МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-03-16
Дугаар 42
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М-д холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Б.О сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө: “Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.3.1, 19.14.1-ээр зүйлчлэгдэн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М даргалж, шүүгч Ч.А, Ц.М нарын бүрэлдэхүүнтэй нээлттэй шүүх хуралдаанаар надад холбогдуулан 9 жил хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй учир нь шүүгч Д.М-д шүүхийн хэлэлцүүлэг зарлахаас өмнө хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт удаа дараа явуулсан. Өмнө нь танилцаж тэмдэглэж авсан дэвтрээ гээсэн тухай хүртэл хүсэлтдээ дурдсан боловч хэргийн материалтай танилцах эрх зүйн байдлаар хангаж өгөлгүй эрх зүйн байдлыг минь хэт дордууллаа. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт миний бие ...-ийн шүүх болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан боловч хэлэлцүүлгийг 30 минут завсарлуулан Ерөнхий шүүгч Н.О-ын 2084 дугаартай захирамж гарган хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн шийдвэр гаргасан. Гэтэл надад холбогдох хэрэг 2020 оны 3 дугаар сард Хөвсгөл аймагт 2 үйлдлээр төгсдөг. Хавтаст хэрэгт харьяалал тогтоосон тогтоол байдаггүй. Мөн шүүгч Д.М нь энэ хэрэгт хэтэрхий нэг талыг барин нотлох баримтыг үгүйсгэн шийдвэр гаргаж байгаа нь шүүгчийн ёс зүйд нийцэхгүй шийдвэр гаргаж байгаа тул гомдол гаргаж байна. Гомдлыг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүгч Д.М сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “Миний бие 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1558 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.О, Х.Н, А.Г, Ч.Х, Т.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.О-т мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа хэргийн материал танилцуулан, танилцуулсан талаар тэмдэглэл үйлдсэн байдаг. Мөрдөгч хэргийн материал танилцуулсан боловч Б.О нь “хэргийн материалтай танилцуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг хүлээн авч, цагдан хорих байрнаас удаа дараа дуудах бичгээр ирүүлэн хэргийн материалтай танилцах боломжийг хангалттай олгосон. Б.О болон түүний 2 өмгөөлөгчид 2021 оны 3 дугаар сараас 2022 оны 5 дугаар сарыг хүртэл 8 удаа, шүүхийн шатанд 2 удаа гэх зэргээр хэргийн материалтай танилцсан баримтууд хэрэгт авагдсан байдаг боловч тухайн хэрэг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шилжсэн байна. Гэтэл Б.О нь шүүх хуралдаан дээр хэргийн материалтай танилцаад тэмдэглэж авсан дэвтрээ гээгдүүлсэн гэж мэдүүлсэн. Б.О болон түүний 2 өмгөөлөгч хэргийн материалтай хангалттай танилцсан, танилцах боломжоор ч хангасан. Хэргийн харьяаллын тухайд Б.О нь “залилах” гэмт хэрэгт холбогдож, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэгдэж байх үед хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлах, мөн өөрийн үйлдсэн бусад гэмт хэргээ нуун далдлах, эрүүгийн хариуцлагаас зугтаах зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө зохих зөвшөөрөлгүй, Монгол Улсын хилээр хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр .... аймгийн .... сумын нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын хилийн ... дүгээр тэмдэгт орчмоор Оросын Холбооны Улс руу гарахаар Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн. Мөн дахин залилах гэмт хэрэг ... аймагт үйлдсэн байдаг боловч Б.О-аас бусад 5 шүүгдэгчийн үйлдсэн залилах гэмт хэрэг нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн байдаг. Энэ хэрэгт хэтэрхий нэг талыг барин нотлох баримтыг үгүйсгэн шийдвэр гаргасан гэх тухайд Б.О-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж гэм буруу болон эрүүгийн хариуцлагыг шийдвэрлэсэн” гэжээ.
Сахилгын хорооны гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...1. Хэргийн материал танилцаж тэмдэглэл хийсэн дэвтрээ гээсэн тул дахин хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан ч хангаагүй, миний эрх зүйн байдлыг дордуулсан гэх тухайд: Шалгах ажиллагааны явцад тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд:
•“recording (1)” нэртэй фолдерын “mainfeed_dual_400” нэртэй бичлэгийн 09 минут 15 секундээс Даргалагч “хэргийн материалтай танилцах тухай хүсэлтэд шүүх бичгээр хүргүүлсэн. Шүүх хэргийн материалыг хангалттай танилцуулсан. ...Чамайг хүсэлт гаргах болгонд дуудаж авчраад бүтэн өдрөөр хэргийн материал танилцуулах боломжийг шүүх хангаж байсан, тийм үү” гэхэд Б.О “тийм” гэж хариулж байна.
•“recording (2)” нэртэй фолдерын “mainfeed_dual_400” нэртэй бичлэгийн 24 минут 15 секундээс Б.О “...Би ярья гэхээр надад ярих юм байхгүй байна. Зүгээр тоймтой юм ярих гээд байна. Хавтаст хэргийн тэд дүгээр хуудаснаас тэд дүгээр хуудсанд тийм баримт байгаа гэж хэлэлцүүлэгт оролцмоор байна...” гэв.
Даргалагч “Хэн байхгүй болгосон юм бэ? чиний тэмдэглэгээг” гэхэд Б.О “би өөрөө байхгүй болгочихсон юм, шүүгч ээ” гэв.
Даргалагч “чамд албан бичиг хүргүүлсэн байна. Энд чамайг 2021 оны 3 дугаар сараас 2022 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд 8 удаа, шүүхийн шатанд 2 удаа хэргийн материалтай танилцуулсан гэх бичиг явсан. Уг нь бол хэргийн материалтай прокурор дээр байхад чи танилцах ёстой, танилцуулаад ирсэн. Чамайг шүүхэд ирсэн хойно дахиад танилцах хүсэлт гаргасан учраас энэ эрхийг нь хангасан” гэж хэлж байгаа нь бичигдсэн. /1 дүгээр с.х-ийн 189-191 тал/ Мөн уг яриа тус өдрийн шүүх хуралдааны 1558 дугаартай тэмдэглэлийн 4 дүгээр талын 2 дахь догол мөрт, 18 дугаар талын 1, 2 дахь догол мөрт тусгагдсан байна. /2 дугаар с.х-ийн 11-39 тал/
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.О нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр, 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр, 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрүүдэд хэргийн материалтай танилцсан нь ... дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Хэргийн материал танилцуулсан тухай баримт №4”-өөр, харин 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр, 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хэргийн материалтай танилцсан болох нь “Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай” мөрдөгчийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна.
Б.О нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиар уламжлуулан 2022 оны 10 дугаар сарын 03, 12-ны өдрүүдэд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргахад шүүгч Д.М 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2/2659 дүгээр албан бичгээр “...2021 оны 3 дугаар сараас 2022 оны 5 дугаар сар хүртэл 8 удаа, үүнээс нийслэлийн Прокурорын газраас хэрэг шилжиж ирснээс хойш шүүхийн шатанд 2 удаа хэргийн материалтай танилцуулж эрхийг нь хангасан байх тул хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй” гэх утга бүхий хариуг, мөн түүний 2022 оны 10 дугаар сарын 17, 19-ний өдрүүд, хэргийг шийдвэрлэсний дараа 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан хүсэлтүүдэд шүүгч Д.М-ийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2/2308 дугаар албан бичгээр “...2021 оны 3 дугаар сараас 2022 оны 5 дугаар сар хүртэл 8 удаа, үүнээс нийслэлийн Прокурорын газраас хэрэг шилжиж ирснээс хойш шүүхийн шатанд 2 удаа хэргийн материалтай танилцуулж эрхийг нь хангасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд анхан шатны шүүх хуралдааны өмнө шүүгдэгчид хэргийн материал танилцуулна. Түүнд холбогдсон хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шийдсэн байна. Б.О нь хэрэг хянан шийдвэрлэхээс өмнө хэргийн материалтай танилцсан байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэх утга агуулга бүхий хариуг тус тус хүргүүлжээ. /1 дүгээр с.х-ийн 221-2449 тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “яллагдагч ...мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй”, 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, ...өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, ...тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж тус тус заасан.
Өргөдөл гаргагч Б.О нь хуульд заасан эрхийнхээ дагуу удаа дараа хэргийн материалтай танилцсан байх ба шүүхээс уг эрхийг нь хангалттай эдлүүлжээ. Б.О нь хэргийн материалтай танилцсан талаар маргахгүй байгаа нь тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр тогтоогдож байх бөгөөд түүнийг “хэргийн материалтай танилцахдаа тэмдэглэл хийсэн дэвтрээ гээгдүүлсэн” гэх үйл баримт нь шүүхээс шалтгаалаагүй тул шүүхээс хэргийн материалтай танилцах эрхийг нь хангаагүй, эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхгүй.
2. Шүүх хуралдааны явцад Б.О шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан ба шүүх хуралдааныг 30 минутаар завсарлуулж, Ерөнхий шүүгчийн захирамж гаргаснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн гэх тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б.О нь шүүх хуралдаанд шүүх бүрэлдэхүүн, прокуророос татгалзсан нь тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1558 дугаартай тэмдэглэлийн 4 дүгээр талын 2 дахь догол мөрт хүсэлт, 19 дүгээр догол мөрт “тус шүүхийн Ерөнхий шүүгчийн “Шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх тухай” захирамжийг танилцуулж, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн нь тусгагджээ. Энэ нь шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн “recording (1)” нэртэй фолдерын “mainfeed_dual_400” гэх нэртэй бичлэгийн 11 минут 12 секундээс даргалагч “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх бүрэлдэхүүнийг татгалзвал Ерөнхий шүүгч татгалзлыг шийдвэрлэдэг. Энэ татгалзлыг шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг түр завсарлуулъя” гэж хэлснээр тогтоогдож байна.
Улмаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2084 дүгээр захирамжаар “...хавтаст хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан “өөрөө шууд эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн ашиг сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа болох нь тогтоогдоогүй” гэж үзэн шүүгдэгч Б.О-ын шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хангахаас татгалзжээ. /2 дугаар с.х-ийн 9-10, 12 тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх бүрэлдэхүүний олонхыг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзсан бол уг асуудлыг шүүх хуралдаан даргалагч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ”, 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр гаргасан шийдвэр эцсийн байна” гэж тус тус заасан. Дээрх хуулийн зохицуулалтаар шүүх хуралдааныг хойшлуулах эсэх талаар хуульд тусгайлан заагаагүй, харин татгалзлыг Ерөнхий шүүгч шийдвэрлэхээр заасны дагуу татгалзлыг шийдвэрлүүлсэн байх тул даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
3. Тухайн хавтаст хэрэгт харьяалал тогтоосон тогтоол байдаггүй гэх тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзэхэд Б.О-т холбогдох эрүүгийн хэргийн харьяалалтай холбоотой прокурорын хэд хэдэн “Хэргийн харьяаллыг өөрчлөн тогтоох тухай” тогтоолууд гарч байжээ. Тодруулбал:
•Улсын ерөнхий прокурорын газрын прокурорын 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4/216 дугаар тогтоолоор “Б.О холбогдох эрүүгийн 203800000... дугаартай хэргийн мөрдөн шалгах харьяаллыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах газарт, прокурорын хяналтын харьяаллыг Нийслэлийн Прокурорын газарт” тогтоож,
•Прокурорын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 4/441 дүгээр тогтоолоор “Б.О холбогдох эрүүгийн 2031001080... дугаартай хэргийн мөрдөн шалгах харьяаллыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах газарт, прокурорын хяналтын харьяаллыг Нийслэлийн Прокурорын газарт” тогтоож,
•Прокурорын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 4/519 дүгээр тогтоолоор “Б.О холбогдох эрүүгийн 2011007110... дугаартай хэргийн мөрдөн шалгах харьяаллыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах газарт, прокурорын хяналтын харьяаллыг Нийслэлийн Прокурорын газарт” тогтоож,
•Прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 866 дугаар тогтоолоор “Б.О холбогдох эрүүгийн 2006017972... дугаартай хэргийн мөрдөн шалгах харьяаллыг Тагнуулын ерөнхий газарт, хяналтын харьяаллыг Нийслэлийн Прокурорын газарт” хэвээр үлдээж,
•Прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4/626 дугаар тогтоолоор “Б.О, Т.Т, Ч.Х нарт холбогдох эрүүгийн 1906040062... дугаартай хэрэгт мөрдөн байцаалт явуулах харьяаллыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт, хяналтын харьяаллыг Нийслэлийн Прокурорын газарт” тогтоож, мөн эрүүгийн 1906040062... дугаартай хэргийг 2038000000... дугаартай хэрэгт нэгтгэн, мөрдөн байцаалт явуулахыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт даалгаж,
•Прокурорын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 4/717 дугаар тогтоолоор “Эрүүгийн 2009000001... дугаартай хэрэгт мөрдөн байцаалт явуулах харьяаллыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт, хяналтын харьяаллыг Нийслэлийн Прокурорын газарт” тус тус тогтоож байжээ.
Улмаар Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүний 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 232 дугаар “Шүүхийн харьяалал тогтоох тухай” захирамжаар “...хэрэг нь Нийслэлийн хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдэж, яллагдагч Б.О-ын сүүлчийн хэрэг нь ... аймагт төгссөн боловч уг хэргийн хохирогч, гэрчийн олонх Нийслэлд оршин сууж байх бөгөөд эдгээр оролцогчдыг ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэх ажиллагаанд татан оролцуулахад хүндрэл бэрхшээлтэй, цаг хугацааны зардал ихтэй байх тул хэргийн оролцогчийн олонх байгаа газрын шүүхээр уг хэргийг хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж үзэн Б.О, Т.Т, Ч.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоосон байна. /2 дугаар с.х-ийн 1-8 тал/
Иймд өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдсан “...надад холбогдох хэрэг 2020 оны 3 дугаар сард ... аймагт 2 үйлдлээр төгсдөг. Хавтаст хэрэгт харьяалал тогтоосон тогтоол байдаггүй” гэсэн нь дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна.
4. Шүүгч Д.М нь хэрэгт хэтэрхий нэг талыг баримтлан, нотлох баримтыг үгүйсгэн шийдвэр гаргасан гэх тухайд:
Б.О-т холбогдох гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр, мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана. Шүүх хуралдаан даргалагч зөвлөлдөх тасалгаанд санал хураах, шийдвэр гаргах ажиллагааг удирдан явуулж олонхын саналаар шийдвэр гаргана” гэж зааснаар олонхын саналаар шийдвэрлэсэн байна. Мөн Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан. Тодруулбал, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Д.М даргалж, шүүгч Ч.А, шүүгч Ц.М нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэн, 2022/ШЦТ/1558 дугаар шийтгэх тогтоолоор Б.О-ыг гэм буруутайд тооцож, 9 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Уг шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Г.Н, шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч С.Б, шүүгдэгч Х.Н, түүний өмгөөлөгч Л.Ч, шүүгдэгч Ч.Х нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Э даргалж, шүүгч Г.Е-Э, ерөнхий шүүгч Б.З нарын бүрэлдэхүүнтэйгээр 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэн, 2023/ДШМ/162 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарыг гомдлуудыг хэрэгсэхгүй болгосон байна.
Иймд шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд өөрсдийн дотоод итгэл үнэмшлээр олонхын саналаар шийдвэрлэсэн хэрэгт даргалагч шүүгч Д.М-г “хэтэрхий нэг талыг баримталж, нотлох баримтыг үгүйсгэн шийдвэр гаргасан” гэж үзэхгүй. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Б.О-ын өргөдөлд дурдсан асуудлаар ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг дахин гаргаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулууны 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал” үндэслэлтэй байх тул хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М-д холбогдуулан шүүгдэгч Б.О гомдол гаргаж, үндэслэлээ “...хэргийн материалтай танилцах эрхээр хангаж өгөлгүй эрх зүйн байдлыг минь хэт дордууллаа, шүүхийн хэлэлцүүлэгт шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан боловч хэлэлцүүлгийг 30 минут завсарлуулан Ерөнхий шүүгч Н.О-ын 2084 дугаартай захирамж гарган хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн шийдвэр гаргасан, хавтаст хэрэгт харьяалал тогтоосон тогтоол байдаггүй, энэ хэрэгт хэтэрхий нэг талыг барин нотлох баримтыг үгүйсгэн шийдвэр гаргасан” гэж тодорхойлжээ.
Нэг. Сахилгын хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл шүүгдэгч Б.О нь мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа 2019 оны 10 дугаар сарын 01, 2020 оны 01 дүгээр сарын 10, 2020 оны 3 дугаар сарын 24 /өмгөөлөгч Д.Д-ын хамт/, 2021 оны 3 дугаар сарын 17, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны /өмгөөлөгч Г.Н-ийн хамт/ өдрүүдэд, эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 11 дүгээр сарын 18, 2020 оны 01 дүгээр сарын 27, 2021 оны 6 дугаар сарын 02, 2021 оны 7 дугаар сарын 30, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрүүдэд тус тус хэргийн материалтай танилцсан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-т “Яллагдагч ... мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах эрхтэй” гэж, 32.1 дүгээр зүйлийн 1-д “Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ”, 2-т “Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж заажээ.
Дээрх хуульд заасан эрхээ хэрэгжүүлэн шүүгдэгч Б.О нь мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа болон хэрэг шүүхэд шилжсэний дараа хэд хэдэн удаа хэргийн материалтай танилцсан байх тул “хэргийн материалтай танилцахдаа тэмдэглэл хийсэн дэвтрээ гээгдүүлсэн” гэх үндэслэлээр шүүгдэгчид дахин хэргийн материал танилцуулалгүй түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх боломжгүй, энэ талаар хийсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.
Хоёр. ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгдэгч Б.О нь шүүх бүрэлдэхүүн болон прокуророос татгалзсан, уг шүүх хуралдааныг түр хугацаагаар завсарлуулж татгалзлыг шийдвэрлүүлсэн, тухайн шүүхийн ерөнхий шүүгчийн 2084 дүгээр захирамжаар “...хавтаст хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан “өөрөө шууд эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн ашиг сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа болох нь тогтоогдоогүй” гэх үндэслэлээр татгалзлыг хүлээж аваагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэл болон сахилгын хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх бүрэлдэхүүний олонхыг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзсан бол уг асуудлыг шүүх хуралдаан даргалагч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж заасан тул “шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан боловч хэлэлцүүлгийг 30 минут завсарлуулан Ерөнхий шүүгч Н.О-ын 2084 дугаартай захирамж гарган хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн шийдвэр гаргасан” гэх шүүхийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй талаар илтгэгч гишүүн дэлгэрэнгүй тодорхой зөв дүгнэжээ.
Гурав. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн хуульд заасан сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1558 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.О-ыг бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн, Монгол Улсад орох, гарах нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил нийт 9 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан ба шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг тул шүүхийн шийтгэх тогтоолын хууль зүйн үндэслэлд Сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д зааснаар Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлдэг билээ.
Дээрх болон өргөдөлд дурдсан бусад гомдолд илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.М-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Д.Ариунтуяа
ГИШҮҮН Ц.Давхарбаяр