МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-04-04
Дугаар 47
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр Г.Хаш-Эрдэнэ нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч С.Ө-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хорооны гишүүний 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2023/0036 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-д:
“... Өргөдөл гаргагч В.Ө нь “Шүүгч С.Ө нь шүүх хуралдааны явцад зөрчилд холбогдогч А.Г-д хэлээгүй атлаа надад хууль сануулж байна, худал мэдүүлэг өгвөл гэх мэтээр ялгаварлан гадуурхаж хандсан. Хурлын бичлэгт үзлэг хийлгүүлэх хүсэлттэй байна. Шүүгч С.Ө-д гомдолтой байна” гэж Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргажээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд В.Ө-ийн эзэмшлийн Приус 20 маркийн автомашины толийг А.Г хугалсан гэх зөрчлийн 2206003349 дугаартай хэргийн зөрчилд холбогдогч нь А.Г, хохирогч нь В.Ө байна.
... шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар зөрчлийн хэргийг хянан хэлэлцэн, 2022/ЗШ/3649 дүгээр шийтгэврээр зөрчилд холбогдогч А.Г-д “торгох шийтгэл оногдуулсан” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Шалгах ажиллагааны явцад тус зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд:
- Шүүх хуралдаан даргалагч хуралдааныг нээж, 02 минут 21 секундээс шүүх хуралдааны дэгийг танилцуулж, 02 минут 50 секундэд “дэг зөрчвөл эхний удаа сануулна, дараагийн удаа хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж хэлж байна.
- Бичлэгийн 03 минут 45 секундээс даргалагч “та 2 эрх үүргээ мэдэж байгаа юу? Тайлбарлаж өгсөн байх ёстой” гэхэд зөрчилд холбогдогч А.Г “мэдэж байгаа” гэв.
- Бичлэгийн 04 минут 05 секундээс даргалагч “Хохирогч нь үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй шүү. Хэрэв худал тайлбар өгөх юм бол хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Хохирогчоор хууль сануулсан баримтад гарын үсэг зуруулаарай” гээд шүүх хуралдааны дарааллыг тогтоож байна.
- Бичлэгийн 09 минут 18 секундээс даргалагч “хохирогч босъё. Хууль сануулсан байгаа. Худал тайлбар өгч болохгүй. Саяны гомдолтой холбогдуулаад тайлбараа хэлье” гэхэд, 09 минут 32 секундээс 13 минут 34 секунд хүртэл хохирогч В.Ө нь 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн болсон үйл явдлын талаар ярьж байх ба даргалагч зөрчлийн хэрэгтэй холбоотой тодруулга асуулт асууж, хариулт авч байна.
Тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, мөн өдрийн 2022/ЗШ/3649 дүгээр шийтгэвэр зэрэг баримтуудаас үзэхэд шүүгч талуудын тэгш эрхийг хангасан байх ба аль нэг талд давуу байдал олгосон, ялгаварлан гадуурхсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.
Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно”, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох эрхтэй” гэж зааснаар 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд эрх бүхий албан тушаалтан, цагдаагийн дэслэгч Х.Б-ийн хүсэлтээр хохирогч В.Ө шүүх хуралдаанд биечлэн оролцсон байна.
Шүүгч С.Ө нь шүүх хуралдааны явцад хохирогч В.Ө-д “худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж хэлж байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дугаар хэсгийн 3.2-т “хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “зөрчлийн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй” гэж заасан хуулийн зохицуулалтуудыг хэрэгжүүлж ажилласан тул түүнийг буруутгах үндэслэлгүй байна гэж үзэв.
Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрхийг зөрчилд холбогдогч эдэлж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан үүргийг хүлээнэ.
Өөрөөр хэлбэл, зөрчилд холбогдогч нь ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаагаа мэдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, хохирогчийн гомдолтой танилцан тайлбар гаргах, хүсэлт гаргах, гомдол гаргах, зөрчлийн хэрэгтэй танилцах зэрэг эрхийг эдэлж, шүүх, прокурор, эрх бүхий албан тушаалтны дуудсан цагт хүрэлцэн ирэх, хууль ёсны шаардлагыг нь биелүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зэрэг үүргийг хүлээдэг.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд зөрчилд холбогдогч нь “үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй” гэх хуулийн зохицуулалт байхгүй тул шүүгч С.Ө шүүх хуралдааны явцад зөрчилд холбогдогч А.Г-д “үнэн зөв мэдүүлэг өгөх, худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хэлээгүй нь зөрчилд холбогдогч, хохирогч нарыг ялгаварлан гадуурхсан бус, харин хуулийн хүрээнд ажилласан гэж үзнэ.
Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “хохирогч нь шүүх, прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийтгэврийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хохирогч В.Ө-ийн гаргасан давж заалдах гомдлыг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, 2023/ДШМЗ/17 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 2022/ЗШ/3649 дүгээр шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл В.Ө-ийн өргөдөлд дурдсан асуудлаар ... шүүхийн шүүгч С.Ө-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Сахилгын хэрэг үүсгэх тухай” ГЗҮ/2023/0022 дугаар захирамжаар ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ө-д холбогдуулан илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагааг явуулжээ.
Бичгийн нотлох баримтаар В.Ө-ийн эзэмшлийн Приус 20 маркийн автомашины толийг А.Г хугалсан гэх зөрчлийн 2206003349 дугаартай хэргийн зөрчилд холбогдогч нь А.Г, хохирогч нь В.Ө байсан байх ба ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар зөрчлийн хэргийг хянан хэлэлцэн, 2022/ЗШ/3649 дүгээр шийтгэврээр зөрчилд холбогдогч А.Г-д “торгох шийтгэл оногдуулсан” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Тус зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, мөн өдрийн 2022/ЗШ/3649 дүгээр шийтгэвэр зэрэг баримтуудаар шүүгч талуудын тэгш эрхийг хангасан байх ба аль нэг талд давуу байдал олгосон, ялгаварлан гадуурхсан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна гэж бүрэлдэхүүн үзлээ.
Холбогдох шүүгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дугаар хэсгийн 3.2-т “хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “зөрчлийн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй” гэж заасан хуулийн зохицуулалтуудыг хэрэгжүүлж ажилласан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “хохирогч нь шүүх, прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй” гэж заасны дагуу шийтгэврийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, 2023/ДШМЗ/17 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 2022/ЗШ/3649 дүгээр шийтгэврийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж үзэж хэвээр үлдээж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Иймд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ... шүүхийн шүүгч С.Ө-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ГИШҮҮН Б.СУГАР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Д.МЯГМАРЦЭРЭН