МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-01-28
Дугаар 21
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, нарийн бичгийн дарга Ч.Энхмэнд нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
...шүүхийн шүүгч Б.Ц-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд "... Шүүхийн сахилгын хороонд шүүгч Б.Ц- 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр "...Шүүгчийн захирамж гарснаас хойш, хуульд заасан 10 хоногийн дотор гомдол гаргах эрхээ нэхэмжлэгч Л.Т- хэрэгжүүлж, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр уг захирамжийг эс зөвшөөрсөн гомдлоо тус шүүхэд гаргасан байдаг. Тус шүүх шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шүүх бүрэлдэхүүнээр хэлэлцсэн байх ба энэхүү шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Т-, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б-нар оролцож, талууд шүүгчийн захирамжийг зөвшөөрөхгүй байгаа өөрсдийн хууль зүйн үндэслэлээ тайлбарлан оролцсон байгаагаас үзэхэд хариуцагч талын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
Мөн хариуцагчийн өмгөөлөгч Г.Б-нь шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн тохиолдолд уг захирамжид гомдол гаргах хугацааг сэргээлгэх хүсэлтээ шүүхэд гаргасны үндсэн дээр уг хүсэлтээ шийдвэрлүүлэх бүрэн бололцоотой байсан гэж үзэж байна." гэсэн тайлбараараа захирамжийг хуулийн хугацаанд өмгөөлөгч Г.Б-од албажуулж гардуулаагүй болохоо хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд харин нэхэмжлэгч Л.Т-ийн гаргасан гомдлыг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр тухайн шүүх бүрэлдэхүүнээр хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд гомдол гаргагч өмгөөлөгч Г.Б-оролцож захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлан оролцсоныг хуулиар олгогдсон захирамжид гомдол гаргах эрхээ хэрэгжүүлсэн байна гэж үзэж шүүгч Б.Ц-ийн захирамжаа хуульд заасан хугацаанд гардуулаагүй тухай асуудлыг зөвтгөх учиргүй гэж үзнэ.
Гэхдээ Г.Б-ын шүүгч Б.Ц-д холбогдуулан гаргасан гомдлын үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.23.хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул ...шүүхийн шүүгч Б.Ц-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв" гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Өмгөөлөгч Г.Б-нь ...шүүхийн шүүгч Б.Ц-д холбогдуулан өргөдөл гаргасан, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021.12.30-ны өдрийн 152 дугаар захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ...шүүхийн шүүгч Б.Ц- нь Л.Т-ийн нэхэмжлэлтэй Б.М-д холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2021.02.09-ний өдөр "Нотлох баримт гаргуулж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай" 101/Ш32021/02489 дугаар захирамжийг гаргасан байна.
Уг захирамжийг хариуцагчийн өмгөөлөгч Г.Б-гардаж аваагүй болох нь гомдол, илтгэгч гишүүний саналаар тус тус тогтоогджээ.
Гомдол гаргагч захирамжийг гардаж аваагүй байсан тул гомдол гаргах хугацаагаа алдсан гэсэн утга агуулгаар гомдлоо гаргасан байна.
Харин сахилгын хэрэгт авагдсан баримтаар дээрх захирамжийг нэхэмжлэгч Л.Т- эс зөвшөөрч гомдол гаргасан байх бөгөөд уг гомдлыг хянан хэлэлцсэн хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Г.Б-оролцсон, холбогдох тайлбар мэдүүлгээ өгсөн болох нь баримтаар тогтоогдож байна.
Дээрх үйл баримтаас үзвэл Г.Б-нь захирамжийг гардаж аваагүйгээс шалтгаалан гомдол гаргах эрхээ алдсан байх боловч уг захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдол шийдвэрлэх хуралдаанд оролцжээ. Мөн өмгөөлөгч Г.Б-нь захирамжийг эс зөвшөөрч байгаа бол гомдол гаргах эрхээ сэргээлгэх эрх нь нээлттэй байсан байна.
Иймд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ...шүүхийн шүүгч Б.Ц-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ СУГАР
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Д.ЭРДЭНЭЧУЛУУН