МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-03-29
Дугаар 48
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга Г.Хаш-Эрдэнэ нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Б.А өргөдөлдөө: 2022 оны 06 сарын 15-ны өдөр шүүхийн туслах н.Б нь нэхэмжлэл гардуулна гэж холбогдсон ба У.Х-д итгэмжлэл өгсөн. Ингээд итгэмжлэлийг өгч, нэхэмжлэл гардан авах гэхэд гардуулахгүй, шүүгчээс асууна гэсэн. Дараа нь заавал гуравдагч этгээдэд гардуулна гэж хариу өгсөн нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчиж, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй.
2022 оны 06 сарын 15-ны өдрийн 12.20 цагт нэхэмжлэлийг гардуулахаар боллоо гээд цахим хаягаа явуулчих гэсэн. Нэхэмжлэл гардан авсан боловч урьдчилсан хэлэлцүүлгийг 14.30 цагаас товлосон байсан. Миний бие ... шүүхэд 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 13.30 цагаас шүүгдэгч н.Д-д холбогдох гэм буруугийн шүүх хуралтай давхацсан, хэргийн материалтай танилцаагүй, хариу тайлбар гаргах боломж бололцоогоор хангаагүй, хэргийн материалтай танилцаж нотлох баримт гарган өгөх, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргах, гэрч оролцуулах, өмгөөлөгч авах, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэл гаргах эрхгүй буцаах хүсэлт гаргаж нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн хамт хүсэлтийг хэлэлцүүлэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4-д заасан хэргийн оролцогчийн эрх буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн илт тодорхой заалтыг тус тус зөрчсөн. Хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримтын хамт үнэлээгүй зэрэг нь Шүүхийн тухай хуулийн 50.1.23-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэж байна.
Шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Б.А-ийг хэрэгт татан оролцуулсан ба 1 хоногийн дотор хариу тайлбар, нотлох баримт өгөхийг тогтоосон. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байхад хүсэлтийг хангахаас татгалзаж нэхэмжлэгч талын захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч талд давуу байдал бий болгосон гэж үзэж байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд бичигдсэнээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан болохоос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 126.1.3-д заасан гүйцэтгэх хуудсыг шууд олгох хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрөө санаачилж, гүйцэтгэх хуудас шууд олгож шийдвэрлэсэн байна. Иймд шүүгч Б.Б-г Шүүхийн тухай хуульд зааснаар шалгаж өгнө үү” гэжээ.
Шүүгч Б.Б тайлбартаа: ... аймгийн Ардчилсан намын хорооны нэхэмжлэлийг бүртгэл хяналтын нэгдсэн системээс надад хуваарилсан, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба энэ нь тусгай журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарна. Нэхэмжлэлийн хувийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчид гардуулсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд явуулах үүднээс урьдчилсан хэлэлцүүлгийг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 10:00 цагт эхлүүлэхээр 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаартай захирамжаар, шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт эхлүүлэхээр 96 дугаартай захирамжаар тус тус шийдвэрлэсэн. Уг хэргийн хянан шийдвэрлэх 30 хоногийн хугацаа 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дуусах байсан ба тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар тойргийн нөхөн сонгуулийг 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр явагдах байсан.
Нэхэмжлэгч 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 17:10 цагт нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, шүүх Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэгдсэн Б.А-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн. Ингээд нэхэмжлэл гардаж авахыг мэдэгдсэн боловч ирээгүй. Нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийг нэр дэвшигчээр бүртгэсэн ... аймгийн Сонгуулийн хорооны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.2 дахь хэсэгт захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүгч хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэн шийдвэрлэхээр хуульчилсан байдаг тул урьдчилсан хэлэлцүүлгийг мөн сарын 15-ны өдрийн 08:30 цагт эхлүүлэхээр 110 дугаартай захирамжаар товлосон. Энэхүү урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдэх хуудсыг хүргүүлэх гэсэн боловч гуравдагч этгээдтэй холбогдож чадаагүй, нэхэмжлэлийн хувийг ч гардуулж амжаагүй тул хэлэлцүүлгийг мөн өдрийн 14:30 цагт хүртэлх хугацаагаар хойшлуулсан.
Гуравдагч этгээд Б.А нь ... аймгийн Засаг даргаар ажилладаг төрийн албан хаагч бөгөөд мэдэгдэх хуудсыг өгөхөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө харьцана гээд аваагүй, У.Х гэгч хүн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тул нэхэмжлэлийн хувийг гардаж авна хэмээн утсаар ярьсан талаар шүүгчийн туслах танилцуулж байсан. Нэгэнт шүүхэд итгэмжлэл ирээгүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд ирээгүй, шүүхтэй холбогдоогүй байхад У.Х-г гуравдагч этгээдийг төлөөлөх эрхтэй гэж үзэн нэхэмжлэлийн хувийг түүнд гардуулах эрх шүүхэд байхгүй. Харин ... аймгийн тойргийн нотариатч П.З-аас 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 06 минутад олгосон 0341 дугаартай итгэмжлэлийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А-ээс шүүхэд хүргүүлсэн. Тиймээс шүүх тус итгэмжлэлд үндэслэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х-д үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагуудыг холбогдох баримтуудын хамт цахим хаягаар нь хүргүүлсэн.
2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нь лхагва гараг байсан бөгөөд сонгуулийг мөн сарын 19-ний өдөр буюу тухайн долоо хоногийн ням гарагт явуулахаар товлосон байсан тул сонгууль явуулах өдрөөс өмнө шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн гаргасан маргаан бүхий 03 дугаартай захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцүүлж шийдвэрлэх зайлшгүй шаардлага үйл явдал болох цаг хугацааны хувьд үүссэн байсан. Тиймээс тус хэлэлцүүлэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хүсэлтийг шийдвэрлэсэн. Гуравдагч этгээдэд урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдэж, тухайн хэлэлцүүлэгт оролцох эрхийг нь хангах үүргээ гүйцэтгэн зохих ажиллагааг явуулж мэдэгдсэн.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А-ээс шүүх хуралдаан давхацсан, шүүх хуралдааныг хойшлуулах талаарх хүсэлт болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд тэрээр цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдэж байсан. ... аймгийн сонгуулийн хорооноос гаргасан 03 дугаартай тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг хүссэн нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хэлэлцүүлэх гэж буй урьдчилсан хэлэлцүүлгийн товыг түүнд мэдэгдсэн. Гуравдагч этгээд тухайн өдөр ... аймгийн ... суманд байсан болох нь шүүхийн мэдэгдэх хуудаст тэмдэглэсэн бичиг хүргэгчийн тайлбараар нотлогдоно. Гуравдагч этгээд өөрийгөө бүрэн төлөөлүүлэх этгээдийг шүүхэд мэдэгдсэн ч энэ нь түүний хэрэг хянан шийдвэрлэх тухайн ажиллагаанд биечлэн болон цахимаар оролцох эрхийг хууль болон шүүх хязгаарлаагүй. Түүнээс уг хэлэлцүүлгийг хойшлуулах болон оролцох, оролцохгүй байх талаар ямар ч баримт болон мэдээллийг шүүхэд ирүүлээгүй. Шүүх гуравдагч этгээдэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг биечлэн болон баримтаар мэдэгдсэнээр түүний тус урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох эрхээ эдлэх боломжийг нь хангасан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулсан. Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа тул гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсгүүдэд заасан хэргийн оролцогчийн эрхээ эдэлж, үүргээ хэрэгжүүлэх эрх зүйн боломж болон хамгаалалт нээлттэй.
... аймгийн сонгуулийн хорооны маргаан бүхий 03 дугаартай тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцүүлэхээр 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн урьдчилсан хэлэлцүүлгийг гуравдагч этгээд Б.А-д “тов мэдэгдээгүй” үндэслэлээр мөн өдрийн 14:30 цагт хүртэлх хугацаагаар хойшлуулж, тухайн хэлэлцүүлэгт оролцох эрхийг нь хангасан. Энэ цаг хугацаанд гуравдагч этгээдэд нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийгээгүй байсан бөгөөд урьдчилсан хэлэлцүүлэг хойшлуулах захирамжийн үндэслэлд энэ талаар тусгаагүйн учир нь мэдэгдэх хуудсыг тухайн оролцогчийн ажлын газрын албан хаагчид хүлээлгэн өгсөн байсан тул түүнийг шүүхэд хүндэтгэлтэй хандаж ирнэ гэсэн хүлээлттэй байсан.
Тухайн хэргийн оролцогчтой шүүх холбогдож чадахгүй байсаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг эхлүүлэх цаг дөхөж ирсэн үед итгэмжлэл ирснээр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч /гомдол гаргагч/-тэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдох харилцааг эхлүүлэх нөхцөл боломж шүүхэд үүссэн.
Маргаан бүхий харилцаатай холбогдох сонгуулийг 2022 оны 6 дугаар сарын 19-ний ням гарагт явуулахаар товлон зарласан Сонгуулийн ерөнхий хорооны тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан, тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг мөн сарын 17-ны баасан гарагт хийхээр хойшлуулсан байсан. Гуравдагч этгээдэд нэхэмжлэлийн хувь гардуулах болон тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлэх хугацааны талаар тусгайлсан зохицуулалт байхгүй, хуулийн 22.4-т түүний эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлсон байдаг. Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн талаарх хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлэхэд нэгэн адил үйлчилнэ. Захирамжид заасан “нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш 1 /нэг/ хоногоор тогтоосугай” гэх хугацаа нь дээрх зохицуулалтад заасан “... долоо хоногийн дотор...” гэснийг зөрчөөгүй. Энэ хугацааг сонгон тогтоох эрхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээж авснаас хойш ... шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ" гэж шүүгчид олгосон байгааг үндэслэн нэг хоногийн хугацааг тогтоосон. Нөхөн сонгууль явуулах өдрөөс өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулж маргааныг шийдвэрлэх үүднээс гуравдагч этгээдийн тайлбар, нотлох баримт гаргах хугацааг нэг хоногоор тогтоож шийдвэрлэсэн.
Шүүх санаачилгаараа захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх шийдвэр гаргах эрхгүй. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хангаж 03 дугаартай тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэснээр гуравдагч этгээд Б.А-ийн эрх ашиг илүү хамгаалагдсан. Маргааныг шийдвэрлээгүй байхад сонгууль болчихвол хэргийн оролцогчдын хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх магадлал тогтоогдож байсан учраас эрх зүйн хамгаалалт тогтоосон шийдвэрийг гаргасан бөгөөд энэ хүртэлх хугацаанд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулахаас өөр арга зам байгаагүй.
Гомдол гаргагчаас гаргасан нэхэмжлэлд тайлбар гаргах хугацааг сунгах тухай хүсэлтийг хянаж үзээд 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 116 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” захирамжаар уг хугацааг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг дуусталх хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн. Шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаартай захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулна” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Шүүх дараах тохиолдолд шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудсыг шууд олгоно” гэж, 126.1.3-т “захиргааны актыг түдгэлзүүлэх” гэж тус тус хуульчилсан. Энэ нь шүүх маргалдагч этгээдүүдийн аль нэгний хүсэлтээр бус шүүх өөрөө шууд гүйцэтгэх баримт бичгийг бичиж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг хангах үүргийг ногдуулсан зохицуулалт юм. Тиймээс 115 дугаартай шийдвэрийн биелэлтийг хангуулахаар ...аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудсыг бичиж хүргүүлэх үүргээ гүйцэтгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайн хэсэгт холбогдох ажиллагааг явуулсан. 115 дугаартай захирамжийг гаргасан урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэсэн, түүний үндэслэлүүдийг ерөнхийлөн тайлбарлаж өгсөн болох нь харагдаж байгаа ба тухайн захирамжийг гүйцэтгэх хуудсыг шүүгч хэн нэгэн хэргийн оролцогчийн хүсэлтээр бус хуульд зааснаар шууд бичсэн. Иймээс надад холбогдуулан үүссэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
1. У.Х нь ... шүүхийн шүүгч Б.Б-т холбогдуулан өргөдөл гаргасан, гишүүний 2022.08.29-ний өдрийн 1..3 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, нотлох дүгнэлт үйлджээ.
Сахилгын хорооны 2022.11.28-ны өдрийн 252 дугаар магадлалаар нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд илтгэгч гишүүн эсэргүүцэл бичжээ.
Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааны 2023.01.16-ны өдрийн 0..1 дүгээр тогтоолоор дээрх магадлалыг хүчингүй болгож, сахилгын хороонд буцаасан, сахилгын хорооны 2023.03.02-ны өдрийн 0...4 дүгээр магадлалаар нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, магадлал хүчин төгөлдөр болоогүй байна.
2. Б.А нь ...шүүхийн шүүгч Б.Б-д холбогдуулан 2022.12.14-ний өдөр өргөдөл гаргасан, гишүүний 2023.01.18-ны өдрийн 0..8 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн хүн, албан тушаалтан, хуулийн этгээд холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр Сахилгын хороонд өргөдөл, мэдээлэл гаргах ба Б.А нь шүүгч Б.Б-д холбогдуулан өргөдөл гаргажээ.
... аймгийн Ардчилсан намын нэхэмжлэлтэй, ... аймгийн Сонгуулийн хороонд холбогдох нэхэмжлэлд тус аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч Б.Б 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 109 дүгээр захирамжаар ... аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэгдсэн Б.А-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн, тэрээр У.Х-д 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр итгэмжлэл олгосны дагуу нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.
У.Х нь Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн өргөдөлдөө: “ ... шүүгч Б.Б нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн тухайд: 2022 оны 06 сарын 15-ны өдөр Шүүхийн туслах ажилтан н.Б нь гуравдагч этгээдэд нэхэмжлэл гардуулна гэж холбогдож, Б.А-ийн зүгээс У.Х-д хуульд заасны дагуу бүрэн эрхийг ... нотариатч ... 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 10 цаг 06 минутад итгэмжлэл өгсөн. Тус итгэмжлэлийг шүүхэд өгч, нэхэмжлэл гардан авахад туслах ажилтан н.Б нь танд гардуулахгүй гэж хариу хэлсэн. Миний зүгээс хуульд заасны дагуу итгэмжлэлийн дагуу гардан авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээ эдлэх талаар хэлэхэд шүүгч Б.Б-ээс асууж байж шийднэ гэж хариу хэлсэн. Дараа нь хариугаа хэлэхдээ шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд нэхэмжлэл гардан авах эрх байхгүй тул заавал гуравдагч этгээдэд гардуулна гэж хариу өгсөн. Энэхүү хариулт нь Иргэний хуулийн 62.3, итгэмжлэл олгосон 20, 22, 28 заалтыг буюу хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчиж, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй. Дараа нь 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 12.20 цагт нэхэмжлэлийг гардуулахаар боллоо гэж гэнэт хэлээд цахим хаягаа явуулчих гээд цахим хаягаа өгч нэхэмжлэл гардан авсан боловч урьдчилсан хэлэлцүүлгийн тов мэдэгдэх хуудаст урьдчилсан хэлэлцүүлгийг 14.30 цагаас товлосон байсан.
Миний бие ...шүүхэд 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 13.30 цагаас шүүгдэгч Д-д холбогдох гэм буруугийн шүүх хуралтай давхацсан, хэргийн материалтай танилцаагүй, хариу тайлбар гаргах боломж бололцоогоор хангаагүй, хэргийн материалтай танилцаж нотлох баримт гарган өгөх, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргах, гэрч оролцуулах, өмгөөлөгч авах, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэл гаргах эрхгүй буцаах хүсэлт гаргаж нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн хамт хүсэлтийг хэлэлцүүлэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4-д заасан хэргийн оролцогчийн эрх буюу ... хуулийн илт тодорхой заалтыг тус тус зөрчсөн. Хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримтын хамт үнэлээгүй зэрэг нь Шүүхийн тухай хуулийн 50.1.23-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэж байна. Шүүгч Б.Б-ийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Б.А-ийг хэрэгт татан оролцуулсан. Тус захирамжийн 3 дахь заалтаар нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор хариу тайлбар, нотлох баримт хамт шүүхэд өгөхөөр тогтоосон. 2022 оны 06 сарын 15-ны өдөр 12.20 цагаас нэхэмжлэл гардан авсан, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 14.30 цагт товлосон боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаан оролцох боломжгүй байхад хүсэлтийг хангахаас татгалзаж нэхэмжлэгч талын захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч талд хуулийн илт заалтыг зөрчиж, оролцогчийн эрхийг хангахгүйгээр ажиллагаа явуулж нэхэмжлэгч талд давуу байдал бий болгосон гэж үзэж байна.
Мөн 2022 оны 06 сарын 15-ны өдрийн ... шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд бичигдсэнээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан болохоос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 126.1.3-д зааснаар гүйцэтгэх хуудсыг шууд олгох талаар ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрөө санаачилж, гүйцэтгэх хуудас шууд олгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн талаар огт дурдаагүй асуудлыг болон шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийг танилцуулахад дурдаагүй асуудлыг бичгээр гаргахдаа шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч талд давуу байдал олгосон” гэсэн агуулга дурджээ.
Б.А-ийн өргөдөл нь У.Х-ийн өргөдөлд дурдсантай ижил агуулгатай бөгөөд уг асуудлаар сахилгын хэрэг үүсгэн, хэргийг хянан шийдвэрлэж байгаа тул өргөдлийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ.
Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. ... шүүхийн шүүгч Б.Б-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Д.ЭРДЭНЭЧУЛУУН