МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
ХЯНАЛТЫН ТОГТООЛ
2022-04-07
Дугаар 2
Улаанбаатар хот
Шүүгч Д.У-д сахилгын шийтгэл ногдуулсан магадлалын тухай
Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн О.Номуулин, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, нарийн бичгийн дарга Б.Анхзаяа, өргөдөл гаргагч ... -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И нарыг оролцуулан тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” 66 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан шүүгч Д.У-гийн гомдлыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
I. Монгол Улсын шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” 66 дугаар магадлалд:
“... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т “шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно”, 119.3-т “шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж тус тус заасан.
Тодруулбал, шүүгч шийдвэр хүчинтэй болсон 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 14 хоног буюу 2021 оны 6 дугаар сарын 16-ны дотор бичгээр үйлдэж, хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т заасан журмын дагуу хэргийн оролцогчид гардуулах буюу хүргүүлнэ.
Шүүхийн шийдвэр тогтоосон хугацаанд гараагүй бөгөөд тогтоосон хугацаанаас 4 сар гаруй хугацаа өнгөрсний дараа хэргийн оролцогч нарт гардуулжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-т шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд заасан тодорхой хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчсөн тохиолдолд мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар сахилгын шийтгэл оногдуулна.
Сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 115 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, захирамжийн хувь, өргөдлийг холбогдох шүүгчид гардуулан, эрх, үүргийг тайлбарлан өгчээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-т зааснаар хэргийн оролцогч нь бичгээр тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй бөгөөд холбогдох шүүгч өргөдлийг хүлээн авсан боловч дурдсан асуудлаар тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй байна.
Энэ тохиолдолд шүүгч шийдвэрийг хүндэтгэн үзэх ямар шалтгаанаар тогтоосон хугацаанд бичгээр гаргаагүй болох талаар дүгнэлт хийх боломжгүй байна.
Шүүгч Д.У сахилгын зөрчил гаргасан талаарх илтгэгч гишүүний нотлох дүгнэлт хэргийн баримтаар тогтоогдсон, сахилгын шийтгэл оногдуулах хугацаа өнгөрөөгүй тул нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авах үндэслэлтэй.
Сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчлийн үр дагавар буюу шийдвэр гаргасан хугацааг харгалзан үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.3, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай” гэжээ.
II. Шүүгч Д.У Монгол Улсын шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” 66 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:
“Шүүгч Д.У би эрүүл мэндийн шалтгаанаар 2022 оны 2 сарын 16-ны өдрөөс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ба хөдөлгөөн хязгаарлагдсан, өндийж суух болон босч өндийж суух болон явж чадахгүй, энэ 5 дахьд мэс засалд орох гэж байгаа болно. Шүүхийн сахилгын хорооны 2021 оны 2 сарын 14-ий өдрийн 66 дугаартай нотлох дүгнэлт хүлээн авч, сахилгын шийтгэл ногдуулах тухай магадлалыг шүүгчийн туслахаас 2022 оны 3 сарын 04-ний өдөр хүлээн авч, магадлалд гомдол гаргаж байна. Монгол Улсын Хөгжлийн банкинд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн талаар тайлбараа хавсаргасан тул зөвхөн магадлалд гаргаж байгаа гомдлоо бичье. 1. Шүүхийн шийдвэрийг гаргалгүй удаасан нь миний буруу, энэ бол сахилгын зөрчил. Харин Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлд Шүүгчид оногдуулах сахилгын шийтгэлийг, 56.1.1.хаалттай сануулах, 56.1.2.нээлттэй сануулах, 56.1.3.цалингийн хэмжээг зургаа хүртэл сараар 20 хүртэл хувиар бууруулах, 56.1.4.шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах арга хэмжээнүүд байхад хамгийн хүндийг надад авсанд гомдолтой байна. Би өмнө нь арга хэмжээ авагдаагүй байсан. Хуулийн 56.7.-д "Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна." гэж заасан. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудад бүрэн эрхий нь эдлүүлэн, боломжит хугацаагаар мэтгэлцүүлсэн, хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан баримтууд, талуудын тайлбаруудыг нэг бүрчлэн авч үзэж нотлогооны хэрэгслүүдийг бүрэн үнэлж, маргааны үйл баримт нэг бүрийг тогтоон гаргаж, үйл баримт нэг бүрд эрх зүйн бүх үндэслэл дүгнэлтийг хийж, 40 хуудас шийдвэрийг боловсруулж гаргасан. Талууд өөрсдөө ч ойлгоогүй байсан олон үйл баримт цэгцлэгдэж, эрх зүйн үндэслэлээ ойлгож авахаар тодорхой үндэслэл бүхий бичигдсэн. Хугацаа алдахад зөвхөн надаас үл хамаарах олон хүчин зүйлс нөлөөлсөн. 2. Манай шүүхийн онцлогоос мөн ээдрээ маргаан ихтэй хүнд хэргүүдийн дийлэнх над дээр шийдвэрлэгдсэн. Учир нь 2017 онд анх намайг ирэхэд 3 шүүх нэгдэж дахин салахад олон удаа хүчингүй болж, олон шүүгч нараар дамжиж тунаж үлдсэн 80-аад хэрэг дээр, 11 шүүгч бүрийн гар дээрээсээ ялгаж өгсөн 10, арваад нийлсэн хэргүүдийг хүлээн авч өнгөрсөн хугацаанд шийдвэрлэж чанарын гологдол багатай, хүнд хэргүүдийн миний шийдэл бүгд хэвээр үлдэн шийдвэрлэгдэж ирсэн. Тухайн үед ерөнхий зөвлөлөөс шалгалтаар ирсэн хүн хүртэл яагаад нэг хүн дээр дандаа хугацаа хэтэрсэн, хүнд хэргүүд байгаа юм гэдэг асуудал тавьж байсан. Хэдий тийм ч миний хувьд ажилдаа шантралгүй өдөр шөнөгүй зүтгэн хуулийн дагуу ажиллаж ирсэн. Би шийдвэрийг хуулийн хугацаанд бичгээр гаргаж өгөх хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж чирэгдүүлсэндээ дахин уучлалт эрж байна. Миний бие 1986 оноос шүүн таслах ажиллагааг эрхлэн шүүгчийн хариуцлагатай ажилд бүх амьдралаа зориулсан бөгөөд нийслэлийн дүүргүүдийн анхан шатны шүүхүүдэд томилогдон, шүүн таслах ажиллагааны үзүүлэлтээр хамгийн олон хэргийг чанарын хамгийн өндөр үнэлэмжтэйгээр ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэн ажиллаж ирсэн минь шүүхийн тайлан мэдээнд байгаа. Шүүхээр үйлчлүүлэгч иргэд, байгууллага хуульчид мөн мэдэж байгаа. 3. Харамсалтай нь, 2019 онд шүүх хуралдаанаас их оройтож гарч ирэхэд миний бүдүүн аав минь гэнэтийн байдлаар хүнд хагалгаанд орж ухаангүй болсон байсан ба удалгүй өөд болсон. Намайг өсгөсөн өвөө минь хүндээр өвдөж удаа дараа мэс заслын эмчилгээ хийлгэн мөн л нас барсан. Би өдөр нь шүүх хурлуудаа хийчээд шөнө нь өвчтэй хүмүүсээ нойргүй сахиж, ажлаас чөлөө авдаггүй байсан. Ээж минь хүндээр өвдөж, элэгнийхээ 60 хувийг тайруулан биеийн байдал нь сайн байсан боловч хамт амьдардаг бага дүү минь гэнэт зүрх нь хаагдан өнгөрснөөс удалгүй бас ээж минь нас барсан. Нэг жилийн дотор миний 6 хайртай дотны хүмүүс минь өөд болсон. Би насаараа зөвхөн шүүхийн 4 хананы дотор амьдарч ертөнцийн амьдралд оролцдоггүй мэддэггүй, амралтын өдрүүдээр ч амарч байгаагүй ажлаа л хийдэг, энэ миний хэвшсэн амьдрал байсан болохоор хайртай хүмүүсээ өвдөж шаналж байгааг ч анзаарахгүй өнгөрсөн байсан. Үр хүүхдүүд минь ч гэртээ цоожтой л үлдэж өссөн. Амьдралд минь ойр ойрхон гэнэтийн хүнд үе тохиолдож цочирдсоноос оюун ухаан минь хоосорч эрүүл мэнд муудсанаа би анзаараагүй. 4. 2020 оны 12 сард үед хуралдааны заалруу яарч яваад нойтон шалан дээр хальтирч унаснаас нуруу, түнхээ гэмтээсэн ба эмчид хандаж үзүүлж амжилгүй хөлөө чирч доголж ажилласаар байсан боловч 2022 оны 1 сард манай ажилтнууд толгой дараалан ковид туссан, би ч мөн халдварлаж өвдсөн, өвчин хүндэрч зүрхний хэм алдан дуу ч гарахгүй болж эмнэлэг дамжин эмчлүүлж байна. Одоо ясны гэмтэл ноцтой хүндэрч үе солих хагалгаанд орох болсон. 5. Манай шүүх батлагдсан 14 орон тоотой ч ажлын ачаалалаас 3 залуу шүүгч нар хүсэлтээрээ чөлөөлөгдөн, үлдсэн шүүгч нар дутуу орон тооны хэргүүдээ нэмж хуваан авч ажиллаж ачаалал их байсан болохоор чөлөө авах, өөрийгөө бодох сэтгэл надад байгаагүй, зүтгэж ажиллаж ирсэн. Дээр нь ажлын ачааллаас шалтгаалан манай шүүгч нарын эрүүл мэнд муудаж, 3 шүүгч удаан хугацаагаар чөлөө авч эмчилгээ хийлгэсэн, туслах нарийн бичгийн орон тоо ч байнга дутуу явж ирсэн. 2021 оны зун ээлжийн амралтын үед 3 шүүгч буюу нэг бүрэлдэхүүн л ажиллаж байсан. 6. Шүүгчийн туслах олдохгүйгээс 2019 оны 12 сарын 31-ий орой нарийн бичгээ хийж чадахгүй ажлаас халчихсан ажилтныг ганц шалгалт өгсөн хүн тул та авахаас өөр арга байхгүй гэж тамгын газраас тулгаж өгсөн. Энэ туслах байнга асуудал гаргаж, худал хэлж бүр сүүлдээ 2021 оны сүүлээр ажлаа хаяад хэргүүдийг минь цоожлоод алга болсон. Сүүлдээ тамгын газарт хэлж шаардаж байж цагдаа холбогдох хүмүүсийг байлцуулан цагаан сарын өмнөхөн өрөөний цоожийг нь эвдэж онгойлгуулан хэргүүдээ олж авсан. Тус шүүхэд батлагдсан орон тоогоор 14 шүүгч ажиллахаас 2021 оны зун намар чөлөөлөгдсөн болон өвчтэй чөлөөтэй шалтгаанаар 6-7 шүүгч л нийт шүүхийн ачааллын хэргүүдийг хүлээн авч ажиллаж байсан. Шүүгч дутуу болохоор шүүгчийн ажлын адил ачаалал дээр ерөнхий шүүгчийн ажлаа давхар амжуулж ажиллаж ирсэн. Миний хувьд, шийдвэрээ яаруу дутуу гаргаж түвддэггүй, бүх эрх зүйн үйл баримтыг нарийвчлан гарган тогтоож, үйл баримт нэг бүрд бүх талын эрх зүйн дүгнэлтээ хийж их нухаж бичдэг болохоор маш их цаг зарцуулдаг. Шүүхээр үйлчлүүлж байгаа хэнийг ч яаж ч бухимдаж уурлаж загнаж харааж байсан ч ойлгож, хайрлаж хүндэтгэн сэтгэлээсээ туслахыг л хичээж, шүүхийн хаалгаар орж ирсэн болгонд эрх зүйн боловсрол олгохыг зорьж ажиллаж ирсэн. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.3."ажил хэргийн нэр хүнд" Шүүгчийн халдашгүй байдалд хамаарахыг хуульчилсан. Гэтэл бүх хэвлэл мэдээллийн сувгаар, хүчин төгөлдөр болоогүй байхад энэ магадлалаар авсан арга хэмжээг нийтэд тасралтгүй хэд хоног мэдээлсэн. У-ийн амьд оршихуйгаараа худалгүй үнэнээр хичээж зүтгэж хийсэн ажил амьдралын нэр хүндээс илүү Шүүгчийн халдашгүй байдал "ажил хэргийн нэр хүнд" хөндөгдсөн. Миний хувьд Монгол Улс даяар түдгэлзэгдэж, ажиллах эрхгүй этгээд гэж зарлагдсан болохоор даанч өвчиндөө шаналж яс минь тархин дундуур янгинаж, зүрх сэтгэл урагдаж ял цээрлэлийг эдлэж байна. Одоо ажиллаж байгаа туслах маань жирэмсэн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад гарч ажилдаа ормогц надад магадлалыг хүргэж ирлээ. Манай шүүхийнхэн ажил ихтэй тул 2022 оны 3 сарын 11-ий өдөр туслахаасаа энэ магадлалыг эмнэлэгт гардан авсан тул гомдлыг бичиж гаргалаа. Иймд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй болохыг анхаарч хүлээн авч хэлэлцэж өгнө үү. Эмч хэвтэн эмчлүүлсэн хоногоор е-баримтаас мэдээллээ ав гээд баримт өгөхгүй, е-баримтад лавлагааны мэдээлэл бүрэн ороогүй зөвхөн 1-р сарынх орсныг эмчийн магадлагааны хамт хавсарган хүргүүллээ. Иймд Шүүхийн сахилгын хорооны 2021 оны 2 сарын 14-ий өдрийн 66 дугаартай нотлох дүгнэлт хүлээн авч, сахилгын шийтгэл ногдуулах тухай магадлалаар авсан шүүгчийн бүрэн эрхийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгах арга хэмжээг өөрчилж, хөнгөрүүлэн гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Монгол Улсын шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” 66 дугаар магадлалаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.5-т зааснаар ... -ийн шүүгч Д.У-ийн шүүгчийн бүрэн эрхийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгаж шийдвэрлэснийг холбогдох шүүгч эс зөвшөөрч гомдол гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т “шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно”, 119.3-т “шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж тус тус заасан байх бөгөөд шүүгч Д.У нь шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2021.06.02-ны өдрөөс хойш хуульд заасан 14 хоногийн хугацаанд 2021.06.16-ны дотор бичгээр үйлдэж, хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т заасан журмын дагуу хэргийн оролцогчид гардуулах буюу хүргүүлэх үүрэгтэй.
Шүүхийн шийдвэр хуулиар нарийвчлан зааж өгч тогтоосон хугацаанд гараагүй, хуулиар тогтоосон хугацаанаас 4 сар гаруй хугацаа өнгөрсний дараа хэргийн оролцогч нарт тус шийдвэрийг гардуулсан болох нь сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байх бөгөөд холбогдох шүүгч Д.У нь энэхүү зөрчлийг гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүхийн шийдвэрийг ийнхүү хуульд заасан хугацаанд гаргаагүй шалтгаанаа тэрээр 66 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо тодорхой дурдаж, холбогдох баримтуудыг хавсаргаж шийдвэр гаргах хугацаагаа хожимдуулсан үндэслэлээ тайлбарлаж зөрчил гаргасан болохоо хүлээн зөвшөөрч, оногдуулсан сахилгын шийтгэл болох шүүгчийн бүрэн эрхийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, сургалтад суухыг даалгасан сахилгын шийтгэлийг өөрчилж, хөнгөрүүлж өгөхийг хүсжээ.
Холбогдох шүүгч Д.У нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан буюу ар гэрийн гачигдал гарсан буюу ойр дотно олон тооны хүмүүсээ ойр ойрхон алдсан, мөн эрүүл мэндийн шалтгаантай байсан зэргээ гомдолдоо тодорхой дурдсан байх бөгөөд энэхүү хүндэтгэн үзэх шалтгааныг хянан үзэх хуралдааны бүрэлдэхүүн харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн шинж байдал, шүүгчийн тухайн үеийн хувийн нөхцөл байдал, анх удаа зөрчил гаргасаныг тус тус харгалзан үзэж оногдуулсан шийтгэлийг хөнгөрүүлэн цалингийн хэмжээг зургаан сарын хугацаагаар 20 хувиар бууруулж шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.2, 113.13 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай” 66 дугаар магадлалын ТОГТООХ нь хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26, 56 дугаар зүйлийн 56.1.3, 57 дугаар зүйлийн 57.1.5-т зааснаар ... шүүхийн шүүгч Д.У-ийн цалингийн хэмжээг зургаан сарын хугацаагаар 20 хувиар бууруулсугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Улсын Дээд Шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН О.НОМУУЛИН
Д.МЯГМАРЦЭРЭН