info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-03-03

Дугаар 38

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн О.Номуулин, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч У.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Өмгөөлөгч Б.Б нь Сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: "...шүүгч У.Б нэхэмжлэлийг хүлээн авахаас 3 удаа татгалзсан, Үүнд:

1. 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.7-д заалтыг үндэслэн “нэхэмжлэл гаргагч Б.Т-ыг өвлүүлэгч М.Б-ын хууль ёсны өвлөгч мөн эсэх нь тодорхой бус, нотлох баримт байхгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 000/Ш32022/316 дугаар захирамж гаргасан тул нэхэмжлэгч өвлөх эрхийн гэрчилгээгээ хавсарган дахин нэхэмжлэл гаргасан.

2. 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтыг үндэслэн “Х” ХХК нь анх “Б” ХХК гэх нэртэй байсан байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа тухайн нэр хэрхэн өөрчлөгдсөн баримтыг гаргаж өгөөгүй, компанийн нэрийн өөрчлөлтийг тусгаагүй, улсын бүртгэлийн гэрчилгээний 000000000 дугаар, 000000000 дугаар регистр нь “Б” ХХК-д байгаад одоо “Х” ХХК-ийн эзэмшил /бүртгэл/-д шилжсэн баримт байхгүй байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай /Ш32022/3776 дугаар захирамж гаргасан. Нэхэмжлэгч Б.Т тухайн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаж улмаар Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.

3. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг үндэслэл “нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан” хэмээн хүлээн авахаас татгалзах тухай 000/Ш32022/10557 дугаар захирамж гаргасан. Тухайн үндэслэлээ “... хариуцагчаас улс төрийн шинжтэй шийдвэр гаргасан буюу Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн тайлбар хэсэгт зааснаар Улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гэдэгт Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд заасан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлаас гаргасан төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлсон шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор, Улсын Их Хурлын тухайн шийдвэрээс салгаж болохгүй Засгийн газрын шийдвэрийг ойлгоно гэж тайлбарласнаар маргаж буй асуудлыг хамтын удирдлагын зарчмын хүрээнд хэрэгжүүлэн шийдвэрлэж, улсын төрийн шийдвэр гаргасан гэх үндэслэлтэй байна ...” гэж шийдвэрлэсэн. Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэг, түүний тайлбарт зааснаар Засгийн газрын аливаа шийдвэрийг “Монгол Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан шийдвэр” гэж үзэхийн тулд нэгдүгээрт, Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн гадаад, дотоод бодлогыг тодорхойлсон аливаа шийдвэр гаргасан байх, хоёрдугаарт, Засгийн газраас гаргаж буй шийдвэр нь УИХ-ын тухайн шийдвэртэй салшгүй холбоотой байх гэсэн хууль зүйн шаардлага тавигддаг.

“ХШ” ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 124 дүгээр тогтоолын хувьд дээр дурдсан үндэслэлд хамаарахгүй буюу тухайн тогтоолыг “Монгол Улсын Их Хурлын улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан шийдвэр” гэж үзэх боломжгүй. Учир нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022.09.19-ний өдөр “Тодруулга, лавлагаа хүсэх тухай” албан бичгийг УИХ-ын тамгын газарт хүргүүлсэн бөгөөд УИХ-ын тамгын газраас 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ТГ-04/1060 тоот албан бичгээр “ ... Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ээс 4.17 “ХШ” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлах гэсэн заалтыг хасах агуулга бүхий тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн ба одоогоор уг асуудлаар Улсын Их Хурлаас шийдвэр гараагүй болно” гэсэн хариуг шүүхэд хүргүүлсэн байдаг.

Тухайн баримтаас үзвэл УИХ-аас “ХШ” ТӨХК-г төрийн өмчид буцаан авах тухай аливаа шийдвэр гараагүй буюу УИХ-ын 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” 70 дугаар тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа, мөн Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “ХШ ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай” 124 дүгээр тогтоол нь УИХ-ын аливаа тогтоолыг хэрэгжүүлэхээр гарсан тогтоол биш болох нь тодорхой харагддаг.

Гэтэл шүүгч У.Б нь хуулийг илт буруу хэрэглэн Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “ХШ ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай” 124 дүгээр тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд хамааруулж Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэж дүгнэсэн нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг зөрчсөн үйлдэл болсон. Иймд шүүгч У.Б-д холбогдох арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.

... шүүхийн шүүгч У.Б ирүүлсэн хариу тайлбартаа: “...... шүүхийн шүүгч У.Б надад холбогдуулан гаргасан гомдолд сахилгын хэрэг үүсгэсэн тус хорооны гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ГЗҮ/2023/0011 дүгээр захирамжийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гардан авснаар хариу тайлбар гаргаж байна.

Өмгөөлөгч Б.Б-с шүүгч миний хэрэгжүүлсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан “...2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гурван удаа гаргаж, нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хууль болоод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх эрхийг хэрэгжүүлэхээс зайлсхийсэн, Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй” гэж заасныг зөрчсөн...” гэх агуулгатай гомдол гаргажээ.

У.Б миний бие шүүгчийн бүрэн эрхийг 19 дэх жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хугацаанд гагцхүү хуулийг дээдлэн, аливаа алдаа дутагдал гаргахгүйгээр, өргөсөн тангарагтаа чин үнэнчээр ажиллаж ирснээ тэмдэглэн хэлмээр байна.

1. 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 3126 дугаар шүүгчийн захирамжаар "... “Х” ХХК /тухайн үеийн “Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч М.Б 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан, нэхэмжлэгчийн өвлөн авсан хөрөнгө буюу “Х” ХХК-ийн охин компани болох “ЦШ” ХК-ийн хувьцааг төрийн өмчлөлд шилжүүлэн авсан үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж маргахад нэхэмжлэл гаргагчид өв хэрхэн нээгдсэн талаарх баримтыг зайлшгүй шалгах шаардлагатай, ...нэхэмжлэл гаргагч Б.Та-д өөрийн эцгийг нас барснаар түүний эрх, үүрэг өөрт нь шилжсэн гэх нотлох баримт байхгүй, бусад өв хүлээн авагч хэрхсэн нь тодорхой бус, бусад өв залгамжлагч нараас өвийг хүлээн авахаас татгалзсан эсэх талаарх баримт мөн байхгүй, эдгээрийг нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлэх...” зэрэг үндэслэлийг зааж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.7-д заасныг баримтлан шийдвэрлэснийг нэхэмжлэл гаргагчийн зүгээс давж заалдах гомдол гаргахгүйгээр хүлээн зөвшөөрсөн болно.

2. 2022 оны 4 дүгээр сарын 12-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 3776 дугаар шүүгчийн захирамжаар “...одоогийн “Х” ХХК нь тухайн үеийн “Б” ХХК юмаа гэх тайлбарыг шүүх шууд хүлээн авч, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж дүгнэхэд учир дутагдалтай. “Х” ХХК-ийн 100% хувьцаа эзэмших эрхийг өвлөх эрхийн дагуу олж авсан, тэр утгаараа нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэхийн тулд "... “Х” ХХК нь “Б” ХХК юм...” гэх хуулийн этгээдийн оноосон нэрийг өөрчилсөн, нэрийн баталгаажуулалтыг эрх бүхий байгууллагаар өөрчлүүлж бүртгүүлсэн зэрэг баримт байхгүй, нэхэмжлэлд хавсаргасан улсын бүртгэлийн гэрчилгээний “хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэл” хэсэгт “Б” ХХК-ийг “Х” ХХК болгон өөрчилсөн байдлаар компанийн нэрийн өөрчлөлтийг тусгаагүй, улсын бүртгэлийн гэрчилгээний 000000000 дугаар, 000000000 дугаар регистр нь “Б” ХХК-д байгаад одоо “Х” ХХК-ийн эзэмшил /бүртгэл/-д шилжсэн гэх нотлох баримт байхгүй...” гэх үндэслэлийг зааж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан шийдвэрлэснийг нэхэмжлэл гаргагчаас эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар уг шүүгчийн захирамж хүчингүй болсон байна.

Энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл ... хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэл болон түүнд хавсаргасан баримтыг шалгаад хуулийн 54.1.5-д заасан үндэслэл байна гэж үзсэнийг, өөрөөр хэлбэл, шүүгчийн хувьд шүүх эрх мэдлийн хүрээн дэх бүрэн эрхээ хэрэгжүүлж, итгэл үнэмшлээрээ хуульд захирагдаж, хуульд заасны дагуу шийдвэрлэсэн үйлдлээ нэхэмжлэл гаргагчийн “шүүхэд мэдүүлэх эрх, шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх эрх”- ийг хязгаарласан дур зоргын шинжтэй, нэхэмжлэл гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байна.

3. 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 10557 дугаар шүүгчийн захирамжаар “...хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн дагуу шалгаж, Захиргааны ерөнхий хуульд зааснаар хариуцагчийн хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагаа гэж үзэж, маргаан бүхий акт нь тухайлбал, хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчиж, Захиргааны ерөнхий хуульд зааснаар урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, сонсох ажиллагаа явуулах зэргийг хэрэгжүүлээгүй гэх нөхцөл байдлуудыг шүүхээс шалган тогтоох боломжгүй, үүгээрээ улс төрийн шинжтэй шийдвэр гэж тодорхойлох үндэслэлийг бий болгосон” хэмээн дүгнэж, шүүх хуралдаанаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг баримтлан шийдвэрлэснийг нэхэмжлэл гаргагчаас эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаснаар уг шүүгчийн захирамжийн хүлээн авахаас татгалзсан хэсгийг хэвээр үлдээсэн мэдээлэл байна. Хэдийгээр тоон утгын хувьд гурван удаа нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзсан мэт харагдах, үүгээрээ удаа дараа хууль зөрчсөн юм шиг ойлгогдож байж болох юм. Гэхдээ шүүгч хуулийг хэрэглэхгүй байх, ялангуяа захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар маргаж буй захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “3ахиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй” ба дээрх удаа дараагийн шүүгчийн захирамжууд нь нэхэмжлэл гаргагч нь хэн байхаас, маргааны зүйл нь юу байхаас үл хамааран хэрэг, нэхэмжлэлд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрлэсэн асуудал гэдгийг хариуцлагатайгаар илэрхийлж байна. Түүнчлэн шүүгч миний бие “шүүхийн шийдвэрлэх маргаан биш гэж үзэв” нэртэй шүүхийн процессын хураангуйг тоймлон бичиж олон нийтэд түгээсэн, хамгийн эцсийн байдлаар маргаан бүхий Засгийн газрын тогтоол нь улс төрийн шийдвэр байна хэмээн дүгнэсэн “хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан” шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээн шийдвэрлэсэн байгааг, урьд нь энэхүү захиргааны хэргийн хариуцагч талаас мөн танай Хороонд гомдол гаргасныг “Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай” гишүүний захирамжаар татгалзан шийдвэрлэж байсныг энэ удаагийн сахилгын хэргийг шийдвэрлэхдээ харгалзан үзэхийг хүсье” гэжээ.

Илтгэгч гишүүн саналдаа: Б.Т нь Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 124 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг шүүгч У.Б дор дурдсанаар шийдвэрлэжээ. Үүнд:

1. Шүүгчийн 2022 оны 4 дугаар сарын 11-ний өдрийн 3126 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

2. Шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 3776 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

3. Шүүгч 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн захирамжаар Б.Т-ын нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байх ба шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 1096 дугаар тогтоолоор хэргийн хугацааг 30, 2022 оны 9 дүгээр сарын 12-ний өдрийн 1249 дүгээр тогтоолоор 15 хоногоор тус тус  сунгажээ. 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр шүүх хуралдаан товлон зарласан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “ЦШ” ТӨХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулж, энэ үндэслэлээр 2022 оны 9 дүгээр сарын 26-ний өдрийн шүүх хуралдаан хойшлогджээ.

2022 оны 10 дугаар сарын 11, 2022 оны 10 дугаар сарын 24, 2022 оны 11 дүгээр сарын 7, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаан тодорхой шалтгааны улмаас хойшлогдсон байх ба 2022 оны 12 дугаар сарын 12-ний өдөр шүүх хуралдаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгч тал шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0096 дугаар тогтоолоор захирамжид өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Шүүгч У.Б нь Б.Т-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, мөн уг хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан хориглосон үйлдэл гаргасан эсэхийг сахилгын хэрэгт авагдсан баримтын хүрээнд өргөдөлд дурдсан асуудлаар дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

1. Нэхэмжлэгч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан боловч эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.7-т заасан. Б.Т-ын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа шүүгч “...Х” ХХК-ийн хувьцаа эзэмшигч М.Б 2018 оны 11 дүгээр сарын 5-нд нас барсан, ...нэхэмжлэл гаргагчид өв хэрхэн нээгдсэн талаарх баримт нэхэмжлэлд авагдаагүй, Б.Т-д өөрийн эцгийг нас барснаар түүний эрх, үүрэг шилжсэн гэх нотлох баримт байхгүй, бусад өв хүлээн авагч хэрхсэн нь тодорхой бус, бусад өв залгамжлагч нараас авийг хүлээн авахаас татгалзсан эсэх талаарх баримт мөн байхгүй байна...” гэсэн үндэслэл дурдсан нь 2022 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийн 3126 дугаар захирамжид тодорхой тусгагдсан бөгөөд уг захирамж хүчинтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй гэж үзнэ. 

2. Нэхэмжлэгч захирамжид заасан зөрчлийг арилгаж, дахин нэхэмжлэлийг гаргасан,  шүүгч хүлээн авахаас татгалзахдаа “...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэж үзжээ. Энэхүү шүүгчийн захирамжид нэхэмжлэгч гомдол гаргасан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ний өдрийн 392 дугаар тогтоолоор шүүгчийн дээрх захирамжийг хүчингүй болгохдоо  “...нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг нэхэмжлэгчээс тодруулах ажиллагаа хийлгүйгээр татгалзсан нь үндэслэлгүй” гэж дүгнэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ шаардлага, үндэслэлээ тусгах бөгөөд хэрэв тодорхой бус бол шүүгч тодруулах ажиллагаа явуулах үүрэгтэй. Шүүгч дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь хуульд нийцээгүй боловч давж заалдах шатны шүүх уг алдааг залруулж, хуульд заасны дагуу шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул сахилгын зөрчилд хамаарахгүй болно.

3. Шүүгч Б.Т-ын нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шүүх хуралдаанаар  хянан хэлэлцээд “...нэхэмжлэл нь захиргааны хэргийн  шүүхийн харьяаллын бус...” гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. Давж заалдах шатны шүүх “...Засгийн газрын 124 дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-т заасан улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамаарч байх тул захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй, ...энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн...” гэж дүгнэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлэх учиртай.

Холбогдох шүүгч нь Б.Т-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахдаа үндэслэлээ захирамжид тодорхой дурдсан бөгөөд сахилгын хороо шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрхгүй болно.

4. Б.Т-ын нэхэмжлэлтэй хэргийн гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ш.А, Ө.Э нар нь шүүгч У.Б-д холбогдуулан өргөдөл гаргасан, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1434 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзахдаа “...өргөдөл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй...” гэжээ. Б.Б-ын өргөдөлд дурдсан гомдол нь нэр бүхий өмгөөлөгч нарын өргөдлийн агуулгаас өөр байх тул энэ асуудлыг өмнө нь шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй болно.” гэжээ.

              ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ГЗҮ/2023/0011 дугаар захирамжаар өмгөөлөгч Б.Б-ын өргөдлөөр ... шүүхийн шүүгч У.Б-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Өргөдөл гаргагч “...2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг гурван удаа гаргаж, нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хууль болоод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх эрхийг хэрэгжүүлэхээс зайлсхийсэн, Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй” гэж заасныг зөрчсөн” гэх агуулга бүхий өргөдлийг гаргажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Б.Т-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “ХШ” ТӨХК-ийн хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай” 124 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 000/ШЗ2022/3126 дугаар шүүгчийн захирамжаар “нэхэмжлэл гаргагчид өв хэрхэн нээгдсэн эсэх, бусад өв хүлээн авагч хэрхсэн нь тодорхой бус, бусад өв залгамжлагч нараас өвийг хүлээн авахаас татгалзсан эсэх талаарх баримт байхгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.7-д “нэхэмжлэгч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан боловч эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй” гэж заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү захирамжид нэхэмжлэл гаргагч гомдол гаргаагүй байна.

Үүний дараа Б.Т-аас дахин нэхэмжлэл гаргасныг шүүгч У.Б хүлээн авч хянаад 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 000/ШЗ2022/3776 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлд хавсаргасан улсын бүртгэлийн гэрчилгээний “хуулийн этгээдийн үүсгэх байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэл” хэсэгт “Б” ХХК-ийг “Х” ХХК болгон өөрчилсөн байдлаар компанийн нэрийн өөрчлөлтийг тусгаагүй, улсын бүртгэлийн гэрчилгээний 000000000 дугаар, 000000000 дугаар регистр нь “Б” ХХК-д байгаад одоо “Х” ХХК-ийн эзэмшилд шилжсэн гэх нотлох баримт байхгүй байна буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Уг захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргагчаас давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдлыг хянан хэлэлцэж 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 392 дугаар шүүхийн тогтоолоор нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т зааснаар нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тусгах бөгөөд хэрэв тодорхой тусгаагүй бол шүүх тодруулж авах үүрэгтэй. Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрээ “шүүгчийн захирамж” биш “... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоол” гэсэн хэвлэмэл хуудсаар хэвлэж гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасныг зөрчсөн гэж дүгнэн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 000/ШЗ2022/3776 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна.

Нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хянасныг шүүгч хүлээн авч хянаад 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 000/ШЗ2022/5113 дугаар шүүгчийн захирамжаар иргэн Б.Т-аас гаргасан нэхэмжлэлээр Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан захиргааны  хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 000/ШЗ2022/10557 дугаар шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 221/ШТ2023/0096 дугаар шүүхийн тогтоолоор нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хэсгийг хэвээр үлдээж, бусад заалтыг хасч шийдвэрлэсэн бөгөөд дээрх шүүхийн тогтоол нь эцсийн шийдвэр болохыг дурджээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана” гэж заасны дагуу шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамждаа татгалзах ямар үндэслэл байгааг тодорхой дурдаж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаж байсан учир шүүгчийг шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэх эрхийг хэрэгжүүлэхээс зайлсхийсэн гэж буруутгах боломжгүй.

Иймд шүүгч У.Б-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Холбогдох шүүгч У.Б “урьд нь энэхүү захиргааны хэргийн хариуцагч талаас мөн танай Хороонд гомдол гаргасныг “Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай” гишүүний захирамжаар татгалзан шийдвэрлэж байсныг энэ удаагийн сахилгын хэргийг шийдвэрлэхдээ харгалзан үзэхийг хүсье” гэх тайлбарыг гаргасан.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1434 дугаар захирамжаар өмгөөлөгч Ш.А, Ө.Э нараас ... шүүгч У.Б-д холбогдуулан гаргасан өргөдлөөр сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан бөгөөд тус захирамжид заасан өргөдлийн үндэслэл нь уг сахилгын хэргийн өргөдлийн агуулгаас өөр байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ГС/2023/0028 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч У.Б-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                 Д.АРИУНТУЯА

ГИШҮҮН                                О.НОМУУЛИН             

Д.ЭРДЭНЭЧУЛУУН