info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-05-11

Дугаар 67

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн  Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан, ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Т-д  холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 61 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “... ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Н.Б 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр А-ийн хууль бус эзэмшлээс автомашиныг авч өгнө үү гэх шаардлага бүхий нэхэмжлэл, шүүхийн шийдвэр гарах хүртэл  автомашиныг битүүмжлэх хүсэлтийг тус тус гаргажээ. ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” 1323 дугаар захирамжаар шүүгч З.Т-г тус иргэний хэргийн хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар томилсон шийдвэрийг албажуулсан байна. ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 4208 дугаар захирамжаар Иргэний хэрэг үүсгэж, “Хүсэлт шийдвэрлэх тухай” 4209 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ. ...Хариуцагч Д.А 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шүүгчийн захирамжид гомдол гаргасан байх ба ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн “Шүүгчийн захирамжид гаргасан гомдол хэлэлцэх тухай” 00038 дугаар тогтоолоор шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 4209 дүгээр захирамжийг хүчингүй болгож, үндэслэх хэсэгт “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д “хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх” гэж хуульчилжээ. Харин тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон тээврийн хэрэгслийн лавлагаа хэрэгт авагдаагүй байхад хэний ямар хөрөнгийг битүүмжилсэн нь тодорхойгүй байх тул шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 4209 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлыг хангах нь зүйтэй байна...” гэж үзэн захирамжид гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэжээ.  “Э” ББСБ-аас 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Хамтран нэхэмжлэгчээр оролцох тухай” хүсэлт  гаргасан бөгөөд мөн өдөр Автомашин битүүмжлүүлэх тухай хүсэлтийг  мөн гаргасан. ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 135/ШЗ2022/05122 дугаар захирамжаар  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, “Э” ББСБ-аас 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ...аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хамтран нэхэмжлэгчээр оролцох хүсэлт, Автомашин битүүмжлэх хүсэлтүүдийг  тус тус хангаж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно” гэж заасан.

Дээр дурдагдсан үйл баримтаас шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 4209 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үед тус шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “Шүүгчийн захирамжид гаргасан гомдол хэлэлцэх тухай” 00038 дугаар тогтоолд дурдсанчлан “...тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон тээврийн хэрэгслийн лавлагаа хэрэгт авагдаагүй байхад хэний ямар хөрөнгийг битүүмжилсэн нь тодорхойгүй байх тул...” нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангасан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн бөгөөд тухайн шийдвэр буюу шүүхийн тогтоол нь тухайн үйл баримттай холбоотойгоор л эцсийн, дахин гомдол гаргах эрхгүй болохыг тус тогтоолын Тогтоох хэсгийн 2-т  зааж өгсөн нь нэхэмжлэгчийг дутуу баримтаа нэмж бүрдүүлэн холбогдох хүсэлтээ дахин гаргах эрхийг хязгаарласан утга биш юм. Нэхэмжлэгч талаас тогтоолд дурдсан дутуу баримтыг бүрдүүлэн дахин хүсэлт гаргах эрх нээлттэй бөгөөд энэ дагуу хүсэлтээ гаргаж, түүнийг шүүгч хүлээн авч шийдвэрлэсэн нь шүүгчийн хуульд заасан эрх хэмжээнд хамаарах асуудал байна.

Иймд, сахилгын хэрэгт авагдсан баримтаас өргөдлийн үндэслэлд дурдсан “...хууль бус, албан тушаалаа ашиглан бусдад давуу эрх олгосон, нэг талаа барьж, өөрийн захирамжийг цуцалсан 3-н шүүгчийн захирамжийг илтээр үл хүндэтгэн дахин битүүмжлэх захирамж гаргасан...” гэх зөрчил буюу Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэх баримт тогтоогдсонгүй.

2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б.А нь ...аймгийн сум дундын шүүхэд хаяглан хүсэлт гаргасан байх ба уг хүсэлтдээ “...хариуцагч Б.А миний бие нь 2022.12.16-ны өдрийн 14:00 цагт болох хуралдаа гэрчээр Ө.М болон данс руу нь мөнгө хийсэн гээд байгаа данс эзэмшигч С.М-ийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа тул банк бусыг өөрсдийн биеэр оролцуулах хүсэлт тавьж байна. Цагдаагийн мөрдөгч Т болон Б-ийн согтуугаар орилж хашхирч машиныг эвдэж байгаа бичлэгийг хэргийн нотолгоо болгож, хуулбарлаж авч өгнө үү” гэх хүсэлтийг  гаргасан байна.

... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 135/ШЗ2022/03788 дугаар захирамжаар хариуцагч Б.А-ийн гаргасан  Ө.М, С.М нараас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг хангаж, бусад хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Зохигчийн хүсэлтийг хүлээн авах эсэхийг хэрхэн шийдвэрлэх нь шүүгчид хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамаарах асуудал байх тул Шүүхийн сахилгын хороонд дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн үндэслэлд дүгнэлт өгөх эрх хэмжээ олгогдоогүй болно. 

Өргөдөл гаргагч Б.А 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед “...аймгийн давж заалдах иргэний хэргийн шүүхэд өргөдөл гаргах нь” гэсэн 2 өргөдөл гаргасан ба тус 2 өргөдөлд “... шүүгч ямар ч авцалдаагүй хуульд байхгүй зүйлээр дарамтлаад 3 шүүгчийн захирамжийг албан тушаалаа ашиглаж ахиж давахгүй эцсийн шийдвэр гээд байхад өөрөө цуцалж, өөрөө гаргаж байгаа нь хөөрхийлөлтэй санагдаж байна. Иймд уг асуудлыг хуулийн хүрээнд шалгаж өгнө үү..., хуралдаа банк бусыг мөн Б гэх эмэгтэйн нөхөр М нарыг оролцуулах хүсэлт гаргаж байна” гэсэн хүсэлт, гомдол бүхий өргөдлийг гаргасан байна .

...аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 135/ШЗ2022/05949 дүгээр захирамжаар хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхдээ “хариуцагч Б.А-ийн энэхүү гомдол, хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж буй хүсэлтэд хамаарахгүй, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-т заасан анхан шатны шүүхийн шийдвэрт гаргаж буй давж заалдах гомдол болон 170 дугаар зүйлийн 170.1-т заасан үндэслэлээр шүүгчийн захирамжид гаргасан гомдол биш байх тул хариуцагчийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан гомдол хүсэлтийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна...” гэжээ.

Дээрх шүүгчийн захирамжаар өргөдөл, хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх ба Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчийн сахилгын зөрчилд хамаарах зөрчил гаргасан гэх баримт тогтоогдсонгүй.

Өргөдөл гаргагч 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан хүсэлтдээ: “...Т шүүгч энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэж чадахгүй гэж үзэж татгалзаж байна. Эдгээр хүмүүсийн гэрээнд заасан заалтаа зөрчиж үйлдэж байгаа үйлдэл нь гэмт хэрэг гэдгийг мэдсээр байж хууль бус захирамж гаргасан” гэжээ.

... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 355 дугаар тогтоолоор тус хүсэлтийг хэлэлцээд “...хариуцагч Б.А-ийн гаргасан хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-д “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал, 91.1.4-д “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон” гэж заасан шүүгчийн татгалзан гарах үндэслэлд хамаарахгүй байх тул...” гэсэн үндэслэлээр Ерөнхий шүүгч З.Т-г татгалзан гаргах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.А тус шүүхийн ерөнхий шүүгч З.Т болон бусад шүүгч нараас татгалзах хүсэлт гаргаснаар ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 135/ЗТ2023/00051 дүгээр тогтоолоор “Хариуцагч Б.А-ийн гаргасан Ерөнхий шүүгч З.Т-аас татгалзах хүсэлтийг хүлээн авч, тус шүүхийн бусад шүүгчдийг татгалзсан хүсэлтийг хангахгүй орхиж ...” шийдвэрлэсэн байх ба тус иргэний хэргийг шийдвэрлэх даргалах шүүгчээр Т.Ж-ийг томилжээ. 

Өргөдөл гаргагч буюу тус иргэний хэргийн хариуцагч Б.А 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өвчний улмаас нас барсан байх тул ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1992 дугаар захирамжаар тус иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан үйл баримтуудаас өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдагдсан ...аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Т Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх баримт тогтоогдсонгүй.

Иймд, ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Т-д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Шүүгч З.Т сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “Миний бие нь иргэн Б.А-ийн гаргасан гомдолтой 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, танилцан дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч Б.А-д холбогдуулан хариуцагчийн хууль бус эзэмшлээс ... УЕА дугаартай ... маркийн автомашиныг чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гаргасан. Нэхэмжлэгч Н.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсарган шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг бичгээр гаргасан болно. ...Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 4209 дугаартай “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжаар нэхэмжлэгч Н.Б-ийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны дагуу маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг битүүмжлэхээр шийдвэрлэсэн. Хариуцагч Б.А нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т заасны дагуу дээрх шүүгчийн 4209 дугаартай захирамжид гомдол гаргасан ба тус шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 00038 дугаартай “Шүүгчийн захирамжид гаргасан гомдол хэлэлцэх тухай” тогтоолоор уг захирамжийг хүчингүй болгосон. Шүүхийн 00038 дугаартай тогтоолын үндэслэл нь “... тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон тээврийн хэрэгслийн лавлагааг хэрэгт авагдаагүй байхад хэний ямар хөрөнгийг битүүмжилсэн нь тодорхойгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ” гэжээ. 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Э” ББСБ ХХК нь хамтран нэхэмжлэгчээр оролцох тухай хүсэлт гаргасан ба тэрээр маргааны зүйл болох тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгч, уг тээврийн хэрэгслийг битүүмжлэх, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг хамтад нь гаргасан болно. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн лавлагаагаар маргааны зүйл болох ... УЕА улсын дугаартай ... маркийн автомашины өмчлөгчөөр “Э” ББСБ ХХК нь бүртгэгдсэн байсан тул тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 135/Ш32022/05122 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т зааснаар “Э” ББСБ ХХК-ийг хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулахаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар дээрх автомашиныг битүүмжлэхээр тус тус шийдвэрлэсэн. Дээрх иргэний хэргийг хянан хэлэлцэх 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч Б.А нь “гэрчээр Ө.М, С.М, Б нарыг асуулгах, прокурор Н-ийн хяналт тавьж байсан зөрчлийн хэргээс нэхэмжлэгч Н.Б нь согтуугаар орилж, хашхирч машиныг эвдэж байгаа бичлэгийг нотлох баримтаар гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 125/Ш32022/03788 дугаартай захирамжаар хариуцагчийн хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн болно. Хариуцагчийн гаргасан дээрх хүсэлтийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасны дагуу Н.Б, “Э” ББСБ ХХК нарын нэхэмжлэлтэй Б.А-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт мөн эсэхийг харгалзан үзэж, дүгнэж шийдвэрлэсэн. Хариуцагч Б.А нь ... аймаг Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүсэлт гэсэн хаягтай /5 хуудас/ хүсэлт болон өргөдлийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр ... аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн мэдээлэл лавлагаанд ирүүлсэн тул тухайн шүүхийн ажилтан нь Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд заасны дагуу түүний хүсэлт, өргөдлийг бүртгэн авч, Б.А-тай холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгч надад хуваарилсан. Б.А-ийн ... аймаг Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүсэлт шүүхэд гэсэн хаягтай /5 хуудас/ хүсэлт болон өргөдлийг тус шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 135/Ш32022/05494 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно. Тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А нь ерөнхий шүүгч намайг татгалзан гаргах хүсэлтийг гаргаж байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.8-т “Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэх явцад түүнийг татгалзсан буюу тухайн шүүхийн бүх шүүгчдийг татгалзсан бол шүүгчдийн зөвлөгөөн олонхын саналаар шийдвэрлэн тогтоол гаргана” гэж заасны дагуу шүүгчдийн зөвлөгөөнөөр Б.А-ийн гаргасан ерөнхий шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1 4-т заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэж түүний энэхүү хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэж байсан. Шүүгч З.Т миний бие нь Н.Б, “Э” ББСБ” ХХК нарын нэхэмжлэлтэй Б.А-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан бөгөөд гомдол гаргагч Б.А-ийн гомдолд дурдагдсан Ерөнхий шүүгчийн хувьд дур зоргоороо авирлаж албан тушаалаа ашиглаж, бусдад давуу эрх олгож байгаа, хууль бус ажиллагаа явуулж, эрх мэдлээрээ дарамтлан ёс зүйгүй авирласан зэрэг ямар нэгэн ёс зүйн зөрчил гаргаагүй болно. Иймд Б.А-ийн гомдлын дагуу үүсгэгдсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.А-аас ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Т-д холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргаж, үндэслэлээ “...өөрийн захирамжийг цуцалсан гурван шүүгчийн захирамжийг илтээр үл хүндэтгэн дахин битүүмжлэх захирамж гаргасан, хэргийн үнэн зөв, ач холбогдол бүхий шийдэх боломжтой гэрчийг оруулъя гэхээр татгалзсан захирамж байнга гаргадаг, шүүгчээс татгалзъя гэхээр өөрөө бүрэлдэхүүндээ оролцож хангахгүй гэж шийдвэрлэдэг, Сум дундын иргэний ерөнхий шүүгчид гомдол гаргахаар өөрөө аваад хариу өгнө, дахин давах эрхгүйг дурдсугай гэж эцэслэдэг” гэж тодорхойлжээ.

Сахилгын хэрэгт цугларсан баримтаас үзвэл ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 4209 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Н.Б-ийн “...... УЕА улсын дугаартай ... маркийн автомашиныг битүүмжлүүлэх”-ийг хүссэн хүсэлтийг хангаж, хариуцагч Б.А-ийн эзэмшилд байгаа дээрх автомашиныг битүүмжилсэн, уг захирамжид хариуцагч гомдол гаргаснаар тус шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгосон, мөн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 5122 дугаар шүүгчийн захирамжийн 4 дэх заалтаар “Э” ББСБ-ыг хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулж, 6 дахь заалтаар “Э” ББСБ-ын гаргасан ... УЕА дугаартай ... маркийн автомашиныг битүүмжлүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй”: 69.1.1.”хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн маргаан бүхий автомашиныг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар битүүмжилсэн шүүхийн үйл ажиллагаа хуульд нийцжээ.

Өмнө нь ...аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 4209 дүгээр захирамжаар ... УЕА дугаартай ... маркийн автомашиныг битүүмжлүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэснийг тус шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар тогтоолоор хүчингүй болгохдоо нотлох баримт дутуу байхад хүсэлтийг шийдвэрлэсэн гэх үндэслэл заасан байх тул нотлох баримтаа бүрдүүлэн дахин гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж автомашиныг битүүмжилсэн нь хууль зөрчөөгүй, энэ талаар илтгэгч гишүүн “...шүүхийн тогтоол нь тухайн үйл баримттай холбоотойгоор л эцсийн, дахин гомдол гаргах эрхгүй болохыг тус тогтоолын Тогтоох хэсгийн 2-т  зааж өгсөн нь нэхэмжлэгчийг дутуу баримтаа нэмж бүрдүүлэн холбогдох хүсэлтээ дахин гаргах эрхийг хязгаарласан утга биш” гэж үндэслэлтэй, зөв дүгнэсэн байна.

Түүнчлэн, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч талаас нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлт гаргасныг ...аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэх тухай” 135/ШЗ2022/03788 дугаар захирамжаар Ө.М, С.М нараас гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлтийг хангаж, бусад хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, “...аймгийн давж заалдах иргэний хэргийн шүүхэд өргөдөл гаргах нь” гэх хүсэлтийг ...аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5949 дүгээр захирамжаар “...хариуцагч Б.А-ийн энэхүү гомдол, хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж буй хүсэлтэд хамаарахгүй, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-т заасан анхан шатны шүүхийн шийдвэрт гаргаж буй давж заалдах гомдол болон 170 дугаар зүйлийн 170.1-т заасан үндэслэлээр шүүгчийн захирамжид гаргасан гомдол биш” гэж дүгнэн хүлээн авахаас татгалзсан нь шүүгчид хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамаарах асуудал тул Шүүхийн сахилгын хороо дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх эрхгүй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь хуульд нэрлэн заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах боломжгүй.

Дээрх болон өргөдөлд дурдсан бусад гомдолд илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 61 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Т-д  холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй. 

 

ДАРГАЛАГЧ                                                         О.НОМУУЛИН

ГИШҮҮН                                                                 Ц.Давхарбаяр

 Д.Эрдэнэчулуун