info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-03-02

Дугаар 34

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн С.Энхтөр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, холбогдох шүүгч Б.Б, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

...шүүхийн шүүгч Б.Б-т холбогдох сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн У.Х нь Сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “...шүүгч Б.Б нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн тухайд: 2022 оны 06 сарын 15-ны өдөр шүүхийн туслах ажилтан н.Б нь гуравдагч этгээдэд нэхэмжлэл гардуулна гэж холбогдож, Б.А-ийн зүгээс У.Х-д хуульд заасны дагуу бүрэн эрхийг ... нотариатч ... 2022 оны 6 сарын 15-ны өдрийн 10 цаг 06 минутад итгэмжлэл өгсөн. Тус итгэмжлэлийг шүүхэд өгч, нэхэмжлэл гардан авахад туслах ажилтан н.Б нь танд гардуулахгүй гэж хариу хэлсэн. Миний зүгээс хуульд заасны дагуу итгэмжлэлийн дагуу гардан авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээ эдлэх талаар хэлэхэд шүүгч Б.Б -ээс асууж байж шийднэ гэж хариу хэлсэн. Дараа нь хариугаа хэлэхдээ шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд нэхэмжлэл гардан авах эрх байхгүй тул заавал гуравдагч этгээдэд гардуулна гэж хариу өгсөн. Энэхүү хариулт нь Иргэний хуулийн 62.3, итгэмжлэл олгосон 20, 22, 28 заалтыг буюу хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчиж, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй.

Дараа нь 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 12:20 цагт нэхэмжлэлийг гардуулахаар боллоо гэж гэнэт хэлээд цахим хаягаа явуулчих гээд цахим хаягаа өгч нэхэмжлэл гардан авсан боловч урьдчилсан хэлэлцүүлгийн тов мэдэгдэх хуудаст урьдчилсан хэлэлцүүлгийг 14:30 цагаас товлосон байсан. Миний бие ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 13:30 цагаас шүүгдэгч Д-д холбогдох гэм буруугийн шүүх хуралтай давхацсан, хэргийн материалтай танилцаагүй, хариу тайлбар гаргах боломж бололцоогоор хангаагүй, хэргийн материалтай танилцаж нотлох баримт гарган өгөх, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргах, гэрч оролцуулах, өмгөөлөгч авах, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэл гаргах эрхгүй буцаах хүсэлт гаргаж нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн хамт хүсэлтийг хэлэлцүүлэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4-д заасан хэргийн оролцогчийн эрх буюу ...хуулийн илт тодорхой заалтыг тус тус зөрчсөн. Хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримтын хамт үнэлээгүй зэрэг нь Шүүхийн тухай хуулийн 50.1.23-д заасан зөрчлийг гаргасан гэж үзэж байна.

   Бусдад давуу байдал олгосон тухайд: ...шүүгч Б.Б-ийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 209 дугаар захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Б.А-ийг хэрэгт татан оролцуулсан. Тус захирамжийн 3 дахь заалтаар нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор хариу тайлбар, нотлох баримт хамт шүүхэд өгөхөөр тогтоосон. 2022 оны 06 сарын 15-ны өдөр 12.20 цагаас нэхэмжлэл гардан авсан, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2022 оны 06 сарын 15-ны өдрийн 14.30 цагт товлосон боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаан оролцох боломжгүй байхад хүсэлтийг хангахаас татгалзаж нэхэмжлэгч талын захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч талд хуулийн илт заалтыг зөрчиж, оролцогчийн эрхийг хангахгүйгээр ажиллагаа явуулж нэхэмжлэгч талд давуу байдал бий болгосон гэж үзэж байна. Мөн 2022 оны 06 сарын 15-ны өдрийн ...шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд бичигдсэнээр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан болохоос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 126.1.3-д зааснаар гүйцэтгэх хуудсыг шууд олгох талаар ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрөө санаачилж, гүйцэтгэх хуудас шууд олгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн талаар огт дурдаагүй асуудлыг болон шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийг танилцуулахад дурдаагүй асуудлыг бичгээр гаргахдаа шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч талд давуу байдал олгосон гэж үзэж байна. Иймд ...шүүхийн шүүгч Б.Б-ийг Шүүхийн тухай хуульд зааснаар шалгаж өгнө үү” гэжээ.

 ... шүүхийн шүүгч Б.Б тайлбартаа: “... Шүүгч миний бие нь ... аймгийн Ардчилсан намын хорооны нэхэмжлэлтэй мөн аймгийн Сонгуулийн хороо болон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа ба гомдол гаргагч У.Х нь уг хэргийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч юм. ...Нэг. Гомдлын үндэслэлийн “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэх хэсгийн тухайд: ... аймгийн Ардчилсан намын хорооноос 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр тогтоосон журмын дагуу бүртгэл хяналтын нэгдсэн системээс шүүгч надад хуваарилсан байсан. Миний бие уг нэхэмжлэлээр 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ... аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн. Тус хэрэг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.1 дэх хэсэгт зааснаар тусгай журмаар шийдвэрлэх хэрэгт хамаарна. Тусгай журмаар шийдвэрлэх хэргийг анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэснээс хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх учиртай бөгөөд мөн хуулийн 112.5 дахь хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг нэг удаа 10 хүртэл хоногоор сунгах боломжтойгоор зохицуулсан байдаг. 

Шүүх нэхэмжлэлийн хувийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчид гардуулсан байна. Шүүгч миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан хугацаанд багтаан шуурхай явуулах үүднээс 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаартай захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 10:00 цагт эхлүүлэх, шүүх хуралдааныг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт эхлүүлэхээр 96 дугаартай захирамжаар тус тус шийдвэрлэсэн. Дээрх хугацаанд хариуцагчийн тайлбар ирсэн бөгөөд миний бие хэрэгт хамааралтай нотлох баримт цуглуулах ажиллагааг тасралтгүй явуулж байсан. Уг хэргийн хэрэг хянан шийдвэрлэх 30 хоногийн хугацаа 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр дуусахаар байсан бөгөөд Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай “Цаг хугацааны хуваарь батлах тухай” тогтоолоор тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар тойргийн нөхөн сонгуулийг 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр явуулахаар баталсан нь хүчин төгөлдөр үйлчилж байсан. Тиймээс шүүх энэхүү маргааныг дээрх хугацаануудын дотор багтаан шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байсан.

Гэтэл нэхэмжлэгч 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 17:10 цагт нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхэд ирүүлсэн бөгөөд уг шаардлагаар Б.А-ийг дээрх нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэсэн ... аймгийн сонгуулийн хорооны 03 дугаартай захиргааны актыг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулахыг шаардсан байсан. Хариуцагч тус шаардлагыг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гардаж авсан. Харин тэрээр шүүх хуралдаанаас өмнө болон шүүх хуралдаанд нэмэгдүүлсэн шаардлагын талаар тайлбар өгөх боломжгүй гэж мэтгэлцсэн тул шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16:30 цагт хүртэлх хугацаагаар хойшлуулсан.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар Б.А-ийг Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэсэн захиргааны актыг хууль бусад тооцуулж, хүчингүй болгуулахыг хүссэн байсан тул шүүх Ардчилсан намаас нэр дэвшигчээр бүртгэгдсэн Б.А-ийг хэргийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах тухай 109 дугаартай захирамжийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гаргасан. Тус гуравдагч этгээдийг шүүхэд ирж нэхэмжлэл гардаж авахыг мэдэгдэх хуудсыг шүүхийн бичиг хүргэгч 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ч.С гэгчид хүлээлгэж өгсөн баримт хэрэг авагдсан. Ч.С нь ... аймгийн Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан болох нь хариуцагч ... аймгийн сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-гийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 08:30 цагт эхлүүлсэн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбар /тэмдэглэл/-аар нотлогдоно. Харин гуравдагч этгээд Б.А шүүхийн дуудсан цагт ирээгүй. Гэтэл нэхэмжлэгчээс тус гуравдагч этгээдийг нэр дэвшигчээр бүртгэсэн ... аймгийн Сонгуулийн хорооны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.2 дахь хэсэгт захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шүүгч хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэн шийдвэрлэхээр хуульчилсан байдаг тул урьдчилсан хэлэлцүүлгийг мөн сарын 15-ны өдрийн 08:30 цагт эхлүүлэхээр 110 дугаартай захирамжаар товлосон. Энэхүү урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдэх хуудсыг шүүгчийн туслах хүргүүлэх гэсэн боловч гуравдагч этгээдтэй холбогдож чадаагүй хэвээр байсны улмаас нэхэмжлэлийн хувийг ч гардуулж амжаагүй тул тус хэлэлцүүлгийг мөн өдрийн 14:30 цагт хүртэлх хугацаагаар шүүгчийн 111 дугаартай захирамжийг гарган хойшлуулсан.

Гуравдагч этгээд Б.А нь ... аймгийн Засаг даргаар ажилладаг төрийн албан хаагч. Тиймээс тус шүүхийн бичиг хүргэгч аймгийн Засаг даргын ажлын байр болох ... аймгийн Засаг даргын Тамгын газарт тухайн өдрийн 10:24 цагт гуравдагч этгээд Б.А-тэй биечлэн уулзаж мэдэгдэх хуудсыг өгөх гэхэд “Би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө харьцана” гэсэн хариуг өгөөд аваагүй гэсэн тайлбарыг бичсэн мэдэгдэх хуудас шүүхэд буцаж ирсэн. Энэ хугацаанд гомдол гаргагч У.Х нь нэхэмжлэлийн хувийг гардаж авах талаар шүүгчийн туслахтай утсаар ярьсан талаар туслахаас танилцуулж байсан. Нэгэнт шүүхэд итгэмжлэл ирээгүй, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд ирээгүй, шүүхтэй холбогдоогүй байхад У.Х-ийг гуравдагч этгээдийг төлөөлөх эрхтэй гэж үзэн нэхэмжлэлийн хувийг түүнд гардуулах эрх шүүхэд байхгүй. Харин ... аймгийн тойргийн нотариатч П.З-аас 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 06 минутад олгосон 0341 дугаартай итгэмжлэлийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А-ээс шүүхэд хүргүүлсэн. Тиймээс шүүх тус итгэмжлэлд үндэслэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болсон У.Х-д үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагуудыг холбогдох баримтуудын хамт цахим хаягаар нь хүргүүлсэн бөгөөд уг ажиллагааг нотлох баримт болох баримт №4-т гарын үсэг зурсан хувийг урьдчилсан хэлэлцүүлэг хойшлуулах тухай хүсэлтийн хамт У.Х мөн өдрийн 12:52 цагт шүүхэд цахимаар ирүүлсэн байна.  

2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нь лхагва гараг байсан бөгөөд сонгуулийг мөн сарын 19-ний өдөр буюу тухайн долоо хоногийн ням гарагт явуулахаар товлосон байсан тул уг сонгууль явуулах өдрөөс өмнө шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгчийн гаргасан маргаан бүхий 03 дугаартай захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцүүлж шийдвэрлэх зайлшгүй шаардлага үйл явдал болох цаг хугацааны хувьд үүссэн байсан. Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах, эс хангаж шийдвэрлэснээс хамаарч нөхөн сонгуулийг товлосон хугацаанд нь явуулах, эс явуулах, явуулахаар бол гуравдагч этгээдийг сонгуульд нэр дэвшигчээр оролцуулж санал хураах, эс оролцуулж санал хураах асуудлууд давхар сөхөгдөх байсан тул шүүгч миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай буюу нэн даруй явуулж урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэн хүсэлтийг шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүссэн. Тиймээс тус хэлэлцүүлэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хүсэлтийг шийдвэрлэсэн.

...Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гомдол гаргагчийг оролцуулалгүйгээр явуулсан шалтгааныг өмнө хэсэгт тайлбарласан. Харин хэргийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А нь цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдэж байсан. Тодруулбал: Тэрээр сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэнийхээ тухайд ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар тойргийн нөхөн сонгуулийг 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр буюу түүнийг шүүхээс хэргийн оролцогчоор татагдсан өдрөөс хойш 10 хүрэхгүй хоногийн дараа болохыг мэдэж байсан гэж шүүгч миний бие ойлгож байгаа. ... аймгийн сонгуулийн хорооноос гаргасан 03 дугаартай тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг хүссэн нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг хэлэлцүүлэх гэж буй урьдчилсан хэлэлцүүлгийн товыг түүнд мэдэгдсэн. Гуравдагч этгээд нь тухайн өдөр ... аймгийн ... суманд байсан болох нь шүүхийн мэдэгдэх хуудаст тэмдэглэсэн бичиг хүргэгчийн тайлбараар нотлогдоно. Гуравдагч этгээд нь өөрийгөө бүрэн төлөөлүүлэх этгээдийг шүүхэд мэдэгдсэн ч энэ нь түүний хэрэг хянан шийдвэрлэх тухайн ажиллагаанд биечлэн болон цахимаар оролцох эрхийг хууль болон шүүх хязгаарлаагүй. Түүнээс уг хэлэлцүүлгийг хойшлуулах болон оролцох, оролцохгүй байх талаар ямар ч баримт болон мэдээллийг шүүхэд ирүүлээгүй. Шүүхийн мэдэгдэх хуудаст бичсэн “Итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х оролцоно” гэх бичвэрийг ... аймгийн Засаг даргын туслах Б.О гэгч албан хаагч бичсэн байх ба тэрээр гуравдагч этгээд Б.А-ийг шүүхэд төлөөлөх эрхгүй этгээд тул түүний бичсэн тайлбарыг шүүх нотлох баримтаар үнэлэх эрхгүй. Шүүх гуравдагч этгээдэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг биечлэн болон баримтаар мэдэгдсэнээр түүний тус урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох эрхээ эдлэх боломжийг нь хангасан гэж ойлгож байгаа. Тиймээс шүүгч миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр тус хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулсан. Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байгаа тул гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсгүүдэд заасан хэргийн оролцогчийн эрхээ эдэлж, үүргээ хэрэгжүүлэх эрх зүйн боломж болон хамгаалалт нээлттэйгээр хэрэгжиж байгаа.

Хоёр. Гомдлын үндэслэлийн “Бусдад давуу байдал бий болгосон” гэх хэсгийн тухайд: Гомдолд бичсэнчлэн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 109 /гомдолд 209 гэжээ/ дүгээр захирамжаар Б.А-ийг хэргийн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулахаар шийдвэрлэсэн. Шүүх нэхэмжлэлийн хувь гардаж авах мэдэгдэх хуудсыг тус захирамжийг гаргасан өдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтан Ч.С-т хүлээлгэж өгснийг нотлох хэсэг, мөн сарын 13-ны өдрийн 16:40 цагт шүүхэд ирэхийг мэдэгдэхээр очиход эзэнгүй байсан гэх тайлбартай баримтуудыг тус шүүхийн бичиг хүргэгчээс тус тус ирүүлснийг хэрэгт хавсаргасан байна. Түүнчлэн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14:30 цагт эхлэх урьдчилсан хэлэлцүүлгийн тов, 17-ны өдрийн 16:30 цагт эхлэх шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудаснуудыг Засаг даргын туслах Б.О гэгчид тус тус хүлээлгэж өгсөн баримт мөн хэрэгт авагдсан. Энэ хугацаанд шүүгчийн туслах болон шүүхийн бичиг хүргэгч нар нь тухайн оролцогчийн утас руу тус тусдаа удаа дараа холбогдоход “холбогдох боломжгүй” гэсэн хариуг өгч байгаа талаар шүүгч надад танилцуулж байсан болно. Түүнчлэн ... аймгийн сонгуулийн хорооны маргаан бүхий 03 дугаартай тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцүүлэхээр 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 08:30 цагт эхэлсэн урьдчилсан хэлэлцүүлгийг гуравдагч этгээд Б.А-д “тов мэдэгдээгүй” үндэслэлээр мөн өдрийн 14:30 цагт хүртэлх хугацаагаар хойшлуулж, тухайн хэлэлцүүлэгт оролцох эрхийг нь хангасан. Энэ цаг хугацаанд гуравдагч этгээдэд нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийгээгүй байсан бөгөөд урьдчилсан хэлэлцүүлэг хойшлуулах захирамжийн үндэслэлд энэ талаар тусгаагүйн учир нь мэдэгдэх хуудсыг тухайн оролцогчийн ажлын газрын албан хаагчид хүлээлгэн өгсөн байсан тул түүнийг шүүхэд хүндэтгэлтэй хандаж ирнэ гэсэн хүлээлттэй байсан.

Шүүх ийнхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-59.3, 59.7-д зааснаар гуравдагч этгээдэд мэдэгдэх ажиллагааг явуулсан боловч тэрээр шүүхэд огт ирээгүй бөгөөд харин өөрийгөө У.Х-ээр бүрэн төлөөлүүлэх итгэмжлэлийг ирүүлснээр шүүх гомдол гаргагчид нэхэмжлэлийн хувь гардуулах, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн болон шүүх хуралдааны товуудыг мэдэгдэх ажиллагааг явуулсан билээ. Шүүх гуравдагч этгээдтэй холбогдон мэдэгдэх ажиллагааг хийхээр түүний утсаар холбогдох, гэр болон ажлын байр руу нь бичиг хүргэгчийг удаа дараа явуулж байсан боловч түүнтэй уулзах болон утсаар холбогдож чадахгүй хайсаар урьдчилсан хэлэлцүүлэг эхлүүлэх 08:30 цагт тулж ирсэн. Гэхдээ энэ ажиллагааг Б.А-ийг хэргийн оролцогчоор татсан өдрийн тухайн цагаас эхлэн түүнтэй холбогдох хүртэлх хугацаанд бүх ажлын өдрүүдийн ажлын цагаар үргэлжилж байсан. Харин бичиг хүргэгч тухайн өдрийн 10:24 цагт гуравдагч этгээдтэй түүний ажлын байранд уулзаж шүүхээс хүргүүлж буй мэдэгдлүүдийн талаар амаар танилцуулж, хүлээлгэж өгөх гэхэд хүлээн авахаас татгалзсан болох нь холбогдох баримтаар тогтоогдож байгаа болно.

Миний бие энд гомдол гаргагчийн талаар бус түүгээр төлөөлүүлэгчийн талаар тайлбарлаад байгаагийн учир нь тухайн хэргийн оролцогчтой шүүх холбогдож чадахгүй байсаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг эхлүүлэх цагт тун дөхөж ирсэн үед итгэмжлэл ирснээр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч /гомдол гаргагч/-тэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдох харилцааг эхлүүлэх нөхцөл боломж шүүхэд үүссэн юм гэдгийг тодруулахыг хүсэж тайлбарлав. Харин 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14:30 цагт эхлүүлсэн урьдчилсан хэлэлцүүлэгт гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулалгүйгээр хүсэлтийг шийдвэрлэсэн нөхцөл байдлын талаар өмнө хэсэгт тайлбарласан.

Шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 109 дүгээр захирамжийн 3-т тухайн этгээдийн тайлбар гаргах хугацааг 1 хоногоор тогтоож шийдвэрлэсний учир нь: Маргаан бүхий харилцаатай холбогдох сонгуулийг 2022 оны 06 дугаар сарын 19-ний ням гарагт явуулахаар товлон зарласан Сонгуулийн ерөнхий хорооны тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан, тухайн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг мөн сарын 17-ны баасан гарагт хийхээр хойшлуулсан байсан. Тодруулбал: Шүүх нөхөн сонгуулийг явуулахаас өмнө маргааныг шийдвэрлэх нь хэргийн оролцогч /энд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн хэн аль нь хамаарна/-ийн хөндөгдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шүүхийн шийдвэрээр хамгаалагдах чухал ач холбогдолтой байсан. Гэтэл гуравдагч этгээдийг шүүхэд дуудан ирүүлэх, нэхэмжлэлийн хувь гардуулж, тайлбар болон нотлох баримт гаргуулахад тодорхой хугацаа шаардлагатай. Тодруулбал: Нэхэмжлэлийг гуравдагч этгээд Б.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гардуулсан бөгөөд шүүх хуралдааныг мөн өдрөөс 2 хоногийн дараа буюу тухайн сарын 17-ны өдрийн 16:30 цагт эхлүүлэхээр товлогдсон. Гуравдагч этгээдийн гаргасан тайлбар, нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод танилцуулах зэрэг ажиллагааг явуулахад мөн тодорхой хугацаа шаардагдана. Тиймээс шүүх хуралдааныг товлогдсон хугацаанд нь хийх үүднээс гуравдагч этгээдэд нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариу тайлбар, нотлох баримт ирүүлэх хугацааг шүүгч тогтоох шаардлага үүссэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт “Энэ хуулийн ... 112.4.1 ...-т заасан маргааны нэхэмжлэлийг хариуцагч гардан авснаас хойш долоо хоногийн дотор хариу тайлбар болон нотлох баримтаа шүүхэд ирүүлнэ” гэж хуульчилсан. Энэхүү хуульд гуравдагч этгээдэд нэхэмжлэлийн хувь гардуулах болон тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлэх хугацааны талаар тусгайлсан зохицуулалт байхгүй, хуулийн 22.4-т түүний эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлсон байдаг. Тиймээс дээрх хуулийн 112.7 дахь хэсэгт заасан хугацаа нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн талаарх хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлэхэд нэгэн адил үйлчилнэ. Захирамжид заасан “нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш 1 /нэг/ хоногоор тогтоосугай” гэх хугацаа нь дээрх зохицуулалтад заасан “...долоо хоногийн дотор...” гэснийг зөрчөөгүй. Тодруулбал: Хуульд нэхэмжлэлд хариу тайлбар, түүнд холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх хугацааг “...долоо хоног...” гэж шууд тогтоогоогүй “...долоо хоногийн дотор...” гэж нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо гэх хоногуудаас сонгох боломжтойгоор заасан байна.

Харин энэ хугацааг сонгон тогтоох эрхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээж авснаас хойш ... шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ” гэж шүүгчид олгосон байгааг үндэслэн нэг хоногийн хугацааг тогтоосон. Тус хуулийн 22.4-т бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хүлээх үүргийг тодорхойлсны дагуу дээрх зохицуулалт нь гуравдагч этгээдэд мөн нэгэн адил үйлчилнэ. Шүүгч миний бие ингэж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 112 дугаар зүйлийн 112.7 дахь заалтуудыг хэрхэн ойлгож хэрэглэх талаар гаргасан эрх бүхий субъектийн тайлбар байдаг эсэхийг судлан үзэхэд тухайн хуульд тусгасан болон Монгол Улсын дээд шүүхээс гаргасан тайлбар байхгүй байсан тул хуулийн тус заалтуудыг шууд агуулгаар нь тайлбарлан хэрэглэсэн. Тиймээс нөхөн сонгууль явуулах өдрөөс өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулж маргааныг шийдвэрлэх үүднээс гуравдагч этгээдийн тайлбар, нотлох баримт гаргах хугацааг нэг хоногоор тогтоож шийдвэрлэсэн. Энд тухайн үед шүүхэд ирсэн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах захиргааны актуудад холбогдох нотлох баримтуудыг хэргийн оролцогчдын хүсэлт болон шүүхийн санаачилгаар цуглуулах ажиллагааг хийсэн байсныг энэхүү тайлбарт оруулах нь тухайн үед болж байсан үйл ажиллагааг ойлгомжтой болгоход нэмэр болох байх гэж бодож байна. Түүнчлэн миний бие нь гомдол гаргагчаас гаргасан нэхэмжлэлд тайлбар гаргах хугацааг сунгах тухай хүсэлтийг хянаж үзээд 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 116 дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” захирамжаар уг хугацааг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн. 

 ...Шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаартай захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явуулна” гэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Шүүх дараах тохиолдолд шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудсыг шууд олгоно” гэж, 126.1.3-т “захиргааны актыг түдгэлзүүлэх” гэж тус тус хуульчилсан. Энэ нь шүүх маргалдагч этгээдүүдийн аль нэгний хүсэлтээр бус шүүх өөрөө шууд гүйцэтгэх баримт бичгийг бичиж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж гаргасан шийдвэрийнхээ биелэлтийг хангах үүргийг ногдуулсан зохицуулалт юм. Тиймээс 115 дугаартай шийдвэрийн биелэлтийг хангуулахаар ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудсыг бичиж хүргүүлэх үүргээ гүйцэтгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайн хэсэгт холбогдох ажиллагааг явуулсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана” гэж заасан байдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад шүүгчээс гаргасан захирамжийн “Захирамжлах нь” хэсгийг хэрхэн танилцуулж, тайлбарлах талаар хуулийн тусгайлсан зохицуулалт байхгүй тул шүүгч миний бие хуулийн дээрх зохицуулалтын дагуу гаргасан захирамжийнхаа агуулгыг тайлбарласан. Хуулийн дээрх зохицуулалтын агуулгад “... тогтоох хэсгийн агуулгыг тайлбарлаж ...” гэсэн байгаа нь шүүгч захирамжийн “Захирамжлах нь” хэсгийг нэг бүрчлэн уншин сонсгох агуулгыг илэрхийлэхгүй байна. Гомдолд тусгагдсан 115 дугаартай захирамжийг гаргасан урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэсэн, түүний үндэслэлүүдийг ерөнхийлөн тайлбарлаж өгсөн болох нь харагдаж байгаа ба тухайн захирамжийг гүйцэтгэх хуудсыг шүүгч хэн нэгэн хэргийн оролцогчийн хүсэлтээр бус хуульд зааснаар шууд бичин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр заасан байгаа тул гомдолд заасанчлан хууль зөрчин нэхэмжлэгч талд давуу байдал олгосон гэж үзэхгүй байна. Иймээс миний өөрт холбогдуулан гаргасан гомдолд заасан үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх тайлбар, холбогдох нотлох баримтуудыг хянан үзэж У.Хийн гаргасан гомдлыг хангахгүй, шүүгч надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Илтгэгч гишүүний дүгнэлтдээ “....1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд татан оролцуулсан, түүнийг шүүхэд дуудан ирүүлсэн ажиллагааны тухайд: ...Гэтэл нэхэмжлэлийн хувийг гардуулах шүүхийн мэдэгдэх хуудсанд /схх 34 дэх тал/ гуравдагч этгээдээр татсан Б.А-ийг “2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 15.30 цагт шүүхэд ирүүлэх”-ээр дуудсан, хуудасны хүлээн авсан хэсэгт “Ц.С, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр” гэж бичигдсэн байгаа нь гуравдагч этгээдийг шүүхэд дуудан ирүүлэх үндэслэл болсон шүүгчийн захирамж албажиж гараагүй байхад уг ажиллагааг хийсэн байх тул тухайн шүүхэд дуудан ирүүлэх ажиллагаа хуульд нийцээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 56 дугаар зүйлийн 56.1.6, 59 дүгээр зүйлд заасныг зөрчжээ. Захиргааны хэрэг дэх “2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 16.50 цагт шүүхэд ирэх” шүүхийн мэдэгдэх хуудсанд /схх 36 дахь тал/ шүүхийн бичиг хүргэгч П.Ц “хаягаар очиход эзэнгүй” гэж тэмдэглэсэн, П.Ц-ын өгсөн гэрчийн мэдүүлэгт /схх 183 дахь тал/ “109 дугаар захирамжийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 55 минутад хүлээн авч, тухайн өдрийнхөө 12 цаг 20 минут орчимд Засаг даргын туслах Б.О-д хүлээлгэн өгсөн” гэх, энэ талаарх шүүхийн бичиг хүргэгчийн бүртгэлийн дэвтрийн 67 дугаар дахь бүртгэл /схх 187 дахь талын ар/ зэргээс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12.20 цаг хүртэл шүүх тухайн захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан болохыг Б.А-д мэдэгдсэн нь нотлогдохгүй байна.

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х-ийн итгэмжлэлийг шүүх хүлээн авсан тухайд: ...гуравдагч этгээд Б.А-д 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14.30 цагийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдсэн шүүхийн мэдэгдэх хуудсанд “тухайн өдрийн 10.24 цагт биечлэн уулзаж мэдэгдэхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө харьцана гэсэн” талаар шүүхийн бичиг хүргэгч П.Ц тэмдэглэл үйлдсэн, мөн шүүхийн мэдэгдэх хуудас болон урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтуудад “итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х оролцоно 88......98  2022.06.15 12.15, 12.20 ЗД-ын туслах Б.О” гэж тус тус бичигдсэн /схх 45-49 дэх тал/, шүүгчийн туслах Д.Т-ын “У.Х анх өөрөө утсаар холбогдож ярихдаа би итгэмжлэл явууллаа, одоо Улаанбаатар хотод шүүх хурал давхацсан учир өнөөдөр товлогдсон хурлыг хойшлуулах хүсэлтэй байна гэсэн. Тэгэхээр нь таны итгэмжлэл шүүхэд ирээгүй байна гэсэн, хэсэг хугацааны дараа итгэмжлэл ирснээр итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х-тэй утсаар ярьж нэхэмжлэлийн онлайнаар гардуулсан” гэх мэдүүлэг /схх 190-196 дахь тал/, шүүгчийн туслах Д.Т-ын @yahoo.com хаягаас гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х-ийн k@gmail.com хаягт илгээсэн и-мэйлд хийсэн үзлэгээр /схх 205-206 дахь тал/ 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12:20 цагт нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн хүсэлтийг У.Х-ийн и-мэйлд илгээсэн зэргээс үзвэл 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 12.20 цаг гэхэд У.Х-ийн итгэмжлэл шүүхэд ирсэн болох нь тогтоогдож байна.

Харин гуравдагч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн аль аль нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирээгүй, тухайн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөн өдөр Д.Т нь шүүгчийн туслахын үүргийг гүйцэтгэж байсан болох нь Ц.Б-ийг ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс томилсон тушаал, Ц.Б-ийн тайлбар /схх 197-198 дахь тал/, Д.Т-ын гэрчийн мэдүүлэг, захиргааны хавтаст хэрэг дэх 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн гуравдагч этгээдэд нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гардуулсан, эрх үүрэг тайлбарласан, шүүгчийн захирамж гардуулсан, урьдчилсан хэлэлцүүлгийн тов мэдэгдсэн баримтуудаар /схх 127-135 дахь тал/ тогтоогдож байх тул өргөдөл гаргагчийн “итгэмжлэлийг шүүхэд өгч, нэхэмжлэл гардан авах гэхэд шүүгчийн туслах Б танд гардуулахгүй шүүгч Б.Б-ээс асууж байж шийднэ, нэхэмжлэл гардан авах эрх байхгүй гэж хэлсэн” гэх өргөдөл нотлогдохгүй байна.

Мөн өргөдөл гаргагчийн “захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрөө санаачилж, гүйцэтгэх хуудас шууд олгож шийдвэрлэсэн” гэх үйл баримт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т зааснаар тус шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй тул шүүх шийдвэрийг гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудсыг шууд олгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.3-т нийцсэн байна.

3. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг оролцуулах ажиллагааны тухайд:  ...2/ Дээрх шүүхийн мэдэгдэх хуудсан дахь тэмдэглэл, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Хийн @gmail.com хаягаас shuukh.mail.mn хаягт илгээсэн и-мэйлд хийсэн үзлэгээр /схх 203-204 дэх тал/ 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14.30 цагт товлогдсон урьдчилсан хэлэлцүүлгийг гуравдагч этгээд нь мөн өдрийн 12.20 цагт мэдэж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр У.Х-ийг оролцуулахаа илэрхийлсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мөн өдрийн 12:20 цагт урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэж, улмаар урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт болон баримтыг мөн өдрийн 12:42 цагт шүүхэд цахимаар ирүүлсэн болох нь тогтоогдож байна.

Гэтэл шүүгч нь урьдчилсан хэлэлцүүлгээр хүсэлтийг хэлэлцэн “гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Улаанбаатар хотод байгаа бөгөөд тус хэлэлцүүлэг явуулах цаг хугацаатай түүний шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцох эрүүгийн шүүх хуралдаан давхацсан нөхцөл байдлыг харгалзан гуравдагч этгээдийг тус урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох эрхийг нь хангах үүднээс дээрх бүхий л ажиллагааг явуулсан боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь тус хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй юм” гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.7, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт гуравдагч этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал биечлэн оролцохгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулж болох бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөөлүүлж байгаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалахаар заасан хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.

Түүнчлэн, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэх ажиллагаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан нь мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.7-д “Энэ хуулийн 70.1.2-т заасан хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэргийн оролцогчдыг татан оролцуулснаас хойш тооцно”, 70.3-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг гурваас доошгүй хоногийн өмнө хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ”, 70.5-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг мэтгэлцэх зарчмаар явагдах бөгөөд хэргийн оролцогчид гаргасан хүсэлт, татгалзлын үндэслэлээ нотолно” гэж заасныг мөн зөрчжээ.

...4/ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4-т “Сахилгын хорооны хуралдаан зарлахаас өмнө өргөдөл, мэдээлэлд дурдагдаагүй шүүгчийн сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэх явцад илэрсэн бол тухайн шүүгчид сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна” гэж заасны дагуу шүүгчид холбогдох сахилгын хэргийн шалгах ажиллагаагаар өргөдөлд дурдаагүй дараах зөрчлийг илрүүлсэн болохыг дурдах нь зүйтэй. Үүнд:

1/ Тус 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 113 /гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт шийдвэрлэх/, 114 /нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт шийдвэрлэх/, 115 /захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай/ дугаар шүүгчийн захирамж гарсан байх ба эдгээр захирамжийн өнгөн хувьд хийсэн үзлэгээр, боловсруулсан нийлсэн дардас 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 10 минут гэж тэмдэглэгдсэн /схх 175-176 дахь тал/ байгаа нь тухайн 14.30 цагт товлогдсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс өмнө шүүгчийн захирамжууд бичигдэж гарсан гэж үзэхээр байна.

2/ Мөн тус хэргийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17:30 цагт товлон, хэргийн оролцогчдод хуралдааны товыг мэдэгдсэн /схх 159-169 дэх тал/ байх ба тухайн захиргааны хавтаст хэрэгт хийсэн үзлэгээр 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөр шүүх хуралдааны тэмдэглэл байхгүй, харин 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл авагдсан байна. Энэ талаар ... аймаг дахь Шүүхийн тамгын газрын Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Б-ын компьютерт хадгалагдсан шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгт үзлэг хийж, шүүх хуралдааны тэмдэглэлийн бүртгэл, тус өдөр тухайн шүүхэд товлогдсон шүүх хуралдааны зар зэргээс тодруулахад, товлогдсон шүүх хуралдаан 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17:30 цагаас эхлэн 22:10 цаг хүртэл явагдаж, дараа өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16:30 цагаас үргэлжлэн 19:30 цагт дуусан нийт 2 өдөр дараалан шүүх хуралдаан үргэлжилсэн болох нь тогтоогдож байна. Иймд шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан эхэлсэн өдөр, цагийг үнэн зөв тусгагдаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-т “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг ... бичнэ” гэж заасанд нийцэхгүй байна.

5. “Шүүгч нь албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэх тухайд: ...Дээрх 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “нэхэмжлэлийн шаардлагад гуравдагч этгээд Б.А-ийн хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэдгийг ойлгож байна. Учир нь Б.А нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авчихсан юм билээ. Энэ нь өөрөө 34.4 дэх хэсэгт зааснаар олон нийтэд илэрхий болсон үйл баримтаар нотлогдож байгаа ... Манай талаас энэ этгээдийн ашиг сонирхол хууль бусаар үүссэн гэж үзэж байгаа учраас хүчингүй болгох шаардлагыг гаргасан. Процессын ажиллагааг хуульд нийцүүлэх үүднээс тэр хүнийг ажиллагаанд оруулаад, санал авах өдөр 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Хэрвээ шууд хурал дээр тайлбарыг нь авах боломжгүй гэж үзэх юм бол 02-03 хоногийн хугацаа заагаад хэрэг маргааныг яаралтай нэг дэх өдөр гэхэд шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа учир миний гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэмэгц /схх 120-121 дэх тал/, шүүгч нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 109 дугаар захирамжаар /схх 30-33 дахь тал/ бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Б.А-ийг татсан, ингэхдээ захирамжийн 3 дахь хэсэгт, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А-ийн нэхэмжлэлийн талаар хариу тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлэх хугацааг нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш 1 хоногоор тогтоожээ.

Гэтэл хэрэг үүсгэснээс хойш 9 хоногийн дараа үндсэн нэхэмжлэлийг хариуцагч талд 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гардуулж, хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх хугацааг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тогтоосон /схх 99 дэх тал/, мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүх 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч талд гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацааг 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөр тогтоож /схх 118 дахь тал/, энэ талаар шүүгч нь дээрх 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд “хариу тайлбар болон нотлох баримтыг 7 хоног дотор багтаж ирэх ёстой хуулийн зохицуулалт учраас энэ хугацааг нааш татах нь боломжгүй гэж үзээд шүүх хуралдааныг 7 хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн” гэж танилцуулан, мөн өдрийн 108 дугаар шүүгчийн захирамжаар /схх 124 дэх тал/ шүүх хуралдааныг 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 16:30 цаг хүртэл хойшлуулсан байна.

Хариу тайлбар гаргах хугацааг дээр дурдсанчлан тус бүр гардан авснаас хойш 7 хоногоор тогтоосон атлаа түүнтэй нэг ижил өдөр гаргасан захирамжид, гуравдагч этгээдээс хариу тайлбар гаргах хугацааг 1 хоногоор тогтоож, хэргийн оролцогчдод ялгамжтай хандсан байх бөгөөд энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх болон нэхэмжлэлээс татгалзахаас бусад хэргийн оролцогчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ”, мөн хуулийн 4 дүгээр зүйлд заасан “захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана”, 6 дугаар зүйлийн 6.4-т заасан “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Энэ талаар шүүгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4, 112.4.1 дэх хэсэгт “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх”-ээр заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулах шаардлагатай байсан гэж тайлбарлаж байгаа ч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчдыг тэгш эрхтэй оролцохыг хязгаарлах, шүүгчийн нэг өдөр гаргасан захирамжаар хэргийн оролцогчдын тайлбар гаргах хугацааг ялгаж тогтоосныг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа харгалзан үзсэн боловч гуравдагч этгээдийн хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцах боломжийг хязгаарлан, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчийн биечлэн оролцож, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх үндэслэлгүй талаар тайлбар, нотлох баримтаа гарган мэтгэлцэж, төлөөлүүлэгч этгээдийн хууль ёсны эрх ашгаа хамгаалах хүсэлт гаргасныг үл хайхран, хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй нь захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх эсэхийг шүүхээр шийдвэрлүүлэхэд бусад оролцогчдод давуу байдал үүсгэсэн гэж үзэх үр дагаврыг бий болгожээ.

Учир нь 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 14.30 цагт товлосон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр гуравдагч этгээдийг оролцуулахгүйгээр нэхэмжлэгчийн хүсэлтийг хэлэлцэхдээ итгэмжлэлд У.Х-ийн гарын үсэг зурагдсан байтал гарын үсэггүй гэж танилцуулсан, мөн өдрийн 115 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн боловч 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 21 тоот албан бичгээр ... аймгийн сонгуулийн хороо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “... Аймаг, нийслэл, сум дүүргийн, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.5-т заасны дагуу зөвхөн Монгол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулах болон зогсоох, мөн хуулийн 74 дүгээр зүйлд нэр дэвшигчийг хасах зохицуулалттай бөгөөд дээрх нөхцөл байдлууд үүсээгүй учир ... аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаар шүүгчийн захирамжийг хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөмж ирүүлж бидний ажилд тусална уу” гэсэн, мөн өдрийн 22 дугаар албан бичгээр Сонгуулийн ерөнхий хороонд хандан, “... Аймаг, нийслэл, сум дүүргийн, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай ойлголт байхгүй байна. Иймд дээрх асуудалтай холбогдуулан ... хэрхэн ажиллах талаар арга зүйн зөвлөмж өгч, бидний ажилд тусална уу” /схх 156-157 дахь тал/ гэж хандсан, улмаар тухайн сонгууль нь товлогдсон өдрөө /2022.06.19/ явагдсан, мөн уг шүүгчийн захирамж нь нэхэмжлэгч талаас удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх үндэслэл болсон байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах” зарчмыг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хууль дээдлэх нь шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 6.3-д “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ” гэж заасан. Эдгээрээс нэгтгэн дүгнэвэл, хуульд заасан шүүн таслах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ материаллаг хуулийг хэрхэн ойлгож хэрэглэх нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарах бол хэрэг маргааныг шийдвэрлэхдээ шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх журам, түүнтэй холбоотой хуулийг ягштал мөрдөх үүрэгтэй.

Иймээс шүүгчийн шүүн таслах бүхий л үйл ажиллагаа нь шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэдэг атал хэргийн оролцогчид ялгаатай хандаж бусдад давуу байдал үүсгэсэн, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой болон удаа дараа зөрчсөн дээрх алдаа нь шүүхийн өндөр нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэж үзнэ.

Иймд ...шүүхийн шүүгч Б.Б нь Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”,  50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан шүүгчид хориглох заалтыг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ” гэжээ.

              ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаар “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлт гаргасныг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн, 252 дугаар магадлалаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1-т заасны дагуу шүүгч Б.Б-т холбогдох дүгнэлтийг хүчингүй болгож, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Илтгэгч гишүүнээс уг магадлалыг эс зөвшөөрч эсэргүүцэл гаргасныг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаар хэлэлцэн, ХТ/2023/0001 дүгээр хяналтын тогтоолоор илтгэгч гишүүний 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 252 дугаартай магадлалыг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэхээр Сахилгын хорооны хуралдаанд буцаасны дагуу сахилгын хорооны хуралдаанаар У.Х-ийн өргөдөлтэй ...шүүхийн шүүгч Б.Б-д холбогдох сахилгын хэрэгт гаргасан зөрчлийг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцэв.

          Өргөдөл гаргагч “...Б.А-ийн зүгээс У.Х-д хуульд заасны дагуу бүрэн эрхийг ... нотариатч ... 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 06 минутад итгэмжлэл өгсөн. Тус итгэмжлэлийг шүүхэд өгч, нэхэмжлэл гардан авахад туслах ажилтан н.Бнь танд гардуулахгүй гэж хариу хэлсэн. Миний зүгээс хуульд заасны дагуу итгэмжлэлийн дагуу гардан авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээ эдлэх талаар хэлэхэд шүүгч Б.Б-ээс асууж байж шийднэ гэж хариу хэлсэн. Дараа нь хариугаа хэлэхдээ шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд нэхэмжлэл гардан авах эрх байхгүй тул заавал гуравдагч этгээдэд гардуулна гэж хариу өгсөн. Энэхүү хариулт нь Иргэний хуулийн 62.3, итгэмжлэл олгосон 20, 22, 28 заалтыг буюу хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчиж, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй” гэж өргөдөлдөө дурджээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгч Б.Б нь ... аймгийн Ардчилсан намын хорооноос тус аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “... аймгийн Сонгуулийн хорооны 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Ардчилсан намыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны нөхөн сонгуульд бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 79 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Нэхэмжлэгч талаас 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ... аймгийн Сонгуулийн хорооны 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 03 тоот тогтоолыг хууль бус актад тооцуулж хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 109 дүгээр захирамжаар Ардчилсан намын нэр дэвшигч Б.А-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А нь У.Х-д Ардчилсан намын хорооны нэхэмжлэлтэй ... аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлөх итгэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр олгож, шүүхээс мөн өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х-д нэхэмжлэлийн шаардлагыг гардуулжээ.

Өргөдөлд дурдсан шүүгчийн туслах Ц.Б нь ... аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслахаар томилогдсон бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүгчийн туслах Д.Т нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна.

Шүүгчийн туслах Д.Т нь “...2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн орчимд У.Х ярихад итгэмжлэл нь ирээгүй учир танд нэхэмжлэлийг гардуулахгүй гэж хэлсэн” гэж гэрчээр мэдүүлжээ.

Дээрх үйл баримтуудаас үзвэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон итгэмжлэл нь шүүхэд ирээгүй байсан учир шүүгчийн туслахаас нэхэмжлэлийг хувийг гардуулаагүй. Харин итгэмжлэл ирсний дараагаар нэхэмжлэлийн хувийг гардуулсан байх ба итгэмжлэл ирээгүй байхад нэхэмжлэлийн хувийг гардуулахгүй гэсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй уг үндэслэлээр шүүгчийг хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

 Түүнчлэн өргөдөл гаргагчаас “...2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гардан авсан боловч урьдчилсан хэлэлцүүлгийн тов мэдэгдэх хуудаст урьдчилсан хэлэлцүүлгийг 14:30 цагаас товлосон байсан. Миний бие ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 13:30 цагаас шүүгдэгч н.Д-д холбогдох гэм буруугийн шүүх хуралтай давхацсан, хэргийн материалтай танилцаагүй, хариу тайлбар гаргах боломж бололцоогоор хангаагүй, хэргийн материалтай танилцаж нотлох баримт гарган өгөх, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргах, гэрч оролцуулах, өмгөөлөгч авах, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэл гаргах эрхгүй буцаах хүсэлт гаргаж нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн хамт хүсэлтийг хэлэлцүүлэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4-д заасан хэргийн оролцогчийн эрх буюу ...хуулийн илт тодорхой заалтыг тус тус зөрчсөн.” гэх өргөдлийг гаргасан.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч ... аймгийн Ардчилсан намаас 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 110 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны актыг түдгэлзүүлэх хүсэлтийг хянан хэлэлцэх урьдчилсан хэлэлцүүлгийг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 08 цаг 30 минутад хийхээр товлосон байна.

Тус 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 08 цаг 30 минутад шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж 111 дугаар шүүгчийн захирамжаар “...бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгдэж тус хэлэлцүүлэгт оролцох эрхийг нь хангах нь зүйтэй” гэж үзэн урьдчилсан хэлэлцүүлгийг мөн өдрийн 14 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.

Шүүхээс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгчид урьдчилсан товыг мэдэгдэхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х-ээс ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлон зарлагдсан шүүх хуралдаантай давхацсан учир шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг 2022 оны 06 дугаар арын 15-ны өдрийн 113 дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу шүүгч хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд өөрийн дотоод итгэлээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан урьдчилсан хэлэлцүүлэг хойшлуулах хүсэлт гаргасныг хангахгүй орхиж шийдвэрлэснийг шүүгч сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн шүүгч бичгээр ирүүлсэн тайлбартаа “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай нэн даруй явуулж урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлэн хүсэлтийг шийдвэрлэх зайлшгүй шаардлага үүссэн, тиймээс тус хэлэлцүүлэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хүсэлтийг шийдвэрлэсэн” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна”, 27.7 дахь хэсэгт “Итгэмжлэлээр төлөөлүүлж байгаа хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно” гэж зааснаас үзвэл гуравдагч этгээд өөрөө болон төлөөлөгчийн хамтаар захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтойгоор хуульд зохицуулсан.

Гуравдагч этгээдээс У.Х-д итгэмжлэл олгох үед тэрээр тус аймагт байгаагүй, Улаанбаатар хотод байсан болох нь өргөдөлд дурдсан тайлбар болон бусад баримтуудаар тогтоогдож байна. Харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.А нь тус аймагт байсан, мөн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдсэн зэрэг нөхцөл байдлаас үзвэл тэрээр өөрөө шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжтой байсан гэж үзнэ.

Иймд шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй байна.

Мөн өргөдөл гаргагчаас “...шүүгч Б.Б-ийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 209 дугаар захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Б.А-ийг хэрэгт татан оролцуулсан. Тус захирамжийн 3 дахь заалтаар нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор хариу тайлбар, нотлох баримт хамт шүүхэд өгөхөөр тогтоосон” гэжээ.

Шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 109 дүгээр захирамжаар Ардчилсан намын нэр дэвшигч Б.А-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 22 дугаар зүйлийн 22.4, 57 дугаар зүйлийн 57.2-т заасныг тус тус үндэслэн түүнийг нэхэмжлэлийн талаар хариу тайлбар, холбогдох баримтаа шүүхэд ирүүлэх хугацааг нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор ирүүлэхээр тогтоосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 112.1.3, 112.4.1, 112.4.2-т заасан маргааны нэхэмжлэлийг хариуцагч гардан авснаас хойш долоо хоногийн дотор хариу тайлбар болон нотлох баримтаа шүүхэд ирүүлнэ”, 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт “ ...эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу тайлбар гаргах бөгөөд тайлбартаа үндэслэлийг зааж, нотлох баримтаа хамтад нь гаргаж ирүүлнэ” гэж заасан.

Холбогдох шүүгч Б.Б нь дээрх өргөдлийн үндэслэлтэй холбогдуулан “...хуулийн 112.7 дахь хэсэгт заасан хугацаа нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэлийн талаарх хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлэхэд нэгэн адил үйлчилнэ. Захирамжид заасан “нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш 1 /нэг/ хоногоор тогтоосугай” гэх хугацаа нь дээрх зохицуулалтад заасан “...долоо хоногийн дотор...” гэснийг зөрчөөгүй. Тодруулбал: Хуульд нэхэмжлэлд хариу тайлбар, түүнд холбогдох нотлох баримтыг гаргаж өгөх хугацааг “...долоо хоног...” гэж шууд тогтоогоогүй “...долоо хоногийн дотор...” гэж нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо гэх хоногуудаас сонгох боломжтойгоор заасан” гэх тайлбар гаргасныг буруутгах боломжгүй байна.

Түүнчлэн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 116 дугаар шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн нэхэмжлэлд хариу тайлбар, холбогдох нотлох баримт ирүүлэх хугацааг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг дуусталх хугацаагаар тогтоож өгсөн нь түүний хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар хариу тайлбар ирүүлэх хугацааг шүүгч өөрөө тогтоож өгч болохоор хуульд зохицуулсан, мөн шүүхээс хариу тайлбар ирүүлэх хугацааг боломжит хугацаагаар сунгаж өгсөн байх тул дээрх өргөдлийн үндэслэлээр шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Өргөдөл гаргагчаас “нэхэмжлэгч ...захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан болохоос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 126.1.3-д зааснаар гүйцэтгэх хуудсыг шууд олгох талаар ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрөө санаачилж, гүйцэтгэх хуудас шууд олгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн талаар огт дурдаагүй асуудлыг болон шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийг танилцуулахад дурдаагүй асуудлыг бичгээр гаргахдаа шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч талд давуу байдал олгосон гэж үзэж байна” гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Шүүх дараах тохиолдолд шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудсыг шууд олгоно”, 126.1.3-т “захиргааны актыг түдгэлзүүлэх тухай” гэж заасны дагуу шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэж бус захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх захирамж гаргаснаар гүйцэтгэх хуудас олгох талаар хуульд заасан тул уг үндэслэлээр шүүгчийг бусдад давуу байдал олгосон гэж үзэхгүй.

Нөгөө талаар уг гүйцэтгэх хуудсанд бичигдсэн ажиллагаа бодитой хэрэгжээгүй байх тул шүүгч нь өөртөө болон өөр бусад этгээдэд ямар давуу байдлыг бий болгосон нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Илтгэгч гишүүнээс “ ...шүүгч нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 109 дугаар захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Б.А-ийг татсан, гэхдээ 109 дугаар захирамжийн өнгөн хувьд хийсэн үзлэгээр боловсруулсан, нийлсэн дардас “2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 10 минут” гэж тэмдэглэсэн. Гэтэл нэхэмжлэлийн хувийг гардуулах шүүхийн мэдэгдэх хуудсанд гуравдагч этгээдээр татсан Б.А-ийг “2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 15.30 цагт шүүхэд ирүүлэх”-ээр дуудсан, хуудасны хүлээн авсан хэсэгт “Ц.С, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр” гэж бичигдсэн байгаа нь гуравдагч этгээдийг шүүхэд дуудан ирүүлэх үндэслэл болсон шүүгчийн захирамж албажиж гараагүй байхад уг ажиллагааг хийсэн байх тул тухайн шүүхэд дуудан ирүүлэх ажиллагаа хуульд нийцээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 56 дугаар зүйлийн 56.1.6, 59 дүгээр зүйлд заасныг зөрчсөн.

...Тус 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 113, 114, 115 дугаар шүүгчийн захирамж гарсан байх ба эдгээр захирамжийн өнгөн хувьд хийсэн үзлэгээр боловсруулсан нийлсэн дардас 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 11 цаг 10 минут гэж тэмдэглэгдсэн байгаа нь тухайн 14.30 цагт товлогдсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс өмнө шүүгчийн захирамжууд бичигдэж гарсан гэж үзэхээр байна. ...” гэжээ.

Илтгэгч гишүүний дээрх дүгнэлтэд дурдсан шүүгчийн захирамж боловсруулсан нийлсэн дардас дарах,  захирамж гарсан өдөр бүртгэлд тэмдэглэж дугаар авах нь шүүгчийн туслахын чиг үүрэгт хамаарч байх тул шүүгчийг уг үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах нь үндэслэлгүй байна.

Мөн илтгэгч гишүүнээс “...тус хэргийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17:30 цагт товлон, хэргийн оролцогчдод хуралдааны товыг мэдэгдсэн байх ба тухайн захиргааны хавтаст хэрэгт хийсэн үзлэгээр 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөр шүүх хуралдааны тэмдэглэл байхгүй, харин 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл авагдсан байна. Энэ талаар ... аймаг дахь Шүүхийн тамгын газрын Мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Б-ын компьютерт хадгалагдсан шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгт үзлэг хийж, шүүх хуралдааны тэмдэглэлийн бүртгэл, тус өдөр тухайн шүүхэд товлогдсон шүүх хуралдааны зар зэргээс тодруулахад, товлогдсон шүүх хуралдаан 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17:30 цагаас эхлэн 22:10 цаг хүртэл явагдаж, дараа өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16:30 цагаас үргэлжлэн 19:30 цагт дуусан нийт 2 өдөр дараалан шүүх хуралдаан үргэлжилсэн болох нь тогтоогдож байна. Иймд шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан эхэлсэн өдөр, цагийг үнэн зөв тусгагдаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-т “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг ... бичнэ” гэж заасанд нийцэхгүй гэжээ.

            Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2022 оны 07 дугаар сарын 04 өдрийн 000/ШЗ2022/0123 дугаар шүүгчийн захирамжаар ... аймгийн Ардчилсан намын хорооны нэхэмжлэлтэй тус аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

            Шүүх хуралдаан 2022 оны 07 дугаар сарын  05-ны өдрийн 17 цаг 49 минутад эхэлж, 22 цаг 20 минутад шүүх хуралдааныг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 30 минутад үргэлжлүүлэн явуулахаар хуралдааныг завсарлуулж, маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 30 минутаас шүүх хуралдааныг үргэлжлүүлж, 19 цаг 31 минутад дууссан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.   

Мөн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж тухайн хуралдааныг хааж 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөр шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэлийн дугаар авсныг буруутгах боломжгүй. Учир нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүхээс тухайн хэрэгтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гараагүйг дурдах нь зүйтэй.

Иймд илтгэгч гишүүний шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цагийг үнэн зөв бичих гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Дээрхээс нэгтгэн үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 112.1.3-т заасан маргааныг шүүх 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд хугацааг нэг удаа 10 хүртэл хоногоор сунгаж болно” гэж зааснаар уг захиргааны хэрэг нь тусгай журмаар шийдвэрлэх маргаанд хамаарах бөгөөд шүүгч хуульд тусгайлан заасан хугацаанд хэргийг хянан шийдвэрлэхээр шуурхай ажиллагаа явуулж байсныг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй  байх тул илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгч Б.Б-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ...шүүхийн шүүгч Б.Б-т холбогдох дүгнэлтийг хүчингүй болгож, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                 Д.АРИУНТУЯА

ГИШҮҮН                                 С.ЭНХТӨР

Д.ЭРДЭНЭЧУЛУУН