МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-01-27
Дугаар 12
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
... шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.М-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Ж.П өргөдөлдөө “...ерөнхий шүүгч Б.М-ын 2022 оны 2022/../..1 дугаартай захирамж нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23, 50.1.31-г зөрчсөн санаатай, шударга бус үйлдэл тул гомдол гаргаж байна. Би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.12 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3-т заасныг хүсэлт гаргахад шүүгч Б.М 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр тус ...дугаар хаалттай хорих ангийн эрх бүхий албан тушаалтантай удаа дараа холбогдон Ж.П-ыг шүүхэд гаргасан өргөдөл гомдлоо өөрийн хүсэлтээр эргүүлэн тат гэж хэл эс бөгөөс шүүх хуралдаан зарлаж 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн тус ...магадлалд тоо тооцоо, техникийн алдаа гарсан гэсэн үндэслэлээр хоригдол Ж.П-ын одоо эдэлж буй ялын хэмжээг нь 10 хоногоор нэмж шийдвэрлэх болно гэж айлган сүрдүүлж нөлөөлсөн. Мөн 2017 оны 07 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын өөрчлөлтөөр 17 жилийн хорих ялаас 13 жил, 7 сар 09 хоногийн хорих ял болон өөрчлөгдөн хасагдсан одоо тус хорих ангид ял эдэлж буй хоригдлуудын ялын хэмжээг ч мөн нэмэх болно гэж айлган сүрдүүлж нөлөөлсөн тул миний бие өөрийн хүсэлтээр тус шүүхэд гаргасан хүсэлтээ эргүүлэн татаж авах аргагүй нөхцөл байдалд оруулсан нөлөөлсөн. Иймд шүүгч Б.М-ын удаа дараагийн хууль бус үйлдэлд сахилгын хэрэг үүсгэн, хуулийн хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.
Шүүгч Б.М тайлбартаа: “...шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ... тоот магадлалаар Хорих ... дугаар хаалттай хорих ангид ял эдэлж буй ялтан Ж.П-ын хорих ялыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн 10 жил 08 cap 05 хоног болгон багасгаж өөрчилсөн байдаг. Энэхүү өөрчлөлтийг ялтан Ж.П эс зөвшөөрч нийт эдлэх хорих ялыг 26 хоногоор илүү бодсон тул багасгах хүсэлт гаргасан. Үүний дагуу түүнд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэх материалыг аймгийн прокурорын газраас татан авчирч шүүx бүрэлдэхүүн ялын тооцоог тус бүрдээ хянаж үзэцгээсэн. Гэвч ялтны эдлэх нийт хорих ял 26 хоногоор багасах биш 10 хоног нэмэгдэхээр байсан. Иймд миний бие Ерөнхий шүүгчийн хувьд Хорих ... дугаар хаалттай хорих ангийн дарга pyy утсаар ярьж ялтан Ж.П-ын хүсэлтийн дагуу шуух хуралдаан хийвэл түүний эрх зүйн байдал дордож нийт эдлэх хорих ял 10 хоног нэмэгдэж магадгүй юм байна. Too бүртгэлийн ажилтнаараа хорих ялын тооцоог дахин нягтлуулаарай гэж хэлсэн. 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ялтан урьд гаргасан хүсэлтээсээ татгалзаж байгаа талаар хүсэлт ирүүлсэн шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаатай холбоотой материалыг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхих тухай захирамж гарсан. Миний хувьд Ж.П-ыг ямар нэгэн байдлаар айлган сүрдүүлж, дарамталсан, урьд гаргасан хүсэлтээсээ татгалзах талаар шахаж шаардсан, түүний эсрэг гүйцэтгэх ажиллагаа явуулсан зүйл байхгүй. Энэ хүнтэй уулзаж ярилцаагүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
1. ... аймаг дахь хорих ...дугаар ангиас ирүүлсэн ялтан Ж.П-д холбогдох материалыг тус аймаг дахь ... шүүх 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд ... дугаар шүүгчийн захирамжаар 20 жилийн хорих ялаар шийтгүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-т заасан ялтай нийцүүлэн хасаж, хорих ялын хэмжээг 16 жил болгон өөрчилж, ялтан Ж.П-ын эдлээгүй үлдсэн 13 жил 1 сар 02 хоногийг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
2. Ж.П шүүгчийн захирамжид давж заалдах гомдол гаргасан, ...шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар гомдлыг хянан хэлэлцээд ...дугаар магадлалаар шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, эдлээгүй үлдсэн хорих ялыг 10 жил 08 сар 05 хоног болгон өөрчилжээ.
3. Ж.П нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ... шатны шүүх 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаар магадлалд залруулга хийх хүсэлт гаргасан боловч уг хүсэлтээс татгалзсан тул тус шүүхийн ерөнхий шүүгч Б.М 2022 оны 05 дугаар сарын 02-ний өдрийн ...дүгээр шүүгчийн захирамжаар давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй орхиж шийдвэрлэжээ.
Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
1. Ж.П нь анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж мөн зүйлийн 1.4-т заасны дагуу шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж ялтны эдлэх хоногийг багасгаж шийдвэрлэхдээ үндэслэлийг тодорхой тусгасан ба хуульд заасан үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурджээ.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болох ба хэргийн оролцогч, прокурор гомдол эсэргүүцэл гаргаагүй байна, магадлал хуулийн хүчинтэй байна.
2. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.12 дугаар зүйлийн 1.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар прокурор, оролцогч шүүхэд хүсэлт гаргах, эсхүл шүүх өөрийн санаачилгаар энэ хуулийн 36.14 дүгээр зүйлд заасан журмаар залруулах ба шүүхийн шийдвэрийг залруулсан бол энэ хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу гардуулан өгөх, мөн ямар алдааг хэрхэн залруулсныг тусгаж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурахаар хуульд зохицуулсан.
Ж.П нь ... шатны шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр гаргасан хүсэлтдээ “...тус шүүх шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, эдлээгүй хорих ялыг тогтоохдоо тооцооны алдаа гаргаж, 26 хоногийг илүү тооцсон тул уг алдааг залруулах...” агуулга дурдсан боловч 2022 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр хүсэлтээсээ татгалзаж буйгаа бичгээр гаргажээ.
Ж.П нь давж заалдах шатны шүүхийн магадлалд залруулга хийлгэх тухай хүсэлтээсээ татгалзсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ. Энэ тохиолдолд шүүгч захирамж гарган давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй орхиж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7.5.-т заасныг зөрчөөгүй бөгөөд энэ нь сахилгын зөрчилд хамаарахгүй болно.
Түүнчлэн өргөдөлд дурдсан “... шүүгч Б.М нь одоо эдэлж буй ялын хэмжээг нь 10 хоногоор нэмж шийдвэрлэнэ гэж айлган сүрдүүлсэн, ...хүсэлтээ эргүүлэн татаж авах аргагүй нөхцөл байдалд оруулсан...” гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. ... шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.М-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Д.ЭРДЭНЭЧУЛУУН