МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-02-28
Дугаар 32
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Эрдэнэчулуун, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн - нарийн бичгийн дарга Ц.Болортуяа нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд нээлттэй хийв.
Тус хуралдаанаар иргэн Х.Бийн өргөдлөөр, ... шүүхийн шүүгч Д.Г-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Б.Сугарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 162 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-даа:
“НЭГ. Өргөдөл гаргагчаас өмгөөлөгчөөрөө дамжуулан шинжээч томилуулах хүсэлтийг 2 удаа, нотлох баримт гаргуулах хүсэлтийг 1 удаа гаргасан боловч удаа дараа хүсэлтийг хангахаас татгалзаж хувийн ашиг сонирхлын үүднээс миний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэл дурдсан байна.
Холбогдох шүүгч 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 101/ШЗ2021/19856 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгч Б.Б-гийн шинжээч томилох тухай хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж, ... мөн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 101/ШЗ2021/20835 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгч Б.Б-ийн шинжээч томилох тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ ... үндэслэлээ тодорхой тайлбарласан байна.
... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл шүүгч иргэний хэрэгт авагдсан баримтын хүрээнд, өөрийн дотоод итгэл үнэмшлээр шүүгчийн захирамж гаргах эрхтэй байх тул шүүгчид олгосон бүрэн эрхийн хүрээнд хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтүүдийг тухай бүр нь шийдвэрлэж захирамж гаргасанд шүүгчийг буруутгах боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчил гаргасан, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй ...
ХОЁР. Д.Г шүүгчийн зүгээс шүүх хурал дээр байнгын зүй бусаар харьцсан, шүүх хурал нийт 3 удаа хойшилж хурал бүрд надтай болон бусад хэргийн оролцогчидтой байнгын зандарсан, захирангуй, зүй бус харьцаж удаа дараа зөрчил гаргасан гэх гомдлын тухайд:
Шүүгч Д.Г нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 101/ШЗ2021/ххххх дугаар захирамжаар сөрөг нэхэмжлэлд тайлбар, нотлох баримт гаргах эрхээр хангаж шүүх хуралдааныг хойшлуулж,
2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 101/ШЗ2021/00ххх дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгчийн гэрчээр С.Ж-ыг асуулгах тухай хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж,
2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” 101/ШЗ2021/ххххх дүгээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж,
... шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/000хх дүгээр шийдвэрээр хариуцагч Х.Б-ээс 25.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М Т У Д” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24.000.000 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч “М Т У Д” ХХК-д холбогдох 76.836.155 төгрөг гаргуулах тухай хариуцагч Х.Б-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, нийт 4 удаагийн шүүх хуралдаан болсон байна.
... шүүхийн Тамгын газраас дээрх дөрвөн удаагийн шүүх хуралдааны бичлэгийг нотлох баримтаар гаргуулж, бичлэг тус бүрийг үзэн үзлэгийн тэмдэглэл хийж баримтжуулсан бөгөөд шүүх хуралдааны явцад шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Г нь шүүх хуралдааныг хуульд заасан дэг, дарааллын дагуу явуулж, хэргийн оролцогчдыг загнасан, зандарсан, зүй бусаар харьцсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно. Холбогдох шүүгч нь шүүх хуралдааны явцад хуульд заасан журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэхийн тулд хэргийн оролцогчдод хууль ёсны буюу зарчмын шаардлага тавьж, зохигчдод хэн алийг нь үл ялгаварлаж ижил тэгш хандаж байгаа нь шүүх хуралдааны бичлэгт бичигдэн үлдсэн байна.
... Иймд шүүгч Д.Г-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
... шүүхийн шүүгч Д.Г тайлбартаа:
“Хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ххххх дүгээр захирамжаар хангаж, нэхэмжлэгчээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.
Харин шинжээч томилох хүсэлтийн хувьд гомдол гаргагчийн хэрэгт гаргасан тайлбарыг үндэслэж маргаж буй ажлын үлдэх хэсгийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн гэх тул ажлын үнэлгээг салгаж тооцох боломжгүйн улмаас хангахаас татгалзсан байна. Учир нь гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар зохигчид маргаж байна. Энэ талаар холбогдох захирамжид тайлбарлажээ.
Хэрэгт хувийн ашиг сонирхлоор хандсан гэдэг нь үндэслэлгүй бөгөөд баримтгүй.
2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд гомдол гаргагч сөрөг нэхэмжлэл гаргасан тул хүлээн авч, нэхэмжлэгчид гардуулж, тайлбар, баримт гаргах эрхээр хангаж хойшилсон. Ингэхдээ хариуцагч талын нотлох баримт гаргуулах хүсэлт нь хэрэгт ямар ач холбогдолтой нь тодорхойгүй бөгөөд хариуцагч өөрөө бүрдүүлэх боломжтой гэх үндэслэлээр хангахаас татгалзсан. Энэхүү үндэслэл нь ИХШХШТ хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д нийцнэ. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь бүрдүүлбэр хангаагүй тул хүлээн авахаас татгалзаж, хариуцагч нь шинэ баримт гаргасан тул нэхэмжлэгчид танилцуулж, мэтгэлцэх эрхээр хангаж хойшлуулсан. 2021 оны 12 дугаар сарын 24-ний хуралдааныг гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, гэрч асуухаар хойшлуулсан.
Иймд хэргийг хянан шийдвэрлэх хуралдааныг удаа дараа хойшлуулж, эрх зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй.
Шүүх хуралдаан даргалагч хуралдааны оролцогчдод дэг баримтлахыг шаардах бөгөөд ийнхүү дэг сахиулсан нь сахилгын зөрчил биш юм.
Түүнчлэн гомдол гаргагч шүүхэд хариуцагчаар оролцсон, өөрөөр хэлбэл эрхээ хамгаалуулахаар шүүхэд эхэлж хандаагүй, харин хариуцагчаар татагдсаны улмаас сөрөг нэхэмжлэл гаргасан тул хэргээ шийдвэрлүүлж чадахгүй хохирч байна гэх тайлбар үндэслэлгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“М Т У Д” ХХК-иас Х.Б-д холбогдуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 54.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл ... шүүхийн шүүгч Д.Г-д хуваарилагдсанаар, 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2021/хххххх дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.
Улмаар анхан шатны журмаар, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2021/000хх дугаартай шийдвэрээр хариуцагч Х.Б-гээс 25.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М Т У Д” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24.000.000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Х.Б-гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Х.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Шүүхийн сахилгын хороонд, ... шүүхийн шүүгч Д.Г-д холбогдуулж, “... миний хуулиар олгогдсон эрхийг удаа дараа ноцтой зөрчиж, мөн шүүх хурал дээр байнгын зүй бусаар харьцаж хэргийг буруу шийдвэрлэсэнд ихээхэн гомдолтой байна. Уг хэрэгт миний зүгээс өөрийн татгалзаж буй татгалзал, сөрөг нэхэмжлэлийг нотлох зорилгоор өмгөөлөгчөөрөө дамжуулан шинжээч томилуулах хүсэлтийг 2 удаа, нотлох баримт гаргуулах хүсэлтийг 1 удаа гаргасан боловч удаа дараа хүсэлтийг хангахаас татгалзаж хувийн ашиг сонирхлын үүднээс миний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн болно ...” гэж өргөдөл гаргажээ.
Сахилгын хэрэг дэх баримтаас үзвэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад:
Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүгч нь 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ххххх дугаар захирамжаар хангасан байна.
Мөн өмгөөлөгч Б.Б 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “... нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн гэх суурь цутгасан, төмөр карказ угсарсан ажил нь нийт ... төсөв бүхий ажлаас хэдэн төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн болохыг шинжээч томилуулан ... тогтоолгох” гэх агуулгатай хүсэлт гаргасныг, шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 19856 дугаар захирамжаар “... хариуцагчийн ... тайлбараас үзэхэд ... суурийн болон карказ угсрах ажлын гүйцэтгэсэн, ... нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн гэх ажлын төсвийг салгаж шинжээчийн дүгнэлт гаргуулах боломжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.
Өмгөөлөгч Б.Б 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дээрх агуулгаар дахин хүсэлт гаргасныг, шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 20835 дугаар захирамжаар “... хариуцагч нь ... ажлыг бүрэн хийгээгүй тул бусдаар үлдэх ажлыг гүйцээж хийлгэсэн гэж тайлбарласан ... нэгэнт гүйцэтгэж дууссан барилгын талаар 2 гүйцэтгэгч ажилласан бол шинжээч үзлэг хийх замаар гүйцэтгэгч тус бүрийн ажлын цар хүрээг хэрхэн ялгаж тодорхойлох нь ойлгомжгүй юм ... хариуцагчийн тайлбар, түүний өмгөөлөгчийн хүсэлт өөр хоорондоо уялдаагүй бөгөөд үүнийг гүйцэтгэгч, захиалагч нар хуульд заасан үүргийн дагуу бусад баримтаар нотлох нь зүйтэй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Мөн өмгөөлөгч 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “... 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Б.Ө-гын дуудлагын дагуу СХД цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Б.Ө болон Х.Б нараас авсан мэдүүлгийг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах” гэж хүсэлт гаргасныг, шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ххххх дугаар захирамжаар “... хариуцагч өөрийн өгсөн мэдүүлгийг цагдаагийн байгууллагаас авч, шүүхэд өгөх боломжтой ... иймд нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангах шаардлагагүй” гэж дүгнэж, шийдвэрлэсэн байна.
Холбогдох шүүгч сахилгын хорооны хуралдаанд, “нэхэмжлэгч тал байшингаа бүтэн барьсан гэдэг ба хариуцагч зарим хэсгийг нь бариад зарим хэсгийг бариагүй гэж маргаж байсан. Хариуцагчийн өмгөөлөгч хүсэлт гаргахдаа “хариуцагчийн хийсэн ажлын төсвийг гаргуулъя” гэдэг. Хийсэн ажлынхаа хэмжээгээр маргаж байхад аль хэмжээнд нь төсөв суулгах нь ойлгомжгүй байсан учраас шинжээч томилуулах хоёр хүсэлтийг хянаад хангаагүй. Шүүх хуралдаанд мэтгэлцээн явагдаад нэмэлт тайлбар гаргах шатанд буюу асуулт хариулт явагдаж байх үед хариуцагч өөрийнхөө татгалзлыг өөрчилдөг. Үүнд ажлын үр дүнгийн талаар ярьж эхэлдэг ... Тухайн байшин нь ганхаад чанарын шаардлага хангахгүй, ашиглах боломжгүй гэж ярьдаг. Анхнаасаа ямар ч техникийн тооцоо байхгүй, барилгын зураг төсөл байхгүй байсан бөгөөд хэмжээ нь л байсан” гэж тайлбар гаргасан болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч нараас тусгай мэдлэг, мэргэжил шаардлагатай гэж үзэж шинжээч томилуулах талаарх хүсэлтийг шүүгч нь иргэний хэрэгт авагдсан баримтын хүрээнд, өөрийн дотоод итгэл үнэмшлээр шийдвэрлэснийг ёс зүй, сахилгын зөрчил гэж үзэхгүй гэж үзсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.
Шүүгчийн хуульд заасан шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлж, хүсэлт шийдвэрлэсэн үйл ажиллагаа нь түүнийг ёс зүйн зөрчилд холбогдуулан шалгах үндэслэл болохгүй.
Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн нь ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн Тамгын газраас “М Т У Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй Х.Б-д холбогдох иргэний хэргийн 2021 оны 12 дугаар сарын 03, 12 дугаар сарын 20, 12 дугаар сарын 24 болон хэргийг шийдвэрлэсэн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгийг гаргуулан авч, тус бүрд үзлэг хийн тэмдэглэл хөтөлсөн байна.
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Г нь шүүх хуралдааныг хуульд заасан дэг, дарааллын дагуу явуулж, хэргийн оролцогчдыг загнасан, зандарсан, зүй бусаар харьцсан гэх үйл баримт эдгээр шүүх хурлын явцад тогтоогдоогүй болно.
Иймд ... шүүхийн шүүгч Д.Г-д холбогдуулан гаргасан өргөдөлд шүүгч нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй, энэ талаарх илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байх тул саналыг хүлээн авч, шүүгчид холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ГС/2023/0021 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Д.Г-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ГИШҮҮН Д.ЭРДЭНЭЧУЛУУН
С.ЭНХТӨР