info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-05-02

Дугаар 65

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч  А.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

Иргэн Б.А өргөдөлдөө: “... М”  ХХК-ийн хувьцаа эзэмшигч Р.М-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл А.М шүүгчид хуваарилагдаж, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр миний бие 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Эрүүл мэндийн шалтгааны улмаас 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож чадаагүй бөгөөд хурал хойшлуулах хүсэлт, эмнэлгийн магадалгааг тус шүүхэд хүргүүлсэн болно. Хариуцагч нь эмнэлгийн магадалгааг шалгуулах хүсэлтийг шүүх хуралдааны явцад гаргасан. Шүүгч А.М Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35, 89 дүгээр зүйлийн 89.3-т заасныг тус тус зөрчиж, шүүгчийн туслах Г.Г нь “.... мэд эмнэлэг”-т үзүүлээгүй гэх тэмдэглэл үйлдсэн нь хариуцагчийн дээрх хүсэлтийг хангасан гэж үзэх боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгчийн туслах утсаар ярьсан тэмдэглэл үйлдэх зохицуулалт байхгүй юм. Ингээд тус шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 613 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан боловч хуульд заасан хугацаанд гараагүй бөгөөд нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлаж Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр бичгээр гаргасны улмаас гомдол гаргах хугацаа маань дуусгавар болж нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрх болон Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйг ноцтойгоор зөрчиж байна. Иймд шүүгч А.М-д сахилгын шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгч А.М тайлбартаа: “...М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Р.М нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасанд иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Монголын Үндэсний Арбитрын шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр “М” ХХК-аас 1,7674,052 ам доллар буюу 2,420,808,559 төгрөг гаргуулж “С” ХХК-д олгох шийдвэр хүчин төгөлдөр болж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Э.С-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “М 3000” ХХК, “М” ХХК-ний баланкаар Н.С-т 2 жилийн хугацаатай итгэмжлэлийг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “М 3000” ХХК, “М” ХХК-ний баланкаар Э.С-т 2 жилийн хугацаатай итгэмжлэлийг, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “М 3000” ХХК, “М” ХХК-ний баланкаар Б.А-д 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Р.М нь Б.А-д 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг олгож, удаа дараа итгэмжлэлээ сольж шүүхэд ирүүлсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ийн хүсэлтээр 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлогдсон.

Б.А-д хуралдааны товыг албан ёсоор мэдэгдэн гарын үсэг зурсан боловч хуралдаан хойшлуулах хүсэлт, “... мед эмнэлэг”-ийн магадалгааг ирүүлсэн. Б.А нь гомдолдоо А.М шүүгч Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.35, 89 дүгээр зүйлийн 89.3-т заасныг зөрчсөн гэжээ. Шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.2-т “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх”-ээр хуульчилсан. Шүүгч миний хувьд шүүгчийн туслах Г.Г-д уг эмнэлгийн магадалгааг утасдаж асуух, шалгах ажиллагаа хийхийг даалгаагүй болно. Харин шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шалгуулах хүсэлт гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхийн тамгын газарт Б.А нь шүүгчийн туслах Г.Г-д холбогдуулан гомдол гаргасан боловч 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гомдлоосоо татгалзсан хүсэлтийг бичгээр ирүүлсэн байна.

Шүүхийн тухай хуулийн 50.1.26-д заасныг зөрчиж бичгээр 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан тул гомдол гаргах хугацаа дууссан гэх гомдол үндэслэлгүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А биечлэн оролцоогүй тул түүнд 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүгчийн туслах шүүгчийн захирамж гарсныг утсаар мэдэгдэж, баримт үйлдсэн бөгөөд шүүгчийн захирамжийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Б.А гардан авч авсан өдрөөс хугацааг тоолон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар тухайн шатны шүүхэд гомдлоо гаргасан. Тус шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн ... дугаартай шүүхийн тогтоолоор шүүгчийн 2023 оны 01 сарын 03-ны өдрийн ... дугаартай захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Иймд гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

1.“М” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг ... шүүхийн шүүгч А.М хүлээн авч,  2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Улмаар шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн захирамжаар хэргийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоосон, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хуралдаан даргалагчаар шүүгч А.М-ыг томилсон шийдвэрийг албажуулсан байна. Энэхүү товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан, 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасныг хангаж шүүх хуралдааныг мөн хойшлуулсан байна. 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг Б.А-д олгосон итгэмжлэлийг ирүүлсэн, тэрээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр  хүртэл хойшлуулжээ. 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эмчилгээ хийлгэх шалтгаантай гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, “Сондор мэд” эмнэлгийн магадалгааг хавсаргаж ирүүлсэн, 2023.01.03-ны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд 00613 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ийнхүү шийдвэрлэхдээ “...Р.М нь хуулийн этгээдийг төлөөлж нэхэмжлэл гаргасан бөгөөд өөрийн бүрэн эрхийг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул “М” ХХК-г төлөөлөх эрхгүй” гэж дүгнэсэн байх ба энэ тухайгаа мөн өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А-д мэдэгдсэн тухай баримт үйлджээ. 

3.  Б.А шүүгчийн захирамжид гомдол гаргасан, ... шүүхийн 2023.02.02-ны өдрийн хуралдаанаар гомдлыг хянан хэлэлцээд ... дугаар тогтоолоор шүүгчийн дээрх захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч Б.А нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлэхдээ эмнэлгийн магадалгаа хавсаргаж ирүүлсэн. Шүүгчийн туслах Г.Г эмнэлгийн магадалгаа гаргасан “Сондор мэд” эмнэлэг рүү утсаар холбогдож, тус эмнэлгээр Б.А үйлчлүүлсэн талаар тодруулж асууж, энэ талаар тэмдэглэл үйлдсэн бөгөөд тэрээр “... шүүгчийн туслах холбогдох журам, ажил үүргийн хуваарийн дагуу шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй бөгөөд тус үүргийн хүрээнд эмнэлгийн магадалгаа гаргасан “ ... мэд эмнэлэг”-ийн утсаар холбогдож, Б.А гэж хүн үйлчлүүлсэн талаар лавлахад тийм хүн үзүүлээгүй гэсэн. Энэ талаар утсаар ярьсан тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргасан, ...” гэсэн мэдүүлэг өгчээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.7-д зааснаар шүүгчийн туслах шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох чиг үүрэгтэй бөгөөд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 6.3.1-т “шүүх хуралдааныг товлосон цагт нь хийх, хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд бүрэн оролцуулах асуудлыг шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хариуцна” гэжээ.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор батлагдсан албан тушаалын тодорхойлолтод зааснаар шүүгчийн туслах шүүх хуралдааныг товлосон цагт нь зохион байгуулах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг шүүх хуралдааны бэлтгэл ажиллагааг хангаж байгаад хяналт тавих үүрэгтэй байна. Тодруулбал, шүүгчийн туслах нь шүүх хуралдааны бэлтгэл хангах үүргийн хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлттэй холбогдуулан магадалгаа гаргасан эмнэлгээс тухайн өдөр Б.А үйлчлүүлсэн эсэхийг утсаар тодруулж, тэмдэглэл үйлдсэнийг буруутгах үндэслэлгүй.

Харин шүүгч А.М нь тус эмнэлэгтэй холбогдож, асууж тодруулах ажиллагаа хийхийг шүүгчийн туслахад даалгасан гэх байдал тогтоогдоогүй  тул  түүнийг  шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгсөн гэх гомдол нотлогдоогүй байна.

Хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/Ш32023/00613 дугаар захирамж “Иргэн 2014” системд 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр баталгаажин орсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгчийн захирамж гаргаж, албажуулах хугацааг нарийвчлан зохицуулаагүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь уг шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхээ хэрэгжүүлжээ. Иймд шүүгчийн захирамжийг хуульд заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах эрхийг нь зөрчсөн гэх өргөдлийн үндэслэл тогтоогдоогүй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон        ТОГТООХ НЬ:

1. ...шүүхийн шүүгч А.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                               Г.ЦАГААНЦООЖ

ГИШҮҮН                                                   Д.АРИУНТУЯА

Ц.ДАВХАРБАЯР