info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-02-14

Дугаар 65

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

...шүүхийн Ерөнхий шүүгч Д.А-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд:

"... Шүүхийн сахилгын хорооны хянан шийдвэрлэх ажиллагаагаар ...

аймгийн прокурорын газрын 5/12 дугаартай 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн

яллах дүгнэлт,   ... аймгийн прокурорын газрын 334 дугаартай 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн яллах дүгнэлт, ... аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн   анхан   шатны   шүүхийн   2021   оны   11   дүгээр   сарын   12-ны   өдрийн 2021/ШЦТ/274   дүгээр   шийтгэх   тогтоол,   шүүх   хуралдааны   тэмдэглэл,   шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг, ... аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан   шатны   шүүхийн   шүүгчийн  2020  оны  01   дүгээр  сарын   13-ны  өдрийн 2020/ШЗ/57 дугаар захирамжийн хуулбар зэрэг шаардлагатай баримтууд цугларсан байна. Гомдол гаргагчийн "...шүүхийн ерөнхий шүүгч Д.А- нь тус эрүүгийн хэргийн хохирогч, иргэний хариуцагч Д.М-гийн эхнэр бөгөөд шүүхийн шийдвэрийн улмаас эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй, эрүүгийн хэрэгт шууд хувийн ашиг сонирхолтой гэрч болох  ...   аймаг  дах  Захиргааны   хэргийн   анхан   шатны   шүүхийн   шүүгч Д.С нар нь хоёул нэг нутаг Булган аймгийн гаралтайгаас гадна 2013 оноос хойш ... аймгийн шүүхийн нэг байранд нэг хамт олон болон ажиллаж байна."И Х Ц" ХХК-ийн зүгээс ...шүүхэд хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэл үнэмшилтэйгээр хандаж ирсэн боловч шүүгч Д.А-ийн шийдвэрээс харахад, тэрээр хэргийг илт хууль бусаар Д.М-, Д.С нарт давуу байдал олгож, тэдгээрийн ашиг сонирхлын тулд шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн шинжтэй байна. Мөн шүүгч Д.А- нь дээр дурдсан шүүгч Д.С-тэй хамаарах нөхцөл байдал, үндэслэлийн улмаас энэхүү эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэлтэй байтал татгалзан гараагүй нь хууль зөрчсөн" гэх гомдлын тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул гомдлыг үндэслэлгүй байна гэж үзэв. Мөн гомдол гаргагчийн гомдлын 2 дахь үндэслэл нь: "......шүүхийн ерөнхий шүүгч Д.А- нь ... хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Т.Г-д холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг болон хэрэгт иргэний хариуцагчаар Д.М-, Э.Б, Х.Ч нарыг татсаныг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм..." гэжээ. Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно" гэх хууль үйлчлэх цаг хугацааны зарчмыг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх заалтаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Шүүгдэгч Т.Г хамгийн сүүлд 2016 оны 5 дугаар сард залилан мэхлэх хэрэг үйлдсэн ба хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.2-д зааснаар хэрэг үйлдсэнээс хойш таван жилийн хугацаа өнгөрч эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлтэй байна гэж шүүх үзжээ. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар "...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй" тул шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагад 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх үндэслэлгүй" гэж шүүх шийдвэрлэсэн байна. Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл уг гомдол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байх ба Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй байна. Мөн гомдол гаргагчийн "шүүгч Д.С нь одоо гэр бүлийн хамт амьдарч буй орон сууцыг хямд үнээр авах зорилгоор өөрт давуу байдал олж авахын тулд зориудаар Т.Г-д 5,700,000 төгрөгийг шан харамж болгон өгсний үндсэн дээр "Орон сууц захиалан бариулах гэрээ"-г байгуулж, бусдыг гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломжийг олгож, ингэснээр "И Х Ц" ХХК-д хохирол учруулсан зэрэг нь тус эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Гэтэл дээрх байдлаар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар иргэний хариуцагч Д.М-гаас 12,850,000 төгрөгийг гаргуулан хохирогч бөгөөд иргэний нэхэмжлэгч "И Х Ц" ХХК-д олгох бүрэн үндэслэлтэй байхад.... хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн" гэх гомдлыг тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т "Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ." гэж заасан байх ба нотлох баримтыг хэрхэн үнэлж дүгнэсэнтэй холбоотой шүүгчийн үйлдлийг сахилгын зөрчил гэж үзэх үндэслэлгүй байна..." гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ...шүүхийн Ерөнхий шүүгч Д.А- нь ... аймгийн Прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 256 дугаар зүйлийн 256.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г, Х.Ч нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021.11.12-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн байна.

...шүүхийн 2021.11.12-ны өдрийн 2021/ШЦТ/247 шийтгэх тогтоолоор яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

... аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.01.19-ний өдрийн 2022/ДШМ/08 дугаар магадлалаар дээрх шийтгэх тогтоолыг буюу ...шүүхийн 2021.11.12-ны өдрийн 2021/ШЦТ/247 шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Гомдол, холбогдогч шүүгчийн тайлбар, сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар ...шүүхийн Ерөнхий шүүгч Д.А- нь Т.Г, Х.Ч нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021.11.12-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэн шийтгэх тогтоол гаргасан үйл баримт тогтоогдож байна.

Уг эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаас шүүгч татгалзах ёстой байсан гэж гомдол гаргасан байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй үндэслэл байсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй байна. Учир нь гэрч Д.С нь шүүгчээр ажилладаг, нэг дор хамт ажилладаг гэсэн үндэслэлээр шүүгч татгалзах үүрэггүй бөгөөд шүүгч аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэнээс ч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй гэх үндэслэлд гэрч Д.С-тэй холбоотой үйл баримт хамаарахгүй байгаа болно.

Мөн гомдол гаргагч нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтуудыг буруу, дутуу үнэлж дүгнэсэн гэсэн утга агуулгатай гомдол гаргасан байх бөгөөд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.01.19-ний өдрийн 2022/ДШМ/08 дугаар магадлалд хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.

...шүүхийн Ерөнхий шүүгч Д.А-ийг Т.Г, Х.Ч нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэх тогтоол гаргасантай нь холбогдуулж буюу шүүгчийг албаны бүрэн эрхээ хэрэгжүүлж хуулиар хүлээлгэсэн үүргийн дагуу эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн, шийтгэх тогтоол гаргасантай холбогдуулан шүүгчийг ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй болно.

Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. ...шүүхийн Ерөнхий шүүгч Д.А-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч шүүгч, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь

гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ                         СУГАР

ГИШҮҮН                                Д.МЯГМАРЦЭРЭН

Д. ЭРДЭНЭЧУЛУУН