info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-02-08

Дугаар 25

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал, хэргийн оролцогч шүүгч Ж.О /цахим/ нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар иргэн Д.Б-ын өргөдлөөр үүсгэсэн, ... шүүхийн шүүгч Ж.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, гишүүн О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ГС/2023/0015 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-даа:

“... Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзэхэд ...шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Д.Б-ын хариуцагч Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Д аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 7 дугаар байрны 05 тоот орон сууцны улсын бүртгэлийн Ү-ххххххххххх дугаарт Э.У-ыг бүртгэсэн бүртгэл, ххххххххххх дугаар бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг гаргасан шүүгч Ж.О-д холбогдуулан нэхэмжлэгч Д.Б гомдол гаргаж, үндэслэлээ  “... намайг тохуурхан доромжилж шүүх хуралд миний байрны  улсын бүртгэлийн Ү-ххххххххххх тоот дугаарыг хүчингүй болгох уу гэж өөрөө зааж намайг доромжилсон” гэж тодорхойлсон.

Сахилгын хэрэгт нотлох баримтаар авагдсан ...шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт 00:09:35 минутаас Даргалагч: Таны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай байна. Та нэхэмжлэлдээ Э.У-ын нэр дээр бүртгэсэн ххххххххххх дугаар бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах гэсэн байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах эрхтэй байдаг. Таныг андуурч бичсэн юм болов уу гэж бодож байна. Ү гэдэг дугаар нь улсын бүртгэлд бүртгэсэн дугаар, харин таны нэхэмжлэлд бичсэн ххххххххххх дугаар нь гэрчилгээний дугаар гэхэд, Нэхэмжлэгч Д.Б: Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаарыг хоёулыг нь хүчингүй болгуулах гэхэд, Даргалагч: Тийм байна. Таныг андуурсан гэж бодож байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна уу гэхэд, Нэхэмжлэгч Д.Б: Дэмжиж байна. Э.У-ын нэр дээр бүртгэсэн ххххххххххх дугаар бүхий гэрчилгээний дугаар болон Ү-ххххххххххх дугаартай улсын бүртгэлийн дугаарыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэж залруулж өгөхийг хүсэж байна ... гэж хэлсэн нь бичигдэж үлдсэн байна.

Дээрхээс үзэхэд шүүгч Ж.О нь “... улсын бүртгэлийн Ү-ххххххххххх тоот дугаарыг хүчингүй болгох уу гэж гомдол гаргагч Д.Б-ыг илтэд тохуурхан доромжилсон ...” гэх өргөдлийн үндэслэл үгүйсгэгдэнэ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж асуусан шүүгчийн үйл ажиллагааг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй тул ...шүүхийн ерөнхий шүүгч Ж.О-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

... шүүхийн ерөнхий шүүгч Ж.О нь тайлбартаа:

“... Гомдол гаргагч Д.Б нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа “Д аймгийн Дархан сумын 16 дугаар баг 1 дүгээр хороолол 7 дугаар байрны 05 тоот орон сууцыг Э овогтой У-ын нэр дээр бүртгэсэн ххххххххххх дугаар бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай байсан тул Ү-ххххххххххх дугаар нь улсын бүртгэлийн дугаар, ххххххххххх дугаар нь гэрчилгээний дугаар гэдгийг тайлбарлаж өгөхөд нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч тус тус хүчингүй болгуулъя гэж тодруулснаас бус нэхэмжлэгчийг тохуурхан доромжилсон хүчээр заасан зүйл байхгүй нь шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгээр тогтоогдоно. Тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б нь биечлэн оролцсон, шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласан боловч нэхэмжлэгч нь Давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргаагүй тул уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

“...Д.Б нь хааяа шүүхэд нэхэмжлэл өгөөд л явж байдаг нэхэмжлэгч гэхээс өөр энэ хүнийг би огт мэдэхгүй ...

Шүүгч миний бие төрийн албанд 36 дахь жилдээ, шүүгчээр 17 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд хууль, шүүгчийн ёс зүйн дүрмийг хэлбэрэлтгүй сахин биелүүлж, өргөсөн тангарагтаа ямагт үнэнч байж ирсэн билээ.

... “... намайг орон гэргүй болгож, хууль зөрчин шийдвэр гаргасан” гэх гомдол нь ... ямар ч баримт нотолгоогүй зүйлүүд бичсэн байх тул сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д.Б нь Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгч Ж.О-д холбогдуулан “намайг тохуурхан доромжилж шүүх хуралд миний байрны улсын бүртгэлийн Ү-ххххххххххх тоот дугаарыг хүчингүй болгох уу гэж өөрөө зааж намайг доромжилсон, ер нь мөнгөнд их дуртай шүүгч байгаа юм би энэ хүнийг сайн мэднэ, би Дарханд боксын дасгалжуулагч багш байсан, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн шүүгч Ж.О-д хариуцлага хүлээлгэж өгнө үү, байргүй болсондоо гомдолтой байна” гэх өргөдлийг ирүүлжээ.

Сахилгын хэргийг хянан үзвэл:

1. Д.Б-д холбогдох хххххххххххххх дугаар эрүүгийн хэргийг Д аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Э, Т.Б, Г.Г нарын шүүх бүрэлдэхүүнтэйгээр, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 122 дугаар шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэж, Д.Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хорих ял шийтгэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаар “... Д.Б-оос 26,200,000 төгрөг гаргуулан хохирогч Э.У-д олгох”-оор, 9 дэх заалтаар “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Д.Б-оос битүүмжилсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-хххххххххххххх дугаарт бүртгэгдсэн Д аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 7 дугаар байрны 05 тоот ... орон сууцыг төлбөрийн баталгаанд шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж” шийдвэрлэсэн, Д аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-ххх дугаар нээлттэй хорих ангийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03/1031 дугаар албан бичгээр Д аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөлд дурдсан орон сууцыг Э.У-ын нэр дээр шилжүүлэн бүртгүүлэхээр хандан, тус албан бичигтээ “шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тус орон сууц нь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр авагч Э.У-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн” талаар дурдсан байна.

Д.Б нь Д аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Д аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 7 дугаар байрны 05 тоот орон сууцны улсын бүртгэлийн Ү-ххххххххххх дугаарт Э.У-ыг бүртгэсэн бүртгэл, ххххххххххх дугаар бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг, ...шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар, шүүгч Ж.О даргалан, мөн өдрийн 11 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу, дүрсний бичлэгээс үзэхэд, шүүх хуралдаанд Даргалагч шүүгч нь “Таны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай байна. Та нэхэмжлэлдээ Э.У-ын нэр дээр бүртгэсэн ххххххххххх дугаар бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах гэсэн байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах эрхтэй байдаг. Таныг андуурч бичсэн юм болов уу гэж бодож байна. Ү гэдэг дугаар нь улсын бүртгэлд бүртгэсэн дугаар, харин таны нэхэмжлэлд бичсэн ххххххххххх дугаар нь гэрчилгээний дугаар” гэхэд, нэхэмжлэгч Д.Б “Улсын бүртгэлийн дугаар, гэрчилгээний дугаарыг хоёулыг нь хүчингүй болгуулах” гэж хэлсэн, энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 2 дахь талд тусгагдсан, мөн шүүхийн шийдвэрийн тодорхойлох болон үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “Д аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 1 дүгээр хороолол, 7 дугаар байрны 05 тоот орон сууцны улсын бүртгэлийн Ү-ххххххххххх дугаарт Э.У-ыг бүртгэсэн бүртгэл, ххххххххххх дугаар бүхий өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” гэж тодруулсан нь тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна” гэж заасан.

Иймд шүүгч хуульд заасан шүүх хуралдаан даргалагчийн чиг үүргээ хэрэгжүүлж, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан байх тул үүнд шүүгчийг хэргийн оролцогчийг тохуурхсан, доромжилсон гэж буруутгах нь үндэслэлгүй. Мөн тус шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгээс шүүгч нь нэхэмжлэгчид тийн ойлгогдохоор үг, үйлдэл гаргасан гэж үзэхүйц үйл баримт тогтоогдоогүй тул “намайг тохуурхан доромжилж шүүх хуралд миний байрны улсын бүртгэлийн Ү-ххххххххххх тоот дугаарыг хүчингүй болгох уу гэж өөрөө зааж намайг доромжилсон” гэх өргөдөл үгүйсгэгдсэн гэж илтгэгч гишүүний дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн, “ер нь мөнгөнд их дуртай шүүгч байгаа юм би энэ хүнийг сайн мэднэ, би Дарханд боксын дасгалжуулагч багш байсан” гэж өргөдөлд дурдсан, холбогдох шүүгч нь “Д.Б хааяа шүүхэд нэхэмжлэл өгөөд л явж байдаг нэхэмжлэгч гэхээс өөр энэ хүнийг би огт мэдэхгүй” гэх тайлбарыг ирүүлсэн бөгөөд тухайн өргөдөл нь  шүүгчийг сахилгын зөрчилд холбогдуулах үндэслэл болохгүй.

“Байргүй болсондоо гомдолтой байна” гэх өргөдлийн тухайд, тус анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлд заасны дагуу 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсхүл өөр агуулгаар бусад шүүхэд хандах эрхтэй бөгөөд харин Шүүхийн сахилгын хороо нь шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх эрхгүй болно.

Иймд дээрх үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ГС/2023/0015 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ...шүүхийн шүүгч Ж.О-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                           Ц.ДАВХАРБАЯР

ГИШҮҮН                                                                Г.ЦАГААНЦООЖ

Д.ЭРДЭНЭЧУЛУУН