдаа ... шүүгчийн туслах Б.А-гийн өрөөнд орж ирсэн юм билээ. ... шүүгчийн өрөөнөөс гараад нэг болон хоёр давхраар орилж хашгирч байсан. Шүүхээс цагдаад дуудлага өгөөгүй харин шүүхийн байранд зүй бус авир гаргасан хүмүүсийг холбогдох цагдаа нар хуулийн дагуу л шаардлага тавьж зүй бус үйлдлийг хуулийн дагуу өөрсдийн ажил үүргийн дагуу таслан зогсоосон. Тэрнээс биш зүв зүгээр байсан хүмүүсийн эрхийг зөрчөөд хүч хэрэглэсэн, цагдаагийн ажил албан тушаалаа ашиглаж давуу байдал гаргасан зүйл огт байхгүй. Б.Т, А.М нарын шүүхийн байранд орилж хашгирч бусдын ажил хийх нөхцлийг тасалдуулаад байгаа үйлдлийг цагдаа ажил үүргийнхээ дагуу шаардлага тавьж таслан зогсоохгүй юм бол хэн шаардлага тавьж таслан зогсоох юм бэ гэдэг нь ойлгомжтой байх гэж бодож байна. Б.Т, А.М нарын гаргасан энэ хууль зөрчсөн үйлдлийг шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсээс таслан зогсоох талаар авах арга хэмжээгээ авч Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалган шийдвэрлэхээр гомдол мэдээлэлд оруулсан нь 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн № 2332000021 дугаартай зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолоор тогтоогдож байна. О.Х-д холбогдох хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулж уг хойшлуулсан хугацаанд Б.Т-г хохирогчоор тогтоож ирүүлэхийг прокурорт даалгасан бөгөөд уг ажиллагааг хийж гүйцэтгээд 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 10 цагаас өмнөхөн шүүхэд хэргийг нь ирүүлэхээр шүүгчийн туслах Б.А-гийн хамт хохирогч Б.Т-гийн мэдүүлгийг уншиж танилцахад хохирогч Б.Т нь шүүх хуралдаанд оролцоно гэж мэдүүлээгүй байсан. Мөн прокурорын яллах дүгнэлтэд хохирогч Ч.П-ыг оролцуулах саналтай гэснээс өөр хүн оролцуулах санал гаргаагүй байсан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1-д "Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна" гэж заасан байдаг. Шүүгдэгч О.Х-аас Б.Т-гийн байр худалдаж авсан бодит зардал болох 26 сая төгрөгийг бүрэн хэмжээгээр гаргуулж олгохоор заасан. Бодит бус зардалтай холбоотой зүйл нэхэмжилвэл иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээсэн. Б.Т нь сахилгын хороонд гомдол гаргахдаа 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр цагдаад очиж мэдүүлэг өгөх үед ... шүүгч нь Ч.П-ыг хараад юу байна хөгшөөн гэж мэндэлсэн гэж бичжээ. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр би Цагдаагийн хэлтсийн байгууллагад иргэн хүнийхээ зүгээс албан ёсны гомдлыг гаргаж хохирогчоор мэдүүлэг өгөх гэж очиход Б.Т, Ч.П хоёр тэнд зогсож байсан. Тэр хоёр намайг хараад хоёулаа сайн байна уу гэж мэндлэхээр нь сайн сайн байна уу гэж мэндэлсэн. Тэрнээс биш юу байна хөгшөөн гэж П-тай ганцаарчлан мэндлээгүй. Миний хувьд бол П-г сайн таньж мэдэхгүй, найз нөхдийн ямар ч харилцаа холбоо байхгүй. Туяаг ч сайн таньж мэдэхгүй, найз нөхдийн холбоо байхгүй. Мөн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай өрөөнөөс Ч.П гарч яваад дараа нь намайг нөхрийн хамт дуудан оруулж ирсэн гэсэн нь ор үндэслэлгүй зүйл байна. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр юу болсныг би дээр тодорхой бичсэн. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр П манай өрөөнд орж ирээгүй гэдгийг шүүгчийн туслах Б.А сайн мэдэж байгаа. Яагаад гэвэл манай өрөөнд орохдоо заавал туслахын өрөөгөөр дамжиж ордог юм. Шүүхийн харуул цагдаагийн бүртгэлд ч гэсэн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хэн хэн шүүхийн байгууллагаар орж үйлчлүүлсний бүртгэлд тодорхой байгаа байх. Миний хувьд Т, М нарыг дуудан оруулж ирээгүй. Өөрсдөө шүүхээр хэрүүл маргаан үүсгээд А шүүгчтэй уулзана гээд туслахын өрөөнд орилолдож байгаад орж ирсэн. Орж ирэхдээ шүүгчийн туслах Б.А, шүүхийн харуул цагдаа Т нарын хамт манай өрөөнд орж ирсэн. Намайг Т, А нартай уулзахад шүүгчийн туслах Б.А, цагдаа Т нар гаран гартал нь хамт байсан. Би тэд нартай ерөөсөө ганцаарчлан уулзаагүй. Би харуул цагдааг дуудаж энэ хоёрыг гарга гэж ямар ч шаардлага тавиагүй. Ямар ч цагдаа дуудаагүй, цагдаад ч гомдол гаргаагүй. Т-гийн нөхөр болох М нь хэргийн оролцогч биш байж хэрүүл маргаан хамт үүсгэсэн бөгөөд энэ талаар Т, М нар дээр зөрчлийн хэрэг нээсэн одоо шүүх хуралдаанаар хэлэлцэх гэж байгаа. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн гэсэн. Гэтэл Т болон түүний өмгөөлөгч Х.Д нар нь ... шүүгч А гомдол гаргалаа гэж буруу ойлгоод байх шиг байна. Тэгээд тус шүүхийн тамгын дарга Д.Б дээр ороод Туяа нарын зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй  болгочихвол танай ... шүүгчид чинь сахилгын хороонд гомдол гаргахгүй гэж шантаачилсан зүйл ярьсан байсан. Т нарт холбогдох зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох эсэхийг би мэдэхгүй, хэрэг хүлээн авсан шүүгч нь хуулийн дагуу шийдвэрлэх байх. Т нь Цагдаагийн хэлтсийн 126 дугаарын утсанд цагдаа нарын талаар гомдол гаргасан учир Цагдаагийн хэлтсээс албаны шалгалт хийгээд цагдаа нарыг хууль зөрчөөгүй харин Т нар нь гэмт хэрэг үйлдсэн байна гээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн юм билээ. П-тай хувийн харилцаатай атал түүнийгээ нуун өөрийн санаачлагаар хэргийг шийдвэрлэсэн гэсэн нь огт үндэслэлгүй. О.Х-д холбогдох эрүүгийн хэргийг хүлээн аваад хуульд заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлээд хуралдааны товонд оруулаад хуулийн дагуу л хэргийг шийдвэрлэсэн. О.Х-д холбогдох хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсан өдрөөс хойш болон хүлээн авахаас өмнө нь нэг ч удаа П-тай ганцаарчлан уулзаж байгаагүй. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б.Т, А.М нартай уулзахдаа уурлаж уцаарлан зүй бус харьцсан зүйл байхгүй. Иймд Б.Т-гийн Монгол улсын шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдлын талаар үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Иргэн Б.Т-гийн ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн ... шүүгч А-д холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдийн ГЗҮ/2023/0037 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0050 дугаартай санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна.  

Нэг. Өргөдөлд дурдагдсан: “...уг хэргийг шийдвэрлэсэн А шүүгч нь миний зүгээс 2022 оны 10 дугаар сарын 13-нд цагдаад очиж мэдүүлэг өгөх үед хохирогч Ч.П-ыг хараад танин юу байна хөгшөөн гэж мэндэлж, мөн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд шийдвэр авахаар очиход Ч.П нь ... шүүгчийн өрөөнөөс гарч ирж байсан болно...” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:

Сахилгын хэрэг шалгах ажиллагааны хүрээнд илтгэгч гишүүн гэрч болох ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн туслах Б.А, эрүүгийн хэргийн хохирогч Ч.П нараас гэрчийн мэдүүлэг авсан байх ба гэрч Ч.П-ын “...шүүгч А-г сайн танихгүй. М гэдэг байцаагч мэдүүлэг авна гэж дуудахад үүдэнд нь Т, Ц хоёр зогсож байсан. Бид гурвыг зогсож байхад шүүгч коридороор явж өнгөрсөн. Бид гурвуулаа л шүүгчтэй сайн байна уу гээд өнгөрсөн... Би нэг л удаа А шүүгчийг дуудахад шийдвэр гүйцэтгэлийн ажилтан Ц-ы хамт өрөөнд нь орсон... Өөр огт уулзаагүй. ... шүүгчийг шүүх ажиллагаанд орсноос бусдаар хувийн байдлаар огт танихгүй...”  гэсэн мэдүүлэг,

гэрч Б.А-гийн “...Тухайн хэргийн хохирогч болох П-тай шүүгч хэзээ уулзсан бэ, тодруулбал, тухайн маргаан болсон өдөр уулзсан уу?” гэх асуултад “А шүүгч огт уулзаагүй” гэж хариулсан мэдүүлэг сахилгын хэрэгт авагдсан байх ба дээрх үйл баримтаас өргөдлийн дээрх үндэслэл тогтоогдсонгүй.

Хоёр. Өргөдөлд дурдагдсан “...Удалгүй түүний явсны дараа намайг нөхрийн хамт өөрийн өрөөнд дуудаж оруулан уулзсан бөгөөд миний зүгээс яагаад шүүх хурлын тов мэдэгдээгүй, хуралд оролцуулаагүй талаар тодруулахад чамайг оролцуулах албагүй, харин ч би чамайг хохирогчоор тогтоосон тул надад баярлах хэрэгтэй хэмээн уурлаж харуулын цагдааг дуудан бид 2-г хүчээр авч гарсан...” гэх үндэслэлийн тухайд:

Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” 2332000021 дугаар тогтоолоор Б.Т, түүний гэр бүлийн хүн болох А.М нар нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цаг орчим шүүхийн байранд хэрүүл маргаан үүсгэж, биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэж үзэж зөрчлийн хэрэг нээсэн байх ба Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах тухай” саналаар Б.Т, А.М нар нь зөрчил үйлдсэн болох нь баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж холбогдогч Б.Т, А.М нарт шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ авхуулах саналыг ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхэд хүргүүлж, тус шүүхэд зөрчлийн хэрэг хянагдаж байгаа баримт сахилгын хэрэгт тус тус авагдсан байна.

Дээрх үйл баримтаас “... намайг нөхрийн хамт өөрийн өрөөнд дуудаж оруулан уулзсан бөгөөд... харуулын цагдааг дуудан бид 2-г хүчээр авч гарсан...” гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Түүнчлэн, “...чамайг оролцуулах албагүй, харин ч би чамайг хохирогчоор тогтоосон тул надад баярлах хэрэгтэй хэмээсэн...” гэх үйл баримт гэрчийн мэдүүлэг болоод бусад баримтаар нотлогдсонгүй.       

Гурав. Өргөдлийн “..шүүх хурлын тов мэдэгдээгүй...” гэх үндэслэлийн тухайд:

... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүгдэгч О.Х-д холбогдох 2232001620... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” 210 дугаар шүүгчийн захирамжаар Б.Т-г хохирогчоор, А.О-г гэрчээр тус тус мэдүүлэг аван холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэж ирүүлэх шаардлагатай байна гэж үзэж 7 хоногийн хугацаагаар хойшлуулж, уг хойшлуулсан хугацаанд мөрдөн шалгах холбогдох ажиллагааг хийж гүйцэтгүүлэхийг прокурор Д.Ш-д даалгаж, эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт хийхээр хойшлуулж шийдвэрлэсэн байна. Мөрдөгч 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Хохирогчоор тогтоох тухай” тогтоолоор Б.Т-г хохирогчоор, мөн өдрийн “Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай” тогтоолоор Б.Т-г иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоожээ.

Б.Т-г хохирогчоор тогтоосны дараа түүнд хуулийн дагуу хүлээх эрх, үүргийг тайлбарлан, хууль сануулсан баталгаа гаргуулж, гэрчийн мэдүүлэг авсан байх бөгөөд холбогдох ажиллагааг хийж шүүхэд хүргүүлэн, шүүх хуралдааныг товлосон өдөр болох 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хийсэн байна.

Шүүх хуралдаан болохоос 4 хоногийн өмнө Б.Т-г хохирогчоор тогтоосон байх ба хохирогч Б.Т шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт ирүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтад хийсэн үзлэг болон гэрч Б.А-гийн “...хохирогч Б.Т шүүх хуралдаанд оролцох талаар санал хүсэлт илэрхийлээгүй байсан...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна”, 2-т “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж зохицуулсанчлан шүүх хуралдааныг явуулсан нь шүүгчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй байна.

Түүнээс гадна, Шүүхийн сахилгын хороонд шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах эрх хуулиар олгогдоогүй болно.

Иймд, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0027 дугаартай саналыг хүлээн авч, ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн шүүгч А-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0050 дугаартай саналыг хүлээн авч, ... аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн шүүгч А-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                    Д.МЯГМАРЦЭРЭН

ГИШҮҮН                                     Ц.ДАВХАРБАЯР

С.ЭНХТӨР